Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2017/03394

 

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2017/03394

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дугаар хороо, .... гудамж, ... байр, ХБ ХХК /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дугаар хороо, ... гудамж, ... тоот хаягт байрлах ... ХХК /РД: .../,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... гудамж, ... дугаар байр, ... тоот хаягт оршин суух, Их Монгол овогт Б.Н/РД: .../,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, .. дугаар хороолол, .. гудамж, ... дугаар байр, ... тоот хаягт оршин суух, Хиад Боржигин овогт М.Ц /РД: .../ нарт холбогдох  

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 392,371,288 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Х.А, Ц.Туул, хариуцагч Т.Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, хариуцагч М.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ХБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туулын гаргасан тайлбарт: Хариуцагч Т.Э ХХК, Б.Н, М.Ц нар нь манай ХБ ХХК-тай 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 5001364439 тоот зээлийн шугамын гэрээг байгуулж 290,000,000 төгрөгийг 365 хоногийн 28,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан, үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож мөн өдөр Б.Нтой 5001364439-01 тоот барьцааны гэрээ, мөн өдөр Б.Н, М.Ц нартай 5001364439 тоот батлан даалтын гэрээ, 2011 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 5000346241-01 тоот баталгаат ипотекийн гэрээг тус тус байгуулж, Ү-2201019845 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Эмээлт 1/18400/, 48, 48/1 тоот хаягт байрлах 320 м/кв талбай бүхий контор, агуулахын зоруилалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Эмээлтэд байрлах 5,000 м/кв талбай газар, улсын бүртгэлийн Ү-2205011572 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхон 8 гудамж, 20 тоот хаягт байрлах 300 м/кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхон 8 гудамж, 20-3 тоотод байрлах 247 м/кв газар, улсын бүртгэлийн Ү-2205012961 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 23б байрны 8 тоот, 40 м/кв талбай бүхий 3 өрөө орон сууц зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан. Иймд хариуцагч нараас үндсэн зээл 290,000,000 төгрөг, хүүнд 97,401,644 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4,969,644 төгрөг, нийт 392,371,288 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү.

 

Зээлийн шугамын гэрээ гэдэг бол анх зээл батлагдсан хэмжээгээрээ зээлдэгчийн дансанд байрдаг, энэ дагуу 290,000,000 төгрөг зээлдэгчийн дансанд бүтэн орсон. Хариуцагч нар хамгийн сүүлд 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл нийт зээлийнхээ 253,797,000 төгрөгийг данснаас авсан байсан. Үндсэн зээлээс авсан нь баримтаар харагдаж байна. Үлдэгдэл мөнгөө авагүй байсан, сар бүр хүүгээ төлөх ёстой гэтэл хүүгээ төлөөгүй учир хариуцагчийн хүсэлтийн дагуу үндсэн зээлийн үлдэгдлээс хүүг нь тооцож суутгаж авдаг гэв.

Хариуцагч Т.Э ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компани Хас банкнаас 2003-2006 онд зээл авч байсан бөгөөд зээлийн хүү сарын 1,6-1,8 хувийн хүүтэй байсан. Ингээд хамгийн сүүлд 2015 оны 4 дүгээр сарын 15-нд 290 сая төгрөгийн зээлийг авсан. Ноос ноолуурын улирал 3, 4 дүгээр сард эхэлдэг, банкиндаа зээлээ сунгуулах хүсэлт гаргахад хүнд суртал гаргаж удаж удаж эцэст нь сарын 2,04 хувийн хүүтэйгээр зээлийг сунгасан. Гэрээн дээр гарын үсэг зурахаар очиход зээлийн хүү 2,04 хувь биш 2,4 хувь байсан. Бизнесийн эд улиралын үед мөнгө хэрэгтэй байдлыг тааруулж өндөр хүүтэй зээлийг авахаас өөр аргагүй нөхцөлд оруулж шийдсэн. Энэ талаараа албан ёсоор ямар ч тайлбар өгөөгүй бөгөөд танайх орлого сайтай юм чинь төлчинө, хүүг нь дараа буулгая гэж аргацаасан. Хас банк нь долларын зээл авахыг шаардаж, татгалзсан тул өндөр хүүтэй зээл өгсөн гэж үзэж байгаа. Хас банктай манай компани 13 жилийн турш хамтран ажилласан, өөр банкнаас зээл авах талаар хүсэлт гаргаагүй, гаргасан түүх байхгүй тул зээл олгогдоход хүндрэлтэй байдлыг ашиглаж доллароор зээл авах шаардлагыг тулгасан. Монгол улсын эдийн засаг бидний таамаглаж байснаар болоогүй, 1 кг нь 90,000 төгрөг байсан ноолуурын ханш 40,000-50,000 төгрөгт, 30,000 төгрөг байсан арьс ширний ханш 500 төгрөгт хүрч буурсан. Асар их бэлэн бүтээгдэхүүний үнэ маань нүдэн дээр 50-300 хувь унаж, санхүүгийн хүнд байдалд орсон байхад банк хүүгээ буулгаагүй. Улсын бүртгэлийн Ү-2205011572, Ү-2205012961, Ү-2201019545 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг нь 2009 оноос хойш сайжруулах тал дээр ажиллаагүй. Ингэснээр манай компанийн эргэлтийн хөрөнгийг дордуулж, үл хөдлөх эд хөрөнгөө эргэлтэд оруулах боломжийг олгохгүй байсаар зээлийн дарамтанд орох нөхцлийг бүрдүүлсэн. Манай компани банктай эвлэрэх талаар удаа дараа явуулсан албан бичигт огт хариу өгөөгүй, тохиролцох боломжит нөхцлийг удаа дараа буцааж байсан.

 

2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Т.Э ХХК, М.Ц, Б.Ннар нь ХБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээ байгуулсан дээр маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг нь хүлээн зөвшөөрч байгаа, анх зээлийн гэрээ байгуулахдаа хариуцагч нарын 5 үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Гандангийн объектийн газрыг тухайн үед 50,000,000 төгрөгөөр үнэлсэн. Үл хөддлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хугацаа дуусаж байсан учраас манайх газрын албанд гэрчилгээг өгч сунгуулах хүсэлтийг гаргасан. Гэрчилгээг 2 сарын хугацаанд сунгаж өгөх байсан боловч 9 сард сунгаж өгсөн. Бидэнд 240,000,000 төгрөгийн зээлийг өгсөн. Тухайн үед газрын гэрчилгээний хугацаа дууссан байсан учраас үлдэгдэл 50,000,000 төгрөгийг өгөөгүй. Хүү тооцож үзвэл 28,800,000 төгрөг болж байгаа бөгөөд олгоогүй 50,000,000 төгрөгтэй нийлбэл нийт 78,800,000 төгрөгийг үлдэгдэл төлбөрөөс хасч өгнө үү. Зээлийн гэрээний барьцаа хөрөнгүүдийг маш багаар үнэлсэн гэв.

Хариуцагч М.Цгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хас банк ХХК-тай 290,000,000 төгрөгийн зээлийн шугамын гэрээ байгуулсан гэхдээ барьцаа хөрөнгө болох газрын гэрчилгээний хугацаа дууссан байсан учраас гэрчилгээ сунгуулах гэж газрын албанд өгсөн, гэтэл гэрчилгээ хугацаандаа гараагүй байсан. Хас банкны тухайн үеийн зээлийн эдийн засагч Батхангай үүнийг мэдэж байсан, 50,000,000 төгрөгийн зээлийг бидэнд өгөөгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ХБ ХХК нь хариуцагч Т.Э ХХК, Б.Н, М.Ц нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 392,371,288 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Б.Нид шүүх хуралдааны товыг 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэг хариуцагч болох Б.Нийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ. гэж заасантай харшлахгүй гэж үзлээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч ХБ ХХК нь хариуцагч Т.Э ХХК, М.Ц нартай 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 5001364439 тоот зээлийн шугамын гэрээ, мөн өдөр Б.Нтой 5001364439-01 тоот барьцааны гэрээ, мөн өдөр Б.Н, М.Ц нартай 5001364439 тоот батлан даалтын гэрээ, 2011 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 5000346241-01 тоот баталгаат ипотекийн гэрээг /2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан/ тус тус байгуулж, 290,000,000 төгрөгийг жилийн 28,8 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлдүүлж, Т.Э ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201019845 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Эмээлт 1/18400/, 48, 48/1 тоот хаягт байрлах 320 м/кв талбай бүхий контор, агуулахын зоруилалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Эмээлтэд байрлах агуулахын зориулалттай 5,000 м/кв талбай газар,

М.Ц, Н.Т, Н.Т, Б.Ннарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205011572 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхон 8 гудамж, 20 тоот хаягт байрлах 300 м/кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Б.Нийн эзэмшлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхон 8 гудамж, 20-3 тоотод байрлах 247 м/кв газар,

 

Б.Н, М.Ц, Н.Түмэндэмбэрэл, Н.Т, Н.Т нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205012961 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 23б байрны 8 тоот, 40 м/кв талбай бүхий 3 өрөө орон сууц зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан ба талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, уг гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ бөгөөд нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно., талуудын хооронд байгуулсан зээлийн шугамын гэрээний 1.1.-д Зээлийг 365 хоногийн 28,8 хувийн хүүтэй гэж заасан тул хариуцагч хүү төлөх үүрэгтэй.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анз хэрэглэхгүй., талуудын байгуулсан гэрээний 4.1-т Зээлдэгч нь гэрээний хугацаа дуусгавар болох ашигласан зээлийн үлдэгдэлтэй, эсхүл зээлийн шугамыг хумих үед ашигласан зээлийн үлдэгдэл нь хумьж тогтоосон зээлийн шугамын хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх ба нэмэгдүүлсэн хүү нь хугацаа хэтэрсэн зээлийн төлбөрт ногдох үндсэн хүүгийн 20 хувьтэй тэнцүү байна. гэж заасны дагуу нэхэмжлэгч ХБ ХХК нь гэрээний хугацаа дуусгавар болсон өдрөөс буюу 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх эрхтэй, хариуцагч гэрээний үүргийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй тул үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй.

 

Гэрээний хугацаа 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болсон, нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээл 290,000,000 төгрөг, хүү 97,401,644 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,969,644 төгрөг, нийт 392,371,288 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хууль болон талуудын хооронд байгуулсан гэрээнд заасан төлөгдөөгүй зээлийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрээгүй тул нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй. Хариуцагч нар зээлээ төлж байсан талаар баримт гаргаж маргаагүй, одоог хүртэл төлөөгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдожээ.

2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 5001364439 дүгээр зээлийн шугамын гэрээг нэг талаас ХБ ХХК, нөгөө талаас Т.Э ХХК, М.Ц нарын хооронд байгуулагдсан бөгөөд хариуцагч Б.Ннь энэ гэрээний оролцогч биш тул зээлийн төлбөрийг хариуцах үндэслэлгүй. Гэхдээ барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нар нэхэмжлэгч хэт өндөр хүүтэй зээл олгон, долларын зээл авахыг тулгасан, эдийн засаг хямарсан, банкны зарим захирлууд зээл олгохдоо ёс зүйн доголдол гаргасан, 50,000,000 төгрөгийн зээлийг олгоогүй гэх тайлбарыг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан боловч энэ нь зээл, барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээсээ чөлөөлөгдөх үндэслэл болохгүй, нэхэмжлэгч зээлийг хариуцагчийн дансанд бүрэн шилжүүлсэн, хариуцагч нар зээлийн эргэн төлөлтөө төлөөгүй тул тэдний хүсэлтээр үндсэн зээлийн үлдэгдлийг зээлийн эргэн төлөлтөд тооцож суутгасан, зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ гэж үзлээ.

 

Иймд хариуцагч Т.Э ХХК, М.Ц нараас зээлийн гэрээний үүрэгт 392,371,288 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХБ ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.1.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-д заасныг баримтлан хариуцагч Т.Э ХХК, М.Ц нараас 392,371,288 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХБ ХХК-д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,190,006 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 2,190,006 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хуулийн 175 дугаар зүйл, талуудын хооронд байгуулсан 2011 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн баталгаат ипотекийн /2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээгээр өөрчлөлт оруулсан/ гэрээний 2.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө буюу Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Эмээлт 1/18400/, 48, 48/1 тоот хаягт байрлах 320 м/кв талбай бүхий контор, агуулахын зоруилалттай үл хөдлөх эд хөрөнгө,

-Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Эмээлтэд байрлах 5,000 м/кв талбай газар,

-Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхон 8 гудамж, 20 тоот хаягт байрлах 300 м/кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

-Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхон 8 гудамж, 20-3 тоотод байрлах 247 м/кв газар,

-Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 23б байрны 8 тоот, 40 м/кв талбай бүхий 3 өрөө орон сууц зэрэг үл хөдлөх хөрөнгүүдээр хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             М.МӨНХТӨР