Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2018/02615

 

 

 

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2018/02615

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г.Б-ын  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: НШШГА

 

Санал болгох хурал хийлгүйгээр Баянзүрх дүүрэг, 21-р хороо, Бага дарь эх 5 гудамж, 1693б тоот газар, үл хөдлөх эд хөрөнгийг Д.Гэрэлчулууны өмчлөлд шилжүүлсэн ******* /хуучнаар/-ны буруутай үйлдлийг тогтоож, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.А, хариуцагчийн төлөлөөгч О.Ц, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Д, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.О төлөөлөгч Н.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Байгалмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие ******* нь иргэн *******, Б.Баатаржаргал, Д.Гэрэлчулуун нарт 40 гаруй сая төгрөгний төлбөр төлөхөөр шийдвэр гарч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа болно.

Нэг төлбөр авагч ******* нь миний бусад өр төлбөрийг Б.Баатаржаргал, Д.Гэрэлчулуун нарт төлөөд миний өмчлөлийн Баянзүрх, 21-р хороо, Бага дарь эх, 5-р гудамжны 1693Б тоот газар, үл хөдлөх хөрөнгийг авна гэж шийдвэр гүйцэтгэгч Цэрэннадмидтай тохиролцсон байсан.

Гэтэл миний төлбөр хаагдаагүй байна.

Тэр үед манай хашаа байшинг 45,000,000 төгрөгөөр авъя гэсэн Очир гэдэг хүнийг миний бие олж Цэрэннадмидтай уулзсан бөгөөд шилжүүлэн намайг их хэмжээний өртэй үлдээсэн нь шийдвэр гүйцэтгэгч гадуур ажилтай гээд уулзаагүй.

Гэтэл шийдвэр гүйцэтгэгч Цэрэннадмидын заавраар хийсэн үйлдлээр миний эд хөрөнгийг Д.Гэрэлчулуунд шилжүүлсэн намайг их хэмжээний өртэй үлдээсэн нь шийдвэр гүйцэтгэгчийн бусдыг хохироосон санаатай үйлдэл гэж үзэж байна.

Хэрэв миний хашаа байшинг Очир гэдэг хүн худалдан авсан бол миний бие бусдад ямар нэгэн өр төлбөргүй байх байсан бөгөөд хэрэв шийдвэр гүйцэтгэгчийн заавраар нотариатаар ороод төлбөр авагч ******* миний өр төлбөрийг төлж барьцааны хөрөнгийг авахгүй гэвэл шийдвэр гүйцэтгэгч ШШГТХ-д заагдсанаар санал болгох хурлыг зохион байгуулж миний өр төлбөрт байгаа хөрөнгийг төлбөр авагч *******, Д.Гэрэлчулуун, Б.Баатаржаргал нарын хэн нь авахыг санал болгох хурлаар шийдэх учиртай байсан болно.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгах албаны санал болгох хурлыг хийгээгүйгээс миний бие ихэд хохирч 20 гаруй сая төгрөгийн өр төлбөртэй үлдсэн байгаа нь *******ны шийдвэр гүйцэтгэгч, түүний үйл ажиллагаанд хяналт тавих албан тушаалтнуудын буруутай үйлдэл гэж үзэж байна.

Иймд санал болгох хурал хийлгүйгээр Баянзүрх дүүрэг, 21-р хороо, Бага дарь эх, 5-р гудамжны 1693Б тоот газар, үл хөдлөх хөрөнгийг Д.Гэрэлчулууны өмчлөлд шилжүүлсэн НШГА-ны буруутай үйлдлийг тогтоож, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2016 оны 05 сарын 17-ны өдрийн 04385 дугаар захирамжаар 20,366,500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 259,790 төгрөгийн хамт гаргуулан Д.Гэрэлчулуунд, тус шүүхийн 2016 оны 04 сарын 19-ний өдрийн 03471 дугаар захирамжаар 4,000,000 төгрөгийг гаргуулан Б.Баатаржаргалд, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2015 оны 12 сарын 18-ны өдрийн 41831 дугаар захирамжаар 18,200,000 төгрөгийг гаргуулан *******д олгохоор тус тус шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 07 сарын 27-ны өдрөөс явуулж төлбөр төлөгч *******гийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 21-р хороо, Бага дарь эх, 5-р гудамж, 1693Б тоот үл хөдлөх хөрөнгийг 2016 оны 08 сарын 16-ны өдрийн 163/7 тоот тогтоолоор битүүмжлэн, 2017 оны 08 сарын 23-ны өдрийн 163/23 хураах тогтоолоор хураан үнийн саналыг авч анхны албадан дуудлага худалдаанд 2016 оны 09 сарын 16-ны өдөр оруулсан боловч худалдан борлогдоогүй тул хоёр дахь дуудлага худалдаанд 2016 оны 10 сарын 28-ны өдөр оруулсан боловч мөн худалдан борлогдоогүй.

Иймд төлбөр төлөгч *******г санал болгох комиссын товлосон хугацаанд тус албанд 2016 оны 12 сарын 08-ны өдрийн 10 цагт хүрэлцэн ирэхийг 2016 оны 12 сарын 06-ны өдрийн 3/37738 тоот, 2016 оны 12 сарын 16-ны өдрийн 10 цагт хүрэлцэн ирэхийг 2016 оны 12 сарын 13-ны өдрийн 3/38470 тоотуудаар тус тус мэдэгдсэн боловч тогтоосон хугацаанд хүрэлцэн ирээгүй.

Төлбөр төлөгч ******* 2017 оны 01 сарын 21-ний өдөр төлбөр авагч Д.Гэрэлчулууны хамт тус албанд өөрийн биеэр хүрэлцэн ирж барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 21-р хороо, Бага дарь эх, 5-р гудамж, 1693Б тоот 279 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг талууд харилцан тохиролцсон тул төлбөр авагч Д.Гэрэлчулууны өмчлөлд шилжүүлэх хүсэлтийг Баянгол дүүргийн тойргийн нотариатч Б.Оюунаар гэрчлүүлэн өгсний дагуу 2017 оны 02 сарын 1/4745, 1/4746 албан тоотуудын дагуу барьцаа хөрөнгө төлбөр авагчийн өмчлөлд шилжсэнээр гүйцэтгэх баримт бичиг дуусгавар болсон нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие анх найзтайгаа ярилцаад *******гийн газрыг авах хүсэлтээ шийдвэр гүйцэтгэх газар гаргаж байсан нь үнэн. Баасан гараг байсан учир амралтын өдрүүдээр явж газрын үнэ судалсан. Бид хоёрын бодож байсан үнэд хүрэхгүй байсан, мөн мөнгө төгрөг олдохгүй байсан учир Даваа гарагт авахаа болилоо гэдгээ хэлсэн.

******* нь шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 200,000 орчим төгрөгийг л төлж барагдуулсан байгаа.

Одоо бол шийдвэр гүйцэтгэх газрыг тайлбарыг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Очирбат нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2017 оны 02 сарын 16-ны өдөр Д.Гэрэлчулууны өмчлөлтэй, Баянзүрх дүүргийн 21-р хороо, Бага дарь эх 5 гудамж, 1693Б тоот хаягтай гэр бүлийн хэрэгцээний газрыг худалдах, худалдан авах гэрээг холбогдох хуулийн дагуу хийж гучин нэгэн сая төгрөгөөр худалдаж авсан.

Тус газар дээр ялзарсан шополоор барьсан хаалга цонхгүй балгас байсан байшинг нурааж, Хаан банкнаас 200,000,000 төгрөгийн зээл авч 3 давхар байшин барьж, шинээр барьсан башингаа дахин Хаан банкны зээлийн барьцаанд тавьж 40,000,000 төгрөг авсан ба одоогоор 240,000,000 төгрөгийн банкны зээлтэй ба сард 7,500,000 төгрөгийн зээл төлж байна.

******* нь өөрийн хүсэлтээр Д.Гэрэлчулуунд газраа өрөндөө нотариачаар гэрчлүүлэн өгчихөөд буцаан шүүхийн шийдвэрийг ажиллагааг дорд үзэж, хууль хүчний байгууллагыг үл хүндэтгэж монгол улсын хууль тогтоомжийг огт хайхрахгүй байгаа нь туйлын ичгэвтэр юм.

2014 онд Очир төв-ийн барилгын ажлыг *******гийн газраас 1 метрийн зайтай эхлүүлж байхад манай газар руу орлоо хэмээн барилгын ажлыг зогсоож их хэмжээний хохирол учруулж барилгачдыг хэл амаар доромжилж байсан.

2015 онд Очир төв-ийн 2 давхрыг монгол гэр хийнэ гэж түрээслэн авсан ба тогны утсыг энд тэнд тасдаж, түрээсээ сунгасан боловч түрээсийн төлбөрөө дутуу өгч 470,000 төгрөгний хохирол учруулж байсан.

Нийтийн сүлжээгээр нэр алдар, утасны дугаар бичиж эхнэр бид 2-ийг шуналт шулам чөтгөр хэмээн доромжилж байсан.

******* нь удаа дараа миний утас руу залгаж тус газрыг худалдаж аваач гэж гуйж байсан. Наймаа хийдэг дээрээ би газраа өөр хүнд зарчихсан гэж мессеж бичиж байсан. Төд удалгүй танай урд газрыг авсан гэх хүн холбогдсоноор худалдах, худалдан авах гэрээ хийж энэ газрыг авсан.

******* нь устай газар гэж дурдсан байна. Ямар ч ус татаагүй төвийн шугамыг би өөрөө татаж Очир төв-д оруулсан болно. Энэ мэтчилэн худал ярьж, ойр хавийнхаа хүмүүсийг хохироож, хуулийн байгууллагад худал ярьж, хийсэн ажиллагааг няцааж байгаа нь зохисгүй байна.

Тиймээс энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан, санал болгох хурал хийлгүйгээр Баянзүрх дүүрэг, 21-р хороо, Бага дарь эх 5 гудамж, 1693б тоот газар, үл хөдлөх эд хөрөнгийг Д.Гэрэлчулууны өмчлөлд шилжүүлсэн ******* /хуучнаар/-ны буруутай үйлдлийг тогтоож, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байх ба бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******, Ц.Очирбат нар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг дэмжиж тайлбар гаргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иргэн ******* нь:

а/. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүүхийн шүүгчийн 2015 оны 12 сарын 18-ны өдрийн 2201 дүгээр захирамжаар 18,200,000 төгрөгийг иргэн *******д; /хх1-5х/

б/. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүүхийн шүүгчийн 2016 оны 04 сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/03471 дүгээр захирамжаар 4,039,500 төгрөгийг иргэн Б.Баатаржаргалд; /хх1-4х/

в/. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүүхийн шүүгчийн 2016 оны 05 сарын 17-ны өдрийн 101/ШШ2016/04385 дугаар захирамжаар 20,626,290 төгрөгийг иргэн Д.Гэрэлчулуунд тус тус төлөх үүргийг хүлээсэн байна. /хх1-23х/

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь в/-д заасан шүүгчийн захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч *******гийн өмчлөлийн эд хөрөнгийг төлбөр авагч Д.Гэрэлчулууны өмчлөлд шилжүүлсэн гэж тайлбарлаж байх боловч ******* /хуучнаар/-наас талуудад явуулж байсан гэх Мэдэгдэл-үүдэд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 сарын 18-ны өдрийн 41831 дугаар шийдвэрээр *******гаас 18,200,000 төгрөгийг гаргуулж *******д, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 сарын 17-ны өдрийн 04385 захирамжаар 20,366,500 төгрөгийг гаргуулан Д.Гэрэлчулуунд, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 сарын 19-ний өдрийн 03471 тоот захирамжаар 4,036,500 төгрөгийг гаргуулан Б.Баатаржаргалд тус тус олгохоор шийдвэрлэсэн гэж дурдсанаас үзэхэд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр авагч *******, Д.Гэрэлчулуун, Б.Баатаржаргал нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагааг төлбөр төлөгч *******д холбогдуулан хамтатган явуулж байжээ гэж дүгнэхээр байна. /хх1-32х, 33х, 36х, 40х, 41х, 42х г.м/

*******наас /хуучнаар/ үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүрэг, 21-р хороо, Бага дарь эх 5 гудамж, 1693б тоот хаягт байршилтай 279 м.кв талбай бүхий газар, 96 м.кв талбай бүхий хувийн сууцыг 2016 оны 08 сарын 16-ны өдрийн 163/7 тоот тогтоолоор битүүмжилж, 2016 оны 08 сарын 23-ны өдрийн 163/23 тоот тогтоолоор хураажээ. /хх1-24-27х/

Нэг. Төлбөр төлөгч ******* нь гэр бүлийн хэрэгцээний газрыг 130,000,000 төгрөгөөр, хувийн сууцыг 80,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байх ба энэхүү үнэлгээг төлбөр авагч Д.Гэрэлчулуун зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байна. /хх1-29х, 30х, 31х/

Түүнчлэн төлбөр төлөгч *******гаас гаргасан үнийн саналыг төлбөр авагч ******* зөвшөөрсөн гэж хариуцагч тал тайлбарлан, холбогдох бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байх боловч уг баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна. /хх2-3-4х/ Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* энэ талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Төлбөр авагч Б.Баатаржаргалаас үнийн санал аваагүй шалтгаанаа гүйцэтгэх хуудас ирээгүй байсан хэмээн хариуцагч тал тайлбарлаж байх боловч энэ нь баримтаар нотлогдохгүй байна.

Нэг төлбөр төлөгчид холбогдох, гурван төлбөр авагч бүхий шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байсан боловч зөвхөн нэг төлбөр авагчаас үнийн санал авч, улмаар эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2002 оны хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл, төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл, журам, дарааллын дагуу явагдах учир нэгэнт төлбөрт хураагдсан эд хөрөнгийн талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд тохиролцоогүй байхад анхны болон хоёрдахь албадан дуудлага худалдаанд оруулахаар, санал болгох хуралдаанд оруулахаар тус тус шийдвэрлэсэн дараа дараагийн ажиллагааг мөн хуульд нийцээгүй гэж үзнэ.

Хоёр. ******* /хуучнаар/-наас 2016 оны 12 сарын 08-ны өдөр, 2016 оны 12 сарын 16-ны өдөр болох санал болгох хурлын талаар 2016 оны 12 сарын 06-ны өдрийн болон 2016 оны 12 сарын 13-ны өдрийн албан бичгээр тус тус төлбөр төлөгч *******д мэдэгдсэн байна. /хх1-41х, 42х, баталгаат шуудангийн дардас/

2016 оны 12 сарын 08-ны өдрийн болон 2016 оны 12 сарын 13-ны өдрийн санал болгох хуралд шийдвэр гүйцэтгэх байгууллага болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч талуудаас хэн хэн байлцсан, хэнээс ямар санал гаргасан, санал болгох хурлын шийдвэр хэрхэн гарсан талаар баримт хэрэгт авагдаагүйгээс гадна хариуцагч тал санал болгох хурал хийгээгүй хэмээн тайлбарлаж байна.

Иймд санал болгох хурал хийлгүйгээр төлбөр төлөгч *******гийн өмчлөлийн эд хөрөнгийг төлбөр авагч Д.Гэрэлчулууны өмчлөлд шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2002 оны хуулийн 39 дүгээр зүйлийн 39.8-д нийцээгүй байна гэж үзэв.

Гурав. Төлбөр авагч ******* нь төлбөр төлөгч *******гийн төлбөр авагч Б.Баатаржаргалд төлөх 4,100,000 төгрөг, төлбөр авагч Д.Гэрэлчулуунд төлөх 20,500,000 төгрөгийн төлбөрийг тус тус төлж, *******гийн өмчлөлийн газар, хувийн сууцыг авах хүсэлтээ шийдвэр гүйцэтгэх байгууллагад илэрхийлсэн, уг хүсэлтийг төлбөр төлөгч ******* хүлээн зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. /хх1-44х, 45х/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нь дээрх хүсэлтийг гаргаснаа хүлээн зөвшөөрдөг боловч удалгүй уг хүсэлтээсээ татгалзсан хэмээн тайлбарлаж байх тул энэ талаар ажиллагаа хийгээгүй гэж шийдвэр гүйцэтгэх байгууллагыг буруутгах үндэслэлгүй байна.

Дөрөв. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Очирбат нь 2017 оны 02 сарын 16-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний дагуу Баянзүрх дүүрэг, 21-р хороо, Бага дарь эх 5 гудамж, 1693 тоот 279 м.кв талбай бүхий газрыг 31,000,000 төгрөгөөр иргэн Д.Гэрэлчулуунаас худалдан авсан, татвар бага төлөх үүднээс худалдах, худалдан авах гэрээний үнийн дүнг 5,000,000 төгрөг хэмээн бичсэн гэж тус тус тайлбарладаг ба энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. /хх1-75х, 110х, 113-114х/

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг олж авсан байх тул Ц.Очирбатыг шударга эзэмшигч гэж үзэх үндэслэлтэй.

Тав. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2002 оны хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т төлбөр авагч, төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол гомдлоо ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргах, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг эс зөвшөөрвөл долоо хоногийн дотор шүүхэд гомдол гаргах журмыг тогтоожээ.

Төлбөр төлөгч ******* нь 2017 оны 04 сарын 17-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч Цэрэннадмидын үйл ажиллагааны талаар гомдол гаргасан байх ба ******* /хуучнаар/-наас гомдолд дурдсан асуудлыг шалгаад 2017 оны 04 сарын 28-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчийн үйлдэл хууль зөрчөөгүй байна гэсэн хариу гаргасныг гомдол гаргагч ******* 2017 оны 05 сарын 01-ний өдөр хүлээн авчээ. /хх1-129-132х/

Улмаар ******* нь 2017 оны 05 сарын 12-ны өдөр шүүхэд хандаж гомдол гаргасан байна. /хх1-1х-арын нүүр/

Хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн шалтгааныг шүүхийн зүгээс тодруулсан боловч нэхэмжлэгч тал тодорхой тайлбарыг холбогдох нотлох баримтын хамт шүүхэд гаргаагүй болно.

Зургаа. Дүгнэлт.

Хэдийгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба /хуучнаар/-наас явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцээгүй болох нь тогтоогдож байх боловч нэхэмжлэгч ******* нь хуульд заасан шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн, мөн гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байх тул түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Долоо. Бусад.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар төлбөр авагч нар гомдол гаргаагүй байна.

Төлбөр төлөгчийн эд хөрөнгийг төлбөр авагчийн өмчлөлд шилжүүлсэн ажиллагаа нь 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байх хугацаанд хийгдсэн учир тухайн хуулийг баримтлан маргааныг шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, санал болгох хурал хийлгүйгээр Баянзүрх дүүрэг, 21-р хороо, Бага дарь эх 5 гудамж, 1693б тоот газар, үл хөдлөх эд хөрөнгийг Д.Гэрэлчулууны өмчлөлд шилжүүлсэн ******* /хуучнаар/-ны буруутай үйлдлийг тогтоож, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай, *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР