Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2021/00429

 

******* /Wuningbatu/-ийн

Нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2019/02211 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1925 дугаар магадлалтай,

******* /Wuningbatu/-ийн нэхэмжлэлтэй,

Бугат тэнгэр говь ХХК,*******-д тус тус холбогдох,

Барилга, газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болоржаргал, хариуцагч нарын өмгөөлөгч Г.Должинсүрэн, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сувд-Эрдэнэ, өмгөөлөгч Д.Нямдорж, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* /Wuningbatu/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...2017.03.30-ны өдөр 01/2017 дугаар Үл хөдлөх худалдах худалдан авах гэрээ-ний дагуу Хятад улсын иргэн Вунингбату (Wuningbatu) нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах 977 м.кв Ү-2201030361 дугаар улсын бүртгэлийн дугаартай барилга, мөн өдрийн 01/2017 дугаар Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ээр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах 18628308882943 дугаар бүхий 10,000 м.кв талбайтай 5 жилээр эзэмших 000317653 тоот гэрчилгээтэй газрын хамтаар хуульд заасны дагуу худалдан авсан. Вунингбату /Wuningbatu/-г газар болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг 2017.03.30-ны өдөр шилжүүлэн авахад тус барилга болон газар дээр хариуцагч******* болон******* эзэмшиж үйл ажиллагаа явуулж байсан. Тус компаниуд 2017.04.09-ний өдрөөр барилга, газрыг чөлөөлж хүлээлгэн өгөх байсан ч өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөөгүй бөгөөд худалдан авсан өдрөөсөө эхлэн тус газар болон барилгыг чөлөөлж өгөхийг удаа дараа өөрийн биеэр очиж уулзан гар гэдэг боловч огт чөлөөлж өгдөггүй. Энэ нь Иргэний хуулийн 106 дугаар зүйл 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байх тул ******* /Wuningbatu/ миний өмчлөлийн хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Топфинанс ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Топфинанс ББСБ ХХК нь*******-тай 2015.05.19-ний өдөр 01/2015 тоот зээлийн гэрээ байгуулж, 100,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлж, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 01/2015 тоот барьцааны гэрээ байгуулж Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, МТ ШТС-ийн зүүн талд байрлах 10,000 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг,*******-тай мөн өдөр 02/2015 тоот зээлийн гэрээг байгуулан 100,000,000 төгрөгийн зээлийг 6 сарын хугацаатайгаар олгож 02/2015 тоот барьцааны гэрээг байгуулан тус компанийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Тахилт /18240/, товчооны зам, 32 тоот хаягт байрлах үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай 977,96 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201030361 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалсан. Хариуцагч компаниуд нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул талууд харилцан тохиролцож, дээрх зээлийн болон барьцааны гэрээнүүдийг 2015.12.18-ны өдрийн гэрээгээр тус өдрөөс 2016.03.18-ны өдрийг хүртэл буюу 3 сарын хугацаагаар нэмэлт хугацаа тогтоосон боловч зээлдэгч нар гэрээний үүргээ биелүүлээгүй.*******,******* нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас барьцааны гэрээний зүйл болох дээрх газрын эзэмших эрх болон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Топфинанс ББСБ ХХК-д шилжүүлэхээр хүсэл зоригоо илэрхийлэн улмаар талууд харилцан тохиролцож, Иргэний хуулийн 40 дугаар зүйлийн 40.1, 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсэгт заасны дагуу 2016.04.04-ний өдөр 08/2016 тоот Үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн хамт шилжүүлэх гэрээ болон 02/2016 тоот газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулан, хариуцагч нар нь зээлийн барьцаа хөрөнгийг зээлдүүлэгчийн өмчлөлд үл маргах журмаар шилжүүлсэн. Топфинанс ББСБ ХХК нь тус компаниудад тус бүр 100,000,000 төгрөгийг нэмж олгож, 6 сарын хугацаанд төлөх үүргийг хариуцагч нар хүлээсэн бөгөөд энэхүү үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгчийн эзэмшил, өмчлөлд шилжүүлсэн хөрөнгөнүүдийн өмчлөх эрх нь Топфинанс ББСБ ХХК-д үлдэхээр тохиролцож, хариуцагч компаниуд нь хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн. Ингээд хариуцагч нар нь зээлийн болон нэмэлт гэрээний хугацаанд төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй тул 2016.04.04-ний өдрийн 02/2016 тоот газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ болон 2016.04.04-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн хамт шилжүүлэх гэрээнүүдийн дагуу Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар барьцааны хөрөнгөнүүдийн захиран зарцуулах эрх Топфинанс ББСБ ХХК-д нээгдэж, өмчлөх эрх нь шилжсэн. Иймд Топфинанс ББСБ ХХК нь БНХАУлсын иргэн Вунингбату /Wuningbatu/-тай 2017.03.30-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Топфинанс ББСБ ХХК-ийн захиран зарцуулах эрх бүхий Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, МТ ШТС-ийн зүүн талд байрлах 10,000 м.кв талбай бүхий газрын эзэмших эрх, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Тахилт /18240/, товчооны зам, 32 тоот хаягт байрлах үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай 977,96 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201030361 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгүүдийг худалдсан. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан Үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлж, мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт заасны дагуу уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн үнийг бүрэн төлсөн тул дээрх газар эзэмших эрх, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх нь БНХАУлсын иргэн Вунингбату /Wuningbatu/-ийн өмчлөлд шилжсэн. Дээрх зүйлээс үндэслэн хууль ёсны дагуу гэрээний үндсэн дээр өмчлөх эрхтэй болсон БНХАУлсын иргэн Вунингбату /Wuningbatu/-ийн нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг таслан зогсоолгож, уг зөрчлийг арилгуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлсэн байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна, бид нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж гуравдагч этгээдээр оролцож байгаа болно гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2019/02211 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч*******,*******-ийн хууль бус эзэмшлээс нэхэмжлэгч Вунингбату (Wuningbatu)-ын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Тахилт 18240 товчооны зам гудамж, 32 тоот хаягт байршилтай, 977,96 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2201030361 дугаарт бүртгэлтэй, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай 10,000 м.кв талбайтай, нэгж талбарын 18628308882943 дугаартай үйлдвэрлэлийн зориулалттай газрыг чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******,******* нараас 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1925 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2019/02211 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч нарын өмгөөлөгч Г.Должинсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүхийн магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасны дагуу шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр гомдол гаргаж байна. Өмгөөлөгч миний бие*******,*******-ийн хариуцагчаар татагдсан тус иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэхээр 2019.07.30-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан өмгөөлөгчөөр, гомдол хэлэлцэх шүүх хуралд оролцсон. Улмаар 2019.08.01-ний өдрөөс 2019.09.01-ний өдөр Сүхбаатар аймагт албан томилолтоор 1 сарын хугацаанд ажиллаж ирсэн. Орон нутагт 1 сарын хугацаатай албан томилолтоор ажилласан учир уг хэргийн материалтай бүрэн танилцах боломжит цаг хугацаа байгаагүй юм. Вунингбату /Wuningbatu/-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн анхан шатны шүүх хурал 2019.09.10-ны өдөр зарлагдсан тухай шүүгчийн туслах 2019.09.05-ны өдөр утсаар мэдэгдсэн бөгөөд өмгөөлөгчийн зүгээс шүүх хурал давхацсан тухайгаа хэлээд, хүсэлт холбогдох баримтын хамт хүргүүлэхээ мэдэгдсэн. Улмаар 2019.09.10-ны өдрийн 11.00 минутад зарлагдсан Вунингбату /Wuningbatu/-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн анхан шатны шүүх хурал нь 2019.09.10-ны өдрийн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон Г.Болдмаад холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралтай давхацсан /шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр товлогдсон/ учир хойшлуулж өгөхийг хүсэж, холбогдох баримтаа хүргүүлсэн. Г.Болдмаад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурлын тов нь Вунингбату /Wuningbatu/-ийн нэхэмжлэлтэй шүүх хурлаас өмнө товлогдсон, мөн эрүүгийн хэргийн шүүх хурал 13.30 минутад зарлагдсан боловч 2 цагийн дотор дуусах магадлал бага учир өмгөөлөгчид түрүүлж зарлагдсан шүүх хуралд оролцож, дараа зарлагдсан хурлаа хойшлуулах хүсэлт хүргүүлдэг. Өмгөөлөгч шүүх хурал давхацсан хүндэтгэн үзэх шалтгаанаа мэдэгдэж, баримтаа хүргүүлсэн байхад хариуцагч талыг оролцуулж, мэтгэлцэх, нотлох баримт шинжлэн судлах боломжоор хангаагүй анхан шатны шүүхийн ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил юм. Дээрх зөрчил нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2. зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэсэн үндэслэлд хамаарч байхад шүүх тус заалтыг баримтлахгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зөрчил гэж үзэж байна. Нэгэнт анхан шатны шүүх хуралд оролцох, мэтгэлцэх, нотлох баримт судлуулах эрхийг хангаагүй анхан шатны шүүх хурлыг үргэлжлүүлсэн учир нэхэмжлэгч талд давж заалдах шатны шүүхэд хэргийн үйл баримт, хууль хэрэглээний талаар мэтгэлцэх, гомдол гаргах эрх байгаагүй юм. Иймд магадлалыг бүхэлд хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* /Wuningbatu/ хариуцагч*******,*******-д холбогдуулан хууль бус эзэмшлээс барилга, газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа, Топфинанс ББСБ ХХК-аас 2017.03.30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн, 20 дугаар хороонд байрлах 977,96 м.кв талбай бүхий барилга, 10,000 м.кв газар эзэмших эрхийг худалдан авсан, хариуцагчид эд хөрөнгийг чөлөөлөхийг мэдэгдсэн боловч чөлөөлөөгүй гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, Топфинанс ББСБ ХХК-аас зээл авч, зээл төлөх хүртэл барьцаа болгож үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжүүлэх гэрээг байгуулсан, ...тус компани нь газрын эзэмших эрх болон барилгыг Вунингбату /Wuningbatu/-д худалдсан нь хууль зөрчсөн, гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргасан гэж маргасан байна.

Энэ хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Топфинанс ББСБ ХХК нь оролцож, нэхэмжлэлийг дэмжсэн тайлбар гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаж хэвээр үлдээсэн байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс гадна зохигчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн, энэ алдааг давж заалдах шатны шүүх засаагүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

а/.Шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй тухай хариуцагч нарын өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2019.09.10-ны өдрийн 11 цагт хийхээр товлож, зарыг зохигч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нарт 2019.09.05-07-ны өдрүүдэд мэдэгджээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Алтангэрэл шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул өмгөөлөгч нарыг оролцуулна гэсэн, хариуцагчийн өмгөөлөгч нар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж, шалтгаанаа өмнө товлогдсон шүүх хуралдаан давхацсан гэж тайлбарлан энэ тухай баримтыг шүүхэд ирүүлсэн нь хэргийн баримтад авагдсан байна.

Шүүгч хариуцагчийн өмгөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэсэн үндэслэл зааж хүсэлтийг хангахгүй орхиж, захирамж гаргаж, хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасантай нийцээгүй байна.

б/.Нэхэмжлэгч Вунингбату /Wuningbatu/ нь Топфинанс ББСБ ХХК-тай 2017.03.30-ны өдөр байгуулсан барилгын өмчлөх эрх, газар эзэмших эрх худалдах гэрээг нэхэмжлэлийн үндэслэл болгожээ.

Уг гэрээний дагуу нэхэмжлэгч Вунингбату /Wuningbatu/ Сонгинохайрхан дүүргийн, 20 дугаар хороо, Тахилт 18240 товчооны зам гудамж, 32 тоот хаягт байршилтай 977,96 м.кв талбай бүхий үйлдвэрлэл-үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2017.03.30-ны өдөр, мөн хаягт байрлах 10,000 м.кв газрын эзэмшигчээр 2017.04.10-ны өдөр тус тус улсын бүртгэлд бүртгэгдэж гэрчилгээ авсан хэдий ч хариуцагч нар тухайн барилга, газрыг бодитоор эзэмшиж байгаа нь зохигчийн тайлбар, хэргийн баримтаар тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч нь барилгын өмчлөх эрх, газар эзэмших эрхийг Топфинанс ББСБ ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр олж авсан атлаа гэрээний зүйлийг худалдагчаас бус хариуцагч компаниудад холбогдуулан шаардаж буй үндэслэл тодорхой бус болжээ.

в/. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй ба нэхэмжлэгч Вунингбату /Wuningbatu/ барилгын өмчлөгч, газрын эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгүүлсэн хэдий ч нэхэмжлэгчийн өмчлөх эрх олж авсан үйл баримтын үндэслэлийн талаар хариуцагч маргасан тохиолдолд шүүх энэ талаарх нөхцөл байдлыг хангалттай, бүрэн тогтоогдсон эсэхийг анхаарах байжээ.

Энэ хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Топфинанс ББСБ ХХК оролцож, хариуцагч*******,*******-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд маргааны зүйл болсон газар эзэмших эрх болон барилгын өмчлөх эрхийг шилжүүлэн авч, улмаар нэхэмжлэгч Вунингбату /Wuningbatu/-д худалдсан гэх тайлбар гаргасан боловч зохигчийн тайлбар, хэргийн баримтаас үзвэл хариуцагч болон гуравдагч этгээдийн хооронд зээлийн болон барьцааны гэрээ, барилгын өмчлөх эрх, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний талаар маргаантай байгаа, маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн гэж үзэх үндэслэл бүрэн тогтоогдоогүй байна.

Тухайлбал, хариуцагч******* болон Топфинанс ББСБ ХХК,******* болон Топфинанс ББСБ ХХК-ийн хооронд 2015.05.19-ний өдөр тус бүр 100,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэй зээлэх, барьцаанд*******-ийн эзэмшлийн газар,*******-ийн барилгыг тус тус барьцаалж, хожим гэрээний хугацааг 2015.12.18-ны өдөр сунгаснаас гадна 2016.04.04-ны өдрийн гэрээгээр нэмж тус бүр 100,000,000 төгрөг зээлж, 6 сараар хугацааг сунгаж, уг гэрээний үүргийг биелүүлэх хүртэл барилга, эзэмшлийн газрыг Топфинанс ББСБ ХХК-ийн өмчлөл болон эзэмшилд шилжүүлэхээр харилцан тохиролцсон гэрээнүүд хэрэгт авагдсан байна.

Харин 2016.04.04-ний өдрөөс хойш зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл тодорхой бус, өөрөөр хэлбэл, үндсэн үүрэг болох зээлийн гэрээний гүйцэтгэлийг талууд хэрхэн баталгаажуулсан, улмаар зээлийн үүргийг барьцааны хөрөнгийг өмчлөл, эзэмшилд шилжүүлснээр үүрэг дуусгавар болгосон тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

Зээлийн гэрээний үүргийг, барьцаа хөрөнгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх замаар буюу үүргийн гүйцэтгэлд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах талуудын хооронд гэрээ байгуулагдсан байж болох хэдий ч зээлдэгч зээлийн гэрээний үүргээ хэрхэн зөрчсөн, зээлдэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийн хэмжээ хэд болох нь тодорхой тогтоогдож, үүнийг хэн аль нь хүлээн зөвшөөрсөн бол барьцааны зүйлийг шилжүүлсэн гэж үзэх ба хэргийн баримтаар ийм үндэслэл тогтоогдсон гэх боломжгүй, үндсэн үүрэг буюу зээлийн гэрээний дагуу хүлээх зээлдэгчийн үүрэг тодорхой бусаас маргаантай байна.

Дээрхээс гадна хариуцагч, гуравдагч этгээдийн хооронд маргаан байгаа талаар хариуцагч нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээдэд хандаж арбитр болон шүүхэд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлд шилжүүлэх болон гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг гаргасан, энэ хэрэгт сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзсан баримтууд хэрэгт авагджээ.

Топфинанс ББСБ ХХК болон Вунингбату /Wuningbatu/ нар маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан тохиолдолд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдэд шаардах эрх үүсэх юм.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын өмгөөлөгчийн гомдлыг хангав.

Шүүх дээрх нөхцөлийг тодруулж, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хариуцагчийн татгалзлын хүрээнд хийвэл зохих дүгнэлтийг хийж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохихыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2019/02211 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1925 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч*******,******* /Б.Мөнхцэцэг/-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Х.СОНИНБАЯР