Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2017/02433

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2017/02433

 

 

 

 

А.Гантулгын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/02869 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А.Гантулгын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б.Амаржаргалд холбогдох

Худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний зүйлийг буцаан өгөх, төлбөрийн баталгаа болгосон автомашиныг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч А.Гантулгын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Гантулга, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмлжэгч А.Гантулга, түүний өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны тайлбарт: А.Гантулга Б.Амаржаргал нар 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №015 тоот дугаартай тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба гэрээний гол нөхцөл болох хагалагч, хавагч, борной, тракторын сэлбэг гэсэн тоног төхөөрөмжүүдийг нийт 12 600 000 төгрөгөөр тохирч Субару Форестер маркийн машиныг төлбөр төлөх баталгаа болгон барьцаалсан. Тоног төхөөрөмжийг хүлээн авах үед тоног төхөөрөмжийг задалсан байсан учир шалгах боломж байгаагүй. Шууд ашиглах боломжтой, ямарч асуудал байхгүй гэсэн тайлбар хэлж хүлээлгэн өгсөн. Гэтэл тоног төхөөрөмжийг ашиглах боломжгүй, Дорнод аймгийн Булган сумын Баян-Уул багийн нутаг Хайчингийн тариан талбайд аваачиж 3 хоног угсрахыг оролдох явцад дараах зүйлс дутуу байгaar ойлгосон. Үүнд: Хагалагч нь цан хутга, тулах дугуй, хөрслүүр, борной чиргүүл-хөндөл зэрэг хагалагчид байх ёстой 7 эд ангийн 4 нь дутуу бусад эд ангиуд байгаа боловч өөр хоорондоо таарч тохирохгүй өөр маркийн ижил төрлийн тоног төхөөрөмжүүдээс цуглуулж эвлүүлсэн байсан. Хавагч нь Чиргүүлийн арлын тулуур байхгүй, борнойн чиргүүлийн арлын тууш дөндийлөг байхгүй, өргөх механизмын хөндлөн төмөр хоолой хугарсан байгааг буцааж гагнахдаа байрлалыг нь буруу, чанар муутайгаар гагнасан, суман хошуу ажил гүйцэтгэж чадахааргүй болтлоо элэгдсэн, бусад эд ангиуд нь моралын элэгдэлд бүрэн орж ашиглах боломжгүй болсон байсан. Тракторын сэлбэг-ийн хувьд анх ярихдаа тоног төхөөрөмжийг АНУ-аас оруулж ирсэн, гарал үүслийн бичиг, гаалийн бичигтэй өгнө гэсэн боловч өдий хүртэл өгөөгүй. Худалдагч нь эрхийн доголдолгүй бичиг баримтын зөрчилгүй хагалагч, хавагч, борной гэсэн тоног төхөөрөмжийг худалдан авагчид шилжүүлнэ. Худалдагч нь биет байдлын болон эрхийн доголдолгүй, стандарт, техникийн шаардлага хангасан тоног төхөөрөмжийг худалдан авагчид хүлээлгэн өгнө гэж заасан боловч биет байдлын доголтой гэдэг нь мэргэжлийн үнэлгээгээр тогтоогдсон. Ямар ч бичиг баримтгүй, гарал үүслийн гэрчилгээ болон техникийн паспортгүй, стандарт техникийн шаардлага хангаагүй тоног төхөөрөмжийг нийлүүлсний улмаас би төлөвлөж байсан хөрс боловсруулалтын ажлаа хийж чадахгүй хохирсон. Б.Амаржаргал нь хуулинд заасны дагуу худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, тээвэрлэх нөхцөл, журам баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй байтал үүргээ биелүүлээгүй. Доголдлоо арилгахыг удаа дараа шаардсан боловч засаагүй. Тоног төхөөрөмжийн талаар дүгнэлт гаргуулсан. Тухайн дүгнэлтээр техник нь шаардлага хангахгүй гэдэг нь тогтоогдсон. Төхөөрөмжийг гагнахдаа буруу гагнасан, бусад тоног төхөөрөмжтэй холбогдох боломжгүй гэх мэт биет байдлын доголдолтой байсан бөгөөд эд ангиудыг дутуу нийлүүлсэн, нөхөж өгнө гэсэн боловч өгөөгүй. Хүлээж авахад бүгдийг нь задлаад тавьчихсан байсан ба нярав нь жагсаалтаар хүлээлгэж өгсөн. Худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, тоног төхөөрөмжүүдийг Б.Амаржаргалд буцаан өгч, барьцааны гэрээ хийхгүйгээр барьцаалсан УНВ 0252 улсын дугаартай Субару Форестер маркийн суудлын, цэнхэр өнгөтэй автомашинаа авах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бат-Эрдэнийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: А.Гантулга нь Б.Амаржаргалтай ОХУ-д үйлдвэрлэгдсэн хуучин тоног төхөөрөмж болохыг сайтар ойлгон, зах зээлийн үүнээс маш доогуур үнээр худалдан авахаар харилцан тохиролцсоны дагуу сийрүүлэгч, борной, анжис гэх 3 тоног төхөөрөмжийг тракторын сэлбэгийн хамтаар худалдах худалдан авах гэрээ байгуулан 2015 ны 08 дугаар 20-ны дотор төлбөрийг бүрэн барагдуулахаар буюу зээлээр дээрх тоног төхөөрөмж болон сэлбэгүүдийг хүлээлгэн өгч А. Гантулгын өмчлөлд шилжүүлсэн. Хэрэв шинэ тоног төхөөрөмж байсан бол хямд үнээр зарахгүй байсан. Ямар үйл ажиллагаанд ямар зориулалтаар ашигладаг болон хэрэглээний шинж чанарын талаар газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжүүд мэдэж байгаа боловч худалдах үедээ зориулалт болон хэрэглээний шинж чанарын талаар тайлбарлаж өгсөн. Хэрэв ашиглаж чадахгүй байгаа нөхцөлд А.Гантулга нь утсаар болон байгууллагын хаягаар уулзаж, асуух бүрэн боломжтой байсан. Эргээд хандаж байгаагүй нь бүрэн тайлбарлаж өгсөн болохыг баталж байна. Тээвэрлэх хадгалах нөхцөлийн талаар тодорхой мэдээлэл өгсөн бөгөөд эдгээр тоног төхөөрөмжүүд нь онцгой тусгай хадгалалтын горим шаардлагагүй том оврын тоног төхөөрөмжүүд юм. Хуучин тоног төхөөрөмж тул ямар нэгэн баталгаат хугацаа, эдэлгээний хугацаа зэрэг баталгааг гаргаж өгөх боломжгүй гэдгийг аль аль тал нь ярилцаж тохиролцсоны үндсэн дээр гэрээ байгуулсан болно. ОХУ-д үйлдвэрлэгдсэн болохыг тайлбарласан ба үйлдвэрлэгчийн нарийн мэдээллүүдийг авснаар тухайн тоног төхөөрөмжүүдийн ашиглалтад ямар нэгэн давуу тал үүсэхгүй учир үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв мэдээллийг өгөөгүй гэсэн нь үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1 дэх заалтад эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэдгийг маш тодорхой заасан бөгөөд өнөөдрийг хүртэл тухайн тоног төхөөрөмж, сэлбэгүүдийг өмчлөх эрхийн талаар гуравдагч этгээд гомдол гаргаагүй байгаа нь эрхийн зөрчилгүй тоног төхөөрөмж болохыг хуулийн дагуу нотолж байна. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дах заалтад Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ тодорхой хуулийн зохицуулалт байдаг. Тоног төхөөрөмжийг хүлээн авч, ашигласан байдаг. Нийт 25 000 000 төгрөгийн үнэ бүхий хавагч, борной, анжис гэх тоног төхөөрөмж болон тракторын сэлбэгийн хамтаар худалдан авахдаа ирж уулзан үнийг нь буулгаж, зээлээр худалдан авсан. Цагаан эрэг трейд ХХК-ий захирал У.Ганболд, хуульч Б.Оюунтуяа, механикч П.Батцэнгэл зэрэг удирдах албан тушаалтнууд нь тоног төхөөрөмжийг үзэж шалгаж хүлээн авч 2 жил ашигласны дараа А. Гантулга нь тухайн тоног төхөөрөмжүүдийн үнийг төлөхөөс зайлсхийж хүлээн авахаас татгалзаж байна гэсэн нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Өөрийн саналаар төлбөр төлөх баталгаа болгож барьцаалсан Субару Форестер маркийн автомашиныг авах саналтай байна гэсэн нь хууль эрх зүйн үндэслэлгүй байна. А. Гантулга нь 2015 оны 09 дүгээр сард ирж уулзаад А.Гантулгын эзэмшилд байх 2004 оны Субару Форестер маркийн автомашин нь тус байгууллагаас худалдан авсан тоног төхөөрөмжийн барьцаанд байгаа бөгөөд 10 600 000 төгрөгийг барагдуулж автомашинаа буцаан авах хүсэлтэй байна. 2015 оны 11-р сарын 30-ний өдрөөс өмнө төлбөрийг барагдуулна. Төлбөрийг барагдуулаагүй нөхцөлд эзэмших эрх барьцаалагч талд эрхийн дагуу шилжихийг хүлээн зөвшөөрч байна гэсэн утгатай хүсэлт гаргасан. Тоног төхөөрөмж нь хэвийн ажиллагаатай байсан. Бид удаа дараа мөнгөө нэхсэн боловч нэхэмжлэгч нь бид ургацаа хураагаад мөнгөө төлнө гэдэг байсан. Техникийн дүгнэлт гэх зүйлийг 2016 оны 05 дугаар сард манайх нэхэмжлэл гаргасны дараа гаргуулсан байна. Энэ дүгнэлт дээр байгаа тоног төхөөрөмж нь манай өгсөн тоног төхөөрөмж мөн гэдэг нь эргэлзээтэй, биш гэж үзэж байна. Иймд А. Гантулгын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Амаржаргалын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: А.Гантулгад хөдөө аж ахуйн үйл ажиллагаанд ашиглаж байсан хавагч, борной, анжис гэх тоног төхөөрөмжийг худалдахаар харилцан тохирч 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр тоног төхөөрөмж худалдах худалдан авах гэрээ хийж, дараах хөдөө аж ахуйн зориулалттай борков гурвалжинтай 5 ширхэг, хавагч 1 ширхэг, цилиндр 1 ширхэг, шланк \залгууртай\ 1 ком, хөл 11 ширхэг, плюк \рамтай\ 1 ширхэг, Корбус 5 ширхэг, Стермень боолт ком 1, зэрэг тоног төхөөрөмжийг зах зээлийн ханшнаас доогуур худалдан авагч талын саналыг харгалзан үзэж 9 000 000 төгрөгөөр худалдсан юм. Дараа нь нэмж Нью Холланд брендийн тракторын сэлбэг болох гар биений вкладыш 6 ширхэг, их биений вкладыш 6 ширхэг, их бие тулхтай 1 ширхэг, кольц 6 ширхэг, гидрийн шүүр 2 ширхэг, түлшний шүүр 2 ширхэг, моторын шүүр 2 ширхэг, том агаар шүүгч 2 ширхэг, жижиг агаар шүүгч 2 ширхэг зэрэг нийт 9 нэр төрлийн 29 ширхэг сэлбэгийг 3 600 000 төгрөгөөр худалдан нийт 12 600 000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд буюу 2015 оны 08 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулахаар тохирсон. Гэрээний нийт төлбөр төлөгдөж дуустал иргэн А. Гантулга нь өөрийн хүсэлтээр, төлбөр төлөх баталгаа болгон өөрийн өмчлөлийн 02-52 УНВ улсын дугаартай Субару Форестер маркийн суудлын автомашиныг манай байгууллагын хашаанд тавиулсан байгаа болно. Үүний дараа 2015 оны 10 сард Б. Амаржаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бат-Эрдэнэтэй уулзан, газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлж тосны ургамал болох Paпс тариалсан, энэ жилийн газар тариалангийн үйл ажиллагаа тааруу байсан тухай учирлан, гэрээний үнийн дүнг бууруулж 10 600 000 төгрөг болгон бууруулж өгөх талаар болон ургацаа борлуулж дуусахаар буюу 2015 оны 11 дүгээр сарын 30-ний өдрөөс өмнө нийт төлбөрийг барагдуулахаар бичгээр хүсэлт гаргаж, 2015 оны 11 дүгээр сарын 30-ний өдрөөс өмнө төлбөрийг барагдуулаагүй нөхцөлд өөрийн эзэмшлийн 02-52 УНВ улсын дугаартай Субару Форестер маркийн автомашины эзэмших эрхийг шилжүүлж өгнө гэдгээ баталгаажуулсан. Гэрээний 3-р зүйлийн 3.4 заалтаар үнийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүнгээр хоног тутам 0,5 хувийн алданги тооцохоор заасан. Гэрээний үнийн дүн болох 12 600 000 төгрөг, гүйцэтгээгүй үнийн дүнгийн алданги болох 6 300 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд 2 000 000 төгрөг, нийт 20 900 000 төгрөгийг гаргаж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч А.Гантулгын сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарт: 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №015 Тоног төхөөрөмж худалдах худалдан авах гэрээгээр хариуцагч Б.Амаржаргал нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчид шилжүүлэх, мөн худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбоотой үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүргээ зөрчиж нэхэмжлэгч надад ноцтой хохирол учруулсан, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.2, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Амаржаргалаас Субару Форестер маркийн УНВ 0252 улсын дугаартай автомашиныг гаргуулж, нэхэмжлэгч А.Гантулгад олгож, нэхэмжлэгч А.Гантулгаас 12 600 000 төгрөг гаргуулж, хариуцагч Б.Амаржаргалд олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн /15 дугаар худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний зүйлийг буцаан өгөх, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх алданги 6 300 000 төгрөг, хууль зүйн туслалцааны зардал 2 000 000 төгрөг, нийт 8 300 000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч А.Гантулгын давж заалдах гомдолд: 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Б.Амаржаргалтай харилцан тохиролцож Иргэний хуулийн 243 дугаар зүйлийг үндэслэж Тоног төхөөрөмж худалдах,худалдан авах гэрээ-г байгуулсан. Гэрээгээр худалдагч Б.Амаржаргал нь эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй эд хөрөнгө хагалагч, хавагч, борной гэсэн хөдөө аж ахуй, газар тариалангийн зориулалттай тоног төхөөрөмжүүдийг худалдан авагч талд шилжүүлэх, харин худалдан авагч талын зүгээс хэлэлцэн тохиролцож, үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Мөн АНУ-д үйлдвэрлэсэн /гарал үүслийн гэрчилгээ өгөөгүй/ 9 нэр төрлийн 29 ширхэг "New holland" маркийн тракторын 3 600 000 төгрөгөөр худалдаж авахаар болж гэрээнд хавсралт оруулсан. Гэвч Б.Амаржаргал нь үндсэн үүргээ үл биелүүлж чанарын шаардлага хангахгүй тоног төхөөрөмжүүдийг зориуд нуун дарагдуулах замаар худалдаж, хохироосон болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд: Б.Амаржаргал нь надад шилжүүлсэн тоног төхөөрөмжүүдийг эд ангийн хувьд бүрэн биш, ашиглагдах боломжгүй тоног төхөөрөмжүүд гэдгийг мэдэж байсан ч үүнийгээ надад мэдэгдүүлэхгүйн тулд уг хагалагч, хавагч, борной зэргийг зориуд эд анги бүрээр салгаж, шалгаж авах боломжийг бидэнд санаатайгаар олгоогүй, эд зүйлийг шилжүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас тодорхой харагддаг юм. Эдгээрийг шүүгч хэргийг хянан шийдвэрлэхдээ анхаарч үзээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн. Б.Амаржаргалаас авсан тоног төхөөрөмжүүдийг үнэхээр ердийн боломжит байдлаар ашиглаж болох эсэхийг мэдэхээр мэргэжлийн байгууллага болох Хөдөө Аж Ахуйн техник технологийн хүрээлэнд хүсэлт тавьж хариуцагчаас авсан тоног төхөөрөмжүүдийг тус байгууллагын мэргэжилтнүүдэд хүлээлгэн өгч дүгнэлт гаргуулахад Б.Амаржаргалын надад шилжүүлсэн техникүүд нь ашиглалтын ямар ч шаардлага хангахгүй хөдөө аж ахуйн техник технологиудын тооноос хасагдсан хэт хуучин тоног төхөөрөмжүүд болох нь тогтоогдсон. Шүүх хуралдааны явцад хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын зүгээс нэхэмжлэгч талын зүгээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг няцаасан нотлох баримт гаргаж өгөөгүй. Гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон татгалзлал, хариу тайлбаруудаа хуулиар заасан нотлох баримтын шаардлага хангасан баримтуудаар нотолж чадаагүй. Бидний зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хуульд заасан үүргийнхээ дагуу өөрсдийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг нотолсон холбогдох бүх нотлох баримтуудыг гаргаж өгсөөр байхад шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгч талын гаргасан нотлох баримтуудыг үнэлэлгүйгээр хэт нэг талыг барьж хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэнд нь маш их гомдолтой байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгч миний гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул залруулан өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч А.Гантулга нь хариуцагч Б.Амаржаргалд холбогдуулан худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний зүйлийг буцаан өгөх, төлбөрийн баталгаа болгосон Субару Форестер маркийн автомашиныг гаргуулахыг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний үнийн дүн болох 12 600 000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн алданги 6 300 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд 2 000 000 төгрөг, нийт 20 900 000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Зохигчдын хооронд 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр №015 дугаартай тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж гэрээний гол нөхцөл болох хагалагч, хавагч, борной гэсэн тоног төхөөрөмж, тракторын сэлбэгүүдийг нийт 12 600 000 төгрөгөөр үнийг тохирч, Субару Форестер маркийн машиныг төлбөр төлөх баталгаа болгосон, эд хөрөнгийг худалдан авагч хүлээн авсан болох нь тоног төхөөрөмж худалдах худалдан авах гэрээ, эд хөрөнгийг хүлээлцсэн баримт, талуудын тайлбар зэргээр тогтоогдсон байна./хх-5-8/ Иймд зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Харин гэрээний зүйл болох хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг зохих ёсоор мэргэжлийн хүмүүс угсарч, зориулалтын талбайд бүрэн ажиллагаатай эсэхийг шалгах боломжтой, онцлогтой байхад дээрх эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүрэг буюу Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-т заасныг хэрэгжүүлээгүй гэж худалдан авагчийг буруутгасан нь учир дутагдалтай болжээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Хөдөө аж ахуйн техник, технологийн хүрээлэн буюу мэргэжлийн байгууллага, хүмүүсийн дүгнэлт, дүгнэлт гаргасан мэргэжилтэн Б.Лхагвадорж, тоног төхөөрөмжийг угсрах үед байлцсан гэх С.Энх-Амар нарыг асуусан гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар худалдах худалдан авах гэрээний зарим эд хөрөнгө болох хагалагч, хавагч, борной буюу анжис сийрийлүүр, шүдэт борной гэсэн тоног төхөөрөмж нь ашиглах боломжгүй, шаардлага хангаагүй, доголдолтой эд хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй. /хх-10, 65-66, 86-88/ Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дах хэсэгт зааснаар тухайн эд хөрөнгө нь гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжгүй нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон болно.

Ийм учраас нэхэмжлэгч Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцлах шаардлага гаргах эрхтэй. Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.2 дах хэсэгт Хэд хэдэн эд хөрөнгийг худалдсан тохиолдолд тэдгээрийн зарим хэсэг нь доголдолтой бол гэрээг зөвхөн доголдолтой хэсгээр нь... цуцалж болно гэжээ. Талууд худалдах худалдан авах гэрээгээр тоног төхөөрөмжөөс гадна тракторын сэлбэгийг 3 600 000 төгрөгөөр тохирч, уг сэлбэгийг хүлээн авсан гэж гарын үсэг зурсан. Тракторын сэлбэг доголдолтой болох талаар нотолсон баримт хэрэгт байхгүй тул худалдан авагч тракторын сэлбэгийг шилжүүлэн өгсөн тэр хэсгээр гэрээг цуцлахыг шаардах эрхгүй болно. Тракторын сэлбэгийн үнэ болох 3 600 000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагчид Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар төлөх үүрэгтэй.

Харин ашиглах боломжгүй, доголдолтой анжис, сийрийлүүр, шүдэт борной гэсэн тоног төхөөрөмжийн хувьд гэрээг цуцалж эдгээр тоног төхөөрөмжийг хариуцагчид буцаан шилжүүлж, гэрээг энэ хэсгээр цуцлах шаардлагыг хангах нь зүйтэй байна.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 3 600 000 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Худалдах худалдан авах гэрээний зүйлтэй холбоотой маргаан үүссэн, шилжүүлэн өгсөн эд хөрөнгө доголдолтой байсан зэрэг нөхцөл байдлын улмаас худалдагч алданги шаардах эрхгүй, хууль зүйн туслалцааны зардлыг зайлшгүй учрах хохирол байсан гэж үзэхгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

Нэхэмжлэгчийн хариуцагчид шилжүүлсэн Субару Форестер маркийн автомашиныг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэхдээ барьцааны гэрээ байгуулаагүй учраас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т заасныг үндэслэсэн нь хуулийн зохих зүйл, заалтыг оновчтой хэрэглээгүй гэж үзэхээр байна. Учир нь нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн тодорхой автомашиныг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байгаа тохиолдолд бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардах эрхийн үндэслэлд хамаарах Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг баримтлах нь зөв юм.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон, шүүхийн шийдвэрийг гардан авах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй байх бөгөөд давж заалдах гомдолтой танилцах талаар болон шүүх хуралдааны товыг зохих ёсоор мэдэгдсэн болно.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.    Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр

сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/02869 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар Б.Амаржаргалаас 02-52 УНВ улсын дугаартай Субару Форестер маркийн автомашиныг гаргуулж А.Гантулгад олгож, А.Гантулгаас 3 600 000 төгрөгийг, худалдах худалдан авах гэрээний зарим зүйл болох тоног төхөөрөмж буюу хагалагч, хавагч, борнойг гаргуулж Б.Амаржаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас тракторын сэлбэгийг буцаан өгөх, түүнтэй холбоотой гэрээний хэсгээс татгалзах шаардлагыг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 17 300 000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дах заалтын 286 750 гэснийг 72 550 гэж, хариуцагчид гэсний дараах 216 550 гэснийг 72 550 гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216 600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Б.НАРМАНДАХ