Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2019/01906

 

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 27 өдөр Дугаар 101/ШШ2019/01906 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Баруун Алтан өлгий 36 гудамж, 608б тоот хаягт оршин суух, Сартуул овогт Таравчамбын Н /регистрийн /-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүгээр 2 дугаар хороо, 1б хэсэг, Б.Доржийн гудамж, 12 байр, 14 тоот хаягт оршин суух, Харгана овогт Энхболдын М га /регистрийн /

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүгээр 2 дугаар хороо, 1б хэсэг, Б.Доржийн гудамж, 12 байр, 14 тоот хаягт оршин суух, Хатгид овогт Базарын П /регистрийн / нарт холбогдох

 

22,728,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэмтэлэх, хариуцагч Б.Пүрэвжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Э.М гын өмгөөлөгч С.Чинзориг, гэрч С.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Нансалмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэмтэлэх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т.Н нь 2018 оны 8 дугаар сарын 18-нд интернэтээс зар хараад Б.Пүрэвжаргалын фэйсбүүкээс анх холбогдож мэдээлэл авсан, 10 дугаар сарын 02-нд дахин холбогдож асуухад зараагүй байгаа гээд нөхөр болох Э.М гын утасны дугаар/88778751/-ыг өгөөд ярилцаарай гэсэн. Үүний дараа нөхөртэй утсаар яриад хашаа, байшинг очиж үзсэн ба газар нь үл хөдлөх гэрчилгээтэй, байшинд нь байхгүй байсан. Яагаад үл хөдлөхийн гэрчилгээ аваагүй юм бэ гэхэд амжаагүй байна та нарт таалагдаж байвал худалдаж аваад хөөцөлдөөд авчих ямарч асуудалгүй гэсэн.\Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Баруун алтан өлгий 36 гудамж, 608б тоот зам дагуу\ Т.Н нөхөртэйгээ ярилцаад худалдаж авахаар болсон. 2018 оны 10 дугаар сарын 12-нд 21.250.000 төгрөгөө тохироод 10 саяд прүсс 20 /75-23 УБО дугаартай машин/,11.250.000 төгрөгийг бэлэн мөнгөөр төлөхөөр тохироод худалдах, худалдан авах гэрээ хийж төлбөрөө бүрэн төлж бичиг баримтаа шилжүүлж авсан. Авахдаа Б.П Солонгос улсад байсан болохоор нөхөр Э.М гад итгэмжлэл хийж өгөөд худалдах, худалдан авах гэрээ хийсэн ба төлбөрийн мөнгө, машинаа хүлээн авсан. Ингээд байшиндаа доорхи засварыг хийсэн. Үүнд:

1. 2 метр-0.3 харьцаатай З ширхэг цонхны давцан сольсон.

2.2м-3м хананд обой наасан.

3. Ханан пишин 2.25м- 1.95м-0.38м харицаатай өрж хийгээд гадна талын нь плитагаар өнгөлсөн.

4. Дөл зуух авсан.

5. 3уух тавих суурь 0.9м-0.9м харьцаатай суурийг тус тус ажлын хөлсийг нь тохироод хийлгэсэн. Нийт 1.478.000 төгрөг зарцуулсан.

Засвараа хийж дуусгаад 11 сарын дундуур байшингийнхаа кадастрын зурагаа 120.000 төгрөгөөр хийлгэн үл хөдлөх бүртгэлийн газар материалаа бүрдүүлэн өгсөн.

11 сарын хориноос хойш 18647313116706 нэгж талбарын дугаартай ,160м2 газар, Г- 22040244167 бүртгүүлж гэрчилгээ авсан. Уг газар хажуу айлын 36-608 тоот 422 м.кв газартай давхцаж байна. Энэ давхцаж байгаа 73 м.кв газарт нь 56 м.кв байшингийн зарим хэсэг нь орсон байгаа.

Удалгүй үл хөдлөхийн гэрчилгээгээ авахаар очтол танай байшингийн газар өөр газартай давхцаж байгаа тул гэрчилгээ олгох боломжгүй энэ асуудлаа шийдээд дахиад материалаа өг гэсэн. Энэ тухайгаа эхнэр, нөхөр болох Б.Пүрэвжаргал, Э.М га нарт хэлтэл санаа зоволтгүй энэ асуудлыг бид хоёр шийдээд өгнө гээд кадастрын зураг болон холбогдох баримтуудыг аваад явсан. Энэ хооронд ямар ч үр дүн гараагүй бөгөөд хугацаа их алдсан.Сүүлдээ наймаагаа буцаая мөнгөө авъя гэсэн. Нөгөө талаас түр хүлээж бай та нарын мөнгө бэлэн байгаа авч болно гэж тайвшруулаад байсан. Дараа нь болохоор ээжийнхээ тэтгэврийн зээл аваад төлчихнө удахгүй бүтэх гэж байна хүлээж бай гээд янз бүрийн шалтаг шалтгаан хэлээд өнөөдрийг хүрлээ. Иймд 2018 оны 10 сарын 12-нд хийсэн худалдах,худалдан авах хэлцэл нь доорхи хуулийн заалтуудыг зөрчиж байна. Үүнд 1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр,хуулиар тогтоосон хэмжээ,хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглаж,захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй.

2.                Мөн хуулийн 102.2 Газар өмчлөгч эрхээ хэрэгжүүлэхдээ хүрээлэн байгаа Орчинд хохирол учруулж,бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж болохгүй.

3.                Газрын тухай хуулийн 27.4. Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.

4.                Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36.4.Газар өмчлөх эрхийг нь зөрчсөн этгээд иргэнд учруулсан хохирлыг түүний дотор олох байсан орлогыг нь оролцуулан иргэний хууль тогтоомжид заасны дагуу бүрэн хэмжээгээр нөхөн төлнө

Иймд дээрхи хуулиудын заалтыг зөрчсөн тул 2018 оны 10 дугаар сарын 12-нд хийсэн худалдах,худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл.-г үндэслэн хүчин төгөлдөр бус болгож өгнө үү.

Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36.4-ийг үндэслэн Б.Пүрэвжаргал,Э.М га нараас 21,250,000 төгрөг, байшингаа тохижуулахад зарцуулсан 1,478,000 төгрөг улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 271,590 төгрөгийг тус тус гаргуулах шийдвэр гаргаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Э.М га, Б.П нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд хянагдаж буй Т.Н гийн нэхэмжлэлтэй Б.Пүрэвжаргал, Э.М га нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Учир нь бид дээрх маргаан бүхий 608б гэх газрыг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр иргэн А.Бат-Эрдэнээс 9,00,000 төгрөг, нэмж 800,000 төгрөг, нийтдээ 9,800,000 төгрөгөөр худалдаж авсан ба тухайн үед давхцал байгаа талаар бид ерөөсөө мэдээгүй ямар ч худалдагч А.Бат-Эрдэнийн өгсөн кадастрын хуучин зургийг нь хараад мөн асуудалгүй газар гэсэн тул итгээд худалдах-худалдан авах гэрээ байгуулж худалдаж авсан.

2016 оны 5 дугаар сард 9х6 харьцаатай байшин, 4х4 харьцаатай залгаа тамбрыг өөрсдийн хөрөнгөөр буюу ажлын хөлс, засвартайгаар нийлээд 14,000,000 төгрөгөөр барьж 2016 оны 6 дугаар сараас 2016 оны 9 дүгээр сар хүртэл гэр бүлээрээ уг хашаа байшинд амьдарч байгаад 2016 оны 10 дугаар сард БНСУ-руу ажиллаж амьдрахаар явж 2018 оны 5 дугаар сард би эрүүл мэндийн шалтгаанаар эргэн ирж, эхнэр 11 дүгээр сард ирж бидэнд мөнгөний хэрэгцээ гарсан тул зар тавьж зарын дагуу холбогдсон хүмүүсээс Т.Н тай 2018 оны 10 дугаар сард худалдах-худалдан авах гэрээ байгуулж 21,450,000 төгрөгөөр зарсан.

Уг хөрөнгийг зарахдаа анхнаасаа бид хажуу айлын газартай давхацсан гэдгийг мэдээгүй, бусдыг хуурах санаа зорилго оогт байгаагүй, өмнөх хүмүүс нь ч энэ тухай мэдээгүй байсан. Талууд худалдах-худалдан авах гэрээг өөрсдийн хүсэл зоригийн дагуу харилцан тохиролцож байгуулсан тул уг гэрээ хуулийн хүчин төгөлдөр гэрээ бөгөөд 21,250,000 төгрөг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм гэжээ.

 

Хариуцагч Б.Пүрэвжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Э.М гын өмгөөлөгч С.Чинзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Хариуцагч нар нь тухайн газрыг худалдахдаа газрын дээрх байшинг бусдын газартай давхцаж байгаа эсэхийг мэдээгүй. Харин дараа нь ийм асуудал байгааг мэдсэн бөгөөд асуудлыг зохицуулахаар чадахаараа оролдсон. Тухайн газар нь давхцаад байгаа гэх Б.Бадамсүрэнг олж уулзаад асуудлыг эвийн журмаар шийдвэрлэх бүрэн боломжтой гэв.

 

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Н нь хариуцагч хариуцагч Б.Пүрэвжаргал, Э.М га нарт холбогдуулан, Газар худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, газрын үнэ 21,250,000 төгрөг, газар дээрх байшинг засан тохижуулахад зарцуулсан 1,478,000 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.

Шүүх, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Талууд буюу худалдагч тал Б.Пүрэвжаргал, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М га, худалдан авагч Т.Н нар харилцан тохиролцож, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан өлгий 36 гудамж, 608б тоот 160 м.кв талбайтай газрыг 21,250,000 төгрөгөөр худалдах-худалдах авахаар 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Газар худалдах-худалдан авах гэрээ-г байгуулж, төлбөр тооцоо дууссан байна. Улмаар, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан өлгий 36 гудамж, 608б тоот 160 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Г-2204024167 дугаарт бүртгэж, тус газрын хууль ёсны өмчлөгч Т.Н д 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогджээ.

Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д Газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх-аар заасан бөгөөд газрыг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн гэрээгээр худалдах-худалдан авахад дээрх үл хөдлөх хөрөнгийн үнэ шингэсэн гэж үзэх үндэслэлтэй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гэрч А.Бат-Эрдэнэ болон Б.П нарын хооронд байгуулагдсан /огноогүй/ Газар худалдах-худалдан авах тухай гэрээ, Т.Н болон Б.П нарын хооронд байгуулагдсан Газар худалдах-худалдан авах гэрээ, гэрч А.Бат-Эрдэнийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Гэтэл нэхэмжлэгч Т.Н гийн дээрх үл хөдлөх хөрөнгө нь Нийслэлийн Засаг даргын 2009 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 231 дүгээр захирамжаар өмчилсөн иргэн Б.Бадамсүрэнгийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Баруун алтан өлгийн 36-608 тоот 422 м.кв газартай давхцаж байгаа болох нь Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 02-08/1188 дугаар албан бичгээр тогтоогдож байх тул дээрх газар нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ... үүргийг тус тус хүлээнэ. гэж заасантай нийцэхгүй байна.

Ийнхүү худалдагч тал Б.Пүрэвжаргал, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М га, худалдан авагч Т.Н нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан Газар худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг зөрчсөн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж зааснаар уг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлтэй.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. гэж зааснаар, тухайн газрын үнэ 21,250,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгоно.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар, гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. Нэхэмжлэгч Т.Н нь дээрх газар дээрх байшинг засан сайжруулахад гарсан зардал 1,478,000 төгрөг гаргуулахаар шаардсанаас тоосго, шавар, элс 147,000 төгрөг, цэцгэн хээтэй обой 50,000 төгрөг, кадастрын зураг хийлгэхэд 120,000 төгрөгийн зардал гаргасан болох нь нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд 1,161,000 төгрөгт холбогдох баримтууд нь худалдагч, худалдан авагч нь тодорхойгүй, нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

Иймд талуудын хооронд байгуулагдсан Газар худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, гэрээний үнэ 21,250,000 төгрөг, газар дээрх байшинг засан сайжруулахад гарсан зардалд 317,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,161,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан, худалдагч тал Б.Пүрэвжаргал, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М га, худалдан авагч Т.Н нарын хооронд байгуулагдсан, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан өлгий 36 гудамж, 608б тоот 160 м.кв талбайтай газрыг 21,250,000 төгрөгөөр худалдах-худалдах авах тухай 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Газар худалдах-худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсугай.

 

2. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлйн 227.1-д тус тус зааснаар хариуцагч Б.Пүрэвжаргал, Э.М га нараас 21,567,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Н д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,161,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271,590 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Пүрэвжаргал, Э.М га нараас улсын тэмдэгтийн хураамжид 265,785 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Н д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА