Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 280

 

 

 

 

 

 

 

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

  

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу, Сонбизнес төвд байрлах Х М  ХХК /РД: 5320313/-ийн  нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 01 дүгээр хороо, Олимпийн гудамж-5, өөрийн байранд байрлах А  ХХК /РД: 5244838/,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, 01 дүгээр хороолол, 29-23 тоотод байрлах Ф М Э Э Ж ХХК /РД: 6124194/

 

            2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Х М  ХХК-иас үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн 60 хувийг А  ХХК руу шилжүүлсэн  /хамтын шийдвэр/ хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулан, хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжсэн маргаан бүхий барилгын 60 хувиас гуравдагч этгээдэд шилжүүлснээс үлдэх талбай болох 1 давхар 652,1 м.кв, 10-15 давхар 4936,8 м.кв, 16 дугаар давхар 826,4 м.кв, нийт 8 давхар буюу 6415,3 м.кв талбай, 15 авто машины дулаан зогсоолыг А  ХХК-ийн өмчлөлөөс Х М  ХХК-д буцаан шилжүүлэх тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхгэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Оюунболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван,  бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Т.Алдармаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

           

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Х М ” ХХК-ийн нэхэмжлэл гаргах болсон эрх нь зөрчигдсөн талаар үйл баримтаа тогтоолгоход чухал ач холбогдолтой учир дэлгэрэнгүй байдлаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ яръя гэж бодож байна. Манай компанийн хувьд А  ХХК-тай 2009 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 09/08 дугаартай харилцан үүрэг бүхий Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулан ажиллаж эхэлсэн. Тус Хөрөнгө оруулалтын гэрээнд А  ХХК-ийн эзэмшлийн барилга барих зориулалт бүхий газар, түүн дээр зоорийн суурин дээр оффисын зориулалттай 19 давхар барилгын ажлыг барьж дуусгахад шаардагдах хөрөнгө оруулалтыг манай компани хийж, өөрийн хөрөнгөөр уг барилгын ажлыг санхүүжүүлэн гэж тохирсон. Ингээд өөрсдийн оруулсан хөрөнгийн хэмжээгээр буюу “Х М ” ХХК-ийн хувьд 60 хувь, А  ХХК 40 хувийг хуваан өмчлөхөөр анхны тохиролцоо хийгдсэн. Мөн давхарын байрыг 2 тал тохиролцсон хэмжээгээр сугалааны зарчимаар сонгон авах өмчлөх талбайг сонгож бичгээр баталгаажуулна гэх ерөнхий тохиролцоонуудыг анхны гэрээгээр тохирсон. Тус гэрээ хавтаст хэргийн 38-аас 40 дүгээр хуудсанд авагдсан байгаа. Ингээд барилгын ажил эхэлсэн. Эхлээд явах шат ямар нэгэн саадгүй, тохиролцсон гэрээ ёсоор цаг хугацаандаа барилга угсралтын ажил явагдаж байсан. Ингээд 2011 оны 03 дугаар сарын 18-ны өдөр талууд дахин нэмэлт гэрээ байгуулан 090108 дугаартай нэмэлт гэрээ байгуулж, хөрөнгө оруулалтын хэмжээг 10 сая ам долларт барьж, түүнээс илүү гарах юм бол үндсэн гэрээнд заасан хувь хэмжээгээр илүү гарсан зардлыг хуваан хариуцахаар тохиролцож, нэмэлт тохиролцоонуудыг гэрээнд хийж өгсөн байдаг. Нийт хөрөнгө оруулалтын дүнд “Х М ” ХХК-ийн захиргааны зардал, удирдлагын зардлыг оруулахаар тохирсон. Мөн өрөөний сонголтын талаар болон бусад эрхүүдийг хэрэгжүүлэхээр дахин баталгаажуулсан байдаг. Барилгын ажил дуусах хугацааг үндсэн гэрээнд тогтоогоогүй байсан бол нэмэлт гэрээгээр барилгын ажил дуусах хугацааг 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тогтоож, баталгаажуулсан байдаг.

“Х М ” ХХК-ийн зүгээс энэ цаг хугацаанд 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нэмэлт гэрээ байгуулах цаг хугацаанд 7,4 сая ам долларын хөрөнгө оруулалтыг барилга угсралтын ажилд зарцуулчихсан. Хөрөнгө оруулалт хийгдчихсэн, барилга тухайн цаг хугацаанд хэвийн үргэлжилж байсан. Тухайн үеийн хөрөнгө оруулалт, зардлын талаар баримт хавтаст хэргийн 36-аас 37 дугаар хуудаст манай компанийн банкны дэлгэрэнгүй хуулгаар тодорхой харагдана.

Ингээд барилга угсралтын ажил хэвийн явагдаж байсан. 2011 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр “Х М ” ХХК болон А  ХХК хуралдаж, хамтарсан хурлын шийдвэр гаргаж, гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Тус хурлын шийдвэрээр нэлээн хэдэн зүйлийг дахин тохирч, баталгаажуулдаг. Ингэхдээ онцлон нэхэмжлэлийн шаардлагад тодруулж ярих зүйл бол тухайн хурлын шийдвэрийн 8 дахь заалтад өмнөх үндсэн гэрээ болон нэмэлт гэрээгээр тохирсон давхаруудын хуваарилалтыг сугалааны аргаар хийж баталгаажуулсан байдаг.

Ингэхдээ 1 давхарыг бүхэлдээ “Х М ” ХХК-д, зоорийн Б1, Б2 давхаруудыг дулаан автомашины зогсоолыг 60, 40 хувийн хэмжээгээр, 2-оос 7 давхарыг А  ХХК, 9-өөс 16 давхарыг “Х М ” ХХК, 8 давхарыг 60, 40-ийн хэмжээгээр хуваан авахаар тохирсон байдаг. Хавтаст хэргийн 60 дугаар хуудсанд авагдсан байгаа.

Ингээд барилга угсралтын ажил явагдаж байх үед 2012 он гарсан. Энэ үед А  ХХК-ийн захирал н.Бат-Эрдэнээс “Х М ” ХХК-д санал ирсэн байдаг. Тус санал уулзах үед амаар илэрхийлсэн байдаг.

Үүнд барилгын төсөл 70 орчим хувь болсон. Манай компани өөрийнхөө үйл ажиллагааг өргөжүүлэх үүднээс барилгыг 100 хувь дангаараа өмчилмөөр байна, танай оруулсан хөрөнгө болох 7,5 сая ам долларыг 11 сая ам доллар болгон өгч дангаараа барилгаа өмчилмөөр байна гэх санал ирүүлээд би танайд өгөх 11 сая ам доллараа санхүүжилт олгох зорилгоор дуусаагүй барилгын 70 хувийн өмчлөгчөөр тогтоолгоё гээд 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдөр А  ХХК дуусаагүй барилгын 100 хувийн өмчлөгчөөр өөрийгөө бүртгүүлж, дангаараа гэрчилгээ гаргуулж авсан байдаг.

Тус тохиролцоо үргэлжилсээр 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдөр тус тохиролцоог цаасан дээр буулгаж хувь шилжүүлэх гэрээ байгуулж, баталгаажуулсан. Хувь шилжүүлэх гэрээнд тохиролцохдоо А тал буюу “Х М ” ХХК гэрээнд заасны дагуу хугацаандаа хөрөнгө оруулалт хийж байсныг дурьддаг. Өнөөдрийг хүртэл барилга угсралтын ажил хэвийн явагдаж байгааг дурьддаг. Б тал буюу А  ХХК үйл ажиллагаагаа өргөжүүлэх үүднээс “Х М ” ХХК-ийн эзэмшлийн 60 хувийг А  ХХК-д шилжүүлэхээр “Х М ” ХХК-д хүсэлт гаргасныг манай компани хүлээн зөвшөөрч, хувь шилжүүлэх гэрээ байгууллаа гэж ерөнхий нөхцөл дээрээ тодорхой дурдсан байдаг.

Ингээд А  компаниас хүсэлт гаргасны үндсэн дээр Хувь шилжүүлэх гэрээ байгуулагдаж, “Х М ” ХХК-ийн эзэмших 60 хувийг 11 сая ам доллараар үнэлж, 2 компани 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр тохирсон.

Хувь шилжүүлэх гэрээний дагуу өмнө нь байгуулсан 2009 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн үндсэн гэрээ болон 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Нэмэлт гэрээ, мөн 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн уулзалтын тэмдэглэл зэргийг хувь шилжүүлэх гэрээ байгуулснаар хүчингүй гэж дурьддаг. Гэхдээ тусгайлсан нөхцөл нь А  ХХК нь хувь шилжүүлэх гэрээ ёсоор 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 11 сая ам долларыг шилжүүлэхгүй бол анхны гэрээ болон нэмэлт гэрээ, уулзалтын тэмдэглэл бүгд хэвээр үйлчилнэ гэх тохиролцоог талууд бичгээр хийж баталгаажуулсан.

2012 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан Хувь шилжүүлэх гэрээнээс хойш А  ХХК-ийн зүгээс 2013 он гартал тодорхой шийдэлгүй, манайхыг янз бүрийн шалтаг хэлж, хүлээлтийн байдалд оруулсан. Барилгын үйл ажиллагаа ч зогсонги байдалд орсон. Мөн Хувь шилжүүлэх гэрээний дагуу буцаан мөнгө төлөхгүй цаг хугацаа алдсаар байсан. “Х М ” ХХК-ийн зүгээс 2014 оны 04 дүгээр сарын 01-ний дотор Хувь шилжүүлэх гэрээ ёсоор мөнгөө шилжүүлэхийг шаардсан бичгийг А  ХХК-руу хүргүүлж байсан. Хавтаст хэргийн 64-өөс 68 дугаар талд Хувь шилжүүлэх гэрээнээс хойш анхны удаа өр шаардсан албан бичиг хэрэгт авагдсан байгаа.

Тус бичигт 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдөр А  ХХК-иас хариу ирүүлдэг. Тэгэхдээ манай компаниас хүргүүлсэн албан бичгийн хариуд хувь шилжүүлэх гэрээний дагуу төлбөр төлөх ёстой хугацааг 1 жилээр хойшлуулсанд хүлцэл өчиж байна төлбөр төлөхийг дахин илэрхийлж байна, хугацаа алдуулсаар байгаад уучлалт гуйсан бичиг ирүүлсэн байдаг. Хавтаст хэргийн 56 дугаар хуудсанд авагдсан байдаг.

А  ХХК нь манай компанийн 60 хувийг шилжүүлэн авч, тохиролцсон ёсоор 11 сая ам доллараа өгөхгүй, хугацаа алдаж байсан учраас өөрсдийн хүсэлт болон манай компани шаардсаны дагуу танайх хугацаа алдаж байна, манай 70 хувийн гүйцэтгэлийг танайх дангаараа 100 хувь авч, дуусаагүй барилгын өмчлөлийн гэрчилгээ гаргуулчихсан учраас нэгэнт 11 сая ам доллараа өгөх юм бол түүнийгээ өгсний дараа 60 хувийг шилжүүлж өгье гэх байдлаар 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа үл хөдлөх эд хөрөнгөд манайх хамтран өмчлөгчөөр орсон байдаг. Ингэхдээ 60 хувийг “Х М ” ХХК-д 40 хувийг А  ХХК өмчлөхөөр бүртгүүлсэн.

Харин хариуцагчийн тайлбарт дурьдсанчлан манай компанийн зүгээс толгой компанидаа үзүүлэх зорилгоор манай компани хөрөнгө мөнгөө саатуулсан мэтээр А  компаниас гуйж өмчлөгчөөр бүртгүүлсэн зүйл байхгүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаас хангалттай харагдаж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараас харахад дуусаагүй барилгын өмчлөх эрх “Х М ” ХХК-д байхгүй гэж дурьдсан байдаг. Хэрэв дуусаагүй барилгын өмчлөх эрх “Х М ” ХХК-д байхгүй бол мөн л адилхан А  ХХК-д байхгүй ш дээ. Мөн дуусаагүй барилга 70 хувьтай байхад 2017 онд гуравдагч этгээдэд дуусаагүй барилгын 7, 8, 9 давхрыг шилжүүлсэн байдаг. Гэтэл А  ХХК болон Гуравдагч компаниудад дуусаагүй барилгын өмчлөх эрх байгаад байдаг “Х М ” ХХК буюу тус хөрөнгө оруулагч тус барилгыг бүхэлд нь барьсан компанид байхгүй гэж байгаа нь ойлгомжгүй, ёс зүйгүй тайлбар гаргаж байгааг гайхаж байна.

Мөн 2015 онд хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулснаас хойш 100 хувийн өмчлөгч мэтээр илэрхийлж, дураараа захиран зарцуулснаар манай компани өнөөдрийг хүртэл тухайн барилгаас олох ёстой байсан ашгаараа хохирч байна.

Ингээд нэхэмжлэлийн шаардлага нь 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр манайх дахин хувь шилжүүлэх гэрээний дагуу А  ХХК-аас төлбөр төлөхийг шаардсан байдаг. Тохиролцсон ёсоор 11 сая ам долларыг төлөхгүй бол алданги тооцохоо илэрхийлсэн. Энэ үед төслийг гуравдагч этгээдэд шилжүүлэх бол заавал манай компанитай хамтран шийдвэрлэхийг тухайн үед дурдсан албан бичгийг хүргүүлдэг. Тус албан бичиг хавтаст хэргийн 51-ээс 52 дугаар талд авагдсан байгаа.

2013 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн албан бичигт хариу ирүүлээгүй. 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр А  ХХК-аас албан бичиг ирэхдээ манай компани тус төсөлд оруулсан 7,540,000 ам долларын санхүүжилтийг баталгаажуулж, хүлээн зөвшөөрснөө илэрхийлэн, 2009 оны анхны гэрээний заалтыг дагаж мөрдмөөр байна, танай компаниас санхүүжилтээ үргэлжлүүлэн хийхийг хүссэн албан бичгийг ирүүлсэн байдаг.

Манай компанийн зүгээс дээрх нөхцөл байдалд хангалттай хүлээцтэй хандсан байдаг. Ийм бичиг хийж өгсөн хэдий ч 11 сая ам доллараа удахгүй төлнө, түр хүлээж байгаарай гэх саналыг амаар н.Бат-Эрдэнэ захирал байнга утсаар ярьж гуйдаг байсан.

Манай компанийн хувьд хувьцаа эзэмшигч нараас төслөө цааш хэрхэн үргэлжлүүлэх талаар толгой компани буюу 100 хувь хувьцаа эзэмшиж байгаа “Хуашенконстракшн групп компанид саналыг хүргүүлдэг. Ингээд магадгүй хэлсэн зүйлдээ хүрч 11 сая ам доллараа авч ирэх юм бол мөнгөө бүрэн шилжүүлж өгье, харин өгөхгүй бол итгэл алдаж байна гэх хариу ирүүлсэн учраас А  ХХК-ийг харж, хүлээлтийн байдалтай байсан.  

Ингээд энэ хугацаанд 1 жилийн хугацаа алдаж, хариуцагч компаниас янз бүрийн хүмүүс авч ирж уулзуулан зээл авах, зээл авч 11 сая ам доллараа өгөх саналуудыг удаа дараа тавьж байсан ч манай компани хүлээж авахгүй байсан учраас жил гаруй хугацаа алдсан байдаг. Үүн дээр нэхэмжлэгч болон хариуцагч талуудаас амаар харилцан тохирч байсан учир хэн алинд нь хэрэгт өгсөн баримт байхгүй.

2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч компаниас манайд албан бичиг ирсэн. Си Эн Эс компаниас 10 сая ам долларыг 3 жилийн хугацаатай зээлэх боломж олдсон. Тус компаниас 60 хувийг хуваан өмчилж байгаа болон санхүүгийн тайланг аль нэг компанийн нэр дээр шилжүүлсэн тохиолдолд зээл олгоход эрсдэлгүй гэж үзэж байгаа юм аа, тиймээс үл хөдлөх эд хөрөнгийн 60 хувийг манай компанид шилжүүлж өгөхийг хүсч байна, ингэснээр манай хоёр компани цаашид тус төслөө хамтран дуусгах сайхан боломж бүрдлээ гэх албан бичгийг ирүүлсэн байдаг. Хавтаст хэргийн 15-аас 17 дугаар хуудсанд авагдсан байгаа.

Мөн тус албан бичгийн дагуу 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр талууд хуралдсан байдаг. А  компанийн албан бичигт Си Эн Эс компанийн албан бичиг хавсралтаар ирсэн. Зээл авах зорилгоор манай компани өөрийн өмчлөлийн 60 хувийг шилжүүлж өгсөн. Си Эн Эс компанийн албан бичигт танай компанийн барилга угсралтын зураг, ажлын явц зэргийг судлан үзсэний үндсэн дээрээс 3 жилийн хугацаатай 10 сая ам доллар зээлэх боломжтой, харин 60, 40 хувийг нэгтгээд, хуваан өмчилж буй өмчлөлийн асуудлыг нэг компанийн нэр дээр өгч, санхүү бүртгэлээ нэгтгэсэн тохиолдолд зээл өгнө гэсэн байдаг. Тиймээс манай компанид итгэл, найдвар төрж, хамтарч тус төслөө дуусгая гэж тохироод 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн хамтарсан хурлын шийдвэрээр манай компани өөрийн өмчлөлийн 60 хувийг А  ХХК-д шилжүүлэн өгсөн. Шилжүүлснээс хойш хариуцагч компани сураггүй болсон. Зээл авсан эсэх нь тодорхойгүй, эргээд бид нарт мэдэгддэггүй ийм байдал руу шилжсэн.

Холбогдоод уулзалт товлоё гэхэд хүлээж бай хөрөнгө оруулагч хайж байна, зээл бүтээгүй, дахин хөрөнгө оруулалт хайж байна гэсэн байдаг. Ингээд “Х М ” ХХК-ийн хувьд юу ч хийж чадахааргүй нөхцөл байдалд хүрсэн. 2017 оны 08 дугаар сараас гэнэт барилгын ажил явагдаж эхэлсэн. Хариуцагч компанийн захиралтай холбогдож хөрөнгө оруулалт олоо юу, яагаад манай компанид мэдэгдээгүй юм бэ гэж тодруулахад танайхтай холбогдох шаардлагагүй, ажил явагдаж л байвал болоо биз дээ гэх байдлаар хандаж эхэлсэн. Үндсэндээ “Х М ” ХХК-иас холбоогоо тасалсан.

Манайх 2013 оны 12 сард баталгаажуулснаар 7,540,000 ам доллар буюу нэхэмжлэл гаргах үеийн ханшаар 19,098,820,000 төгрөгийн хөрөнгө орууллалт хийсэн. Үүнийг хариуцагч компанийн баталгаажуулсан үнийн дүнгээр тодорхойлж, нэхэмжлэл гаргасан. Баримтыг шүүж үзэхэд мөнгөн дүн нэлээд их хэмжээгээр давсан байдаг. Эдгээрийг орхигдуулан нэхэмжлэлийн шаардлагаа хохирол хэлбэрээр нэхэмжлэхгүйгээр өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна.

2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр нэг компанийн өмчлөлд нэр байгаа учраас зээл авч барилгаа үргэлжлүүлэх боломжтой гэж үзээд А  компанийн нэр дээр өөрийн өмчлөлийн 60 хувийг шилжүүлэн өгсөн. Гэтэл хариуцагч компанийн зүгээс Монгол улсад төсөл хэрэгжүүлж байгаа, өөрийн мэддэг хэлээрээ дамжуулан үйл ажиллагаа явуулж байгаа давуу байдлаа ашиглаж, хууран мэхэлж, хөрөнгө оруулагч компанийг төөрөгдүүлж, зээл авах зорилгоор шилжүүлж авсан хамтарсан хурлын шийдвэр нэртэй шийдвэрийг ашиглан 100 хувь өөрийн нэр дээр барилгыг шилжүүлэн авч, манай компанид мэдэгдэхгүйгээр гуравдагч компанид автомашины 6 зогсоол, 7, 8, 9 давхруудыг шилжүүлэн, дангаараа захиран зарцуулж, манай компанийн өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчиж байна гэж үзэж байна. Мөн барилгыг өөрөөр нь санхүүжүүлж, 100 хувийн гүйцэтгэлтэй болгосон.

Нэгэнт гуравдагч компани 3 сая төгрөг оруулсан эсэх нь тодорхойгүй хэдий ч манай компаниас хүндэтгэлтэй хандаж, гуравдагч этгээдийн эрхийг хөндөхгүйгээр нэхэмжлэл гаргасан. Мөн хариу тайлбартаа А  ХХК-ийг хохироосон гэх боловч хэрхэн хохироосон талаар баримт хавтаст хэрэгт байхгүй. Харин ч манайх өнөөдрийг хүртэл өмчлөх ёстой талбайгаа өмчилж, захиран зарцуулах, эзэмшиж, ашиглаж, түүнийхээ үр шимийг хүртэж чадахгүй байгаа.

Ингээд дараах шаардлагыг шүүхэд гаргаж байна. 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр “Х М ” ХХК-аас үл хөдлөх эд хөрөнгийн 60 хувийг А  ХХК-руу шилжүүлсэн хамтын шийдвэр нэртэй хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, уг хэлцлээр шилжүүлсэн маргаан бүхий барилгын гуравдагч этгээдэд шилжүүлснээс үлдсэн хэсгийн 60 хувь болох 15 автомашины зогсоол, 1 дүгээр давхар бүхэлдээ буюу 652,1 мкв талбай, 10-аас 15 давхар буюу 4936,8 мкв талбай, 16 давхар бүхэлдээ 826,4 мкв талбай, нийт 8 давхар буюу 6415,3 мкв талбай, 15 автомашины дулаан зогсоолыг А  ХХК-ийн өмчлөлөөс “Х М ” ХХК-ийн өмчлөлд буцаан шилжүүлж өгнө үү.

Яагаад авто машины дулаан зогсоолын мкв-ыг хэлэхгүй байна вэ гэвэл нийт 8 давхар буюу 6415,3 мкв талбайд автомашины дулаан зогсоолын мкв ороогүй. Үүнийг тооцоход зургаасаа хүндрэлтэй харагдаж байгаа. Тиймээс нэгэнт зураг дээр Б1 дээр 17 автомашины зогсоол, Б2 давхар 15 автомашины зогсоолтой учраас нийт 32 зогсоолоос гуравдагч этгээдэд шилжүүлсэн 6 зогсоолыг хасч үлдэх 26-аас 60 хувийн 15 автомашины дулаан зогсоолыг тусад нь салгаж, нэхэмжлэлийн шаардлагад тодруулан оруулсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү ” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Талуудын хүсэл зориг тухайн барилгыг ашиглалтад оруулах байсан юм шиг байна. Гэтэл тус асуудал нь жилийн дараагаас эхлэн ямар нэгэн байдлаар барилгыг барьж, хөрөнгө оруулагчаас тус барилгыг ямар нэгэн байдлаар авах зорилготой байсан юм шиг байна. Хэвийн үргэлжилж байсан төслийг би танай оруулсан хөрөнгө оруулалтыг хүлээн зөвшөөрч байна, оруулсан хөрөнгийг нэмээд 11 сая ам доллар болгоё гэх асуудлыг санал болгож, түүний дагуу хувь шилжүүлэх гэрээ байгуулж, хэвийн үргэлжилж байсан төслийг зогсоож, тус гэрээг дуусгавар болгосон. Ингээд 2 жил гаруй хугацаанд 11 сая доллар болгож өгөх асуудал саатчихсан. Төлбөрөө төлөөч гэхэд би өгнө, уучлаарай гэж удаа дараа хүсэлтээ илэрхийлсэн байдаг. Анхны гэрээг өөрийн саналаар дуусгавар болгож, өөрөө алдагдал бий болгосон. Тухайн асуудал 2014 оныг хүртэл н.Бат-Эрдэнэ гэх хүнээс болж зогсоход “Х М ” ХХК-ийн зүгээс итгэл алдаж эхэлсэн. Энэ хүний 100 хувь өмчлөлдөө авах гэсэн хүсэл сонирхол нь 2015 оныг хүртэл явсаар байсан. “Х М ” ХХК-ийн хувьд зээл авч, зогссон төслөө үргэлжлүүлж, ногдох хувиа л авах хүсэл сонирхолтой байсан. Харин өөрийгөө гацаах хүсэл байгаагүй. 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн хамтын шийдвэр гэх нэртэй хэлцэл нь Иргэний хуулийн 39, 40-д заасан хэлцэл. Хэлцэл учир үр дагавар үүсгэж, нэхэмжлэгчийн эзэмших ёстой хувь байхгүй болсон. Манайх шилжүүлсэн зүйлээ буцааж авъя, авахдаа гуравдагч этгээдэд шилжсэнээс бусад талбайн 60 хувийг гаргуулах шаардлага гаргасан. Тиймээс Иргэний хуулийн 56.1.2-т заасны дагуу хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, өөрт ногдох хэсгийг гаргуулах хүсэлтэй байна” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тухай тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа. Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч 2 дахь удаа нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна гэж ирүүлсэн. Миний бие эхний нэхэмжлэлийн шаардлага тодруулсантай холбоотойгоор 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна гэх тайлбар ирүүлсэн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй талаарх тайлбараа эхлээд хэлээд дараа нь маргааныхаа үндсэн агуулга руу оръё.

Нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн хоорондоо уялдаа холбоотой 2 шаардлага гаргасан гэж үзэж байгаа. Хэлцлийг 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Х М ” ХХК болон А  ХХК-ийн хооронд үйлдсэн хамтын шийдвэр гэх хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, тус хэлцлийн дагуу шилжсэн зүйлийг буцаан шилжүүлж өгнө үү гэх шаардлага гаргасан гэж ойлгож байгаа. Гэтэл сая хэлэхдээ буцаан шилжүүлж өгөх зүйл нь энэ юм аа гээд тоон мэдээллээр тодорхой илэрхийллээ гэж ойлгож байна.

Гэтэл хэлцэл гэх зүйл нь анх манай компани 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдөр дуусаагүй 70 хувийн гүйцэтгэлтэй барилгын 100 хувийн өмчлөгч гэх байдлаар улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулсан. 2013 онд хамтран өмчлөгчөөр “Х М ” ХХК-ийг оруулсан. Тиймээс энэ нь Иргэний хуульд зааснаар дундаа хамтран өмчилж буй ойлголт бөгөөд нэг гэрчилгээтэй, тус барилгыг бүхэлд нь 60, 40 хувиар хамтран өмчилнө гэж байгаа. Тус гэрчилгээнд байгаа 60, 40 гэх зүйлийг 100 хувь болгохын тулд хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн гэж үзэж байгаа. Гэтэл үүнд тухайлан мкв заасан зүйл байгаагүй. Хэлцлээр шилжүүлсэн зүйл гэдэг нь хэлцэлд дурдсан зүйлийг л буцаан шаардах эрхтэй. Гэтэл дуусаагүй 70 хувьтай барилгыг 60, 40 хувь гэх бичилт нь дангаараа тухайлан илэрхийлсэн гэж үзэх боломжгүй байгаа.

Дууссан барилгын хэдэн м.кв гэдгийг нэхэмжлэгчийн өмнөөс шүүх шийдэхгүй. Хоёрдугаарт 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн хэлцэлд м.кв болон граж ч байхгүй. Тиймээс хэлцлийн үр дагавар гэж юу үзэж байгаа нь тодорхойгүй байна. Хамтран ажиллах гэрээг дуусгаад нэг гэрчилгээн дээр 60, 40 хувь гэж бичүүлнэ гэж тохироогүй. Дуусгаад ашиглалтад оруулж тус тусдаа 60, 40 хувиар гэрчилгээ гаргуулъя гэж тохирсон. Нэхэмжлэгч талын шаардаж буй тухайн хөрөнгийг өмчлөх эрхийг баталгаажуулсан гэрчилгээ байгаа бол шаардаж болно. Гэтэл тусдаа гэрчилгээ гараагүй, талуудын хооронд тийм гэрээ хийгээгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг ийм байдлаар хийх боломжгүй.

Нэхэмжлэлийн шаардлага хоорондоо уялдаатай гэж ойлгож байгаа. Хэлцлээр шилжүүлсэн зүйлийг буцаан шаардаад байна. 70 хувь, 100 хувь гэдэг өөр ойлголт. Гэтэл дуусаагүй барилгын 60 хувьтай холбоотой хэлцэл буюу түүнийг шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг шаардчихаад одоо нэхэмжлэгч дуусчихсан барилгын 60 хувийн өмчлөгчөөр тогтоолгоё гэж байгаа нь үндэслэлгүй.

Шүүхэд гаргасан тайлбартаа 16 давхар барилгын 60 хувийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэх тайлбар байгаа. Дууссан барилгатай холбоотой 60 хувийг шилжүүлнэ гэх зүйл байхгүй. Тус хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцох ямар ч үндэслэл байхгүй.

Дуусаагүй 70 хувийн гүйцэтгэлтэй барилгын 60 хувийн өмчилж байсан бол дууссан барилгын хэдэн хувийг өмчлөх талаар тогтоосон зүйл байхгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, тодорхойгүй байна. Тиймээс нэхэмжлэгчийг тус асуудалтай холбоотойгоор үр дагаврыг шаардах эрхгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хэлсэн 2009 оны 08 дугаар сарын 28-ны өдөр талууд хамтран ажиллах гэрээ байгуулсанд маргаагүй. 2011 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Эрх зүйн харилцаа анх үүсгэсэн нь 2009 оны 08 дугаар сарын 28-ны өдөр байгаа. Гэтэл нэхэмжлэгч шүүхэд үндсэн гэрээний асуудал, эрх зүйн харилцаа үүсгэсэн гол үндэслэлийг нэхэмжлэлдээ дурьдаагүй байсан.

Манай компани тус барилгыг барилга барих тусгай зөвшөөрөл авч, тус барилгыг барьсан. Хотын А бүсэд байгаа барилгаа түргэн шуурхай барьж, түрээсэлж ашиг олох үндсэн зорилготой байсан. Анх тохиролцсон ёсоор нэмэлт гэрээний дагуу 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэхэд “Х М ” ХХК 100 хувийн хөрөнгөөр тус барилгыг дуусгана гэх үүрэг хүлээсэн байгаа. Гэтэл нэхэмжлэгч компанийн санаачлагаар хөрөнгөө тодорхой хэмжээгээр оруулж эхэлчихээд зогсоох боломжгүй учир мөнгө гаргаж байгаа тал тэр зүйлээрээ дарамтлаад эхлээд 19 давхар байсныг 16 болгож, хөрөнгө оруулалтын хэмжээг 10 сая ам доллар болгож түүнээс дээш гарах юм бол 60, 40-өөр хуваана гэж эдгээрийг манайх зөвшөөрсөн. Мөн хугацааг 3 жил болгоход зөвшөөрсөн.

Одоо дуусаагүй барилгын гэрчилгээг А  ХХК дангаараа гаргасан асуудал байхгүй. Анхнаасаа Хамтран ажиллах гэрээний 2.2-т тодорхой заасан байгаа. Дууссаны дараа талууд өмчилнө гэж байгаа. “Х М ” ХХК үүргээ 100 хувь биелүүлснээр өмчлөх эрх үүсэх буюу тус барилгын 60 хувийн өмчлөх эрх үүсэхээр тохирсон байгаа. Харин үүргээ биелүүлээгүй байхад ямар нэгэн байдлаар “Х М ” ХХК-д өмчлөх эрх үүсэхээр тохироогүй. Тиймээс А  ХХК өөрөө дуусаагүй барилгадаа дангаараа гэрчилгээ гаргуулж байсан байдаг.

Явцын дунд А  ХХК бичиг өгсөн гэж байна. Хамгийн сүүлд 2015 онд бичсэн бичгийн дагуу хэлцэл хийж, өөрийн хувийг шилжүүлсэн гэж байгаа. Гэтэл тус бичигт ч “Х М ” ХХК-ийн хөрөнгө оруулалт саатаж, хэзээ өгөх нь тодорхойгүй болсон гэж байгаа. Нэхэмжлэгчийн төлөөлөгч хэлэхдээ бид нар А  ХХК-ийг тодорхой хэмжээгээр хүлээсэн байдалтай байсан гэж байгаа. Мөн хүчин төгөлдөр бусад тооцуулах гэж буй хэлцэл дээр ч тодорхой биччихсэн байгаа. 2012-оос 2015 оны хооронд 3 жилийн хугацаанд тус барилгын ажил 70 хувьтай зогссон, шалтгаан нь “Х М ” ХХК санхүүжилтээ өгөөгүйд байгаа. А  ХХК-аас болж тус ажил зогссон гэж үзэхэд хэцүү. Зээл илэрхийлж хүссэн албан бичгийг үгүйсгэхгүй. Гэхдээ тус бичигт танай хөрөнгө саатсан учраас бид нар өөр хөрөнгө оруулагч хайж тус барилгаа ашиглалтад оруулна. Харин хүлээсэн бол манайх ч хохирох байсан. Ийм нөхцөл байдал байсан учраас зээл авах хүсэлт илэрхийлсэн.

Түүнээс хойш хамтран ажиллах гэрээг үргэлжлүүлж, сунгах асуудал яриагүй байдаг. Үүнийг дуусгах замаар ашиглалтад оруулж, бусдад зарж байж оруулсан хөрөнгийг өгөх асуудал байх байсан. Харин 2008 оноос өнөөдрийг хүртэл хүлээсэн гэх асуудал үнэмшилгүй. Гэрээний үүрэг биелүүлээгүй учир хамтын ажиллагаа дуусгавар болсон. Тиймээс гуравдагч этгээдээс хөрөнгө оруулалт татаж тус ажлыг дуусгасан. Гуравдагч этгээдээр оролцож байгаа компанитай гэрээ байгуулж, хөрөнгө оруулж хамтран ажиллах тухай гэрээ байгуулсан.

А  ХХК-ийн хувьд 7,5 сая ам долларын оруулсан хөрөнгө оруулалтын хувьд бид нар ямар ч маргаан байхгүй учир төлнө, харин энэ хугацааны хохирлын асуудал тусдаа шийдвэрлэгдэнэ гэж байгаа. Түүний дагуу гуравдагч компани хөрөнгө оруулсан. Түүний дагуу талуудын хооронд үйл ажиллагаа хэрэгжсэн. Тус барилгыг дуусгахын тулд гуравдагч этгээдтэй хамтрах шаардлага үүссэн. Ингээд өөрийн нөхцөл байдлаа илэрхийлж, харилцан тохиролцсоны үндсэн дээр тус барилгыг ашиглалтад оруулж, олон жил барилга ашиглалтад орохгүй байсан гацаанаас гарсан.

Гэтэл энэ бүгдийг огт харьцахгүй байсан, зээл авсан эсэхийг бид нар мэдээгүй, алга болсон гэж байна. Тийм зүйл болоогүй зээл аваагүй, баригдаагүй гэдэг нь тодорхой мэдэгдэж байсан. Тодорхой байхад 2 жилийн хугацаанд харсан гэж байгаа боловч 2 жилийн хугацаанд юу хийсэн талаарх тайлбараа хэлэхгүй байна. Тиймээс нэхэмжлэгч гэрээний үүргээ 100 хувь биелүүлсэн бол бардам байх ёстой. Гэтэл гээрэний үүргээ биелүүлээгүй, хамтын ажиллагаагаа дуусгаагүй байж дуусгасны дараа гэнэт хамтын ажиллагаа үргэлжилж байсан мэтээр нэхэмжилсэн нь үндэслэлгүй, ёс зүйгүй.

2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн“Х М ” ХХК –аас үл хөдлөх хөрөнгө өмчлөлийн 60 хувийг шилжүүлсэн хамтын шийдвэр хэлцлийг хүчингүй болгож өгнө үү гээд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа Иргэний хуулийн 56.1.2 гэж шаардаж байгаа. Иргэний хуулийн 56.1.2-ыг харахад дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж байгаа. Тэр нь юу болохыг харахад хэлцлийн үр дагавар үүсгэх зорилгогүйгээр талуудын хооронд шилжүүлээгүй зүйлийг хэлнэ гэж байгаа.

Гэтэл хүсэл зориг нь илэрхий байгаа. Энэ нь А  ХХК-руу шилжүүлье, оруулсан хөрөнгө оруулалтыг тайлан балансдаа тусгая гэх байдлаар үр дүн хүсч, түүний дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, шилжилт хийлгэж, татварын байгууллагуудад тайлан баланс хүргүүлсэн. Энэ зүйл нь цаанаа бодитой үүсч хэрэгжчихсэн байхад үүнийг дүр үзүүлэн хийсэн гэж үзэх үндэслэлгүй. Гэрээний хүсэл зориг нь гэрчилгээнд дурдсаныг А  ХХК-ийн нэр дээр болгоё гэж байгаа. Тэр хүсэл зориг биелсэн. Тус хүсэл зоригийг хүсээгүй, ямар нэгэн байдлаар дүр үзүүлж хийсэн зүйл байхгүй. Мөн хууран мэхэлсэн гэж байна. Энд тус шийдвэрийг гаргуулахын тулд ямар нэгэн байдлаар хууран мэхэлсэн зүйл байхгүй. Хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж, барилгыг дуусгаж, оруулсан хөрөнгө оруулалтыг буцааж өгөхийн тулд тус шийдвэрийг гаргахаас өөр аргагүй байсан. Энэ үйлдэл нь хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах хууль зүйн үндэслэлд тохирохгүй харагдаж байна.

Хоёр дахь шаардлага буюу тухайн эд хөрөнгийн 60 хувийг буцаан шилжүүлж өгнө үү гэх шаардлага үндэслэлгүй байгаа. Хэлцэл хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй тохиолдолд тус шаардлага хэрэгжихгүй. Хоёрдугаарт хэлцэл хүчин төгөлдөр бус байлаа ч нэхэмжлэгчид дуусаагүй барилгын 60 хувь гэх байдлаар нэр оруулах л эрхтэй байсан. Хүчин төгөлдөр бусад тооцуулсан ч дууссан барилгын 60 хувийн өмчлөгч гэдгээр тусад нь гэрчилгээ гаргуулах ямар ч боломжгүй.

Улсын бүртгэлийн байгууллагаас гаргаж ирсэн 70 хувийн гүйцэтгэлтэй барилгын гэрчилгээг хүчингүй гэж бүртгэл хийсэн байгаа. Нэхэмжлэгчийн шаардаж буй 70 хувийн гүйцэтгэлтэй барилгатай холбоотой үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хүчингүй болчихсон. Тиймээс хүчингүй болчихсон зүйл дээр буцаан тогтоолгох боломжгүй болсон. Харин дууссан барилгын хувьд ямар өмчлөгчөөр тогтоолгох эрхтэй вэ гэдэг нь дуусаагүй барилгатай холбоотой хийсэн хэлцэлтэй ямар ч холбоогүй. Үнэхээр хөрөнгө оруулалтаа хийсэн гэж үзэж байгаа бол Хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлсэн гэж байгаа бол дууссан барилгын 60 хувийн өмчлөгчөөр тогтоолгох нь тусдаа асуудал. 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн хэлцэлд юу шилжүүлж байгаа талаар байхгүй. Хариуцагч компанийн зүгээс оруулсан хөрөнгө оруулалтыг буцаан шилжүүлэхэд ямар ч асуудал байхгүй. Мөнгө ч өгөхгүй гэх байдлаар залилсан зүйл байхгүй. Харин нэхэмжлэгч тал нэхэмжлэлийг 2012, 2013 оны долларын ханшаар тодорхойлох ёстой байсан. Гэтэл өнөөдрийн ханшаар тодорхойлсон байна лээ. Ингээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү”гэв.

 

    Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өнөөдрийг хүртэл гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж байсан учраас тайлбар гаргаж байсан. Манай компани хариуцагч компанитай хамтрах зорилгоор гэрээ, хэлцэл байгуулж байхдаа хөрөнгө оруулах гэж буй объект ямар байгаа болон өмчлөгч нь хэн болох талаарх мэдээллийг гаргуулж байсан. Үүнд А  ХХК-ийн дуусаагүй барилгын улсын бүртгэлтэй холбоотой мэдээллээр бусдад өглөгтэй гэдгийг тайлан баланс дээр тулгуурлан бид нарт танилцуулагдсан. Тиймээс манайх дуусаагүй барилгад орохдоо ямар нэгэн хэн нэгнээс зөвшөөрөл авах ёстой байсан эсэх гэдэг нь манайд хамааралгүй. Хууль ёсны өмчлөгч нь А  ХХК байсан бусдад өглөгтэй байсан нь тодорхой байсан. Хөрөнгө оруулсан дүн маань 3 сая доллар байгаа. Шаардлагатай гэж үзэж байгаа бол үүнийг тодруулах боломжтой.

  Нэгэнт манай эрх ашиг хөндөгдөхгүй хэдий ч өмнө нь гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дуусаагүй барилгад хөрөнгө оруулж, дуусаад 100 хувь дууссан барилгын өмчлөгчөөр тогтоолгох гэж маргаж байгаа нь ёс зүйгүй харагдаж байсан. Гуравдагч этгээдийн зүгээс хөндлөнгөөс харахад талууд оруулсан хөрөнгө оруулалтаа тооцож, эвийн журмаар асуудлаа шийдэх боломжтой гэж үзэж байна. Мөн та бүгдийн маргаанаас болж барилга хуваагдах юм бол аж ахуйн нэгжийн эрх ашиг хөндөгдөх учир тус маргааныг эвийн журмаар шийдэхийг санал болгож байна” гэв.

          

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                               

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Х М  ХХК нь хариуцагч А  ХХК-д холбогдуулан 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, хэлцлээр шилжүүлсэн Ү-2203024452 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн 60 хувийн өмчлөх эрхийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө нэхэмжлэлийн шаардлагыг “2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Х М  ХХК-иас үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн 60 хувийг А  ХХК руу шилжүүлсэн  /хамтын шийдвэр/ хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулан, хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжсэн маргаан бүхий барилгын 60 хувиас гуравдагч этгээдэд шилжүүлснээс үлдэх талбай болох 1 давхар 652,1 м.кв, 10-15 давхар 4936,8 м.кв, 16 дугаар давхар 826,4 м.кв, нийт 8 давхар буюу 6415,3 м.кв талбай, 15 авто машины дулаан зогсоолыг А  ХХК-ийн өмчлөлөөс Х М  ХХК-д буцаан шилжүүлэх тухай” гэж тодруулсан болохыг дурдах нь зүйтэй.

 

            Хариуцагч А  ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэв.

 

Талуудын хооронд 2009 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 09/08 дугаартай гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Эрүүлийг хамгаалах яамны баруун урд талд байрлалтай “А ” ХХК-ийн эзэмшлийн газар /гэрчилгээний дугаар 0237582/ дээр 19 давхар оффиссын зориулалттай барилга барих төсөл хэрэгжүүлэхэд Х М  ХХК нь хөрөнгө оруулалт хийж, уг барилгын ажлыг барьж дуусгах, оруулсан хөрөнгө оруулалтынхаа хувь хэмжээгээр уг барилгыг хамтран өмчлөх талаар харилцан тохиролцож хамтран ажиллах гэрээг байгуулжээ. /хх-ийн 38-40 дэх тал/

 

2011 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 09/08/01 дугаартай нэмэлт гэрээ байгуулж, уг гэрээний дагуу А  ХХК-ийн эзэмшлийн газар болон суурь дээр оффис, үйлчилгээний зориулалттай 16 давхар барилгын ажилд хоёр тал зөвшилцөж, Х М  ХХК-ийн төслийг санхүүжүүлэх дээд хэмжээ нь 10.000.000 ам доллар гэж тохиролцсон бөгөөд дээрхи 2 гэрээний хүрээнд Х М  ХХК нь нийт барилгын 60 хувийг, А  ХХК нь 40 хувийг өмчлөхөөр тохиролцсон болох нь тогтоогдож байна. /хх-ийн 36-37 дахь тал/

 

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Эрүүлийг хамгаалах яамны баруун урд талд байрлалтай оффиссын зориулалттай, 16 давхар, 14.386,5 м.кв талбайтай, 70 хувийн гүйцэтгэлтэй, улсын бүртгэлийн ү-2203024452 дугаарт бүртгэгдсэн барилгын Х М  ХХК /60 хувийн/, А  ХХК /40 хувийн/ хоёр хуулийн этгээдийн өмчлөгчөөр бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000247152 дугаартай гэрчилгээг 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдөр авчээ. /хх-ийн 11 дэх тал/

 

Хариуцагч А  ХХК-иас Х М  ХХК-д 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаартай “санал хүргүүлэх тухай” албан бичгээр “...Манай хоёр компани 2009 оны 09/08 дугаар гэрээ, 2011 оны 09/08/01 дугаар гэрээнүүд байгуулж, А  ХХК-ийн эзэмшлийн газар болон 2 давхар суурь дээр 16 давхар барилга барьж хамтран эзэмшихээр тохирсон. Гэвч эдийн засгийн хямралаас болж, Х М  ХХК-ийн хөрөнгө оруулалт зогсож, цаашид хэрхэх нь тодорхойгүй байна., ...Гэвч манай 2 компанийн одоогийн бичиг баримт, хоёр эзэнтэй байдал тэдгээр зээл олгох байгууллагуудад итгэл төрүүлэхгүй гол саад тотгор болж байна. Өнөөдрийн байдлаар гадаадын хөрөнгө оруулалттай CMS групп ХХК нь 10 сая ам долларын 3 жилийн хугацаатай, жилийн 12 хувийн хүүтэй, зээл олгоход боломжтой гэж бидэнд албан тоот ирүүлсэн байна., ...Иймд А  ХХК-ийн нэр дээр үл хөдлөхийн гэрчилгээг зуун хувь болгон балансыг нэгтгэх санал тавьж байна” гэж хүсэлт гаргасан. /хх-ийн 15 дахь тал/

 

Талууд 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр “Х М  ХХК, А  ХХК хамтарсан хурлын шийдвэр” нэртэй хэлцэл байгуулж, уг хэлцлийн 1 дэх заалтад “...Х М  ХХК 60 хувь, А  ХХК 40 хувь-аар бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн  гэрчилгээг бүхэлд нь А  ХХК-ийн 100 хувийн эзэмшихээр шилжүүлж, УБЕГ-т бүртгүүлсүгэй”, 2 дахь заалтад “Х М  ХХК, А  ХХК-ийн тайлан балансыг авлага, өглөг үүсгэн нэгтгэж татварын газар бүртгүүлсүгэй” гэж тохиролцжээ. /хх-ийн 13 дахь тал/

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн албан бичгээр CMS групп ХХК нь 10 сая ам долларын 3 жилийн хугацаатай, жилийн 12 хувийн хүүтэй, зээл олгоход боломжтой гэж бидэнд тоот ирүүлсэн гэхдээ тэд манай хоёр компанийн үл хөдлөхийн гэрчилгээ болон санхүүгийн тайланг аль нэг компани дээр шилжүүлсэн тохиолдолд зээл олгох нь эрсдэлгүй гэж үзсэн. Иймд А  ХХК-ийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 100 хувь болгон балансыг нэгтгэх, цаашид хамтын ажиллагааг үргэлжлүүлэх гэсэн утга, агуулгатай байсан. Манай компанийн зүгээс зээл авч, цаашид уг барилгаа үргэлжлүүлэн дуусгах л зорилготой байна гэж ойлгосон тул дээрхи саналыг хүлээн авч, уг төслийг дуусгах зорилгоор өөрийн өмчлөлийн 60 хувийн А  ХХК-д шилжүүлж өгсөн. Ингэж шилжүүлж өгөхдөө 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Х М  ХХК, А  ХХК хамтарсан хурлын шийдвэр нэртэй баримт үйлдэж, уг баримтаар Х М  ХХК нь 60 хувийн өмчлөх эрхээ А  ХХК руу шилжүүлэх хэлцэл хийж, тус үл хөдлөх эд хөрөнгө 100 хувь А  ХХК-ийн өмчлөлд шилжсэн болно. Гэвч, А  ХХК нь CMS ХХК-иас зээл аваагүй бөгөөд өөр зээлдэгч хайж байгаа гэсэн шалтаг хэлж байсаар 2017 оны 8 дугаар сараас засварын ажлыг үргэлжлүүлэн 12 сард дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгсөн байсан бөгөөд энэ ажил эхэлсэн үеэс бидэнтэй уулзахгүй, харилцахгүй болсон, хэнээс хэдэн төгрөгийн зээл авч, тус барилгад хэдэн төгрөг зарцуулж байгааг бидэнд огт мэдэгдээгүй, бидний зүгээс 2018 он гарсаар удаа дараа албан бичгээр хандсан боловч огт хариу өгөөгүй, үл тоон та нар шүүхэд хандахыг би хүсэж байгаа гэдгээ манай ажилтнаар дамжуулан хэлүүлсэн байна. А  ХХК нь хууран мэхэлж, манай өмчлөлийн 60 хувийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг дангаараа захиран зарцуулж, худалдан борлуулах зэргээр манай компанийн өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Тиймээс бид 7.540.000 ам доллар буюу 19.098.820.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Түүндээ дүйцэхүйц хэмжээний 60 хувийн өмчлөгч болсон. 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Х М  ХХК-иас үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн 60 хувийг А  ХХК руу шилжүүлсэн  /хамтын шийдвэр/ хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасныг үндэслэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулан, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжсэн маргаан бүхий барилгын 60 хувиас гуравдагч этгээдэд шилжүүлснээс үлдэх талбай болох 1 давхар 652,1 м.кв, 10-15 давхар 4936,8 м.кв, 16 дугаар давхар 826,4 м.кв, нийт 8 давхар буюу 6415,3 м.кв талбай, 15 авто машины дулаан зогсоолыг А  ХХК-ийн өмчлөлөөс Х М  ХХК-д буцаан шилжүүлж өгнө” гэж,

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлийг “...2012 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын гэрчилгээг А  ХХК нь дангаараа өөрийн нэр дээр гаргуулсан байсан. Харин 2013 онд Х М  ХХК-ийн удирдлагуудынх нь бид хөрөнгө оруулахад баталгаа хэрэгтэй байна , хятад төв компанийн захиралд үзүүлэх шаардлагатай байна, гэрээний үүргээ биелүүлэхэд хэрэгтэй байна тийм болохоор дуусаагүй ч гэсэн манайхыг хамтран өмчлөгчөөр оруулаач гэсэн хүсэлт, гуйлтын дагуу хамтран өмчлөгчөөр өөрчлөлт оруулсан. Үүнээс хойш Х М  ХХК гэрээний үүргээ биелүүлээгүй, санхүүжилтийг гаргахгүй олон жил болсон тул ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт харагдсан бөгөөд гэрээний харилцаа үргэлжлэхээ больсон. А  ХХК нь өөрөө хөрөнгө мөнгө олж барилгаа үргэлжлүүлэн барьж дуусгасны дараа,  бүрэн дууссан барилгын 60 хувийг өмчлөлдөө авна гэсэн шунахайн сэдэлттэй, бизнесийн ёс зүйгүй үйлдэл нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүйг бэлхнээ илэрхийлнэ.  2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хамтын шийдвэрийг талууд чөлөөт хүсэл зориг, сайн дурын үндсэн дээр  гаргасан ба хууран мэхэлсэн ямар ч зүйл байхгүй. Харин гэрээний харилцааг үргэлжилж байсан хугацаанд зохигчдын хооронд үүссэн төлбөр тооцооны асуудал хүссэн хүсээгүй гэрээ дуусгавар болсон үр дагаврын асуудал бий болсон тул ингэж бодит нөхцөл байдлыг гуйвуулан, үндэслэлгүй нэхэмжлэл  гаргахгүйгээр гэрээний үүргээ зөрчиж, А  ХХК-ийг хохироосон буруутай үйлдлээ ойлгон, зохих хариуцлага хүлээн, барилгад оруулсан хөрөнгөө буцаан гаргуулж авахаар хариуцагчийн удирдлагатай уулзалт яриа хэлэлцээр хийвэл асуудлыг хурдан аль аль талдаа шударгаар шийдвэрлэх боломжтой байх. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тус тус тайлбарласан.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” гэж заасан бөгөөд дүр үзүүлэн хийсэн хэлцлийн талууд эрх, үүрэг хүлээх, үр дагавар бий болгох хүсэл зориг, эрмэлзэлгүй байдаг.

 

Талууд 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр “Х М  ХХК, А  ХХК хамтарсан хурлын шийдвэр” нэртэй хэлцлийн талууд хүсэл зоригоо илэрхийлж, барилгын ажлыг дуусгах, хөрөнгө оруулалт авах зорилгоор байгуулсан болох нь 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр “Х М  ХХК, А  ХХК хамтарсан хурлын шийдвэрт дурдсан “2012 оноос хойш Х М  ХХК хөрөнгө мөнгө саатаж уг барилгын ажлыг зогсоосон. Одоо 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Цаашид барилгын ажлыг гүйцээн дуусгахын тулд хөрөнгө мөнгө, зээл олох чухал шаардлагатай байгаа тул доорхи шийдвэрийг хамтран гаргаж байна” гэх талуудын хүсэл зориг, нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан “...өөр зээлдэгч хайж байгаа гэсэн шалтаг хэлж байсаар 2017 оны 8 дугаар сараас засварын ажлыг үргэлжлүүлэн 12 сард дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгсөн” гэх тайлбар, болон хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Хэдийгээр А  ХХК нь хэлцэл байгуулах тухай санал /хх-ийн 15 дахь тал/-д дурьдсан CMS групп ХХК-иас зээл аваагүй боловч хожим бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ф М Э Э Ж ХХК-тай Хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээ байгуулан, барилгыг байнгын ашиглалтад оруулсан нь нэхэмжлэгч Х М  ХХК-ийг хууран мэхлэх, дүр үзүүлэх зорилго агуулаагүй байна.

 

Талуудын хооронд 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр “Х М  ХХК, А  ХХК хамтарсан хурлын шийдвэр” нэртэй хэлцлээр Х М  ХХК 60 хувь, А  ХХК 40 хувь-аар бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн  гэрчилгээг бүхэлд нь А  ХХК-ийн 100 хувийн эзэмшихээр тохиролцсон хэлцлийн хүсэл зоригийн илэрхийлэл бодитой, тодорхой үр дүн, үр дагавар үүсгэхэд чиглэсэн байх тул дүр үзүүлж байгуулсан хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагч А  ХХК-д холбогдох 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Х М  ХХК-иас үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн 60 хувийг А  ХХК руу шилжүүлсэн  /хамтын шийдвэр/ хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасныг үндэслэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулан, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжсэн маргаан бүхий барилгын 60 хувиас гуравдагч этгээдэд шилжүүлснээс үлдэх талбай болох 1 давхар 652,1 м.кв, 10-15 давхар 4936,8 м.кв, 16 дугаар давхар 826,4 м.кв, нийт 8 давхар буюу 6415,3 м.кв талбай, 15 авто машины дулаан зогсоолыг А  ХХК-ийн өмчлөлөөс Х М  ХХК-д буцаан шилжүүлэх тухай нэхэмжлэгч Х М  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Х М  ХХК нь гэрээний үүрэг болон гэрээний улмаас учирсан хохирол шаардахад энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

            Нэхэмжлэгчийн тодруулсан шаардлагад нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл өөрчлөгдөөгүй, зөвхөн хэлцлийн үр дагаварт шаардаж байгаа үл хөдлөх хөрөнгийн хэмжээ тодорхой болгосон бөгөөд хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь тодруулсан шаардлагад тайлбар гаргах хугацааг авахгүйгээр хурлыг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан тул уг тодруулсан шаардлагыг гардуулсан баримт үйлдэж, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно. 

 

Нэхэмжлэгч нь 7.540.000 ам доллар буюу 19.098.820.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэж түүндээ дүйцэхүйц хэмжээний 60 хувийн өмчлөгч болсон гэж хэлцлийн үнийг тодорхойлон, улсын тэмдэгтийн хураамжид 95.722.250 төгрөг төлсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4-д заасан гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлд уг гэрээ, хэлцлийн үнийн дүнгээр төлнө гэсэн хуулийн зохицуулалттай нийцэж байх бөгөөд шүүх илүү төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгох зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар хариуцагч А  ХХК-д холбогдох 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Х М  ХХК-иас үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн 60 хувийг А  ХХК руу шилжүүлсэн  /хамтын шийдвэр/ хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулан, хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжсэн маргаан бүхий барилгын 60 хувиас гуравдагч этгээдэд шилжүүлснээс үлдэх талбай болох 1 давхар 652,1 м.кв, 10-15 давхар 4936,8 м.кв, 16 дугаар давхар 826,4 м.кв, нийт 8 давхар буюу 6415,3 м.кв талбай, 15 авто машины дулаан зогсоолыг А  ХХК-ийн өмчлөлөөс Х М  ХХК-д буцаан шилжүүлэх тухай нэхэмжлэгч Х М  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

       
             2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 95.652.050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 100200600941 тоот данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч Х М  ХХК-д олгосугай.

3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ЭНХБАЯР