Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 1065

 

А.Гантулгын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/00956 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч А.Гантулгын нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Амаржаргалд холбогдох        

2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан “Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч А.Гантулга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бат-Эрдэнэ

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Баасандорж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч А.Гантулга шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Амаржаргалтай миний бие 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн №015 дугаартай тоног хөхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба гэрээний гол нөхцөл болох хагалагч, хавагч, борной, тракторын сэлбэг гэсэн тоног төхөөрөмжүүдийг нийт 12 600 000 төгрөгөөр бодож өөрийн Субару форестор маркийн автомашиныг Б.Амаржаргалын хүсэлтээр барьцаа болгосон. Тоног төхөөрөмжийг авах үед Б.Амаржаргал тоног төхөөрөмжөө задалсан байсан учир шалгах боломжгүй ба "шууд ашиглах боломжтой, ямар ч асуудалгүй” гэж хэлээд өгсөн. Гэтэл тоног төхөөрөмжүүдийг ашиглах боломжгүйг тариан талбай дээр очоод 3 хоног угсрахыг оролдох явцдаа ойлгон, Б.Амаржаргалд үүргээ биелүүлэхийг олон удаа шаардсан бөгөөд үүнээс болж миний төлөвлөсөн хөрс боловсруулалтын ажлаа хийж чадаагүй хохирсон. Б.Амаржаргал ашиглах боломжгүйг нь мэдсээр байж тоног төхөөрөмжүүдийг надад зарах зорилгоор өгсөн тул уг хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. Тоног төхөөрөмжийг н.Ганболд, н.Оюунтуяа, н.Энхтөр нарт хүлээлгэн өгсөн. Тэр үед миний хөл хугарсан байсан учраас өөрийн биеэр хүлээн аваагүй. Б.Амаржаргалд 2015 оны 8 дугаар сард утасдаж ажиллах боломжгүй байна гэхэд хохь чинь тэнэг юмнууд гэж доромжилсон бөгөөд буцааж өгье гэхэд авахгүй гэсэн. Ингээд би Улаанбаатар хотод авч ирээд Д.Отгонтөгстэй гэрээ байгуулан хадгалуулсан. 2016 оны 3 дугаар сард хөдөө аж ахуйн техник технологийн хүрээлэнд хандаж дүгнэлт гаргуулахад хоцрогдсон, эд анги нь дутуу, анжисыг ашиглахаа болиод 4-5 жил болж байгаа гэсэн дүгнэлт гарсан. Б.Амаржаргал надад ямар ч асуудалгүй тоног төхөөрөмж гэсэн учраас би итгэсэн. Би уг тоног төхөөрөмжийг өөрөө худалдан авахаар гэрээ байгуулсан ба “Цагаан эрэг трейд” ХХК-д ашиглуулах зорилготой байсан ба гэрээ байгуулаагүй. Надад уг тоног төхөөрөмжийн талаар ямар ч мэдээлэл, бичиг баримт дагалдуулж өгөөгүй гэжээ.

Хариуцагч Б.Амаржаргал шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Гантулга хүсэл сонирхолоо бүрэн илэрхийлж, 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 015 тоот “Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ”-г бичгээр, сайн дурын үндсэн дээр байгуулсан бөгөөд гарын үсэг зурж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болсон. Энэхүү гэрээгээр А.Гантулга буюу худалдан авагч тал гэрээний 2.1-т зааснаар тоног төхөөрөмж, сэлбэгийн үнийг 2015 оны 8 дугаар сарын 20-ны дотор бүрэн барагдуулна гэж тохиролцон тоног төхөөрөмжийг өөрсдөө үзэж шалган авсан боловч гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй. Гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг удаа дараа шаардаж, А.Гантулгатай уулзахад 2015 оны 11 дүгээр сарын 30-ны дотор төлөх, төлж чадахгүй бол машины эзэмшлийг шилжүүлэх баталгаа гаргаж, гарын үсэг зуран, хурууны хээгээ дарж баталгаажуулсан. Гэтэл нэхэмжлэлдээ Б.Амаржаргалын хүсэлтээр өөрийн эзэмшлийн машиныг барьцаа болгосон гэж дурдсан нь үндэслэлгүй бөгөөд өөрөө барьцаалсан машинаа эрх шилжүүлэхээр бичиг гаргаж өгч байснаар нотлогдож байна. Гэвч хугацаандаа төлбөрөө төлөөгүй. А.Гантулгаас 12 600 000 төгрөгийн төлбөр төлөхийг шаардаж улмаар өгөхгүй болохоор 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд "Арвин бэлчир" ХХК-ийн захирал Б.Амаржаргал гэдгээр нэхэмжлэл гаргасан нь “Арвин бэлчир” ХХК нь иргэн Б.Амаржаргалыг төлөөлөх эрх зүйн үндэслэлгүй гэж үзэн хүчингүй болгож шийдвэрлэсэн. Харин Б.Амаржаргалын нэхэмжлэх эрхийг хязгаарлаагүй. Тухайн үед хуучин тоног төхөөрөмж авч байснаа сайтар ухамсарлан ойлгож байсан ба А.Гантулга нь ирж, тоног төхөөрөмжийг үзэж зах зээлийн үүнээс доогуур тохиролцон үнэ тогтоож авч явсан. Тоног төхөөрөмж, сэлбэгийг хүлээн авахдаа иж бүрдлээр нэг бүрчлэн тулгаж, шалгаж авсан бөгөөд Дорнод аймаг руу машинаар тээвэрлэх учир угсрахгүй авч явна гээд салангид чигээр нь машинд ачиж явсан.  Тоног төхөөрөмжүүдийг тээвэрлэн авч яваад угсарч, хэвийн үйл ажиллагаа явуулж байсныг фото зураг болон бичлэгээр баталгаажуулж, төлбөрөө авах гэхэд хойшлуулсаар он дамжсан. А.Гантулга тухайн үед ашиглагдахгүй, муу тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл өгсөн гэж байгаа бол нэг ч удаа хэлээгүй, шаардах эрх үүссэн үедээ шүүхэд хандаагүй. Б.Амаржаргал, А.Гантулга нарын хооронд гэрээ байгуулагдсан, Б.Амаржаргалыг төлөөлж эхнэр нь гарын үсэг зурж “Арвин бэлчир” ХХК-ийн тамгыг дарсан, уг тоног төхөөрөмжийг Б.Амаржаргалын хөрөнгө гэдэгт маргаангүй. Ашиглаж байсан нь хэрэгт  өгсөн зураг, сиди бичлэгээр нотлогдоно. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Амаржаргал А.Гантулга нарын хооронд байгуулагдсан 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн тоног төхөөрөмж худалдах, худалдан авах тухай 015 дугаартай гэрээг цуцалж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 550 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Б.Амаржаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 216 550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчаас давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ариунболдын эцэг Д.Отгонтөгстэй байгуулсан 2015 оны 8 дугаар сарьн 13-ны өдрийн "Хөрөнгө хадгалуулах гэрээ" ашиг сонирхол нэгтэй этгээдүүд хуурамчаар бүрдүүлсэн нотлох баримт байх магадлалтай тул үүнийг шалгаж, хууль бусаар гаргасан нь нотлогдсон нөхцөлд нотлох баримтаас хасуулах хүсэлтийг хариуцагч гаргасан боловч хүсэлтийг хангаагүй хэргийг шийдвэрлэсэн бөгөөд тус гэрээг нотлох баримтаар үнэлсэн. 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр буюу хүлээн авснаас хойш 10 сарын дараа тоног төхөөрөмжүүдийг Хөдөө аж ахуйн техник технологийн хүрээлэнгээр дүгнэлт гаргуулан нэг талын ашиг сонирхлыг хамгаалсан, шүүхийн бус журмаар олж авсан эргэлзээтэй дүгнэлтийг шүүхийн журмаар олж авсан шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон. Тухайн тоног төхөөрөмжүүдийг ашиглаж байсан гэх зураг, бичлэгийг нотлох баримтаар гаргасан боловч тухайн нотлох баримтыг бодитоор үнэлээгүй. Нэхэмжлэгч талын гэрч С.Энх-Амарыг тоног төхөөрөмжийг ашиглах үед биечлэн хариуцаж ажиллаагүй, тоног төхөөрөмжийн талаар мэдлэггүй, түүнийг хуурамчаар бий болгосон байх магадлалтай бөгөөд уг мэдүүлэг нь хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд шаардлага хангахгүй тухай шүүхэд мэдэгдсэн боловч гэрчийн хуурамч мэдүүлгийг үндэслэл болгосон. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч А.Гантулга хариуцагч Б.Амаржаргалд холбогдуулан 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан “Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч А.Гантулга ашиглах боломжгүй тоног төхөөрөмжүүдийг худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн тул худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар гаргасан нэхэмжлэлд анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлийн хувийг хариуцагч Б.Амаржаргалд гардуулсан бөгөөд уг нэхэмжлэлд хамаарах үйл баримтын талаар талууд мэтгэлцжээ /хх 1, 11/.

Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан дээр талууд хүчин төгөлдөр бус хэлцлийн талаар мэтгэлцэж байснаа Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан хэлцлийг шүүхээс хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлийн талаар маргасан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна /хх 83-92/.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилөх эрхтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь анх нэхэмжлэл гаргахдаа “Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулахаар гаргасан шаардлагаа, шүүх хуралдаан дээр өөрчлөн уг тоног төхөөрөмжүүдээ доголдолтой холбоотойгоор худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан агуулгаар гаргасан байхад хэргийн нөгөө тал болох хариуцагчид энэхүү өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг гардуулж, танилцуулсан эсэх тодорхой бус байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасантай нийцэхгүй. 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхой байж түүнийг хариуцагчид танилцуулснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл татгалзлын талаар талуудын мэтгэлцэх эрх хангагдах учиртай. Иймд анхан шатны шүүхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасны дагуу үүсгэснээс иргэний хэрэгт байхгүй өөр шаардлагыг шийдвэрлэсэн гэж үзнэ.

Хэргийн оролцогчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, хэрэгт авагдсан баримтын хүрээнд давж заалдах шатны шүүх тус хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/00956 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Амаржаргалаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           
 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           ШҮҮГЧИД                                         А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                                      Д.БАЙГАЛМАА