Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 751

 

Т.Н-ийн  нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

              

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2020/00131 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Н-ийн хариуцагч “Х банк” ХХК-д холбогдуулан гаргасан, 22 595 773 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б

Хариуцагчийн итгэжмлэгдсэн төлөөлөгч Х.С, Ц.Ш

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х банк” ХХК нь миний хадгаламжийн дансан дахь мөнгийг эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр, харилцагчийн зөвшөөрөл даалгаваргүйгээр дур мэдэн хууль бусаар данснаас гүйлгээ хийсэн. “Х банк” ХХК-ийн харилцагч Т.Н миний бие 5128004039 тоот хадгаламжийн данс эзэмшдэг бөгөөд 2015 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар хадгаламжийн дансанд нийт 73 371 949.80 төгрөг байсан. Миний бие 2015 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр БНСУ-д байхдаа өөрийн хадгаламжийн дансанд байгаа мөнгөнийхээ хэмжээгээр 11 удаа гүйлгээ хийсэн байдаг. Энэ нь дансны хуулгаар нотлогддог. Гэтэл “Х банк” ХХК нь энэхүү хадгаламжийн дансыг Т.Н нь БНСУ-ын PARADISE SEGASAMMY Co.LTD-д байрших ПОС машинаар 2 удаа гүйлгээ хийхдээ 22 595 773.00 төгрөгийн хохирлыг PARADISE SEGASAMMY Co.LTD-д учруулсан гэсэн үндэслэлээр 2015 оны 10 дугаар сард дансны зарлагын гүйгээг зогсоож хууль бусаар битүүмжилсэн. Миний хувьд PARADISE SEGASAMMY Co.LTD-д ямар нэгэн хохирлыг учруулж, илүү мөнгө төгрөг аваагүй тул хууль бус битүүмжээс чөлөөлүүлж дансны гүйлгээгээ хэвийн үргэлжлүүлэх зорилгоор “Х банк” ХХК-ийн хяналт шалгалтын газар хандаж 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гомдол гаргасан. “Х банк” ХХК нь энэхүү гомдлын хариуг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 29/9995 тоот албан бичгээр ирүүлснээс үзэхэд Т.Нямхүү миний 5128004039 тоот хадгаламжийн данснаас 22 595 773.00 төгрөгийг үндэслэлгүйгээр хууль бусаар суутган татаж авсан байна. Харилцагчийн данснаас хууль бусаар мөнгө суутган татан авсан үйлдэл нь БНСУ-ын PARADISE SEGASAMMY Co.LTD-д хохирол учирсан эсэхээс үл хамааран Монгол Улсад мөрдөгдөж буй дараах хууль тогтоомжийг зөрчсөн. Иймд харилцагчийн хадгаламжийн данснаас эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр хууль бусаар дур мэдэн гүйлгээ хийж суутган авсан 22 595 773 төгрөгийг буцаан гаргуулна гэжээ.

 

Хариуцагч “Х банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Т.Н нь 2015 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Солонгос улсад зорчихдоо өөрийн картаар PARADISE SEGASAMMY Co.LTD-д байрших ПОС машинаар 2 удаагийн үйлдлээр 37 454 540 төгрөг, 28 090 905 төгрөгийн гүйлгээг хийсэн. Тухайн үед таны данснаас тус бүр 21 474 856 төгрөгийн дүнгээр 2 удаа хасалт хийгдэж, PARADISE SEGASAMMY Co.LTD-нд 37 454 540 төгрөгийн гүйлгээний зөрүү 15 979 704 төгрөг, 28 090 905 төгрөгийн гүйлгээний зөрүү 6 616 069 төгрөг, нийт 22 595 773 төгрөгийн хохирол учирсан. Уг хохирлыг ПОС машинаас хэвлэгдсэн нэхэмжлэгчийн гарын үсэгтэй баримтыг үндэслэн VISA international дэх манай банкны улс хоорондын дундын данснаас Солонгос улсын банк хоорондын картын дүрмийн дагуу үл маргах журмаар шууд суутгал хийж татан авсан. Дээрх төлбөр нь анхнаасаа харилцагчаас гарах байсан ба сүлжээний саатлын улмаас хэсэгчилж хасагдсан юм. Ийнхүү нэхэмжлэгчийн гарын үсэгтэй баримтыг үндэслэж суутгал хийгдсэн. Хэрэгт авагдсан үзлэгийн баримтаар 2015 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 65 000 000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн нь тогтоогдсон. Мөн “Хаан банк” ХХК нь Солонгос Улсын Би Си карт гэдэг компаниас нотлох баримт гаргуулж авсан. Тухайн баримтыг нотариатаар батлуулаад, нотлох баримтын шаардлага хангуулаад өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1, 445.3, Банк, эрх бүхий хуулийн мөнгө хадгаламж төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Х банк” ХХК-аас 22 595 773 /хорин хоёр сая таван зуун ерэн таван мянга долоон зуун далан гурав/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч Т.Н-ийн  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.1.1, 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Т.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 271 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.Н-ээс “ПДДБ” ХХК-ийн орчуулгын ажлын хөлс 114 000 төгрөгийг гаргуулан Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэр эс зөвшөөрч байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “хариуцагч “Х банк” ХХК нь ПОС машинаас хэвлэгдсэн нэхэмжлэгчийн гарын үсэгтэй баримтыг үндэслэн банк хоорондын картын дүрмийн дагуу үл маргах журмаар шууд суутгал хийж татан авсан байна гэж маргасан”. Мөн “нэхэмжлэгчийн 5128004039 тоот данснаас Парадайс Сегасами Инчон Казинод учирсан хохирол болох 22 595 773 төгрөгийг суутган авсан нь хуульд нийцсэн байна” гэж дүгнэсэн. Шүүхийн дээрх дүгнэлтээс харахад хэргийг шийдвэрлэхдээ нэг талыг барьсан, буруу жишиг тогтоосон шийдвэр болсон. Тухайлбал, хариуцагч харилцагчийн зөвшөөрөл даалгаваар гүйлгээ хийсэн гэж маргаж байхад шүүх өөрийн үзэмжээр шийдвэрлэсэн. БНСУ-ын Би Си карт компаниас ирүүлсэн гэх баримтыг болон түүний суутган авсан мөнгийг ямар үндэслэлээр Парадайз Сегасами Инчон казинод холбогдуулж түүний мөнгө мэтээр ойлгож, ямар баримт үндэслэж хохирогч гэж үзсэн, Paradise segasammy co.Ltd-ийг яагаад Парадайз Сегасами Инчон казино гэж үзсэн, буруутай этгээд хэн болохыг тогтоогоогүй. Хэрэв хохирол гэж үзсэн бол хохирол учруулсан үйлдэл, гэм буруугийн хэлбэр яаж холбогдоод байгаа, нэхэмжлэгч ямар буруутай зэргийг тогтоогоогүй. “Хаан банк” ХХК-ийн данснаас мөнгө суутган авсан БНСУ-ын Би Си карт компани нь хилийн чанадад нотлох баримт бүрдүүлэх үед өгсөн шаардлагатай баримтууд болох мөнгө суутган авах үедээ “Хаан банк” ХХК-д цахимаар ирүүлж байсан баримтаа гаргаж өгөхөөс татгалзсан байхад тухайн компаниас ирүүлсэн нотлох баримтын шаардлага хангахгүй цахим баримтыг үнэлж дүгнэсэн, түүнчлэн төлбөр тооцоотой холбоотой хуулийн зүйл заалтуудыг хэрэглэсэн атлаа хохирол гэж шийдвэрлэсэн нь буруу. Хэдийгээр банк Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1, 445.3, Банк мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй хэдий ч харилцагчийн данснаас гүйлгээ хийхдээ харилцагчийн өгсөн үүрэг даалгаврын үндсэн дээр гүйлгээ хийх ёстой. Т.Н нь БНСУ-д байхдаа 2015 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 311584 болон 352909 гэсэн зөвшөөрөгдсөн кодоор нь 12:19 минутад 21 474 836,47 төгрөгийн, 12:49 минутад мөн 21 474 836,47 төгрөгийн 2 удаагийн гүйлгээ хийсэн болох нь банкны дансны хуулгаар нотлогдоно.  Энэ 2 гүйлгээнээс өөр зөвшөөрөл олгоогүй. “Х банк” ХХК нь олон улсын виза картын дүрмийнхээ дагуу маргаан үүсгэж асуудлыг шийдвэрлэсний дараа хэрэв буруутай бол холбогдох баримтаа үндэслэн хохирлоо барагдуулах ёстой байсан. Шүүх үүнийг анхаарч үзээгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй, болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

 Нэхэмжлэгч Т.Н хариуцагч “Х банк” ХХК-д холбогдуулан хадгаламжийн данснаас хууль бусаар суутгасан  22 595 773 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

 

Хэрэгт авагдсан хариуцагч “Х банк” ХХК-ийн 5128004039 тоот дансны хуулга, зохигчдын тайлбар, үзлэгийн тэмдэглэл бусад баримтаар нэхэмжлэгч  нь  2015 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр БНСАУ-д Парадайс Сэгасами Инчон Казинод хариуцагч “Х банк” ХХК-ийн нэрийн картаар буюу хариуцагчаар дамжуулан 21 747 836,47 төгрөгийн төлбөрийн тооцоог 2 удаа хийсэн үйл баримт тогтоогдсон байна. /1хх / Энэ талаар талууд маргаангүй.

 

Нэхэмжлэгч Парадэйс Сэгасами Инчон Казинод төлбөр төлөх үүрэг үүсээгүй гэж тайлбарласныг хариуцагч “Х банк” ХХК “Нэхэмжлэгчтэй байгуулсан төлбөрийн карт эзэмших болон цахим банкны гүйлгээ ашиглах гэрээнд заасны дагуу гүйлгээний зөрүү төлбөрийг татан авсан” гэж үгүйсгэн маргасан байна.

 

Зохигчдын хооронд 2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан “Х банк” ХХК-ийн төлбөрийн карт эзэмших, цахим банкны үйлчилгээ ашиглах гэрээгээр нэхэмжлэгч уг үйлчилгээг ашиглан төлбөр тооцоо хийх, хариуцагч үйлчилгээ үзүүлэх үүрэг тус тус хүлээснээс үзэхэд талуудын хооронд мөнгөн хадгаламж, төлбөр тооцооны гэрээний харилцаа үүсжээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1, 445 дугаар зүйлийн 445.1 дэх хэсэгт заасан гэрээний харилцаа үүссэн талаар дүгнэсэн нь зөв байна.

         

Хэрэгт 15 000 вон, 20 000 воны гүйлгээ хийсэн болон уг гүйлгээг, баталгаажуулсан баримт дээрх тоо, мэдээллийн дугаар, банкны картын төвтэй холбоотой BZ карт компаниас “Х банк” ХХК-д ирүүлсэн гүйлгээний баримтууд авагджээ. /1-дүгээр хавтас 75-79, 106-109, 233-240хх, 2 дугаар хавтас113-118хх/

 

Талуудын хооронд байгуулагдсан “Х банк” ХХК-ийн төлбөрийн карт эзэмших, цахим банкны үйлчилгээ ашиглах гэрээний 3 дугаар зүйлд “үйлчлүүлэгч гэрээгээр хүлээсэн үүрэг болон төлбөрийн карт, цахим банкны үйлчилгээг ашиглах заавар зөвлөмжийг зөрчсөн тохиолдолд банкны авах арга арга хэмжээний талаарх асуудлыг зохицуулсан байна. Тухайлбал, үйлчилгээний байгууллага буюу бусдад хохирол учирсан бол банк үйлчлүүлэгчийн данснаас хохирлыг суутган авах, дансан дахь үлдэгдэл хохирлыг барагдуулж хүрэхгүй тохиолдолд хуульд заасны дагуу бусад арга хэмжээ авах” үүрэгтэй талаар уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.2, 5.2-т заажээ.

 

Иймээс нэхэмжлэгч нь 2015 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Парадэйс Сэгасами Инчон Казиногийн нэхэмжилсэн 15 000 000 вон буюу 28 090 905 төгрөг, 20 000 000 вон буюу 37 454 540 төгрөгөөс 2 удаагийн гүйлгээгээр тус бүр хийсэн 21 474 836.74 төгрөгийн төлбөрийн тооцооны үлдэгдэл 15 979 704 төгрөг, 6 616 069 төгрөг нийт 22 695 773 төгрөг болсныг “Х банк” ХХК 2016 оны 2 дугаар сарын 22-нд суутган авсан болох нь хэрэгт авагдсан “Х банк” ХХК-ийн харилцагч эзэмшигч Т.Н-гийн 5128004039 тоот дансны хуулга, үзлэгийн тэмдэглэл, “Х банк” ХХК-ийн дотоод аудитын дүгнэлт, БНСУ-ын  Сөүл хотын төвийн тойргийн орон нутгийн шүүхийн ирүүлсэн баримт /1 дүгээр хавтас 5, 38, 162, 241-246хх/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчид хохирол учруулсан, авах ёсгүй зардал гаргуулж үндэслэлгүй суутгал хийсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

      

    Харин нэхэмжлэгч нь Парадэйс Сэгасами Инчон Казинод төлбөр төлөх үүрэг үүсээгүй гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Анхан шатны шүүх хэргийн баримтад үндэслэн, төлбөр тооцооны гэрээний үүргийг нийт 34 740 000 төгрөгөөр тооцон, үүнээс хариуцагчийн төлсөн нийт 24 006 000 төгрөг хасаж, үлдэх 10 734 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1, 445.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан гэрээ, талуудын тайлбар, нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцүүлэн зөв тайлбарлан үнэлсэн гэж үзнэ.

 

Дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх  нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2020/00131 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн төлсөн 271 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                            ШҮҮГЧИД                              Ч.ЦЭНД

 

                                                                                  Д.БАЙГАЛМАА