Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 793

 

 

 

 

 

 

 

 

 

“Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2018/03261 дүгээр шийдвэртэй, “Х б”  ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Т Э” ХХК болон Б.Н, М.Ц нарт холбогдох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 392 371 288 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, хариуцагч Б.Найдандоржийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, Ц.Т, хариуцагч Б.Н, М.Ц, хариуцагч Б.Н-ийн өмгөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Х б”  ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаадээ: “Т Э” ХХК  Б.Н, М.Ц нар нь “Х б”  ХХК-тай 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 5001364439 дугаартай Зээлийн шугамын гэрээ, 5001364439-01 дугаартай барьцааны гэрээ, 2011 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 5000346241-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээг тус тус байгуулж, 290 000 000 төгрөгийн зээлийг жилийн 28,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Зээлдэгч нь зээлийн барьцаанд дараах хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд баталгаат ипотекийн гэрээгээр улсын бүртгэлийн Ү-2201019845 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо  Эмээлт /18400/ 48, 48/1 тоот хаягт байрлах, 320 м.кв талбайтай контор агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө  уг хаягт байрлах 5 000 м.кв талбайтай агуулахын зориулалттай эзэмших эрхтэй газар; улсын бүртгэлийн Ү-2205011572 дугаартай  Баянгол дүүргийн 16 дугаар хороо  Орхон 8 дугаар гудамжны 20 тоот хаягт байрлах  300 м.кв талбайтай  үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө  уг хаягт байрлах 247 м.кв талбайтай  гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай эзэмших эрхтэй газар; Улсын бүртгэлийн Ү-2205012961 дугаартай  Баянгол дүүргийн 15 дугаар хороо  3 дугаар хороолол  23б байрны 8 тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууц; Барьцааны 5001364439-01 дугаартай гэрээгээр Баянгол дүүргийн 16 дугаар хороо  Орхоны 8-20-3 тоот дахь 247 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний эзэмших эрхтэй газар; Батлан даалтын гэрээгээр М.Ц, Б.Н нар нь зээлдэгчийг үндсэн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж чадна гэдгийг банкны өмнө баталж, гүйцэтгэхгүй бол түүний өмнөөс бүрэн хариуцах үүрэг хүлээж батлан даалт гаргасан. Хариуцагч нар зээлийн шугамын гэрээний гол нөхцөл болох 1 дүгээр хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүргээ 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш биелүүлээгүй байна. Өнгөрсөн хугацаанд хариуцагч нарт банкны зүгээс гэрээний үүргээ биелүүлж, зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа мэдэгдэж, уулзан шаардаж байсан боловч гэрээний үүргээ биелүүлэх талаар идэвх санаачилга гаргалгүй өнөөдрийг хүрсэн. 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 290 000 000 төгрөгийн зээлийн шугамын эрх нээгдэж, олгогдсон дүн нь 254 000 000 төгрөг. Ингэж олгох болсон шалтгаан нь барьцаанд байсан газрын гэрчилгээний хугацаа дууссан байсан ба, хугацааг нь сэргээж авчраад  үлдэгдэл төлбөрөө авах тухай хариуцагчийн “Х б”  ХХК-д гаргасан хүсэлтийг үндэслэн олгосон. 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 279 000 000 төгрөг олгож  зээлийн шугамыг нэмэгдүүлсэн. Зээлдэгч нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс зээлийн хүүгээ төлөөгүй учраас шугаман зээлээс суутгасан. 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 290 000 000 төгрөгийн лимитэд тулсан. Хариуцагчийн хүсэлтийн дагуу энэ зээлийн хүүнд суутгаж  эрхийг нь нэмэгдүүлсэн. 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдөр 1 дүгээр сарын хүү бодогдож, 3 175 000 төгрөгөөр үндсэн лимитээсээ хэтэрсэн. Мөн дээрх хугацаанаас хойшхи зээлийн хүүг төлөөгүй. Хариуцагч нийт хүүнд 17 200 000 төгрөгийг төлсөн. Монгол банк хүүгийн ханшийг тогтоодоггүй, доод хязгаарыг л тогтоодог ба банкууд өөрсдийн гэсэн зарласан хүүгийн ханш байдаг, мөн талууд өөрсдөө зээлийн хүүгээ тохиролцоод гарын үсгээ зурсан учир хариуцагч талын Зээлийн хүү зээлдэгчид илт хохиролтой гэх нөхцөл тогтоогдохгүй гэж үзэж байна. Түүнчлэн, хариуцагч талыг шугаман зээлийн нөхцлөө ойлгож байгаа байх гэж бодож байна. Хариуцагч нар 290 000 000 төгрөгийг хүлээн авсан гэдгийг зөвшөөрсөн нь удаа дараа манай байгууллагад илгээсэн хүсэлтүүдэд тодорхой дурдагдсан байгаа. Зээлдэгч нар зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтрэх бүрт салбар  салбарын захирал  тусгай активын хэлтсээс мэдэгдэх хуудас  шаардах хуудсуудыг хүргүүлсэн тухай баримтууд авагдсан. Шугаман зээл гэдэг нь тэлэх, хумих нөхцөлтэйгөөр хийгддэгээрээ онцлог гэрээ. Харилцан тохиролцсон үнийн дүн бүхий лимит нээгээд зээлдэгч нь уг зээлээ ашиглаж болно  ашиглахгүй байсан ч болно. Хэрэгтэй үедээ хүссэн дүнгээрээ зээлийг ашиглаад буцааж өөрөө хийж болдог. Гол нь ашигласан зээлийн хэмжээгээр хүү тооцогддог. Ер нь кредит карт шиг нөхцөлтэй юм. Зээлийн хүүг ашигласан буюу тухайн сардаа авсан үнийн дүнгийн хэмжээгээр сарын 2,4 хувиар тооцож боддог. Хариуцагч нар 290 000 000 төгрөгийг 250 000 000 төгрөгөөр 1 удаа 25 000 000 төгрөгөөр 1 удаа 11 000 000 төгрөгөөр 1 удаа авч, зээлийг ашигласан. Зээлдэгч нар хуримтлагдсан хүүгээ төлж чадахгүй нөхцөл гарсан талаар банкинд үлдэгдэл санхүүжилт олгох хүсэлтийг 2 удаа тавьж, үлдэгдэл санхүүжилтийг хийсэн байна. Барьцааны 2 газрын гэрчилгээг авч яваад одоог хүртэл буцааж өгөөгүй. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 талуудын хооронд байгуулсан зээлийн шугамын гэрээг тус тус үндэслэн үндсэн төлбөр 290 000 000 төгрөг, хүү 97 401 644 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 969 644 төгрөг, нийт 392 371 288 төгрөгийг хариуцагч “Т Э” ХХК, Б.Н, М.Ц нараас гаргуулан “Х б”  ХХК-д олгуулж өгнө үү. Мөн хариуцагч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Т Э” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай “Т Э” ХХК нь 2003 онд анхлан 17 000 000 төгрөгийн зээл 3 сарын хугацаатай “Х б”  ХХК-аас авч эхэлсэн. Энэ хугацаанд зээлийн хүү 2,2 хувиас доошилж  дундаж хүү нь 1,6 хувь тогтмол явдаг байсан. 2006 оноос эхлэн 50-с 150 000 000 төгрөгийн шугамын зээл авч, 2010 оноос 200 000 000 гаруй төгрөг авсан. Энэ үед зээлийн хүү тогтмол 1,6-1,8 хооронд байсан. Хамгийн сүүлд 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 290 000 000 төгрөгийн зээл авсан. Ноос ноолуурын улирал нь 3, 4 дүгээр сард эхэлдэг  бэлэн мөнгөний асар их хэрэгцээтэй энэ үед 13 жил харьцсан “Х б”  ХХК-д зээлээ сунгуулах хүсэлт тавихад асар их удаж  хүнд суртал гаргасны эцэст сарын 2,04 хувийн хүүтэйгээр зээлийг сунгасан. Ирж гэрээн дээрээ гарын үсэг зураарай гэсэн. Ингээд очоод гэрээ хийхэд зээлийн хүү 2,04 хувь биш 2,4 хувь байсан. Бизнесийн ид улирлын үед  шугамын зээлээ яаралтай ашиглах хэрэгцээтэй үеийг тааруулж  өндөр хүүтэй зээлийг авах аргагүй нөхцөлд оруулж шийдсэн. Монгол Улсын эдийн засаг бидний таамаглаж байснаар болсонгүй. 1кг нь 90 000 төгрөг байсан ноолуур 40 000-45 000 төгрөг рүү огцом унаж, арьс ширний үнэ ч 30 000 төгрөгөөс 500 төгрөг болтлоо унасан. Асар их бэлэн бүтээгдэхүүний маань үнэ нүдэн дээр 50-300 хувь унаж, хүнд хэцүү байдалд орсон бид санхүүгийн хүндрэлтэй нөхцөл үүсэхэд банк нөхцлөө өөрчилж дэмжлэг үзүүлсэнгүй. Банк тодорхой хэмжээнд ноолуурын бизнес эрхлэгчдийн талаар судалгаа хийсэн гэж найдаж байна. Мэргэжлийн банк санхүүгийн байгууллага гэхэд ноос ноолуурын зах зээлийн талаар судалгаа муу, шийдвэр гаргалтдаа хайнга хандсан. Зээлийн барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгүүдийг 2009 оноос хойш үнэлгээг нь сайжруулах, барьцааны үнэлгээг сайжруулах тал дээр ажилласангүй. Ингэснээрээ манай компанийн эргэлтийн хөрөнгийг дордуулж, үл хөдлөх хөрөнгөө эргэлтэд оруулах боломж олгосонгүй байсаар зээлийн дарамтад оруулах нөхцлийг бүрдүүлсэн гэжээ.

Хариуцагч Б.Н, түүний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Банк 290 000 000 төгрөгийн зээлийн шугам баталж  манай үйлчлүүлэгчид 240 000 000 төгрөгийн зээл авсан гэж тайлбарлаж байгаа ч зээлийн дансны хуулгаар 206 000 000 төгрөг олгогдсон байдаг. Нэхэмжлэгч нь 290 000 000 төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож авсан. Олгогдоогүй 50 000 000 төгрөгийг хасвал илүү тооцсон 28 800 000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасуулна. Барьцаа хөрөнгийг бага үнэлж Баянгол дүүргийн 16 дугаар хороо  Орхон 8-20-3 тоот хаягт байрлах 247 м.кв талбайтай  гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхтэй газар болон үл хөдлөх хөрөнгийг 100 000 000 төгрөгөөр үнэлсэн байсан. 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Дамно мэргэжлийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлэхэд тус хөрөнгө нь 740 000 000 төгрөг  барьцаалсан 3 өрөө орон сууцыг 70 000 000 төгрөгийн үнэлгээтэй гэж тогтоосон. Гэтэл ийнхүү Баянгол дүүргийн 16 дугаар хороо  Орхон 8-20-3 тоот дахь 247 м.кв талбайтай эзэмших эрхийн газар нь үүргийн гүйцэтгэлийг хангах боломжтой байхад бүх хөрөнгүүдийг барьцаалсан. Банкны үйл ажиллагаанд манай үйлчлүүлэгч нар гомдолтой байгаа. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасны дагуу 2,4 хувийн хүүг шүүх багасгаж өгнө үү. Тухайн үеийн Монгол банкны мөрдөж байсан хүүгийн хэмжээ 2 хувьтай байсан гэжээ.

Хариуцагч М.Цэемаа шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээгээр 290 000 000 төгрөгийн зээл батлагдсан боловч барьцаанд авсан 2 газрын гэрчилгээний хугацаа дууссан учир гэрчилгээгээ сунгуулж ир гэсэн. 50 000 000 төгрөгийг барьцаа болгон гүйлгээнээс гаргаагүй. 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг төлсөн. 2014 оны 8 дугаар сард барьцаанд үлдсэн 50 000 000 төгрөгийг авах тухай хүсэлт гаргахад газрын гэрчилгээ ирээгүй тул өгөх боломжгүй гэдэг хариуг өгсөн. Сүүлдээ авч чадахгүй болохоороо “Х б”  ХХК-ийн зээлийн эдийн засагч н.Батхангайд зээлийн хүүндээ суутгуулах хүсэлт тавьсан. Уг хүсэлтийн дагуу 2014 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн “Х б”  ХХК-ийн 147 дугаар салбарт суутгал хийж эхэлсэн. Тухайн үед түүхий эдийн ханш унаж  бидэнд эргэлтийн хөрөнгө зайлшгүй шаардлагатай байсан. Бид олон жил энэ салбарт ажилласны хувьд 50 000 000 төгрөг байтугай 5 000 000 төгрөгийг эргэлтэнд оруулж, тодорхой хэмжээнд зээлийн хүүгээ төлөх боломжтой байсан. Энэ боломжийг олгоогүйд гомдолтой байдаг. Бид 290 000 000 төгрөгт тэнцэх хэмжээний хүүг 240 000 000 төгрөгөөр төлсөн. Гандангийн объектыг 180 000 000 төгрөгт барьцаалж, банкны нэр дээр шилжүүлэн, сарын хугацаанд 180 000 000 төгрөгийг хүүтэй нь эргүүлэн төлөх хүсэлт санал болгосон. Уг хөрөнгөө хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлэхэд 740 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн. Манай байгууллага 1993 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж, жилийн тэрбум гаруй бараа бүтээгдэхүүний гүйлгээ хийгддэг байгууллага. Гүйлгээ голдуу Хаан банкаар хийгддэг. Сүүлд 2014 оны байдлаар бид 3 353 000 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүний гүйлгээ хийсэн байна. 2016 онд 1 094 800 000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн. Улс орны эдийн засаг доройтож  түүхий эдийн бүтээгдэхүүний ханш унаснаар бид хүүгийн дарамтанд орсон. Хас банкнаас нийт 9 удаагийн зээл авахдаа хүүнд 384 560 000 төгрөг төлсөн. Зээлийн хэмжээ 290 000 000 төгрөгөөс олгоогүй 50 000 000 төгрөгийг хасуулах, 50 000 000 төгрөгийн зээлийн хүү сарын 2,4 хувийг 24 сараар тооцвол 28 800 000 төгрөг, өмнөх зээлийн хүү сарын 1,85 хувь  энэ зээлийн хүү 2,4 хувийн зөрүү 0,55 хувийн хүү нь сарын 1 595 000 төгрөгийг 24 сараар тооцвол 38 280 000 төгрөг, 240 000 000 төгрөг сарын 1,8 хувьд тооцвол сард 4 320 000 төгрөг, 290 000 000 төгрөгийг сарын 2,4 хувьд тооцвол сард 6 960 000 төгрөгийн зөрүү, 640 000 төгрөгийг 24 сараар үржүүлбэл 63 300 000 төгрөг, нийт 180 440 000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасуулах хүсэлтэй байна. Бид “Х б”  ХХК-аас 2010 оноос шугаман зээл авч эхэлсэн. Тэгэхдээ энгийн эргэлтийн хөрөнгийн зориулалттай зээлтэй ижил гэж боддог. Гол онцлог нь үүрэг хүлээсний шимтгэл 0,2 хувь төлдөг. Зээлийг ашигласан хэмжээгээр хүү төлнө  хэрэв ашиглаагүй бол 0,2 хувиар үүрэг хүлээсний шимтгэл төлдөг. Дамно ХХК-иар үнэлгээ хийлгэхэд барьцаа хөрөнгийг 2016 оны 11 дүгээр сарын үеийн үнэ ханшаар үнэлсэн гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,  452 дугаар зүйлийн 452.1, 452 дугаар зүйлийн 452.2  дахь  хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ Т Э” ХХК, Б.Н, Б.Ц нараас  392 371 288 гаргуулан нэхэмжлэгч ”Х б”  ХХК-д олгож, хариуцагч нар шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Т Э” ХХК-ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2201019845 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Эмээлт 1/18400/  48 48/1 тоот хаягт байрлах 320 м.кв талбай бүхий контор, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байрлах агуулахын зориулалттай 5 000 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай, эзэмших эрхтэй газар, М.Ц, Б.Н, Н.Т, Н.Тү нарын өмчлөлийн, Улсын бүртгэлийн Ү-2205011572 дугаартай Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхон 8 дугаар гудамжны 20 тоот хаягт байрлах 300 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлах 247 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхтэй газар, М.Ц, Б.Н нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2205012961 дугаартай, Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол 23б байрны 8 тоот дахь 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц зэргийг дуудлага худалдаагаар худалдаж зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 190 006 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч нараас 2 190 000 төгрөгийг гаргуулан  нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.Н-давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль буруу тайлбарлаж хэрэглэснээс хариуцагчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж давж заалдах шатны журмаар дараах гомдлыг гаргаж байна. “Х б”  ХХК-аас манай “Т Э” ХХК нь 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр “Зээлийн шугамын гэрээ”-ний дагуу 290 000 000 төгрөг зээлэхээр гэрээ байгуулсан боловч уг мөнгө тухайн үедээ банкны буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж манай дансанд 50 000 000 гаруй төгрөг дутуу буюу 240 000 000 төгрөг л байршсан. Үүнийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хурал дээр хүлээн зөвшөөрсөөр байхад анхан шатны шүүх хариуцагчаар 290 000 000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэн Иргэний хууль  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна. Банк  эрх бүхий хуулийн эдгээдийн мөнгөн хадгаламж  төлбөр тооцоо  зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.4 дэх хэсэгт “зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдснээр зээлийг олгосонд тооцно” гэж заасан атал “Х б”  ХХК-аас “Т Э” ХХК-д огт өгөөгүй 50 000 000 төгрөгөөс хүү, нэмэгдүүлсэн хүү 28 800 000 төгрөг авахаар тооцсоныг анхан шатны шүүх буруу тооцож, 392 371 288 төгрөгийг “Т Э” ХХК-аас гаргуулж “Х б”  ХХК-д олгохоор буруу шийдвэр гаргасанд гомдолтой байна. “Х б”  ХХК-аас “Т Э” ХХК-д огт өгөөгүй 50 000 000 төгрөг, түүний хүүд төлсөн 28 800 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн 4 969 644 төгрөг нийт 83 769 644 төгрөгийг 392 371 288 төгрөгөөс хасч тооцох ёстой байсныг шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна. Иймд дээрх үндэслэлээр хуулийн дагуу хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрээс 83 769 644 төгрөгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч “Х б”  ХХК нь хариуцагч “Т Э” ХХК, Б.Н, М.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 290 000 000 төгрөг, хүү 97 401 644 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 969 644 төгрөг, нийт 392 371 288 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, 290 000 000 төгрөг олгохоос 240 000 000 төгрөгийг авч, 50 000 000 төгрөгийг аваагүй гэж маргажээ./1хх 1-2, 51-55 дугаар тал/

 

            Улмаар анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2017/03394 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нараас 392 371 288 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 452 дугаартай магадлалаар хэвээр үлдээж, Улсын Дээд шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 001/ХТ2018/00925 дугаартай тогтоолоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ./1хх 127-129, 143-146, 168-172 дугаар тал/

 

Улсын Дээд шүүхээс хэргийг хүчингүй болгосон үндэслэлдээ “зохигч талуудаас ач холбогдол бүхий үйл баримтыг тодруулаагүйгээс үндсэн зээлийн хэмжээг хэд гэж үзэх, зээлийн хүүд хэдэн төгрөг төлсөн, биелүүлээгүй үүргийн хэмжээг тодорхойлох үндэслэл тогтоогдоогүй. “Х б”  ХХК-ийн зүгээс шүүхэд гаргасан зээлийн тооцооллын баримтад зээлдэгч нарын авсан зээлийн хэмжээ төлөх хуваарь, зээлийн үлдэгдэл тусгагдсан боловч олгосон зээлийн хэмжээ, хүү тооцсон хоног, хүүгийн хэмжээ тодорхой бус, хариуцагчийн буцааж төлсөн зээл тусгагдаагүй. Мөн хууль хэрэглээний талаар дүгнэлт өгөх боломжгүй” гэж заажээ.

 

Гэтэл анхан шатны шүүх хэргийг дахин хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нөхцөл байдлыг тодруулаагүй өмнөх алдаа зөрчлийг арилгаагүй байна.  

 

Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүрэгтэй боловч зөвхөн хариуцагчийн тайлбарт үндэслэн маргаан бүхий үйл баримтын талаар дүгнэлт хийх боломжгүй байна.

 

Дээрх зөрчлүүдийг давж заалдах шатны шүүхээс арилгаж, хэргийн үйл баримтад дүгнэлт хийх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2018/03261 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахад хариуцагч “Т Э” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 576 798 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                               ШҮҮГЧИД                                     Ч.ЦЭНД

 

                                             С.ЭНХТӨР