Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 142/ШШ2020/00401

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 142/ШШ2020/00401

Орхон аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4-44-112 тоотод оршин суух, Илжигэнт овогт Батчулууны Мөнхсоёл /Регистрийн дугаар: ЗЮ84072904,*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багт байрлах, ******* ТӨҮГ /Регистрийн дугаар: 2074192/-д холбогдох

******* ТӨҮГ-н Ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/5884 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн нь 2016 оны 10-р сарын 24-ны өдрийн Б/1305 дугаар тушаалаар Улаанбаатар дахь төлөөлөгчийн газарт мэргэжилтнээр томилогдон ажиллаж эхэлсэн. Улс төрийн болон цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан ажиллах нөхцөл боломжоор хангаагүй ч гэсэн миний бие хүлээцтэй хандаж, өөрийн зүгээс шалтгаалах бүхий л боломжийг эрэлхийлж ажиллаж ирсэн боловч 2019 оны 12-р сарын 09-ний өдрийн Ерөнхий захирлын Б/5884 дүгээр тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн, ажиллаж байх хугацаанд буюу 2019 оны 09, 10, 11, 12 дугаар саруудын цалин хөдөлмөрийн хөлсийг ямар нэгэн үндэслэл, шийдвэргүйгээр олгоогүй, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгээгүйд гомдолтой байна.

1.Ерөнхий захирлын дугаар тушаалын үндэслэл нь "-ийн Улаанбаатар төлөөлөгчийн газрын бүтэц, орон тоонд өөрчлөлт орсоны улмаас орон тоо хасагдсан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсугай" гэсэн байдаг. Тус үндэслэл нь Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, 40 дүгээр зүйлийн 5 дахь хэсгүүдийг зөрчсөн үндэслэлгүй байна. Учир нь Монгол улсын Дээд шүүхийн 2006 оны 07-р сарын 03-ны өдрийн №33 дугаар тогтоолын 15 дахь хэсэгт Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохино. Мөн тогтоолын 15.1.1 дэх хэсэгт Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасан орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална. 15.1.2 дахь хэсэгт Мөн хэсэгт заасан орон тоо цөөрүүлэх гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно. гэж тус тус тайлбарласан байдаг.

Гэтэл Ерөнхий захирлын тушаал нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлийг хангахгүй, хуульд үл нийцсэн байна. Одоогийн байдлаар -ийн Улаанбаатар төлөөлөгчийн газрын мэргэжилтний орон тоо хасагдсан, уг орон тоог цөорүулсон гэх эрх бүхий этгээдийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийг өөрчлөх тухай тогтоол, шийдвэр гараагүй болно.

Б/5884 дүгээр "Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай" тушаалыг гаргахдаа гаргаагүй байх бөгөөд түүнийг орлож өөр хүн гарын үсэг зурсан байна. Монгол улсын Компанийн тухай хууль-ийн 83 дугаар зүйлийн 83.8-д Гүйцэтгэх удирдлага нь толөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажпллагаа явуулна гэж заасан. Дээрхи хуулийн заалтыг зөрчиж уг тушаалыг гаргах эрхгүй этгээд тушаал гаргасан байх тул уг тушаалыг хууль ёсных гэж хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, 16 дугаар зүйлийн 16.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийг тус тус зөрчсөн байна. Монгол улсын Үндсэн хуулийн 14.1 -т Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. , мөн хуулийн 14.2-т Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна, 16.4-т ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй; тус тус заасан байдаг. Энэхүү эрхүүдийг хэн ч хаана ч хэзээ ч хуульд зааснаас бусад тохиолдолд хязгаарлах эрхгүй. Гэтэл ******* ТӨҮГ-ын ажил олгогчдын зүгээс хавчин гадуурхах байдлыг удаа дараа гаргаж, үйлдвэрийн нийт ажилтнуудад олгож байгаа урамшуулалыг ганцхан надад олгоогүйн зэрэгцээ ажлаас чөлөөлж буй уг тушаал гарахаас өмнөх 3 /гурав/-н сарын хөдөлмөрийн хөлс болох 4,500,000 /дөрвөн сая таван зуун мянга/-н төгрөгийг /гар дээр олгогдох дүнгээр тооцов/ олгосонгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тасалдуулсан болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 49.7 дугаар зүйлд Хөдөлмөрийн нормоо биелүүлээгүй нь ажилтны буруугаас шалтгаалаагүй бол гүйцэтгэсэн ажилд нь ногдох хөлс болон үндсэн цалингийн зөрүүг нөхөн олгоно гэсэн заалтыг зөрчин ажил олгогч нь үүрэг даалгавар, ажил ажлын орчин нөхцөлөөр хангаагүй байж цалин хөдөлмөрийн хөлс, амжиргааны эх үүсвэрт нь дураар халдан зогсоосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/5884 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, хууль бусаар олгогдоогүй цалин хөдөлмөрийн хөлсийг олгуулан, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч ын ******* ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/5884 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажиллаж байх хугацаанд хууль зүйн үндэслэлгүйгээр олгогдоогүй 2019 оны 09, 10, 11,12 дугаар саруудын цалин хөлсийг олгуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:

"******* ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/514 дүгээр тушаалаар Улаанбаатар хот дахь Төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны журам шинэчлэн батлагдаж, бүтэц орон тоонд өөрчлөлт орсон тул д 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ******* ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Улмаар нэхэмжлэгч той байгуулсан хөдөлмөрийн гэрээг Ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/5884 дугаар тушаалаар 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс ажил олгогчийн санаачилгаар цуцалсан.

2019 оны 09-12 саруудад нь ажил үүргээ гүйцэтгээгүй бөгөөд энэ байдал нь Улаанбаатар хот дахь Төлөөлөгчийн газрын ажилтнуудын ирцийн бүртгэлээр баталгааждаг тул түүнд дурдсан хугацаанд цалин хөлс олгох, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй юм.

******* ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 2.5-д Ерөнхий захирал, түүний эрх олгосон албан тушаалтан Хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэн үйлдвэрийн газрын ба цехийн үндсэн үйл ажиллагааны болон хүний нөөцтэй холбоотой асуудлаар тушаал гаргана заасны дагуу ажил олгогч буюу Ерөнхий захирлын эзгүйд түүний эрх олгосон албан тушаалтан болох Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер тушаалд гарын үсэг зурсан нь хууль тогтоомж зөрчөөгүй болно гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчийн тайлбар, бичгийн баримтуудыг нотлох баримтаар шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь хариуцагч ******* ТӨҮГ-т холбогдуулан -ын Ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/5884 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, хууль бусаар олгогдоогүй цалин хөдөлмөрийн хөлсийг олгуулан, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

нь 2016 оны 10-р сарын 24-ны өдрийн Б/1305 дугаар тушаалаар тус үйлдвэрийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газарт мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаад 2019 оны 12-р сарын 09-ний өдрийн Ерөнхий захирлын Б/5884 дүгээр тушаалаар -ийн Улаанбаатар төлөөлөгчийн газрын бүтэц, орон тоонд өөрчлөлт орсны улмаас орон тоо хасагдсан гэх үндэслэлээр Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, 40 дүгээр зүйлийн 5 дахь хэсгүүдэд зааснаар ажлаас чөлөөлөгдсөн байна.

******* ТӨҮГ-ын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/514 дугаартай тушаалаар тус үйлдвэрийн Улаанбаатар хот дахь Төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны журам шинэчлэн батлагдаж, бүтэц орон тоонд өөрчлөлт орсон байх бөгөөд мэргэжилтний орон тоо 5 байсныг 4 болгон цөөрүүлсэн байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нь -ийн Улаанбаатар төлөөлөгчийн газрын бүтэц, орон тоонд өөрчлөлт орсны улмаас орон тоо хасагдсан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан боловч мэргэжилтний орон тоо хасагдсан, уг орон тоог цөөрүулсөн гэх эрх бүхий этгээдийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийг өөрчлөх тухай тогтоол, шийдвэр гараагүй байна гэж тайлбарлаж байгаа боловч дээрх тушаалаар Төлөөлөгчийн газрын мэргэжилтний орон тоог цөөрүүлсэн болох нь тогтоогдож байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ыг анх ажилд томилсон 2016 оны 10-р сарын 24-ны өдрийн Б/1305 дугаар тушаал түүнийг тус үйлдвэрийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газарт мэргэжилтэнээр ажиллуулахаар гарсан боловч нэхэмжлэгч нь ******* ХХК-ийн 49 хувийг төлөөлж ТУЗ-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан гэж тайлбарласныг нэхэмжлэгчийн төлөөлөгч няцаагаагүй болно.

******* ТӨҮГ-ын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/514 дугаартай тушаалаар тус үйлдвэрийн Улаанбаатар хот дахь Төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны журам шинэчлэн батлагдаж, бүтэц орон тоонд өөрчлөлт орсон тул ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон тухай мэдэгдлийг ******* ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас д 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүргүүлж нэхэмжлэгч мэдэгдлийг 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч гарын үсэг зурсан байх бөгөөд тэрээр энэ талаар маргахгүй байна.

Нэхэмжлэгч нь Б/5884 дүгээр "Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай" тушаалыг гаргахдаа гаргаагүй байх бөгөөд түүнийг орлож өөр хүн гарын үсэг зурсан байна.

Монгол улсын Компанийн тухай хууль-ийн 83 дугаар зүйлийн 83.8-д Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж заасан. Дээрхи хуулийн заалтыг зөрчиж уг тушаалыг гаргах эрхгүй этгээд тушаал гаргасан байх тул уг тушаалыг хууль ёсных гэж хүлээн зөвшөөрөх боломжгүй юм гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгчийн энэхүү үндэслэлийн тухайд: ******* ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 2.5-д Ерөнхий захирал, түүний эрх олгосон албан тушаалтан Хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль тогтоомжинд нийцүүлэн үйлдвэрийн газрын ба цехийн үндсэн үйл ажиллагааны болон хүний нөөцтэй холбоотой асуудлаар тушаал гаргана гэж заасны дагуу ажил олгогч буюу Ерөнхий захиралын эзгүйд түүний эрх олгосон албан тушаалтан болох Ерөнхий захиралын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер тушаалд гарын үсэг зурсан нь хууль зөрчөөгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь үйлдвэрийн нийт ажилтнуудад олгож байгаа урамшуулалыг ганцхан надад олгоогүйн зэрэгцээ ажлаас чөлөөлж буй уг тушаал гарахаас өмнөх 3 /гурав/-н сарын хөдөлмөрийн хөлс болох 4,500,000 /дөрвөн сая таван зуун мянга/-н төгрөгийг /гар дээр олгогдох дүнгээр тооцов/ олгосонгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тасалдуулсан гэж үзэж байна.

Гэвч нэхэмжлэгч нь 2019 оны 09-12 саруудад ажил үүргээ гүйцэтгээгүй байх бөгөөд энэ байдал нь Улаанбаатар хот дахь Төлөөлөгчийн газрын ажилтнуудын ирцийн бүртгэлээр батлагдаж байх тул түүний дурдсан хугацаанд цалин хөлс олгох, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх шаардлага үндэслэлгүй байна.

Ийнхүү нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2,69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдсугай.

3.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН