Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2018/03261

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 31 өдөр

            Дугаар 102/ШШ2018/03261

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Саруулмандахыг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:  

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Өндөр гэгээн Занабазарын гудамж, Орхоны 8-20 тоот хаягт байрлах, хуулийн этгээдийн 2546744 регистртэй Т ХХК,

Хариуцагч: Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, Энэбишийн гудамж, 26б байрны 8 тоотод оршин суух, эрэгтэй, 54 настай, НЮ64091593 регистртэй, Их Монгол овогт Б.Н,

Хариуцагч: Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, Энэбишийн гудамж, 26б байрны 8 тоотод оршин суух, эмэгтэй, 53 настай, НЮ65102267 регистртэй, Хиад Боржигин овогт М.Ц нарт холбогдох,  

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 392,371,288 /гурван зуун ерэн хоёр сая гурван зуун далан нэгэн мянга хоёр зуун наян найман/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туул, Г.Туяа, хариуцагч М.Ц, хариуцагч Б.Нийн өмгөөлөгч Ш.Сүхбаатар нар оролцов.                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Т ХХК, Б.Н, М.Ц нар нь Хас банктай 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 5001364439 дугаартай Зээлийн шугамын гэрээ, 5001364439-01 дугаартай барьцааны гэрээ, 2011 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 5000346241-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээг тус тус байгуулж, 290,000,000 төгрөгийн зээлийг жилийн 28,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Зээлдэгч нь зээлийн барьцаанд дараахь хөрөнгүүдийг барьцаалсан.

Үүнд: 1.Баталгаат ипотекийн гэрээгээр: Улсын бүртгэлийн Ү-2201019845 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Эмээлт /18400/, 48, 48/1 тоот хаягт байрлах, 320 м.кв талбайтай, контор, агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, уг хаягт байрлах 5000 м.кв талбайтай, агуулахын зориулалттай эзэмших эрхтэй газар; Улсын бүртгэлийн Ү-2205011572 дугаартай, Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхон 8 дугаар гудамжны 20 тоот хаягт байрлах, 300 м.кв              талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, уг хаягт байрлах 247 м.кв талбайтай, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай эзэмших эрхтэй газар; Улсын бүртгэлийн Ү-2205012961 дугаартай, Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 23б байрны 8 тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууц;

2.Барьцааны 5001364439-01 дугаартай гэрээгээр Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 8-20-3 тоот дахь 247 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний эзэмших эрхтэй газар; 3.Батлан даалтын гэрээгээр М.Ц, Б.Н нар нь зээлдэгчийг үндсэн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж чадна гэдгийг банкны өмнө баталж, гүйцэтгэхгүй бол түүний өмнөөс бүрэн хариуцах үүрэг хүлээж батлан даалт гаргасан.

Хариуцагч нар зээлийн шугамын гэрээний гол нөхцөл болох 1 дүгээр хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүргээ 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш биелүүлээгүй байна. Өнгөрсөн хугацаанд хариуцагч нарт банкны зүгээс гэрээний үүргээ биелүүлж, зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа мэдэгдэж, уулзан шаардаж байсан боловч гэрээний үүргээ биелүүлэх талаар идэвх санаачилга гаргалгүй өнөөдрийг хүрсэн. Иймд Иргэний хуулийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24.3, талуудын хооронд байгуулсан зээлийн шугамын гэрээг тус тус үндэслэн үндсэн төлбөр 290,000,000 төгрөг, хүү 97,401,644 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,969,644 төгрөг, нийт 392,371,288 төгрөгийг хариуцагч Т ХХК, Б.Н, М.Ц нараас гаргуулан Х ХХК-д олгуулж өгнө үү. Мөн хариуцагч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туул, Г.Туяа нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж гаргасан тайлбартаа:

2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 290,000,000 төгрөгийн зээлийн шугамын эрх нээгдэж, олгогдсон дүн нь 254,000,000 төгрөг. Ингэж олгох болсон              шалтгаан нь барьцаанд байсан газрын гэрчилгээний хугацаа дууссан байсан ба, хугацааг нь сэргээж авчраад, үлдэгдэл төлбөрөө авах тухай хариуцагчийн Хас банкинд гаргасан хүсэлтийг үндэслэн олгосон. 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 279,000,000 төгрөг олгож, зээлийн шугамыг нэмэгдүүлсэн. Зээлдэгч нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс зээлийн хүүгээ төлөөгүй учраас шугаман зээлээс суутгасан. 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 290,000,000 төгрөгийн лимитэд тулсан. Хариуцагчийн хүсэлтийн дагуу энэ зээлийн                                                             хүүнд суутгаж, эрхийг нь нэмэгдүүлсэн. 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдөр 1 дүгээр сарын хүү бодогдож, 3,175,000 төгрөгөөр үндсэн лимитээсээ хэтэрсэн. Мөн дээрх хугацаанаас хойшхи зээлийн хүүг төлөөгүй. Хариуцагч нийт хүүнд 17,200,000 төгрөгийг төлсөн. Монгол банк хүүгийн ханшийг тогтоодоггүй, доод хязгаарыг л тогтоодог ба банкууд өөрсдийн гэсэн зарласан хүүгийн ханш байдаг, мөн талууд өөрсдөө зээлийн хүүгээ тохиролцоод гарын үсгээ зурсан учир хариуцагч талын Зээлийн хүү зээлдэгчид илт хохиролтой гэх нөхцөл тогтоогдохгүй гэж үзэж байна. Түүнчлэн, хариуцагч талыг шугаман зээлийн нөхцлөө ойлгож байгаа байх гэж бодож байна. Хариуцагч нар 290,000,000 төгрөгийг хүлээн авсан гэдгийг зөвшөөрсөн нь удаа дараа манай байгууллагад илгээсэн хүсэлтүүдэд тодорхой дурдагдсан байгаа. Зээлдэгч нар зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтрэх бүрт салбар, салбарын захирал, тусгай активын хэлтсээс мэдэгдэх хуудас, шаардах хуудсуудыг хүргүүлсэн тухай баримтууд авагдсан.

Шугаман зээл гэдэг нь тэлэх, хумих нөхцөлтэйгөөр хийгддэгээрээ онцлог гэрээ. Харилцан тохиролцсон үнийн дүн бүхий лимит нээгээд зээлдэгч нь уг зээлээ ашиглаж болно, ашиглахгүй байсан ч болно. Хэрэгтэй үедээ хүссэн дүнгээрээ зээлийг ашиглаад буцааж өөрөө хийж болдог. Гол нь ашигласан зээлийн хэмжээгээр хүү тооцогддог. Ер нь кредит карт шиг нөхцөлтэй юм. Зээлийн хүүг ашигласан буюу тухайн сардаа авсан үнийн дүнгийн хэмжээгээр сарын 2,4 хувиар тооцож боддог. Хариуцагч нар 290,000,000 төгрөгийг 250,000,000 төгрөгөөр 1 удаа, 25,000,000 төгрөгөөр 1 удаа, 11,000,000 төгрөгөөр 1 удаа авч, зээлийг ашигласан. Зээлдэгч нар хуримтлагдсан хүүгээ төлж чадахгүй нөхцөл гарсан талаар банкинд үлдэгдэл санхүүжилт олгох хүсэлтийг 2 удаа тавьж, үлдэгдэл санхүүжилтийг хийсэн байна. Барьцааны 2 газрын гэрчилгээг авч яваад одоог хүртэл буцааж өгөөгүй. Бид харилцагч нарынхаа эрх ашгийг бодож, мөн Хас банкинд ажилладаг байсан хүүг нь бодоод үлдэгдэл зээлийг олгож, түүнээс нь хүүг тооцож байсан гэв.

Хариуцагч Т ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Манай Т ХХК нь 2003 онд анхлан 17,000,000 төгрөгийн зээл 3 сарын хугацаатай Хас банкнаас авч эхэлсэн. Энэ хугацаанд зээлийн хүү 2,2 хувиас доошилж, дундаж хүү нь 1,6 хувь тогмтол явдаг байсан. 2006 оноос эхлэн 50-с 150,000,000 төгрөгийн шугамын зээл авч, 2010 оноос 200,000,000 гаруй төгрөг авсан. Энэ үед зээлийн хүү тогтмол 1,6-1,8 хооронд байсан. Хамгийн сүүлд 2014 оны 4 дүгээр сарын 15-нд 290,000,000 төгрөгийн зээл авсан. Ноос ноолуурын улирал нь 3,4 сард эхэлдэг, бэлэн мөнгөний асар их хэрэгцээтэй энэ үед 13 жил харьцсан Хан банкиндаа зээлээ сунгуулах хүсэлт тавихад асар их удаж, хүнд суртал гаргасны эцэст сарын 2,04 хувийн хүүтэйгээр зээлийг сунгасан. Ирж гэрээн дээрээ гарын үсэг зураарай гэсэн. Ингээд очоод гэрээ хийхэд зээлийн хүү 2,04 хувь биш 2,4 хувь байсан. Бизнесийн ид улирлын үед, шугамын зээлээ яаралтай ашиглах хэрэгцээтэй үеийг тааруулж, өндөр хүүтэй зээлийг авах аргагүй нөхцөлд оруулж шийдсэн.

Монгол улсын эдийн засаг бидний таамаглаж байснаар болсонгүй. 1кг нь 90,000 төгрөг байсан ноолуур 40,000-45,000 руу огцом унаж, арьс ширний үнэ ч 30,000-аас 500 төгрөг болтлоо унасан. Асар их бэлэн бүтээгдэхүүний маань үнэ нүдэн дээр 50-300 хувь унаж, хүнд хэцүү байдалд орсон бид санхүүгийн             хүндрэлтэй нөхцөл үүсэхэд банк нөхцлөө өөрчилж дэмжлэг үзүүлсэнгүй. Банк тодорхой хэмжээнд ноолуурын бизнес эрхлэгчдийн талаар судалгаа хийсэн гэж найдаж байна. Мэргэжлийн банк санхүүгийн байгууллага гэхэд ноос ноолуурын зах зээлийн талаар судалгаа муу, шийдвэр гаргалтдаа хайнга хандсан. Зээлийн барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгүүдийг 2009 оноос хойш үнэлгээг нь сайжруулах, барьцааны үнэлгээг сайжруулах тал дээр ажилласангүй. Ингэснээрээ манай компанийн эргэлтийн хөрөнгийг дордуулж, үл хөдлөх хөрөнгөө эргэлтэд оруулах боломж олгосонгүй байсаар зээлийн дарамтад оруулах нөхцлийг бүрдүүлсэн гэжээ.

Хариуцагч Б.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Т ХХК-ийн захирал Б.Н би Хас банкнаас танай шүүх дээр ирсэн нэхэмжлэлтэй санал нийлэхгүй байгаа тул уг нэхэмжлэлд гомдолтой байна гэжээ.

Хариуцагч М.Ц шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Зээлийн гэрээгээр 290,000,000 төгрөгийн зээл батлагдсан боловч              барьцаанд авсан 2 газрын гэрчилгээний хугацаа дууссан учир гэрчилгээгээ       сунгуулж ир гэсэн. 50,000,000 төгрөгийг барьцаа болгон гүйлгээнээс гаргаагүй.          2014 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг төлсөн.           2014 оны 8 дугаар сард барьцаанд үлдсэн 50,000,000 төгрөгийг авах тухай хүсэлт гаргахад “газрын гэрчилгээ ирээгүй тул өгөх боломжгүй” гэдэг хариуг өгсөн.             Сүүлдээ авч чадахгүй болохоороо Хас банкны зээлийн эдийн засагч н.Батхангайд зээлийн хүүндээ суутгуулах хүсэлт тавьсан. Уг хүсэлтийн дагуу 2014 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Хас банкны 147 дугаар салбарт суутгал хийж эхэлсэн. Тухайн үед түүхий эдийн ханш унаж, бидэнд эргэлтийн хөрөнгө зайлшгүй шаардлагатай байсан. Бид олон жил энэ салбарт ажилласны хувьд 50,000,000 төгрөг байтугай 5,000,000 төгрөгийг эргэлтэнд оруулж, тодорхой хэмжээнд зээлийн хүүгээ төлөх боломжтой байсан. Энэ боломжийг олгоогүйд гомдолтой байдаг. Бид 290,000,000 төгрөгт тэнцэх хэмжээний хүүг 240,000,000 төгрөгөөр төлсөн. Гандангийн объектыг 180,000,000 төгрөгт барьцаалж, банкны нэр дээр шилжүүлэн, сарын хугацаанд 180,000,000 төгрөгийг хүүтэй нь эргүүлэн төлөх хүсэлт санал болгосон. Уг хөрөнгөө хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлэхэд 740,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Манай байгууллага 1993 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж, жилийн тэрбум гаруй бараа бүтээгдэхүүний гүйлгээ           хийгддэг байгууллага. Гүйлгээ голдуу Хаан банкаар хийгддэг. Сүүлд 2014 оны байдлаар бид 3,353,000,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүний гүйлгээ хийсэн            байна. 2016 онд 1,094,800,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн. Улс орны эдийн засаг доройтож, түүхий эдийн бүтээгдэхүүний ханш унаснаар бид хүүгийн дарамтанд орсон. Хас банкнаас нийт 9 удаагийн зээл авахдаа хүүнд 384,560,000 төгрөг            төлсөн. Зээлийн хэмжээ 290,000,000 төгрөгөөс олгоогүй 50,000,000 төгрөгийг хасуулах, 50,000,000 төгрөгийн зээлийн хүү сарын 2,4 хувийг 24 сараар тооцвол 28,800,000 төгрөг, өмнөх зээлийн хүү сарын 1,85 хувь, энэ зээлийн хүү 2,4 хувийн зөрүү 0,55 хувийн хүү нь сарын 1,595,000 төгрөгийг 24 сараар тооцвол 38,280,000 төгрөг,      240,000,000 төгрөг сарын 1,8 хувьд    тооцвол    сард        4,320,000 төгрөг,

                                                                                                                                                    290,000,000 төгрөгийг сарын 2,4 хувьд тооцвол сард 6,960,000 төгрөгийн зөрүү, 640,000 төгрөгийг 24 сараар үржүүлбэл 63,300,000 төгрөг, нийт 180,440,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасуулах хүсэлтэй байна. Бид Х ХХК-иас 2010 оноос шугаман зээл авч эхэлсэн. Тэгэхдээ энгийн эргэлтийн хөрөнгийн зориулалттай зээлтэй ижил гэж боддог. Гол онцлог нь үүрэг хүлээсний шимтгэл 0,2 хувь төлдөг. Зээлийг ашигласан хэмжээгээр хүү төлнө, хэрэв ашиглаагүй бол 0,2 хувиар үүрэг хүлээсний шимтгэл төлдөг. Дамно ХХК-иар үнэлгээ хийлгэхэд барьцаа хөрөнгийг 2016 оны 11 дүгээр сарын үеийн үнэ ханшаар үнэлсэн гэв.

Хариуцагч Б.Нийн өмгөөлөгч Ш.Сүхбаатар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Банк 290,000,000 төгрөгийн зээлийн шугам баталж, манай үйлчлүүлэгчид 240,000,000 төгрөгийн зээл авсан гэж тайлбарлаж байгаа ч зээлийн дансны хуулгаар 206,000,000 төгрөг олгогдсон байдаг. Нэхэмжлэгч нь 290,000,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож авсан. Олгогдоогүй 50,000,000 төгрөгийг хасвал илүү тооцсон 28,800,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасуулна. Барьцаа хөрөнгийг бага үнэлж Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхон 8-20-3 тоот хаягт байрлах 247 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхтэй газар болон үл хөдлөх хөрөнгийг 100,000,000 төгрөгөөр үнэлсэн байсан. 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Дамно” мэргэжлийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлэхэд тус хөрөнгө нь 740,000,000 төгрөг, барьцаалсан 3 өрөө орон сууцыг 70,000,000 төгрөгийн үнэлгээтэй гэж тогтоосон. Гэтэл ийнхүү Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхон 8-20-3 тоот дахь 247 м.кв талбайтай эзэмших эрхийн газар нь үүргийн гүйцэтгэлийг хангах боломжтой байхад бүх хөрөнгүүдийг барьцаалсан. Банкны үйл ажиллагаанд манай үйлчлүүлэгч нар гомдолтой байгаа. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасны дагуу 2,4 хувийн хүүг шүүх багасгаж өгнө үү. Тухайн үеийн Монгол банкны мөрдөж байсан хүүгийн хэмжээ 2 хувьтай байсан гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                             ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Т ХХК, Б.Н, М.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 290,000,000 төгрөг, зээлийн хүү 97,401,644 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,969,644 төгрөг, нийт 392,371,288 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нарын зүгээс зээлдэгчид 290,000,000 төгрөг олгохоос 240,000,000 төгрөгийг авч, олгогдоогүй үлдэх 50,000,000 төгрөгт тооцогдсон гэх 180,440,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй бөгөөд, зээлийн хүү зээлдэгчид илт хохиролтойгоор тогтоогдсон учир зээлийн хүүг багасгуулах хүсэлтэй хэмээн тайлбарлан маргаж, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

Х ХХК нь Т ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч М.Ц нартай 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 5001364439 тоот Зээлийн шугамын гэрээг байгуулж, 290,000,000 төгрөгийг 365 хоногт жилийн 28,8 хувийн хүүтэй, ашиглаагүй зээлийн эрхийн үлдэгдэлд 2,4 хувийн үүрэг хүлээсний шимтгэлтэй, 24 сарын хугацаатайгаар эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлдэгчийн 5001364439 дугаар зээлийн шугамын дансанд нээжээ.

Дээрх гэрээний үүргийг хангуулахаар 5001364439-01 тоот Барьцааны гэрээг хариуцагч Б.Нтой байгуулан, ГД000551807 дугаартай Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 8-20-3 тоот дахь 247 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний эзэмших эрхтэй газрыг барьцаалсан ба, 5001364439 тоот Батлан даалтын гэрээг Б.Н, М.Ц нартай байгуулсан байна.

Түүнчлэн, 2011 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 5000346241-01 тоот баталгаат ипотекийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээг байгуулж,

- Т ХХК-ийн өмчлөлийн, Улсын бүртгэлийн Ү-2201019845 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Эмээлт 1/18400/, 48, 48/1 тоот хаягт байрлах 320 м.кв талбай бүхий контор, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байрлах агуулахын зориулалттай 5,000 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай, эзэмших эрхтэй газар,

- М.Ц, Б.Н, Н.Түмэншагай, Н.Түмэнзаяа нарын өмчлөлийн, Улсын бүртгэлийн Ү-2205011572 дугаартай Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхон 8 дугаар гудамжны 20 тоот хаягт байрлах 300 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлах 247 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхтэй газар,

- М.Ц, Б.Н нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2205012961 дугаартай, Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол 23б байрны 8 тоот дахь 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц зэрэг хөрөнгүүдийг тус тус барьцаалжээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлон, харилцан хүсэл зоригоо илэрхийлэн баталгаажуулсан байх бөгөөд, зээлийн барьцааны гэрээ нь мөн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсгүүдэд заасан хуулийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна.

Маргаан бүхий Зээлийн шугамын гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчид тодорхой хугацааны турш зөвшилцсөн хязгаарын хүрээнд зээл олгож байхаар үүрэг хүлээсэн байх бөгөөд, энэ үүргээ биелүүлэн зээлдэгчид 290,000,000 төгрөгийн эрх нээгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Тодруулбал: гэрээний дагуу зээлдэгчид 290,000,000 төгрөгийн лимит бүхий эрх нээгдэж, тийнхүү эрх нээгдсэнээс хойш буюу гэрээ байгуулсан 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 206,114,690 төгрөгийн, 4 дүгээр сарын 23-ны өдөр            40,000,000 төгрөгийн зарлага хийж, улмаар 5 дугаар сарын 04-ний өдөр 100,000,000 төгрөгийн төлөлт хийж, 5 дугаар сарын 08-ны өдөр дахин 30,000,000                              төгрөг,  5 дугаар сарын 09-ний өдөр 60,000,000 төгрөг, 5 дугаар сарын 15-ны өдөр 11,000,000 төгрөгийн бэлэн зарлага гаргаж, 5 дугаар сарын 20-ны өдөр 45,000,000       төгрөгийн төлөлт хийх гэх зэргээр эрх нээгдсэн зээлийн шугамын данснаас              зээлдэгч Т ХХК нь нийт 406,114,690 төгрөгийн бэлэн зарлага хийж, 196,256,000 төгрөгийг төлж, зээлдүүлэгч Х ХХК-ийн зүгээс зээлдэгчийн зарлага хийсэн үнийн дүнгийн хэмжээнд 2,4 хувийн хүү тооцжээ. /2 дугаар хавтаст хэргийн 319 дүгээр хуудас/

Зээлдэгч Т ХХК нь гэрээ байгуулсны дараа 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр зээлдүүлэгчид хандан, барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 300 м.кв талбай бүхий газрын гэрчилгээг шинэчилсэн загвараар солих шаардлагатай болсны улмаас гэрээний дагуу авах зээлийн хэмжээг уг газарт оногдох хэмжээгээр түр түдгэлзүүлж, үлдэх олголт хийхийг хүссэний дагуу Х ХХК нь зээлийн эрхийг нээж, дээрх барьцаа хөрөнгийн гэрчилгээг зээлдэгч тал өөрт авсан боловч зээлдүүлэгчид буцааж өгөөгүй болох нь зохигчдын тайлбар, хариуцагч М.Цгийн өргөдөл зэргээр тогтоогдож байна.

Хариуцагчийн зүгээс 50,000,000 төгрөгийн зээлийг ашиглаагүй гэж тайлбарлах боловч нэхэмжлэгч нь зээлийн эрхийг 290,000,000 төгрөгийн хэмжээгээр нээсэн, ашиглаагүй зээлийн эрхийн үлдэгдлээс зээлдэгчийн хүсэлтээр төлөх үүрэг бүхий хүүгийн төлбөрийг хасч, түүнийг шаардаагүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байх бөгөөд, зээлдэгч нь гэрээний дагуу зарлага хийн авч, буцаан төлж байсан, зээлийн эрхээс гэрээний дагуу төлөх зээлийн хүүг тооцон төлж байсан зэрэг үйл баримтаас уг зээлийн гэрээний онцлогийн дагуу гэрээ хэрэгжиж, зээлдэгч нь зээлийг бүрэн ашигласан гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгч Х ХХК нь Зээлийн шугамын гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийг хариуцагч нараас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсгүүдэд зааснаар шаардах эрхтэй.

Түүнчлэн, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт “Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол ... нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэж заасны дагуу Зээлийн шугамын гэрээний 4.
1-т “Зээлдэгч нь гэрээний хугацаа дуусгавар болох үед ашигласан зээлийн үлдэгдэлтэй ... тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх ба нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцүү байна” гэж тохиролцсон нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн байх тул нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүүг тооцож шаардах эрхтэй байна.

Зээлийн шугамын гэрээний хугацаа 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болж, нэхэмжлэгч Х ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээл 290,000,000 төгрөг,     зээлийн хүү 97,401,644 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,969,644 төгрөг, нийт               392,371,288 төгрөг төлөгдөөгүй болох нь зээлийн шугамын хүү, нэмэгдүүлсэн хүү, үүрэг хүлээсний шимтгэлийн тооцоолол, Т ХХК-ийн зээлийн шугамын дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагч Т ХХК, М.Ц, Б.Н нараас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй                гэж шүүх дүгнэлээ.

 

 

Хариуцагч тал Зээлийн шугамын гэрээгээр тогтоосон хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, үүрэгт илт хохиролтойгоор тогтоогдсоны улмаас өрийн дарамтанд орсон бөгөөд, нэг сарын 2,4 хувийн хүүгийн хэмжээ нь тухайн үед Монгол банкнаас тогтоосон зээлийн хүү нэг сарын 2 хувь байх хэмжээнээс илүү байна гэж тайлбарлан хүүгийн хэмжээг багасгуулахыг хүссэн.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар хүүгийн хэмжээ зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол шүүх зээлийн хүүг багасгаж болохоор зохицуулсан байна.

Гэвч маргаан бүхий зээлийн шугамын гэрээгээр талуудын тохиролцон тогтоосон хүүгийн хэмжээ тухайн үед Монгол банкнаас тогтоосон нэг сарын 2 хувь гэх, мөн арилжааны бусад банкнаас илт их хүүтэй байсан гэх тайлбар, татгалзлаа хариуцагчийн тайлбар баримтаар нотлогдохгүй байх тул хуулийн дээрх зохицуулалтын дагуу зээлийн хүүгийн хэмжээг багасгах үндэслэл тогтоогдсонгүй.

Зээл болон зээлийн барьцааны гэрээнүүд хүчин төгөлдөр тул хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар, эсхүл нэхэмжлэгч буюу төлбөр авагчийн шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Т ХХК-ийн өмчлөлийн, Улсын бүртгэлийн Ү-2201019845 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Эмээлт 1/18400/, 48, 48/1 тоот хаягт байрлах 320 м.кв талбай бүхий контор, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байрлах агуулахын зориулалттай 5,000 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай, эзэмших эрхтэй газар,

- М.Ц, Б.Н, Н.Түмэншагай, Н.Түмэнзаяа нарын өмчлөлийн, Улсын бүртгэлийн Ү-2205011572 дугаартай Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхон 8 дугаар гудамжны 20 тоот хаягт байрлах 300 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлах 247 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхтэй газар,

- М.Ц, Б.Н нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2205012961 дугаартай, Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол 23б байрны 8 тоот дахь 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц зэргийг албадан худалдах аргаар шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангах үндэслэлтэй.

Хариуцагч Б.Нид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд, зохигчдын зүгээс түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэхийг хүссэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг шийдвэрлэсэн болно.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул шүүхийн зардлыг хариуцагч нарт хариуцуулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлийн 118.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон                                                                     

    ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т ХХК, Б.Н, Б.Цэемаа нараас 392,371,288 /гурван зуун ерэн хоёр сая гурван зуун далан нэгэн мянга хоёр зуун наян найман/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.

2.Хариуцагч нар шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т ХХК-ийн өмчлөлийн, Улсын бүртгэлийн Ү-2201019845 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Эмээлт 1/18400/, 48, 48/1 тоот хаягт байрлах 320 м.кв талбай бүхий контор, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байрлах агуулахын зориулалттай 5,000 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай, эзэмших эрхтэй газар,

- М.Ц, Б.Н, Н.Түмэншагай, Н.Түмэнзаяа нарын өмчлөлийн, Улсын бүртгэлийн Ү-2205011572 дугаартай Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхон 8 дугаар гудамжны 20 тоот хаягт байрлах 300 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлах 247 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхтэй газар,

-М.Ц, Б.Н нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2205012961 дугаартай, Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол 23б байрны 8 тоот дахь 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц зэргийг дуудлага худалдаагаар худалдаж зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлсүгэй.  

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,190,006 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч нараас 2,190,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           А.САРАНТУЯА