Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 142/ШШ2018/00430

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалан, шүүгч Л.Ариунцэцэг, шүүгч Б.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.О-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:ШШШШ-д холбогдох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас учирсан хохирол 2 300 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.о , нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.б  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.б , Б.Гантулга, иргэдийн төлөөлөгч Т.м , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.а нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.о шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Д.о миний өмчлөлийн 4-23-36 тоот 2 өрөө орон сууцыг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дуудлага худалдаанд оруулж "Эмпипи ХЗХ ялагч болсон. Тухайн үед орон сууц маань Орхон аймаг дахь ХААН банкны барьцаанд байсан бөгөөд орон сууцны үнээс төлбөр авагч нарт хуваагаад Орхон аймаг дахь ХААН банкны салбарт төлөх учиртай байсан 32 500 000 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч Эрдэнэхүү албаныхаа дансанд авч үлдсэн байсан. ХААН банкны нэхэмжлэлтэй шүүх хурал болж Д.о банктай 32 500 000 төгрөгөн дээр эвлэрээд тус албаны дансанд байршигдсан 32 500 000 төгрөгийг банкинд төлж орон сууцаа чөлөөлүүлж авах гэтэл 2 300 000 төгрөгийг нь байхгүй болгосон байна. Дээрх мөнгийг "Эмпипи" ХЗХ-ны хүсэлтээр битүүмжилсэн байсан юм билээ. 1-рт дансанд байршсан мөнгө, 2-рт Барьцаанд байж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр битүүмжлэгдсэн мөнгийг барьцаанаас чөлөөлөөгүй байхад албан тушаалаа ашиглан авч хэрэглэсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас хууль бусаар авсан мөнгийг нь би хариуцах учиргүй юм. Иймд Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2 300 000 төгрөг гаргуулан Д.о надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэсэн.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сум дундын 14 дүгээр шүүхийн шүүгчийн захирамжуудаар төлбөр төлөгч Д.о аас 58 183 875 төгрөг гаргуулж А.с д, 6 432 210 төгрөг гаргуулж Л.Д д, 3 005 800 төгрөг гаргуулж Т.Т д 10 175 000 төгрөгийг И.Батжаргалд тус тус олгохоор шийдвэрлэгдсэн. Дээрх гүйцэтгэх баримт бичгүүдэд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Д.о ын өмчлөлийн ХААН банкны барьцаанд байсан Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн 4-23-36 тоот орон сууцыг 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр битүүмжилж 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хураан авсан. Хураан авсан эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж 72 500 000 төгрөгөөр худалдан борлогдсон. Дуудлага худалдаагаар худалдан борлогдсон эд хөрөнгийн үнээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу төлбөр авагч Л.Д , И.Батжаргал, Т.Т , А.с нарт 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 42 200 000 төгрөгийг шилжүүлсэн байна. Эмпипи ХЗХ-ны нэхэмжлэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дансанд байгаа дуудлага худалдааны үнээс үлдсэн мөнгийг ХААН банк руу шилжүүлэхгүй дансанд нь битүүмжлэх хүсэлтийг шүүх хүлээн авч 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 5713 тоот захирамжаар битүүмжилсэн байсан ба шүүхээс нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул төлбөр төлөгчийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх албаны дансанд байршсан үлдэгдэл 30 300 000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 30-нд ХААН банкинд шилжүүлсэн. Төлбөр төлөгч Д.о нь А.с д төлөх 11 883 875 төгрөг, Т.Т д төлөх 905 800 төгрөгийн төлбөрийн материалд шийдвэр гүйцэтгэх явуулж байгаа болно.

...2015-10-15-ны өдрийн 10 цагт 4-23-36 тоот орон сууцыг дуудлага худалдаанд оруулах гэж байгаа тухайгаа Орхон аймаг дахь ХААН банкны салбарт 2015-10-08-ны өдөр албан тоот явуулахад ХААН банк 2015-10-14-ны өдөр тодорхой бус хариу ирүүлсэн. Ингээд товлосон цагтаа дуудлага худалдаа явуулахад Орхон аймгийн Эмпипи ХЗХ ялагч болж албаны дансанд 72 500 000 төгрөг байршуулсан. Төлбөр авагч нарт хуульд нийцүүлэн мөнгийг хувааж дансанд 30 300 000 төгрөг үлдсэн байдаг. Нэхэмжлэгчийн ХААН банкны барьцаанд байсан орон сууцыг худалдан борлуулаад төлбөрийг бүрэн барагдуулсангүй гэж маргаж байгаа нь нотлогдохгүй байгаа бөгөөд 2011-06-30-ны өдрийн Зээлийн ЗГ/226 дугаартай гэрээний зээлдэгч гэсэн хэсэгт Д.о , Д.о нар байх бөгөөд зээлийн гэрээний хавсралт болох 2011-06-30-ны өдрийн БПҮ/226 дугаартай барьцааны гэрээний 2.2-т: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-23-36 тоот 2 өрөө орон сууц, Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг Хүрэнбулаг ХХК-ийн байранд байрлах 68 м.кв үйлчилгээний зориулалттай барилга гэжээ. Дээрх зээлийн болон барьцааны гэрээнүүдээс харахад нэхэмжлэгч Д.о ганцаараа банкны өмнө үүрэг хүлээгээгүй, мөн дан ганц орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангагдах үндэслэлгүй болох нь нотлогдож байна. ХААН банкны нэхэмжлэлтэй хэргийг Орхон аймгийн сум дундын шүүх 2016-06-27-ны өдрийн 891 дугаартай захирамжаар эцэслэн шийдвэрлэсэн байх бөгөөд уг захирамжийн тогтоох хэсгийн 1-д: 32 500 000 төгрөг болгож бууруулсныг хариуцагч Д.о , Д.о-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь төлөхөөр хүлээн зөвшөөрч эвлэрсэн байх тул..." гэжээ. 3ахирамжийн тогтоох хэсгээс харахад хамтран зээлдэгч Д.о төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөөгүй байна. Барьцаалагч гээд байгаа ХААН банк шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол зэргүүдийн аль нэгээр дээрх орон сууцыг битүүмжлүүлж ямар нэгэн байдлаар хориг тавиулаагүй байсан бөгөөд өнөөдрийн байдлаар ч шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх гүйцэтгэх хуудсыг манай албанд ирүүлээгүй байгаа болох нь ХААН банкны манай албанд ирүүлсэн 2017-03-21-ний өдрийн 457 дугаартай тоотод Хариуцагч Д.о , Д.о нараас 32 500 000 төгрөг гаргуулан ХААН банкинд олгохоор шийдвэрлэгдсэн бөгөөд хариуцагч нараас 1 418 210 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй байна гэсэн зэргүүдээр нотлогдох юм. 2015-10-15-ны өдрийн дуудлага худалдаагаар нэхэмжлэгч Д.о ын орон сууц худалдан борлогдох үед Д.о тай холбоотой шүүхийн 4 шийдвэр албадан гүйцэтгүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж нийт 57 796 800 төгрөгийн төлбөр байсан бөгөөд үүнээс 41 732 000 төгрөгийн төлбөр төлөгдөж 32 500 000 төгрөг үлдэх учиртай байтал иргэн Д д хэрэв тэнцүүлж олгосон бол 4 700 000 төгрөг шилжүүлэх учиртай байтал төлбөрийг нь 100% төлж 314 000 төгрөг илүү шилжүүлснийг татан авч Д.о нарын ХААН банкин дахь төлбөрт нь тушаасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны хууль/ 49 дүгээр зүйлийн 3.1-д: Албадан дуудлага худалдаа явуулсан зардал-ыг тэргүүн ээлжинд тооцож авах тухай заажээ. Гэтэл Д.о ын өмчлөлийн орон сууцыг худалдан борлуулсны зардлаа манайх өнөөдрийг хүртэл авч чадаагүй байгаа. Албадан дуудлага худалдаа хуулийн дагуу явагдсан учир нийт зардал 980 000 төгрөг болсон байдаг. Манай алба битүүмжлэгдсэн орон сууцыг худалдан борлуулаагүй, хууль ёсоор барьцаалагдсан орон сууцыг худалдан борлуулсны улмаас ХААН банкинд төлөх төлбөрийг 100% хариуцан шилжүүлэх үүрэг хүлээгээгүй. Д.о ын бусдад төлөх төлбөр төлөгдсөн болохоос манай албаны шийдвэр гүйцэтгэгч ямар нэгэн хууль бус үйл ажиллагаа явуулж дуудлага худалдааны орлогоос өөрөө ашигласан зүйл байхгүй. ХААН банкинд төлөх төлбөрийн үлдэгдэлийг Д.о төлж чадахгүй төлбөрийн чадваргүй юм бол хамтран зээлдэгч Д.о нь төлөх учиртай шүү дээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д: Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэжээ. ХААН банк Д.о , Д.о нараас шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрийн үлдэгдэл болох 1 418 210 төгрөгийг гаргуулан авна биз дээ гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.о хариуцагч Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирол 2 300 000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй.

Нэхэмжлэгч 2 300 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж 1 418 210 төгрөг болгосон байх ба, нэхэмжлэгч Д.о Ж.Нямаад олгосон итгэмжлэлээсээ татгалзаж өөрийн биеэр шүүх хуралдаан оролцсон. Нэхэмжлэгч нь 2 300 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд оролцсон болно.

Нэхэмжлэгч Д.о нь шүүхийн шийдвэрээр А.с , Л.Д , Т.Т , И.Б нарт төлбөр төлөх үүрэг хүлээсэн байх ба Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба гүйцэтгэх баримт бичгүүдийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Д.о ын өмчлөлийн ХААН банкны барьцаанд байсан Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн 4-23-36 тоот орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж 72 500 000 төгрөгөөр худалдан борлуулж дуудлага худалдаагаар төвлөрсөн 72 500 000 төгрөгийг төлбөр авагч нарт хуваарилж нийт 42 200 000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хэргийн 24 дүгээр хуудаст авагдсан өглөг, авлагын дэлгэрэнгүй журнал, 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №1660, №1663 ,№ 1662, №1661 дугаартай төлбөрийн даалгаврууд, гүйцэтгэх ажиллагааны баримтууд зэргээр нотлогдож байна.

Д.о нь ХААН банкинд 32 500 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэгчтэй эвлэрсэн, тус шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 00891 дугаартай захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлэжээ. /хэргийн 4х-9х/

Дээрх шүүгчийн захирамж гарахаас өмнө Д.о нь шүүхийн шийдвэрээр А.с , Л.Д , Т.Т , Б нарт төлбөртэй байсныг нэхэмжлэгч үгүйсгээгүй.

Нэхэмжлэгч Д.о аас 58 183 875 төгрөг гаргуулж А.с д олгох 133 дугаар гүйцэтгэх хуудасны дагуу Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-23-26 тоот 2 өрөө орон сууцыг битүүмжилж, хураан авчээ. Улмаар 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж, Эмпипи ХЗХ 72 500 000 төгрөгөөр худалдан авсан байх ба, шийдвэр гүйцэтгэгч уг төлбөрөөс Л.Д , Б нарт тус бүр 6 900 000 төгрөг, Т.Т д 2 100 000 төгрөг, А.с д 26 300 000 төгрөг, үлдэх 30 300 000 төгрөгийг ХААН банкинд 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Д.о ын төлбөрт шилжүүлсэн байна. Энэ талаар нэхэмжлэгч маргаагүй.

Хариуцагчийн төлөөлөгч, төлбөр төлөгч Д.о ын орон сууцны дуудлага худалдааны орлогыг бусад төлбөр авагч нарт хувь тэнцүүлэн олгох байтал шийдвэр гүйцэтгэгч техникийн алдаа гарган төлбөр авагч Л.Д д илүү шилжүүлсэн байсан. Үүнийг хууль бус үйл ажиллагаа гэж үзэхгүй, мөнгийг хувьдаа ашиглаагүй, төлбөр төлөгчид нь шилжүүлсэн, харин илүү шилжүүлсэн мөнгийг нь Д.о ын төлбөрт шилжүүлсэн гэдэг.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2002 оны Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн дагуу явагдаж байсан, 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчөөс гаргуулсан эд хөрөнгө, мөнгө нь хэдэн хэдэн төлбөр авагчийн шаардлагыг нэгэн зэрэг хангахад хүрэлцэхгүй бол төлбөр авагч нэг бүрийн авах төлбөрийн хэмжээгээр хувь тэнцүүлэн олгоно гэж заажээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Д.о ын Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-23-26 тоот 2 өрөө орон сууцны дуудлага худалдааны орлогыг төлбөр авагч нэг бүрийн авах төлбөрийн хэмжээгээр хувь тэнцүүлэн олгоогүй нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Хэдийгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба тэргүүн ээлжинд Д.о ын ХААН банкинд төлөх төлбөрийг барагдуулах байсан ч, төлбөр авагч Л.Д ын төлбөрийг 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д заасныг зөрчин эхний ээлжинд бүрэн барагдуулсан нь Д.о т ямар нэгэн хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч тал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан гэм хорыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-д зааснаар түүний ажиллаж байгаа хуулийн этгээд хариуцан арилгана гэж заасан тул хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас гаргуулж өгнө үү гэж тайлбарласан.

Шийдвэр гүйцэтгэгчийн хайнга ажиллагааны улмаас дуудлага худалдааны орлогыг төлбөр авагч нарт хуваарилахдаа 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д заасныг зөрчиж төлбөр авагч Л.Д д илүү мөнгө хуваарилж, Хаан банкинд төлөх төлбөр дутсан болох нь нотлогдож байх боловч, нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөж нэхэмжлэгчид гэм хор, хохирол учирсан байдал тогтоогдоогүй, төлбөр авагч Л.Д ын төлбөр бүрэн барагдсан ба илүү төлөгдсөн мөнгийг Л.Д аас гаргуулан Хаан банкинд шилжүүлсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч мөнгийг албан тушаалаа ашиглан авч хэрэглэсэн байдал баримтаар тогтоогдоогүй, Хаан банк өөрт нь хохирол учирсан талаар шүүхэд хандаагүй.

Иймд шийдвэр гүйцэтгэгчийн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас нэхэмжлэгчид гэм хорын хохирол учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас гэм хорын хохирол 2 300 000 төгрөг гаргуулах Д.о ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 51 750 төгрөгийг хуульд заасны дагуу төрийн санд хэвээр үлдээхээр заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасныг баримтлан Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас гэм хорын хохирол 2 300 000 төгрөг гаргуулах Д.о ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 51 750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА

ШҮҮГЧИД Л.АРИУНЦЭЦЭГ

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ