Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2022/01655

 

 

 

 

 

                                          2022           05             17

                 184/ШШ2022/01655

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо, .... тоот хаягт оршин суух, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн W /паспортын дугаар:..., оршин суух зөвшөөрлийн дугаар .../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо, ...дүгээр хороолол, ... тоот хаягт байрлах, “Б” ХХК /регистрийн дугаар: .../,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Тахилт товчооны зам 32 тоот хаягт байрлах, “Бу” ХХК /регистрийн дугаар: ..../ нарт холбогдох,

Гуравдагч этгээд: Баянгол дүүрэг, .. дугаар хороо, ... дугаар хороолол Кёкүшю цамхаг ...давхар, ... тоот хаягт байрлах, “Т ББСБ” ХХК /регистрийн дугаар: ......./ оролцсон,

Барилга, газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Б, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Э, гуравдагч этгээдийн төлөөлөгч О.М, түүний өмгөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Даваадулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн W нь хариуцагч Б ХХК, Бу ХХКнарт холбогдуулан барилга, газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаартай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу БНХАУ-ын иргэн W нь Т ББСБ ХХК-аас Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо, ... гудамж, ... тоот хаягт байрлах, 977,96 м.кв талбайтай, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-220...дугаартай барилга, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ... дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах 18628..... нэгж талбарын дугаартай 10,000 м.кв талбайтай 5 жилээр эзэмших 00031... тоот гэрчилгээтэй газрын хамтаар хуульд заасны дагуу худалдан авсан. Энэхүү үл хөдлөх хөрөнгийг худалдаж авсан гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлж улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх хууль ёсны дагуу шилжсэн. БНХАУ-ын иргэн W   нь газар болон үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийг шилжүүлэн авсан боловч тус барилга болон газар дээр хариуцагч Б ХХК, Бу ХХКнар үйл ажиллагаа явуулж байсан. Ингээд 2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хариуцагч нар газар, үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж хүлээлгэн өгөх байсан ч өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөөгүй. Нэхэмжлэгчийн хувьд худалдан авсан өдрөөсөө эхлэн тус газар болон барилгыг чөлөөлж өгөхийг удаа дараа шаардаж байсан. Иймд нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасны дагуу бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэх нэхэмжлэлийг гаргасан” гэж тодорхойлсон.

 

2. Хариуцагч Б ХХК, Бу ХХКнарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн. Хариуцагч татгалзлын үндэслэлийн талаараа: ” Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь маргаан бүхий газрыг худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлсэн. Хариуцагч компаниудын зүгээс гуравдагч этгээд Т ББСБ ХХК-тай хэд хэдэн зээлийн гэрээг байгуулсан. Хамгийн сүүлд 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр нэмэлт зээлийн гэрээ байгуулж 100,000,000 төгрөг зээлсэн байдаг. Урьд нь зээлийн гэрээтэй холбоотой үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцааны гэрээ байгуулж байсан. Хамгийн сүүлд байгуулсан 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн нэмэлт зээлийн гэрээний гол зорилго нь 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээтэй холбоотой гол нөхцөл хэвээр байсан. Ингээд 2016 оны 04 дүгээр сарын 04-ний эрх шилжүүлэх гэрээг байгуулж, улсын бүртгэлд Т ББСБ ХХК зүгээс үүргийн гүйцэтгэлийг бүрэн хаасан. Өөрөөр хэлбэл зээлийг бүрэн төлж дуусгасан гэх албан бичиг гаргасан. Энэ хугацаанд гэрээний үүргийн дагуу бусдад худалдахыг хүлээн зөвшөөрөөгүй. Зээлийн гэрээг баталгаажуулах утгаараа нэмэлт гэрээ байгуулсан гэсэн үг. Үүнтэй холбоотой захиргааны хэргийн шүүх болон арбитрын шүүхээр маргаанаа шийдүүлж, сөрөг нэхэмжлэл гаргах зэрэг үйл баримтууд авагдсан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд БНХАУ-ын иргэн W  болон Т ББСБ ХХК нарын гэрээг хууль зөрчсөн гэх үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан нэмэлт гэрээнд барьцааны гэрээг хэрхэн шийдэх талаар эсвэл зээлийн гэрээтэй холбоотой төлбөрийн гэрээ байгуулагдах ёстой байсан уу гэдгийг хэлж мэдэхгүй байна. Иргэний хуульд зааснаар барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хэрхэн хангуулах байсан нь ойлгомжгүй байгаад байна. Хариуцагч тал харилцан тохиролцож байгаад худалдсан юм гэж хэлж байсан. 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр зээлийн нэмэлт гэрээ байгуулахдаа хариуцагч тал 6,675,000 төгрөгийг зээлийн хүү болон алданги гэх төлөлт хийсэн. Мөн өдөр нэмэлт зээлтэй холбоотой өмнөх зээлийн хүү, алдангид нийт 22,250,000 төгрөг өгсөн. Энэ төлбөрийг хүлээн зөвшөөрч төлсөн баримт байна. Маргаан бүхий газрыг хоёр талаасаа хүү алданги төлөх замаар зээлийн нэмэлт гэрээ байгуулчихсан. Тухайн үед барьцааны гэрээ биш эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан үндэслэл тогтоогдож байгаа тул мөн хуулийн 117.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т ББСБ ХХК-ийн төлөөлөгч О.Мшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т ББСБ ХХК нь Б ХХК-тай 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 01/2015 тоот зээлийн гэрээ байгуулж, 100,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлж, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 01/2015 тоот “Барьцааны гэрээ” байгуулж, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, МТ ШТС-ын зүүн талд байрлах 10,000 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг Бу ХХК-тай мөн өдөр 02/2015 тоот “Зээлийн гэрээ” байгуулж 100,000,000 төгрөгийн зээлийн 6 сарын хугацаатайгаар олгож, ... тоот “Барьцааны гэрээ” байгуулан тус компанийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо, ... тоот хаягт байрлах, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай 977,96 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-220...дугаартай үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалсан. Хариуцагч компаниуд нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул талууд харилцан тохиролцож, дээрх зээл болон барьцааны гэрээнүүдийг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн гэрээгээр тус өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хүртэл буюу 3 сарын хугацаагаар нэмэлт хугацаа тогтоосон боловч зээлдэгч нар гэрээний үүргээ биелүүлээгүй. Зээлээ төлөхийг удаа шаардсаны дагуу хариуцагч 2 компанийн захирал болох Т.Ц, С.М нар ирж уулзсан. Ингэхдээ бид хоёр тань дээр өөр саналтай ирсэн. Өөрийн эд хөрөнгийг эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлж өгье, өр авлагаа хаая гэдэг яриа гарсан. 6 сарын хугацаа бидэнд хугацаа өгөөч ээ, энэ хугацаанд бид төлбөрөө өгч чадахгүй бол таны өмчлөлд очно гэж хэлж байсан. Ингээд 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ... тоот “Үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхийн хамт шилжүүлэх гэрээ” болон ... тоот “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулан, хариуцагч нар нь зээлийн барьцаа хөрөнгийг зээлдүүлэгчийн өмчлөлд үл маргах журмаар шилжүүлсэн. Т ББСБ ХХК нь тус компаниудад тус бүр 100,000,000 төгрөгийг нэмж олгож, 6 сарын хугацаанд төлөх үүргийг хариуцагч нар хүлээсэн бөгөөд энэхүү үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгчийн эзэмшил, өмчлөлд шилжүүлсэн хөрөнгүүдийн өмчлөх эрх нь Т ББСБ ХХК-д үлдэхээр тохиролцож, хариуцагч компаниуд нь хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн. Тус гэрээнд заасан хугацаа 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дууссан. Дахин мэдэгдэл хүргүүлсэн. Ингээд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар барьцааны хөрөнгүүдийг захиран зарцуулах эрх манай байгууллагад шилжсэн тул тухайн газрыг зарж борлуулна гэдгээ хэлтэл хариуцагч компаниуд өвлийн улирал байсан тул хөлслөх гэрээ байгуулъя гэсэн. 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулсан. Эхний сарын төлбөрийг төлсөн. Үүнээс хойш хөлслөх гэрээний дагуу төлбөрөө төлөөгүй. Миний хувьд газраа зарахын тулд сонинд зар өгсөн. Сар гаруй хугацаанд зараа тавьж байсан. 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр БНХАУ-ын иргэн W -тай “Үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, Т ББСБ ХХК-ийн захиран зарцуулах эрх бүхий Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, МТ ШТС-ын зүүн талд байрлах 10,000 м.кв талбайтай газар, болон Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо, ... гудамж .. тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-220...дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдсан. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг баримтлан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлж, мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д заасны дагуу уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн үнийг бүрэн төлсөн тул дээрх газар эзэмших эрх, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх нь БНХАУ-ын иргэн W -ын өмчлөлд шилжсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 22-ны өдрийн 184/ШШ2021/0.. дугаартай шийдвэрээр Бу ХХКболон Б ХХК нь БНХАУ-ын иргэн W -н газарт үйл ажиллагаа явуулж, 227,500,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байдаг. Энэ шийдвэрийг эсэргүүцэж Нийслэлийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.  Мөн тухайн газар манай өмч, хууль бусаар эзэмшилдээ авсан байна гэж Б ХХК, Бу ХХКнь Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэргийн шүүхээс 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/0... дугаартай шийдвэр гаргахдаа ямар нэгэн хууль зөрчөөгүй байна, төлбөр мөнгөө төлөөгүй байсан учраас хоёр тал харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээний эрх шилжүүлж, хууль ёсны дагуу Т ББСБ ХХК-д газар шилжсэн байна гэх утга агуулгатай шүүхийн шийдвэр гарсан. Тус шийдвэрт Бу ХХКболон Бу ХХКнар гомдол гаргаж, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлалаар мөн адил анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Банк бус санхүүгийн байгууллагын тухай хуулийн 11 дүгээр зүйл, мөн хуулийн 12.2-т заасан. Энэ хуулийн зүйл заалтын дагуу үл хөдлөх хөрөнгийг зарсан. Өмнөх шүүх хурлаар нотлох баримт гаргуулахаар хурал хойшлогдсон. Улсын бүртгэлийн газраас ирсэн албан бичигт уг газар нь зээлийн барьцаанд бүртгэгдсэн, Т ББСБ ХХК нь албан бичгээр барьцааны гэрээ нь дуусгавар болсон байна гэж бичигдсэн байна.” гэж тодорхойлсон.

 

4. Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Б.Сутайд олгосон итгэмжлэл, 0003... гэрчилгээний дугаартай, БНХАУ-ын иргэн БНХАУ-ын иргэн W -н эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо, ... зүүн талд байрлах 10,000 м.кв талбайтай 18628..... нэгж талбарын дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Гадаадын иргэн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах гэрээ”, 000... гэрчилгээний дугаартай, БНХАУ-ын иргэн БНХАУ-ын иргэн W -н өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо, ... гудамж, ... тоот хаягт байрлах, 977,96 м.кв талбайтай, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-220...дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, өмгөөлөл, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Монголын олон улсын ба үндэсний арбитрын 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 105 дугаартай “Арбитрын ажиллагааг дуусгавар болгох тухай” шийдвэр, 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ... дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн хамт шилжүүлэх гэрээний хуулбар, 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ... дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний хуулбар, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 184/ШЗ2018/0...0 дугаар захирамж, 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2017/0.. дугаартай шийдвэр, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/МА2018/.. дугаартай магадлал, Т ББСБ ХХК-ийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 26/2017 дугаартай Сонгинохайрхан дүүргийн Газрын албадан гаргасан хүсэлт, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Т ББСБ ХХК, БНХАУ-ын иргэн Wнарын хооронд байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ,  №12 дугаартай газар эзэмших эрхийн барьцааны бүртгэлийн тодорхойлолт, Т ББСБ ХХК-ийн нэр дээрх, 00031... газар эзэмших эрхийн гэрчилгээний дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, ...  дугаар хороо, ... зүүн талд 10,000 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай 5 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Т ББСБ ХХК-тай байгуулсан “Иргэн,  хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний хуулбар, 18628..... нэгж талбарын дугаартай Т ББСБ ХХК-ийн нэр дээрх газрын кадастрын зураг, №620... дугаартай “Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт”, Т ББСБ ХХК-ийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 25/2017 дугаартай Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтэст хандан гаргасан хүсэлт, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 11-89.. дугаартай Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтсийн албан бичиг, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаартай Т ББСБ ХХК, БНХАУ-ын иргэн Wнарын хооронд байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах,  худалдан авах гэрээ”, 0004... гэрчилгээний дугаартай Т ББСБ ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо, ... гудамж, ... тоот хаягт байрлах, 977,96 м.кв талбайтай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-220...дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, Т ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Т ББСБ ХХК-ийн дүрэм, Бу ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ,  2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б.Б-д олгосон итгэмжлэл, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2021/0... дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ... дугаартай магадлал,

 

5. Хариуцагч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ... дугаартай Монголын олон улсын ба үндэсний арбитрын нэхэмжлэл хүлээн авсан тухай баримт, 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 8, 15 дугаартай хариуцагч Б ХХК, Бу ХХКнараас Х.А-д олгосон итгэмжлэл, 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 13, 23 дугаартай хариуцагч Б ХХК, Бу ХХКнараас Х.А-д олгосон итгэмжлэл, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “Иргэний хэрэг үүсгэх тухай” 102/ШЗ2019/0... дугаар захирамж, Т ББСБ ХХК болон Б ХХК нарын хооронд байгуулагдсан 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрйн ... дугаартай “Зээлийн нэмэлт гэрээ”, Б ХХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн .. дугаартай Т ББСБ ХХК-д гаргасан хүсэлт, Т ББСБ ХХК болон Б ХХК нарын хооронд байгуулагдсан 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ... дугаартай “Зээл болон барьцааны гэрээ”, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан 08/2015 дугаартай “Зээл болон барьцааны гэрээ” хавсралт №01 “Зээл, зээлийн хүү төлөх хуваарь”, Монголын олон улсын ба үндэсний арбитрын 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 4... дугаартай албан бичиг, Б ХХК, Бу ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариуцагч нараас С.Ч-т олгосон 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ... дугаартай итгэмжлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШЗ2022/0...дугаартай “Иргэний хэрэг үүсгэх тухай” захирамж,

 

6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Т ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Шуурхай зар центр ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаартай “Зарын тодорхойлолт” албан бичиг, Өдрийн сонины 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаартай “Тодорхойлолт” албан бичиг, Т ББСБ ХХК, Бу ХХКнарын хооронд байгуулагдсан 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 01/2016 дугаартай “Эд хөрөнгө хөлслөх гэрээ”, “Монгол ньюс” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ... дугаартай “Зар нийтлэгдсэн тухай” албан бичиг, “Силвер файнд” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ... дугаартай “Тодорхойлолт гаргах” тухай албан бичиг, Т ББСБ ХХК болон Бу ХХКнарын хооронд 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан ... дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн хамт шилжүүлэх гэрээ”.

 

7.Шүүхийн журмаар дараах баримтуудыг цуглуулсан. Үүнд: Бу ХХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ... дугаартай Сонгинохайрхан дүүргийн бүртгэл, статистикийн албанд хандан гаргасан хүсэлт, Б ХХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ... дугаартай Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хандан гаргасан хүсэлт, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/0...дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 221/МА2018/0... дугаартай магадлал, Т ББСБ ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ... дугаартай Б ХХК-ийн захирал С.М танаа “Мэдэгдэл хүргүүлэх тухай” гэх баримт, 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 14/2016 дугаартай Бу ХХК-ийн захирал Т.Ц танаа “Мэдэгдэл хүргүүлэх тухай” гэх баримт, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрий ..дугаартай “Б” ХХК-ийн захирал С.М танаа “Мэдэгдэл хүргүүлэх тухай” гэх баримт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаартай албан бичиг /хавсралт: 0002... гэрчилгээний дугаартай Бу ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо, ... гудамж, ... тоот хаягт байрлах, 977,96 м.кв талбайтай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-220...дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Барьцааны гэрээ, 2014 оны 09 дугаар сарын 23-ны өдрийн “Үүрэг дуусгавар болсон тухай хэлцэл”, Т ББСБ ХХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ... дугаартай Сонгинохайрхан дүүргийн Бүртгэл, статистикийн албанд “Зээлийн барьцаа чөлөөлүүлэх тухай” албан бичиг, Т ББСБ ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220...дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, БНХАУ-ын иргэн БНХАУ-ын иргэн W -н өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220...дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, Т ББСБ ХХК болон Бу ХХКнарын хооронд 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан 02/2015 дугаартай “Зээл болон барьцааны гэрээ”.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

1.Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Wшүүхэд хандаж 18628..... нэгж талбарын дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо, ... зүүн талд байрлах, 10,000 м.кв талбайтай газар, Сонгинохайрхан дүүрэг, .. дугаар хороо, ... гудамж, ... тоот хаягт байрлах, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай, 977,96 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-220...дугаартай барилгыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч Бу ХХК, Б ХХК нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа, газар болон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр шударгаар олж авсан, улсын бүртгэл үнэн зөв байх Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д заасан зарчим хэрэгжих ёстой

гэж үзжээ.

Хариуцагч Б ХХК, Бу ХХКнар нь нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрсөн ба үндэслэлээ тайлбарлахдаа, дээрх хөрөнгийг өмчлөх эрхээ хууль бусаар алдсан гэж үзсэн. 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т ББСБ ХХК нэхэмжлэгчийг дэмжсэн тайлбар өгч, маргаан бүхий хөрөнгийн өмчлөх эрхийг хариуцагч компаниудаас хуулийн дагуу шилжүүлж авсан, цаашаа БНХАУ-ын иргэн БНХАУ-ын иргэн W -д хуулийн дагуу худалдан борлуулсан буюу БНХАУ-ын иргэн Wнь хөрөнгийн өмчлөх эрхийг шударгаар олж авсан хэмээн тайлбарлажээ.

2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д: “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.” гэж заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл, өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийн тулд тэрээр маргаан бүхий хөрөнгийн өмчлөх эрхийг хуульд заасан үндэслэлээр олж авсан, эсхүл Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэх үндэслэл бүрдсэн байх ёстой. Мөн маргаан бүхий хөрөнгө хариуцагчийн эзэмшилд байгаа бөгөөд хариуцагчийн эзэмшил хууль бус байх ёстой. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан хуулийн зохицуулалтыг шүүх хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжтой юм.

3. Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Wнь гуравдагч этгээд Т ББСБ ХХК-тай 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, маргааны бүхий 18628..... нэгж талбарын дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо, ... зүүн талд байрлах, 10,000 м.кв талбайтай газар, Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо, .... гудамж, ... тоот хаягт байрлах, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай, 977,96 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-220...дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авч, мөн өдрөө буюу 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгджээ.

Иргэний хуулийн 114.1-д: “Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй.” гэж заажээ.

Нэхэмжлэгч нь хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авах үед тухайн хөрөнгө хариуцагч Бу ХХК, Б ХХК-ийн эзэмшилд байсан бөгөөд өнөөдрийг хүртэл хариуцагч нарын эзэмшилд байгаа болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлэн авсан хөрөнгийг хариуцагч Бу ХХК, Б ХХК-ийнхан эзэмшиж, үйл ажиллагаа явуулж байсан” гэх нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан  “2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хариуцагч нар газар, үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж хүлээлгэн өгөх байсан ч өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөөгүй.” гэх тайлбараар тус тус тогтоогдож байна. 

Худалдан авагч болох БНХАУ-ын иргэн Wнь үл хөдлөх эд хөрөнгийг Топ финанс ББСБ ХХК-иас худалдан авахдаа өөрийн шууд эзэмшилдээ шилжүүлж аваагүй, мөн худалдаж авсан хөрөнгө нь анхны өмчлөгч нар болох Б ХХК, Бу ХХК-ийн эзэмшилд хэвээр байгааг мэдэж байсан байна. Энэ тохиолдолд худалдан авагч БНХАУ-ын иргэн БНХАУ-ын иргэн W -г гэрээний зүйл болох газар болон үл хөдлөх эд хөрөнгө нь өмчлөх эрхийн маргаантай болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэж үзэхэд эргэлзээтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээтэй үйл баримтыг тогтоогдсон гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байдаг.

Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасан хамгаалалт нь гагцхүү өмчлөх эрхийн маргааны талаар мэдээгүй, эсхүл мэдэх боломжгүй тохиолдолд шинэ өмчлөгчийг хамгаалах хуулийн зохицуулалт юм. Иймд нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн БНХАУ-ын иргэн W -г хуулийн энэ зохицуулалтаар хамгаалах боломжгүй байна.

4. Хариуцагч Б ХХК болон Бу ХХК-ийн эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Хариуцагч Б ХХК, Бу ХХКнар болон гуравдагч этгээд Т ББСБ ХХК нь 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 100,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, нийт 200.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 1 сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлжээ.

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож, Бу ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ..... гудамж, ... тоот хаягт байрлах, 977,96 м.кв талбайтай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, Ипотекийг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Мөн газар эзэмших эрхийг барьцаалах тухай 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ... дугаартай “Барьцааны гэрээ”-г талууд байгуулсан боловч Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.6-д зааснаар харьяа газрын алба гэрээг баталгаажуулж, эрхийн гэрчилгээнд тэмдэглэл хийгээгүй байх тул энэ гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзнэ.

Талууд харилцан тохиролцож, 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл сунгасан баримт хэрэгт авагдсан байх ба сунгасан хугацааг тодорхой заагаагүй байна. /хавтаст хэргийн 182-184 дүгээр тал/

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д зааснаар барьцаалагч Т ББСБ ХХК барьцааны зүйлийг өмчлөгчтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр шүүхийн бус журмаар шууд худалдан борлуулах, улмаар Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар өмнөх үүргийг солих замаар дуусгавар болгох эрхтэй ч энэ эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэхэд эргэлзээтэй байна.

Учир нь, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

Талууд 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ... дугаартай “Зээлийн нэмэлт гэрээ”, ... дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн хамт шилжүүлэх гэрээ” гэх нэртэй гэрээнүүдийг байгуулжээ. Талууд 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ... дугаартай “Зээлийн нэмэлт гэрээ”-ээр “2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ... дугаартай зээлийн гэрээний хугацаа дуусан бөгөөд зээлдэгч Б ХХК нь зээлийн үндсэн төлбөр болох 100,000,000 төгрөг, хуримтлагдсан зээлийн хүү 22,250,000 төгрөг дээр нэмж 100,000,000 төгрөг зээлдүүлэх”-ээр тохирсон байна. Хэрэгт мөнгө зээлүүлэх тухай өөр баримт байхгүй ч хариуцагч тал нийт 400.000.000 төгрөг авсан талаар маргаагүй. Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар тухайн үйл баримтыг тогтоогдсон гэж үзнэ.

Мөн дээрх гэрээг байгуулсан өдрөө “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, “Үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн хамт шилжүүлэх гэрээ” нэртэй гэрээнүүдийг байгуулж, уг гэрээний дагуу маргаан бүхий 18628..... нэгж талбарын дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо, .... зүүн талд байрлах, 10,000 м.кв талбайтай газар, Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо, .... гудамж, ... тоот хаягт байрлах, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай, 977,96 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-220...дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг Т ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлжээ.

5. Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжинэ гэж тохирсон хэлцэл хуульд өөрөөр заагаагүй бол хүчин төгөлдөр бус байдаг.

Гуравдагч этгээд Т ББСБ ХХК болон хариуцагч Бу ХХК, Б ХХК нар 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр маргаан бүхий хөрөнгүүдийн өмчлөх эрхийг шилжүүлэх талаар тохиролцохдоо, гэрээний 1.1-д: “... барьцааны зүйл болох хөрөнгө /газар болон барилга/-ийг Т ББСБ ХХК-ийн өмчлөлд үл маргах журмаар бүрэн шилжүүлэх...” тухай, мөн гэрээний 2.1-д: “...зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдсанаар дуусгавар болох...” талаар тус тус харилцан тохиролцож хүсэл зоригоо илэрхийлсэн байна.

Гуравдагч этгээдийн төлөөлөгч болон хариуцагч нарын өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл зээлдэгч Бу ХХК, “Б ХХК-иуд 6 сарын дотор зээлийг төлөхөөр болзол зааж, энэ хугацаанд төлөхгүй бол хөрөнгийн өмчлөх эрхийг үл маргах журмаар хэрэгжүүлэхээр харилцан тохиролцсон гэж үзэхээр байна. Энэ тохиролцоо хуульд өөрөөр заагаагүй бол Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3-т зааснаар хүчин төгөлдөр бус болно.

6. Иргэний хууль болон бусад хууль тогтоомжид барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмыг зохицуулаагүй байна. Харин Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 44 дүгээр зүйлд барьцааны зүйлийг шүүхээс гадуур худалдахдаа шууд худалдах болон дуудлага худалдаагаар худалдах журмыг заасан, мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д шууд худалдах журмыг тус тус зохицуулсан байна.

а/ Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4.1-д газрыг шүүхээс гадуур худалдахыг хоригложээ. Талууд 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Барьцааны гэрээ”-ээр газар эзэмших эрхийг барьцаалсан байх ба газрыг шүүхээс гадуур худалдах хуулийн хориг нь газар эзэмших эрхийн барьцаанд мөн хамаарна.

б/ Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан барьцааны зүйлийг шүүхээс гадуур “худалдах” ойлголт нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан барьцааны зүйлийн “үнээс шаардлагыг хангуулах” ойлголтод хамаарна.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д барьцааны зүйлийг барьцаалагч, барьцаалуулагч нь харилцан тохиролцсон бол барьцааны зүйлийг мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар худалдан борлуулахаар заажээ. Харин энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т: “...барьцааны зүйлээс шаардлагыг хангах ...” тухай заасан байгаа нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан “барьцааны зүйлээс шаардлагыг хангуулах” ойлголттой давхцаж буйг харуулж байна.

Гэтэл Т ББСБ ХХК болон Бу ХХК, Б ХХК-иудын хооронд байгуулагдсан 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан маргаан бүхий хөрөнгүүдийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээ нь “барьцааны зүйлээс шаардлагыг хангуулах” шинжгүй, ямар нэг үнэ төлбөр харилцан тооцоогүй буюу “үл маргах журмаар” хөрөнгийн өмчлөх эрхийг зээлдүүлэгч Т ББСБ ХХК-д шилжүүлэхээр тохиролцсон шинжтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр маргаан бүхий хөрөнгийн өмчлөх эрхийг хариуцагч нараас гуравдагч этгээдэд шилжүүлсэн шилжүүлэг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байна.

Иймд маргаан бүхий хөрөнгийг гуравдагч этгээд Т ББСБ ХХК-иас цааш БНХАУ-ын иргэн БНХАУ-ын иргэн W -д шилжүүлсэн шилжүүлэг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасан үндэслэлээр мөн хүчин төгөлдөр бус гэж үзнэ.

7. Шүүх маргаан бүхий хөрөнгийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч нарын хууль бус эзэмшлээс нэхэмжлэгч шаардах эрхтэй эсэхийг тогтоохдоо зайлшгүй эдгээр гэрээнүүдийг дүгнэх шаардлагатай.

Ийнхүү дүгнэж байгаа нь эдгээр гэрээгээр талуудын тохирсон арбитрын хэлэлцээрийг хөндөж байгаа гэж үзэх үндэслэл болохгүй. Учир нь, БНХАУ-ын иргэн БНХАУ-ын иргэн W -ын нэхэмжлэлтэй Бу ХХКболон Б ХХК нарт холбогдох иргэний хэрэгт эдгээр гэрээ нь нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн W -ын шаардах эрхтэй эсэхийг тогтоох бичмэл нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх юм.

8. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д: “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно.” гэж заажээ.

Гэвч, улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөв байх зарчим нь хэн нэг этгээд тухайн хөрөнгийн талаар маргаагүй буюу эсэргүүцээгүй, шаардлага гаргаагүй бол “үнэн зөв” гэж үздэг болохыг мөн хуулийн 183 дугаар зүйлийн 183.2, 183.3 дахь хэсэгт заасан байна.

Хариуцагч Б ХХК, Бу ХХКнь хэдийгээр сөрөг нэхэмжлэл гаргаагүй, улсын бүртгэлд хандаж шаардлага гаргаагүй боловч нэхэмжлэлийн шаардлагыг “эс зөвшөөрч маргаж байгаа” тул маргаан бүхий хөрөнгийг эзэмших, ашиглах, өмчлөх БНХАУ-ын иргэн W -ын эрхийг эсэргүүцсэн буюу маргасан гэж үзнэ.

Дээрх тохиолдолд, эрх бүхий байгууллагаас БНХАУ-ын иргэн W -г улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэж гэрчилгээ олгосон нь талуудын хооронд үүссэн хөрөнгийн маргааныг эцэслэн шийдвэрлэсэн буюу бүртгэл “үнэн зөв” гэж үзэх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, эрх бүхий этгээдээс улсын бүртгэлийн гэрчилгээ олгосныг үндэслэн хариуцагч нарын хувьд нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн БНХАУ-ын иргэн W -г тухайн хөрөнгийн хууль ёсны өмчлөгч гэж үзэх боломжгүй.

9. Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн W болон гуравдагч этгээдийн зүгээс маргаан бүхий хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн болохыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/0...дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 221/МА2018/0... дугаартай магадлалаар тогтоогдсон гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан хуулийн зорилтоос үзвэл захиргааны хэргийн шүүх нь эрх зүйн этгээдийн хооронд үүсэх эдийн болон эдийн бус баялагтай холбоотой маргааныг бус, захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой маргааныг шийдвэрлэдэг байна.

10. Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн W болон гуравдагч этгээд нь мөн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2021/00...дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ... дугаартай магадлалаар БНХАУ-ын иргэн W -г өмчлөх эрхтэй болохыг тогтоосон гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Дээрх шийдвэрүүдээр БНХАУ-ын иргэн W болон Бу ХХК, Б ХХК нарын хооронд үүссэн эд хөрөнгө хөлслөх гэрээний үүргийг шийдвэрлэсэн ба хууль бус эзэмшлээс эд хөрөнгийг чөлөөлүүлэх шаардлагыг шийдвэрлээгүй байна.

Түүнчлэн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн эд хөрөнгө хөлслөх гэрээний маргааныг хянах үед хариуцагч Бу ХХК, Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч талуудын хооронд үүссэн эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагыг Улсын Дээд шүүх эцэслэн шийдвэрлээгүй байхад шүүх шийдвэрлэсэн талаар гомдол гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцээд, 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ... дугаартай магадлалын “хянавал” хэсэгт: “...хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага Улсын Дээд шүүхэд хянагдаж байгаа боловч уг иргэний хэрэгт гаргасан нэхэмжлэлийн шаардлага энэ хэрэгт гаргасан шаардлагатай шууд хамааралтай болон дээрх маргааныг шийдвэрлэхээс өмнө энэ хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй ...” гэсэн дүгнэлтийг хийсэн байна.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн .... дугаартай магадлалаар талуудын хооронд үүссэн “хууль бус эзэмшилтэй холбоотой” маргааны талаар дүгнэлт хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

11. Шүүх дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг хэрэглэж талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хуучин өмчлөгч /”Бу” ХХК, Б ХХК/ болон шинэ өмчлөгч /БНХАУ-ын иргэн W / нарын эрх ашгийг хамгаалах хамгийн зохист хувилбарыг сонгох зарчимд нийцүүлэн хуулийг хэрэглэсэн болно.

12. Хууль бус эзэмшлээс газар, үл хөдлөх эд хөрөнгө чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл нь эдийн бус, үнэлэх боломжгүй нэхэмжлэлд хамаарна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70.200 төгрөг төлөхөөр хуульчилжээ. Нэхэмжлэгчээс маргаан бүхий газар, үл хөдлөх эд хөрөнгөд 140,400 төгрөгийг тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нь зөв байна.          

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр төлүүлэхээр заасан тул нэхэмжлэгчийн төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэлгүй тул 18628..... нэгж талбарын дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо, ...зүүн талд байрлах, 10,000 м.кв талбайтай газар, Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо, ... гудамж, ... тоот хаягт байрлах, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай, 977,96 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-220...дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг Бу ХХК, Б ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн БНХАУ-ын иргэн W -н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

           

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХИШИГБААТАР