Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 142/ШШ2019/00810

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 142/ШШ2019/00810

Орхон аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан, шүүгч Б.Хишигдаваа, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Э

Хариуцагч: Д.У

Гэм хорын хохиролд 8 541 692 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д , иргэдийн төлөөлөгч Х.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Онар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Э итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.У нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Х багийн нутаг дэвсгэр № дугаар байрны баруун урд талд байх уулзварт Тоёото Ланд крузер-200 загварын № УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж, Б.Э хөлыг дайрч хүндэвтэр гэмтэл учруулсан. 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 204 дугаартай Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Д.У хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж хүний бие, эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутайд тооцсон. Тус ослоос хойш хадаас авахуулах хагалгаанд орж, хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдаж хөдөлмөр эрхлэх боломжгүй, ажил төрлөө хийж чадалгүй өнөөдрийг хүрж байна. 2019 оны 01 дүгээр сард группээс гарсан боловч хөл дээрээ 10 минутаас илүү зогсож чадахгүй хөл, нуруу байнгын өвддөг нөхцөл байдалтай байна. Иймээс 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн цалингийн зөрүү 7 685 714 төгрөг, эм тариа, эмчилгээ, ор хоног, хоол хүнс, шатахууны төлбөрт 855 978 төгрөг, нийт 8 541 692 төгрөгийг Д. У гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.У шүүхэд ирүүлсэн хариу тайлбараа: Б.Э нь надад холбогдуулан 8 541 692 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Уг нэхэмжлэлийг 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр шүүхээс хүлээн авсан. Миний бие Б.Э гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие эрүүгийн хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж байсан. Зохигчдын хоорондын харилцааг бол хэлж мэдэхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэж байх явцад 2 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн, өмнөх шүүх хуралдааны шийдвэрээр 4 317 549 төгрөгийг төлсөн. Тухайн үед тээврийн хэрэгслийн эзэмшигч нь компани байсан. Иймд нэхэмжлэгч компаниас хохиролоо нэхэмжлэх ёстой. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт ирүүлсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Э түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А нь хариуцагч Д.У холбогдуулан гэм хорын хохиролд 8 541 692 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Д.У түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч түүний төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Зам тээврийн ослын улмаас 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны цалингийн зөрүү 7 685 714 төгрөг, эм тариа, ор хоног, хоол хүнс, шатахууны төлбөрт 855 978 төгрөг нийт 8 541 692 төгрөг гаргуулна гэж тайлбарлаж байна.

Хариуцагч түүний төлөөлөгч Х.Д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Д.У нь осол гаргасан тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч биш уг тээврийн хэрэгслийн эзэмшигч нь КЭС ХХК учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

Д.У нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Х багийн нутаг дэвсгэр № дугаар байрны баруун урд талд байх уулзварт Тоёото Ланд крузер-200 загварын № УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж, Б.Э биед хүндэвтэр хохирол учруулж, хэргийн газрыг зориуд орхин зугтаасан гэм буруутай болох нь Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 204 дугаартай шийтгэх тогтоолоор батлагдаж байх тул нэхэмжлэгч нь гэм хорын хохирлыг арилгахыг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь хариуцагч Д.У буруутай үйлдлийн улмаас хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдаж улмаар 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгож, 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл авсан байна.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2018/00175 дугаартай шийдвэрээр цалингийн зөрүүг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарыг дуустал хугацаагаар тооцон гаргуулж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч нь үүний үргэлжлэл болгон 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацааны цалингийн зөрүүг нэхэмжилсэн байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заажээ.

Хариуцагч Д.У буруутай үйлдлийн улмаас Б.Э эрүүл мэндэд хохирол учирсан шалтгаант холбоо тогтоогдож байх тул хариуцагч гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Хэдийгээр № УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл КЭС ХХК-ний өмчлөлд байдаг боловч хариуцагч Д.У нь тухайн автомашиныг жолоодох эрхтэй, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хариуцах үүрэгтэй болох нь № дугаартай Д.У холбогдох эрүүгийн хэргийн 93 дугаар хуудсанд авагдсан иргэний хариуцагч Б.Ц байцаасан тэмдэглэлд дурдсан байна.

Нэхэмжлэгч Б.Э нь хөлний хадаас авахуулахаар эмнэлэгт хэвтэж үйлчлүүлсэн, эм тариа, ор хоногийн төлбөр, хоол хүнсний зардал, шатахууны зардалд 855 978 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч шүүх бүрэлдэхүүн гэм хорын хохиролтой шууд хамааралтай зардал болох эм тариа, ор хоногийн төлбөр, шатахууны зардал нийт 638 806 төгрөгийг хариуцагчаас гаргуулж бусад зардлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Өөрөөр хэлбэл Б.Э нь хоол хүнсийг өдөр тутамдаа хэрэглэх нь зайлшгүй бөгөөд зөвхөн эмчилгээ хийлгэхэд шаардлагатай тусгайлсан заалтаар хоол хүнс хэрэглээгүй болох нь баримтаар нотлогдоно.

Нэхэмжлэгч Б.Э нь осолд орохын өмнө Э ХХК-нд цахилгаанчнаар ажиллаж сард 600 000 төгрөгийн цалин авдаг байсан болох нь тус компаний захирлын 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 11 дугаартай тодорхойлолтоор батлагдаж байх бөгөөд цалин тэтгэврийн зөрүүнд 4 307 000 төгрөг /600.0-280.0*11 сар, 2018 оны 1 дүгээр сарын зөрүү 349.0, 2019 оны 01 дүгээр сарын зөрүү 438 000/ төгрөг, нийт 4 945 806 төгрөг /638 806+4 307 000/ хариуцагч Д.У гаргуулахаар шийдвэрлэв.

Хариуцагчийн төлөөлөгч Х.Д нь өмгөөлөгч Т.Баярсайханаас татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас хуульд заасны дагуу чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас 94 083 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулахаар заалаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1.-д заасныг баримтлан хариуцагч Д.У 4 945 806 /дөрвөн сая есөн зуун дөчин таван мянга найман зуун зургаа/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Э олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 595 886 /гурван сая таван зуун ерэн таван мянга найман зуун наян зургаан/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Д.У 94 083 төгрөг гаргуулан Төрийн санд оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Л.АРИУНЦЭЦЭГ

Б.ХИШИГДАВАА

Р.ҮҮРИЙНТУЯА