Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2020/00180

 

“Х М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2019/00280 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 650 дугаар магадлалтай,

“Х М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“А” ХХК-д холбогдох,

2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Хамтарсан хурлын шийдвэрийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулан, тус барилгын 60 хувиас гуравдагч этгээдэд шилжсэнээс үлдэх талбай болох нийт 6 415.3 м.кв талбай, 15 авто машины дулаан зогсоолыг “А” ХХК-ийн өмчлөлөөс “Хуашинконстракшн Монгол” ХХК-ийн өмчлөлд шилжүүлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхгэрэл, өмгөөлөгч Ж.Оюунболд нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхгэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Оюунболд, Ц.Дагвадорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани “А” ХХК-тай 2009 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 09/08 дугаартай “Хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулан, тус гэрээнд “А” ХХК-ийн эзэмшлийн барилга барих зориулалт бүхий газрын зоорийн суурин дээр оффисын зориулалттай 19 давхар барилгын ажлыг барьж дуусгахад шаардагдах хөрөнгө оруулалтыг манай компани хийхээр, “Х М” ХХК 60 хувь, “А” ХХК 40 хувийг хуваан өмчлөхөөр, давхрын байрыг 2 тал тохиролцсон хэмжээгээр сугалааны зарчмаар өмчлөх талбайг сонгож бичгээр баталгаажуулна гэх ерөнхий тохиролцоонуудыг анхны гэрээгээр тохирсон.

2011 оны 3 дугаар сарын 18-ны өдөр талууд 09/08/01 дугаартай нэмэлт гэрээ байгуулж, хөрөнгө оруулалтын хэмжээг 10 000 000 ам.долларт барьж, түүнээс илүү гарвал үндсэн гэрээнд заасан хувь хэмжээгээр илүү гарсан зардлыг хуваан хариуцахаар тохиролцож гэрээнд тусгасан. Барилгын ажил дуусах хугацааг нэмэлт гэрээгээр 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тогтоож, баталгаажуулсан.

“Х М” ХХК-ийн зүгээс энэ цаг хугацаанд 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 7 400 000 ам.долларын хөрөнгө оруулалтыг барилга угсралтын ажилд зарцуулсан. 2011 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 2 тал хуралдаж, нэмэлт гэрээгээр тохирсны дагуу 1 давхрыг бүхэлдээ “Х М” ХХК-д, зоорийн Б1, Б2 давхруудыг, дулаан автомашины зогсоолыг 60, 40 хувийн хэмжээгээр, 2-7 давхрыг “А” ХХК, 9-16 давхрыг “Х М” ХХК, 8 давхрыг 60 хувь, 40-ийн хэмжээгээр хуваан авахаар тохирсон байдаг.

“А” ХХК-иас ирсэн хүсэлтийг үндэслэн “Хувь шилжүүлэх гэрээ” байгуулж, “Х М” ХХК-ийн эзэмших 60 хувийг 11 000 000 ам.доллараар үнэлж, компани 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр тохирсон.

“А” ХХК-ийн зүгээс 2013 он гартал тодорхой шийдэлгүй, шалтаг хэлж, хүлээлтийн байдалд оруулсан. Барилгын үйл ажиллагаа зогсонги байдалд орж, хувь шилжүүлэх гэрээний дагуу буцаан мөнгө төлөхгүй цаг хугацаа алдсан.

 “А” ХХК нь манай компанийн 60 хувийг шилжүүлэн авч, тохиролцсон ёсоор 11 000 000 ам.доллараа өгөхгүй, хугацаа алдаж байсан учраас 11 000 000 ам.доллар өгсний дараа 60 хувийг шилжүүлж өгье гэх байдлаар 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа үл хөдлөх эд хөрөнгөд манайх хамтран өмчлөгчөөр орсон байдаг. Ингэхдээ 60 хувийг “Х М” ХХК-д, 40 хувийг “А” ХХК өмчлөхөөр бүртгүүлсэн.

2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “А” ХХК-иас ирсэн албан бичигт манай компани тус төсөлд оруулсан 7 540 000 ам.долларын санхүүжилтийг баталгаажуулж, хүлээн зөвшөөрснөө илэрхийлэн, 2009 оны анхны гэрээний заалтыг дагаж мөрдмөөр байна, танай компаниас санхүүжилтээ үргэлжлүүлэн хийхийг хүссэн гэж тусгасан байдаг.

Манайд “А” ХХК-ийн 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаартай албан бичгээр “Си Эм Эс” ХХК-иас 10 000 000 ам.долларыг гурван жилийн хугацаатай зээлэх боломжтой, 60 хувийг хуваан өмчилж байгаа болон санхүүгийн тайланг аль нэг компанийн нэр дээр шилжүүлсэн тохиолдолд зээл олгоход эрсдэлгүй, тиймээс үл хөдлөх эд хөрөнгийн 60 хувийг манай компанид шилжүүлж өгөхийг хүсч байна гэх утгатай санал ирүүлсэн. Манай компани саналыг хүлээн авч 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр талууд Хамтарсан хурлын шийдвэр нэртэй баримт үйлдэж, уг баримтаар “Х М” ХХК нь 60 хувийн өмчлөх эрхээ “А” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн. Гэвч “А” ХХК нь “Си Эм Эс” ХХК-иас зээл аваагүй, 2017 онд 8 дугаар сараас барилгын ажлыг үргэлжлүүлэн 12 дугаар сард дуусган улсын комисст хүлээлгэн өгсөн. Энэ үеэс эхлэн манай талд зээл болон зээлийн зарцуулалтын талаар мэдэгдээгүй, албан бичиг илгээсэн боловч хариу өгч байгаагүй болно. Улмаар манай компанид мэдэгдэхгүйгээр гуравдагч компанид автомашины 6 зогсоол, 7, 8, 9 давхруудыг шилжүүлэн, дангаараа захиран зарцуулж, манай компанийн өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Манай компани 2013 оны 12 дугаар сард баталгаажуулсан гэрээгээр 7 500 000 ам.доллар буюу нэхэмжлэл гаргах үеийн ханшаар 19 098 820 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Харин манай компани өнөөдрийг хүртэл өмчлөх ёстой талбайгаа өмчилж, захиран зарцуулах, эзэмшиж, ашиглах, түүнийхээ үр шимийг хүртэж чадахгүй байна.

Иймд 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, уг хэлцлээр шилжүүлсэн маргаан бүхий барилгын гуравдагч этгээдэд шилжүүлснээс үлдсэн хэсгийн 60 хувь болох 15 автомашины зогсоол, 1 дүгээр давхар бүхэлдээ буюу 652.1 мкв талбай, 10-15 давхар буюу 4 936.8 мкв талбай, 16 давхар бүхэлдээ 826.4 мкв талбай, нийт 8 давхар буюу 6 415.3 мкв талбай, 15 автомашины дулаан зогсоолыг “А” ХХК-ийн өмчлөлөөс “Х М” ХХК-ийн өмчлөлд буцаан шилжүүлж, нийт 8 давхар буюу 6 415.3 мкв талбайг “А” ХХК-ийн өмчлөлөөс манай компанийн өмчлөлд шилжүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Талууд 2009 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 09/08 дугаартай “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан. “Х М” ХХК өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар “А” ХХК-ийн эзэмшлийн, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах 816 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай газар дээр 16 000 м.кв талбайтай 19 давхар оффисын барилга барьж дуусгах, ашиглалтад оруулсны дараа барилгыг 60/40 гэсэн харьцаагаар тус тусын өмчлөлдөө хуваан авахаар тохиролцсон байдаг. Энэхүү гэрээг байгуулах үед “А” ХХК барилгын суурь болон зоорийн давхарыг өөрийн хөрөнгөөр барьсан байсан. Тодруулбал, дээрх гэрээний 2.2-д “Х М” ХХК-ийн гол үүргийг тусгасан.

Гэвч гэрээ хэрэгжих явцад “Х М” ХХК-ийн санал хүсэлтээр 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 09/08/01 дугаартай нэмэлт гэрээ байгуулж, “Х М” ХХК барилгын ажлыг санхүүжүүлэх дээд хэмжээг 10 000 000 ам.доллараар тогтоон, хэтэрсэн тохиолдолд хэтэрсэн хэсгийн 40 хувийг “А” ХХК хариуцахаар, мөн барилгын ажлыг дуусгах хугацааг 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгаж, 19 давхар барилгыг 16 давхар болгон багасгасан.

Ийнхүү үүргээ биелүүлээгүй, барилга 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ашиглалтанд ороогүй.

“Х М” ХХК-ийн санхүүжилт зогссон байсан бөгөөд 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 70 хувийн гүйцэтгэлтэй барилгын гэрчилгээг “А” ХХК дангаараа өөрийн нэр дээр гаргуулсан байсан. Харин 2013 онд “Х М” ХХК-ийн удирдлагуудынх нь “...бид хөрөнгө босгоход баталгаа хэрэгтэй байна, хятад төв компанийн захиралд үзүүлэх шаардлагатай байна, гэрээний үүргээ биелүүлэхэд хэрэгтэй байна, тийм болохоор дуусаагүй ч гэсэн манайхыг хамтран өмчлөгчөөр оруулаач” гэсэн хүсэлтийн дагуу хамтран өмчлөгчөөр өөрчлөлт оруулсан.

Үүнээс хойш “Х М” ХХК гэрээний үүргээ биелүүлээгүй буюу санхүүжилтгүйгээс 3 жил орчим зогссон бөгөөд гэрээний харилцаа үргэлжлэхээ больсон.

Талууд сайн дураараа харилцан тохиролцож, “Х М” ХХК-ийн барилгад оруулсан мөнгөн хөрөнгийг “А” ХХК-д өглөг болгон үүсгэн бүртгэн, дуусаагүй барилгыг 100 хувь “А” ХХК-ийн өмч болгохоор болж зохих гэрээ хэлцлийг байгуулан улсын бүртгэлд бүртгүүлсэн. 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хамтын шийдвэрийг талууд чөлөөт хүсэл, зориг сайн дурын үндсэн дээр гаргасан ба хууран мэхэлсэн ямар ч асуудал байхгүй.

Хамтарсан шийдвэрийг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл байхгүй. Өнөөдрийн байдлаар 70 хувийн гүйцэтгэлтэй барилга байхгүй, 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ байхгүй бөгөөд байхгүй хөрөнгийн өмчлөх эрхийг сэргээх, тогтоох боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлага нь 70 хувийн гүйцэтгэлтэй барилгын 60 хувь ч биш, ...уг хэлцлээр шилжсэн үл хөдлөх эд хөрөнгийн 60 хувийн өмчлөгчөөр бүртгэхийг гэснээс үзэхэд 70 хувийн гүйцэтгэлтэй барилгын 60 хувийн өмчлөгчөөр тогтоолгох агуулгатай байна. Учир нь хэлцлийн дагуу 70 хувийн гүйцэтгэлтэй барилгын 60 хувийг шилжүүлсэн үү гэхээс 70 хувийн гүйцэтгэлтэй барилгыг 100 хувь шилжүүлсэн асуудал байхгүй.

Түүнчлэн, “Х М” ХХК үүргээ бүрэн гүйцэтгэж, барилгыг ашиглалтанд оруулсны дараа “Х М” ХХК-д барилгын тодорхой хувийн өмчлөгч болохоор тохиролцсон. Тэрнээс барилга дуусаагүй байхад барилгын тодорхой хувийг өмчлөх эрх “Хуашенконстракшн” Монгол ХХК-д байхгүй.

2009 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 09/08 дугаартай хамтран ажиллах гэрээний 2.5-д Барилга баригдаж дууссаны дараа 2 тал оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ уг барилгын өөрт оногдох хэсгийн өмчлөгч болно гэж заасан. Ямар хөрөнгийг, ямар хэмжээгээр өмчлөх эрхтэй гэдэг нь тодорхойгүй буюу тогтоогдоогүй этгээд өмчлөх эрх нь өөр этгээдэд бүртгэлтэй хөрөнгийн 60 хувийн өмчлөгчөөр бүртгүүлэхийг шаардах эрхгүй. Харин гэрээний харилцаа үргэлжилж байсан хугацаанд зохигчдын хооронд үүссэн төлбөр тооцооны асуудал хүссэн хүсээгүй гэрээ дуусгавар болсон үр дагаварын асуудал бий болсон тул бодит нөхцөл байдлыг гуйвуулан, үндэслэлгүй нэхэмжлэл гаргахгүйгээр гэрээний үүргээ зөрчиж, “А” ХХК-ийг хохироосон буруутай үйлдлээ ойлгон, зохих хариуцлага хүлээн, барилгад оруулсан мөнгөн хөрөнгөө буцаан гаргуулж авахаар хариуцагчийн удирдлагуудтай уулзалт яриа хэлэлцээр хийвэл асуудлыг хурдан, шударгаар шийдвэрлэх боломжтой байх.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Фоундэшн Менежмент ЭмЭнЖи” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Алдармаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийг хүртэл гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж байсан учраас тайлбар гаргаж байсан. Манай компани хариуцагч компанитай хамтрах зорилгоор гэрээ, хэлцэл байгуулж байхдаа хөрөнгө оруулах гэж буй объект ямар байгаа болон өмчлөгч нь хэн болох талаарх мэдээллийг гаргуулж байсан. Үүнд “А” ХХК-ийн дуусаагүй барилгын улсын бүртгэлтэй холбоотой мэдээллээр бусдад өглөгтэй гэдгийг тайлан баланс дээр тулгуурлан бид нарт танилцуулагдсан. Тиймээс манайх дуусаагүй барилгад орохдоо хэн нэгнээс зөвшөөрөл авах ёстой байсан эсэх гэдэг нь манайд хамааралгүй. Хууль ёсны өмчлөгч нь “А” ХХК байсан, бусдад өглөгтэй байсан нь тодорхой байсан. Хөрөнгө оруулсан дүн маань 3 сая ам.доллар байгаа. Шаардлагатай гэж үзэж байгаа бол үүнийг тодруулах боломжтой.

Нэгэнт манай эрх ашиг хөндөгдөхгүй хэдий ч өмнө нь гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дуусаагүй барилгад хөрөнгө оруулж, дуусаад 100 хувь дууссан барилгын өмчлөгчөөр тогтоолгох гэж маргаж байгаа нь ёс зүйгүй харагдаж байсан. Гуравдагч этгээдийн зүгээс хөндлөнгөөс харахад талууд оруулсан хөрөнгө оруулалтаа тооцож, эвийн журмаар асуудлаа шийдэх боломжтой гэж үзэж байна. Мөн та бүгдийн маргаанаас болж барилга хуваагдах юм бол аж ахуйн нэгжийн эрх ашиг хөндөгдөх учир тус маргааныг эвийн журмаар шийдэхийг санал болгож байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2019/00280 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар хариуцагч “А” ХХК-д холбогдох 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр “Х М” ХХК-иас үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн 60 хувийг “А” ХХК руу шилжүүлсэн /хамтын шийдвэр/ хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулан, хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжсэн маргаан бүхий барилгын 60 хувиас гуравдагч этгээдэд шилжүүлснээс үлдэх талбай болох 1 давхар 652.1 м.кв, 10-15 давхар 4 936.8 м.кв, 16 дугаар давхар 826.4 м.кв, нийт 8 давхар буюу 6 415.3 м.кв талбай, 15 автомашины дулаан зогсоолыг “А” ХХК-ийн өмчлөлөөс “Х М” ХХК-д буцаан шилжүүлэх тухай нэхэмжлэгч “Х М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 95 652 050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 100200600941 тоот данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч “Х М” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 650 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2019/00280 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95 652 050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхгэрэл, өмгөөлөгч Ж.Оюунболд нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүх иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох заалтуудыг бүрэн хэрэглээгүй, хэрэглэвэл зохих заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

Нэг. Иргэний хуулийн холбогдох заалтыг бүрэн хэрэглээгүй, хэрэглэвэл зохих заалтыг буруу хэрэглэсэн талаар:

“Х М” ХХК-ийн хувьд анх 2009 онд “А” ХХК-ийн эзэмшлийн газар дээр суурийн давхар баригдсан барилгад хөрөнгө оруулалт оруулж, бодитойгоор 7.5 сая ам.долларын хөрөнгө оруулалт оруулсан. Хөрөнгө оруулалт хийсэн хэмжээндээ баригдах барилгын 60 хувийг өмчлөх тохиролцоо хийгдэж, уг маргаан бүхий барилгын ажлын гүйцэтгэлийг 80 хувьд хүргэж, дуусаагүй барилга дээр гэрчилгээ авч, маргаан бүхий барилгын 60 хувийн өмчлөгчөөр 2013.05.22-ны өдөр бүртгүүлсэн.

Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийн үед “А” ХХК-ийн зүгээс тус барилгыг дангаараа 100 хувь өмчлөлдөө авч, оруулсан хөрөнгийг чинь 11 сая ам.доллар болгон нэмэгдүүлж өгөх саналыг удаа дараа гаргаж байсан. Энэ саналыг тухайн үед нь хүлээн авч, хугацаа тогтоосон хэлцлийг хийж байсан үйл баримтууд хэргийн нөхцөл байдал, хавтаст хэрэгт цугларсан баримтаас тодорхой харагддаг. Энэ бүх цаг хугацааг зөвхөн “А” ХХК нь алдагдуулсан. Учир нь манай компанийн хувьд барилгын ажлыг 100 хувь хөрөнгө оруулалтаа цаг алдалгүй оруулж дуусгах бүрэн боломжтой, бүрэн чадамжтай байсан юм.

“А” ХХК-ийн зогсоосон цаг хугацаанаас хамаарч манай компанийн ажил тодорхой хугацаагаар саатаж, энэ саатсан шалтгаан бол ердөө “А” ХХК-д итгэл алдарснаас үүдэлтэй.

Манай компанийн хувьд өөрийн өмчлөлийн 60 хувийг зүв зүгээр ямар ч хариу төлбөргүйгээр, цаашид хэрхэх нь тодорхойгүй гэрээ хэлцэл хийх боломжгүй юм.

 Буцаагаад шилжүүлээд авиа гэсэн итгэл үнэмшил байсан учраас зээл олгоно гэх компанид дүр үзүүлэх зорилгоор 2018.05.20-ны өдөр хурлын шийдвэр нэртэй баримтанд гарын үсэг зурсан.

Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа Иргэний хуулийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцлээс гадна мөн хуулийн 58.2.1-т заасан хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн буюу ноцтой төөрөгдсөн”, мөн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасан “хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн”, 59.2-т заасан “хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг ... нуун дарагдуулсныг хожим мэдсэн” зэрэг Иргэний хуулийн 58, 59 дүгээр зүйлд заасан хэлцлийн холимог шинжүүдийг агуулсан хэлцэл гэж үзсэн, хэргийн үйл баримтыг бүхэлд нь аваад үзвэл “А” ХХК-ийн далд санаархал, зээл авах итгэл үзүүлэх байдлаар хууран мэхэлж 60 хувийг шилжүүлсэн зэргээр илэрч байна. Энэ байдал нь одоог хүртэл дангаараа өөрийн юм шиг захиран зарцуулж байгаа бодит үйлдлээр илэрч байгаа юм.

Манай компанийн хувьд гуравдагч этгээдийн 100 хувь ашиглалтад оруулсан хөрөнгө, эрхийг хөндөхгүйгээр үр дагаврыг арилгуулахаар шаардлага гаргасан. Энэ хэргийн хувьд хэн нь бодитой хохирч хэн нь илүү их ашиг олж байгаа нь ч илэрхий байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтэд: “...“А” ХХК-нь “Фоундэшн менежмент Эм Эн Жи” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулан барилгыг байнгын ашиглалтад оруулсан нь нэхэмжлэгчийг хууран мэхлэх, дүр үзүүлэх зорилго агуулаагүй байна. ...“А” ХХК-ийн 100 хувийн эзэмшихээр тохиролцсон хэлцлийн хүсэл зоригийн илэрхийлэл бодитой, тодорхой үр дүн, үр дагавар үүсгэхэд чиглэсэн байх тул дүр үзүүлж байгуулсан хэлцэл гэж үзэх үндэслэлгүй..., ...хэлцэл хийх субьектын хүсэл зориг, хүсэл зоригийн илэрхийлэл, үр дагавар нэгдэлтэй байхыг шаарддаг. Зохигчдын тайлбар, хэлцлийн агуулгаар гэрээний талууд хамтран ажиллах гэрээгээ хэрэгжүүлэх, өөрөөр хэлбэл 16 давхар барилгын ажлыг дуусгах хөрөнгө, мөнгө, зээл олох зорилгоор...16 давхар барилгын ажлыг дуусган, улсын комисст хүлээлгэн өгчээ. Ингэснээр зохигчдын хийсэн хэлцлийн үр дүн бий болж барилга баригдаж дууссан байх тул 2015.8.20-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзнэ.” гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит үйл баримтыг тогтоогоогүй, талуудын хоорондын маргаантай харилцааг тодорхойлж чадаагүй, маргааны харилцааны хууль зүйн үндэслэлийг зөв тодорхойлоогүй гэж үзэж байна.

Шүүхийн дүгнэсэнчлэн талуудын хүсэл зорилго, үр дагаврын нэгдэл нэг гэж дүгнээд байгааг ойлгохгүй байна. Нэг нь 100 хувь дангаараа өмчлөх хүсэл зориг, нөгөөх нь оруулсан хөрөнгийн хэмжээгээр өмчлөх хүсэл зориг байгааг нэг гэж үзэж буйг ойлгохгүй байна.

Зөвхөн барилга дуусгах хүсэл зориг туйлдаа хүрсэн гэдгээр тайлбарлаж байгаа нь хэтэрхий өнгөц дүгнэсэн гэж үзэхээр байна.

Талууд анхнаасаа барилгыг барьж дуусгаж ашиглалтад оруулах нь зорилготой байснаас хэн ч 70 хувийн гүйцэтгэл дээр дутуу үлдээх хүсэл зорилго байгаагүй.

Хэвийн үргэлжилж байсан барилгын ажлыг хэний санаачилгаар зогсоосон, дангаараа 100 хувь өмчлөх хүсэл зоригоо туйлдаа хүргэхийн тулд хэн хэнийгээ хуурсан, төөрөгдөлд оруулсан, дүр үзүүлсэн хэлцлээр дамжуулан улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн зэрэг далд хүсэл зоригийг шүүх огт дүгнэлт хийгээгүй явдалд туйлын гомдолтой байна.

Хоёр. Хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1. “Шүүх хуралдааны явцад хэргийг гагцхүү нэг шүүгч буюу шүүхийн нэг бүрэлдэхүүнээр шийдвэрлэнэ. Хэрэв шүүх бүрэлдэхүүний хэн нэг нь шүүх хуралдааны ажиллагаанд оролцох боломжгүй болсон бол түүнийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар энэ хуулийн 78 дугаар зүйлд заасан журмын дагуу өөр шүүх бүрэлдэхүүнээр сольж, уг хэргийг шинээр хянан шийдвэрлэнэ.” гэж заасныг ноцтой зөрчиж хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн.

Учир нь давж заалдах шатны шүүх хэргийг хүлээн авч 2019.04.04-ний өдөр Шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах тухай Ерөнхий шүүгчийн 730 дугаартай захирамжаар шүүх хуралдаан даргалагчаар Ж.Оюунтунгалаг, бүрэлдэхүүнд Ц.Ичинхорлоо, Ч.Цэнд нарыг томилсон.

Гэтэл 2019.04.11-ний өдөр ИХШХШТХуулийн 83 дугаар зүйлийн 83.1.-Д заасан бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах үндэслэл бий болоогүй байхад дахин шүүх хуралдаан даргалагч болон бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулан 787 дугаартай Ерөнхий шүүгчийн захирамж гаргасан. Ингээд 2019.04.12-ний өдөр хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчлөө.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 24-ний өдрийн 181/ШШ2019/00280 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 650 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                               ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

“Х М” ХХК нь “А” ХХК-д холбогдуулан 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Хамтарсан хурлын шийдвэрийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулан, тус барилгын 60 хувиас гуравдагч этгээдэд шилжсэнээс үлдэх талбай болох нийт 6 415.3 м.кв талбай, 15 авто машины дулаан зогсоолыг “А” ХХК-ийн өмчлөлөөс “Хуашинконстракшн Монгол” ХХК-ийн өмчлөлд шилжүүлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхгэрэл, өмгөөлөгч Ж.Оюунболд нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...шүүх Иргэний хуулийн холбогдох заалтыг бүрэн хэрэглээгүй, хэрэглэвэл зохих заалтыг буруу хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү...” гэжээ.

Хэрэгт авагдсан баримтаар зохигч 2009 оны 08 дугаар сарын 28-ны өдөр №09/08 дугаартай Гэрээ байгуулсан, тус гэрээгээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “А” ХХК-ийн эзэмшлийн газар дээр 19 давхар оффисын зориулалттай барилга барих төсөл хэрэгжүүлэх бөгөөд Б тал буюу “А” ХХК зоорийн 0.000 давхрыг өөрийн хөрөнгөөр барьсан, цаашид А тал буюу “Х М” ХХК хөрөнгө оруулалт хийж, уг барилгыг барьж дуусгах ба 2 тал оруулсан хөрөнгө оруулалтынхаа хувь хэмжээгээр уг барилгыг хамтран өмчлөхөөр, урьдчилсан тогтсоноор барилгын нийт талбай 16 000 м.кв, А тал барилга байгууламжийн 60%-ийг, Б тал 40%-ийг тус тус өөрийн өмчлөлд авахаар харилцан тохиролцсон байна.

2011 оны 03 дугаар сарын 18-ны өдөр №09/08/01 тоот Нэмэлт гэрээ байгуулж, А талын уг төслийг санхүүжүүлэх дээр хэмжээ 10 000 000 ам. доллар гэж баталгаажуулан, ажил 10 сая ам.доллараас хэтэрсэн тохиолдолд хоёр тал гэрээнд заасан өөрсдөд оногдох хувь хэмжээгээр буюу хэтэрсэн төсвийн 60%-ийг А тал, 40%-ийг Б тал бэлэн мөнгөөр гаргаж, барилгын ажлыг санхүүжүүлнэ гэжээ.

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Соёл амралтын хүрээлэн/14240/, Олимпийн гудамж, 5 тоот үйлчилгээний 14 386.5 м.кв талбайтай, 16 давхар, 70%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга нь хоёр хуулийн этгээдийн өмч, 40%-ийн өмчлөгч нь “А” ХХК, 60%-ийн өмчлөгч “Х М” ХХК болохыг эрхийн улсын бүртгэлийн Ү-2203024452 дугаарт бүртгэж, 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн №000247152 дугаартай гэрчилгээ олгогдсон байна.

Барилгын санхүүжилт саатаж, барилгын ажил зогссон тул цаашид барилгыг гүйцээн дуусгахын тулд барилгыг нэг өмчлөгчийн нэр дээр бүртгүүлж, зээл олох чухал шаардлагатай тухай “А” ХХК-ийн саналыг үндэслэн А тал буюу “Х М” ХХК өөрийн эзэмшлийн 60%-ийн өмчлөх эрхийг “А” ХХК-д шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэхээр харилцан тохиролцож, 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Хамтарсан хурлын шийдвэр гаргажээ.

Шийдвэрийн дагуу “Х М” ХХК өөрийн өмчлөлийн 60%-ийн өмчлөх эрхийг “А” ХХК-д шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлснээр 2015 оны 08 дугаар  сарын 24-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр “А” ХХК бүртгэгдэж, өмчлөх эрхийн гэрчилгээ гарсныг үндэслэн “А” ХХК нь “Фоундэшн Менежмент ЭмЭнЖи” ХХК-тай 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр “Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ” байгуулж, барилгыг барьж дуусган, 2018 оны 07 дугаар арын 24-ний өдрийн 2018/274 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр 70%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга 100%-ийн гүйцэтгэлтэйгээр “А” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн үйл баримт тогтоогджээ.

Нэхэмжлэгч нь өмчлөх эрх шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, улмаар 2009 оны №09/08 дугаартай гэрээгээр хэлэлцэн тохиролцсон барилгын талбайг өөрийн өмчлөлд шилжүүлүүлэхээр нэр заан, шаардлага гаргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлоогүй, улмаар хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Тухайлбал: нэхэмжлэгч нь сүүлийн буюу 2015 онд байгуулсан өмчлөх эрх шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулснаар өмнө 2009, 2011 онд байгуулсан 09/08, 09/08/01 тоот гэрээний үр дагавар болох өөрийн 60%-ийн өмчлөлд хамаарах, түүнд ногдох хөрөнгөө шаардсан байтал шүүх дан ганц сүүлийн гэрээг дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Гуравдагч этгээдээс санхүүжилт олох зорилгоор хоёр хуулийн этгээдийн өмчлөлд бүртгэлтэй дуусаагүй барилгын өмчлөлийг нэг хуулийн этгээдийн өмчлөлд бүртгүүлэхээр харилцан тохиролцсоны үндсэн дээр өмчлөх эрхээ шилжүүлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтыг хариуцагч үгүйсгээгүй байхад өмчлөх эрхээ шилжүүлснээр зээл авч, зорилгоо биелүүлсэн гэх үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзсэн нь нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлоогүйтэй холбоотой байна.

Бусдаас зээл авч барилгын ажлыг дуусгах нь өмчлөх эрх шилжүүлэх хэлцлийн зорилго байсан, түүнчлэн зээлдүүлэгчээс зээл олгох гол шалгуур үзүүлэлт нь хөрөнгө оруулах барилга нэг компанийн өмчлөлд бүртгэлтэй байхыг шаардсан үндэслэлээр нэхэмжлэгч өмчлөх эрхээ бичиг баримтан дээр хариуцагчид шилжүүлсэнтэй зохигч маргаагүй байхад өмчлөх эрх шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн хэлцэл нь зохигчийн хооронд 2009, 2011 онд байгуулсан хэлцлийн үргэлжлэл тул өмнөх гэрээний харилцааг дүгнэхгүйгээр сүүлийн хэлцлийн үр дагаврыг тооцох боломжгүй.

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан гэрээнүүдийг нэгтгэн дүгнэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн дээрх алдааг засалгүй шийдвэрийг хэвээр үлдээсэн байх тул магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан хэргийг бүхэлд нь хянах үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Дээр дурдсан үндэслэлээр “нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй...” гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй боловч хэрэгт авагдсан баримтын хүрээнд хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхийг хүссэн гомдлыг хангах боломжгүй.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2019/00280 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 650 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхгэрэл, өмгөөлөгч Ж.Оюунболд нарын гомдлын заримыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч “Х М” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 95 652 050 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР    

                           ШҮҮГЧ                                              Х.ЭРДЭНЭСУВД