Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржбалын Янжиндулам |
Хэргийн индекс | 101/2020/03317/И |
Дугаар | 101/ШШ2022/02014 |
Огноо | 2022-04-29 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 101/ШШ2022/02014
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
*******,*******,*******,*******,*******,
хариуцагч- Баянзүрх дүүрэг,*******,*******,*******,,,
орон сууцны худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөзлдөр бус хэлцэл мөн болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүрэг, 4-р хороо, , тоотод байрлах, 2 өрөө, улсын бүртгэлийн дугаартай орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,
47,551,450 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргал,
Хариуцагч Л.Га, түүний өмгөөлөгч Г.Жанчив,
Гэрч Т.Улаанбаатар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.Э нь Л.Гад холбогдуулан 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан орон сууцны худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл мөн болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүрэг, 4-р хороо, тоотын 2 өрөө, улсын бүртгэлийн дугаартай орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгчийн нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгахаар нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Т.Улаанбаатар нь н.Мөнхтулгаар дамжуулан Л.Гатэй уулзаж түүнээс 25.000.000 төгрөг зээлэхээр болж барьцаанд нь нэхэмжлэгч С.Эгийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 4 хороо, 18105 дугаар гудамжны 32 дугаар байрны тоотод байрлах, 41.52 м.кв талбайтай, 2 өрөө, улсын бүртгэлийн дугаартай, орон сууцыг барьцаалахаар болсон.
Гэтэл Л.Га нь барьцаалж буй орон сууцыг заавал өөрийнхөө нэр дээр шилжүүлж өгөхийг шаардсан, Т.Улаанбаатарт яаралтай мөнгөний хэрэгцээ байсан учир худалдах худалдан авах гэрээ байгуулж С.Эгийн орон сууцыг Л.Гаийн нэр дээр шилжүүлсэн. Л.Гаийн хүсэлтээр худалдах худалдан авах гэрээнд гарын үсэг зурж, худалдсан орон сууцны үнийг 10.000.000 төгрөг гэж тохирсон. Л.Гаээс зээлсэн 25,000,000 төгрөгийг төлөөд эргүүлээд орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхээр амаар харилцан тохирсон. Орон сууцны худалдах худалдан авах гэрээ байгуулсны маргааш буюу 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 25,000,000 төгрөгийн зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, нотариатаар гэрчлүүлсэн, зээлийн гэрээнд Т.Улаанбаатар, нэхэмжлэгч С.Э нарын гарын үсэг зурсан. Зээлийн гэрээний дагуу Л.Га нь С.Эгийн Голомт банкны 1809328767 тоот дансанд 24,960,000 төгрөгийг шилжүүлсэн, уг зээлийн буцаагаад Т.Улаанбаатарт өгсөн.
Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч Т.Улаанбаатар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, Л.Га нь зээлийн мөнгийг Т.Улаанбаатар авсан талаар мэдэж байсан учир түүнээс зээлийн төлбөрийг байнга нэхэх болсноор Т.Улаанбаатар нь 3.000.000 төгрөгийг Л.Гаийн дансанд шилжүүлсэн, энэ талаар хариуцагч маргадаггүй.
Харин зээлийн барьцаанд орон сууцыг тавьсан бөгөөд орон сууц худалдах худалдан авах гэрээний дагуу 10.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн зүйл байхгүй. Дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж үзэж байгаа гэв.
3. Хариуцагч хариу тайлбартаа талуудын хооронд зээлийн гэрээний үүргийг хангуулахаар орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т дүр үзүүлж хийсэн хэлцлийн талаар заасан бөгөөд дүр үзүүлж хийсэн хэлцлийг тайлбарласан Улсын дээд шүүхийн тайлбар, тогтоол гарсан байгаа. Дүр үзүүлсэн хэлцэл нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд заасан аливаа эрх, үүргийг үүсгэх дуусгавар болгох хүсэл зорилго байхгүй байхыг шаарддаг. Гэтэл худалдах худалдан авах хэлцэл нь талуудын хооронд хүсэл, зориг, үр дагавар бий болгохоор хийсэн байдаг.
Т.Улаанбаатар, С.Э нар зээл авсан бөгөөд уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор орон сууцыг шилжүүлсэн. Талууд барьцааны гэрээ байгуулах боломжтой байсан гэдгийг анзаараад одоо зээлээ төлдөггүй. Энэ худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлж хийсэн хэлцэл биш бодитой үр дагавар, эрх зүйн харилцаа үүсгэх, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор байгуулсан, талуудын хэлж буй тайлбараар нотлогдож байгаа. Зээлээ төлөх юм бол байрыг шилжүүлнэ гэсэн байр суурьтай байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
4. Хариуцагч Л.Гаээс нэхэмжлэгчид холбогдуулан талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үндсэн үүрэгт 25,000,000 төгрөг, алданги 12,500,000 төгрөг, зээлийн гэрээний үүргээ хугацаанд биелүүлээгүйгээс учирсан хохирол 10,051,450 төгрөг, нийт 47,551,450 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ С.Этай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо, , тоот хаягт байрлах, 41,52 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг шилжүүлэн авсан.
С.Э нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэлгүй хохироосоор байсан тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо, , тоот хаягт байрлах, 41,52 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг иргэн М.Цэнгүүнд 35,000,000 төгрөгөөр худалдсан. С.Э нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор миний нэр дээр шилжүүлсэн орон сууцны эзэмших, ашиглах эрхийг Л.Га, М.Цэнгүү нарт шилжүүлж өгөлгүй уг орон сууцандаа амьдрах, захиран зарцуулах эрхийг хязгаарласны улмаас 10,051,450 төгрөгийн хохирол учраад байна. М.Цэнгүүн нь 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр надтай худалдах худалдан авах гэрээ байгуулсан тул намайг хариуцагчаар татаж, худалдах худалдан авах гэрээг хүчингүй болгуулах, учирсан хохирол зардлыг гаргуулахаар нэхэмжлэл гаргаснаар шүүх М.Цэнгүүнтэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрэний дагуу шилжүүлсэн 35,000,000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 9,600,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 451,450 төгрөг, нийт 45,054,150 төгрөгийг надаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийвэрлэснээр шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон гэж тайлбарласан.
5. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар бид 2020 оны 05-р сарын 7-ны өдөр шүүхэд нэхэмжлэл өгсөн. Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо, , тоот хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай эд хөрөнгийг Л.Гаээс буцаан шаардах гэж байгааг мэдсээр байж М.Цэнгүүнд зарж 34,300,000 төгрөгийг Л.Га өөртөө шилжүүлэн авсан тул сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан гэх хохирлын шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргасан.
6. Нэхэмжлэгчээс 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо, , тоот хаягт байрлах, 41,52 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр С.Э бүртгэгдсэн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 002 дугаартай зээлийн гэрээ, С.Э, Л.Га нарын иргэний үнэмлэх хуулбар, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 06402 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж, Т.Улаанбатар гэх иргэний үнэмлэхийн лавлагаа, Голомт банкны 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 24,960,000 төгрөгийн мемориалын баримт, С.Эгийн Голомт банкны 1809328767 дугаартай дансны хуулга, Итгэлт эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Үндэсний татварын алба хураагч 265 дугаартай тэмдэг дарагдсан банкны гүйлгээний жагсаалт,
хариуцагчаас 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 002 дугаартай зээлийн гэрээ, уг гэрээний хавсралт-1, Л.Гаийн Голомт банкны 1105038290 дугаартай дансны хуулга, 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн М.Цэнгүүнтэй байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо, , тоот хаягт байрлах, 41,52 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө М.Цэнгүүний өмчлөлд бүртгэгдсэн 2020-04-30-ны өдрийн гэрчилгээ, Хаан банкны 2020-4-29-ний өдрийн 34,300,000 төгрөгийн шилжүүлэг баримт, Улаанбаатар хотын банкны 700,000 төгрөгийн мемориалын баримт, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн огноотой М.Цэнгүүн, Л.Га нарын хооронд байгуулсан хэлцлийн байрыг буцаан шилжүүлэхээр зөвшөөрсөн тухай хэлцэл, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Хаан банкны 45,054,150 төгрөгийн орлогын мэдүүлэг, Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо, , тоот хаягт байрлах, 41,52 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх Л.Гаийн нэр дээр 2022-02-15-ны өдөр бүртгэгдсэн гэрчилгээ, тус шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 00289 дугаартай шийдвэр, Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо, , тоот хаягт байрлах, 41,52 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа зэрэг баримтуудыг шүүхэд гаргасан байна.
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо, , тоот хаягт байрлах, 41,52 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа /1-р хх-36-43/, С.Эгийн Iphone x max маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-96/ зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 25,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 4 хороо, 18105 дугаар гудамжны 32 дугаар байрны тоотод байрлах, 41.52 м.кв талбайтай, 2 өрөө, улсын бүртгэлийн дугаартай, орон сууцыг барьцаалах зорилготой байсан боловч зээл олгогч Л.Гаийн шаардснаар орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж тодорхойлсон.
Өөрөөр хэлбэл талуудын хооронд 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэж энэхүү орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэх талаар шаардсан.
2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн гэрээний үүргийг хангуулахаар орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, худалдах худалдан авах хэлцэл нь талуудын хооронд хүсэл, зориг, үр дагаварыг бий болгох зорилгоор хийгдсэн, Т.Улаанбаатар, С.Э нар зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй, уг үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэх үндэслэлээр үгүйсгэсэн.
3. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ С.Этай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо, , тоот хаягт байрлах, 41,52 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авсан. С.Э нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй хохироосон тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор уг орон сууцыг иргэн М.Цэнгүүнд 35,000,000 төгрөгөөр худалдсан. М.Цэнгүүн худалдаж авсан дээрх орон сууцандаа амьдрах, захиран зарцуулах эрхийг хязгаарласны улмаас 10,051,450 төгрөгийн хохирлыг надаас нэхэмжилж шүүхийн шийдвэр гарсан гэж тодорхойлсон.
4. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар бид шүүхэд нэхэмжлэл гаргаснаар уг орон сууцыг зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан болохыг хариуцагч мэдсээр байж М.Цэнгүүнд 34,300,000 төгрөгөөр худалдаж, уг мөнгийг Л.Га өөртөө шилжүүлэн авсан тул зөвшөөрөхгүй гэж татгалзсан.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч С.Э, хариуцагч Л.Га нарын хооронд 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо, , тоот хаягт байрлах, 41,52 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч нь орон сууцыг 10,000,000 төгрөгөөр худалдах, хариуцагч нь орон сууцны үнийг 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төлж дуусгахаар харилцан тохиролцсон байна.
Дээрх худалдах худалдан авах гэрээний зүйл болох орон сууцны өмчлөгчөөр хариуцагч Л.Га 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр бүртгэгдсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагаа баримтаар тогтоогдож байна /1-р хх-36-39/.
6. Энэхүү худалдах, худалдан авах гэрээ байгуулагдах болсон шалтгаан үндэслэлийг гэрчээр оролцсон Т.Улаанбаатар нь хариуцагчаас зээл авахын тулд нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаанд тавих зорилготой байсан боловч хариуцагчийн шаардсанаар худалдах худалдан авах гэрээ байгуулсан болохыг тайлбарлаж, энэхүү үйл баримтын талаар зохигчид маргаагүй.
Тодруулбал, 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор байгуулсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй бөгөөд шүүх хуралдаанд хариуцагч Л.Га нь зээлийн гэрээний үүрэг, үүргийг хугацаандаа гүйцэтгээгүйгээс учирсан хохирол төлбөрийг төлж гүйцэтгэвэл маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг зөвшөөрсөн, нэхэмжлэгч тал зээлийн гэрээний үүргийг Т.Улаанбаатар гүйцэтгэх ёстой гэж маргасан тайлбар гаргаснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр оролцсон гэрч Т.Улаанбаатар нь 2019-03-26-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг ,500,000 төгрөгөөр хариуцагч Л.Гад төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар, мэдүүлгийг шүүх хуралдаанд гаргасан.
Иймд талуудын байгуулагдсан зээлийн гэрээний талаар буюу сөрөг нэхэмжлэлийн шаардлагад эхлээд дүгнэлт өгөх нь зүйтэй байна.
1. Хэрэгт авагдсан 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 002 дугаартай зээлийн гэрээнд хариуцагч Л.Га нь зээлдүүлэгч, нэхэмжлэгч С.Э зээлдэгч, гэрчээр оролцсон Т.Улаанбаатар нь хамтран зээлдэгчээр тус тус оролцож, 25,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлдүүлэхээр харилцан тохиролцсон байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Тодруулбал, талууд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан Зээлийн гэрээ-ний үр дагаварыг үүсгэх агуулгаар харилцан хүсэл зоригоо илэрхийлж гэрээ байгуулсан байх ба тус гэрээ нь хүчин төгөлдөр байх тул хариуцагч Л.Га нь зээлдэгч С.Э, Т.Улаанбаатар нарын өмчлөлд мөнгө шилжүүлэх, эдгээр зээлдэгч нар хариуцагчид шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг буцаан шилжүүлэх үүрэг харилцан үүссэн байна.
Тиймээс хариуцагч Л.Га нь Голомт банкны 1105038290 тоот данснаас нэхэмжлэгч С.Эгийн 1809328767 тоот данс руу 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 24,960,000 төгрөгийн шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан GB56080 дугаартай Голомт банкны мемориалын баримт, нэхэмжлэгч С.Эгийн Голомт банкны 1809328767 дугаартай, хариуцагч Л.Гаийн Голомт банкны 1105038290 дугаартай дансны хуулга зэргээр тогтоогдож байна.
2. Гэтэл нэхэмжлэгч С.Э нь дээрх зээлийн гэрээний мөнгөн хөрөнгийг би аваагүй Т.Улаанбаатар авч хэрэглэсэн учраас би төлөх үндэслэлгүй гэж маргаж байх боловч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж, хуулийн 242.3-т үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж тус тус зохицуулсан.
3. Иймд, талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан хэлцлийн үндсэн дээр үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн, нэхэмжлэгч С.Э, гэрч Т.Улаанбаатар нар 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 002 дугаартай зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчид байх тул үүрэг гүйцэтгүүлэгч нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.
4. Хэрэгт авагдсан 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх хугацаа 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр дууссан, зээлдүүлэгчээс 24,960,000 төгрөгийг зээлдэгч С.Эгийн дансанд шилжүүлснээр зээлдэгч нар гэрээний үүрэгт төлбөр төлөөгүй, үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн үйл баримтад талууд маргаагүй.
5. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй тул гэрээний 1.5-д заасны дагуу алдангид 12,500,000 төгрөг гаргуулна гэж шаардлагаа тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж, хуулийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж тус тус заасан.
6. Иймд дурдсан үндэслэлээр хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 24,960,000 төгрөгийг, гэрээгээр тохиролцсон алдангид 12,480,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчээс шаардах эрхтэй гэж үзэв.
7. Иргэн М.Цэнгүүн худалдах худалдан авах гэрээнээс татгалзсанаас учирсан хохиролд 10,051,450 төгрөг гаргуулах шаардлагыг зээлийн гэрээний үүргийг хугацаандаа гүйцэтгээгүйгээс хохирол учирсан гэж тодорхойлсон.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж, хуулийн 227 дугаар зүйлийн 227.4-т үүрэг гүйцэтгэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь уг эд хөрөнгийг өөртөө шилжүүлэх, учирсан хохирлоо арилгахыг шаардах эрхтэй гэж тус тус зохицуулсан.
8. Хариуцагч Л.Га нь маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо, , тоот хаягт байрлах, 41,52 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг иргэн М.Цэнгүүнд 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 35,000,000 төгрөгөөр худалдсанаар 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр дээрх үл хөдлөх эдхийн өмчлөгчөөр М.Цэнгүүн бүртгэгдсэн байх бөгөөд 2020-4-29-ний өдөр 34,300,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн болох нь Хаан банкны банк хоорондын шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.
9. Мөн хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 00289 дугаар шийдвэрээр М.Цэнгүүн, Л.Га нарын 2020-04-29-ний өдөр байгуулсан худалдах худалдан авах гэрээг цуцалж, хариуцагч Л.Гаээс 44,600,000 төгрөгийг гаргуулж М.Цэнгүүнд олгохоор шийдвэрлэсэн байх тул хариуцагч Л.Га нь иргэн М.Цэнгүүнтэй байгуулсан гэрээний үүргээ зөрчсөний улмаас гэрээнээс татгалзах эрхийг гэрээнд оролцогч худалдан авагч тал хэрэгжүүлсэн байх тул зээлийн гэрээний оролцогчоос хариуцагч нь хохирол шаардах эрхгүй байна.
10. Иймд хохиролд 10,051,450 төгрөг гаргуулах, алдангид шаардсан 20,000 төгрөг, нийт 10,071,450 төгрөгийн сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд
Зохигчийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо, , тоот хаягт байрлах, 41,52 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан үндэслэлийг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилготой байсан болохыг зохигч тайлбарлаж, хэн аль нь маргаагүй.
Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д барьцааны гэрээг бичгээр байгуулна гэж, 156.2-т үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэж тус тус заасан.
Тиймээс Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зааснаар гэрээг байгуулах нь талуудын эрх боловч мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.8-д зааснаар талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болох бөгөөд нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзэхээр Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасан.
Зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэргийн баримтаар дээрх худалдах худалдан авах гэрээний талууд тухайн орон сууц худалдах, худалдан авах хүсэл зориг эрмэлзэлгүйгээр 25,000,000 төгрөгийн дүн бүхий зээлийн гэрээний үүрэгт баталгаа болгох зорилгоор, зөвхөн хэлцлийн гадаад илэрхийллийг бий болгох буюу өмчлөх эрхийг зээлдүүлэгчийн нэр дээр шилжүүлж буй байдлыг бий болгохын худалдах худалдан авах гэрээ хэлбэрээр дүр үзүүлэн, барьцааны гэрээг халхавчлах зорилгоор хийгдсэн гэрээ байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас ,440,000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 10,111,450 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 655,340 төгрөг, хариуцагчийн урьдчилан төлсөн 521,224 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлийн хангагдсан ,440,000 төгрөгийн шаардлагад ногдох хураамжид 345,150 төгрөгийг гаргуулж хариуцагчид, хариуцагчаас үндсэн нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад ногдох хураамжид 174,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Эгаас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт ,440,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч Л.Гад олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,111,450 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан зохигчийн хооронд 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан орон сууцны худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Сонгинохайрхан дүүрэг, 4-р хороо, тоотын 2 өрөө, улсын бүртгэлийн дугаартай орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч С.Эгийн нэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагч Л.Гад даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн 655,340 төгрөг, хариуцагчийн төлсөн 521,224 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Эгаас 345,150 төгрөгийг гаргуулж хариуцагч Л.Гад, хариуцагч Л.Гаээс 174,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Эд тус тус олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ