Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 650

 

 

 

 

 

 

 

 

 

“Х” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2019/00280 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “А” ХХК-д холбогдох

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Ф” ХХК

 

2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр “Х” ХХК-аас үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн 60 хувийг “А” ХХК-д шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулан, хэлцлээр шилжүүлсэн маргаан бүхий барилгын 60 хувиас гуравдагч этгээдэд шилжүүлснээс үлдэх талбай болох 1 давхар 652.1 м.кв, 10-15 давхар 4 936.8 м.кв, 16 дугаар давхар 826.4 м.кв, нийт 8 давхар буюу 6 415.3 м.кв талбай, 15 автомашины дулаан зогсоолыг “А” ХХК-ийн өмчлөлөөс “Х” ХХК-д буцаан шилжүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхгэрэл

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Оюунболд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Сайнбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани “А” ХХК-тай 2009 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 09/08 дугаартай хөрөнгө оруулалтын гэрээг байгуулан, тус гэрээнд “А” ХХК-ийн эзэмшлийн барилга барих зориулалт бүхий газрын зоорийн суурин дээр оффисын зориулалттай 19 давхар барилгын ажлыг барьж дуусгахад шаардагдах хөрөнгө оруулалтыг манай компани хийхээр, “Х” ХХК 60 хувь, “А” ХХК 40 хувийг хуваан өмчлөхөөр, давхрын байрыг 2 тал тохиролцсон хэмжээгээр сугалааны зарчмаар өмчлөх талбайг сонгож бичгээр баталгаажуулна гэх ерөнхий тохиролцоонуудыг анхны гэрээгээр тохирсон.

2011 оны 3 дугаар сарын 18-ны өдөр талууд 09/08/01 дугаартай нэмэлт гэрээ байгуулж, хөрөнгө оруулалтын хэмжээг 10 000 000 ам.долларт барьж, түүнээс илүү гарвал үндсэн гэрээнд заасан хувь хэмжээгээр илүү гарсан зардлыг хуваан хариуцахаар тохиролцож гэрээнд тусгасан. Барилгын ажил дуусах хугацааг нэмэлт гэрээгээр 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тогтоож, баталгаажуулсан.

“Х” ХХК-ийн зүгээс энэ цаг хугацаанд 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 7 400 000 ам.долларын хөрөнгө оруулалтыг барилга угсралтын ажилд зарцуулсан. 2011 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 2 тал хуралдаж, нэмэлт гэрээгээр тохирсны дагуу 1 давхрыг бүхэлдээ “Х” ХХК-д, зоорийн Б1, Б2 давхруудыг, дулаан автомашины зогсоолыг 60, 40 хувийн хэмжээгээр, 2-7 давхрыг “А” ХХК, 9-16 давхрыг “Х” ХХК, 8 давхрыг 60 хувь, 40-ийн хэмжээгээр хуваан авахаар тохирсон байдаг.

“А” ХХК-аас ирсэн хүсэлтийг үндэслэн “Хувь шилжүүлэх гэрээ” байгуулж, “Х” ХХК-ийн эзэмших 60 хувийг 11 000 000 ам.доллараар үнэлж, компани 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр тохирсон.

“А” ХХК-ийн зүгээс 2013 он гартал тодорхой шийдэлгүй, шалтаг хэлж, хүлээлтийн байдалд оруулсан. Барилгын үйл ажиллагаа зогсонги байдалд орж, хувь шилжүүлэх гэрээний дагуу буцаан мөнгө төлөхгүй цаг хугацаа алдсан.

 “А” ХХК-д хүргүүлж байсан. “А” ХХК нь манай компанийн 60 хувийг шилжүүлэн авч, тохиролцсон ёсоор 11 000 000 ам.доллараа өгөхгүй, хугацаа алдаж байсан учраас 11 000 000 ам.доллар өгсний дараа 60 хувийг шилжүүлж өгье гэх байдлаар 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа үл хөдлөх эд хөрөнгөд манайх хамтран өмчлөгчөөр орсон байдаг. Ингэхдээ 60 хувийг “Х” ХХК-д 40 хувийг “А” ХХК өмчлөхөөр бүртгүүлсэн.

2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “А” ХХК-аас ирсэн албан бичигт “манай компани тус төсөлд оруулсан 7 540 000 ам.долларын санхүүжилтийг баталгаажуулж, хүлээн зөвшөөрснөө илэрхийлэн, 2009 оны анхны гэрээний заалтыг дагаж мөрдмөөр байна, танай компаниас санхүүжилтээ үргэлжлүүлэн хийхийг хүссэн” гэж тусгасан байдаг.

Манайд “А” ХХК-ийн 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаартай албан бичгээр “Си Эм Эс” ХХК-аас 10 000 000 ам.долларыг гурван жилийн хугацаатай зээлэх боломжтой, 60 хувийг хуваан өмчилж байгаа болон санхүүгийн тайланг аль нэг компанийн нэр дээр шилжүүлсэн тохиолдолд зээл олгоход эрсдэлгүй, тиймээс үл хөдлөх эд хөрөнгийн 60 хувийг манай компанид шилжүүлж өгөхийг хүсч байна” гэх утгатай санал ирүүлсэн. Манай компани саналыг хүлээн авч 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр талууд “Хамтарсан хурлын шийдвэр” нэртэй баримт үйлдэж, уг баримтаар “Х” ХХК нь 60 хувийн өмчлөх эрхээ “А” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн. Гэвч “А” ХХК нь “Си Эм Эс” ХХК-аас зээл аваагүй, 2017 онд 8 дугаар сараас барилгын ажлыг үргэлжүүлэн 12 дугаар сард дуусган улсын комисст хүлээлгэн өгсөн. Энэ үеэс эхлэн манай талд зээл болон зээлийн зарцуулалтын талаар мэдэгдээгүй, албан бичиг илгээсэн боловч хариу өгч байгаагүй болно. Улмаар манай компанид мэдэгдэхгүйгээр гуравдагч компанид автомашины 6 зогсоол, 7, 8, 9 давхруудыг шилжүүлэн, дангаараа захиран зарцуулж, манай компанийн өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Манай компани 2013 оны 12 дугаар сард баталгаажуулсан гэрээгээр 7 500 000 ам.доллар буюу нэхэмжлэл гаргах үеийн ханшаар 19 098 820 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Харин, манай компани өнөөдрийг хүртэл өмчлөх ёстой талбайгаа өмчилж, захиран зарцуулах, эзэмшиж, ашиглаж, түүнийхээ үр шимийг хүртэж чадахгүй байна.

Иймд 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, уг хэлцлээр шилжүүлсэн маргаан бүхий барилгын гуравдагч этгээдэд шилжүүлснээс үлдсэн хэсгийн 60 хувь болох 15 автомашины зогсоол, 1 дүгээр давхар бүхэлдээ буюу 652.1 мкв талбай, 10-15 давхар буюу 4 936.8 мкв талбай, 16 давхар бүхэлдээ 826.4 мкв талбай, нийт 8 давхар буюу 6 415.3 мкв талбай, 15 автомашины дулаан зогсоолыг “А” ХХК-ийн өмчлөлөөс “Х” ХХК-ийн өмчлөлд буцаан шилжүүлж, нийт 8 давхар буюу 6 415.3 мкв талбайг “А” ХХК-ийн өмчлөлөөс манай компанийн өмчлөлд шилжүүлж өгнө үү гэв.

Хариуцагч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван шүүхэд гаргасан тайлбартаа: Талууд 2009 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 09/08 дугаартай хамтран ажиллах гэрээ байгуулсан. “Х” ХХК өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар “А” ХХК-ийн эзэмшлийн, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах 816 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай газар дээр 16 000 м.кв талбайтай 19 давхар оффисын барилга барьж дуусгах, ашиглалтад оруулсны дараа барилгыг 60/40 гэсэн харьцаагаар тус тусын өмчлөлдөө хуваан авахаар тохиролцсон байдаг. Энэхүү гэрээг байгуулах үед “А” ХХК барилгын суурь болон зоорийн давхарыг өөрийн хөрөнгөөр барьсан байсан. Тодруулбал, дээрх гэрээний 2.2-д “Х” ХХК-ийн гол үүргийг тусгасан.

Гэвч гэрээ хэрэгжих явцад “Х” ХХК-ийн санал хүсэлтээр 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 09/08/01 дугаартай нэмэлт гэрээ байгуулж, “Х” ХХК барилгын ажлыг санхүүжүүлэх дээд хэмжээг 10 000 000 ам.доллараар тогтоон, хэтэрсэн тохиолдолд хэтэрсэн хэсгийн 40 хувийг “А” ХХК хариуцахаар, мөн барилгын ажлыг дуусгах хугацааг 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгаж, 19 давхар барилгыг 16 давхар болгон багасгасан.

Ийнхүү үүргээ биелүүлээгүй, барилга 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ашиглалтад ороогүй.

“Х” ХХК-ийн санхүүжилт зогссон байсан бөгөөд 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 70 хувийн гүйцэтгэлтэй барилгын гэрчилгээг “А” ХХК дангаараа өөрийн нэр дээр гаргуулсан байсан. Харин 2013 онд “Х” ХХК-ийн удирдлагуудынх нь “...бид хөрөнгө босгоход баталгаа хэрэгтэй байна, хятад төв компанийн захиралд үзүүлэх шаардлагатай байна, гэрээний үүргээ биелүүлэхэд хэрэгтэй байна, тийм болохоор дуусаагүй ч гэсэн манайхыг хамтран өмчлөгчөөр оруулаач” гэсэн хүсэлтийн дагуу хамтран өмчлөгчөөр өөрчлөлт оруулсан.

Үүнээс хойш “Х” ХХК гэрээний үүргээ биелүүлээгүй буюу санхүүжилтгүйгээс 3 жил орчим зогссон бөгөөд гэрээний харилцаа үргэлжлэхээ больсон.

Талууд сайн дураараа харилцан тохиролцож, “Х” ХХК-ийн барилгад оруулсан мөнгөн хөрөнгийг “А” ХХК-д өглөг болгон үүсгэн бүртгэн, дуусаагүй барилгыг 100 хувь “А” ХХК-ийн өмч болгохоор болж зохих гэрээ хэлцлийг байгуулан улсын бүртгэлд бүртгүүлсэн. 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хамтын шийдвэрийг талууд чөлөөт хүсэл, зориг сайн дурын үндсэн дээр гаргасан ба хууран мэхэлсэн ямар ч асуудал байхгүй.

Хамтарсан шийдвэрийг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл байхгүй. Өнөөдрийн байдлаар 70 хувийн гүйцэтгэлтэй барилга байхгүй, 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ байхгүй бөгөөд байхгүй хөрөнгийн өмчлөх эрхийг сэргээх, тогтоох боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлага нь 70 хувийн гүйцэтгэлтэй барилгын 60 хувь ч биш, “...уг хэлцлээр шилжсэн үл хөдлөх эд хөрөнгийн 60 хувийн өмчлөгчөөр бүртгэхийг” гэснээс үзэхэд 70 хувийн гүйцэтгэлтэй барилгын 60 хувийн өмчлөгчөөр тогтоолгох агуулгатай байна. Учир нь хэлцлийн дагуу 70 хувийн гүйцэтгэлтэй барилгын 60 хувийг шилжүүлсэн үү гэхээс 70 хувийн гүйцэтгэлтэй барилгыг 100 хувь шилжүүлсэн асуудал байхгүй. Түүнчлэн, “Х” ХХК үүргээ бүрэн гүйцэтгэж, барилгыг ашиглалтад оруулсны дараа “Х” ХХК-д барилгын тодорхой хувийн өмчлөгч болохоор тохиролцсон. Тэрнээс барилга дуусаагүй байхад барилгын тодорхой хувийг өмчлөх эрх “Х” ХХК-д байхгүй. 2009 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 09/08 дугаартай хамтран ажиллах гэрээний 2.5-д ”Барилга баригдаж дууссаны дараа 2 тал оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ уг барилгын өөрт оногдох хэсгийн өмчлөгч болно” гэж заасан. Ямар хөрөнгийг, ямар хэмжээгээр өмчлөх эрхтэй гэдэг нь тодорхойгүй буюу тогтоогдоогүй этгээд өмчлөх эрх нь өөр этгээдэд бүртгэлтэй хөрөнгийн 60 хувийн өмчлөгчөөр бүртгүүлэхийг шаардах эрхгүй. Харин гэрээний харилцаа үргэлжилж байсан хугацаанд зохигчдын хооронд үүссэн төлбөр тооцооны асуудал хүссэн хүсээгүй гэрээ дуусгавар болсон үр дагаварын асуудал бий болсон тул бодит нөхцөл байдлыг гуйвуулан, үндэслэлгүй нэхэмжлэл гаргахгүйгээр гэрээний үүргээ зөрчиж, “А” ХХК-ийг хохироосон буруутай үйлдлээ ойлгон, зохих хариуцлага хүлээн, барилгад оруулсан мөнгөн хөрөнгөө буцаан гаргуулж авахаар хариуцагчийн удирдлагуудтай уулзалт яриа хэлэлцээр хийвэл асуудлыг хурдан, шударгаар шийдвэрлэх боломжтой байх. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар хариуцагч А ХХК-д холбогдох 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр “Х” ХХК-иас үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн 60 хувийг “А” ХХК руу шилжүүлсэн /хамтын шийдвэр/ хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулан, хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжсэн маргаан бүхий барилгын 60 хувиас гуравдагч этгээдэд шилжүүлснээс үлдэх талбай болох 1 давхар 652.1 м.кв, 10-15 давхар 4 936.8 м.кв, 16 дугаар давхар 826.4 м.кв, нийт 8 давхар буюу 6 415.3 м.кв талбай, 15 автомашины дулаан зогсоолыг “А” ХХК-ийн өмчлөлөөс “Х” ХХК-д буцаан шилжүүлэх тухай нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 95 652 050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 100200600941 тоот данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХХК-д олгон шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхгэрэл давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох заалтуудыг бүрэн хэрэглээгүй, хэрэглэвэл зохих заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

Анхан шатны шүүх талуудын хооронд 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан "Хамтарсан хурлын шийдвэр" нэртэй хэлцэл бичгээр хийгдэж, үр дагавар үүсгэсэн нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 39 дүгээр зүйл, 41 дүгээр зүйлийн 41.2, 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.2, 58 дугаар зүйлийн 58.1, 58.3.3, 58.3.4, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгийн заалтыг хэрэглээгүй, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтыг дангаар нь буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулан, хэтэрхий нэг талын эрх ашгийг хамгаалан хууль ёсны хөрөнгө оруулагчийн эрхийг ноцтой зөрчиж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хэргийг шийдвэрлэсэн байна.

Шүүх талуудын хүсэл зоригийг хууль зүйн үндэслэлтэйгээр тайлбарлаж чадаагүй. “Х” ХХК-ийн хүсэл зориг анхнаасаа барилгад хөрөнгө оруулалт хийж, оруулсан хөрөнгийнхөө хэмжээнд уг барилгын 60 хувийн өмчлөгч болох сонирхолтой байсан. Харин хариуцагч “А” ХХК-ийн хүсэл зориг хөрөнгө оруулагч “Х” ХХК хөрөнгө оруулаад барилгын ажил дуусах шатанд орсон үеэс эхлэн өөрчлөгдөж, элдэв янзын санал гаргаж, оруулсан хөрөнгийг 11 000 000 ам.доллар болгон буцаан өгөх гэх мэтээр санал гаргаж, цаг хугацаа алдуулан, хууран мэхэлж, хугацаа авч, төрөл бүрийн заль гаргаж, маргаан бүхий барилгыг дангаараа өмчлөх хүсэл зоригоо илэрхийлж байсан хүсэл зориг нь хэрэгт авагдсан “А” ХХК-аас “Х” ХХК-д явуулсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байдаг.

"А" ХХК-аас 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр ирүүлсэн албан бичигт "Си Эм Эс" ХХК-аас 10 000 000 долларыг 3 жилийн хугацаатай зээлэх боломж олдлоо, тус компаниас 60 хувийг хуваан өмчилж байгаа болон санхүүгийн тайланг аль нэг компанийн нэр дээр шилжүүлсэн тохиолдолд зээл олгоход эрсдэлгүй гэж үзэж байгаа, тиймээс үл хөдлөх эд хөрөнгийн 60 хувийг манай компанид шилжүүлж өгнө үү, ...төслөө хамтран дуусгах боломж бүрдлээ" гэсэн учир талууд 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хуралдаж, зөвхөн “Си Эм Эс” ХХК-д зориулж тэдний албан бичигт нийцүүлэн, зөвхөн гадаад илэрхийллийг бий зорилгоор хийцэн хэлцэл юм. Түүнээс 60 хувийг шилжүүлж, өр авлагатай үлдэх санаа зорилго байгаагүй нь дүр үзүүлсэн хэлцэл болохыг тодорхой харуулна. Учир нь манай компанийн гол зорилго тухайн газарт оффисын барилга барьж, хурдан хугацаанд ашиглалтанд оруулж, гэрээгээр тохирсон барилгын 60 хувийг өмчлөлдөө авч худалдан борлуулан хөрөнгө оруулалт хийсэн зардлаа гаргаж авах явдал юм. Иимээс ч энэ барилгад 7 500 000 долларын хөрөнгө оруулалт хийсэн, хариуцагч байгууллага энэ хөрөнгө оруулалтыг хүлээн зөвшөөрч байгаа болно. Манай компани ямар нэгэн үр дагаваргүй, өөрт ашиггүйгээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг шилжүүлэх хууль зүйн үндэслэл байхгүй бөгөөд хэлцэлд 60 хувийн өмчлөлийн үнийн дүнгийн талаар дурьдаагүй байгаа нь дүр үзүүлэн хийсэн хэлцлийн гадаад илрэлийг харуулж байна. Тус хэлцлийн хувьд үүсэх ёстой эрх зүйн үр дагаврыг бий болгох зорилгогүй, зээл авсан даруйд буцаан шилжүүлэх аман тохироотой байсан. Хэлцэл хийх гол үндэслэл болсон эрхийн талаар болон тохиролцооны зүйл байсан сэдэлтийн талаар нэхэмжлэгчийг төөрөгдөлд оруулан, итгэлийг эвдэж, хууран мэхэлж, дүр үзүүлэн хэлцэл хийсэн байдаг.

Энэ нь “А” ХХК-ийн 2015 оны 15 дугаар албан бичгийн дагуу “А” ХХК-ийн хүсэлтээр “Си Эм Эс” ХХК-аас зээл авахад шаардагдах болзолт нөхцөл буюу саадыг дүр үзүүлсэн хэлцлээр арилгаж өгсөн байхад “Си Эм Эс” ХХК-аас 10 000 000 ам.долларын зээлийг аваагүй, өмчлөлийг шилжүүлэн авсан үеэс эхлэн огт харилцаа холбоогүй болж, “Х” ХХК-ийн удирдлагуудтай холбогдохоо больсон. “Х” ХХК-д мэдэгдэлгүйгээр бие даасан шаардлага гаргаагүй, гуравдагч этгээд “Ф” ХХК-аас 3 000 000 ам.долларын хөрөнгө оруулалт татаж, маргаан бүхий барилгын зарим хэсгийг хөрөнгө оруулагч гэх “Ф” ХХК-д шилжүүлэн өгсөн зэрэг өнгөрсөн цаг хугацаанд болсон үйл баримтуудаар бүрэн нотлогдож байгаа юм.

Шүүх дээрх хэлцлийг яагаад дүр үзүүлсэн хийсэн хэлцэл биш болохыг хууль зүйн талаас нь үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

Шүүхийн шийдвэрийн "Үндэслэх" хэсэгт хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлд дурдагдсан 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хэлцлийн талаар хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр маргааныг хянан шийдвэрлэж, нэхэмжлэгчийн эсрэг шудрага бус шийдвэр гаргасанд гомдолтой байна. Нэхэмжлэгчийн дотоод хүсэл зоригийн илэрхийлэл нь гадагшаа чиглэсэн үйлдэлдээ төөрөгдсөн, “А” ХХК нь барилгыг 100 хувь эзэмших гэсэн, “Хуашеконстракшн Монгол” ХХК нь “Си Эм Эс” ХХК-д зориулж нэг өмчлөгчтэй юм шиг дүр үзүүлж харагдах, ингэж зээл авснаар барилгын ажлыг үргэлжлүүлэн хамтран дуусгах, өмчлөл 60/40 хувиар хэвэндээ байх гэсэн тус тусын хүсэл зоригтой байсан нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл ялгаатай байсан нь тодорхой харагдана.

Иймээс 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжсэн маргаан бүхий барилгын 60 хувиас бие даасан шаардлага гаргаагүй 3-дагч этгээдэд шилжүүлснээс үлдэх талбай болох 1 давхар 652,1 м.кв, 10-15 давхар 4 936.8 м.кв, 16 дугаар давхар 826.4 м.кв, нийт 8 давхар буюу 6 415.3 м.кв талбай, 15 авто машины дулаан зогсоолыг “А” ХХК-ийн өмчлөлөөс “Х” ХХК-д буцаан шилжүүлэх тухай шаардлагыг бүрэн хангаж өгнө үү.

Түүнчлэн, анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг зөрчиж, тэгш байдлын зарчим алдагдуулсан.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлж нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүгч нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэхдээ хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж байгаа бол хэлцэлээ үнэлж улсын тэмдэгтийн хураамж төл, төлөхгүй бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа цаашид үргэлжлэхгүй, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд шаардсан, хариуцагч энэ байдлыг ашиглаж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэх зэргээр тайлбар хийж байсан.

Дүр үзүүлэн хийсэн хэлцэл хүчингүйд тооцох, хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас шилжигдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар эд хөрөнгийн бус, үнэлэх боломжгүй нэхэмжлэл байхад шүүгч нь хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй байхад өөрийн байр сууриа илэрхийлж дарамталж 95 652 050 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хууль зүйн дүгнэлт хэлэх байтал шүүгчээс асуулт хариултын шатанд өмгөөлөгчөөс хууль зүйн үндэслэлээ хэлэхийг шаардсан асуулт тавьсан. Өмгөөлөгчийн зүгээс Иргэний хуулийн 56, 57, 58, 59 дүгээр зүйлийн шинжийг тайлбарлан хэлэх гэтэл “наад хуулийн заалтууд чинь тус тусдаа өөрөөр хэрэглэгдэнэ, яг ямар хууль зүйн үндэслэлээр шаардаад байгаагаа тодорхой нэг заалтаар хэл” гэж тулгасан. Шүүгч нэг талыг барьж, талуудын чөлөөтэй мэтгэлцэх боломж нөхцлийг бүрдүүлээгүй. Хэт нэг талд давуу байдалтай үйлчилж, эцэст нь хариуцагчийн талд шүүхийн шийдвэрийг гаргаснаас гадна хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт огт өгөөгүй.

Хэрэгт авагдсан дуусаагүй барилгын өмчлөгчөөр тогтоосон гэрчилгээ, хүчин төгөлдөр бусд тооцуулах хэлцэл, “А” ХХК-ийн албан бичиг, “Си Эм Эс” ХХК-ийн албан бичиг, гэрээ, нэмэлт гэрээ, хувь шилжүүлэх гэрээ, “Х” ХХК-ийн төлбөр нэхэмжилсэн албан бичиг, “А” ХХК-ийн албан бичиг, уулзалтын тэмдэглэл, хөрөнгө оруулалтын тооцоо, улсын бүртгэлийн лавлагаа, оруулсан хөрөнгийн дүн, нийт зарцуулсан баримтуудыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 95 652 050 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

                                                              ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч “А” ХХК-д холбогдуулан 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр “Х” ХХК-аас үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн 60 хувийг “А” ХХК-д шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулан, хэлцлээр шилжүүлсэн Y-2203024452 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн 60 хувиас гуравдагч этгээдэд шилжүүлснээс үлдэх талбай болох 1 давхар 652.1 м.кв, 10-15 давхар 4 936.8 м.кв, 16 дугаар давхар 826.4 м.кв, нийт 8 давхар буюу 6 415.3 м.кв талбай, 15 автомашины дулаан зогсоолыг “А” ХХК-ийн өмчлөлөөс “Х” ХХК-д буцаан шилжүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч тал эс зөвшөөрч, маргажээ.

Хэрэгт 2009 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 09/08 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”, 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 09/08/01 дугаартай “Нэмэлт гэрээ”, “Хувь шилжүүлэх гэрээ”, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хэлцэл зэрэг бичгийн нотлох баримтууд авагдсан байна. /хх 11, 13, 36-40, 171 дэх тал/

Талууд 2009 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хамтран ажиллах 09/08 дугаартай гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “А” ХХК-ийн эзэмшлийн 14 386.5 м.кв талбай бүхий газар дээр 19 давхар оффисын зориулалттай барилгыг “Х” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар барих, 2 тал оруулсан хөрөнгө оруулалтынхаа хувь хэмжээгээр буюу урьдчилсан тогтсоноор нийт барилгын талбайн 60 хувийг “Х” ХХК, 40 хувийг нь “А” ХХК өмчлөлдөө авахаар харилцан тохиролцсон /хх 38-40 дэх тал/, 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдөр энэ гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан барилгыг 16 давхар болгож, талуудын санхүүжүүлэх дээд хязгаарыг 10 000 000 ам.доллараар тогтоож, төсөв уг хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд оруулсан хөрөнгийн хэмжээгээр буюу “Х” ХХК 60 хувийг, “А” ХХК 40 хувийг нь бэлэн мөнгөөр гаргаж барилгын ажлыг дуусгахаар тохиролцсон, /хх 36-37 дахь тал/ энэ талаар талууд маргаангүй.

Мөн хамтран ажиллах гэрээний дагуу 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Соёл амралтын хүрээлэн, Олимпийн гудамжны 5 тоотод байршилтай үйлчилгээний зориулалттай, 14 386.5 м.кв талбайтай, 16 давхар, 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын 40 хувийг “А” ХХК, 60 хувийг нь “Хуашенконстракшн” ХХК-ийн өмчлөхөөр улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх 11 дэх тал/

2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр “Хамтарсан хурлын шийдвэр” нэртэй хэлцлийг талууд хийж, үл хөдлөх эд хөрөнгийн 100 хувийн өмчлөх эрхийг “А” ХХК-ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээг гаргуулахаар шийдвэрлэсэн /хх 144 дэх тал/ ба энэ хэлцлийг хийсэн зорилго, хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр эсэх талаар маргасан. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан хэлцлийн гол нөхцөл нь хэлцэл хийх субъектын хүсэл зориг, хүсэл зоригийн илэрхийлэл, үр дагавар нэгдэлтэй байхыг шаарддаг.

Зохигчдын тайлбар, хэлцлийн агуулгаар гэрээний талууд хамтран ажиллах гэрээгээ хэрэгжүүлэх, өөрөөр хэлбэл 16 давхар барилгын ажлыг дуусгах хөрөнгө, мөнгө, зээл олох зорилгоор нэхэмжлэгч нь 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын 60 хувийн өмчлөх эрхээ хариуцагчид шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. /хх 13, 144 дэх тал/ Улмаар хариуцагч “А” ХХК нь гуравдагч этгээд “Ф” ХХК-аас хөрөнгө оруулалт авч, 16 давхар барилгын ажлыг дуусган, улсын комисст хүлээлгэн өгчээ. Ингэснээр зохигчдын хийсэн хэлцлийн үр дүн бий болж барилга баригдаж дууссан байх тул 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзнэ.

Түүнчлэн талууд хэлцлээр барилгын хөрөнгө оруулалтыг зөвхөн “Креатив Монгол солюшн групп” ХХК /CMS/ компаниас авахаар тусгаагүйн гадна уг хэлцэл нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2, 58.3, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан хэлцэл хүчин төгөлдбөр бусд тооцох, ноцтой төөрөгдлийн улмаас, эсхүл хууран мэхэлсэн, хүч хэрэглэж хийсэн хэлцлийн шинжийг агуулаагүй байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.  

Зохигчид хамтран ажиллах 2009 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн гэрээний 3.9 дэх заалтаар “барилга баригдаж дууссаны дараа 2 тал оруулсан хөрөнгийн хувь хэмжээгээр уг барилгын өөрт оногдох хэсгийн өмчлөгч болох”-оор тохирсон байх тул 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хэлцлийн дагуу хариуцагч “А” ХХК-ийг өмчлөгчөөр бүртгэсэн улсын бүртгэл нь тэдгээрийн хоорондын хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэл шаардах болон өмчлөх эрхтэй холбоотой маргаан үүсгэхэд саад болохгүй юм.

Нэхэмжлэгч тал анхан шатны шүүхийг нотлох баримт үнэлэх журам зөрчсөн, улсын тэмдэгтийн хураамж илүү төлүүлсэн гэх үндэслэлээр гомдол гаргасныг давж заалдах шатны шүүхээс хангах боломжгүй байна. Учир нь шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж, хамтран ажиллах гэрээний үүрэгт хамааралтай нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь дүгнэх журамд нийцнэ.

Түүнчлэн нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч “А” ХХК-аас тодорхой хэмжээний хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон учир энэ нэхэмжлэлийн шаардлагын үнээр улсын тэмдэгтийн хураамж төлөх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасантай нийцэх юм. Мөн Иргэний хуулийн 56, 57 дугаар зүйлд зааснаар хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэл, хүчин төгөлдөр бусд тооцох хэлцлийн үндэслэлүүдийг өөрөөр тодорхойлсон тул шүүгч нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахаар нэхэмжлэгчээс асуусныг буруутгах боломжгүй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2019/00280 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95 652 050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ЗОЛЗАЯА

           

                                            ШҮҮГЧИД                                   Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                 Ч.ЦЭНД