Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2018/01098

 

 

 

 

2018 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2018/01098

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Э.М  ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ИМҮ  ХХК ,

 

Хариуцагч: М.Ц -д холбогдох,

 

10161 арлын дугаартай SD300 маркийн дугуйт ачигч болон түүний түрээсийн төлбөр 95,047,915 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Э, хариуцагч нарын төлөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Байгалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Мондулаан трейд ХХК нь 2015 оны 009/2015 дугаар Тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж 1161 арлын дугаартай SD300 маркийн дугуйт ачигчийг Эбердигм Монгол ХХК-иас авсан.

2017 оны 01 сарын 04-ний өдөр Мондулаан трейд ХХК болон ******* ХХК-ийн хүсэлтээр 2015 оны 009/2015 дугаар гэрээний худалдан авагчийн эрх үүргийг ******* ХХК Эрх шилжүүлэх гэрээ-ний үндсэн дээр Мондулаан трейд ХХК-иас шилжүүлэн авсан.

Иймд нэхэмжлэгч нь 2015 оны 009/2015 дугаар гэрээг нэг талын санаачилгаар цуцалж 10161 арлын дугаартай SD300 маркийн дугуйт ачигчийг түрээсийн төлбөрийн хамт хариуцагчаас шаардаж байна.

Хариуцагч М.Цогтоо нь 2017 оны Э001/2017 дугаар батлан даалтын гэрээний дагуу худалдан авагчийн үүргийг хамтран хариуцах үүрэгтэй.

2015 оны 009/2015 дугаар Тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний 4.1 болон Эрх шилжүүлэх гэрээний 1.5-д заасны дагуу худалдан авагч нь 2017 оны 01 сарын 04-ний өдрөөс 2017 оны 09 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг нэг сар тутамд 18,690,000 төгрөгөөр тооцож худалдагчид төлөх үүрэгтэй.

Үүний дагуу тооцож үзвэл 10161 арлын дугаартай SD300 дугуйт ачигчийг 2017 оны 01 сарын 04-ний өдрөөс эхлэн 2017 оны 09 сарын 20-ны өдрийг хүртэл буюу нийт 260 өдөр тэнцүү 8.67 сарын хугацаагаар түрээсэлсэн.

Нэг сарын түрээсийн төлбөр нь гэрээгээр тохиролцсоны дагуу 18,690,000 төгрөг тул 8.67 сарын түрээсийн төлбөр нь 161,980,000 төгрөг болж байна. Үүнээс 2017 оны 01 сарын 03-ны өдөр төлсөн 5,000,000 төгрөг болон нэхэмжлэгчээс үзүүлж буй хөнгөлөлт 61,932,085 төгрөгийг хасвал хариуцагч нь түрээсийн төлбөр 95,047,915 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

Иймд хариуцагчаас 10161 арлын дугаартай SD300 маркийн дугуйт ачигч болон түүний түрээсийн төлбөр 95,047,915 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Тус шүүхэд гаргасан Эбердигм Монгол ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Манай компани Эбердигм Монгол ХХК буюу Мондулаан ХХК-тай 80,000,000 орчим төгрөгөөр ачигч худалдан авахаар гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний зүйл болох ачигч нь биет байдлын доголдолтой буюу коробка нь ажиллахгүй шалтгааны улмаас манай компани түүнийг ашиглаж чадаагүй, өнөөдрийг хүртэл уг техник зогсолтын байдалтай байгаа болно.

Дээрх байдлын талаар худалдагч мэдэж байгаа боловч хууль бусаар түрээсийн төлбөр төлөх ёстой гэх шаардлагыг гаргасан нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байдлыг үүсгэж байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Эбердигм Монгол ХХК нь хариуцагч ******* ХХК, М.Цогтоо нарт холбогдуулан, 10161 арлын дугаартай SD300 маркийн дугуйт ачигч болон түүний түрээсийн төлбөр 95,047,915 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

 

Хариуцагч нар нь дугуйт ачигчийг өгөхөд татгалзах зүйл байхгүй, харин дугуйт ачигчийг хүлээн авах үед биет байдлын доголдолтой байсан, нэхэмжлэгч зээлээр худалдах, худалдан авах гэрээ, түрээсийн гэрээ, эсхүл үндэслэлгүйгээр хөрөнгөжих альнаар нь шаардлага гаргаад байгаа нь тодорхойгүй учир мөнгөн төлбөрийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргадаг.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Эбердигм Монгол ХХК, Мондулаан трейд ХХК нар 2015 оны 03 сарын 09-ний өдөр 009/2015 тоот Тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Эбердигм Монгол ХХК нь DOOSAN SD300 маркийн дугуйт ачигчийг хүлээлгэн өгөх, Мондулаан трейд ХХК нь тохиролцсон хуваарийн дагуу төлбөрийг төлөх, төлбөрийг бүрэн төлсний дараа дугуйт ачигчийг өмчлөлдөө шилжүүлэн авах, гэрээ цуцлагдсан тохиолдолд дугуйт ачигчийг буцаан өгч, ашигласан хугацааны төлбөрийг түрээсийн төлбөрт тооцохоор тус тус харилцан тохиролцсон байна. /хх-9-16х/

 

Эбердигм Монгол ХХК болон Мондулаан трейд ХХК-ийн хооронд анх зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн боловч талууд зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг биелэгдээгүй тохиолдолд түрээсийн гэрээний харилцаанд шилжихээр харилцан тохиролцсон нь Иргэний хуульд харшлаагүй байна.

 

Гэрээний талууд Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлэн Тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г байгуулжээ.

 

Эбердигм Монгол ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, 2015 оны 03 сарын 09-ний өдөр DOOSAN SD300 маркийн дугуйт ачигчийг Мондулаан трейд ХХК-д акт үйлдэн хүлээлгэн өгсөн байх ба уг актад дугуйт ачигчийг 5.6 мото цаг ажилласан талаар тусгажээ. /хх-23х/

 

Улмаар, Эбердигм Монгол ХХК, Мондулаан трейд ХХК, ******* ХХК нар 2017 оны 01 сарын 04-ний өдөр Э001/2017 тоот Эрх шилжүүлэх гэрээ байгуулж, Мондулаан трейд ХХК-ийн эрх, үүргийг ******* ХХК шилжүүлэн авч, тухайн үед үлдээд байсан төлбөр тооцоог төлөх хуваарийг шинээр тохиролцсон нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.6, 123.8-д тус тус нийцжээ. /хх-17-19х/

 

Иймд Эбердигм Монгол ХХК болон Мондулаан трейд ХХК нарын хооронд байгуулагдсан Тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан авагчийн бүхий л эрх, үүрэг ******* ХХК-д шилжсэн буюу цаашид ******* ХХК нь гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу төлбөрийг төлөх, төлбөрийг бүрэн төлсний дараа дугуйт ачигчийг өмчлөлдөө шилжүүлэн авах, гэрээ цуцлагдсан тохиолдолд дугуйт ачигчийг буцаан өгч, ашигласан хугацааны төлбөрийг түрээсийн төлбөрт тооцох эрх, үүргийг хүлээхээр байна.

 

Хариуцагч ******* ХХК нь дугуйт ачигчийг биет байдлын доголдолтой буюу хурдны хайрцаг нь эвдэрсэн, дугуйт ачигчийг хүлээн авсан цагаас хойш ашиглаагүй гэж тайлбарладаг боловч энэ нь баримтаар нотлогдоогүйгээс гадна Мондулаан трейд ХХК-ийн хүлээлгэн өгсөн дугуйт ачигчийн эвдрэл, гэмтлийг Эбердигм Монгол ХХК хариуцах үндэслэлгүй юм.

 

Учир нь, Эбердигм Монгол ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, Мондулаан трейд ХХК-д 2015 оны 03 сарын 09-ний өдөр 5.6 мото цаг ажилласан дугуйт ачигчийг хүлээлгэн өгсөн, Мондулаан трейд ХХК нь 2015 оны 03 сарын 09-ний өдрөөс 2017 оны 01 сарын 04-ний хүртэлх хугацаанд дугуйт ачигчийг ашиглаж, улмаар ******* ХХК-д хүлээлгэн өгчээ.

 

******* ХХК нь дугуйт ачигчийг Мондулаан трейд ХХК-иас хүлээн авахдаа акт үйлдээгүй байх тул хэдэн мото цаг ажилласан байсан, ******* ХХК хүлээн авснаасаа хойш хэдэн мото цаг ажиллуулсан болохыг тогтоох боломжгүй гэж үзэв.

 

Дугуйт ачигчдаа 2 жилийн баталгаат хугацаа тогтоож өгсөн, энэ хугацаа дууссан гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч тал няцаагаагүй болно.

 

Шүүх хариуцагч нарын төлөөлөгчийн хүсэлтээр тухайн үед эд хариуцагчаар ажиллаж байсан гэх Ц.Доржпаламыг гэрчээр асуухаар шийдвэрлэж, хүсэлт гаргагчийн тодорхойлсон хаягаар гэрчид мэдэгдэх хуудас хүргүүлэхэд тухайн хаягт Ц.Доржпалам бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь холбогдох хорооны Засаг даргын тодорхойлолт, Монгол шуудан ТӨХК-ийн магадлагаагаар тус тус нотлогдож байх тул захирамжийн биелэлтийг хангагдаагүй гэж үзэхгүй юм.

 

Нэхэмжлэгч нь өөрийн төсөөллөөр шаардлагынхаа үндэслэлийг тодорхойлж, нэхэмжлэлдээ дурьдсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэр нь биш харин өөр үндэслэл тогтоогдвол шүүх тухайн харилцааны төрлийг тогтоож, уг харилцааг зохицуулсан хуулийн холбогдох зүйл, заалтын дагуу маргааныг хянан шийдвэрлэх учиртай.

 

Эрх шилжүүлэх гэрээ-ний хавсралтаас үзэхэд ******* ХХК нь 2017 оны 01 сарын 03-ны өдрөөс 2017 оны 08 сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 86,580,515 төгрөг төлөх үүрэг хүлээснээс 5,000,000 төгрөгийг төлж, өөр төлбөр төлөөгүй болох нь зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх-19х/

 

Иймд хариуцагч нарын татгалзал үндэслэлгүй байх тул Тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ-ний дагуу дугуйт ачигч болон түүнийг ашигласан хугацааны төлбөрийг түрээсийн төлбөрт тооцон хариуцагч ******* ХХК-иас гаргуулах нь зүйтэй.

 

2015 оны 03 сарын 09-ний өдрийн 009/2015 тоот Тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.6-д Худалдан авагч нь уг гэрээний хуваарьт төлбөрийг төлөлгүй 1 сарын хугацаанаас хэтэрсэн тохиолдолд худалдан авагч тал гэрээг цуцлан гэрээний зүйл болох тоног төхөөрөмжийг буцаан татах эрхтэй хэмээн заасан учир 10161 арлын дугаартай SD300 маркийн дугуйт ачигчийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, гэрээгээр тохиролцсон төлбөр төлөх сүүлийн хугацаа 2017 оны 08 сарын 03-ны өдрөөс хойш нэг сар буюу 2017 оны 09 сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг тооцох нь зүйтэй гэж үзэв.

 

Ийнхүү тооцоход (18,690,000 х 8 сар) 5,000,000 /******* ХХК-иас төлсөн төлбөр/ - 61,932,085 /нэхэмжлэгч талаас үзүүлж буй хөнгөлөлт/ = 82,587,915 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тооцоо гарч байна.

 

Хариуцагч нар дугуйт ачигчийн нэг сарын түрээсийн төлбөрийг 18,690,000 төгрөгөөр тооцох нь хэт өндөр байна гэж маргадаг боловч талууд тухайн үед харилцан тохиролцож түрээсийн төлбөрийг тогтоосон, мөн дугуйт ачигчийн зах зээлийн түрээсийн төлбөр хэд байгаа талаар баримт хэрэгт авагдаагүй учир хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

 

Түүнчлэн, түрээсийн зүйл буюу дугуйт ачигчийг гэрээний хугацаанд ашигласан эсэх, байнга ажилтай байлгах эсэх нь түрээслэгчээс өөрөөс нь хамаарах учир түрээсийн зүйлийг ашиглаагүй гэсэн тайлбар нь түрээсийн төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

Түрээсийн гэрээний харилцаанд шилжсэн зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр тохиролцсон төлбөр төлөх хугацаа 2017 оны 08 сарын 03-ны өдөр дууссан байх тул Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.1-д заасны дагуу түрээсийн гэрээ дуусгавар болсон байна гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд гэрээ дуусгавар болсон байх тул нэхэмжлэгч тал 2017 оны 09 сарын 21-ний өдөр гэрээг цуцлах боломжгүй юм. /хх-28-30х/

 

Эбердигм Монгол ХХК болон М.Цогтоо /******* ХХК-ийн захирал/ нарын 2017 оны 01 сарын 04-ний өдөр байгуулсан Э/001/2017 тоот Батлан даалтын гэрээ-ний тухайд энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д заасан хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үндсэн үүрэг дуусгавар болсноор батлан даалтын гэрээний үүрэг дуусгавар болдог онцлогтой.

 

Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2-т Үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй хэмээн заажээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан Батлан даалтын гэрээ-ний 1 дүгээр зүйлийн 1.2-т дээр дурьдсан хуулийн зохицуулалт тусгагдсан байх тул хууль болон гэрээнд заасны дагуу Эбердигм Монгол ХХК нь үүрэг гүйцэтгэхийг батлан даагч М.Цогтоогоос шаардах эрхтэй ба хариуцагч ******* ХХК-ийн хүлээх мөнгөн төлбөрийн үүргийг М.Цогтоод хамтран хариуцуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-т зааснаар үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй байх тул ******* ХХК, М.Цогтоо нарын хүлээн мөнгөн төлбөрийн үүрэг тэнцүү байна.

 

Харин 10161 арлын дугаартай DOOSAN SD300 маркийн дугуйт ачигчийг ******* ХХК хүлээн авч, өөрийн эзэмшилдээ байлгаж байгаа тул дугуйт ачигчийг ******* ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Эбердигм Монгол ХХК-д олгох нь зүйтэй.

 

Мондулаан трейд ХХК-тай байгуулсан Эрх шилжүүлэх гэрээ-ний улмаас өөрт хохирол учирсан гэж үзвэл хариуцагч ******* ХХК нь энэ талаар жич нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.     Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.2, 242 дугаар зүйлийн 242.11-т зааснаар 10161 арлын дугаартай DOOSAN SD300 маркийн дугуйт ачигчийг хариуцагч ******* ХХК-иас, түрээсийн төлбөр 82,587,915 төгрөгийг хариуцагч ******* ХХК, М.Цогтоо нараас тус тус гаргуулан нэхэмжлэгч Эбердигм Монгол ХХК-д олгож, үлдэх 12,460,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,364,663 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ******* ХХК-иас 1,048,038 төгрөг, хариуцагч М.Цогтоогоос 316,595 төгрөгийг тус тус гаргуулан гаргуулан нэхэмжлэгч Эбердигм Монгол ХХК-д буцаан олгосугай.

 

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар шүүхийн шийдвэрийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР