Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 130/ШШ2020/00119

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 6 дугаар багт оршин суух, Рын Гын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Сум дундын ойн анги /дарга С.Е/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н, хариуцагч Б аймгийн Сум дундын ойн ангийн дарга С.Е, хариуцагчийн өмгөөлөгч К.З, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Сум дундын ойн ангийн даргын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/18 дугаартай Нягтлан бодогч Р.Гийг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Б аймгийн Сум дундын ойн ангийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэгч Р.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Рын Г миний бие Б аймгийн Ө сумын 6 дугаар багт 1 хүүхдийн хамт оршин суудаг өрх толгойлсон ганц бие эмэгтэй хүн юм. 2011 онд Монголын Үндэсний дээд сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн юм. 2011 оноос эхлэн Шинжлэх ухааны академийн Б аймаг дахь салбарт туслах ажилтнаар анх ажиллаж эхэлсэн. 2012 оны 01 дүгээр сараас Ө сумын 1 дүгээр бага сургуульд нягтлан бодогчоор хүний оронд түр ажиллаж байгаад 2012 оны 6 дугаар сараас Көк-жал ХХК-д нягтлан бодогчоор 2014 оны 12 дугаар сар хүртэл ажилласан юм. 2015 оноос 2017 он хүртэл хүүхэдтэй болсон ба хүүхдээ харах хүнгүй байсны улмаас ажил хийгээгүй. 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн Б аймгийн Сум дундын ойн ангийн нягтлан бодогчийн ажилд орж өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Мөн нэг ч удаа сахилгын шийтгэл хүлээгээгүй. Байгууллагын дарга надад шүүхэд хандаж гомдол гаргасан гэж өс санадаг, мөн даргын идэж уусан зүйлийн талаар аудитын газарт мэдээлсэн гэж ялгаварлан гадуурхдаг байсан юм. 2019 оны эхэнд намайг түр ажилд томилж тушаал гаргасныг эс зөвшөөрч шүүхэд хандаж байсан ба шүүхийн шатандаа эвлэрч шүүхээ магадлал гарч байнгын ажилд томилуулан ажиллуулахаар болж байсан юм, Гэтэл дарга С.Е нь шүүхийн шийдвэрийг өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй байж байгаад надад сануулах сахилгын шийтгэл ногдуулсан юм. Би үүнийг эс зөвшөөрч дахин шүүхэд гомдол гаргаж сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулж, даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгосон юм. Ингэж ажиллаж явж байхад намайг ажил тасалсан гэж худал гүтгэж дахин ажлаас халах сахилгын шийтгэл хүлээлгэсэнд гомдолтой байна. Намайг 40 хувиар цалинжуулдаг мөртлөө намайг 8 цагаар бүтэн ажиллуулдаг. Ажил таслаагүй мөртлөө ажил тасалсан гэж үзээд арга хэмжээ авдаг явдалд маш их гомдолтой байна. Иймд Б аймгийн сум дундын ойн ангийн даргын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/18 дугаар тушаалыг хүчингүй болгож, Урьд эрхэлж байсан Б аймгийн сум дундын ойн ангийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Р.Г шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би Ө сумын 6 дугаар багт нэг хүүхдийн хамт оршин суудаг, ганц бие өрх толгойлсон эх хүн. 2011 оноос эхлэн Шинжлэх ухааны академийн Б аймаг дахь салбарт туслах ажилтнаар анх ажиллаж эхэлсэн. 2012 оны 01 дүгээр сараас Ө сумын 1 дүгээр бага сургуульд нягтлан бодогчоор түр ажиллаж байгаад 2012 оны 6 дугаар сараас К ХХК-д нягтлан бодогчоор 2014 оны 12 дугаар сар хүртэл ажилласан. 2015-2017 онд хүүхэдтэй болоод хүүхдээ харах хүнгүй болохоор ажил хийгээгүй. 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн Сум дундын ойн ангийн нягтлан бодогчоор ажилд орж өнөөдрийг хүртэл ажиллаж ирсэн байгаа. Ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил гараагүй нэг ч удаа сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Байгууллагын дарга 2019 оны эхэнд намайг түр ажилд томилж тушаал гаргасныг эс зөвшөөрч шүүхэд хандаж байсан ба шүүхийн шатанд эвлэрч шүүхийн магадлал гарч байнгын ажилд томилон ажиллуулахаар болж байсан юм. Гэвч дарга С.Е шүүхийн шийдвэрийг өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй байж байгаад надад сануулах сахилгын шийтгэл оногдуулсан юм. Би үүнийг эс зөвшөөрч дахин шүүхэд гомдол гаргаж сахилгын шийтгэлийг нь хүчингүй болгуулж, даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгосон юм. Ингэж ажиллаж явж байгаад намайг ажил тасалсан гэж худал гүтгэж дахин ажлаас халах шийтгэл хүлээлгэсэнд гомдолтой байна. Намайг 40 хувиар цалинжуулдаг 8 цагаар ажиллуулдаг, ажил таслаагүй мөөртлөө ажил тасалсан гэж үзэж арга хэмжээ авдаг явдалд маш их гомдолтой байна. Иймд Сум дундын ойн ангийн дарга С.Еын 2019 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн Б/18 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б аймгийн Сум дундын ойн ангийн дарга С.Е шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Р.Г нь анх 2017 оны 06 дугаар сарын 06-нд өргөдөл ирүүлсэн. Р. Гд нягтлан бодогчид олгох цалин, ажлын үргэлжлэх хугацаа зэргийг нэг бүрчлэн танилцуулахад ажилд орвол болно гэж баярлан талархаж хүлээн зөвшөөрсөн болно. Тэгээд Р. Гийн ирүүлсэн өргөдлийн дагуу судлан амьдрал байдлыг нь харгалзан үзэж байгууллагын даргын 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/15 тоот тушаалаар түр томилон, №09 Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж эхэлсэн. Энэхүү Хөдөлмөрийн гэрээнд Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 255 дугаар тогтоолын дагуу /Ойн талбайн норматив, байршил батлах тухай/ ажлын өдрийн үргэлжлэх хугацаа 8 цаг, төрийн үйлчилгээний ТҮ-8-ийн 40 хувиар цалинжуулахаар бид харилцан тохиролцож байгуулсан болно. Дараа нь 2017 оны 9 дүгээр сарын 11-нд байгууллагын даргын Б/18 тоот тушаалаар хугацаагүйгээр бүр тушаал гарган ажиллуулсан. Гэтэл 2019 оны төсөв орон тоог батлахдаа Сангийн яамнаас төсвийг 50 хувиар багасгасан байна. Ингээд аймгийн удирдлагуудын өгсөн чиглэлийн дагуу 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс нягтлан бодогч тэргүүтэй 4 хүнийг ажлаас чөлөөлсөн боловч жилийн эцсийн санхүүгийн баталгаажуулалт хийх, тайлан, мэдээ зэрэг ажлын шаардлагаар 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгууллагын даргын Б/16 тоот тушаалаар урьд нь эрхэлж байсан ажилд нь түр хугацаагаар эгүүлэн томилсон. Энэхүү ажилд түр тушаалаар томилж Хөдөлмөрийн гэрээнд бид харилцан тохиролцож өдрийн ажлын үргэлжлэх хугацааг урьдын адил 8 цаг, ТҮ-8-ийн 40 хувиар цалинжуулахаар тодорхой оруулж өгч гарын үсэг зуралцаж баталгаажуулсан болно. Манай байгууллага анх 2013 онд байгуулагдсанаас хойш ня-бо-ийн ажил хийж байсан хүмүүс 8 цагаар ажиллаад 40 хувийн цалинтай ажиллаад болоод байсан. Гэвч Р.Г нь анх ажилд орохдоо өөрөө хүлээн зөвшөөрч орчиход ажилд жинхлэгдэсний дараа янз бүрийн асуудал гаргадаг боллоо. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитын газарт ажилладаг санхүүгийн хяналт шалгалтын байцаагчаар ажилладаг төрсөн эгч нь Р.Тамарагаар түрий барьж байгууллагын хөрөнгө мөнгийг идсэн гэж худлаа гүтгэж олон удаа мэдээлэл өгч шалгуулсан боловч ямар ч зүйл нотлогдоогүй бөгөөд өөрийн хийсэн ажлыг өөрөө үгүйсгэж байгаа юм. Харин намайг шалгуулсан нэрийдлээр өөрийн хувьдаа ашигласан 2 сая гаруй бэлэн мөнгө болон зөвшөөрөлгүйгээр ашигласан бензин шатахууныг хаалгасан байна. Ийм үйлдлээс гадна ажлын цагийг баримталдаггүй дуртай цагтаа ирж, дуртай цагтаа явдаг болсон. Сүүлийн 3 сард дараалан сар бүр 20-оос доошгүй ажил тасалсан нь цаг бүртгэгчийн бүртгэлээр нотлогдож байна. Хамгийн сүүлийн 2019 оны 10-р сарын 01-ээс мөн сарын 24-ний хүртэл 22 цагийн ажлыг ямар ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан байна. Энэ нь ноцтой зөрчилд тооцогдоно. Манай байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 6.2.2-д ажилтан ажлын цагаас 30 минутаас дээш хоцорсон, явсан тохиолдол бүрийг нэмж нэгтгэн 6 цагаас дээш бол ажлын нэг өдөр тасалсан гэж үзэж ажил тасалсан хоногтой нэгтгэн ажилласан хоногоос хасаж тооцно. Ажилтан эмчлүүлсэн, өвчтөн асарсан зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны нотлох баримтыг цагийн тодорхойлолтын хуудсанд хавсаргана. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш өдөр ажил тасалсан, эсвэл ажлаас хожимдсон цагийг нэгтгэн үзэхэд сард ажлын өдөр болбол Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.1 -д зааснаар ажлаас халах арга хэмжээ авна гэж тодорхой заасан. Р.Гтай байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр харилцан тохиролцож байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 2, 3-д сахилгын ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах тохиолдол Хөдөлмөрийн тухай хуулийн 37, 40 дүгээр зүйл болон Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн тохиолдолд шууд цуцлахаар заасан. Мөн гэрээний 5.2-д энэхүү гэрээний 2.3-т заасан зөрчил гаргасан ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ захиргаа Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу цуцална гэж тус тус заасан болно. Р. Г нь Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зөвхөн 2019 оны 10-р сарын 01-нээс мөн сарын 24 хүртэл 22 цаг ажил тасалсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, байгууллагын дотоод журмын 6.2.2, Хөдөлмөрийн гэрээний 2.3, 5.2 дугаар заалтуудыг тус тус үндэслэн байгууллагын даргын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/18 тушаалаар ноцтой зөрчилд тооцон ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан болно. Үүнээс гадна 2019 оны 8 дугаар сард 28 цаг, 9 дүгээр сард 20 цаг тус тус тасалж байсан. Уг 3 сарын цагийн бүртгэлийг хавсаргасан болно. Р.Г урьд нь зөрчил гаргаагүй биш гаргаж байсан. Р.Г нь байгууллагын удирдлага болон ажилтнуудтай ёс зүйгүй харьцахаас гадна удирдлагын зүгээс өгсөн аливаа үүрэг даалгаврыг биелүүлэхгүй буюу үндэслэлгүй татгалзах, хамт олны хурал хийж байх үед хэрүүл маргаан үүсгэж, улмаар хурлыг хаяж явдаг, ашиглаж байгаа байгууллагын эд хөрөнгө болох notebook компьютерыг хүртэл шидэж зохисгүй үйлдэл гарган орилж, бусдыг хэл амаар доромжлох зэрэг зүй бус үйлдлүүдийг удаа дараа гаргасан тул сануулах сахилгын шийтгэлийг байгууллагын даргын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/16 тоот тушаалаар ногдуулж байсан. Р.Гын үйлдсэн сахилгын зөрчил нь хавтаст хэрэгт авагдсан тус байгууллагын нярав С.Гүлбану, мэргэжилтэн М.Нурсултан нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтоор тогтоогдож байна. Үүнээс гадна Б аймгийн төрийн аудитын газрын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Дугаар 01/77 БӨА-2019/95/СТА-ТШ тоот албан шаардлагаар Санхүүгийн бүртгэл тооцоог зохих журмаар хийгээгүй, төсвийн хууль, тогтоомж зөрчиж төсвийн зарцуулалтад бүртгэлээр тавих хяналтыг хэрэгжүүлээгүй, хариуцсан албан үүргээ хангалтгүй биелүүлсэн Сум дундын ойн ангийн нягтлан бодогч Р.Гт сахилгын шийтгэл ногдуулж биелэлтийг аймаг дахь Төрийн аудитын газарт 2019 оны 05-р сарын 10-ны дотор ирүүлэхийг Сум дундын ойн ангийн дарга С.Еад даалгав гэж ирүүлсэн. Миний бие Р.Гд арга хэмжээ аваагүй шалтгаан маань Төрийн аудитын газар манай байгууллагын 2018 оны санхүүгийн баталгаажуулалт хийхдээ Төрийн аудитын хууль болон аудит хийх журмыг ноцтой зөрчиж шалгасан тул маргаан гарч шүүх хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэхээр явж байгаа тул сахилгын шийтгэл ногдуулаагүй хүлээгдэж байна. Нягтлан бодогч байсан Р.Гийн буруугаас албан үүргээ хангалтгүй биелүүлсэн нь үнэн болно. Ер нь энэ ажилд тэнцэхгүй байгаа нь нотлогдож байна. Р.Г нь ажлаас чөлөөлөгдсөний дараа ажлаа хүлээлгэж өгдөггүй зугтаж 3 хоногийн дараа хүлээлгэн өгөхдөө өөрийн ашиглаж байсан компьютерт байгаа 2013 онд байгуулагдсанаас хойших бүх мэдээ тайлан, төсөл арга хэмжээнүүдийн бүгдийг устгаад явсан байна. Р.Гаас өмнө 4 жил нягтлан бодогч хийж байсан Т.Тимур 4 жилд хийсэн бүх санхүүгийн баримт болон компьютерт байсан тайлан мэдээ, бусад зүйлүүдийг Р.Гд нэг бүрчлэн хүлээлгэн өгсөн болно. Харин Р.Г нь компьютерт байгаа бүх зүйлүүдийг устгаад явсан. Ийм ухамсаргүй, хариуцлагагүй хүн байна гэдгийг өөрөө нотолж байна. Иймд гомдол гаргагч Р.Гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б аймгийн Сум дундын ойн ангийн дарга С.Е шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Р.Г анх ажилд томилогдоход харилцан тохиролцож өдрийн ажлын үргэлжлэх хугацааг 8 цаг, цалинг нь Засгийн газрын тогтоолын дагуу 40 хувиар олгохоор шийдсэн байгаа. Р.Г анх өргөдлөө өгөхдөө энэ талаар танилцуулахад хүлээн зөвшөөрсөн байдаг. Тухайн үед зөвшөөрсний дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа ямар нэгэн асуудал тавиагүй өөрөө 8 цагаар, 40 хувиар цалинг тооцно гэдгийг зөвшөөрч байсан. Тухайн үед анх орохдоо 2017 онд 40 хувиар цалинжуулж байсан ба дараа нь 2018 онд манай байгууллагын төсөв нэмэгдсэнээр би энэ хүний амьдралыг бодолцон үзэж дотоод ажил хариуцуулан 100 хувиар цалинжуулж ирсэн. 2019 онд төсөв маань дахин хасагдахад Засгийн газрын 255 дугаар тогтоолын дагуу 40 хувиар олгосон. Г тайлбартаа надад өс хонзон санасан, шүүхэд өгсөн, аудитын газарт өгсөн гэж хэлсэн байна. Нэгэнт л төсөв хүрэлцэхгүй байгаа болохоор Засгийн газрын тогтоолын дагуу 40 хувиар олгож байсан. Г намайг Дотоод аудит, Төрийн аудит, Мэргэжлийн хяналтын газруудад 5 удаа гомдол гаргасан боловч үүнээс ямар ч үр дүн гараагүй. Гэхдээ өөрөө идсэн зарим бэлэн мөнгийг ашигласан асуудлыг хаалгахаар хийлгэсэн байгаа юм байна. Дотоод аудитад Гын төрсөн эгч нь ажилладаг ба тэр хүнээр түрүү барьж намайг олон удаа шалгуулсан байна. Мөн өглөө ажилдаа цагтаа ирэхээ больсон, бас ажлын цаг нь дуусахаас өмнө эрт тардаг ерөөсөө дураараа байсан. Өөртэй нь байгуулсан гэрээ болон байгууллагын дотоод журамд тодорхой заагаад өгсөн бөгөөд ажилд ирэхдээ болон гарахдаа бүртгүүлэх ёстой. Үүний дагуу манай бичиг хэргийн ажилтан цагийн бүртгэл хөтөлдөг ба тэр бүртгэлээс зөвхөн сүүлийн 3 сарын бүртгэлийг харахад маш их ажил таслалттай байгаа нь харагдаж байна. Жишээ нь 8 дугаар сард 3, 5 өдөр тасалсан, 9 сард 2, 3 өдрийн ажил тасалсан, 10 сард гэхэд 2, 6 өдрийн ажлаа бол тасалсан байна. Манай дотоод журамд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нийт тасалсан цагаа нийлүүлэхэд 6 цаг тасалбал 1 өдрийн ажил тасалсан гэж тооцдог ба Ийм учраас Гыг ажлаас халах үндэслэл болсон. Энэ хүн төрийн албанд ажиллахад зохихгүй юм байна, төрийн алба нь дураараа доргиж, дуртай цагтаа ирж дургүй цагтаа яваад өгдөг алба биш. Гыг харж үзсээр 2 жил боллоо, хамгийн сүүлд болохгүй болохоор ажлаас халсан. Манай ажилтнууд бүгд мэдэж байгаа. Хамгийн сүүлд ажлаас халагдаад ажлаа хүлээлгэж өгөх үед компьютерт байгаа бүх санхүүгийн баримтуудыг устгасан байна. Би аймгийн Ерөнхий прокурортой зөвлөлдөөд Цагдаагийн газарт хүсэлт гаргасан, одоогоор шийдэгдээгүй байгаа. Төрийн аудитын санхүүгийн баталгаажуулалт хийлгэхэд хангалтгүй дүн авч тус байгууллагаас Гаас сахилгын шийтгэл авна уу хэмээн надад албан даалгавар ирж байсан. Гэвч би тухайн үед энэ хүний ажил нь сайжрах байх гэж бодоод шийтгэл оногдуулаагүй байдаг. Харин өөрөө бол ямар ч зөрчил гаргаагүй гэж хэлээд сууж байна. Мөн Гаас авагдсан сахилгын шийтгэлийг шүүхээр хүчингүй болгосон байдаг. Үүний учир нь би хугацаа хэтрээд сахилгын шийтгэл авсан байсан байна. Би тухайн үед давж заалдахгүйгээр орхисон. Сүүлийн үед ялангуяа сүүлийн 3 сард дараалан олон цагаар ажил тасалсан учир үүнийг үндэслэл болгоод ажлаас халсан байгаа юм гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд К.С шүүхэд гаргасан хүсэлтэд: Ө сумын 4-р багт оршин суух И овогт Кийн С миний бие Б аймгийн сум дундын ойн ангийн даргын 2019 оны 11-р сарын 18-ны өдрийн "Ажилд томилох тухай Б/19 тоот тушаалаар 2019 оны 11-р сарын 18-наас эхлэн Б аймгийн сум дундын ойн ангийн нягтлан бодогчоор томилогдсон бөгөөд ажил олгогчтой 2019 оны 11-р сарын 18-ны өдрийн 06 дугаартай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу Б аймгийн сум дундын ойн ангийн нягтлан бодогчийн ажилд томилогдон ажиллаж байна. Гэтэл Р.Г нь Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан "Б аймгийн сум дундын ойн ангийн нягтлан бодогчийн албан тушаалд эргүүлэн тогтоолгох тухай гомдол иргэний шүүх хуралдаан хуралдаан зарласны дараа олж мэдлээ.Нэхэмжлэгч Р.Гын "ажилд эргүүлэн тогтоолгох" гомдлыг хянан шийдвэрлэхэд тухайн албан тушаалын орон тоонд ажиллаж байгаа К.С миний хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29-р зүйлийн 29.3-д заасныг үндэслэн шүүхээс хүсэх нь:

 

1. Р.Гын гаргасан Б аймгийн сум дундын ойн ангийн нягтлан бодогчийн ажилд эргүүлэн тогтоох тухай сум дундын ойн ангийн даргад холбогдох иргэний хэрэгт К.С намайг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулж өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Е шүүх хуралдаанд тайлбарлахдаа: К.С бол Б аймгийн Сум дундын Ойн ангийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн тушаалаар нягтлан бодогчоор томилогдсон. Одоогоор Засгийн газрын тогтоолын дагуу өөрөө хүлээн зөвшөөрөөд хөдөлмөрийн гэрээ байгуулаад 40 хувийн цалингаа аваад, 8 цагаар ажлаа хийж явж байгаа. Энэ ажилд томилогдсоноос хойш ямар нэгэн алдаа, дутагдал гаргаагүй байгаа. Ажил олгогч бол Гыг ажлаас чөлөөлөхдөө сахилгын шийтгэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3-ыг баримтлаад ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан байгаа. Үүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, 41.4 гэх мэт заалтуудыг баримталсан байна. Мөн байгууллагын дотоод журмын 6.2.2, хөдөлмөрийн гэрээний 2.3, 5.2 заалтуудыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. Ноцтой зөрчил гэдгийг Улсын дээд шүүхийн тогтоолд дурдсан байдаг. Үүнд гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой зөрчил гэдгийг харилцан тохиролцож тогтоож, зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд заасан байна гэж тодорхой заасан байдаг. Г нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан байна гэж миний хувьд үзэж байна. Учир нь тушаалд баримталсан хөдөлмөрийн гэрээний 2.3-т заасан сахилгын ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах тохиолдолд хөдөлмөрийн тухай хуулийн 37, 40 дүгээр зүйл болон хөдөлмөрийн дотоод журмын зөрчсөн тохиолдолд ноцтой зөрчилд тооцно гэсэн байна. Хөдөлмөрийн гэрээний 2.3-т заасан зөрчил гаргасан ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ захиргаа Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу цуцална гэж тодорхой заасан байна. Энэ хөдөлмөрийн гэрээнд цаг ашиглалтын улмаас гаргасан зөрчилд ямар арга хэмжээ авах, ямар зөрчилд тооцогдохыг зохицуулаад өгчихсөн байна. Энд зааснаар бол ажилтны ажлыг цагаас 30 минутаас дээш тасалсан эсвэл 30 минутын өмнө явсан тохиолдол бүрийг нэмж нэгтгэн 6 цагаас дээш бол 1 ажлын өдөрт тооцохоор тодорхойлсон байна. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш өдөр ажил тасалсан эсвэл ажлаас хожимдсон цагийг нэмж нэгтгэхэд 2-оос дээш өдөр болбол Хөдөлмөрийн тухай хуулийн 31.1.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалж тухайн ажилтныг ажлаас чөлөөлөх гэж зохицуулаад өгсөн байна. Нэхэмжлэгчийн тайлбараар бол би ямар нэг байдлаар ажил таслаагүй гэж яриад байгаа. Энд байгууллагын цагийн бүртгэлийн баримт байна. Үүнийг сар болгон нэгтгээд тооцоолол хийсэн байна. Тус бүртгэлийг дангаараа ажил олгогч дарга нь хөтөлдөггүй үүнийг бичиг хэргийн эрхлэгч, нярав Гүлбану гэх хүн хөтөлдөг юм байна. Хөдөлшгүй нотлох баримт нь цагийн тооцоо байгаа тохиолдолд би ажлаа таслаагүй гэж тайлбар тавьж байгаа нь зүйд нийцэхгүй юмаа. Хөдөлмөрийн гэрээг талууд байгуулахдаа бүх нөхцөлтэй тохироод гэрээг байгуулдаг. Энд ямар нэг байдлаар Г хөдөлмөрийн гэрээг байгуулах үед гадны хүчин зүйлд автаагүй, өөрөө сайн дураараа гарын үзэг зурсан. Миний ойлгосноор би 40 хувийн цалингаар цалинждаг, тэгсэн мөртлөө намайг 8 цагаар ажиллуулдаг тиймээс өөрийнхөө ажил тасалдаг байдлаа хүлээн зөвшөөрөөд 40 хувийн цалин авдаг учраас ажлаа тасалдаг гэсэн дүр төрх харагдаж байна. Иймээс Б аймгийн Сум дундын ойн ангийн даргын Гт сахилгын шийтгэл оногдуулж ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцэж байна. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Р.Г нь Б аймгийн Сум дундын ойн ангийн даргын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/18 дугаартай Нягтлан бодогч Р.Гийг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Б аймгийн Сум дундын ойн ангийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.

 

Нэхэмжлэгч Р.Г нь ажил олгогч Б аймгийн Сум дундын ойн ангийн даргын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/18 дугаартай Нягтлан бодогч Р.Гийг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасныг хариуцагч Б аймгийн Сум дундын ойн анги эс зөвшөөрч, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/18 дугаартай Р.Гийг ажлаас чөлөөлөх тухай тушаал үндэслэлтэй гарсан гэж зохигчид маргасан байна.

 

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Б аймгийн Сум дундын ойн ангийн даргын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/18 дугаартай Нягтлан бодогч Р.Гийг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 6.2.2, Хөдөлмөрийн гэрээний 2.3, 5.2 дугаар заалтуудыг тус тус үндэслэн тус байгууллагын нягтлан бодогч Р.Г нь 2019 оны 10 дугаар сарын 01-ээс 2019 оны 10 дугаар сарын 24-ний хүртэл нийт 22 цагийн ажлыг хүндэтгэн үзэх шалтгаангүй тасалсан, ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон тул 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заажээ.

 

Сахилгын шийтгэлийг тухайн албан хаагчийг харьяалсан нэгжийн удирдлагын саналыг үндэслэн түүнийг ажилд томилсон албан тушаалтны шийдвэрээр ногдуулна гэснийг үндэслэн Б аймгийн Сум дундын ойн ангийн дарга буюу ажил олгогч ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байна.

 

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан ажил олгогч ажилтан Р.Гтай 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр харилцан тохиролцож байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж болох тохиолдлуудыг нэг бүрчлэн тусгасан байна.

 

Мөн 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдөр баталсан Б аймгийн Сум дундын Ойн ангийн дотоод журмын 6.2.2-т ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш өдөр ажил тасалсан, эсвэл хожимдсон цагийг нэгтгэн үзэхэд сард ажлын өдөр болвол Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3-д зааснаар ажлаас халах арга хэмжээ авна гэж ажилтан зөрчил гаргавал гэрээг цуцлахаар тусгажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-т заасан сахилгын шийтгэл нь ажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон байх бөгөөд шийтгэлийг заавал шат дараалан оногдуулсан байхыг шаардахгүй гэжээ.

 

Нэхэмжлэгч Р.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... намайг 40 хувиар цалинжуулдаг мөртлөө 8 цаг бүтэн ажиллуулдаг, ажил таслаагүй мөртлөө ажил тасалсан гэж арга хэмжээ авсан явдалд маш их гомдолтой байна гэх боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага ба түүний үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа гаргаж нотолж чадаагүй болно.

 

Ажил олгогч ажилтан Р.Гтай харилцан тохиролцож түр хугацаагаар байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний 2.3-т сахилгын ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах тохиолдол хөдөлмөрийн тухай хуулийн 37, 40-р зүйл болон хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн тохиолдолд, мөн гэрээний 5.2-т энэхүү гэрээний 1.9 болон 2.3-т заасан зөрчил гаргасан ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ захиргаа Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу цуцална гэж тус тус хөдөлмөрийн гэрээнд заасан байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6, 21.7-т тус тус зааснаар талууд гэрээндээ гол нөхцөлөөс гадна бусад нөхцөлийг тохирч, хөдөлмөрийн гэрээний талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болсон байна.

 

Дээрх хавтаст хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээнээс харахад гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг талууд харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээнд заасан байна гэж үзлээ.

 

2013 оны 05 дугаар сарын 10-ны өдөр баталсан Б аймгийн Сум дундын Ойн ангийн дотоод журмын 6.2.2-т ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш өдөр ажил тасалсан, эсвэл хожимдсон цагийг нэгтгэн үзэхэд сард ажлын өдөр болвол Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3-д зааснаар ажлаас халах арга хэмжээ авна гэснийг ажилтан Р.Г зөрчсөн нь хавтаст хэрэгт авагдсан цагийн бүртгэл болон цагийн бүртгэлийн тооцоогоор нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч Р.Г нь ... цагийн бүртгэл буюу цагийн бүртгэлийн тооцоог буруу бүртгэсэн, би ажил таслаагүй гэж зөвшөөрөхгүй байгаа боловч энэхүү баримтыг үгүйсгэсэн нотлох баримтаа гаргаж өгөөгүй учир энэхүү цагийн бүртгэл болон цагийн бүртгэлийн тооцоог үндэслэлгүй гэж үзэх боломжгүй байна.

 

Аж ахуйн нэгж, байгууллагын ажилчин албан хаагчдын ажлын цаг ашиглалтад байнгын хяналт тавих, үйлдвэрлэлд зарцуулсан хөдөлмөр, цалин хөлсний хэмжээг зөв тодорхойлох, хөдөлмөрийн сахилга бат, ажлын цаг ашиглалтыг сайжруулах зорилгоор ажлын цаг ашиглалтын бүртгэлийг хөтөлнө гэжээ.

 

Сахилгын зөрчил нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн байхаас гадна тухайн ажилтан, албан хаагчдын хөдөлмөрийн харилцааг тухайлан зохицуулсан хуулиуд, сахилгын болон ёс зүйн дүрэм зэргийг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй байж болно гэж тодорхойлсон байх тул ажилтан Р.Г нь хөдөлмөрийн харилцааг зохицуулсан хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд заасан зөрчлийг гаргасан байна гэж үзлээ.

 

Хариуцагч Б аймгийн Сум дундын ойн анги нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хурлаар нягтлан бодогч Р.Гын гаргасан зөрчлийн талаар авч хэлэлцэж, хуралдааны эцсийн шийдвэрээр Б аймгийн Сум дундын ойн ангийн нягтлан бодогч Р.Г нь ажлын цагийг сар дараалан тасалж ажилд хайнга хандаж ноцтой зөрчил гаргасан, мөн байгууллагын ажилтнуудад ёс зүйгүй харьцдаг, Төрийн албан хаагчийн ёс зүйд тохирохгүй зан авир гаргаж, ахмад хүмүүсийг хүндэлдэггүй, иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.1 дахь заалт, Байгууллагын дотоод журмын 6.2.2, Хөдөлмөрийн гэрээний 2.3, 5.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн маргааш нь буюу 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тасалбар болгон ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байна.

 

Хурлын тэмдэглэлээс үзэхэд хуралд зөрчил гаргасан Р.Гыг оролцуулан, 10 дугаар сард 22 цаг ажил тасалсан талаар зөрчил гаргагч Р.Гаас тодруулахад Р.Г нь хүлээн зөвшөөрөхгүй байгааг тэмдэглэлд тусгаж, түүний тайлбарыг сонсож, энэ зөрчил нь хэний буруутай үйлдэл, эс үйлдэхгүй байгаа эсэхийг тогтоосон байна.

 

Б аймаг дахь Төрийн Аудитын газрын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 01/77 дугаартай аймгийн Сум дундын ойн ангийн дарга С.Е танаа гэх сахилгын шийтгэл ногдуулах тухай албан шаардлагыг хүргүүлсэн байх ба уг албан шаардлагад Санхүүгийн бүртгэл тооцоог зохих журмаар хийгээгүй, төсвийн хууль тогтоомж зөрчиж төсвийн зарцуулалтад бүртгэлээр тавих хяналтыг хэрэгжүүлээгүй, хариуцсан албан үүргээ хангалтгүй биелүүлсэн Сум дундын ойн ангийн нягтлан бодогч Р.Гт сахилгын шийтгэл ногдуулж биелэлтийг Аймаг дахь Төрийн аудитын газарт 2019 оны 05 дугаар сарын 10-ны дотор ирүүлэхийг Б аймгийн Сум дундын ойн ангийн дарга С.Еад даалгаж байсан байна.

 

Хариуцагч Б аймгийн Сум дундын ойн ангийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 25 дугаартай албан бичиг, Б аймаг Сум дундын ойн ангийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 108 дугаартай Хүсэлт тавих тухай албан бичгийг тус тус Б аймаг дахь Цагдаагийн газарт явуулж байсан байна.

 

Нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт гаргаж өгсөн Б аймгийн Сум дундын Ойн ангийн даргын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/16 дугаартай Р.Гд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар Р.Гт сануулах сахилгын шийтгэл ногдуулсныг эс зөвшөөрч, шүүхэд гомдол гаргаснаар Б аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 130/ШШ2019/00498 дугаартай шийдвэр, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 212/МА2019/00030 дугаартай магадлал тус тус гарч байсан байх ба энэхүү анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал нь нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Р.Гын гаргасан сахилгын зөрчил нь хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн харилцааг тухайлан зохицуулсан хөдөлмөрийн гэрээ, сахилгын болон ёс зүйн дүрэм зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Р.Гын Б аймгийн Сум дундын ойн ангийн даргын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/18 дугаартай Нягтлан бодогч Р.Гийг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Б аймгийн Сум дундын ойн ангийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Р.Гын энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р.Гын Б аймгийн Сум дундын ойн ангийн даргын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/18 дугаартай Нягтлан бодогч Р.Гийг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Б аймгийн Сум дундын ойн ангийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН