Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2018/00342

 

А.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/02869 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2433 дугаар магадлалтай,                                                                                                                                                          

А.Г-ын нэхэмжлэлтэй,

Б.А-д холбогдох

Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний зүйлийг буцаан өгөх, төлбөрийн баталгаа болгож хадгалуулсан автомашиныг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Г-а, түүний өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Баасандорж, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч А.Г-ын шүүхэд нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлд: Миний бие иргэн Б.А-тай 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 015 тooт дугаартай Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба гэрээний гол нөхцөл болох хагалагч, хавагч, борной, тракторын сэлбэг гэсэн тоног төхөөрөмжүүдийг нийг 12.600.000 төгрөгөөр бодож өөрийн Субару Форестер маркийн машиныг  төлбөр төлөх баталгаа болгон барьцаалсан. Тоног төхөөрөмжийг хүлээн авах үед тоног төхөөрөмжөө задалсан байсан учир шалгах боломж байгаагүй "шууд ашиглах боломжтой, ямар ч асуудал байхгүй" гэж хэлээд хүлээлгэн өгсөн. Гэтэл надад өгсөн тоног төхөөрөмжийг ашиглах боломжгүйг Дорнод аймгын Булган сумын Баян-Уул багийн нутаг Хайчингийн тариан талбайд аваачаад 3 хоног угсрахыг оролдох явцад дараах зүйлс дутуу байгaar ойлгосон. Үүнд:    

Хагалагч: Цан хутга, тулах дугуй, хөрслүүр, борной чиргүүл-хөндөл зэрэг хагалагчид байх ёстой 7 эд ангийн 4 нь дутуу бусад эд ангиуд байгаа боловч өөр хоорондоо таарч тохирохгүй өөр маркийн ижил төрлийн тоног төхөөрөмжүүдээс цуглуулж эвлүүлсэн байсан.          

Хавагч: Чиргүүлийн арлын тулуур байхгүй, борнойн чиргүүлийн арлын тууш дөндийлөг байхгүй, өргөх механизмын хөндлөн төмөр хоолой хугарсан байгааг буцааж гагнахдаа байрлалыг буруу, чанар муутайгаар гагнасан, суман хушуу ажил гүйцэтгэж чадхааргүй болтлоо элэгдсэн, бусад эд ангиуд моралын элэгдэлд бүрэн орж ашиглах боломжгүй болсон байсан.

Тракторын сэлбэг: Анх ярихдаа тоног төхөөрөмжийг АНУ-аас оруулж ирсэн, гарал үүслийн бичиг, гаалийн бичигтэй өгнө гэсэн боловч одоог болтол өгөөгүй байгаа. Б.А- нь өөрийн боловсруулсан гэрээгээ дараах байдлаар ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

  1. Худалдагч нь эрхийн доголдолгүй бичиг баримтын зөрчилгүй хагалагч, хавагч, борной гэсэн тоног төхөөрөмжийг худалдан авагчид шилжүүлнэ.
  2. Худалдагч нь биет байдлын болон эрхийн доголдолгүй, стандарт, техникийн шаардлага хангасан тоног төхөөрөмжийг Худалдан авагчид хүлээлгэн өгнө гэж заасан боловч 1. Биет байдал маш их доголтой (биет байдлын доголтой гэдэг нь мэргэжлийн үнэлгээгээр тогтоогдсон) 2. Ямар ч бичиг баримтгүй, гарал үүслийн гэрчилгээ, техникийн паспортгүй. 3. Стандарт техникийн шаардлага хангаагүй (энэ нь мэргэжлийн үнэлгээгээр тогтоогдсон) тоног төхөөрөмжийг нийлүүлсний улмаас би төлөвлөж байсан хөрс боловсруулалтын ажлаа хийж чадалгүй хохирсон. Б.А- нь хуульд заасны дагуу худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, тээвэрлэх нөхцөл, журам баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй байтал үүргээ биелүүлээгүй. Миний бие гэрээний 4.2-т “Худалдан авагч нь биет байдлын болон эрхийн доголдолгүй, стандарт, техникийн шаардлага хангасан тоног төхөөрөмж худалдахыг шаардах эрхтэй" гэж заасны дагуу Б.А-аас удаа дараа шаардсан боловч шаардлагыг хүлээн авалгүй өнөөдрийг хүргэж байна. Мөн гэрээний 1.2-т Худалдан авагч нь Худалдагчид тоног төхөөрөмжийн үнийг бүрэн төлж барагдуулснаар Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн дагуу Худалдан авагчид өмчлөх эрх шилжинэ гэж заасан. Миний бие дээрх тоног төхөөрөмжийг хүлээж аваад стандарт техникийн шаардлага хангасан тохиолдолд үнийг төлж өмчлөх эрхийг шилжүүлэн авах үүрэгтэй байсан. Б.А- нь "Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ"-ний худалдагч талын гол үүргээ биелүүлээгүй тул худалдан авагчийн зүгээс тоног төхөөрөмжийг хүлээн авахаас татгалзаж байна. Тоног төхөөрөмжүүдийг Б.А-д буцаан өгч, барьцааны гэрээ хийлгүйгээр барьцаалсан УНВ 0252 улсын дугаартай SG9003274 хөдөлгүүрийн дугаартай, Субару маркийн Форестер суудлын, цэнхэр өнгөтэй машинаа авах саналтай байна гэжээ.

Нэхэмжлэгч А.Г-ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2015 оны 07 сарын 20-ны өдөр тоног төхөөрөмж худалдах гэрээний дагуу биет байдлын болон эрхийн зөрчилтэй зүйл шилжүүлж Иргэний хуулийн 243-г зөрчиж байгаа. Иймд тоног төхөөрөмжийг буцаан өгч, өгсөн машинаа буцаан авах хүсэлтэй байна. Доголдолоо арилгахыг удаа дараа шаардсан боловч засаагүй. Аргагүйн эрхэнд тоног төхөөрөмжийн талаар дүгнэлт гаргуулсан. Дүгнэлтээр техник нь шаардлага хангаагүй гэдэг нь тогтоогдсон. Харахад бүгд элэгдсэн, шаардлага хангаагүй байгаа нь илэрхий байгаа. Мөн төхөөрөмжийг гагнахдаа буруу гагнасан, бусад тоног төхөөрөмжтэй холбогдох боломжгүй гэх мэт биет байдлын доголдолтой байсан. Эд ангиудыг дутуу нийлүүлсэн, нөхөж өгнө гэсэн боловч өгөөгүй. Хүлээж авахад бүгдийг задлаад тавьчихсан байсан ба нярав нь жагсаалтаар хүлээлгэж өгсөн. Шалгахын тулд угсарч талбай дээр шалгах боломжтой. Ямар ч асуудалгүй гэсэн тул авсан. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь гэрээнээс татгалзаж, гэрээний гүйцэтгэлийг харилцан буцаах тухай юм гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэнгийн тайлбарт: Гэрээ байгуулсан. Тоног төхөөрөмж авах болсон. Хариуцагч нь үүргээ биелүүлээгүй. Биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй байх ёстой. Холбогдох бичгийг буцааж өгөх үүрэгтэй. Гэтэл ашиглах боломжгүй зүйл өгсөн. Иймд гэрээнээс татгалзаж, барьцаанд өгсөн машиныг буцаан авах шаардага гаргаж байна. Иргэний хуулийн 254.1-р гэрээг цуцалж байгаа. Эд зүйлээ хүлээлгэж өгье гэсэн. 243.1-д зааснаар биет байдлын доголдолтой зүйл нийлүүлсэнээс болж маргаан үүсээд энэ талаар удаа дараа хэлсэн боловч арга хэмжээ аваагүй тул мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулсан байгаа. Дүгнэлтээр ашиглах боломжгүй нь тогтоогдсон. Хариуцагчийн үгэнд итгээд, газар дээр нь шалгах боломжгүй байсан тул нэхэмжлэл гаргасан юм. Б.А-тай уулзах гэхээр олддоггүй, авсан газраа очихоор утсыг нь хэлж өгдөггүй байсан. Эсрэг талаас шаардлага хангасан тоног төхөөрөмж өгсөн гэх боловч үүнийгээ нотлоогүй. Сөрөг нэхэмжлэлийн өмгөөлөгчийн зардал нь өөрийн хүсэл зоригоос шалтгаална, мөн татвар төлсөн баримт алга. Иймд сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бат-Эрдэнийн шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлд: Нэхэмжлэгч А.Г-а нь нэхэмжлэлдээ "хуульд заасны дагуу худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах тээвэрлэх нөхцөл журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв бүрэн мэдээллийг худалдан авагч талд өгөх үүрэгтэй байтал үүргээ биелүүлээгүй. ... Худалдан авагч нь биет байдлын болон эрхийн доголдолгүй, стандарт шаардлага хангасан тоног төхөөрөмж худалдахыг шаардах эрхтэй... тоног төхөөрөмжийг хүлээн авахаас татгалзаж байна" гэжээ. Иргэн А.Г-а нь Б.А-тай уулзан, ОХУ-д үйлдвэрлэгдсэн хуучин тоног төхөөрөмж болохыг сайтар ойлгон, зах зээлийн үнээс маш доогуур үнээр худалдан авахаар харилцан тохиролцсоны дагуу Иргэний хуулийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй" гэж заасныг үндэслэн сийрүүлэгч, борной, анжис гэх 3 тоног төхөөрөмжийг тракторын сэлбэгийн хамтаар Худалдах, худалдан авах гэрээ байгуулан 2015 ны 08 дугаар 20-ны дотор төлбөрийг бүрэн барагдуулахаар буюу зээлээр дээрх тоног төхөөрөмж болон сэлбэгүүдийг хүлээлгэн өгч А.Г-ын өмчлөлд шилжүүлсэн. Хэрэв шинэ тоног төхөөрөмж байсан бол ийм хямд үнээр зарахгүй байсан ба үүнийг А.Г-а нь өөрөө сайтар ойлгож байгаа.      

1.Ямар үйл ажиллагаанд ямар зориулалтаар ашигладаг болон хэрэглээний шинж чанарын талаар газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжүүд бүгд тайлбарлуулалтгүйгээр мэдэж байгаа боловч худалдах үедээ зориулалт болон хэрэглээний шинж чанарын талаар тайлбарлаж өгсөн. Хэрэв тайлбарлуулахгүйгээр ашиглаж чадахгүй байгаа нөхцөлд А.Г-а нь утсаар, утас нь болохгүй бол байгууллагын хаягаар ирээд уулзаж, асуух бүрэн боломжтой байсан. Эргээд хандаж байгаагүй нь бүрэн тайлбарлаж өгсөн болохыг баталж байна.      

2.Тээвэрлэх, хадгалах нөхцлийн талаар тодорхой мэдээлэл өгсөн бөгөөд эдгээр тоног төхөөрөмжүүд нь онцгой тусгай хадгалалтын горим шаардлагагүй том оврын тоног төхөөрөмжүүд юм. Газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжүүд бүгд үүнийг тодорхой мэдэж байгаа.          

3.Анжис, сийрүүлэгч, борной гэх эдгээр тоног төхөөрөмжүүд нь ОХУ-д үйлдвэрлэгдсэн хуучин тоног төхөөрөмж бөгөөд үүнийг А.Г-а нь өөрөө сайтар мэдэж байсны үндсэн дээр худалдан авалт хийсэн. Хуучин тоног төхөөрөмж тул ямар нэгэн баталгаат хугацаа, эдэлгээний хугацаа зэрэг баталгааг гаргаж өгөх боломжгүй гэдгийг аль аль тал нь ярилцаж тохиролцсоны үндсэн дээр гэрээ байгуулсан болно.

4.ОХУ-д үйлдвэрлэгдсэн болохыг тайлбарласан ба үйлдвэрлэгчийн нарийн мэдээллүүдийг авснаар тухайн тоног төхөөрөмжүүдийн ашиглалтад ямар нэгэн давуу тал үүсэхгүй учир үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв мэдээллийг өгөөгүй гэсэн нь үндэслэлгүй юм.

5.Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-д "Худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ" гэж маш тодорхой хуульчилсан байдаг бөгөөд өнөөдрийг хүртэл тухайн тоног төхөөрөмж, сэлбэгүүдийг өмчлөх эрхийн талаар гуравдагч этгээд гомдол гаргаагүй байгаа нь эрхийн зөрчилгүй тоног төхөөрөмж болохыг хуулийн дагуу нотлож байна.

6.Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2-т "Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ" тодорхой хуулийн зохицуулалт хийсэн байдаг. Тоног төхөөрөмжийг хүлээн аваад ашигласан байдаг.   

7.Нийт 25 сая төгрөгний үнэ бүхий хавагч, борной, анжис гэх тоног төхөөрөмж болон тракторын сэлбэгийн хамтаар худалдан авахдаа ирж уулзаад гуйж, үнийг нь буулгаж, зээлээр худалдан авсан, "Цагаан эрэг трейд ХХК-ийн захирал У.Ганболд, хуульч Б.Оюунтуяа, Механикч П.Батцэнгэл зэрэг удирдах албан тушаалтнууд нь тоног төхөөрөмжийг үзэж шалгаж хүлээн авч 2 жил ашигласны дараа хүлээн авахаас татгалзаж байна гэж нэхэмжлэлийн шаардлагадаа дурьджээ. А.Г-а нь тухайн тоног төхөөрөмжүүдийг хүлээн авч ашиглачихаад үнийг төлөхөөс зайлсхийж хүлээн авахаас татгалзаж байна гэсэн нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.

8.Өөрийн саналаар төлбөр төлөх баталгаа болгож барьцаалуулсан Субару Форестер маркийн автомашинаа авах саналтай байна гэсэн нь хууль эрх зүйн үндэслэлгүй байна.

9.А.Г-а нь нэхэмжлэлдээ "... Б.А-аас удаа дараа шаардсан боловч шаардлагыг хүлээж авалгүй өнөөдрийг хүргэж байна" гэжээ. Энэ нь ор үндэсгүй гүтгэлэг юм. Учир нь Б.А-ын компани болох "Арвин бэлчир ХХК нь 2016 оны 4 сард буюу тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөнөөс хойш 9 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан ба түүнээс өмнө А.Г-а нь Б.А-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагүй.

10.А.Г-а нь 2015 оны 9 сард ирж уулзаад "А.Г-ын эзэмшилд байх 2004 оны Subaru Forester загварын суудлын машин нь тус байгууллагаас худалдан авсан тоног төхөөрөмжийн барьцаанд байгаа бөгөөд машинаа суллаж авахад 10.600.000 төгрөг барагдуулж машинаа буцаан авах хүсэлтэй байна. 2015 оны 11 сарын 30-ны өдрөөс өмнө төлбөрийг барагдуулна. Төлбөрийг барагдуулаагүй нөхцөлд эзэмших эрх барьцаалагч талд эрхийн дагуу шилжихийг хүлээн зөвшөөрч байна. Хүсэлт гаргасан А.Г-а 99053692 гэсэн бичиг өөрийн биеэр үйлдсэн байх ба энэ нь өмнө нь ямар нэгэн гомдол шаардлага гаргаж байгаагүйгээр барахгүй тухайн тоног төхөөрөмж ямар нэгэн биет байдлын болон эрхийн доголдолгүй хэвийн байсан, тоног төхөөрөмжийг ашигласан, тухайн тоног төхөөрөмжийг бүрэн хүлээж авсан болох нь нотлогдож байна. Иймд А.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагч нь 2015 оны 07 сарын 20-нд гэрээ байгуулж тоног төхөөрөмж авсан байдаг. Хүлээлцэх үед нэхэмжлэгч нь өөрөө байгаагүй. Ах, эгч нар очиж авна гээд “Цагаан эрэг” компанийн холбогдох 4-5 хүн ирж хүлээж авсан. Тоног төхөөрөмж нь хэвийн ажиллагаатай байсан. 2 машин хөлсөлж ирээд шууд ачаад явсан. Ингэхдээ бид машин хөлсөлсөн тул өөрсдөө шалгана гээд шалгалгүй авч явсан. Бид удаа дараа мөнгөө нэхсэн боловч нэхэмжлэгч нь бид ургацаа хураагаад мөнгөө төлнө гэдэг байсан. Мөнгөө өгөхгүй байсан тул 2016 оны 4 сард шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Энэ үед дүгнэлт гэх зүйлийг 2016 оны 5 сард манайх нэхэмжлэл гаргасны дараа гаргуулсан байдаг. Энэ нь мөнгөө төлөхгүй байх зорилготой. Энэ дүгнэлт дээр байгаа тоног төхөөрөмж нь манай өгсөн тоног төхөөрөмж мөн гэдэг нь эргэлзээтэй, биш гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлээ дээрх үндэслэлээр гаргасан. Энд гэрээний дүн 12.600.000 төгрөг, алданги 6.300.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөг, нийт 20.900.000 гаргуулна гэжээ.

 

Хариуцагч Б.А-ын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: Миний бие, иргэн А.Г-ад хөдөө аж ахуйн үйл ажиллагаанд ашиглаж байсан хавагч, борной, анжис гэх тоног төхөөрөмжийг худалдахаар харилцан тохирч 2015 оны 07 сарын 20-ны өдөр "Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ" хийсэн юм. Уг гэрээгээр дараах хөдөө аж ахуйн зориулалттай борков гурвалжинтай 5 ширхэг, хавагч 1 ширхэг, Цилиндр 1 ширхэг, Шланк \залгууртай\ 1 ком, хөл 11 ширхэг, Плюк \рамтай\ 1 ширхэг, Корбус 5 ширхэг, Стермень боолт ком 1, зэрэг тоног төхөөрөмжийг зах зээлийн ханшнаас доогуур худалдан авагч талын саналыг харгалзан үзэж 9.000.000 төгрөгөөр худалдсан. Дараа нь нэмж Нью Холланд брендийн тракторын сэлбэг болох гар биений вкладыш 6 ширхэг, их биений вкладыш 6 ширхэг, их бие тулхтай 1 ширхэг, кольц 6 ширхэг, гидрийн шүүр 2 ширхэг, түлшний шүүр 2 ширхэг, моторын шүүр 2 ширхэг, том агаар шүүгч 2 ширхэг, жижиг агаар шүүгч 2 ширхэг зэрэг нийт 9 нэр төрлийн 29 ширхэг сэлбэгийг нийт 3.600.000 төгрөгөөр худалдан нийт 12.600.000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд буюу 2015 оны 08 сарын 20-ны дотор төлж барагдуулахаар тохирсон. Гэрээний нийт төлбөр төлөгдөж дуустал иргэн А.Г-а нь өөрийн хүсэлтээр, төлбөр төлөх баталгаа болгон өөрийн өмчлөлийн 02-52 УНВ улсын дугаартай Субару Форестер маркийн суудлын автомашиныг манай байгууллагын хашаанд тавиулсан байгаа болно. Үүний дараа 2015 оны 10 сард Б. Амаржаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бат-Эрдэнэтэй уулзан, газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлж тосны ургамал болох Paпс тариалсан, энэ жилийн газар тариалангийн үйл ажиллагаа тааруу байсан тухай учирлан, гэрээний үнийн дүнг 10.600.000 төгрөг болгон бууруулж өгөх талаар болон ургацаа борлуулж дуусахаар буюу 2015 оны 11 сарын 30-ны өдрөөс өмнө нийт төлбөрийг барагдуулахаар бичгээр хүсэлт гаргасан байдаг. Мөн тэрхүү хүсэлтдээ 2015 оны 11 сарын 30-наас өмнө төлбөрийг барагдуулаагүй нөхцөлд өөрийн эзэмшлийн Subaru Forester маркийн автомашины эзэмших эрхийг шилжүүлж өгнө гэдгээ баталгаажуулсан байдаг. Мөн Б.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бат-Эрдэнэ нь Дорнод аймгийн цагдаагийн газарт хандан гэрээний зүйл болох тоног төхөөрөмжийг залилуулсан учир шалгаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасны дагуу Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын ХБМБТ-ийн ахлах мөрдөн байцаагч, хошууч Н.Ууганбаяр нь Дорнод аймгийн Хэрлэн сумд "Цагаан эрэг трейд" ХХК-д ажиллаж байсан ахлах ажилтан А.Энхтөр, мөн тус компанийн тракторч П.Батцэнгэл, манаач албан тушаалд ажиллаж байсан Б.Амгаланбаатар нарт ЭХТА-ийн 252-р зүйлийг тайлбарлан сануулсны үндсэн дээр хэргийн талаар тайлбар авсан байдаг бөгөөд тус хэрэг нь "Цагаан эрэг трейд ХХК-ийн харъяаллын дагуу Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст хуваарилагдан ирж хянагдаад Баянзүрх дүүргийн Прокурорын газарт шалгагдсан байдаг. Тус материалд тайлбар өгсөн дээрх 3 ажилтан нь Б.А-аас худалдан авсан хавагч, борной, анжис гэх тоног төхөөрөмжүүд нь хэвийн ажиллагаатай байсан гэдгийг баталж байгаа бөгөөд "Цагаан эрэг трейд" ХХК нь санхүүгийн боломжгүй нөхцөл байдлаас болж газар тариалангийн үйл ажиллагаагаа зогсоосон гэж тайлбарласан байдаг. Гэтэл “Цагаан эрэг трейд" ХХК-ийн албан тушаалтан А.Г-а нь (Дорнод аймгийн Булган суманд үзэглэсэн гэрээнд дээрх албан тушаалтан гэдгээр гэрээ байгуулсан байдаг) чанаргүй, доголдолтой тоног төхөөрөмж нийлүүлсэн гэж гүтгэн өөрсдийн хийсэн гэмт үйлдлээ нуун дарагдуулах зорилгоор иргэн Б.А-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан байна. А.Г-а нь гэрээний 2.1 зааснаар 2015 оны 08 сарын 20-ны дотор худалдан авагч тал тоног төхөөрөмжийн үнэ болох 12.600.000 төгрөгийг төлж барагдуулах үүргийг хүлээсэн боловч өнөөдрийг болтол төлбөрөө хийхгүй хохироож байгаагаас гадна Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн багш ажилтан, танил талын хүрээнд "... хууран мэхэлж, залилж чанаргүй тоног төхөөрөмжөө худалдсан, муу муухайгаар хэлж доромжилсон... гэх мэтээр худал гүжирдлэгийг тараан иргэн Б. Амаржаргал болон "Арвин бэлчир" ХХК-ийг муу харагдуулах зорилгоор санаатайгаар Хөдөө аж ахуйн салбарын хэмжээнд гүтгэн доромжилж, нэр хүндэд халдаж байна. Гэрээний 3.4 заалтаар үнийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүнгээр хоног тутам 0,5 хувийн алданги тооцохоор заасан байгаа. Иймд худалдан авагч талаас гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэн үндсэн төлбөр 12.600.000 төгрөг, алданги 2015 оны 08 сарын 20-ны өдрөөс эхлэн өдөрт 63.000 төгрөгийн алданги тооцож, Иргэний хуулийн 232.4-т заасны дагуу нийт 6.300.000 төгрөгийн алданги төлөхөөр байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдуулан эрх зүйн туслалцаа авахаар хөлсөлсөн өмгөөлөгчийн хөлс болох 2.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Шүүх үйл ажиллагаатай холбоотой гарсан зардлыг нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх хэлбэрээр дахин нэхэмжлэх болно. Иймд иргэн А. Гантулгаас одоогийн байдлаар нийт 20.900.000 төгрөгийг гаргаж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Баасандоржийн тайлбарт: Гэрээгээр хуучин тоног төхөөрмж худалдсан. 2015 оны 7 сард ирээд авч явсан. Жилийн дараа мөнгөө өгөхгүй байсаар доголдолтой гэж ярьж эхэлсэн. Тоног төхөөрөмж нь Оросын 1980 онд үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж юм. Шинэ биш. Талууд хоорондоо яриад үзэж хараад аваад явсан байдаг. Жилийн хугацаанд гомдол гаргаагүй. Гэтэл мөнгөө нэхэхээр шүүхэд нэхэмжлэл гаргадаг. Дүгнэлт нь ИХШХШТХ-ийн 47-д заасан дүгнэлт биш. Хариуцагчаас авсан тоног төхөөрөмж гэдэг нь эргэлзээтэй. Хаанаас ч ийм зураг оруулж болно. Үнэхээр чанарын долголтой байсан бол тухайн үед авахгүй байх боломжтой байсан. Гэрээгээр чанарын талаар тохироогүй. Зарахдаа хуучин тоног төхөөрөмжийн үнээр зарсан байдаг. Иргэний хуулийн 204.1-р гэрээнээс татгалзах боломжгүй. Татгалзах саналаа гаргаагүй. Гэрээний үүргийн дагуу тоног төхөөрөмжөө авсан байж ингэж ярихгүй.   Биет байдлын доголдол нь гэрээг цуцлах үед ярих бөгөөд татгалзах үед яригдахгүй. Нэхэмжлэлийн үндэслэл нь шаардлагатай нийцэхгүй үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгоно уу. Сөрөг нэхэмжлэлийн хувьд гэрээний үнээ төлөөгүй нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байгаа тул хангаж өгнө үү. Өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх эрх байхгүй. Гэрээнээс татгалзсан байхад гэрээг цуцалж байна гээд ярьж болохгүй. Дүгнэлтээр хуучин тоног төхөөрөмж тавиад дүгнэлт гаргуулсан байна. Шүүгчийн захирамжаар томилогдоогүй. Дүгнэлт дээр байгаа тоног төхөөрөмж нь хариуцагчаас авсан гэдэг нь нотлогдоогүй. Хариуцагчийн тоног төхөөөрөмж доголдолтой гэдэг нотлогдоогүй. Одоо цаг хугацааны хувьд боломжгүй болчихсон. Оросын хуучин тоног төхөөрөмж авчихаад одоо чанар ярих нь утгагүй. Чанар гэдгээ ямар байдлаар хэлж байгаа нь тодорхойгүй. 2017 оны 07 сарын 05-нд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Иргэний хуулийн 9-д заасан хамгаалалтад шаардлага нь хамаарахгүй. Шаардлага нь өөрөө ойлгомжгүй, шаардлагаа тодорхойлох үүрэгтэй. Сөрөг нэхэмжлэлийн хувьд гэрээний зүйлийг авсан талаар маргаагүй. Жилийн дараа шаардлага гаргаж байна. 3 жил гэдэг нь нэхэмжлэлийн шаардлага гаргах л эрх юм гэжээ.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/02869 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.2, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Б.А-аас Субару Форестер маркийн УНВ0252 улсын дугаартай автомашиныг гаргуулж, нэхэмжлэгч А.Г-ад олгож, нэхэмжлэгч А.Г-аас 12.600.000 төгрөг гаргуулж, хариуцагч Б.А-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаар худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний зүйлийг буцаан өгөх, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх алданги 6.300.000 төгрөг, хууль зүйн туслалцааны зардал 2.000.000 төгрөг, нийт 8.300.000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 216.000 төгрөг, хариуцагчийн 262.450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс нийт 286.750 төгрөг, хариуцагчаас 216.550 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид 216.550 төгрөг, хариуцагчид 216.550 төгрөг олгож, үлдэх 70.200 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2433 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/02869 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар Б.А-аас 02-52 УНВ улсын дугаартай Субару Форестер маркийн автомашиныг гаргуулж А.Г-ад олгож, А.Г-аас 3.600.000 төгрөгийг, худалдах худалдан авах гэрээний зарим зүйл болох тоног төхөөрөмж буюу хагалагч, хавагч, борнойг гаргуулж Б.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас тракторын сэлбэгийг буцаан өгөх, түүнтэй холбоотой гэрээний хэсгээс татгалзах шаардлагыг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 17.300.000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалтын “286.750” гэснийг “72.550” гэж, “хариуцагчид” гэсний дараах “216 550” гэснийг “72 550” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бат-Эрдэнэ, өмгөөлөгч Ц.Баасандорж нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: 2017 оны 2433 тоот Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

1. Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ ИХШХШТХ-ийн 40.2-т заасан “...нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчсөн. Шүүх магадлалд өөрчлөлт оруулахдаа үндэслэл болгосон Хөдөө аж ахуйн техник, технологийн хүрээлэн нь төрийн бус байгууллага, техник тоног төхөөрөмжийн эдэлгээ, ашиглалтын тухай дүгнэлт гаргадаг эрхтэй эсэх, тусгай зөвшөөрөлтэй эсэх, гаргасан дүгнэлт нь нотлох баримтаар үнэлэгдэх боломжтой эсэх нь эргэлзээтэй. Уг байгууллагын гаргасан дүгнэлт нь ИХШХШТХ-д заасан шинжээчийн дүгнэлтээр үнэлэгдэх боломжгүй юм. Мөн уг дүгнэлтээ гаргахдаа хариуцагч талыг байлцуулж, чанар, эдэлгээг нь тогтоох гээд байгаа эд хөрөнгө нь зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу шилжүүлсэн эд хөрөнгө мөн эсэхийг тодруулах ямар ч ажиллагаа хийгээгүй. Зөвхөн нэхэмжлэгчийн үзүүлсэн техникийг очиж үзээд дүгнэлт гаргасан байдаг. Хариуцагчаас уг эд хөрөнгө нь зохигчдын хооронд байгуулсан гэрээний зүйл мөн эсэхийг тодруулаагүй байж дүгнэлтдээ гэрээний зүйл, хариуцагчийн нийлүүлсэн эд хөрөнгө доголдолтой, ашиглах боломжгүй гэж оруулаад байгаа нь бодитой бус, үндэслэл муутай, хариуцагчийн захиалгын дагуу гаргасан гэж үзэж болохоор байна. Мөн нэхэмжлэгч тоног төхөөрөмжийг гэрээ байгуулан шилжүүлэн авснаас хойш 10 сарын дараа уг дүгнэлт гэх зүйлийг гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн эд хөрөнгийг нэхэмжлэгч ашигласан эсэх асуудлыг огт тодруулалгүйгээр анх ямар чанартай, үзүүлэлттэй эд хөрөнгө нийлүүлснийг огт мэдэхгүй байж анх нийлүүлсэн эд хөрөнгө нь доголдолтой мэтээр дүгнэлт гэх зүйл гаргасан нь учир дутагдалтай.

2. Давж заалдах шатны шүүх магадлалдаа уг ТББ-ын дүгнэлт гэх зүйлийг мэргэжлийн байгууллага, хүмүүсийн дүгнэлт гэж дүгнэсэн нь ИХШХШТХ-ийн 37.2-т “...Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэж заасныг зөрчсөн. Мэргэжлийн байгууллага, хүмүүсийн дүгнэлт хийх зүйл ИХШХШТХ-д байхгүй бөгөөд дүгнэлтийн тухайд шинжээчийн дүгнэлт гэж байдаг. Мөн шүүх яагаад мэргэжлийн байгууллага, хүмүүс гэж бичсэн нь өөрөө ойлгомжгүй байна. Мэргэжлийн байгууллага, хүмүүс гэж дүгнэхийн тулд тухайн байгууллага хүмүүс нь эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан, мэргэжлийн дүгнэлт гаргах эрх хуулиар олгогдсон байх ёстой. Хэрэгт авагдсан баримтуудаар тухайн дүгнэлт гэх зүйлийг бичсэн иргэн нь ямар сургууль төгссөн, ямар мэргэжилтэй, мэргэжлээрээ хэдэн жил ажилласан, уг асуудалд мэргэжлийн тусгай дүгнэлт гаргах эрхтэй эсэх тухай ямар ч нотлох баримт байхгүй байхад ийнхүү дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай, ИХШХШТХ-ийн 40.1, 40.2-т заасантай нийцэхгүй байна.

3. Эрх зүйн статус нь тодорхой бус ТББ-ын нэрээр дүгнэлт гэх бичиг гаргасан иргэн Б.Лхагвадоржийн мэдүүлэг нь тухайн гэрээний зүйл доголдолтой эсэх, гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эсэхийг нотлох баримт болохгүй юм. Мэдээж дүгнэлт гэх бичиг гаргасан иргэн хэзээ ч өөрийнх нь гаргасан дүгнэлт гэх зүйл нь буруу гэж хэлэхгүй. Уг мэдүүлэг нь дүгнэлтийнхээ адилаар ИХШХШТХ-ийн 40.1, 40.2-т заасны дагуу үнэлэгдэх боломжгүй. Учир нь тухайн иргэн Б.Лхагвадорж нь гэрээ байгуулах үеийн тоног төхөөрмжийг мэдэхгүй, мэдэх боломжгүй, дүгнэлт гэх бичиг гаргах үедээ хариуцагчаас гэрээнд заасны дагуу нийлүүлсэн тоног төхөөрөмж мөн эсэхийг асууж тодруулаагүй тул түүний мэдүүлэг ИХШХШТХ-ийн 43-р зүйлд зааснаар үнэлэгдэх боломжгүй, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй юм.

Худалдагч Б.А-ын худалдан авагч А.Г-ад худалдсан эд хөрөнгө нь ОХУ-д 1980-аад онд үйлдвэрлэгдсэн, хуучин хагалагч, хавагч, борной буюу анжис сийрийлүүр, шүдэт борной зэрэг бөгөөд талууд гэрээний зүйлийн эдэлгээ, чанар, ашигласан хугацаа зэргээс шалтгаалан үнээ харилцан тохиролцож гэрээ байгуулж, эд хөрөнгөө нийлүүлсэн байдаг. Хэрвээ тухайн эд хөрөнгө нь гэрээгээр тохиролцсон чанар, тоо хэмжээндээ хүрэхгүй байсан бол тухайн эд хөрөнгийг хүлээн авахдаа татгалзах эрх нь худалдагчид байсан ч татгалзаагүй хүлээн авч, нэг жил орчим гэрээний зүйлтэй холбоотой ямар нэг гомдол, санал гаргаагүй, гэрээ цуцлах асуудал яриагүй. Худалдагч гэрээний зүйлийн үнийг шаардах нэхэмжлэл гаргасны дараа үнийг нь төлөхгүйн тулд ТББ-аар дүгнэлт гэх бичиг хийлгэж нэхэмжлэл гаргаж байгааг давж заалдах шатны шүүх анхаараагүй, хэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Иймд 2017 оны 2433 тоот Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч А.Г-а нь хариуцагч Б.А-д холбогдуулан худалдах-худалдан  авах гэрээнээс татгалзаж, гэрээний зүйлийг буцаан өгөх, төлбөрийн баталгаа болгож хадгалуулсан автомашиныг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгө хүлээлгэн өгч худалдах-худалдан авах гэрээний үүргээ биелүүлсэн, гэрээний дагуу тоног төхөөрөмжийг хүлээн авснаас хойш гомдлын шаардлага гаргаж байгаагүй тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргасан бөгөөд гэрээний үүрэгт үндсэн төлбөр 12,600,000 төгрөг, алданги 6,300,000 төгрөг, өмгөөлөгчид төлсөн 2,000,000 төгрөг, нийт 20,900,000 төгрөг гаргуулахаар сөрөг шаардлага гаргажээ.

Зохигчдын хооронд 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр тоног төхөөрөмж худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, хариуцагч нь 9,000,000 төгрөгийн үнэ бүхий хагалагч, хавагч, борнойг нэхэмжлэгчид худалдах, нэхэмжлэгч нь 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төлбөрийг бүрэн төлөхөөр тохиролцож, төлбөрийн баталгаа болгож “Сүбарү Форестер” маркийн УНВ 0252 улсын дугаартай автомашиныг хариуцагчид хадгалуулсан байна. Энэ гэрээний хавсралтаар “Нью холланд” маркийн тракторын 3,600,000 төгрөгийн үнэ бүхий 9 нэр төрлийн 29 ширхэг сэлбэгийг хариуцагч нь худалдаж, нэхэмжлэгч хүлээн авсан байна.  

Гэрээнд заасан тоног төхөөрөмж болон сэлбэгийг нэхэмжлэгч нь хүлээн авсан талаар маргаагүй боловч эдгээр нь биет байдлын доголдолтой, эрхийн зөрчилтэй байсан, улмаар зөрчлийг арилгуулахаар удаа дараа шаардлага гаргасан боловч хариуцагч зөрчлийг арилгаагүйгээс гэрээнээс татгалзсан гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлсон бол   хариуцагч нь “...биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгө шилжүүлсэн. 1980 оны үед үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж тул холбогдох бичиг баримтгүй гэдгийг нэхэмжлэгч тал мэдэж байсан бөгөөд тухайн үед тоног төхөөрөмжийг үзээд харилцан тохиролцож хямдралтай үнээр худалдсан тул гэрээнээс татгалзах эрхгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэжээ.

“...гэрээний зүйл нь чанарын шаардлага хангахгүй болох нь хэрэгт байгаа Хөдөө аж ахуйн техник технологийн хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сард гаргасан дүгнэлтээр нотлогдоно гэж тайлбарлаж байна. ... дүгнэлтэд дурдсан тоног төхөөрөмж нь хариуцагчийн нийлүүлсэн тоног төхөөрөмж мөн гэж үзэхэд эргэлзээтэй, нотлогдохгүй байна...” гэж анхан шатны шүүх дүгнэсэн, харин давж заалдах шатны шүүх “...хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Хөдөө аж ахуйн техник, технологийн хүрээлэн буюу мэргэжлийн байгууллага, хүмүүсийн дүгнэлт, ... гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар худалдах-худалдан авах гэрээний зарим эд хөрөнгө болох хагалагч, хавагч, борной буюу анжис сийрийлүүр, шүдэт борной гэсэн тоног төхөөрөмж нь ашиглах боломжгүй, шаардлага хангаагүй, доголдолтой эд хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй” гэж тус тус дүгнэж, зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7, 40 дүгээр зүйлийн 40.3, 40.5-т заасныг зөрчсөн байна.

Учир нь хяналтын шатны шүүхэд 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс “...А.Г-ын нэхэмжлэлтэй, Б.А-д холбогдох иргэний хэргийг танайд хүргүүлсэн байгаа болно. Мөн хэргийн нотлох баримтаар Хөдөө аж ахуйн техникийн үзлэгийн дүн болон мэргэжлийн үнэлгээ /12 хуудас/-г хүргүүлэв” гэсэн 848 тоот бичгийг, үнэлгээний баримтын хамт ирүүлсэн боловч энэ баримт нь хэрэгт дугаарлагдаж ороогүй байна.   

Хэргийн 197, 210, 216 дахь талд авагдсан хэрэг хүргүүлсэн тухай албан бичгээс үзэхэд анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдаагүй баримтад дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3, 167 дугаар зүйлийн 167.1.5-д нийцээгүй байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:        

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/02869 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2433 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Б.А-ын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216.550 /хоёр зуун арван зургаан мянга таван зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

 

                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                             ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН