Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2019/01699

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2019/01699

 

 

 

Т.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2019/01906 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Т.Н-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Э.М-, Б.П- нарт холбогдох

 

22 728 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч Э.М-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч Т.Н- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр интернэтээс зар хараад Б.П-ын фэйсбүүк хаягаар холбогдож мэдээлэл авсан. Хашаа, байшинг очиж үзэхэд газар нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй, байшинд гэрчилгээ байхгүй байсан. Б.П- Солонгос Улсад байсан учир нөхөр Э.М-д итгэмжлэл хийж худалдах-худалдан авах гэрээ хийсэн. Гэрээний дагуу 11 250 000 төгрөгийг бэлэн мөнгөөр, 10 000 000 төгрөгт 75-23 УБО дугаартай приус 20 маркийн автомашин өгөхөөр тохирч төлбөрийн мөнгө, автомашинаа өгсөн. Уг байшинд засвар хийж 1 478 000 төгрөг зарцуулсан. Мөн оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 18647313116706 нэгж талбарын дугаартай,160 м.кв талбай бүхий газрыг Г-22040244167 дугаарт бүртгүүлж гэрчилгээ авсан. Хажуу айлын газартай давхцсан 73 м.кв талбай бүхий газрын 56 м.кв талбайд байшингийн зарим хэсэг орсон учир байшинд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгоогүй. Энэ тухай Б.П-, Э.М- нарт хэлтэл санаа зоволтгүй энэ асуудлыг бид хоёр шийднэ гээд үр дүнд хүрээгүй.

 

Талуудын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хийсэн худалдах-худалдан авах хэлцэл нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 102 дугаар зүйлийн 102.2, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсгийг зөрчсөн байна. Иймд уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй тул хүчин төгөлдөр бусд тооцож, Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсгийг үндэслэн Б.П-, Э.М- нараас 21 250 000 төгрөг, байшингаа тохижуулахад зарцуулсан 1 478 000 төгрөг улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 271 590 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Э.М-, Б.П- нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бид дээрх маргаан бүхий 608б гэх газрыг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр иргэн А.Бат-Эрдэнээс 9 800 000 төгрөгөөр худалдаж авсан ба тухайн үед давхцал байгаа талаар мэдээгүй, итгээд худалдах-худалдан авах гэрээ байгуулсан.

 

Т.Н-тай 2018 оны 10 дугаар сард худалдах-худалдан авах гэрээ байгуулж үл хөдлөх эд хөрөнгийг 21 450 000 төгрөгөөр зарсан. Бид уг хөрөнгийг зарахдаа хажуу айлын газартай давхцсан гэдгийг мэдээгүй, бусдыг хуурах санаа зорилго огт байгаагүй, өмнөх хүмүүс нь ч энэ тухай мэдээгүй байсан. Талууд худалдах-худалдан авах гэрээг өөрсдийн хүсэл зоригийн дагуу харилцан тохиролцож байгуулсан тул 21 250 000 төгрөг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан, худалдагч тал Б.П-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М-, худалдан авагч Т.Н- нарын хооронд байгуулагдсан, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан өлгий 36 гудамж, 608б тоот 160 м.кв талбайтай газрыг 21,250,000 төгрөгөөр худалдах-худалдах авах тухай 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Газар худалдах-худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлйн 227.1-д тус тус зааснаар хариуцагч Б.П-, Э.М- нараас 21 567 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 161 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271 590 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.П-, Э.М- нараас улсын тэмдэгтийн хураамжид 265 785 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Н-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч С.Чинзориг давж заалдах гомдолдоо: 1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн талаар: Б.П- нь Т.Н-тай Газар худалдах-худалдан авах гэрээ-г байгуулахдаа өөрийн нөхөр Э.М-д Бүгд Найрамдах Солонгос Улсаас Элчин сайдын яам, Гадаад хэргийн яамаар дамжуулан итгэмжлэл олгосон. Э.М- нь гэрээний нэг тал биш. Б.П- нь өөрийн өмчлөлд байсан газраа зарсан учир дангаараа хуулийн өмнө хариуцагчаар татагдаж, хариуцагчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээх ёстой. Анхан шатны шүүхэд энэ асуудлаар хүсэлт гаргахад хүлээн авч шийдвэрлээгүй.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим болох мэтгэлцэх зарчмыг зөрчсөн шүүхийн шийдвэр гаргасан талаар: Нэхэмжлэлд дурдсанаар Газар худалдах-худалдах авах гэрээ нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 102 дугаар зүйлийн 102.2, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4 дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн гэх боловч чухам хэн, хэзээ, хэрхэн дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн болохыг тодорхой тайлбарлаж чадаагүй. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан хууль зүйн үндэслэлийг илтэд өөрчлөн шүүхийн шийдвэрт тусгасан нь мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх боломжгүй болгосон. Нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримт болох эргэлтийн цэг тодорхойлсон акт болон түүний нэгж талбарын зургийн хаяг нь бүгд маргаан бүхий газрын хаягаас зөрүүтэй байхад нотлох баримтаар үнэлсэн. Мөн Нийслэлийн Газрын албаны албан бичигт Б.Бадамсүрэнгийн газартай давхцаж байна гэдгийг нотлох баримтаар үнэлсэн нь туйлын үнэн зөв, эсвэл газрын албанаас шүүхэд гаргаж өгсөн баримт гэж үзэхэд эргэлзээтэй байхад эдгээр нотлох баримтыг шууд үнэлж шийдвэр гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна. Иймд шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг анхан шатны журмаар дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Г.Намжилмаа нь хариуцагч Э.М-, Б.П- нарт холбогдуулан газар худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, гэрээгээр шилжүүлсэн хөрөнгө болон хохиролд 22 728 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

Хэрэгт Т.Н-, Б.П- нарын хооронд байгуулагдсан 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн газар худалдах-худалдан авах гэрээ авагдсан байна. /хх-6/ Уг гэрээгээр худалдагч Б.П- нь өөрийн өмчлөлд бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан өлгий 36 гудамж, 608б тоотод хаягт байрлах, улсын бүртгэлийн Г-2204024167 дугаарт бүртгэгдсэн, 18647313116706 нэгж талбарын дугаартай, 160 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг худалдан авагч Т.Н-д шилжүүлэх, худалдан авагч нь газрын үнэд 21 250 000 төгрөг төлөхөөр тохиролцон, гэрээнд худалдагч Б.П-ыг төлөөлөн түүний нөхөр Э.М-, худалдан авагч Т.Н- нар гарын үсэг зурж баталгаажуулан нотариатаар гэрчлүүлжээ. /хх-6/ Улмаар худалдагч нь гэрээний зүйл болох 160 м.кв газрыг Т.Н-гийн өмчлөлд шилжүүлж, худалдан авагч нь гэрээний үнэ 21 250 000 төгрөгийг Э.М-д хүлээлгэн өгсөн болох нь тэдгээрийн тайлбар, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтаар нотлогдож байх тул талуудын хооронд үүссэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа дуусгавар болсон гэж үзнэ. /хх-7, 72-74/

Нэхэмжлэгч Т.Н- дээрх гэрээг хууль зөрчсөн, мөн зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж маргажээ.

Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт хэлцлийг төлөөлөгчөөрөө дамжуулан хийж болохоор заажээ. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон зохигчдын тайлбараас үзэхэд хариуцагч Б.П-, Э.М- нар гэрлэгчид, тэрээр Б.П- нь өөрийн өмчлөлд бүртгэлтэй гэр бүлийн зориулалт бүхий газрыг Т.Н-д худалдах, түүнтэй гэрээ байгуулахад өөрийгөө төлөөлөн гарын үсэг зурах эрхийг нөхөр Э.М-д олгосон гэдэг нь нэхэмжлэгчийн ... Б.П- Солонгос Улсад байсан болохоор нөхөр Э.М-д итгэмжлэл хийж өгөөд худалдах-худалдан авах гэрээ хийсэн, төлбөрийн мөнгө, машиныг хүлээн авсан ... гэх тайлбараар нотлогдож байхаас гадна хариуцагч нар төлөөллийн талаар маргаангүй. Мөн гэрч А.Бат-Эрдэнэ өөрийн өмчлөлд бүртгэлтэй байсан 160 м.кв газраа хариуцагч Б.П-д, хариуцагч нь нэхэмжлэгч Т.Н-д тус тус худалдаж, өмчлөх эрхээ шилжүүлсэн үйл баримт гэрчийн мэдүүлэг, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. Иймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан хууль зөрчсөн, мөн зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд ... хариуцагч нарыг доголдолтой хөрөнгө худалдсан, тодруулбал гэрээгээр тохирсон хэмжээнээс дутуу, өөр этгээдийн газартай давхцалтай газар худалдсан ... гэж тайлбарлажээ. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах, доголдол арилгахтай холбоотой гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй боловч ийм шаардлага нэхэмжлэгч гаргаагүй байна.

Гэрээний талууд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнээс татгалзсан тохиолдолд түүний үр дагаврыг мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар арилгах, үүрэг зөрчсөнөөс талууд гэрээнээс татгалзсан тохиолдолд учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхийг хуулийн 227 дугаар зүйлд тус тус зохицуулж өгчээ. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж, талуудын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцон, газрын үнэд шилжүүлсэн 21 250 000 төгрөгийг, засварын зардал, кадастрын зураг хийлгэсэн ажлын хөлс зэргийг хохиролд тооцон хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Иймээс давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан үүргийн хүрээнд хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2019/01906 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Э.М-, Б.П- нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Т.Н-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 265 785 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Ч.ЦЭНД