Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2018/00925

 

“Х Б”ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2017/03394 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 452 дугаар магадлалтай,

“Х Б”ХХК-ний нэхэмжлэлтэй

“Т Э” ХХК, Б.Н, М.Цнарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 392 371 288 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч М.Ц, түүний өмгөөлөгч Ш.Сүхбаатар нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туул, Х.Амараа, хариуцагч М.Ц, түүний өмгөөлөгч Ш.Сүхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч “Т Э” ХХК, Б.Найдандорж, М.Цнар нь “Х Б”ХХК-тай 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 5001364439 тоот зээлийн шугамын гэрээг байгуулж 290 000 000 төгрөгийг 365 хоногийн 28.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан, үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож мөн өдөр Б.Найдандоржтой 5001364439-01 тоот барьцааны гэрээ, Б.Найдандорж, М.Цнартай 5001364439 тоот батлан даалтын гэрээ, 2011 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 5000346241-01 тоот баталгаат ипотекийн гэрээг тус тус байгуулж, Ү-2201019845 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Эмээлт 1/18400/, 48, 48/1 тоот хаягт байрлах 320 м/кв талбай бүхий контор, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Эмээлтэд байрлах 5000 м/кв талбай газар, улсын бүртгэлийн Ү-2205011572 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхон 8 гудамж, 20 тоот хаягт байрлах 300 м/кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхон 8 гудамж, 20-3 тоотод байрлах 247 м.кв газар, улсын бүртгэлийн Ү-2205012961 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 23б байрны 8 тоот, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан. Зээлийн шугамын гэрээ гэдэг бол анх зээл батлагдсан хэмжээгээрээ зээлдэгчийн дансанд байдаг, энэ дагуу 290 000 000 төгрөг зээлдэгчийн дансанд бүтэн орсон. Хариуцагч нар хамгийн сүүлд 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл нийт зээлийнхээ 253 797 000 төгрөгийг данснаас авсан байсан. Үндсэн зээлээс авсан нь баримтаар харагдаж байна. Үлдэгдэл мөнгөө аваагүй байсан, сар бүр хүүгээ төлөх ёстой гэтэл хүүгээ төлөөгүй учир хариуцагчийн хүсэлтийн дагуу үндсэн зээлийн үлдэгдлээс хүүг нь тооцож суутгаж авдаг. Иймд хариуцагч нараас үндсэн зээл 290 000 000 төгрөг, хүүнд 97 401 644 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4 969 644 төгрөг, нийт 392 371 288 төгрөгийг гаргуулан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Ц, “Т Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тамир шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани “Х Б”ХХК-иас 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 290 000 000 төгрөгийн зээлийг авсан. Ноос ноолуурын улирал 3, 4 дүгээр сард эхэлдэг, банкинд зээлээ сунгуулах хүсэлт гаргахад хүнд суртал гаргаж удаж удаж эцэст нь сарын 2,04 хувийн хүүтэйгээр зээлийг сунгасан. Гэрээн дээр гарын үсэг зурахаар очиход зээлийн хүү 2,04 хувь биш 2.4 хувь байсан. Бизнесийн улирлын үед мөнгө хэрэгтэй байдлыг тааруулж өндөр хүүтэй зээлийг авахаас өөр аргагүй нөхцөлд оруулсан. “Х Б”ХХК нь долларын зээл авахыг шаардаж, татгалзсан тул өндөр хүүтэй зээл өгсөн гэж үзэж байгаа. “Х Б”ХХК-тай манай компани 13 жилийн турш хамтран ажилласан, өөр банкнаас зээл авах талаар хүсэлт гаргаагүй, гаргасан түүх байхгүй тул зээл олгогдоход хүндрэлтэй байдлыг ашиглаж доллароор зээл авах шаардлагыг тулгасан. Монгол улсын эдийн засаг бидний таамаглаж байснаар болоогүй, 1 кг нь 90 000 төгрөг байсан ноолуурын ханш 40 000-50 000 төгрөгт, 30 000 төгрөг байсан арьс ширний ханш 500 төгрөгт хүрч буурсан. Асар их бэлэн бүтээгдэхүүний үнэ маань нүдэн дээр 50-300 хувь унаж, санхүүгийн хүнд байдалд орсон байхад банк хүүгээ буулгаагүй. Улсын бүртгэлийн Ү-2205011572, Ү-2205012961, Ү-2201019545 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг нь 2009 оноос хойш сайжруулах тал дээр ажиллаагүй. Ингэснээр манай компанийн эргэлтийн хөрөнгийг дордуулж, үл хөдлөх эд хөрөнгөө эргэлтэд оруулах боломжийг олгохгүй байсаар зээлийн дарамтад орох нөхцөлийг бүрдүүлсэн. Манай компани банктай эвлэрэх талаар удаа дараа явуулсан албан бичигт огт хариу өгөөгүй, тохиролцох боломжит нөхцлийг удаа дараа буцааж байсан. 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр “Т Э” ХХК, М.Ц, Б.Ннар нь “Х Б”ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээ байгуулсан дээр маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг нь хүлээн зөвшөөрч байгаа, анх зээлийн гэрээ байгуулахдаа хариуцагч нарын 5 үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Гандангийн объектийн газрыг тухайн үед 50 000 000 төгрөгөөр үнэлсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хугацаа дуусаж байсан учраас манайх газрын албанд гэрчилгээг өгч сунгуулах хүсэлтийг гаргасан. Гэрчилгээг 2 сарын хугацаанд сунгаж өгөх байсан боловч 9 сард сунгаж өгсөн. Бидэнд 240 000 000 төгрөгийн зээлийг өгсөн. Тухайн үед газрын гэрчилгээний хугацаа дууссан байсан учраас үлдэгдэл 50 000 000 төгрөгийг өгөөгүй. Хүү тооцож үзвэл 28 800 000 төгрөг болж байгаа бөгөөд олгоогүй 50 000 000 төгрөгтэй нийлбэл нийт 78 800 000 төгрөгийг үлдэгдэл төлбөрөөс хасч өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2017/03394 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-д заасныг баримтлан хариуцагч “Т Э” ХХК, М.Цнараас 392 371 288 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х Б”ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 190 006 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 2 190 006 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйл, талуудын хооронд байгуулсан 2011 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн баталгаат ипотекийн /2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээгээр өөрчлөлт оруулсан/ гэрээний 2.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө буюу Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Эмээлт 1/18400/, 48, 48/1 тоот хаягт байрлах 320 м.кв талбай бүхий контор, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,-Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Эмээлтэд байрлах 5000 м/кв талбай газар,

-Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхон 8 гудамж, 20 тоот хаягт байрлах 300 м/кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

-Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхон 8 гудамж, 20-3 тоотод байрлах 247 м.кв газар,

-Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 23б байрны 8 тоот, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц зэрэг үл хөдлөх хөрөнгүүдээр хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 452 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2017/03394 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 503 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч М.Ц, түүний өмгөөлөгч Ш.Сүхбаатар нар хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлал нь хууль буруу тайлбарлаж хэрэглэснээс хариуцагчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж хяналтын журмаар дараахь гомдлыг гаргаж байна. Үүнд 1. Анхан шатны шүүх нь “Х Б”ХХК-наас байгууллага, хувь хүмүүст ямар хүүтэй зээл өгч байсан талаар зээлийн судалгаа авах зэрэг хэрэгт ач холбогдолтой нотлох баримтуудыг гаргуулах манай талын хүсэлтэд огт ажиллагаа хийлгүйгээр хэрэгсэхгүй болгож, зохигчдын хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх “Зөрчөөгүй” гэж буруу дүгнэлт хийсэн. 2. “Х Б”ХХК-наас манай “Т Э” ХХК нь 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн “Зээлийн шугамын гэрээ”-ний дагуу 290 000 000 төгрөг зээлсэн боловч уг мөнгө тухайн үедээ банкны буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж манай дансанд 240 000 000 төгрөг л байршуулсан. Үүнийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч “2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг хүргэж 253 797 000 төгрөгийг данснаас авсан байна” гэж мэдэгдсээр байхад давж заалдах шатны шүүх “хариуцагчийн 290 000 000 төгрөгийг бүрэн шилжүүлж өгөөгүй гэх тайлбар няцаагдсан байна” гэж Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.4-т “зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдснээр зээлийг олгосонд тооцно” гэж заасан атал “Х Б”ХХК-иас “Т Э” ХХК-д огт өгөөгүй 50 000 000 төгрөгнөөсөө хүү, нэмэгдүүлсэн хүү 28 800 000 төгрөг авахаар тооцсоныг анхан шатны шүүх буруу тооцож, 392 371 288 төгрөгийг “Т Э” ХХК-иас гаргуулж “Х Б”ХХК-д олгохоор шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж хууль буруу хэрэглэсэн. “Х Б”ХХК-иас “Т Э” ХХК-д огт өгөөгүй 50 000 000 төгрөг, түүний хүүнд төлсөн 28 800 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн 4 969 644 төгрөг бүгд 83 769 644 төгрөгийг 392 371 288 төгрөгнөөс хасаж тооцох ёстой байсныг шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна. Иймд дээрхи 3-н үндэслэлийг хуулийн дагуу хянан үзэж магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх банк, эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ зээлдэгчийн гүйцэтгэх үүргийн эрх зүйн үндэслэлийг бүрэн тодруулаагүй, маргааны бодит үйл баримт тогтоогдоогүй байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 118 дугаар зүйлийн 118.3, 118.5-д заасан зохицуулалттай нийцээгүй байна. Хариуцагч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

“Х Б”ХХК нь хариуцагч “Т Э” ХХК, Б.Найдандорж, М.Цнарт холбогдуулж зээлийн үүрэгт 392 371 288 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан ба хариуцагч нар маргахдаа 240 000 000 төгрөгийг авсан, 50 000 000 төгрөгийг олгоогүй тул нэхэмжлэлээс 78 800 000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж татгалзжээ.

“Х Б”ХХК нь 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Т Э” ХХК, М.Цнартай байгуулсан зээлийн шугаман гэрээг нэхэмжлэлийн үндэслэлээ болгосон байна. Гэрээний дагуу банк 290 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, жилийн 28,8 хувийн хүүтэй нөхцлөөр зээлдэгч “Т Э” ХХКомпанийн дансанд нь шилжүүлсэн, уг хугацаанд зээлдэгч нь мөнгийг ашиглах, хүү төлөх, ашиглаагүй зээлийн хувьд дансанд нь мөнгө байршуулсны төлөө хүү төлөх үүрэгтэй байна. Гэрээний үүргийг хангуулахаар Х Б, Б.Ннар баталгаат ипотекийн гэрээ, хариуцагч М.Ц, Б.Ннар батлан даалтын гэрээ байгуулсан, зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр болохыг шүүх Иргэний хуулийн дагуу дүгнэжээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг. Мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болох бөгөөд зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу зээлдэгчээс гэрээний үүргийг хангуулах тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн хэмжээ тодорхой байх нь шаардах эрхийн урьдчилсан нөхцлийн нэг бөгөөд хэрэгт байгаа баримтын хэмжээнд хариуцагчийн биелүүлбэл зохих үүргийн хэмжээ тогтоогдоогүй болохыг хоёр шатны шүүх анхаараагүй нь буруу болжээ. 

Зээлдэгч нар 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар нийт 253 797 000 төгрөгийг данснаасаа авсан бөгөөд үлдэгдэл мөнгөө аваагүй байсан, сар бүр хүүгээ төлөх ёстой байхад төлөөгүй тул хариуцагчийн хүсэлтийн дагуу үндсэн зээлийн үлдэгдлээс хүүг нь тооцож суутгаж авсан гэж “Х Б”тайлбарласан бол хариуцагч нар үндсэн зээлээс 50 000 000 төгрөгийг нь өгөөгүй, зээлийн хүүд 13 000 000 төгрөгийг төлсөн гэж маргасан байна. Шүүх зохигч талуудаас ач холбогдол бүхий уг үйл баримтыг тодруулаагүйгээс үндсэн зээлийн хэмжээг хэд үзэх, зээлийн хүүд хэдэн төгрөг төлсөн, биелүүлээгүй үүргийн хэмжээг тодорхойлох үндэслэл тогтоогдоогүй байна.  

Түүнчлэн Хас банкны зүгээс шүүхэд гаргасан зээлийн тооцооллын баримтад зээлдэгч нарын авсан зээлийн хэмжээ, төлөх хуваарь, зээлийн үлдэгдэл тусгагдсан боловч олгосон зээлийн хэмжээ, хүү тооцсон хоног, хүүгийн хэмжээ тодорхой бус, хариуцагчийн  буцааж төлсөн зээл тусгагдаагүй  зэрэг нөхцөл байдлаас үзэхэд зээлдэгчийн үүргийн хэмжээ бодитой тогтоогдсон гэж үзэх боломжгүй байжээ. 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын талаарх хэргийн бодит үйл баримт тогтоогдоогүй нөхцөлд зохигчдоос тодруулж, мэтгэлцүүлэхэд чиглүүлэх үүрэгтэй бөгөөд зохигч бүрэн мэтгэлцэж чадаагүй тохиолдолд хэрэглэх ёстой хуулийг хэрэглэх боломжгүй, нэхэмжлэлийн талаар шийдвэр гаргах нь хууль зөрчинө.

Хяналтын шатны шүүх шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж  үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5  дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2017/03394 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 452 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 647 298 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                       ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА