Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2020/02692

 

 

 

 

 

 

 

 

  2020          10          30                                          181/ШШ2020/02692

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х ХХК ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А ХХК д холбогдох иргэний хэрэгт,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Ф ХХК ийг оролцуулан

 

2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Хамтарсан хурлын шийдвэрийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, хэлцлээр шилжүүлсэн зүйлээ буцаан гаргуулах, талуудын хооронд байгуулагдсан 2009 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 09/08 тоот “Гэрээ”, 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн “Нэмэлт гэрээ”, 2011 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Хурлын тэмдэглэлийн дагуу Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороонд байрлах, “Аюуд тауэр” барилгын гуравдагч этгээдэд шилжсэнээс үлдэх талбай болох 1 давхар 652.1 м.кв, 10-16 давхар 4,936.8 м.кв талбай, нийт 8 давхар буюу 6,415.3 м.кв талбай, 15 автомашины зогсоолын өмчлөх эрхийг Х ХХК-д шилжүүлэхийг А ХХК-д даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.О, Л.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э, хариуцагчийн өмгөөлөгч С.Т, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэгдүгээрт. Х ХХК болон А ХХК-ийн хооронд 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Х ХХК-аас 60 хувийн өмчлөх эрхээ А ХХК-д шилжүүлсэн “Хамтарсан хурлын шийдвэр” нэртэй хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, өмчлөлөөр шилжүүлсэн зүйлээ буцаан гаргуулахаар шаардаж байгаа.

Талууд хооронд анх 2009 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 09/08 тоот гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээний 1.1, 2.5-д зааснаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай А ХХК-ийн эзэмшлийн газарт Х ХХК хөрөнгө оруулалт хийж, 19 давхар оффисын зориулалттай барилгыг барьж дуусгах, Х ХХК барилгын нийт талбайн 60 хувийг, үлдэх 40 хувийг А ХХК тус тус өмчлөхөөр харилцан тохиролцсон.

Мөн талууд 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдөр нэмэлт гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний 1, 2, 3-т тус тус зааснаар “... үйлчилгээний зориулалттай 16 давхар барилгыг Х ХХК-аас санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын дээд хэмжээг 10,000,000 ам.доллар гэж тогтоон, түүнээс хэтэрсэн тохиолдолд талууд өөрт ногдох хэмжээгээр хариуцан санхүүжүүлэхээр харилцан тохиролцсон.

Мөн талууд 2011 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Х ХХК болон А ХХК-ийн ажлын уулзалтын тэмдэглэлийн 8 дахь хэсэгт 1 давхар нь Х ХХК-ийн өмчлөлд, 2 давхраас дээврийн давхар хүртэл хоёр хувааж дээд тал нь нэгнийх, доод тал нь нөгөөгийнх байна. Давхар сольж болохгүй. Талууд сугалах зарчмаар давхрын хуваарилалтыг хийсэн. /40 хувь ба 60 хувийн харьцаа өөрчлөгдөхгүй ба үүнд В1 давхар, гараж зэргийг үүний дагуу хуваарилана/... 2011 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр талууд сугалаагаар хуваарилалт хийж, 1 давхар болон 8-16 давхрыг Х ХХК, 2-8 давхрыг А ХХК тус тус эзэмшихээр шийдвэрлэсэн. 8 давхрын бодит талбайн хэмжээгээр талууд тус бүр 40/60 хувийг эзэмшинэ гэж тохиролцсон.

Нэхэмжлэгч гэрээний дагуу хөрөнгө оруулалтаа хийж, барилга угсралтын ажил явагдаж дуусах шатандаа буюу 80 хувьтай байхад хариуцагч А ХХК-ийн барилгыг дангаараа 100 хувь өмчлөх санал, хүсэлтийг 2012 оны 6 дугаар сард хүлээн авч, “Хувь шилжүүлэх гэрээ”-г байгуулснаар барилгын ажлыг зогсоосон юм.

Хувь шилжүүлэх гэрээний 1 болон 4 дүгээр зүйл, 7.2 дугаар зүйлийн 2.3-т зааснаар А ХХК манай 60 хувийн өмчлөх эрхийг 11,000,000 ам.доллараар тооцон 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөх, А ХХК энэ хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд талуудын хооронд байгуулагдсан 2009, 2011 оны үүндсэн болон нэмэлт гэрээнүүд, мөн хурлын протокол зэрэг өмнөх бүх гэрээ хэлэлцээрүүд хүчинтэй болох, барилгын 60 хувийн өмчлөл Х ХХК-д хэвээр хадгалагдахаар тохиролцсон болно.

А ХХК нь төлбөрийг хугацаандаа төлөхгүй байсан тул манай компани хувь шилжүүлэх гэрээний төлбөрийг 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр төлж барагдуулахыг А ХХК-аас шаардаж, мөн 2013 оны 5 дугаар сард өөр томоохон төсөлд хөрөнгө оруулалт оруулахаар төлөвлөснөө А ХХК-д 2013 оны 3 дугаар сард албан бичгээр мэдэгдэж байсны дагуу төлөвлөсөн хөрөнгө оруулалтаа өөр төсөлд оруулсан.

Гэтэл А ХХК 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 13/39 тоот албан бичгээр “... хувь шилжүүлэх гэрээний төлбөрийг төлөх асуудал үр дүнд хүрэхгүй байгаа талаар, мөн манай Х ХХК-ийн ажлын зохион байгуулалт, төлөвлөгөөг удаашруулсандаа хүлцэл өчиж, 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хувь шилжүүлэх гэрээг цуцлахыг зөвшөөрч хуучин гэрээнүүдээ дагаж мөрдөх, манай компанийг хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэхийг хүссэн юм.

Маргаан бүхий барилгын ажил зогсонги байдалд орсон нь манай 80 хувийн гүйцэтгэлтэй саадгүй барьж байсан үйл ажиллагааг А ХХК зогсоож, өөрсдөө 100 хувь өмчлөх хүсэл зорилгыг агуулж, “Хувь шилжүүлэх гэрээ”-ний үүргээ зөрчсөнөөс үүдэлтэй болохыг 1 дүгээр хавтаст хэргийн 69-71 дүгээр талд авагдсан талуудын хоорондын албан бичгүүдээс тодорхой харагдана.

Хэдийгээр дээрх шалтгааны улмаас санхүүжилт саатсан ч талуудын хүсч байсан хүсэл зориг бол санхүүжилт олж, 2009, 2011 оны гэрээний бодит үр дүнг бий болгохыг зорьсон тул талууд өмнөх гэрээний эрхээ баталгаажуулж, 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдөр үйлчилгээний 14,386.5 м.кв талбайтай, 16 давхар, 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын 60 хувийн өмчлөгч Х ХХК, 40 хувийн өмчлөгч А ХХК болохыг гэрчилсэн 000247152 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулж авсан юм.

Мөн манай компани А ХХК-ийн хамт санхүүжилт, хөрөнгө оруулалт хайж маш олон гадаад, дотоодын санхүүгийн байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, ярилцаж байсан ба 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр А ХХК-ийн зүгээс “... манай 2 компанийн одоогийн бичиг баримт 2 эзэнтэй байдал зээл олгох байгууллагуудад итгэл төрүүлэхгүй гол саад тотгор болж байна. ... “Си Эм Эс” ХХК... зээл олгох боломжтой гэж бидэнд албан тоот ирүүлсэн. Тэд манай хоёр компанийн үл хөдлөхийн гэрчилгээ болон санхүүгийн тайланг аль нэг компани дээр шилжүүлсэн тохиолдолд эрсдэлгүй гэж үзсэн. Ингэвэл бидний гацаа саатал арилж, хамтарсан төслөө цаашид үргэлжлүүлэн амжилттай дуусгах боломж гарна” гэж бичсэн 15 тоот албан бичгийг “Си Эм Эс” ХХК-ийн баримтын хамт авчирсан. Ийнхүү 2009, 2011 оны гэрээний үр дүнг бодитой бий болгоход 2 талын хүчин зүтгэл, санаачлага зайлшгүй шаардлагатай байсан тул барилгаа хамтран барьж дуусгах хөрөнгө мөнгө, зээл олох зайлшгүй шаардлагыг үндэслэн А ХХК-д итгэж 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр “Хамтарсан хурлын шийдвэр” хэлцлээр манай компани 60 хувийн өмчлөх эрхээ А ХХК-д шилжүүлэх хэлцлийг хийхэд хүргэсэн.

Энэхүү хэлцлээр манай компани 60 хувийн өмчлөх эрхээ А ХХК-д шилжүүлснээр А ХХК 100 хувийн өмчлөгч болох үр дүнд хүрэх хүсэл зорилгоор бус, зөвхөн “Си Эм Эс” ХХК-д зориулж, түүний шалгуурт нийцэх гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийсэн дүр үзүүлсэн хэлцэл болох нь хавтаст хэргийн 15-17 дугаар хуудсанд авагдсан баримтуудаар нотлогдох ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм. А ХХК дээрх баримтуудыг үзүүлээгүй тохиолдолд манай компани ямар ч хариу төлбөргүйгээр 60 хувийн өмчлөх эрхээ шилжүүлэх, 7,540,000 ам.доллараа А ХХК-д зүгээр өгөх хурлын шийдвэр, хэлцэл хийхгүй байсан нь тодорхой билээ.

Энэ талаар Улсын Дээд шүүх... хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна гэж үндэслэл бүхий, зөв дүгнэлт хийсэн юм.

Гэтэл хариуцагч А ХХК нь “Си Эм Эс” ХХК-аас зээл авч хамтарч барилгаа дуусгаагүй төдийгүй, гэрээний үүргээ мөн зөрчиж өөр компани буюу Ф ХХК-тай нууцаар 3,000,000 ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, барилгыг барьж дуусган, Ф ХХК-д талуудын хооронд байгуулагдсан 2009, 2011 оны гэрээ, хурлын протоколд заасан А ХХК-ийн өмчлөх 7 давхар, манай компанийн өмчлөх 9 давхар, 8 давхар буюу талууд 60:40 хувиар өмчлөх талбайг тус тус дээрх Ф ХХК-д шилжүүлсэн нь үлдсэн 30 хувийн гүйцэтгэлийг А ХХК болон манай компани тус тусын өмчлөх талбайгаар төлсөн байгааг шүүх анхаарна уу.

2009, 2011 оны хамтран ажиллах гэрээний зүйл нь тухайн үед 70 хувийн гүйцэтгэлтэй байсан боловч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хэлцлээр шилжүүлсэн зүйлээ буцаан авах үр дагавар одоо 100 хувийн гүйцэтгэлтэй болсон байгааг, манай компанийн барьсан 70 хувийн барилгын гүйцэтгэл дээр үндэслэж 100 хувийн үр дүн гарсан байгааг, түүнчлэн үлдэх 30 хувийн гүйцэтгэлийн төлбөрийг дээрх байдлаар манай компанийн өмчлөх талбайгаас төлсөн болон бодит байдалд А ХХК-ийн өмчлөлд барилгын 70 хувийн талбай байгааг шүүх анхааралдаа авахыг хүсч байна.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д засныг үндэслэн Х ХХК болон А ХХК-ийн хооронд 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хийгдсэн “Хамтарсан хурлын шийдвэр” нэртэй хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу уг хэлцэлээр А ХХК-д шилжсэн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Аюуд тауэр” барилгын 60 хувийн өмчлөх эрхийг Х ХХК-д буцаан шилжүүлж өгнө үү.

Хоёдугаарт. Талуудын хооронд байгуулагдсан 2009 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 09/08 тоот “Гэрээ”, 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн “Нэмэлт гэрээ”, 2011 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Хурлын тэмдэглэлийн дагуу нэхэмжлэгчид ногдох талбайг шилжүүлэхийг хариуцагч А ХХК-д даалгуулах шаардлага байгаа.

2015 оны “Хамтарсан хурлын шийдвэр” нэртэй хэлцлийг хүчингүй болгохгүйгээр 2009, 2011 оны гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах боломжгүй байгааг шүүх анхаарч үзнэ үү. Өөрөөр хэлбэл, 2015 оны хэлцлийг хүчингүй болгосноор хэлцлийн үр дагавар болон хүчин төгөлдөр 2009, 2011 оны гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх манай компанид нээгдэж байна.

Талуудын хооронд байгуулагдсан 2009 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 09/08 тоот “Гэрээ”, 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн “Нэмэлт гэрээ”-ээр А ХХК өөрийн эзэмшил газраар, Х ХХК мөнгөн хөрөнгөөр тус тус хөрөнгө оруулалт хийж, 16 давхар барилга барих, барилгыг гэрээнд заасан хувь хэмжээгээр дундаа хэсгээр өмчлөх тохиролцоо нь талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн.

Хэдийгээр хариуцагч А ХХК нь Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.5, 478 дугаар зүйлийн 478.1, 478.10-т заасныг зөрчиж Х ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдтэй гэрээ байгуулж, үлдэх 30 хувийг гүйцээн барьж, дуусгасан боловч энэхүү 30 хувийн гүйцэтгэлийн төлбөрийг Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3, 477.4-т заасан дундын хөрөнгөөс буюу талуудын хэсгээр өмчлөх талбайгаас гэрээгээр тохиролцсон 60:40 хувь хэмжээгээр төлсөн байгаа нь Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11-т “Хамтын ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна” гэж заасантай нийцэж байгаа, нөгөө талаар А ХХК-ийн өмчлөлд одоо үлдэх 70 хувийн талбай бодитоор байгааг харуулж байна.

Тиймээс манай компани гуравдагч этгээд Ф ХХК-ийн эрх, ашиг сонирхлыг анхнаасаа хөндөөгүй болно.

Иймд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 477 дугаар зүйлийн 477.3, 477.4, 480 дугаар зүйлийн 480.3, 480.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн 2009 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 09/08 тоот “Гэрээ”, 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн “Нэмэлт гэрээ”, 2011 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Хурлын тэмдэглэлээр хуваан авсан талбай болох Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Аюуд тауэр” барилгын гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлснээс бусад 1 давхар 652.1 м.кв, 10-16 давхар 4,936.8 м.кв талбай, нийт 8 давхар буюу 6,415.3 м.кв талбай, 15 автомашины дулаан зогсоолын өмчлөх эрхийг Х ХХК-д шилжүүлэхийг хариуцагч А ХХК-д даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Х ХХК-ийн А ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага дараах байдлаар үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй болно.

Нэгдүгээрт. Х ХХК, А ХХК-уудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, түүний агуулга болон өнгөрсөнд болсон бодит үйл баримт нь нэхэмжлэлд дурдсанаас өөр бөгөөд нэхэмжлэгч өөрийн буруу буюу гэрээний үүргээ зөрчиж, хариуцагчийг олон жилийн хугацаанд хохироож, цаашлаад гэрээний зүйл заалт бүрэн хэрэгжээгүй гэрээний харилцаа дуусгавар болсон тухай бодит нөхцөл байдал, үйл баримтыг бичээгүй байна.

Учир нь, зохигчид 2009 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 09/08 дугаартай “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, Х ХХК өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар А ХХК-ийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах 816 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай газар дээр 16,000 м.кв талбайтай 19 давхар оффисын барилга барьж дуусган, ашиглалтад оруулсны дараа барилгыг 60/40 гэсэн харьцаагаар тус тусын өмчлөлдөө хуваан авахаар тохиролцсон байдаг.

Тодруулсан 2009 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 09/08 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-ний 2.2-т “А тал буюу А ХХК-ийн эзэмшлийн барилга барих зориулалт бүхий газар, түүн дээр баригдсан зоорийн суурин дээр оффисын зориулалттай 19 давхар барилгын ажлыг барьж дуусгахад шаардагдах хөрөнгө оруулалтыг хийж, өөрийн хөрөнгөөр уг барилгын ажлыг санхүүжүүлнэ” гэж зааснаас Х ХХК-ийн гол үрэг тодорхойлогдоно.

Гэвч гэрээ хэрэгжих явцад Х ХХК-ийн санал, хүсэлтээр 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 09/08/01 дугаартай “Нэмэлт гэрээ” үйлдэж, Х ХХК-д гэрээний нөхцөлийг ашигтай болгох зорилгоор үндсэн гэрээндээ нэмэлт, өөрчлөлт оруулсан. Тухайлбал, “А тал” буюу Х ХХК-ийн барилгын ажлыг санхүүжүүлэх дээд хэмжээг 10,000,000 ам.доллараар тогтоон, барилгын ажлын санхүүжилт 10,000,000 ам.доллараас хэтэрсэн тохиолдолд хэтэрсэн хэсгийн 40 хувийг А ХХК хариуцахаар, мөн барилгын ажлыг дуусгах хугацааг сунгаж, 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор дуусгах, бас 19 давхар барилга барих байснаа 16 давхар болгон багасгаж, санхүүжилтыг бууруулах зэрэг нэмэлт өөрчлөлтийг оруулсан.

Дээрх нөхцөлийн дагуу илүү боломж олгосон ч гэрээний үүргээ биелүүлж чадалгүй, барилга 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэхэд ашиглалтад ороогүй 3 дахь жилийнхээ нүүрийг үзсэн. Х ХХК-ийн санхүүжилт зогсож, барилгын ажил гацсан ч А ХХК-ийн зүгээс дахин хүлээцтэй хандсан.

Х ХХК-ийн санхүүжилт зогссон байсан бөгөөд 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын гэрчилгээг А ХХК дангаараа өөрийн нэр дээр гаргуулсан байсан. Харин 2013 онд Х ХХК-ийн удирдлагуудынх нь “... бид хөрөнгө босгоход баталгаа хэрэгтэй байна. Хятад төв компанийн захиралд үзүүлэх шаардлагатай байна. Гэрээний үүргээ биелүүлэхэд хэрэгтэй байна. Тийм болохоор дуусаагүй ч гэсэн манайхыг хамтран өмчлөгчөөр оруулаач” гэсэн хүсэлт, гуйлтын дагуу хамтран өмчлөгчөөр өөрчлөлт оруулсан. Гэсэн ч үүнээс хойш Х ХХК гэрээний үүргээ биелүүлээгүй буюу санхүүжилтгүйгээс барилгын ажил 3 жил орчим буюу 2015 оныг хүртэл зогссон. Х ХХК гэрээний үүргээ биелүүлэхгүй, санхүүжилтыг гаргахгүй олон жил болсон тул ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт харагдсан бөгөөд гэрээний харилцаа үргэлжлэхээ больсон байдаг.

А ХХК, Х ХХК-ууд сайн дураараа харилцан тохиролцож, Х ХХК-ийн барилгад оруулсан мөнгөн хөрөнгийг А ХХК-д өглөг болгон үүсгэн бүртгэн, дуусаагүй барилгыг 100 хувь А ХХК-ийн өмч болгохоор болж зохих гэрээ хэлцлийг байгуулж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Мөн А ХХК болон Х ХХК-уудын санхүүгийн тайлан тэнцэлд 2015 оноос эхлэн өнөөдрийг хүртэл мөнгөн хөрөнгийн авлага, өглөг үүсэн, харьяалагдах татварын байгууллагад баталгаажсаар ирсэн. Манай компанийн зүгээс нэхэмжлэгч нь уг барилгад 7,540,000 ам.долларын хөрөнгө оруулсан байдалд маргахгүй, энэ төлбөрийг татварын тайландаа өглөгөөр бүртгэсээр ирсэн, мөнгөө авья гээд шаардвал өгөхгүй гэх газаргүй, даанч шаардаагүй.

Дээрх бодит нөхцөл байдал, үйл баримтыг нэхэмжлэгч үгүйсгэх боломжгүй бөгөөд А ХХК өөрөө хөрөнгө мөнгө олж барилгаа үргэлжлүүлэн барьж дуусгасны дараа гарч ирээд, шүүхэд хандан, гэрээний үүргээ 100 хувь биелүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл гэрээний харилцаагаа үргэлжлүүлж байгаа хамтрагч шиг бүрэн дууссан барилгын 60 хувийг өмчлөлдөө авна гэсэн шунахайн сэдэлтэй, бизнесийн ёс зүйгүй үйлдэл нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүйг бэлхнээ илэрхийлнэ.

Хоёрдугаарт. Нэхэмжлэлийн шаардлага тус бүр нь дараах байдлаар хууль зүйн үндэслэлгүй байна. Эхний нэхэмжлэлийн шаардлагаа 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Х ХХК-аас Ү-2203024452 дугаар үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн 60 хувийг А ХХК руу шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох гэжээ. Энэхүү шаардлагынхаа үндэслэлд А ХХК-ийг бидэнтэй уулзахгүй байгаа, албан бичгээр хариу өгөхгүй байгаа, барилгад хэдэн төгрөг зарцуулснаа бидэнд мэдэгдээгүй, үл тоон шүүхэд хандахыг хүсэж байна гэдгээ манай ажилтнаар дамжуулан хэлүүлсэн, хууран мэхэлж, манай өмчлөлийн 60 хувийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан гэх мэт зүйлс бичсэн.

2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хамтын шийдвэрийг талууд чөлөөт хүсэл зориг, сайн дурын үндсэн дээр гаргасан ба хууран мэхэлсэн ямар ч асуудал байхгүй. Харин ч Х ХХК-ийн гэрээний үүргээ зөрчсөн буруутай үйлдлээс үүссэн бодит нөхцөл байдалтай холбоотойгоор гаргасан шийдвэр юм. 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн талуудын хамтарсан шийдвэрт “... 2012 оноос хойш Х ХХК хөрөнгө мөнгө саатаж, уг барилгын ажлыг зогсоосон. Одоо 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа” гэж бичсэнээс тодорхой харагдана.

Мөн дээрх хамтарсан шийдвэрээ үндэслэн, зохих баримт бичиг гэрээ хэлцэл байгуулан, үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлсэн талуудын харилцан хүсэл зоригийг илэрхийлсэн, хууль тогтоомж зөрчөөгүй үйлдлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэл байхгүй. Тэгээд өмчлөх эрх дээрх шийдвэрийн дагуу бус хамтран өмчлөгч хасагдах хэлцлийн үндсэн дээр хариуцагчийн өмчлөлд бүрэн шилжсэн болох нь улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн лавлагаагаар тодорхой харагдах бөгөөд уг хэлцэлтэй холбоотой аливаа шаардлагыг нэхэмжлэгч гаргаагүй тул өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх шаардлага хангагдах хууль зүйн боломжгүйг шүүх анхаарна уу.

Түүнчлэн 2015 оноос хойш шүүхэд хандахаасаа өмнө А ХХК-д нэг ч удаа амаар болон бичгээр бид хууран мэхлэгдсэн байна, шийдвэрийг хүчин төгөлдөр бусд тооцуулъя гэж мэдэгдэж байгаагүй, гагцхүү гэрээний үүрэг зөрчиж, гэрээний харилцаа үргэлжлэхээ болсон тул ашиглалтад орсон барилгын 60 хувийн өмчлөгч болохоор хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулна гэж нэхэмжлэл гаргасан нь тодорхой байна.

Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагаа Х ХХК-ийн өмчлөх эрхийг сэргээж, уг хэлцлээр шилжсэн үл хөдлөх эд хөрөнгийн 60 хувийн өмчлөгчөөр бүртгэлийг Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт даалгаж өгнө үү” гэжээ.

Хамтарсан шийдвэрийг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл байхгүй ч өнөөдрийн байдлаар 70 хувийн гүйцэтгэлтэй барилга байхгүй буюу 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ байхгүй бөгөөд байхгүй хөрөнгийн өмчлөх эрхийг сэргээх, тогтоох боломжгүй.

Нөгөө талаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь 70 хувийн гүйцэтгэлтэй барилгын 60 хувь ч биш бүр “уг хэлцлээр шилжсэн үл хөдлөх эд хөрөнгийн 60 хувийн өмчлөгчөөр бүртгэхийг...” гэснээс үзэхэд 70 хувийн гүйцэтгэлтэй барилгын 60 хувийн өмчлөгчөөр тогтоолгох агуулгатай байна. Учир нь, хэлцлийн дагуу 70 хувийн гүйцэтгэлтэй барилгын 60 хувийг шилжүүлсэн үү гэхээс 70 хувийн гүйцэтгэлтэй барилгыг 100 хувь шилжүүлсэн асуудал байхгүй билээ.

Түүнчлэн Х ХХК үүргээ бүрэн гүйцэтгэж, барилгыг ашиглалтад оруулсны дараа Х ХХК-д барилгын тодорхой хувийн өмчлөгч болохоор тохиролцсон. Тэрнээс барилга дуусаагүй байхад барилгын тодорхой хувийг өмчлөх эрх Х ХХК-д байхгүй. 2009 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 09/08 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.5-д “Барилга баригдаж дууссаны дараа 2 тал оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ уг барилгын өөрт ногдох хэсгийн өмчлөгч болно” гэж заасан.

Ямар хөрөнгийг ямар хэмжээгээр өмчлөх эрхтэй гэдэг нь тодорхойгүй буюу тогтоогдоогүй этгээд өмчлөх эрх нь өөр этгээд дээр бүртгэлтэй хөрөнгийн 60 хувийн өмчлөгчөөр бүртгүүлэхийг шаардах ямар ч эрхгүй.

Харин гэрээний харилцаа үргэлжилж байсан хугацаанд зохигчдын хооронд үүссэн төлбөр тооцооны асуудал хүссэн хүсээгүй гэрээ дуусгавар болсон үр дагаврын асуудал бий болсон тул ингэж бодит нөхцөл байдлыг гуйвуулан, үндэслэлгүй нэхэмжлэл гаргахгүйгээр гэрээний үүргээ зөрчиж, А ХХК-ийг хохироосон буруутай үйлдлээ ойлгон, зохих хариуцлага хүлээн, барилгад оруулсан мөнгөн хөрөнгөө буцаан гаргуулж, аль аль талдаа шударгаар шийдвэрлэх боломжтой байна.

Гуравдугаарт. Энэ маргаан 2009 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 09/08 тоот гэрээнээс эхтэй, түүнтэй салшгүй холбоотой тул уг гэрээнд заасан харьяаллын дагуу маргаан шийдвэрлэгдэх ёстой. Талууд гэрээний 6.1, 6.2 дахь заалтаар маргаан гарвал талууд харилцан эв зүйгээр шийдвэрлэнэ, хэрэв талууд тохиролцоонд хүрэхгүй бол маргааныг Гонконг дахь Олон Улсын Арбитрын шүүхээр шийдвэрлүүлнэ гэж тохирсон. Тиймээс энэхүү маргаан нь тус шүүхийн харьяалан шийдвэрлэх хэргийн төрөлд хамаарахгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байгааг анхааран үзнэ үү гэв.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Х ХХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй, А ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татагдан оролцох болсонтой холбогдуулан тодруулсан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Хэдийгээр нэхэмжлэгчийн зүгээс Ф ХХК-ийн эрх ашгийг хөндөөгүй гэж үзэн гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтээсээ татгалзсан ч хэрэг хянан шийдвэрлэх явцад манай компанийн эрх ашиг хөндөгдөж болохуйц нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй тул маргаанаас гараагүй.

Манай компани нь 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр А ХХК-тай хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу барилгын ажил нь бүрэн зогсоод удаж байсан А ХХК-ийн оффисын барилгад хөрөнгө оруулсан. Ингэхдээ хөрөнгө оруулалтыг уг дуусаагүй оффисын барилга нь 100 хувь А ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байсныг баталгаажуулсаны үндсэн дээр хийсэн.

Манай копмани гэрээний дагуу хүлээсэн үүргээ ямарваа зөрчилгүйгээр зохих ёсны дагуу биелүүлж, манай санхүүжилтээр уг барилгын ажил дуусгавар болсон бөгөөд бид хууль ёсны дагуу 2,468.4 м.кв талбайн өмчлөх эрхийг олж авч өмчлөгчөөр нь бүртгэгдээд байгаа болно. Нэхэмжлэгч тодорхой талбай нэр зааж шаардахдаа автозогсоолыг ерөнхийд нь 15 гэж тусгасан нь угтаа ямар нэгэн дугаарлалт хийгдээгүй зохион байгуулалттай гаражид аль ч хэсэг хамаарахаар байна гэж бид үзсэн юм.

Өнөөдрийн байдлаар манай компанийн эрх ашиг хөндөгдөхгүй байгаа тул өөр нэмэлт тайлбар байхгүй. Харин зохигч талуудын хувьд тус тусын зүгээс оруулсан бодитой хөрөнгө оруулалтыг хүлээн зөвшөөрч байгаа боловч эвлэрэх хүчин чармайлт гаргаагүй яваад байгаад нь эмзэглэж байна. Уг нь эв зүйгээр асуудлаа шийдвэрлэчихвэл хэн хэнд нь амар л байх. Манай компанийн хувьд нэхэмжлэгчийн ч тэр, хариуцагчийн ч тэр тайлбарыг дэмжээгүй, аль нэг талыг дэмжиж оролцохгүй гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүх тэдгээрийн хүсэлтээр бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч А ХХК-д холбогдуулан 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Хамтарсан хурлын шийдвэрийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, хэлцлээр шилжүүлсэн зүйлээ буцаан гаргуулах, талуудын хооронд байгуулагдсан 2009 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 09/08 тоот “Гэрээ”, 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн “Нэмэлт гэрээ”, 2011 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Хурлын тэмдэглэлийн дагуу Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороонд байрлах, “Аюуд тауэр” барилгын гуравдагч этгээдэд шилжсэнээс үлдэх талбай болох 1 давхар 652.1 м.кв, 10-16 давхар 4,936.8 м.кв талбай, нийт 8 давхар буюу 6,415.3 м.кв талбай, 15 автомашины зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргахдаа хэргийн харьяалал зөрчигдсөн, нэхэмжлэл үндэслэлгүй гэх 2 үндэслэлийг гаргасан бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байгаа Ф ХХК нь өөрийн эрх ашиг хөндөгдөөгүй тул  нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлын аль алийг дэмжихгүй гэсэн тайлбар гаргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэх эсэх асуудлаас наана хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй.

 

Зохигчдын хооронд 2009 оны 8 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан 09/08 тоот гэрээний 6 дугаар зүйлийн 6.1, 6.2-т “...гэрээний асуудлаар болон гэрээг хэрэгжүүлэх явцад холбогдон гарсан аливаа маргааныг талууд харилцан эв зүйгээр шийдвэрлэнэ. Хэрэв талууд тохиролцоонд хүрэхгүй бол маргааныг Гонконг дахь Олон Улсын Арбитрын шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж заажээ.

 

Нэхэмжлэгчийн шаардлага дээрх гэрээний явцад үүссэн маргаан мөн тул хэргийн харьяаллын талаар гаргасан хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасан буюу зохигч хэлэлцэн тохиролцсон бол иргэн, хуулийн этгээдийн хооронд үүссэн маргааныг арбитр шийдвэрлэнэ.”, 65 дугаар зүйлийн 65.1.1-д “энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяалал зөрчсөн бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана”, 117 дугаар зүйлийн 117.1-д “Энэ хуулийн ...65.1.1...-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.” гэж тус тус заасан.

 

Хуулийн эдгээр зохицуулалт болон зохигчдын хооронд байгуулагдсан 2009 оны 09/08 тоот гэрээний 6.2 дахь заалтаас үзвэл энэхүү маргаан нь шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэвч дээрх гэрээний хэрэгжилтийн явцад талуудын хамтарсан хурлаас гарсан 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэрийг хүчин төгөлдөр бусд тооцуулах Х ХХК-ийн 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргасан тайлбарыг А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2018 оны 9 дүгээр сарын 07-ний өдөр гаргаснаар шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах нөхцөлийг бүрдүүлсэн байх тул дээрх цаг хугацаанаас хойш иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны турш мэтгэлцэж ирсэн талуудын маргааныг хэргийн харьяалал зөрчигдсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох замаар дуусгавар болгох нь Арбитрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-дэх зохицуулалтад нийцэхгүй.

 

Учир нь, Арбитрын хэлэлцээртэй талууд шүүхэд нэхэмжлэл гаргасан бол аль нэг тал тайлбар гаргахаасаа өмнө уг маргааныг арбитрын журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тохиолдолд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгохоор Арбитрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалтаар хуульчилсан байдаг тул анхнаасаа нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан тайлбар гаргасан хариуцагчийг одоо харьяаллын талаар маргах эрхээ алдсан гэж үзнэ.

 

Иймд хэргийг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг шүүх одоо хангаж шийдвэрлэх хууль зүйн боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хянан хэлэлцэнэ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгээр хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Зохигчид 2009 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 09/08 дугаартай “Гэрээ” /цаашид “Үндсэн гэрээ” гэх/-г байгуулж, уг гэрээгээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай А ХХК-ийн эзэмшлийн газар дээр 19 давхар оффисын зориулалттай барилга барих төсөл хэрэгжүүлэх бөгөөд Б тал буюу А ХХК зоорийн 0.000 давхрыг өөрийн хөрөнгөөр барьсан, цаашид А тал буюу Х ХХК хөрөнгө оруулалт хийж, уг барилгыг барьж дуусгах ба 2 тал оруулсан хөрөнгө оруулалтынхаа хувь хэмжээгээр уг барилгыг хамтран өмчлөхөөр, урьдчилан тогтсоноор барилгын нийт талбай 16,000 м.кв, А тал барилга байгууламжийн 60%-ийг, Б тал 40%-ийг тус тус өөрийн өмчлөлд авахаар харилцан тохиролцсон байна.

 

Талууд мөн 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 09/08/01 тоот “Нэмэлт гэрээ” /цаашид “Нэмэлт гэрээ” гэх/-г байгуулж, Х ХХК-ийн уг төслийг санхүүжүүлэх дээр хэмжээ 10,000,000 ам.доллар гэж баталгаажуулан, ажил 10,000,000 ам.доллараас хэтэрсэн тохиолдолд хоёр тал гэрээнд заасан өөрсдөд оногдох хувь хэмжээгээр буюу хэтэрсэн төсвийн 60%-ийг Х ХХК, 40%-ийг А ХХК бэлэн мөнгөөр гаргаж, барилгын ажлыг санхүүжүүлэхээр болжээ.

 

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Соёл амралтын хүрээлэн /14240/, Олимпийн гудамж, 5 тоот үйлчилгээний 14,386.5 м.кв талбайтай, 16 давхар, 70%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга нь хоёр хуулийн этгээдийн өмч, 40%-ийн өмчлөгч нь А ХХК, 60%-ийн өмчлөгч Х ХХК болохыг эрхийн улсын бүртгэлийн Ү-2203024452 дугаарт бүртгэж, 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000247152 дугаартай гэрчилгээ олгогдсон байна.

 

Барилгын санхүүжилт саатаж, барилгын ажил зогссон тул цаашид барилгыг гүйцээн дуусгахын тулд барилгыг нэг өмчлөгчийн нэр дээр бүртгүүлж, зээл олох чухал шаардлагатай тухай А ХХК-ийн саналыг үндэслэн Х ХХК нь өөрийн эзэмшлийн 60%-ийн өмчлөх эрхийг А ХХК-д шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэхээр харилцан тохиролцож, 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Хамтарсан хурлын шийдвэр /цаашид “хамтарсан хурлын шийдвэр” гэх/ гаргажээ.

 

Шийдвэрийн дагуу Х ХХК өөрийн өмчлөлийн 60%-ийн өмчлөх эрхийг А ХХК-д шилжүүлж, хамтран өмчлөгч хасагдах хэлцлийг улсын бүртгэлд бүртгүүлснээр 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр А ХХК бүртгэгдэж, улмаар 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр А ХХК нь Ф ХХК-тай Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ байгуулж, барилгыг барьж дуусган, 2018 оны 7 дугаар арын 24-ний өдрийн 2018/274 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр 70%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга 100%-ийн гүйцэтгэлтэйгээр А ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн байна.

 

А ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2203024452 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөөс 2,468.4 м.кв талбайтай, 7, 8, 9 дүгээр давхар болон зоорийн давхрын 6 ширхэг автомашины зогсоолыг эрхийн улсын бүртгэлийн Ү-2203036181 дугаарт Ф ХХК-ийн өмчлөлд салгаж бүртгүүлснээр үлдсэн 11,918.1 м.кв талбайтай хэсэг нь А ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй хэвээр үлдсэн, одоо уг хөрөнгөд түрээсийн гэрээнээс өөр бүртгэл байхгүй зэрэг үйл баримт тогтоогджээ.

 

Шүүх дээрх үйл баримтуудаас нэгтгэн дүгнэвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний эрх зүйн харилцаа 2009 оны 8 дугаар сарын 28-ны өдөр үүссэн гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах, ингэхдээ гэрээнд заасны дагуу хураамж төлөх үүргийг хүлээдэг бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцдаг байна.

 

Талуудын гэрээгээр тохирсон хувь хэмжээ бүхий хураамжийг мөнгөн, эсхүл хөрөнгийн, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болохоор Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.2-т заажээ.

 

Манай тохиолдолд хариуцагч А ХХК нь оффисын зориулалттай барилга барих зөвшөөрөл бүхий өөрийн эзэмших эрхтэй газар, өөрийн хөрөнгөөр барьсан  зоорийн 0,000 давхрын барилгын суурийг буюу хураамжийг хөрөнгийн хэлбэрээр, нэхэмжлэгч Х ХХК нь барилгын ажлыг үргэлжлүүлэн барьж дуусгахад шаардлагатай хөрөнгө оруулалт буюу мөнгөн хэлбэрээр хураамжийг төлөхөөр тус тус тохирсон байна гэж дүгнэв.

 

Нэмэлт гэрээгээр нэхэмжлэгчийн оруулах хөрөнгө оруулалтын дээд хэмжээг 10,000,000 ам.доллар байхаар тохирч, барилгын ажилд шаардагдах илүү гарсан төсвийг нэхэмжлэгч 60%, хариуцагч 40%-аар тус тус хариуцахаар тохирсон нь Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1-д зааснаар хураамжийн хэмжээг нэхэмжлэгч 60%, хариуцагч 40%-аар тус тус төлөхөөр тохирсон гэж үзэх үндэслэлийг бүрдүүлж байна.

 

Хамтран ажиллах үндсэн гэрээнд барилгын ажлыг 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгохоор талууд тохирсон ч тодорхой шалтгааны улмаас дуусаагүй, 2013 оны 5 дугаар сарын 22-ны байдлаар 70%-ийн гүйцэтгэлтэй болж, дуусаагүй барилгыг өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж, нэхэмжлэгчээс 10,000,000 ам.долларын хураамжийг бүрэн төлөөгүй байсан ч талууд анх тохирсон хураамжийн хувь хэмжээгээр хэсгээр өмчлөх хэмжээг нэхэмжлэгч 60%, хариуцагч 40% гэж тодорхойлж өмчлөгчөөр бүртгүүлсэн байдаг.

 

Хариуцагчийн хувьд үндсэн гэрээгээр тогтоосон хураамжийг төлсөн эсэхэд талууд маргаагүй, харин нэхэмжлэгчээс 7,540,000 ам.долларын хэмжээнд хураамжийг төлсөн болох нь талуудын маргаагүй тайлбараар тогтоогдсон.

 

Хэдийгээр нэхэмжлэгч 8,246,381.45 ам.долларын хураамжийг бодитоор төлсөн гэж тайлбарлаж, талуудын харилцан тооцоо нийлсэн дүнгээс илүү өндөр хэмжээний хураамж оруулсан болохоо нотлох зорилгоор хэрэгт баримтууд өгсөн боловч энэ маргаан зүйл нь хураамжийн хувь хэмжээг тогтоох явдал биш тул шүүх чухам ямар хэмжээний хураамжийг оруулсан болохыг тогтоох нь хэрэгт ач холбогдолгүй гэж үзээд дүгнэхгүй орхив.

 

Хамтран ажиллах гэрээний үндсэн дээр олсон ашгийг талууд төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилдаг тул зохигчид хамтын үйл ажиллагааны үндсэн дээр барьсан барилгын нийт м.кв талбайг 60%, 40%-аар нь хувааж, ногдох м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг тус тусдаа өмчлөх, ийнхүү өмчлөхдөө хэн, хэдэн давхрыг хэрхэн ямар арга замаар сонгон авах тухайгаа тохиролцож, 2011 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 10:00 цагт хийсэн Х ХХК болон А ХХК-ийн ажлын уулзалтын тэмдэглэлээр баталгаажуулсан байдаг.

 

Гэвч нэхэмжлэгч Х ХХК гэрээнд заасан хураамжийг бүрэн төлөөгүй, тухайн барилгын ажил хариуцагч А ХХК-ийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гуравдагч этгээд Ф ХХК-тай байгуулсан хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээний үр дүнд дууссанаас үүдэн зохигч талууд үндсэн гэрээг дүгнэж, дуусгавар болгоогүй, дээрх тохиролцоо өнөөдрийн байдлаар хэрэгжих боломжгүй болжээ.

 

Энэ үйл баримт нь Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3, 477.4-т заасан эд хөрөнгийг дундаа хэсгээр өмчлөх /төлсөн хураамжийн хувь хэмжээгээр/, дундаа өмчлөх хөрөнгийн үр шим, түүнийг нэгтгэсэн, нийлүүлснээс бий болсон хөрөнгийг тодорхой хэмжээгээр хэсгээр өмчлөх нэхэмжлэгчийн эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

 

Гэрээний явцад талууд барилгын ажлыг цааш үргэлжлүүлэн гүйцэтгэхэд шаардагдах хөрөнгө мөнгө, зээл олох зорилгоор барилгын өмчлөх эрхийг хариуцагчийн өмчлөлд 100% шилжүүлэх шаардлагатай гэж 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хурлаас хамтарсан шийдвэр гаргасан явдал нь Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1-д “Гэрээнд өөрөөр заагаагүй бол талууд хамтын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх бөгөөд талууд аливаа хэлцэл хийхдээ харилцан зөвшөөрлийг авна.”, 478.4-т “Хамтын үйл ажиллагааг аль нэг тал нь эрхлэн явуулахаар талууд тохиролцсон бол түүнийг талуудыг төлөөлж гэрээ хэлцэл хийх, маргаан гарвал төлөөлөх эрхтэй гэж тооцно.” гэж заасан зохицуулалтын хүрээнд гаргасан хамтын шийдвэр гэж үзнэ.

 

Тиймээс уг шийдвэрийг үндэслэн барилгын өмчлөх эрхийг 100% хариуцагчид шилжүүлж, улмаар гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр оруулсан хөрөнгөөр барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж дууссан болох нь тогтоогдсон тул шүүх талуудын хамтын шийдвэрийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй юм.

 

70%-ийн гүйцэтгэлтэй барилгыг гүйцээн дуусгахын тулд хөрөнгө, зээл олох чухал шаардлагын үүднээс талууд хамтарсан хурлын шийдвэрийг гаргасан, уг зорилгодоо нэгэнт хүрсэн тул “Кератив Монгол Солюшн групп” ХХК-аас зээл аваагүй явдал нь тухайн шийдвэрийг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл  болохгүй.

 

Иймд уг шийдвэрийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэгчийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзнэ.

 

Хамтарсан хурлын шийдвэрийн үндсэн дээр гарсан хамтран өмчлөгч хасагдах хэлцлээр барилгын өмчлөх эрхийг 100% хариуцагчийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсний улмаас Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.” гэж зааснаар хариуцагчийг өмчлөгч гэж үзэх хууль зүйн үндэслэлийг бүрдүүлж байгаа ч хамтран ажиллах гэрээний талуудын хувьд энэ зохицуулалтаар өмчлөгчийг тодорхойлохгүй.

 

Учир нь, хамтран ажиллах гэрээний үндсэн дээр бий болсон эд хөрөнгө нь улсын бүртгэлд аль нэг талын өмчлөлд бүртгэгдсэн эсэхээс үл шалтгаалан талууд оруулсан хураамжийн хувь хэмжээгээр тухайн эд хөрөнгийг хэсгээр өмчлөх эрх үүргийн эрх зүйн зохицуулалтын хүрээнд үүссэн тул Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасан зохицуулалт нь хамтын үйл ажиллагааны дотоод харилцаанд бус харин мөн хуулийн 478 дугаар зүйлийн 478.4-т заасан зохицуулалтын хүрээнд гадагш чиглэсэн өмчийн эрх зүйн буюу эд баялгийн эрх зүйн шинжийг агуулдаг.

 

харилцаанд тухайн хөрөнгийн өмчлөгч гэж үзэх үр дагавар үүсгэхээс биш хамтын үйл ажиллагааны дотогш чиглэсэн харилцаанд дангаар өмчлөгч гэж үзэх үндэслэлийг бүрдүүлэхгүй юм.

 

Хамтран ажиллах гэрээний талуудын хувьд дундаа хэсгээр өмчлөх эд хөрөнгийн өөрт ногдох хэсгийг өмчлөх эрхтэйгээс гадна өөрт ногдох хэсэгт ногдох үр шимийг Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.4-т зааснаар мөн өмчлөх эрхтэй.

 

Манай тохиолдолд нэхэмжлэгчийн хувьд дундаа өмчлөх эд хөрөнгийн өөрт ногдох хэсгийн хувьд эзэмших, ашиглах, захиран зарцуулах онцгой эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаагаас үүдэн энэхүү нэхэмжлэлийг Х ХХК гаргасан байдаг.

 

Иргэн, хуулийн этгээдийн эд хөрөнгө өмчлөх эрх Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсдэг тул гэрээний үндсэн дээр нэхэмжлэгчид үүссэн эд хөрөнгийн хэсгээр өмчлөх өмчлөх эрх  г.8.1.1.эд хөрөнгө өмчлөх эрхийн;Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.” Хэрэв хуульд заасан үндэслэлээр хамтран ажиллах гэрээг дуусгавар болгож, дундаа хэсгээр өмчлөх эд хөрөнгийг эд хуулийн дээрх заалтууд саад болно.

 

ИХ-ийн 477.3, 477.4-т заасан талуудын дундаа өмчлөх хөрөнгө нь мөн хуулийн 108.1-д заасан дундаа хамтран өмчлөх хөрөнгөд хамаардаг.

 

Хэсгээр өмчлөх дундын өмчлөлийн үед өмчлөгчид ногдох өмчлөх эрхийн хувь хэмжээг хууль эсхүл гэрээгээр арифметик тооцооллоор тогтоох бөгөөд энэ нь өмчлөлийн зүйл болох эд хөрөнгийг хуваах тухай ойлголт биш юм.

 

 

Хамтран ажиллах гэрээний үндсэн дээр талуудын дундаа хамтран өмчилж байгаа барилгын ажил бүрэн дуусаж, одоо хуваагдах замаар иргэний гүйлгээний бие даасан обьект болох бодит боломж бүрдсэн байгаа хэдий ч энэ нь хамтран ажиллах гэрээг дуусгавар болгон дүгнэж, хамтын үйл ажиллагаатай холбоотой биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалт үйлдэж, талуудад хуваарилсан тохиолдолд буюу Иргэний хуулийн 48 дугаар зүйлийн 480.3-т заасан үндэслэлээр хэрэгжих боломжтой.

 

Тэгэхээр талууд хамтран ажиллах гэрээг дүгнэн дуусгавар болгоогүй энэ тохиолдолд ИХ-ийн 480.3-т зааснаар шүүх ИХ-ийн 477.4-дэх зохицуулалтын хүрээнд барилгаас 6,415.3 м.кв талбай болон 15 ширхэг автомашины зогсоолын өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг хариуцагчид даалгах хууль зүйн боломжгүй.

 

Харин хамтран өмчлөх эрхээ сэргээлгэхийг хүссэн нэхэмжлэгчийн шаардлагыг хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоох бус, харин хамтран ажиллах гэрээний дагуу үүссэн хамтран өмчлөх эрхийн хүрээнд сэргээн шийдвэрлэх нь хууль ёсных гэж үзлээ.

 

Үл хөдлөх эд хөрөнгө 100 хувийн гүйцэтгэлтэй болсноор эргэлтэд орох боломжтой тул нэхэмжлэгчийн өмчлөх эрх зөрчигдөх болзошгүй тул түүний өмчлөх эрхийн хамтран өмчлөгчийн хувиар улсын бүртгэлд бүргүүлэн баталгаажуулах нь ИХ-ийн 101.1-д нийцнэ.

 

Гэхдээ гэрээгээр тохирсон 60%-ийн хураамжаа бүрэн төлөөгүй нь тогтоогдсон тул шүүх түүний хамтран өмчлөх хөрөнгөд эзлэх хувийг мөн хэмжээгээр тогтоох нь ИХ-ийн 477.3, 477.4-т тус тус нийцэхгүй гэж үзнэ.

 

Иймд хариуцагчтай тэнцүү хэмжээгээр хамтран өмчлөх эрхтэй байхаар өмчлөх эрхийг сэргээх нь зүйтэй.

 

Барилга өнөөдөр 100%-ийн гүйцэтгэлтэй болсон нь үнэн боловч уг барилгыг энэ хэмжээнд хүрэх үйл явц зохигчдын хамтын үйл ажиллагааны үр дүн тул 70%-ийн гүйцэтгэлтэй барилгын 60%-ийн өмчлөгчийг 100%-ийн гүйцэтгэлтэй барилгын 60%-ийн өмчлөгчөөр тогтоох нь шударга бус гэх хариуцагчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүйг тэмдэглэв.

 

Хамтын үйл ажиллагааны дүнд барилга бүрэн дуусаж, 100% ашиглалтад орсон тул талууд хамтран ажиллах гэрээг хуульд заасан журмын дагуу дуусгавар болгож, тус тусын оруулсан хураамжийн хувь хэмжээг тооцож, ногдох м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдээ тус тусын өмчлөлдөө шилжүүлэн авах нь ИХ-ийн 478.8, 480.3 дахь зохицуулалтад нийцэхийг дурдья.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. ИХ-ийн 477.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчийг эрхийн улсын бүртгэлийн Ү-2203024452 дугаарт А ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй 11,918.1 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг хамтран өмчлөгч болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, барилгын м.кв талбайг өмчлөлд шилжүүлэхийг даалгах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн УТХ хуульд зааснаар хуваарилна

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд нь энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж гардан авах үүрэгтэй бөгөөд, хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, ийнхүү гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

  •