Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 1925

 

 

 

 

 

 

 

 

 

В-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2019/02211 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч В-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Б-” ХХК, “БТХ-” ХХК-д тус тус холбогдох

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: “Т-” ХХК

 

Барилга, газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч нарын өмгөөлөгч Г.Д, Б.С, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, өмгөөлөгч Д.Н, нарийн бичгийн даргаар Б.Б нар оролцов.

 

Нэхэмжлэгч В-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 01/2017 дугаар Үл хөдлөх худалдах худалдан авах гэрээний дагуу Хятад улсын иргэн В- нь Сонгинохайрхан дүүргийн 000 хороонд байрлах 977 м.кв 0000001дугаар улсын бүртгэлийн дугаартай барилга, 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 01/2017 дугаар Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу Сонгинохайрхан дүүргийн 000 хороонд байрлах 18628308882943 дугаар бүхий 10 000 м.кв талбайтай 5 жилээр эзэмших 000317653 тоот гэрчилгээтэй газрын хамтаар хуульд заасны дагуу худалдан авсан. В-г газар болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлэн авахад тус барилга болон газар дээр хариуцагч “БТХ-” ХХК болон “Б-” ХХК-ийн эзэмшиж үйл ажиллагаа явуулж байсан. Хариуцагч “БТХ-” ХХК болон “Б-” ХХК нь 2017 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөр В- миний өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 000 хороо байрлах 977 м.кв 0000001дугаар улсын бүртгэлийн дугаартай барилга, 18628308882943 дугаар бүхий 10 000 м.кв талбайтай 5 жилээр эзэмших 000317653 тоот гэрчилгээтэй газрыг чөлөөлж хүлээлгэн өгөх байсан ч өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөөгүй бөгөөд худалдан авсан өдрөөсөө эхлэн тус газар болон барилгыг чөлөөлж өгөхийг удаа дараа өөрийн биеэр очиж уулзан гар гэдэг боловч огт чөлөөлж өгдөггүй. Энэ нь Иргэний хуулийн 106 дугаар зүйл 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасан эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байх тул БНХАУ-ын иргэн В- миний өмчлөлийн хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгөхийг хүсч байна. Иймд Хятад улсын иргэн В-гийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 000 хороо байрлах 977 м.кв 0000001дугаар улсын бүртгэлийн дугаартай барилга, 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 01/2017 дугаар Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу Сонгинохайрхан дүүргийн 000 хороонд байрлах 18628308882943 дугаар бүхий 10 000 м.кв талбайтай 5 жилээр эзэмших 000317653 тоот гэрчилгээтэй газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд “Т-” ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...”Т-” ХХК нь “Б-” ХХК-тай 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 01/2015 тоот Зээлийн гэрээ байгуулж, 100 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлж, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 01/2015 тоот Барьцааны гэрээ байгуулж Сонгинохайрхан дүүргийн 000 хороо, МТ ШТС-ийн зүүн талд байрлах 10 000 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг, “БТХ-” ХХК-тай мөн өдөр 02/2015 тоот Зээлийн гэрээ-г байгуулан 100 000 000 төгрөгийн зээлийг 6 сарын хугацаатайгаар олгож 02/2015 тоот Барьцааны гэрээ-г байгуулан тус компанийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 000 хороо, Тахилт /18240/, товчооны зам, 32 тоот хаягт байрлах үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай 977,96 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн 0000001дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалсан. Хариуцагч компаниуд нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул талууд харилцан тохиролцож, дээрх зээлийн болон барьцааны гэрээнүүдийг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн гэрээгээр тус өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл буюу 3 сарын хугацаагаар нэмэлт хугацаа тогтоосон боловч зээлдэгч нар гэрээний үүргээ биелүүлээгүй. “Б-” ХХК, “БТХ-” ХХК нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас барьцааны гэрээний зүйл болох дээрх газрын эзэмших эрх болон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг “Т-” ХХК-д шилжүүлэхээр хүсэл зоригоо илэрхийлэн улмаар талууд харилцан тохиролцож, Иргэний хуулийн 40 дугаар зүйлийн 40.1, 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсэгт заасны дагуу 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 08/2016 тоот Үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн хамт шилжүүлэх гэрээ болон 02/2016 тоот Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулан, хариуцагч нар нь зээлийн барьцаа хөрөнгийг зээлдүүлэгчийн өмчлөлд үл маргах журмаар шилжүүлсэн. “Т-” ХХК нь тус компаниудад тус бүр 100 000 000 төгрөгийг нэмж олгож, 6 сарын хугацаанд төлөх үүргийг хариуцагч нар хүлээсэн бөгөөд энэхүү үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгчийн эзэмшил, өмчлөлд шилжүүлсэн хөрөнгүүдийн өмчлөх эрх нь “Т-” ХХК-д үлдэхээр тохиролцож, хариуцагч компаниуд нь хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн. Ингээд хариуцагч нар нь зээлийн болон нэмэлт гэрээний хугацаанд төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй тул 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 02/2016 тоот Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ болон 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн хамт шилжүүлэх гэрээ-нүүдийн дагуу Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар барьцааны хөрөнгүүдийн захиран зарцуулах эрх “Т-” ХХК-д нээгдэж, өмчлөх эрх нь шилжсэн. Иймд “Т-” ХХК нь БНХАУлсын иргэн В-тай 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, “Т-” ХХК-ийн захиран зарцуулах эрх бүхий Сонгинохайрхан дүүргийн 000 хороо, МТ ШТС-ийн зүүн талд байрлах 10 000 м.кв талбай бүхий газрын эзэмших эрх, Сонгинохайрхан дүүргийн 000 хороо, Тахилт /18240/, товчооны зам, 32 тоот хаягт байрлах үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай 977,96 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн 0000001дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгүүдийг худалдсан. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан Үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ-г үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлж, мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт заасны дагуу уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн үнийг бүрэн төлсөн тул дээрх газар эзэмших эрх, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх нь БНХАУлсын иргэн В-гийн өмчлөлд шилжсэн. Дээрх зүйлээс үндэслэн хууль ёсны дагуу гэрээний үндсэн дээр өмчлөх эрхтэй болсон БНХАУлсын иргэн В- нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг таслан зогсоолгож, уг зөрчлийг арилгуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлсэн байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна, бид нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж гуравдагч этгээдээр оролцож байгаа болно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “БТХ-” ХХК, “Б-” ХХК-ийн хууль бус эзэмшлээс нэхэмжлэгч В- (Wuningbatu)-ын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 000 хороо, Тахилт 18240 товчооны зам гудамж, 32 тоот хаягт байршилтай, 977,96 м.кв талбайтай, улсын бүртгэлийн 0000001дугаарт бүртгэлтэй, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай 10 000 м.кв талбайтай, нэгж талбарын 18628308882943 дугаартай үйлдвэрлэлийн зориулалттай газрыг чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б-” ХХК, “БТХ-” ХХК нараас 140 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 сарын 10-ны өдрийн 184/ШШ2019/02211 тоот шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Сарнай би дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.

“БТХ-” ХХК нь 100 000 000 төгрөгийн зээл авах зорилгоор 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр "Топфинанс" ХХК-тай 02/2015 тоот зээлийн гэрээ, мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 02/2015 тоот барьцааны гэрээ байгуулан, өөрийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, Тахилт/18240/ Товчооны зам 32 тоот 977,96 м2 бүхий үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Мөн “Б-” ХХК нь 100 000 000 төгрөгний зээл авах зорилгоор 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр "Топфинанс" ХХК-тай 01/2015 тоот зээлийн гэрээ, мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 01/2015 тоот барьцааны гэрээ байгуулан, өөрийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, "МТ" ШТС-ийн зүүн талд байрлах 10 000 м.кв талбай бүхии газрын эзэмших эрхийг барьцаалсан болно. "БТХ-" ХХК, "Б-" ХХК нарын "Топфинанс" ХХК-тай байгуулсан 01/2015, 02/2015 тоот зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоход талууд харилцан тохиолцож 2016 оны 4 дүгээр сарын 04-ийн өдөр"Топфинанс" ХХК нь "Б-" ХХК-тай 03/2016 дугаартай "Зээлийн нэмэлт гэрээ", "БТХ-" ХХК-тай 09/2016 дугаартай "Зээлийн нэмэлт гэрээ"-г тус тус байгуулсан бөгөөд тус гэрээний дагуу "Топфинанс" ХХК нь "БТХ-" ХХК, "Б-" ХХК-д тус тус нэмж 100 000 000 төгрөгний зээл олгох, "БТХ-" ХХК, "Б-" ХХК нар нь зээлийг төлж дуусах хүртэл хугацаанд зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэлийг хангах зорилгоор "Б-" ХХК өөрийн эзэмших эрх бүхий "МТ" ШТС-ийн зүүн талд байрлах 10 000 м.кв талбай бүхий газрын эзэмших эрх, "БТХ-" ХХК нь өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, Тахилт/18240/ Товчооны зам 32 тоот 977,96 м2 бүхий үйлдэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг түр "Топфинанс" ХХК-д шилжүүлэх үүргийгтус тус хүлээсэн юм. Уг гэрээнүүд "Үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн хамт шилжүүлэх гэрээ" "Газар эзэмших эрх шилжүүлэх" гэсэн нэртэй боловч үнэн хэрэгтээталуудын хооронд байгуулсан 03/2016, 09/2016 дугаартай зээлийн нэмэлт гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангах, барьцааны гэрээ болохыг талууд хэн хэн нь мэдэж байсан бөгөөд "Топфинанс" ХХК-нь барьцаанд үл хөдлөх хөрөнгө болон газрыг авах, "БТХ-" ХХК, "Б-" ХХК нар нь үл хөдлөх хөрөнгө, болон газрыг барьцаанд тавих хүсэл зоригоо илэрхийлж зээлийн нэмэлт гэрээ байгуулсан юм. Дээрх барьцаанд тавих зорилгоор хийсэн гэрээнүүдийн үндсэн дээр газар эзэмших эрх болон үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх зэрэг нь "Т " ХХК-ны нэр дээр шилжсэн. Гэтэл барьцаанд тавих зорилгоор шилжүүлсэн байхад 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах" тухай №01/2017 тоот гэрээ болон 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн "Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ"-ний үндсэн дээр БНХАУ-ын иргэн В-ын нэр дээр шилжүүлсэн байгаа юм. Иймд тус байдлаар олж авсан газар ашиглах эрхийн гэрчилгээ болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг үндэслэн бидэнд холбогдуулан хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Бидний зүгээс хууль ёсны өмчлөгч болон эзэмшигчийг тогтоосны дараа хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх асуудал шийдэгдэх боломжтой гэж үзсэний үндсэн дээр сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс хэт нэгталыг барьж үндэслэлгүйгээр сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байдаг. Мөн тус маргаанд хариуцагч нарын эрх ашгийг хамгаалахаар Б.Сарнай, Должинсүрэн бид өмгөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд ".... оролцох боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай тул хойшлуулж өгнө үү" гэсэн хүсэлтийг нотлох баримтын хамт хүргүүлсээр байхад 2 өмгөөлөгчийг 2-ууланг нь оролцуулалгүй, хэт нэг талыг барьж, мэтгэлцэх зарчмаар хангалгүйгээр эрх ашгаа хамгаалах боломж олголгүй шүүх хуралдааныг явуулж нэг талыг өмгөөлөгчтэй шүүх хуралдаан оролцох, өмгөөлүүлэх эрхээр хангалгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн шийдвэр гаргасан тул гомдолтой байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

            Нэхэмжлэгч В- нь хариуцагч “БТХ-” ХХК болон “Б-” ХХК нарт холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 000 хороонд байрлах 977 м.кв талбай бүхий, 0000001улсын бүртгэлийн дугаартай барилга, мөн хаягт байрлах 18628308882943 дугаар бүхий 10 000 м.кв талбайтай 000317653 тоот гэрчилгээтэй газрыг тус тус хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

            Гуравдагч этгээд “Т-” ХХК нь хариуцагч нартай 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 01/2015, 02/2015 тоот зээлийн гэрээ байгуулж, тус тус 100 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлж, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 01/2015, 02/2015 тоот барьцааны гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 000 хороо, МТ ШТС-ийн зүүн талд байрлах 10 000 м.кв талбай бүхий газрын эзэмших эрх, Сонгинохайрхан дүүргийн 000 хороо, Тахилт /18240/, товчооны зам, 32 тоот хаягт байрлах үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай 977,96 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн 0000001дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалж, улмаар хариуцагч нар нь гэрээний төлбөрт тооцуулан барьцааны зүйл болох газрын эзэмших эрх болон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж, зээлийн гэрээг дуусгавар болгохоор “Т-” ХХК-тай харилцан тохиролцож, 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 08/2016 тоот Үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн хамт шилжүүлэх гэрээ болон 02/2016 тоот Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулж, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг эзэмших, өмчлөх эрх “Т-” ХХК-д шилжсэн болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

            Улмаар “Т-” ХХК болон В- нарын хооронд 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Сонгинохайрхан дүүргийн 000 хороонд байрлах 977 м.кв талбай бүхий, 0000001улсын бүртгэлийн дугаартай барилгыг худалдаж, мөн 18628308882943 дугаар бүхий 10 000 м.кв талбайтай 000317653 тоот гэрчилгээтэй газар эзэмших эрхийг шилжүүлжээ.

 

Уг гэрээг Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлсэн байх тул мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт заасны дагуу уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн үнийг бүрэн төлсөн тул дээрх газар эзэмших эрх, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх нь БНХАУлсын иргэн В-д шилжсэн болох нь хэрэгт авагдсан 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн “Т-” ХХК-аас Улсын бүртгэлийн ерөнхий газар Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтэст “977.96 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг иргэн В-гийн өмчлөлд шилжүүлж өгнө үү” гэх хүсэлт, тус өдрийн 0000001дугаар улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, гадаадын иргэн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах гэрээний хуулбар болон 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 18628308882943 дугаар бүхий 10 000 м.кв газрыг ашиглах эрхийн гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдсон талаар анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй. /хэргийн 7-10, 1000 тал/

 

            Тодруулбал, “БТХ-” ХХК-аас “Т” ХХК, В- нарт холбогдуулан хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, өмчлөх эрхээ сэргээлгэх нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг шүүх хүлээн авч ...арбитрын журмаар шийдвэрлүүлэх маргаан, хэргийн харьяалал зөрчсөн гэсэн үндэслэлээр 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШЗ2018/08700 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байх ба хариуцагч нараас Монголын олон улсын ба үндэсний арбитрт “Топ финанс ББСБ” ХХК-тай байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл гаргасныг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, арбитрын зардлыг төлөх боломжгүй болсон тул нэхэмжлэлээ татан авч дараа дахин нэхэмжлэл гаргах хүсэлт ирүүлсэн гэсэн үндэслэлээр 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 105 дугаар шийдвэрээр арбитрын ажиллагааг дуусгавар болгосон байна./хэргийн 18-19, 37, 72-74 дүгээр тал/

 

Мөн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/0772 дугаартай шийдвэрээр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны А/146 дугаар захирамжийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн “Газар ашиглах эрх олгох тухай” А/47 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн “Газар ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” А/165 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай “Б-” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 221/МА2018/0034 дугаар магадлалаар хэвээр үлдээжээ./хэргийн 75-100 дугаар тал/

 

Иймээс шүүх дээрх бүртгэлийг Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж зааснаар эргэлзээгүй баримтаар үнэлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй талаар зөв дүгнэсэн байна.

 

            Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

 

            Түүнчлэн, нэхэмжлэгч нь 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс мөн оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШЗ2019/03300 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэж, хариуцагч талд мөн оны 3 дугаар сарын 25-ны өдөр, 4 дүгээр сарын 10-ны өдөр тус тус нэхэмжлэлийн хувийг гардуулж, талуудад эрх үүргийг нь тайлбарлах ажиллагааг хийсэн байна. /хэргийн 1, 12, 14-16, 22 дугаар тал/

 

Гэтэл хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй эсэх тайлбарыг хуульд заасан хугацаанд гаргаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлох баримт гаргаж мэтгэлцэх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

            Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШЗ2019/07966 дугаартай, “Шүүх хуралдааныг хойшлуулж, сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамжид 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр гомдол гаргасныг, мөн оны 7 дугаар сарын 30-ны өдөр хэлэлцэхэд  хариуцагчийн өмгөөлөгч нар оролцсон байна. Улмаар тус хэргийн шүүх хуралдааныг 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 11.00 минутад болохыг хариуцагчийн өмгөөлөгч Б.С-д 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр мэдэгдсэн байна. /хэргийн 196-200, 217-221 дүгээр тал/

 

            Хариуцагчийн өмгөөлөгч Б.С, Г.Д нар нь 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан байгаагаас үзэхэд шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй гэх гомдол үгүйсгэгдэж байна. Шүүх талуудад хурлын товыг утсаар болон мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хариуцагчийн өмгөөлөгч нар нь өөр шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй хэргийн оролцогч болох талаарх баримтгүй, товлогдсон хурлуудын цаг давхцаагүй гэх үндэслэлээр шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хангаагүйг буруутгах үндэслэлгүй.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2019/02211 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                     ШҮҮГЧИД                               Т.ТУЯА

 

                                                С.ЭНХТӨР