Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
Хэргийн индекс | 181/2017/03659/И |
Дугаар | 181/ШШ2019/00529 |
Огноо | 2019-02-27 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 181/ШШ2019/00529
2019 оны 02 сарын 27 өдөр Дугаар 181/ШШ2019/00529 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Ц.Ц-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Л.Б -д холбогдох,
31,455,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, өмгөөлөгч Б.С, хариуцагч Л.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ц.И шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Жадыра нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* миний төрсөн хүү болох Ц.Болд-Эрдэнэ нь 2016 оны 10, 11, 12 дугаар саруудад Мүгэн констракшн ХХК-д барилгын шалны бетон, ханын шаврын ажил хийж гүйцэтгэсэн. Энэ үед тус компанийн захирал ******* нь миний өөрийн эзэмшлийн ачааны автомашиныг худалдан авах санал тавьсан.
Ингээд 2016 оны 10 дугаар сард Мүгэн констракшн ХХК-ийн захирал ажилтай ******* гэх хүнтэй харилцан тохиролцож аман хэлбэрээр хэлцэл байгуулан 1995 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгийн 97-24 УНЯ улсын дугаартай, ачааны автомашиныг 2016 оны 11 сарын 01-ний өдөр өөрийн биеэр Авто тээврийн үндэсний төвд очиж би шилжүүлж өгсөн.
Харилцан тохиролцохдоо автомашины үнийг 32,000,000 төгрөгөөр үнэлж үнийн дүнд 233 м.куб газо бетон блокийг шилжүүлэхээр болсон. Гэвч хариуцагч ******* нь харилцан тохиролцооны дагуу 233 м.куб газо бетоныг шилжүүлж өгөөгүй. Автомашинд тохирсон үнэ буюу блокийг шилжүүлээгүй учир 2017 оны 6 сарын 21-ний өдөр *******гийн гэрт очиж уулзахад Газо бетон блокийг танай хүү голсон учир блок өгөхгүй ээ, харин 97-24 УНЯ улсын дугаартай автомашинаа буцааж ав гэсэн. Ингээд автомашиныг буцаан авахаар болсон боловч Сонгууль болж байна, сонгуулийн дараа шилжүүлж өгнө гэсэн. Гэвч дахин сонгууль болж мөн автомашин шилжүүлж өгөх хугацааг хойшлуулсан. Дахин 2017 оны 7, 8 дугаар саруудад уулзаж автомашинаа авах талаар шаардсан мөн автомашиныг өөр этгээдэд шилжүүлэхгүй байхыг шаардсан боловч Автомашиныг өгөхгүй, газо бетон блок ч өгөхгүй, шүүхээр заргалдаад ав гэсэн хариу өгсөн.
Мөн нэхэмжлэгч миний бие Авто тээврийн үндэсний төвөөс дээрх маргаан бүхий 97-24 УНЯ улсын дугаартай автомашины эзэмшигчийн талаарх лавлагааг авахад хариуцагч *******гээс иргэн Л.Мягмаржав, цаашаа иргэн М.Оюунсүрэнгийн нэр дээр тус тус шилжсэн байх тул автомашин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бодит байдал дээр биелэгдэх боломжгүй болсон нь харагдаж байна.
Иймд Автомашин худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 32,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч намайг хохиролгүй болгож өгнө үү.
Хариуцагчийн яриад байгаа блок миний машинтай холбоогүй. Миний машинтай холбоотой блок нь одоог хүртэл хашаанд нь байгаа. Энэ компани барилгын үйл ажиллагаа явуулдаг компани. Энэ хүнээс одоо машинаа авах гэхээр цааш нь зарчихсан, блокоо авъя гэхээр өгөхгүй. Хэрвээ намайг блокоо ачаад аваарай гэсэн бол очоод аваад хэлэх байсан, тийм зүйл огт болоогүй гэв.
Сүүлд нь 2016 оны 10 сарын 08-нд хүлээлгэж өгсөн гэж яриад байдаг. Гэтэл би машинаа 11 дүгээр сарын 01-нд хүлээлгэн өгсөн. Энэ хүн машиныг цааш зарахдаа хэдэн төгрөгөөр зарах нь өөрийнх нь эрх шүү дээ гэв.
Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч ******* нь Автомашин худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 32 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй шаардлага байна.
******* миний бие нэхэмжлэгч *******тэй Автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй болно. Харин нэхэмжлэгч *******гийн хүү Ц.Болд-эрдэнэ нь манай Мүгэн констракшн ХХК-тай 2016 оны 10 сард Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 233 метр куб газобетон блокыг худалдан авагч Ц.Болд-эрдэнийн өмчлөлд шилжүүлж, худалдагч Мүгэн констракшн ХХК-д 31,455,000 төгрөг төлөх төлбөртөө тооцон УНЯ 97-24 улсын дугаартай автомашиныг шилжүүлэхээр харилцан тохиролцсоны дагуу автомашиныг эзэмшилдээ шилжүүлэн авч, Мүгэн констракшн ХХК-ийн үйлдвэрийн бүтээгдэхүүн болох бэлэн байсан 233 метр куб газо бетон блокийг хүлээлгэн өгсөн болно. Хашаанд байгааг нь зургаар шүүхэд гаргаж өгсөн.
Ц.Болд-Эрдэнийн ах нь ирж нэг удаа Пронтер машинаар блок ачиж явсан, энэ машинд 70 поддон ордог. Блокоо ав гэдгийг Ц.Болд-Эрдэнэд зөндөө хэлж байсан.
Нэхэмжлэгч ******* нь УНЯ 97-24 улсын дугаартай автомашины эзэмших эрхийг өөрийн биеэр шилжүүлэн өгсөн ба энэ тухайгаа нэхэмжлэлдээ бичсэн байх бөгөөд дээрх автомашиныг өөрийн хүү Ц.Болд-эрдэнийнхээ бусадтай байгуулсан гэрээний төлбөрт өөрөө хүлээн зөвшөөрч шилжүүлсэн хирнээ одоо надаас нэхэмжилж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байх бөгөөд автомашинаа эсхүл түүний үнийг нэхэмжлэх шаардлага үүссэн бол өөрийн хүү Ц.Болд-Эрдэнээс нэхэмжлэх нь хуульд нийцсэн зөв үйлдэл болно.
Нэхэмжлэгч ******* нь ******* надтай автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй байх тул миний бие түүний нэхэмжлэлтэй иргэний хэргийн жинхэнэ хариуцагч болох хууль зүйн үндэслэлгүй байна.
Мөн түүнчлэн маргаан бүхий автомашиныг түүний хүү Ц.Болд-Эрдэнэ нь Мүгэн констракшн ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний төлбөрт тооцон өөрийнх нь зөвшөөрлийн үндсэн дээр шилжүүлсэн байхад автомашины үнийг 32,000,000 төгрөг гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байх бөгөөд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Иймд нэхэмжлэгч *******гийн Автомашин худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 32,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан автомашины үнэ 32,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 233 м.куб газо бетон блокийг зах зээлийн ханш 135,000 төгрөгт тооцож 31,455,000 төгрөг болгон багасгажээ.
Хариуцагч ******* нь *******тэй автомашин худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй, нэхэмжлэгчийн хүү Ц.Болд-Эрдэнэтэй тохиролцсоны дагуу уг автомашиныг 233 м.куб газ бетон блокийн үнэ 31,455,000 төгрөгт тооцон авсан гэж маргаж байна.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах нөхцөл байдал тогтоогдов.
Нэхэмжлэгчийн хүү Ц.Болд-Эрдэнэ Мүгэн констракшн ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх явцад 233 м.куб газо бетон блокийг худалдан авахаар, блокны үнэд *******гийн эзэмшлийн ISUZU маркийн 97-24 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг /бартерээр/ төлөхөөр захирал *******тэй тохиролцож хүсэл зоригоо илэрхийлжээ.
Хэдийгээр дээрх саналыг Ц.Болд-Эрдэнэ гаргасан, ******* гаргасан гэж маргаж байгаа боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц, шүүхийн хэлэлцүүлэгт хэлцэл хийх саналыг хэн эхэлж гаргасныг зохигчид нотолж чадаагүй.
Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ., энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно. гэж зааснаар Ц.Болд-Эрдэнэ Мүгэн констракшн ХХК-ийн хооронд хэлцэл хийгдсэн байна.
Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцсон амаар буюу бичгээр хийнэ гэж хуульчилсан.
Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхээс үзлэг хийсэн нотлох баримтад Ц.Болд-Эрдэнэ Мүгэн констракшн ХХК-ийн захирал ******* нарын хооронд илгээгдсэн емайл, худалдах, худалдан авах гэрээний төсөл, газо бетон блокийн үнийн санал, тээврийн хэрэгслийн зураг, утасны мессэж зэргээс дүгнэхэд 233 м.куб газо бетон блокийн үнийг 31,455,000 төгрөгт худалдах, худалдан авагчаас үнийн дүнд шилжүүлж байгаа хөрөнгө нь ISUZU маркийн 97-24УНЯ улсын дугаартай ачааны автомашин байхаар гэрээний зүйлийг тодорхойлжээ. /1-р хх-ийн 28-36, 40-71 дүгээр талууд/
Ц.Болд-Эрдэнэ ******* нарын хооронд автомашиныг үнийг газо блокоор төлнө гэж тохирсон хэлцэл нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д зааснаар арилжааны гэрээ үүссэн гэж үзэх үндэслэлтэй.
Харин нэхэмжлэгч *******гийн эзэмшлийн ISUZU маркийн 97-24 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хариуцагч *******гийн эзэмшилд шилжүүлсэн болох нь Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдсон, дээрх авто машины зах зээлийн үнэлгээний талаар талууд маргаагүй болно.
Нэхэмжлэгч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тээврийн хэрэгслийг *******гийн нэр рүү шилжүүлсэн, газо бетон блокийг хараагүй, эд хөрөнгийг хүлээж аваагүй гэж тайлбарласан.
Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1.-д заасан арилжааны гэрээний харилцаа Ц.Болд-Эрдэнэ ******* нарын хооронд үүсэж, *******гийн эзэмшилд байсан ISUZU маркийн 97-24 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 31,455,000 төгрөгийн үнэ бүхий 233 метр куб газо бетон блокоор арилжаалахаар тохиролцсоноос үзэхэд нэхэмжлэгч ******* хариуцагч ******* нарын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй байна.
Иймд нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.3., 116., 118 дугаар зүйлүүлэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гээс 31,455,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 317,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ГАНЧИМЭГ