Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 722

 

 

 

 

 

 

 

 

 

“Убб” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Б.Нармандах, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2019/00485 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Убб” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ГГ” ХХК, Б.Б, Г.Ч, Б.А нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 167 614 282.96 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч “ГГ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Я нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Убб” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ГГ” ХХК нь “Убб” ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, жилийн 9 хувийн хүүтэй, 180 000 000 төгрөгийг зээлж авсан. Зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор нийт 5 хөрөнгө, 2 газар барьцаалсан. Уг зээлийн хувьд Хөгжлийн банкны зээлээр санхүүжигдсэн. Тийм учраас өнөөдрийн байдлаар зээлийн тооцоолол болон дүн гэрээнд заагдсаны дагуу зарим эх үүсвэрт 9 хувь, зарим хэсэгт 27.5 хувь байгаа. “ГГ” ХХК нь 2016 оны 10 дугаар сараас зээлээр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, хугацаа хэтрэлттэй болж эхэлсэн. Ийм учраас “Убб” ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар гэрээнд заасны дагуу гэрээг цуцалж, үндсэн зээлийн төлбөрт 99 051 860.28 төгрөг, банкны өөрийн эх үүсвэрт шилжсэн зээлийн төлбөрт 68 562 422.68 төгрөг нийт 167 614 282.96 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Үүнийг задалбал Хөгжлийн банкны зээлээс төлөгдөөгүй 85 000 000 төгрөг, хүү 13 191 472 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 860 387 төгрөг, гэрээнд заасны дагуу өөрийн эх үүсвэр рүү шилжүүлсэн зээл 46 773 586 төгрөг, хүү 18 625 917 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 162 918 төгрөг болно. Энэ мөнгийг хариуцагч “ГГ” ХХК-иас гаргуулна. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол хариуцагч “ГГ” ХХК, Г.Б, Б.Ч , Г.А , Б.Ж  нарын өмчлөлийн нэхэмжлэлд дурдагдсан 7 барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “ГГ” ХХК, Г.Б , Б.Ч , Г.А  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 123 000 000 төгрөгийг төлөх боломжтой. 123 000 000 төгрөгийн тооцоолол нь зээлийн үлдэгдэл 99 051 860 төгрөг байгаа. Энэ үлдэгдлийг жилийн 9 хувийн хүүтэйгээр тооцож үзэхэд үндсэн зээл, хүү нийт 123 000 000 төгрөг болно. Тийм учраас энэ хэмжээний мөнгийг төлнө. “Убб” ХХК-иас зээлийн эх үүсвэр рүү шилжсэн мөнгөний гуравны хоёрыг төлөхгүй гэж байгаа шалтгаан нь хэрэгт цугларсан нотлох баримтаар Хөгжлийн банкнаас шилжүүлсэн 180 000 000 төгрөгөөс 126 000 000 төгрөгөөр “Убб” ХХК өөрийнхөө активыг хааж үлдэх 54 000 000 төгрөгийг Б.Ж д өгсөн. 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр чек бичигдээд, дараа нь орлого гээд 2014 оны зээл, зээлийн гэрээтэй холбоотой активаа хаасан нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдож байна. Тэгэхээр эх үүсвэр рүү шилжих болсон шалтгаан нь “Убб” ХХК-тай холбоотой гэж үзэж байгаа. “Убб” ХХК, Хөгжлийн банктай хийсэн гэрээгээрээ ч тэр Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас олгож байгаа зээлийг бүрэн олгох үүрэгтэй болохоос биш улсын төсвөөс олгож байгаа мөнгөөр өөрийнхөө активыг хаах эрхгүй. Ийм хууль бус ажиллагаа явуулсан. Банкны эх үүсвэр рүү шилжсэн гэсэн эрсдэлээ “Убб” ХХК өөрөө хариуцах ёстой. Иймд 123 000 000 төгрөгийг төлнө. Үлдсэн мөнгийг төлөхөөс татгалзаж байна. Үүргийн гүйцэтгэлийг Г.Ч, Б.Б, Б.А, Б.Ж  гэсэн 4 хүний өмчлөлийн орон сууцнаас хангахыг хүлээн зөвшөөрөхгүй. Нийт 380 000 000 төгрөгтэй тэнцэх хэмжээний барьцаа хөрөнгө барьцаалсан хирнээ 380 000 000 төгрөгийн тал болох 180 000 000 төгрөгийн гэрээ хийсэн. Зээлийн гэрээтэй холбоотой үүргийн гүйцэтгэлийн үнийн дүнгээс хэт давсан барьцаа хөрөнгийг барьцаалж авч үлдсэн. Тиймээс орон сууцтай холбоотой шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу хариуцагч “ГГ” ХХК-аас 167 614 282.96 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Убб” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо,1 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 376 тоотод байрлах, хариуцагч Г.Ч-ийн өмчлөлийн 3 өрөө орон сууц, Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 34 дүгээр байрны 130 тоотод байрлах, хариуцагч Г.Чимчиг, Б.Баатар, Б.Алтантуяа, Б.Ж  нарын өмчлөлийн 2 өрөө орон сууц, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 46 дугаар байрны 99 тоотод байрлах, хариуцагч Б.Ж ы өмчлөлийн 2 өрөө орон сууц, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 46 дугаар байрны 99 тоотод байрлах, “ГГ” ХХК-ийн мебель бүрэгч машин, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Шадивлан 15020, 1 дүгээр хэсгийн 88 тоотод байрлах, хариуцагч Б.Ж-ын өмчлөлийн, 240 м.кв талбайтай хувийн сууц, 400 м.кв эзэмших эрхтэй газар, мебелийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Убб” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 338 630 төгрөгөөс 1 066 221 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 272 409 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч “ГГ” ХХК-аас 1 066 211 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “ГГ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “Убб” ХХК “ГГ” ХХК-д 180 000 000 төгрөг олгохоор зээлийн гэрээ байгуулсан боловч 126 000 000 төгрөгийг активийнхаа өрөнд суутган авч 46 000 000 төгрөгийг “ГГ” ХХК-д олгосон. Үүний дараа “ГГ” ХХК-аас зээлийн үлдэгдэл төлбөрийн хүүг 1 жилийн 9 хувиар бодож нэхэмжлэх ёстой байсан боловч үлдэгдэл төлбөр банкны эх үүсвэр лүү шилжсэн хэмээн зээлийн хүүг 1 жилийн 27.6 хувь болгон өсгөж нэхэмжилсэн. Ингэснээр зээлийн хүү 3 дахин өсөж бодогдсон. Үүнийг анхан шатны шүүх үл анзаарч зээлийн хүүг 27.6 хувиар тооцож 67 000 000 төгрөгөөр шийдвэрлэсэн нь буруу шийдэл болсон болно. Зээлийн хүү 27.6 хувь биш гэрээ ёсоор жилийн 9 хувь байх ёстой. Жилийн 9 хувиар бодоход зээлийн хүү 67 000 000 төгрөг биш. 22 300 000 төгрөг байх ёстой. Анхан шатны шүүхээс тогтоосон 167 614 282 төгрөгөөс 145 314 282 төгрөгийг зөвшөөрч 22 300 000 төгрөгийг үл зөвшөөрөн давж заалдаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон 167 614 282 төгрөгөөс 22 300 000 төгрөгийг хасч өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй боловч шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч “Убб” ХХК нь хариуцагч “ГГ” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээг цуцлаж, 138 621 531 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 167 614 282 төгрөг гаргуулах, хамтран хариуцагч Г.Б , Б.Ч , Г.А , Б.Ж  нарт холбогдуулан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргаснаас хариуцагч 123 000 000 төгрөг төлөх, орон сууцнаас бусад барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахыг зөвшөөрч, үлдсэнийг нь эс зөвшөөрч маргажээ./хэргийн 1-2, 65-68, 208 дугаар тал/

 

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ...Зээлийн үлдэгдэл 99 051 860 төгрөг төлөгдөөгүй. Энэ үлдэгдлийг жилийн 9 хувийн хүүгээр тооцож үзвэл үндсэн зээл, хүү нийт 123 000 000 төгрөг болно. Энэ хэмжээний мөнгийг төлнө. “Убб” ХХК нь Хөгжлийн банктай хийсэн гэрээгээр Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас олгож байгаа зээлийг бүрэн олгох үүрэгтэй. Үүний дагуу 350 000 000 төгрөгийн зээл олгох байснаас 180 000 000 төгрөг зээлдүүлсэн. Хөгжлийн банкнаас шилжүүлсэн 180 000 000 төгрөгөөс 126 000 000 төгрөгөөр “Убб” ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 2014 оны зээл, зээлийн гэрээтэй холбоотой активаа хаасан. Үлдэх 54 000 000 төгрөг авсан. Улсын төсвөөс олгож байгаа мөнгөөр өөрийнхөө активыг хаах хууль бус ажиллагаа явуулсан учир зээл банкны эх үүсвэр рүү шилжсэн эрсдэлээ “Убб” ХХК өөрөө хариуцах ёстой гэж тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгч “Убб” ХХК нь Хөгжлийн банк болон Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай дамжуулан зээлдүүлэх З-ЖД-С 2015-49 тоот гэрээг 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр байгуулж, жижиг дунд үйлдвэрлэлийн төслүүдэд өөрийн банкаар дамжуулан зээл олгох, хянах, эргэн төлөх үүрэгтэй зээлдэгч болсон байна. /хх-ийн 78-81 дүгээр тал/

 

            Талууд 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ЗГ9101/151119 тоот зээлийн гэрээ байгуулж, 180 000 000 төгрөгийг жилийн 9 хувийн, “Убб” ХХК-ийн эх үүсвэрт шилжсэн тохиолдолд жилийн 27,6 хувийн хүүтэй, 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 40 сарын хугацаатай, “Убб” ХХК-ийн эх үүсвэрт шилжсэн тохиолдолд зээлийн хугацаа 3 сар байхаар харилцан тохирч, үүргийн гүйцэтгэлд Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо,1 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 376 тоотод байрлах, хариуцагч Г.Чимчигийн өмчлөлийн 3 өрөө орон сууц, Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 34 дүгээр байрны 130 тоотод байрлах, хариуцагч Г.Чимчиг, Б.Баатар, Б.Алтантуяа, Б.Ж  нарын өмчлөлийн 2 өрөө орон сууц, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 46 дугаар байрны 99 тоотод байрлах, хариуцагч Б.Ж ы өмчлөлийн 2 өрөө орон сууц, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 46 дугаар байрны 99 тоотод байрлах, “ГГ” ХХК-ийн мебель бүрэгч машин, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Шадивлан 15020, 1 дүгээр хэсгийн 88 тоотод байрлах, хариуцагч Б.Ж ы өмчлөлийн, 240 м.кв талбайтай хувийн сууц, 400 м.кв эзэмших эрхтэй газар, мебелийн үйлдвэрийг тус тус барьцаалж, зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан зээл болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна./хэргийн 22-30 дугаар тал/

 

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зохигч зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, хариуцагч зээлийн гэрээний үүрэгт нийт 68 212 397.16 төгрөгийг төлсөн талаар маргаагүй байна.

           

            Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 4.1.1-д гэрээний хугацааг 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл буюу нийт 40 сар, гэрээний 3.3.2-т заасны дагуу банкны эх үүсвэр рүү шилжсэн зээлийн хүүг жилийн 27,6 хувь, гэрээний 4.1.2-т зээл “Убб” ХХК-ийн эх үүсвэрт шилжсэн тохиолдолд зээлийн хугацаа 3 сар байхаар талууд тохиролцжээ. /хэргийн 1хх 22 дугаар тал/

 

            Хариуцагч “ГГ” ХХК-ийг 2016 оны 10 дугаар сараас зээлийн гэрээгээр хүлээсэн зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй хугацаа хэтрүүлснээс нэхэмжлэгч “Убб” ХХК нь дамжуулан зээлдүүлэх гэрээний 5.1.4-т заасны дагуу тухай бүр нь зээлийг Хөгжлийн банк руу шилжүүлж, хариуцагчийг үүргээ зөрчсөн үндэслэлээр зээлийн гэрээний үүргээ биелүүлэх хугацааг гэрээний 4.2-т заасан хугацаагаар тооцон гэрээг цуцласан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх заалтыг зөрчөөгүй талаар шүүх зөв дүгнэжээ./хэргийн 79, 22 дугаар тал/

 

Харин нэхэмжлэгч 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийг тооцон, хариуцагчаас нийт зээлийн гэрээний үүрэгт 167 614 282 төгрөгийг шаардсаныг анхан шатны шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ. Учир нь нэхэмжлэгч “Убб” ХХК нь анх нэхэмжлэл гаргахдаа 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар гэрээг цуцлаж, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг тооцон шаардлага гаргасан байна./хэргийн 1-2 дугаар тал/ Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хугацаа нь дуусгавар болоогүй гэрээг хариуцагч үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр өөрөө нэг талын санаачлагаар цуцалж, дуусгавар болгосон тохиолдолд, уг хугацаанаас хойш гэрээний үүрэг буюу хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж шаардах эрхгүй болно.

 

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болох 167 614 282 төгрөгөөс 22 300 000 төгрөгийг хасч, үлдэх 145 314 282 төгрөгийг нэхэмжлэгч “Убб” ХХК-д хариуцагч “ГГ” ХХК төлөхийг зөвшөөрсөн давж заалдах гомдлыг гаргажээ. Иймээс давж заалдах шатны шүүх хариуцагч талын гомдлыг, зөвшөөрсөн хэмжээгээр нь нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

            Мөн хариуцагч “ГГ” ХХК-ийн захирал Б.Ж д “ГГ” ХХК зээл авахад орон сууцыг барьцаалах, зээлийн барьцааны гэрээ болон барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, лавлагаа авах, барьцааг улсын бүртгэлийн албанд бүртгүүлэх зэргээр барьцаалахтай холбоотой бусад бичиг баримтад бүрэн төлөөлөх эрхийг хариуцагч нар итгэмжлэлээр олгосон байна./1хх 10,12,14 дүгээр тал/ Иймд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2019/00485 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ГГ” ХХК-аас 145 314 282 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “Убб” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 22 300 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

3 дахь заалтын “хариуцагч “ГГ” ХХК-аас 1 066 211 төгрөгийг” гэснийг “хариуцагч “ГГ” ХХК-аас 884 521 төгрөгийг” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦОГТСАЙХАН

 

                            ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

 

                                                                                    С.ЭНХТӨР