Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/01542

 

2021 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/01542

 

ДЛАЛ

2021.10.22 1542

Т.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2021/02133 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Т.Н-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.М-, Б.П- нарт холбогдох, гэрээнээс татгалзаж 22 728 000 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Хариуцагч Э.М-ын өмгөөлөгч, хариуцагч Б.П-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Н- нь 2018 оны 8 дугаар сард зарын дагуу Б.П-тай холбогдож газар худалдах мэдээлэл авч түүний нөхөр Э.М-тай ярилцан улмаар хашаа, байшинг худалдан авахаар болсон. Газар нь үл хөдлөх гэрчилгээтэй, байшин гэрчилгээ байхгүй байсан тул энэ талаар тодруулахад ... гэрчилгээг авч амжаагүй байна, та нар худалдаж аваад авахад ямар ч асуудалгүй... гэсэн. Худалдах, худалдан авах гэрээ байгуулж Т.Н- 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 21 250 000 төгрөг төлж бичиг баримтаа шилжүүлж авсан. Б.П- Солонгос улсад байсан учраас нөхөр Э.М- нь итгэмжлэлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Худалдаж авсны дараа байшинд 3 ширхэг цонхны тавцанг сольж, хананд обой наасан, ханан пийшин өрж плитагаар өнгөлөн дөл зуух авч тавьсан. Зуух тавих суурийн ажлыг бусдаар хийлгэж нийт 1 478 000 төгрөгийн зардал гарсан. 2018 оны 11 дүгээр сард байшингийн кадастрын зургийг 120 000 төгрөгөөр хийлгэж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авахаа холбогдох газарт материалаа өгсөн боловч уг газар хөрш айлын 36-608 тоот 422 м.кв газартай давхцаж, давхцаж байгаа 73 м.кв газарт нь 56 м.кв байшингийн зарим хэсэг нь орсон тул үл хөдлөхийн гэрчилгээ олгох боломжгүй гэх хариу өгсөн. Б.П-, Э.М- нарт энэ талаар хэлэхэд ... санаа зоволтгүй... гэж кадастрын зураг, баримтуудыг авсан боловч үр дүн гараагүй. Тэгээд үр дүн гарахгүй болохоор нь Т.Н- нь наймаагаа буцаая, ийм зөрчилтэй газар авахгүй гэхэд ... таны мөнгө бэлэн байгаа... гэсэн. Сүүлд нь дахин мөнгөө нэхэхэд эхээрээ тэтгэврийн зээл авахуулаад өгье гэсэн боловч өгөөгүй. Газрын тухай хууль, Эрчим хүчний тухай хууль, Эрчим хүчний шугам ашиглах дүрэм болон бусад холбогдох заалтуудыг зөрчсөн үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсан нь нотлох баримтуудаар тогтоогдсон. Иймд 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг буцааж, үнэд төлсөн 21 250 000 төгрөг, засварын зардал 1 478 000 төгрөг, нийт 22 728 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагч Б.П-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч С.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч нар энэ газрыг 2015 онд А.Бат-Эрдэнээс 9 800 000 төгрөгөөр худалдаж авсан ба тухайн үед давхцал байгаа талаар мэдээгүй, А.Б-ийн өгсөн кадастрын зургийг хараад итгэж худалдах, худалдан авах гэрээ байгуулж худалдан авсан. 2016 онд 9x6 харьцаатай байшин, 4х4 хэмжээтэй тампрыг 14 000 000 төгрөгөөр барьсан. Бидэнд мөнгөний хэрэгцээ гарсан тул зар тавьж, зарын дагуу Т.Н-тай 2018 оны 10 дугаар сард худалдах, худалдан авах гэрээ байгуулж 21 450 000 төгрөгөөр худалдсан. Уг хөрөнгийг зарахдаа хажуу айлын газартай давхацсан гэдгийг мэдээгүй, бусдыг хуурах санаа зорилго байгаагүй. Талууд худалдах, худалдан авах гэрээг өөрсдийн хүсэл зоригийн дагуу харилцан тохиролцож байгуулсан тул уг гэрээ хуулийн хүчин төгөлдөр тул 21 250 000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Тухайн газар нь давхцаад байгаа асуудалд анх энэ газрыг зарсан Б.Б-г олж гэрчээр асууж, ярилцвал эвээр шийдэх боломжтой. Э.М- энэ хэргийн хариуцагч биш, итгэмжлэлээр л гэрээнд гарын үсэг зурсан. Иргэний хуульд заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Иймд худалдах, худалдан авах гэрээ нь хуульд заасан шаардлагын дагуу хийгдсэн учраас хүчин төгөлдөр хэлцэл мөн юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэнийн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.П-аас 21 917 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Н-д олгож, нэхэмжлэлээс 811 000 төгрөгийн шаардлага болон хариуцагч Э.М-д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар Т.Н-гийн өмчлөлд бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан өлгий 36 гудамж, 608б тоотод оршин байх, эрхийн улсын бүртгэлийн Г-2204024167, нэгж талбарын 18647313116706 дугаартай, 160 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын Б.П-ын өмчлөлд шилжүүлэн бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271 590 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.П-аас 267 535 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Н-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Э.М-ын өмгөөлөгч, хариуцагч Б.П-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Хэргийн оролцогчийн эрхийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна. Учир нь анхан шатны шүүхээс нэхэмжлэгч талаас гаргасан нэмэлт тайлбарыг хариуцагч нарт танилцуулаагүй, нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдөөгүй гэх боловч нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ анх гаргасан нэхэмжлэлийн агуулгаас өөрчилсөн байхад үүнийг шүүх харгалзан үзээгүй. Тиймээс нэхэмжлэгч тал хэрэв нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн гэж үзвэл хариуцагчид танилцуулах, тэдэнд уг асуудлаар нэмэлт тайлбар гаргах боломжоор бүрдүүлэх ёстой. Түүнчлэн, шүүх хуралдаанд хариуцагч нарыг оролцуулах талаар хүсэлт гаргасан бөгөөд нэмэлт тайлбар хийх боломжит хугацаагаар хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй. Хариуцагч нарын хаяг өөрчлөгдсөн эсэхийг ч тодруулаагүй байх бөгөөд хариуцагч нар Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 50 дугаар байрны 40 тоотод оршин сууж байгаа. Мөн хариуцагч З.М- нь эзгүй, түүний эхнэр хариуцагч Б.П- 1 настай нялх хүүхэдтэй болсон байх бөгөөд тухайн шүүх хуралд оролцох гэсэн боловч биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан хүрэлцэн ирж чадаагүй. Иймд шүүх хуралдааныг нэг удаа боломжит хугацаагаар хойшлуулах талаар хүсэлт гаргахад мөн хүлээн авч шийдвэрлээгүй оролцогчийн эрхийг зөрчсөн. Нөгөөтэйгүүр иргэний хэрэг маргаанд шууд хамаарал бүхий гэрч нарыг оролцуулах хүсэлт гаргасан байхад хүлээж аваагүйгээс хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй нь нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэх нөхцөл байдал үүссэн.

Мөн шүүх хуралдааны явцад Т.Н-д хууль тайлбарлах явцдаа шүүх хуралдааны оролцогч биш сонирхогчоор оролцож байхад хэрэгт хамааралтай асуудлаар тайлбар авсан. Нэхэмжлэгчиин итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулсан бол зөвхөн түүнээс л асуулт асуух боломжтой. Нэхэмжлэлийн шаардлага анх гаргаснаас өөрчлөгдсөн эсэхийг тодруулахад өөрчлөгдөөгүй гэсэн тайлбарыг шүүхээс өгсөн бөгөөд мөн хууль бус байдалтай эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай актыг нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргахад хүлээж аваагүй. Учир нь уг баримт нь маргаан бүхий газрын хаягаас өөр газрын хаяг байдаг. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэлд дурдсанаар ... 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус болгож өгнө үү... гэх шаардлагыг гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой байхад уг асуудлаас хальсан тайлбар өгч хэргийг шийдвэрлэсэн нь мэтгэлцэх зарчмыг ноцтой зөрчсөн. Өөрөөр хэлбэл, худалдах, худалдан авах тухай гэрээний доголдол арилгахыг шаардсан нэхэмжлэл гаргаагүй байхад шүүх гаргасан гэж үзэн тайлбарлаж шийдвэрлэсэн. Талуудын хооронд байгуулсан гэрээнээс нэхэмжлэгч татгалзаагүй, зөвхөн хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан атал уг нэхэмжлэлийн шаардлагыг гэрээнээс татгалзсан гэж дүгнэсэн нь алдаатай болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Т.Н- нь хариуцагч Э.М-, Б.П- нарт холбогдуулан газар худалдах, худалдан авах гэрээний үнэд төлсөн 21 250 000 төгрөг, байшингийн засварын зардал 1 478 000 төгрөг, нийт 22 728 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

Т.Н- болон Б.П- нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр газар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч Б.П- нь Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Баруун-Алтан Өлгийн 36 дугаар гудамжны 608 тоот хаягт байрлах 160 м.кв талбайтай газрыг худалдан авагч Т.Н-гийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь үнэд 21 250 000 төгрөг төлөхөөр тохиролцсон гэрээний агуулга, гэрээний хэрэгжилтээс дүгнэвэл тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. /хх-6/

 

Талууд гэрээний зүйлийн үнэ 21 500 000 төгрөг болох тухайд маргаагүй, гэрээний дагуу нэхэмжлэгч тал 10 000 000 төгрөгийн үнийн дүнд Тоёото приус-20 маркийн автомашин, 11 250 000 төгрөг, нийт 21 250 000 төлсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон байна. /хх-1, 155/ Мөн дээрх газар худалдах, худалдан авах гэрээнд худалдагч Б.П-ыг итгэмжлэлээр төлөөлөн Э.М- гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт зааснаар Т.Н- болон Б.П- нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 

Шүүх талуудаас шаардлага гаргасан эсэхээс үл хамааран хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэх учиртай бөгөөд нэхэмжлэгчийн тайлбарт дурдсанаар 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн газар худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д тус тус зааснаар хууль зөрчсөн, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Харин газар худалдах, худалдан авах гэрээний зүйл болох газар, түүн дээр баригдсан хувийн сууц нь бусдын эзэмшлийн газартай давхацсан буюу эрхийн доголдолтой, гэрээг цуцлах үндэслэлтэй эсэх нь маргааны зүйл болж байна.

 

Учир нь нэхэмжлэгч тал анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа газар худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, өгсөн мөнгөө буцааж авах талаар хариуцагч талд мэдэгдэж байсан талаар болон өөрийнх нь худалдан авсан байшин бусдын газар дээр баригдсан болохыг сүүлд үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт хандсанаар мэдсэн талаар тайлбарлаж, уг тайлбараа нотлох зорилгоор Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 02-08/1188 тоот албан бичгийг нотлох баримтаар нэхэмжлэлдээ хавсаргаж ирүүлсэн байна. /хх-ийн 2, 20, 73, 75, 153/

 

Хариуцагч тал ...уг хөрөнгийг зарахдаа хөрш айлын газартай давхацсан гэдгийг мэдээгүй, бусдыг хуурах санаа зорилго байгаагүй... гэж тайлбарлаж, өмнө нь уг маргаантай газрыг эзэмшиж байсан А.Бат-Эрдэнийг гэрчээр асуулгасан байх боловч А.Бат-Эрдэнэ гэрээний оролцогч биш тул уг гэрчийн мэдүүлгээр зохигчдын хоорондын гэрээний зүйлийг тодорхойлох үндэслэлгүй болно.

 

Нэхэмжлэгч Т.Н-гийн 2018 оны 11 дүгээр сард газрын хамт худалдан авсан хувийн сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахаар эрх бүхий байгууллагад хандах үед эрхийн зөрчилтэй талаар мэдэж хариуцагчид энэ талаар мэдэгдсэн гэх дээрх тайлбарыг хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар үгүйсгэж чадаагүй байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, холбогдох баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдагч авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 

Худалдан авагч Т.Н- нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний үнэ 21 250 000 төгрөгийг худалдагч Б.П-д төлөх үүргээ биелүүлсэн боловч худалдагч Б.П- нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 02-08/1188 албан бичигт ... үл хөдлөх хөрөнгө иргэн Б.Бадамсүрэнгийн Баянзүрх дүүргийн 22-р хороо, Баруун-Алтан Өлгийн 36-608 тоот 422 м.кв газартай давхцаж байна... гэснээр тогтоогдсон байна.

 

Иймд нэхэмжлэгч Т.Н- нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй. Мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний зүйлийг харилцан буцааж өгөх үүрэгтэй тул хариуцагч Б.П- нь худалдах, худалдан авах гэрээний үнэд төлсөн 21 250 000 төгрөгийг нэхэмжлэгч Т.Н-д буцаан өгөх, Т.Н- нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун-Алтан Өлгийн 36 дугаар гудамжны 608б тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2204024167, нэгж талбарын 18647313116706 дугаартай, 160 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрхийг Б.П-д буцаан шилжүүлэх үүрэгтэй тул газрыг Б.П-ын өмчлөлд бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв болжээ.

 

Нэхэмжлэгч Т.Н- нь дээрх хувийн сууцад засварт зориулан тоосго, шавар, элс 147 500 төгрөг, дөл төслийн зуух 350 000 төгрөг, хананы цаас 50 000 төгрөг, нийт 547 500 төгрөгөөр худалдан авсан, мөн Билайн ланд ХХК-аар кадастрын зураг хийлгэж 120 000 төгрөг төлсөн болох нь тогтоогдсон байна. /хх13-14, 16-17/

 

Хариуцагч Б.П- нь худалдах, худалдан авах гэрээний үүргээ зөрчсөн буруутай тул нэхэмжлэгч нь 667 700 төгрөгийг хохиролд тооцож Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч Б.П-аас 21 917 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Н-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Нэхэмжлэгчийн нэмэлт тайлбартай танилцуулаагүй гэх хариуцагч талын гомдол үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах үйл баримтын талаар нотлох баримтаа гаргаж өгөх замаар мэтгэлцэхдээ шаардах эрхийн үндэслэлд хамаарах эрх зүйн зохицуулалтыг оновчтой тодорхойлж чадаагүй нь түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй. Харин хэргийн үйл баримтыг нотлох баримтын үндсэн дээр зөв тодорхойлох, улмаар тухайн маргаантай эрх зүйн харилцаанд хамаарах хуулийг оновчтой зөв хэрэглэх нь шүүхийн үүрэг болох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4, 118.5 дахь хэсэгт тус тус зааснаар тодорхойлогдох тул ....худалдах, худалдан авах гэрээний доголдлыг арилгахыг шаардсан нэхэмжлэл гаргаагүй байхад шүүх гаргасан гэж үзэн, нэхэмжлэлийн шаардлагыг гэрээнээс татгалзсан гэж дүгнэсэн нь илэрхий алдаатай... гэсэн хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Нөгөө талаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр нэмэлт тайлбарыг шүүхэд ирүүлсэн ба шүүх 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны товыг 2012 оны 7 дугаар сарын 06-ны өдөр мэдэгдсэн байх тул хариуцагч тал дээрх хугацаанд тайлбартай танилцах уг тайлбарыг үгүйсгэсэн баримтаа гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй. Нэхэмжлэгч талын нэмэлт тайлбарт нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд өөрчлөлт ороогүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл бүхэлдээ өөрчлөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул уг тайлбарыг хариуцагч талд гардуулах, уг тайлбарт тайлбар гаргах боломж олгоогүй гэж үзэх үндэслэлгүй болно.

 

Мөн шүүхийн зүгээс шүүгчийг татгалзан гаргах үндэслэлийг тайлбарлан өгч энэ талаар хүсэлт байгаа эсэхийг хариуцагч талаас тодруулахад татгалзал байхгүй гэсэн атлаа гэрч асуулгах болон хэргийн материалтай танилцах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсний дараа шүүгчээс татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлд заасан татгалзан гаргах үндэслэлд хамаарахгүй болно.

 

Өмгөөлөгч С.Чинзориг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч Б.П-аас олгосон итгэмжлэлийн үндсэн дээр түүнийг бүрэн төлөөлж, хариуцагч Э.М-тай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үндсэн түүний өмгөөлөгчөөр тус тус оролцсон тул хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчөөгүй байна. Түүнчлэн, хариуцагч Э.М-д холбогдох нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

Өмгөөлөгч С.Чинзориг нь өөрөө шүүх хуралдаанд оролцож мэтгэлцсэн учраас хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэхгүйгээс гадна гэрчээр А.Бат-Эрдэнэ, Б.Бадамсүрэн нарыг оролцуулах тухай хүсэлтийг шүүх эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн байна. Түүнчлэн, нэхэмжлэгч Т.Н- шүүх хуралдаанд оролцсон гэх байдал тогтоогдоогүй, шүүх эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай актыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй байна.

 

Иймд хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч талын гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2021/02133 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 267 535 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Н.БАТЗОРИГ