Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/00268

 

Т.Намжилмаагийн нэхэмжлэлтэй

           иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2019/01906 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1699 дүгээр магадлалтай,

 

Т.Намжилмаагийн нэхэмжлэлтэй,

Э.Мөнхтулга, Б.Пүрэвжаргал нарт холбогдох,

 

Хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцож, 22,728,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэмтэлэхийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг оролцов.

 

Нэхэмжлэгч Т.Намжилмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2018 оны 8 дугаар сарын 18-нд интернэтээс зар хараад Б.Пүрэвжаргалын фэйсбүүкээс анх холбогдож мэдээлэл авсан. Үүний дараа нөхөртэй утсаар яриад хашаа, байшинг очиж үзсэн ба газар нь үл хөдлөх гэрчилгээтэй, байшинд нь байхгүй байсан. Яагаад үл хөдлөхийн гэрчилгээ аваагүй юм бэ гэхэд амжаагүй байна та нарт таалагдаж байвал худалдаж аваад хөөцөлдөөд авчих ямарч асуудалгүй гэсэн. /Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Баруун алтан өлгий 36 гудамж, 608б тоот зам дагуу/ 2018 оны 10 дугаар сарын 12-нд 21,250,000 төгрөгөө тохироод 10 саяд прүсс 20 /75-23 УБО дугаартай машин/, 11,250,000 төгрөгийг бэлэн мөнгөөр төлөхөөр тохироод худалдах, худалдан авах гэрээ хийж төлбөрөө бүрэн төлж бичиг баримтаа шилжүүлж авсан. Авахдаа Б.Пүрэвжаргал Солонгос улсад байсан болохоор нөхөр Э.Мөнхтулгад итгэмжлэл хийж өгөөд худалдах, худалдан авах гэрээ хийсэн ба төлбөрийн мөнгө, машинаа хүлээн авсан. Ингээд байшиндаа 1.478.000 төгрөгийн засвар үйлчилгээ хийлгэсэн. Байшингийнхаа кадастрын зургаа 120.000 төгрөгөөр хийлгэн үл хөдлөх бүртгэлийн газар материалаа бүрдүүлэн өгсөн. 11 сарын хориноос хойш 18647313116706 нэгж талбарын дугаартай ,160м2 газар, Г- 22040244167 бүртгүүлж гэрчилгээ авсан. Уг газар хажуу айлын 36-608 тоот 422 м.кв газартай давхцаж байна. Энэ давхцаж байгаа 73 м.кв газарт нь 56 м.кв байшингийн зарим хэсэг нь орсон байгаа.

Удалгүй үл хөдлөхийн гэрчилгээгээ авахаар очтол танай байшингийн газар өөр газартай давхцаж байгаа тул гэрчилгээ олгох боломжгүй энэ асуудлаа шийдээд дахиад материалаа өг гэсэн. Энэ тухайгаа эхнэр, нөхөр болох Б.Пүрэвжаргал, Э.Мөнхтулга нарт хэлтэл санаа зоволтгүй энэ асуудлыг бид хоёр шийдээд өгнө гээд кадастрын зураг болон холбогдох баримтуудыг аваад явсан. Иймд 2018 оны 10 сарын 12-нд хийсэн худалдах, худалдан авах хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцлийг үндэслэн хүчин төгөлдөр бус болгож өгнө үү, Б.Пүрэвжаргал, Э.Мөнхтулга нараас 21,250,000 төгрөг, байшингаа тохижуулахад зарцуулсан 1,478,000 төгрөг улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 271,590 төгрөгийг тус тус гаргуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.Мөнхтулга, Б.Пүрэвжаргал нар шүүхэд гаргасан тайлбартаа: Бид дээрх маргаан бүхий 608б гэх газрыг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр иргэн А.Бат-Эрдэнээс 9,000,000 төгрөг, нэмж 800,000 төгрөг, нийтдээ 9,800,000 төгрөгөөр худалдаж авсан ба тухайн үед давхцал байгаа талаар бид ерөөсөө мэдээгүй ямар ч худалдагч А.Бат-Эрдэнийн өгсөн кадастрын хуучин зургийг нь хараад мөн асуудалгүй газар гэсэн тул итгээд худалдах-худалдан авах гэрээ байгуулж худалдаж авсан. 2016 оны 5 дугаар сард 9х6 харьцаатай байшин, 4х4 харьцаатай залгаа тамбрыг өөрсдийн хөрөнгөөр буюу ажлын хөлс, засвартайгаар нийлээд 14,000,000 төгрөгөөр барьж 2016 оны 6 дугаар сараас 2016 оны 9 дүгээр сар хүртэл гэр бүлээрээ уг хашаа байшинд амьдарч байгаад 2016 оны 10 дугаар сард БНСУ-руу ажиллаж амьдрахаар явж 2018 оны 5 дугаар сард би эрүүл мэндийн шалтгаанаар эргэн ирж, эхнэр 11 дүгээр сард ирж бидэнд мөнгөний хэрэгцээ гарсан тул зар тавьж зарын дагуу холбогдсон хүмүүсээс Т.Намжилмаатай 2018 оны 10 дугаар сард худалдах-худалдан авах гэрээ байгуулж 21,450,000 төгрөгөөр зарсан. Уг хөрөнгийг зарахдаа анхнаасаа бид хажуу айлын газартай давхацсан гэдгийг мэдээгүй, бусдыг хуурах санаа зорилго огт байгаагүй, өмнөх хүмүүс нь ч энэ тухай мэдээгүй байсан. Талууд худалдах-худалдан авах гэрээг өөрсдийн хүсэл зоригийн дагуу харилцан тохиролцож байгуулсан тул уг гэрээ хуулийн хүчин төгөлдөр гэрээ бөгөөд 21,250,000 төгрөг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2019/01906 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан, худалдагч тал Б.Пүрэвжаргал, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхтулга, худалдан авагч Т.Намжилмаа нарын хооронд байгуулагдсан, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан өлгий 36 гудамж, 608б тоот 160 м.кв талбайтай газрыг 21,250,000 төгрөгөөр худалдах-худалдах авах тухай 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Газар худалдах-худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-д тус тус зааснаар хариуцагч Б.Пүрэвжаргал, Э.Мөнхтулга нараас 21,567,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Намжилмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,161,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1699 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2019/01906 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Э.Мөнхтулга, Б.Пүрэвжаргал нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Т.Намжилмаагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 265,785 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэмтэлэх хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Т.Намжилмаа нь хариуцагч эхнэр нөхөр болох Э.Мөнхтулга, Б.Пүрэвжаргал нараас 2018 оны 10 сарын12 өдөр БЗД-н 22-р хороо Баруун Алтан өлгий 36 гудамж 6086 тоот газрыг байшингийн хамт худалдан авсан. Хариуцагч нар бусдын эзэмшил өмчлөлд байдаг хажуу айлын 36-608 тоот газар дээр байшингаа барьж зарсан байдаг. Намжилмаа 160 м.кв газартай маргаан байхгүй харин хажуу айлын газартай давхцуулан барьсан байшинд нь маргаан үүсгэсэн ба энэ Газрын тухай хуулийн 4-р зүйлийн 4.1.7- т заасан бөгөөд БЗД-н анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэн 2019 оны 06 сарын 27 өдрийн 101/ШШ2019/01906 тоот шийдвэрээр нэхэмжлэгчийн шаардлагыг хангасан. Гэтэл Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 сарын 18 өдрийн 1699 тоот магадлалаар Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож Намжилмаагийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Иймд Иргэний хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх тухай хуулийн 172-р зүйлийн 172.2.1. заасан заалтын хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн заалтыг зөрчиж шийдвэр гаргасан 2019 оны 09 сарын 18-ны өдрийн 1699 тоот магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

 

Т.Намжилмаа нь Б.Пүрэвжаргал, Э.Мөнхтулга нараас 22,728,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, маргасан байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 21,567,000 төгрөгийн шаардлагыг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

 

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо ...давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, ...магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 Шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, талууд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан өлгий 36 дугаар гудамжны 608б тоотын 160 м.кв газар, түүн дээрх байшинг 21.250.000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохирч, нэхэмжлэгч 10.000.000 төгрөгт тооцон Приүс 20 маркийн машин, 11.250.000 төгрөг бэлнээр өгсөн нь тогтоогдсон ба энэ талаар маргаагүй байна.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Гэрээний зүйл болох газар, байшин бусдын газартай давхцсан гэх үндэслэлээр нэхэмжлэгч гэрээний дагуу шилжүүлсэн мөнгө, хохирол шаардахдаа худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус гэх агуулгыг нэхэмжлэлд дурдсан байхад шүүх нэхэмжлэлийн үндэслэл нь гэрээнээс татгалзсан эсхүл яагаад хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн болохыг тодруулах нь зүйтэй байжээ.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн атлаа ...аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь ...буцаан өгөх үүрэгтэй гэсэн дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй бөгөөд зөрчилтэй болжээ.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах арга хэмжээ авалгүй шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай болжээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, энэ тохиолдолд хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулж, гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар дүгнэлт хийж, хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2019/01906 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1699 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 265,785 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Х.СОНИНБАЯР

 

Г.ЦАГААНЦООЖ

 

  Д.ЦОЛМОН