Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 102/шш2017/02236

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулган хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ...

Хариуцагч: ..... ХХК-д холбогдох,

Түрээсийн гэрээ цуцлах, түрээсийн зүйлийг албадан чөлөөлүүлэх, үлдэгдэл төлбөр 29,999,541 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

... ХХК-ийн ...-ээс түрээсийн байранд засвар хийсэн зардалд 149,928,800 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ...-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Тус нийгэмлэг нь ... ХХК-тай түрээсийн гэрээ байгуулан, Баянгол дүүргийн ... байрны 1 дүгээр давхарт байрлах 19 дүгээр дэлгүүр, ...-ийн тээш худалдааны төвийн ногоон зоорь, Баянгол дүүргийн .... дугаар байрны нэгдүгээр давхарт байрлах 380 м.кв талбай бүхий дэлгүүр зэргийг түрээслэн ажилладаг бөгөөд түрээсийн төлбөрөө төлөхгүй гэрээний үүргээ зөрчсөн, зөрчлөө засахыг мэдэгдэхэд үл тоож биелүүлэхгүй байгаа тул түрээсийн гэрээнд заасны дагуу түрээсийн гэрээг цуцлах, дутуу төлсөн 25,999,541 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Хариуцагч нь ...-ийн тээш худалдааны төвийн Баянгол дүүргийн 3 дугаар хорооны 24 дүгээр байрны 19 дүгээр дэлгүүрийг 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 15/2-36 дугаартай гэрээгээр сарын 6,000,000 төгрөгөөр түрээслэдэг бөгөөд ашиглалтын зардлыг цаг хугацаанд нь төлөөгүй гэрээний үүргээ зөрчсөн болно. Мөн хариуцагч нь ...-ийн дээш худалдааны төвийн Ногоон зоорийг 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 14/2-53 тоот гэрээгээр сарын 7,000,000 төгрөгөөр түрээслэн ажилладаг бөгөөд 2016 оны 5 дугаар сараас эхлэн түрээсийн төлбөрийг 5,000,000 төгрөгөөр төлж эхэлсэн бөгөөд, сар бүр 2,000,000 төгрөгийг дутуу төлж ирсэн байна. Түрээсийн гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглалгүй хүнсний ногооны зоорийг авто зогсоол болгон ашиглаж гэрээний үүргээ ноцтой зөрчсөн болно. Мөн хариуцагч нь ...-ийн худалдааны төвийн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны 33 дугаар байрны нутагт 380 м.кв талбай бүхий дэлгүүрийг сарын 4,940,000 төгрөгөөр түрээслэн ажилладаг бөгөөд, түрээсийн гэрээнд заасан ашиглалтын зардлыг хугацаанд нь төлөх үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байх зэргээр удаа дараа гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байна. Эдгээр гэрээнүүдийг байгуулахдаа ...-ийн хүчин төгөлдөр үйлчилж буй гэрээ байгуулах журмын дагуу эрх бүхий этгээдээс зөвшөөрөл аваагүй сонгон шалгаруулалт хийгээгүй байна. Тухайн компанийн захирал гэх Д.... гэгч нь Тээш худалдааны төвийн эрх бүхий ажилтнуудыг удаа дараа дарамтлах, галын аюулгүй байдлыг хангах үүргээ зөрчин түрээсийн зүйлд хохирол учруулан, гэрээний үүргээ зөрчсөн ба түрээсийн гэрээ цуцлах мэдэгдэл өгснөөс хойш түрээсийн хөрөнгийг ... буцаан шилжүүлээгүй болно. Иймд түрээсийн гэрээг цуцлан түрээсийн эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх, гүйцэтгээгүй үүрэг болох 25,999,541 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Шүүхэд нэхэмжлэлийг гаргахдаа нэхэмжлэлийн үнэ 29,999,541 төгрөгийг 25,999,541 төгрөг гэж бичиглэлийн буюу техник алдаа гаргасан байна. Хариуцагч байгууллага нь ногоон зоорины ашиглалтын зардлаа төлдөггүй, мөн 33 дугаар дэлгүүрийн түрээсийн төлбөрийг төлдөггүй тул түрээсийн гэрээг цуцлах үндэслэл болсон. Ногоон зооринд гал гарсан байхад галын аюулгүй байдлыг хангах шаардлага тавихад хүлээж авдаггүй. Иймд манай байгууллага Иргэний хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу өөртөө туслах үйл ажиллагаа явуулсан. ... нь өөрийн ажилтнуудаа хэвийн, аюулгүй ажиллах нөхцлийг хангах үүрэгтэй. Д.... нь бусад түрээслэгч нарыг оруулахгүй гээд байгааг цагдаагийн байгууллага хянаж ажиллаж байгаа. Мөн ... ХХК-д гэрээ цуцлах талаар 2017 оны 1, 2, 3 дугаар сард мэдэгдлүүд өгсөн. Хариуцагч байгууллагын захирал шүүх хуралд гаргасан тайлбараараа түрээсийн төлбөрөөс 1 жил чөлөөлөгдөж байснаа хүлээн зөвшөөрч байгаа юм байна. Ногоон зоорь, 19 дүгээр дэлгүүрийн түрээсийг цуцалъя гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэж ойлголоо. 33 дугаар байрны дэлгүүрийн түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдсөн байгаа тул үйл ажиллагаа явуулж байгаа юм байна гэж ойлголоо. Иргэний хуулийн 198, 206, 204, 318 дугаар зүйлийн 318.3 дэх хэсэгт заасан арга хэмжээ авагдсан, түрээсийн гэрээ цуцлах хууль зүйн шалгуур хангагдсан гэж үзэж байна. Иргэний хуулийн 198 дугаар зүйлд зааснаар гэрээний үгийн утгыг тайлбарлахад талууд аливаа асуудлыг эв эеэр шийдвэрлэнэ гэж гэрээнд заасан. Гэрээний нэг тал болох ... ХХК нь ...-ийн ажилтнуудыг заналхийлэх, дарамтлах, айлган сүрдүүлэх, хууран мэхлэх замаар харилцаж байсан. Иймд түрээсийн гэрээг үргэлжлүүлэх боломжгүй тул 2017 оны 3 дугаар сарын 22-нд нэхэммжлэл гаргаснаар цуцлаж байгаа юм. Нотлох баримт шинжлэн судлахад 2015 онд гэрээг бүртгүүлээрэй гэж, гэрээний 3.1, 3.6, 4.1-д заасан мэдэгдлийг ... ХХК-д өгч байсан. Мөн Улсын бүртгэлийн газар бүртгүүлээгүй түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус байна. Ногоон зооринд хийсэн засвар нь 2013, 2014 онд хийгдсэн гэдгийг гэрч нотлосон. Энэ гэрээ байгуулагдах үед ийм ажил хийсэн гэдгийг гэрээний 4.2.16 дахь хэсэгт зааснаар нотолсон. Үүний дараа засвар хийсэнтэй холбоотой эргэж нэхэмжлэхгүй тухай ... ХХК-ийн албан бичгүүд хавтаст хэрэгт 4 удаа авагдсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй. Одоо ... болон ... ХХК-иудын хооронд иргэний эрх зүйн харилцаа нэгэнт байхгүй болсон гэдэг нь нотлогдсон. Нэхэмжлэгчийн хувьд Иргэний хуулийн хүндэтгэн үзэх зайлшгүй шалтгаанаар гэрээнээс татгалзаж, цуцалж байгаа ба шүүхээс дээрх гэрээнүүдийг цуцалсанд тооцож, түрээсийн объектуудыг нэн даруй чөлөөлүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх явцад ...-ийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, ...-ын ажилчидтай зүй бус харилцахгүй байхыг даалгасан шүүгчийн захирамж хэвээр үлдээж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч ... ХХК-ийн захирал Д.... шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

... ХХК-ийн захирал Д.... би түрээсийн гэрээний дагуу өнөөдрийг болтол ажиллаж ирэх хугацаандаа ...-ийн итгэл найдварыг алдалгүй түрээслэж буй объектуудынхаа түрээсийн төлбөрийг цаг хугацаандаа төлж, чирэгдэлгүй ажиллаж ирсэн. Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай ...-ын харъяа ногоон зоорины ерөнхий түрээслэгчээр 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс ажиллаж эхэлсэн. Түрээсийн төлбөр сар бүр 1,000,000 төгрөгөөр хийсэн. Мөн 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс түрээсийн төлбөрийг 7,000,000 төгрөг болгож хийхдээ тухайн гэрээндээ байгууллагын харуул хамгаалалтын ажилтны 3 хүний цалин нэмж олгоход түрээсийн төлбөрийн 7,000,000 төгрөгт оруулан тооцож байхаар гэрээ хийсэн. Тухайн харуул хамгаалалтын ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй, хариуцлагагүй байдлаас манай компани давхар харуул хамгаалалтыг цалинжуулан ажиллуулж байсан. Харуул хамгаалалтыг дотооддоо шийдвэрлэх хүсэлтийг удаа дараа гаргасан. Ингээд манай компанийн хүсэлтийг хүлээн авч 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл гэрээг шинэчилсэн. Гэрээнд дээр дурдсан харуул хамгаалалтын зардлыг хасах шийдвэр гарч, түрээсийн гэрээний төлбөр 5,000,000 төгрөгөөр тохирч, гэрээнд тусгасан. Баянгол дүүргийн 2 дугаар хороо 33 дугаар байрны 1 давхарт 380 м.кв дэлгүүрийн зориулалттай ажлын байрыг 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл гэрээ хийхдээ өөрийн 100% хөрөнгө оруулалтаар тус объектын засвар үйлчилгээг хийж гүйцэтгэсэн. Эхний 1 жилийн түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдөж, 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 4,490,000 төгрөгийг төлөхөөр тохиролцож гэрээ хийсэн. Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр дэлгүүрийг түрээслэхээр 2015 оны 12 дугаар сарын 31 өдөр хүртэл гэрээ хийгдсэн. Өнөөдрийг хүртэл автоматаар гэрээ үргэлжлэгдэж байгаа. Сар бүр 600,000 төгрөг төлж байхаар түрээсийн гэрээнд тусгагдсан. Иймд нэхэмжлээд байгаа мөнгөн дүн ор үндэслэлгүй учир хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Ногоон зоорийг эмх замбараагүй байсныг өөрчилж, эзэнтэй болгоод, газрыг нь эргэлтэнд оруулсан, анх модон склад байсныг нурааж хүнд машин механизм оруулж гаргадаг байсан. Эдийн засгийн эргэлтгүй, гэмт хэргийн уурхай болсон газрыг би эдийн засгийн эргэлтэнд оруулсан. 2016 оны 1 дүгээр сараас эхлэн 12 дугаар сар хүртэл ашиглалтын зардал болох 5,526,000 төгрөгийг би өнгөрсөн хавар төлсөн. Би түрээсийн төлбөрөө байнга төлдөг байсан. 33 дугаар байрны дэлгүүрийн хувьд тухайн үеийн дарга Д.... намайг дуудаад энэ газар маш бохир бөгөөд түрээсээ төлдөггүй газар, чи энд засвар үйлчилгээ хийгээд түрээсийн төлбөр төлж чадах уу? гэхэд нь би чадна гээд 114,000,000 төгрөгийн засвар хийсэн учир намайг 1 жилийн түрээсийн төлбөрөөс чөлөөлж байсан. Миний хувьд эдгээр объектуудыг түрээс болон ашиглалтын зардлыг 1 цаг 1 минутаар хоцроож байгаагүй. Намайг ...-ын ажилтан, албан хаагчидтай зүй бусаар харьцдаг гэж байгаа боловч тийм зүйл байхгүй. Би 2 охин, 1 хүүтэй байж байгаад хүүгээ хүний гарт алуулчихсан хүн. ...-ынхан үүгээр маань намайг доромжилж байна гэж үзэж байна. ...-ын дотоод аудитын дарга н.... гэдэг хүнд би түрээслэгч нарыг яагаад айлгаад байгаа талаар асуухад тэр надад та насаараа бизнес хийсэн хүн, хоёулаа тохиръё гэж, өөрөөр хэлбэл, надаас мөнгө нэхэхэд нь би зөвшөөрөхгүй гэж хэлээд гарсан. Үүнээс болоод гэрээний хугацаа дуусаагүй байхад үндэслэлгүйгээр гэрээ цуцлах гээд байна гэж үзэж байна. Хүний хөдөлмөр гэж байдаг юм. Хүнээр хамаг заваан, хог новшийн ажлаа хийлгүүлчихээд, нэг албан тушаалтан надтай зохиц гэснийг нь хүлээн зөвшөөрөөгүйн төлөө миний гэрээг цуцлах гээд байна. Иргэний хүмүүнлэг, ардчилсан нийгэмд хүний бүтээсэн зүйлийг булаах гээд байгаа нь хууль зөрчиж байна гэж үзэж байна. Би 3 объектынхоо түрээсийн төлбөрийг цаг тухайд нь өгч байсан. ...-ын ажилчид өөрсдөө зүй бус харилцаатай. 33 дугаар дэлгүүрийн гэрээний хугацаа дуусахад 5-6 сарын хугацаа үлдсэн байна. Энэ хугацаа дуусахад гэрээгээ үргэлжлүүлэхгүй гэвэл мэдэгдэх хуудсаа албан ёсоор өгөх нь хүн ёсны соёл юм. ...-ын гэрээ байгуулах дотоод журам гэж яриад байна. ... нь тусгаар тогтносон вант улс биш юм. Намайг ингэж гүтгэж гүжирдэж байгаа нь хууль зөрчиж байгаа тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч ... ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа:

Тус компани нь ...-ийн Улаанбаатар дахь худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний төвтэй гэрээ байгуулан Баянгол дүүргийн 19 дүгээр дэлгүүрийг ажиллуулж байхдаа сантехникийн болон цахилгааны шугамыг шинэчилж засварласан. Гэтэл ... нь түрээсийн гэрээг цуцлан эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх, гүйцэтгээгүй үүрэг болох 25,999,541 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. ... ХХК нь дэлгүүрт түрээсийн хугацаанд оруулсан хөрөнгөө нэхэмжлэх эрхтэй бөгөөд нэг маргаантай асуудалд холбоотой байх тул ...-ээс 23,928,800 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

Мөн бид худалдааны төвийн ногоон зоорийн хашааг түрээслэхдээ уг газрын хог хаягдлыг цэвэрлэж, ухсан нүхнүүдийг шороогоор дүүргэж газрыг тэгшлэн, ашиглах зориулалттай болгох, ашиглалтын хугацаа дууссан ногоон зоорийг буулгах, хашааны хаалгыг гүйдэг хаалгаар солих зэргээр тохижуулсан болно. Эдгээр ажлуудыг тухайн үед хувь хүмүүсээр хийлгэж, мөнгийг нь бэлнээр өгч байсан. Иймд түрээсийн хугацаанд оруулсан хөрөнгөө буюу 126,000,000 төгрөгийг, нийт 149,928,800 төгрөгийг ...-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.... сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэл бодит байдлын үндэслэлгүй байна. Учир нь талуудын хооронд байгуулсан 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 147/2-53 гэрээний 4.2.1-д түрээсийн талбайг гэрээнд заагдсан зориулалтын дагуу ашиглаж, гадна дотно ойр орчмын цэвэрлэгээ, үйлчилгээ, эмх цэгц, эрүүл ахуйн байдал, хотын гүйцэтгэх захиргааны захирамжийг биелүүлж, орчны цэвэрлэгээнд оролцоно гэж заасан бөгөөд гэрээний үүргийн дагуу цэвэрлэгээ хийсэн гэж үзэж байна. Мөн түрээсийн гэрээний 4.2.4-т ... түрээсийн талбайг актаар хүлээн авсан өдрөөс хойш бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллана мөн гэрээний 4.2.8-д түрээсийн тохижилтийн ажил хийх шаардлагатай бол түрээслүүлэгчид бичгээр урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авч харилцан зөвшилцсөний үндсэн дээр хийнэ гэж заасан бөгөөд өнөөдрийн байдлаар засвар үйлчилгээ хийх мэдэгдэл огт ирж байгаагүй болно. Мөн түрээсийн гэрээний 4.2.16-д түрээслэгч нь ногоон зоорины ашиглагдаагүй үүдний хэсгийн талбайд ус тогтдог хэсэг, хуучин автопүү болон барилгын ухсан суурь нүхийг өөрийн хүч, хөрөнгө машин механизмаар бөглөн тэгшлэж уг талбайг цаашид ашиглах хэмжээнд сэргээн засварласан, хашаанд орох автомашин орж гарах хуучин хаалгыг 10 метр орчим урттай орчин үеийн гүйдэг хаалгаар шинээр солих, ажилчдын хувцас солих, амрах байранд урсгал засвар хийж ханан пийшинг шинээр тоосгоор өрж засварлан, пийшин солих ажлыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн. Тохижилтийн ажилд оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөх үүднээс анх гэрээгээр хийсэн түрээсийн сарын төлбөрийг өөрчлөхгүй мөрдөнө. Уг гэрээнд түрээслэгч тал өөрчлөлт оруулсан тохиолдолд эрсдлийг хариуцна гэж заасан тул мөнгө нэхэмжлэх ямар ч эрхгүй болно. Мөн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр сөрөг нэхэмжлэл гэж 19 дүгээр дэлгүүрт тохижилтын ажил хийсэн гэж 23,928,800 төгрөгийн нэхэмжлэл гаргасан байна. Энэ дэлгүүрийг түрээслүүлэх тухай 2015 оны түрээсийн гэрээний 4.2.9-д түрээсийн байранд зайлшгүй хийгдэх засвар үйлчилгээ тохижилтыг түрээслэгч тал хариуцна гэж заасан бөгөөд өнөөдрийг хүртэл ямар нэгэн засвар хийх зөвшөөрөл хүссэн хүсэлт ирж байгаагүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож ...-ийн ажилтан албан хаагчдыг удаа дараа заналхийлэх, айлган сүрдүүлэх, дарамтлах үйл ажиллагаа явуулж, тэднийг албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болгож байгаа ... ХХК-тай байгуулсан гэрээнүүдийг цуцлан ...-ийн ажилтнуудын хэвийн ажиллах амьдрах нөхцлийг бүрдүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч А...., С.... нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Түрээсийн зүйлүүдэд засвар хийсний дагуу ногоон зоорины түрээсийн төлбөрийг чөлөөлж байгаагүй. Харин 33 дугаар байрны дэлгүүрийн түрээсийг 1 жил, 19 дүгээр дэлгүүрт 6 сарын төлбөрөөс чөлөөлж байсан. Хариуцагчийн зүгээс гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж байсан гэдэг нь баримтаар нотлогдож байгаа. Нэхэмжлэгч тал хариуцагчийг түрээсийн гэрээг зөрчсөн гэж амаараа л тайлбарлаж байгаа бөгөөд үүнийгээ баримтаар нотлохгүй байна. Түрээсийн дутуу төлбөр 22,000,000 төгрөг гэж байгаа нь ногоон зоорины 7,000,000 төгрөг байж байгаад 5,000,000 төгрөг болгосны зөрүүг ярьж байх шиг байна. Хариуцагч байгууллагын захирал нь ...-д түрээсийн төлбөр хөнгөлөх талаар удаа дараа хүсэлт гаргаж байсан байдаг. Үүний дагуу 5,000,000 төгрөг болгон багасгаж, гэрээг шинэчилсэн болохыг дурдахгүй байна. Өөрсдөө зөвшөөрчихөөд дараа нь түрээсийн үүргээ зөрчсөн гээд шаардаад байгаа нь утга агуулгын хувьд авцалдахгүй байна. Мөн ашиглалтын зардлыг төлөгдөөгүй гэдгийг тодорхойлохдоо ямар аргачлалаар гаргаад, төлөгдөөгүй гэсэн баримт байхгүй. Гэрээ байгуулах журам зөрчсөн гэж байгаа боловч өөрсдийн дотооддоо дагаж мөрдөх ёстой журмаа хариуцагчийг дагах ёстой гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Галын аюулгүй байдлын журам зөрчөөд ямар хохирол учирсан, гэрээ цуцлах ноцтой зөрчил болсон гэдэг нь тодорхойгүй, нотлох баримт байхгүй байна. Мөн үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй учир хүчин төгөлдөр бус гэж талйбарлаж байгаа нь үндэслэлгүй тайлбар байна. Учир нь тийнхүү бүртгүүлээгүй нь талуудын аль алиных нь буруутай үйлдэл. Бүхэл бүтэн орон сууцны байшинг бүхэлд нь түрээслээгүй, жижигхэн буланд байдаг объектыг түрээслэж байгаа. Заналхийлсэн гээд байгаа нь тухайн хувь хүмүүсийн харилцааны асуудал юм. Энэ нь гэрээний үүрэгтэй ямар ч холбоогүй, хууль зүйн үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлд гэрээгээр хүлээсэн үүргийг зөрчсөн буюу түрээсийн төлбөр төлөх үүргээ зөрчсөн гэж яригдах ёстой. Гэтэл түрээсийн төлбөрийг төлөөгүй гэдэг нь баримтаар тогтоогдохгүй. 5,000,000 төгрөгийн төлбөр төлөгдсөн гэж байгаа нь ...-ын өөрсдийнх нь хариуцлагын асуудал юм. Байгууллагыг төлөөлж гэрээ байгуулсан хүнийг ажлаас халагдсан, төлөөлөх эрхгүй гэж тайлбарлаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Бүхэл бүтэн аж ахуйн нэгжийн дарга нь гарын үсэг зураад гэрээ байгуулсан байна. Гэрээний үүрэг зөрчсөн гэдэг тайлбараа хууль зүйн үндэслэлтэй тайлбарлах ёстой. Гэтэл үүрэг зөрчсөн гэдгийг баахан хэрүүл болсноор нотлох гэж оролдлоо. Гэрээний дагуу Д.... үүргээ биелүүлээд явж байхад нь үндэслэлгүйгээр дарга нарын нөлөөлөл, тэтгэвэрт гарсан цагдаагийн хүсэлтээр гэрээг цуцлах үндэслэл болгоод байна гэдэг нь харагдлаа. Энэ хүн үүн дээр бухимдаад харилцааны ямар нэгэн асуудал гаргасан байгаа нь ойлгомжтой. ... өөрсдөө актлчихаад, засч тордоод ашигтай болохоор нь өөрсдөө авах гэж байгаа бүдүүүлэг байдал харагдаж байна. Нэхэмжлэлийн шаардлага хуулийн үндэслэлгүй, түрээсийн гэрээ цуцлах үндэслэл болоогүй байхад цуцлах нэхэмжлэл гаргасан байна. Хуулийн дагуу энэ хүнийг ажил үүргээ хэрэгжүүлэх боломжийг нь олгооч, хуулийн дагуу хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ... нь хариуцагч ... ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээг цуцлах, түрээсийн эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх, түрээсийн гэрээний үүрэгт төлөгдөөгүй төлбөр 29,999,541 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч ... ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч ... түрээсийн гэрээнүүдийн дагуу төлвөл зохих төлбөрийг цаг тухайд нь төлж байсан, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй... гэж тайлбарлан маргаж, түрээсийн гэрээнүүдийг цааш үргэлжлүүлэхийг хүссэн.

Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ... ХХК үндсэн нэхэмжлэлд холбогдуулан түрээсийн зүйл болох 19 дүгээр дэлгүүрт хийсэн тохижилтийн ажлын зардалд 23,928,800 төгрөг, ногоон зооринд хийсэн тохижилтын ажлын зардалд 126,000,000 төгрөг, нийт 149,928,800 төгрөгийг нэхэмжлэгч ...-ээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч тал бүхэлд нь эс зөвшөөрч, ... түрээслэгч нь гэрээнд заасны дагуу түрээслүүлэгчид засвар хийх талаар мэдэгдээгүй, гэрээнд заасны дагуу хийсэн ажлын зардлыг шаардах эрхгүй... гэж тайлбарлан маргасан.

Шүүх дараахь үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Талуудын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 14/2-53 дугаартай Түрээсийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр түрээслэгч ... ХХК нь түрээслүүлэгч ...-ийн эзэмшил дэх Баянгол дүүргийн Тээвэрчдийн гудамж, Улаанбаатар дахь Худалдаа үйлдвэр үйлчилгээний төвийн ногооны зоорины хашааг Төмс, хүнсний ногоо, барилгын материал хадгалах зориулалтаар, уг зоорины Ерөнхий түрээслэгчээр зоорь, талбай, ажилчдын байрыг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаатайгаар, сарын 7,000,000 төгрөгийн төлбөртэй, түрээсийн төлбөрийн хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувь алданги тооцохоор тусгаж, харилцан тохиролцсоны дагуу эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж, байгууллагын тамга дарж баталгаажуулсан, хүчин төгөлдөр гэрээ байна. /хх 27-29/

Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан Түрээсийн гэрээний шинжийг агуулсан байх бөгөөд, хэдийгээр хуулийн 318.3 дахь хэсэгт зааснаар Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангаагүй боловч талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, энэ гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардлага гаргаагүй, мөн нэхэмжлэгч нь уг гэрээний дагуу хариуцагчаас төлбөр шаардаж, гэрээг цуцлахыг хүссэн.

Түрээсийн гэрээний 7.3 дахь хэсэгт: түрээсийн гэрээг жил бүрийн эцэст 2 тал харилцан дүгнэж, цаашид гэрээг сунгах эсэх, түрээсийн төлбөрийг шинэчлэн тогтоох, өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг харилцан тохиролцож гэрээг шинэчлэн байгуулна гэж заасан байх бөгөөд, 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр дээрх гэрээг талууд шинэчлэн байгуулж, түрээсийн төлбөрийг 5,000,000 төгрөг байхаар, мөн гэрээний хугацааг 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл шинэчлэн тогтоосон байгааг гэрээний дээрх заалтын дагуу өмнөх буюу 2014 онд байгуулсан гэрээг дүгнээд, дахин шинэчлэн байгуулсан гэж үзлээ. /хх 29/

Нэхэмжлэлийн шаардлагын нэг үндэслэл буюу түрээсийн төлөгдөөгүй төлбөр, тодруулбал: 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны 11 сарын нийт 22,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд, нэхэмжлэгч уг шаардлагын үндэслэлээ тодорхйлохдоо ...-ийн гэрээ байгуулах журмын дагуу хуулийн хэлтэст хянуулж дугаар аваагүй, мөн түрээсийн зүйлийг зориулалтын дагуу бус авто зогсоол болгон ашиглаж гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гэж тайлбарлан, нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор Тээш худалдааны төвийн албан бичиг, ...-ийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл, ...-ийн Дотоод аудитын хяналт шалгалтын аудиторын албан шаардлага, Түрээсийн гэрээнүүдэд хийсэн аудитын тайлан, ... Тээш худалдааны төвийн мэдэгдэл, ...-ын Хууль зүйн албанд хандсан Түрээсийн маргаан шийдвэрлүүлэх тухай албан бичиг, Цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны албан бичиг зэргийг нотлох баримтаар гаргасан байна. /хх 6, 26, 32, 33, 34, 41, 42, 44, 46/

Гэвч энэхүү гэрээг байгуулахдаа түрээслүүлэгчийн зохих эрх бүхий удирдлагаас зөвшөөрөл авсан бөгөөд гэрээний үнийг багасгах талаар зөвшилцсөн болох нь ...-ийн Улаанбаатар дахь Худалдаа үйлдвэр, үйлчилгээний төвийн 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн албан бичиг, ... ХХК-ийн хүсэлт зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх 30, 31/

Түүнчлэн, 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хойшхи хугацааны дутуу төлөгдсөн гэх сар бүрийн 2,000,000 төгрөгийн түрээсийн төлбөрийн зөрүүг шаардаж байсан эсэх нь баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд 2014 онд хийгдсэн анхны гэрээг байгуулсан эрх бүхий албан тушаалтан гэрээг хийж баталгаажуулсан байх тул энэхүү 2014 оны гэрээг шинэчлэн байгуулсан гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж шүүх дүгнэн, дээрх гэрээний дагуу дутуу төлөгдсөн төлбөр үгүй ба түрээслэгчийн зүгээс төлбөрийг сар бүр төлж байсан болох нь төлбөрийн баримтуудаар тогтоогдсон тул хариуцагчаас түрээсийн төлбөрийн зөрүү 22,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч ... нь мөн Түрээсийн гэрээний дагуу түрээсийн зүйлийн ашиглалтын зардал 7,656,201.42 төгрөг төлөөгүйг хариуцагч ... ХХК-иас гаргуулахаар шаардсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар түрээслэгчийг ашиглалтын төлбөрийг төлөөгүй гэх тайлбар болон уг шаардлагаа баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй, хэрэгт авагдсан төлбөрийн нэхэмжлэх бүхий баримтуудаар бүрэн тогтоогдохгүй байх тул ногоон зоорины ашиглалтын зардал гэх 7,656,201.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. /2-р хх 105-113/

Талуудын хооронд байгуулагдсан дараагийн гэрээ буюу 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 15/2-36 дугаартай Түрээсийн гэрээ-ээр түрээслэгч ... ХХК нь түрээслүүлэгч ...-ийн эзэмшил дэх ашиглагдаагүй байгаа ажлын байрыг албан өрөө, агуулах зоорийг үйлчилгээний газрын зориулалтаар түрээслүүлэх, тодруулбал: Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 24 дүгээр байрны 1 давхарт байрлах 19 дүгээр дэлгүүрийг 1 сарын 600,000 төгрөг дээр ашиглалтын зардлын хамт төлөх нөхцөлтэйгөөр 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатайгаар байгуулж, эрх бүхий албан тушаалтнууд гарын үсэг зурж баталгаажуулан жил бүр сунгаж ирсэн хүчин төгөлдөр түрээсийн гэрээ байна.

Зохигчид дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон түрээсийн гэрээний нөхцөл, хугацаа, түрээсийн төлбөрийн талаар маргаагүй. Харин нэхэмжлэгч нь хариуцагчаас уг гэрээний дагуу 2017 онд төлөгдөөгүй үлдсэн ашиглалтын зардал 159,740 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч нэхэмжлэлийн шаардлагад хавсаргасан төлбөрийн тайлангаар 2016 оны 12 дугаар сар, 2017 оны 1,2 дугаар саруудад түрээслэгч төлбөрийн үлдэгдэлтэй гэж гарсан боловч хэрэгт авагдсан Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх талуудын нийлсэн тооцоогоор 19 дүгээр дэлгүүр нь 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар төлбөргүй гэж гарсан байна. /2-р хх 112/

Түүнчлэн, нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан хүснэгт бүхий төлбөрийн тооцооллоор хариуцагч байгууллага нь 2016 оны 12 дугаар сард 1,688,672.85 төгрөг, 2017 оны 1 дүгээр сард 380,446.41 төгрөг, 2017 оны 2 дугаар сард 344,823 төгрөг, нийт 2,413,942 төгрөгийн төлбөрөөс 2,254,202.26 төгрөгийг төлж, 159,740 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэх боловч, хариуцагчаас гаргасан төлбөр төлсөн баримтуудаар дээрх хугацааны ашиглалтын төлбөрийг түрээслэгч тухай бүрт нь төлж байсан болох нь бүрэн тогтоогдож байх бөгөөд, нэхэмжлэгчийн гаргасан хүснэгт, төлбөрийн нэхэмжлэхүүд болон, төлбөр төлсөн баримтуудын үнийн дүн хоорондоо зөрүүтэй, нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй байх тул уг шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. /1-р хх 7, 23, 105-113, 122, 126-143/

Нэхэмжлэгч ... ХХК нь талуудын хооронд байгуулагдсан дараагийн гэрээ болох Баянгол дүүргийн 33 дугаар байр дахь 380 м.кв талбайтай дэлгүүрийн түрээсийн гэрээний дагуу төлбөр шаардаагүй, уг гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй бөгөөд төлбөрийн талаар маргаагүй учир шүүх дүгнэлт хийсэнгүй.

Харин нэхэмжлэлийн шаардлагын нэг хэсэг болох түрээсийн гэрээг цуцлах тухай шаардлага ойлгомжгүй, түрээслэгч нь ногоон зоорь болон 19 дүгээр дэлгүүрийн түрээсийн гэрээг төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй гэрээгээ ноцтой зөрчсөн гэж үзэн гэрээг цуцлах талаар шаардсан байх боловч нэр заан дурдаагүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно гэж заажээ.

Мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3 дахь хэсэгт: нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэг үр дүнд хүрч чадахгүй нь тодорхой, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь талуудын ашиг сонирхолд нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүй байж болно гэж тус тус хуульчилсан байна.

Маргаан бүхий гэрээнүүдийн тухайд түрээслэгч буюу үүрэг гүйцэтгэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн болох нь, мөн түрээсийн зүйлийг зориулалтын дагуу ашиглаагүй болох нь нотлох баримтаар хангалттай тогтоогдохгүй байх бөгөөд, гэрээг цуцлах тухай түрээслүүлэгчийн гаргасан мэдэгдэлд дурдсан гэрээ байгуулах журам гэх ...-ийн дотооддоо мөрдөх журмыг үндэслэн гэрээг цуцлахаар мэдэгдсэн нь хуульд нийцээгүй байна.

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно гэж заасны дагуу хүндэтгэн үзэх үндэслэл шалтгаан тогтоогдохгүй байх тул гэрээ цуцлах, түрээсийн эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч ... ХХК нь нэхэмжлэгч ...-ээс түрээсийн зүйл болох 19 дүгээр дэлгүүрт хийсэн засварын ажлын зардалд 23,928,800 төгрөг, ногоон зооринд засвар хийсэн зардалд 126,000,000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилснийг нэхэмжлэгч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

Хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэлээ нотлохоор фото зургууд, засварын ажлын тайлан, хамтран ажиллах гэрээ, зарлагын баримтуудыг нотлох баримтаар гаргасан боловч хэдийд хийсэн засвар болох нь тодорхойгүй, тайлан гэх хариуцагчийн өөрийн гаргасан жагсаалт нь хөндлөнгийн санхүүгийн баримт тайлангаар бүрэн тогтоогдохгүй, гэрч Г....ийн мэдүүлгээр түүний хийсэн ажил нь маргаан бүхий гэрээтэй цаг хугацааны хувьд хамааралгүй, зарлагын баримтууд нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн анхан шатны баримт бичгийн шаардлага хангаагүй байх бөгөөд хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлох хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлага баримтаар бүрэн тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт заасны дагуу, мөн хуулийн 289 дугаар зүйлийн 289.2.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч ... ХХК нь түрээслүүлэгч ...-ийн зөвшөөрөлтэйгөөр засвар хийсэн болох нь бүрэн тогтоогдохгүй байх бөгөөд талуудын байгуулсан гэрээнүүдэд хийгдэх засварын талаар тусгайлан зохицуулсан байгааг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлдд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2, 221.3, 289 дүгээр зүйлийн 289.2.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ...-ийн түрээсийн гэрээг цуцлах, түрээсийн эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх, хариуцагч ... ХХК-иас 29,999,541 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч ... ХХК-ийн нэхэмжлэгч ...-ээс 149,928,800 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,948 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,065,544 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Шүүхийн шийдвэр уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА