Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/01394

 

 

 

 

Б--ын иргэн Ү- /Wuningbatu/-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Баясгалан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2022/01655 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б--ын иргэн Ү- /Wuningbatu/-ын хариуцагч Б- ХХК, Б- ХХК-д холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч, гуравдагч этгээдийн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Энхтүвшин, гуравдагч этгээд Т- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Түвшинтамир, түүний өмгөөлөгч Д.Нямдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу Б--ын иргэн Ү- нь Т- ХХК-аас 977,96 м.кв талбайтай, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай, барилга, 10,000 м.кв талбайтай, газар зэргийг хуульд заасны дагуу худалдан авсан. Энэхүү үл хөдлөх хөрөнгийг худалдаж авсан гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлж улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх хууль ёсны дагуу шилжсэн. Б--ын иргэн Ү- нь газар болон үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийг шилжүүлэн авсан боловч тус барилга болон газар дээр хариуцагч нар үйл ажиллагаа явуулж байсан. Ингээд 2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хариуцагч нар газар, үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж хүлээлгэн өгөх байсан ч өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөөгүй. Нэхэмжлэгчийн хувьд худалдан авсан өдрөөсөө эхлэн тус газар болон барилгыг чөлөөлж өгөхийг удаа дараа шаардаж байсан. Иймд нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь маргаан бүхий газрыг худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн. Хариуцагч компаниудын зүгээс гуравдагч этгээдтэй хэд хэдэн зээлийн гэрээг байгуулсан. Хамгийн сүүлд 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр нэмэлт зээлийн гэрээ байгуулж 100,000,000 төгрөг зээлсэн байдаг. Урьд нь зээлийн гэрээтэй холбоотой үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцааны гэрээ байгуулж байсан. Хамгийн сүүлд байгуулсан 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн нэмэлт зээлийн гэрээний гол зорилго нь 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээтэй холбоотой гол нөхцөл хэвээр байсан. Энэ хугацаанд гэрээний үүргийн дагуу бусдад худалдахыг хүлээн зөвшөөрөөгүй. Зээлийн гэрээг баталгаажуулах утгаараа нэмэлт гэрээ байгуулсан гэсэн үг. Үүнтэй холбоотой захиргааны хэргийн шүүх болон арбитрын шүүхээр маргаанаа шийдүүлж, сөрөг нэхэмжлэл гаргах зэрэг үйл баримтууд авагдсан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн байгуулсан гэрээг хууль зөрчсөн гэх үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Иргэний хуульд зааснаар барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хэрхэн хангуулах байсан нь ойлгомжгүй. 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр зээлийн нэмэлт гэрээ байгуулахдаа хариуцагч тал 6,675,000 төгрөгийг зээлийн хүү болон алданги гэх төлөлт хийсэн. Мөн өдөр нэмэлт зээлтэй холбоотой өмнөх зээлийн хүү, алдангид нийт 22,250,000 төгрөг өгсөн. Энэ төлбөрийг хүлээн зөвшөөрч төлсөн баримт байна. Маргаан бүхий газрыг хоёр талаасаа хүү, алданги төлөх замаар зээлийн нэмэлт гэрээ байгуулчихсан. Тухайн үед барьцааны гэрээ биш эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан үндэслэл тогтоогдож байгаа тул мөн хуулийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Гуравдагч этгээдийн тайлбар, татгалзлын агуулга: 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулсан. Хариуцагч компаниуд нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул талууд харилцан тохиролцож, дээрх зээл болон барьцааны гэрээнүүдийг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн гэрээгээр тус өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хүртэл буюу 3 сарын хугацаагаар нэмэлт хугацаа тогтоосон боловч зээлдэгч нар гэрээний үүргээ биелүүлээгүй. Зээлээ төлөхийг удаа шаардсаны дагуу хариуцагч 2 компанийн захирал уулзсан. Ингэхдээ өөрийн эд хөрөнгийг эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлж өгье, өр авлагаа хаая гэдэг яриа гарсан. 6 сарын хугацаа бидэнд хугацаа өгөөч ээ, энэ хугацаанд бид төлбөрөө өгч чадахгүй бол таны өмчлөлд очно гэж хэлж байсан. Ингээд 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхийн хамт шилжүүлэх гэрээ болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулан, хариуцагч нар нь зээлийн барьцаа хөрөнгийг зээлдүүлэгчийн өмчлөлд үл маргах журмаар шилжүүлсэн. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар барьцааны хөрөнгүүдийг захиран зарцуулах эрх манай байгууллагад шилжсэн тул тухайн газрыг зарж борлуулна гэдгээ хэлтэл хариуцагч компаниуд өвлийн улирал байсан тул хөлслөх гэрээ байгуулъя гэсэн. 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулсан. Эхний сарын төлбөрийг төлсөн. Үүнээс хойш хөлслөх гэрээний дагуу төлбөрөө төлөөгүй. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлж, нэхэмжлэгч Ү- нь эд хөрөнгийн үнийг бүрэн төлсөн тул дээрх газар эзэмших эрх, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна гэжээ.

 

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэлгүй тул 18628308882943 нэгж талбарын дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, МТ ШТС-ын зүүн талд байрлах, 10,000 м.кв талбайтай газар, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Тахил /18240/ товчооны зам гудамж, 32 тоот хаягт байрлах, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай, 977,96 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201020261 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг Б- ХХК, Б- ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн Б--ын иргэн Wuningbatu-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

5.а.Шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгуй, талуудын зарчмыг /диспозитив/ зөрчсөн. Үл хөдлөх хөрөнгүүд нь өнөөдрийг хүртэл хариуцагч нарын эзэмшилд байгаа асуудал нь нэхэмжлэгчийг шударга өмчлөгч биш гэж үзэх үндэслэл болохгүй юм. Учир нь: Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т тус тус зааснаар өмчлөх эрх нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ. Нэхэмжлэгч нь тухайн хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Түүнчлэн нэхэмжлэгчийг дээрх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэсэн улсын бүртгэл өнөөдөр хүчин төгөлдөр байхад шүүх улсын бүртгэлийг үнэн зөв гэж үзэх үндэслэл болохгүй гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг худалдаж авах үед уг хөрөнгийн талаар аливаа маргаан байгаагүй, харицагч нар 2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр тухайн хөрөнгийг чөлөөлж өгөхийг зөвшөөрч байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2021/00732 дугаартай шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1019 дугаартай магадлал нь хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүд билээ. Дээрх шийдвэр болон магадлалд нэхэмжлэгчийг маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгч тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй талаар, түүнчлэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 772 дугаартай шийдвэр болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 34 дугаартай магадлалуудаар нэхэмжлэгчийг маргаан бүхий 10.000 м.кв талбай бүхий 000317653 тоот гэрчилгээтэй газрыг хууль ёсоор шилжүүлж авсан, Улсын бүртгэл үнэн зөв байх зарчимд нийцэж байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн билээ.

5.б.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хурээнээс хальсан дугнэлт хийсэн: Барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, гэрчилгээнд тэмдэглэл хийгээгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэх үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхийн хамт шилжүүлэх гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт хийсэн нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан, талуудын мэтгэлцэх зарчим, шүүх хөндлөнгийн байх зарчмыг зөрчсөн, хэт нэг талыг хамгаалсан шийдвэр болсон гэж үзэж байна. Хариуцагч нар нь үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй, улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамааруулан дүгнэлт хийсэн нь хариуцагчид үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж, давуу байдал олгосон, шүүх хөндлөнгийн байх зарчим болон талуудын тэгш эрхийн зарчим алдагдсан гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

6.Гуравдагч этгээдийн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

6.а.Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт тусгагдсан өмчлөгч биш этгээдээс үл хөдлөх эд хөрөнгийн хувьд өмчлөх эрхийг шударгаар олж авах боломжтой ижил боломжийг хөдлөх эд хөрөнгийн хувьд тусгасан. Үл хөдлөх эд хөрөнгийн хувьд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3 дах хэсэг гэсэн тусгайлсан зохицуулалт байгаа нь мөн хуулийн 114 дүгээр зүйлийн заалт зөвхөн хөдлөх хөрөнгөд хамааралтай гэсэн дүгнэлт хийж болохоор байна ... гэж тайлбарлан хэрэглэгдэж, нэгэнт тогтсон ойголт юм. Мөн Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3 дахь хэсэгт ... Эрх шилжүулэгч нь өмчлөгч бус этгээд байсан ч улсын буртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн хувьд уг эрхийг шилжүүлж байгаа этгээд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байх боловч өмчлөх эрх олж авч байгаа этгээд нь уг эрхийг шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг мэдэж байсан бол энэ заалт хамаарахгүй ... гэж заасан бөгөөд эрх шилжүүлэгч буюу өмнөх өмчлөгч Топфинанс ББСБ ХХК нь хууль ёсны дагуу үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрхийн гэрчилгээгээр тухайн үл хөдлөх эд хөрөнгө болон газрын өмчлөгч болох нь хөтөлбөргүй нотлогдож, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн хувьд эзэмшил өөр этгээдэд байгаа болохыг мэдэж байснаас бус Топфинанс ББСБ ХХК-ийн хувьд өмчлөгч биш, өмчлөлийн маргаантай асуудал байхгүй бөгөөд нэхэмжлэгч түүнийг сайн мэдэж байсан юм.Улмаар хариуцагч нар нь гуравдагч этгээдтэй эд хөрөнгө хөлслөх гэрээг байгуулж, мөн эрхийг дараагийн өмчлөгч, ашиглагчид шилжүүлсэн нь хэрэгт авагдсан байримтаар тогтоогдсон байна. Шүүх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзнэ ... гэсэн дүгнэсэн нь илт хууль бус болсон. Газар эзэмших эрхийг шилжүүлсэн, бүртгэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн Захиргааны хэргийн шат шатны шүүхийн шийдвэрүүд хэрэгт авагдсанаас гадна Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.5, 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт заасныг анхааралгүй хууль болон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 93 дугаар зүйлийн 93.1, 93.3, 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт заасныг шүүх анхааран үзсэнгүйд гомдолтой байна.

6.б.Анхан шатны шүүх Топфинанс ББСБ ХХК нь болон Бугат тэнгэр хүч ХХК, Бугат тэнгэр говь ХХК-ийн хооронд 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдаж, хүчин төгөлдөр болж, хэрэгжсэн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн хамт шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх зүйн зохицуулалтыг баримталж дүгнэсэн нь учир дутагдалтай болсон. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн албан бичгээр ... 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн үүрэг дуусгавар болсон хэлцэл, 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн албан бичгээр тус тус барьцааны гэрээ дуусгавар болсон байна гэж мэдэгдсэн байна. Мөн хэрэг авагдсан 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б- ХХК-ийн 2016/02 дугаар албан бичигт тус компани нь Ү-2201030361 тоот үл хөдлөх эд хөрөнгийг Т- ХХК-д шилжүүлж байх тул үл хөдлөх эд хөрөнгийг Т- ХХК-ийн нэр дээр шилжүүлж өгнө үү гэж хүсэл зоригоо илэрхийлсэн нотлох баримтыг шүүхээс огт үнэлээгүй байна.

6.в.Бугат тэнгэр хүч ХХК, Бугат тэнгэр говь ХХК нь Топ финанс ХХК-аас нэмэлт 200,000,000 төгрөг хүлээн авч, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасан өмчлөх эрх шилжүүлэх дээр дурдсан гэрээ хэлцлийг байгуулсан атал зөвхөн 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн зээл, барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн бус журмаар өмчлөх эрхийг шилжүүлэн авч, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийг зөрчсөн гэж гуравдагч этгээдийг анхан шатны шүүх буруутгасан нь талуудын хооронд үүссэн барьцааны гэрээний үүрэг дуусгавар болсон, мөн 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн эд хөрөнгө хөлслөх гэрээний үндсэн дээр хариуцагч нар нь үл хөдлөх хөрөнгүүдийг эзэмшиж, ашиглаж байсан үйл баримтад алдаатай дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн гол үндэслэл нь Т- ХХК болон Бугат тэнгэр хүч ХХК, Бугат тэнгэр говь ХХК нарын хооронд 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 08/2016 тоот үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн хамт шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн хамт шилжүүлэх гэрээтэй холбоотой аливаа шаардлага хариуцагч нар арбитрт хандаагүй, мөн энэ гэрээтэй холбоотой сөрөг шаардлага шүүхэд гаргаагүй атал шүүх гаргаагүй шаардлага, үндэслэлээр дүгнэлт хийж, гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар хэн нэг этгээд тухайн хөрөнгийн талаар маргаагүй буюу эсэргүүцээгүй шаардлага гаргаагүй бол үнэн зөв гэж үздэг боловч хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа тохиолдолд эсэргүүцсэн буюу маргасан гэж үзнэ гэж хууль зүйн илэрхий алдаатай дүгнэлтийг хийсэн.

Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн зүгээс маргаан бүхий хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн болохыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0772 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 34 дугаартай магадлалаар тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй. Захиргааны маргаан нь захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой маргааныг шийдвэрлэдэг гэж захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, магадлалыг буруу үнэлсэн. Дээрх захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, магадлал нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийг маргаан бүхий хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоож шийдвэрлэсэн шийдвэр биш. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасны дагуу улсын бүртгэл өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр учраас үл хөдлөх хөрөнгө, газрын өмчлөгч нь болох Ү- нь хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй, харин хариуцагч Бугат тэнгэр говь ХХК-ийн захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримт байгаа болон хариуцагч нар нь өмчлөх эрхээ Т- ХХК-д шилжүүлсэн гэрээ хэлцэл, түүнтэй холбогдох улсын бүртгэлийн асуудлаар эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлсэн нэг ч нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, ийм төрлийн сөрөг болон бусад шаардлага огт гаргаагүй байхад хариуцагч нарыг хууль ёсны өмчлөгч мэтээр дүгнэсэн шийдвэр гаргаж байгаа нь бүхэлдээ хууль зөрчиж байгаад гомдолтой байна. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр нь өөр хуулийг хэрэглэсэн, мөн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

7.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч нарын өмгөөлөгчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа барилга болон газрыг хариуцагч компаниуд хууль бусаар эзэмшиж байгаа учраас чөлөөлж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг шаардлагад дүгнэл хийхээс өмнө барилга байгууламж болон объект хариуцагч компаниудын эзэмшилд хууль бус байгаа эсэх талаар дүгнэлт хийх шаардлагатай. Мөн гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээг дүгнэх шаардлагатай. Т- ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангах зорилгоор барьцааны гэрээ байгуулсан. 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр зээлийн гэрээг дүгнээд нийт 227,500,000 төгрөгийн зээлийн гэрээний дүн байгаа талаар дүгнэсэн. Тухайн өдрөө талууд эрх шилжүүлэх гэрээ буюу газар объектыг шилжүүлэх гэрээг байгуулсан. Мөн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Өмнө нь байгуулсан зээлийн гэрээг дүгнэж баталгаажуулж гэрээг үргэлжлүүлэн 100,000,000 төгрөгийн нэмэлт зээл авах талаар харилцан тохиролцож зээлийн нэмэлт гэрээг байгуулсан. Зээлийн нэмэлт гэрээний гол нөхцөлд зээлийн өмнөх гэрээний гол нөхцөл хадгалагдаж үлдэхээр тусгасан. Өөрөөр хэлбэл, үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулж дүгнэсэн учраас гэрээ үргэлжлэн байгуулагдсан. Нэмэлт зээлийн гэрээний үүргийг баталгаажуулсны эцэст үүргийн гүйцэтгэлийн хангаж, зээлийн төлбөрийг барагдулахаар тохиролцсон. Зээлийн нэмэлт гэрээ байгуулагдсаны дараа зээлийн гэрээний нийт үнийн дүнг талууд баталгаажуулаагүй. Эрх шилжүүлэх гэрээг үндэслэж худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу нэхэмжлэгчийн өмчлөлд хууль ёсны дагуу шилжсэн. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу хуулийг хэрэглэж тайлбарласан. Зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хэрхэн баталгаажуулсан нь тодорхойгүй. Зээлийн төлбөртэй холбоотой асуудлын үүргийн гүйцэтгэлийг хангахдаа ямар журмаар хангах нь зээлийн гэрээ болон барьцааны гэрээгээр зохиуцуулагдсан. Зээлийн гэрээ болог барьцааны гэрээний үүргийг хангахдаа Ипотекийн тухай хуулийн 177 дугаар зүйлийг баримтлахаар зохицуулсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд шүүхийн журмаар үүргийн гүйцэтгэлийг хангахаар заасан. Мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасан хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна хэрвээ хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгч хэрэгцээ шааардлага үг, үйлдэл, эс үйлдэхүй бусад дүн шинжилгээ хийлгэх замаар тайлбарлана. Гуравдагч этгээд Т- ХХК-ийн зүгээс объектыг худалдахаар сонин болон зарын мэдээнд зар тавьсан гэж хэлсэн. Уг объектыг зарна гэж зар тавьсан байсныг хариуцагч коампаниуд зарыг урж тасдсан гэж тайлбарласан. Үүргийн гүйцэтгэлийг эцсийн байдлаар баталгаажуулж нийт хэдэн төгрөгийг төлбөр гарсан, уг төлбөрийг барьцаа хөрөнгө болон дуудлага худалдаагаар шүүхийн журмаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийн хангуулах хүсэл зориг байсан. Хүсэл зоригийн илэрхийлэл нь 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн нэмэлт гэрээнд тодорхой тусгагдсан. Худалдах худалдан авах гэрээг үндэслэж нэхэмжлэгчийн нэр дээр шилжсэн байгаа учраас эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар арбитрийн шүүхэд хандсан. Эрх зүйн актыг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж байсан. Мөн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахтай холбоотой нэхэмжлэл гаргаж байсан. Дээрх баримтыг үндэслээд нэхэмжлэгч талаас хариуцагч компаниудаас хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Улсын бүртгэлд үнэн зөв бичигдсэн байгаа учраас хууль ёсны өмчлөгч гэж тайлбарласан. Иргэний хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгэгдсэн талаар эсэргүүцсэн тохиолдолд үнэн зөв гэж тооцогдохгүй. Маргаан үүссэн цагаас эрх бүхий байгууллагад хандсан. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүхээс хэргийг хүчингүй болгож маргааныг эцсийн байдлаар шийдвэрлээгүй байгаа. Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасан зохицуулалтыг анхан шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд үндэлэл бүхий шийдвэр гаргасан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

2.Нэхэмжлэгч Ү- /Wuningbatu/ нь хариуцагч Б- ХХК, Б- ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

2.а.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ маргаан бүхий газар, үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээд Т- ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр худалдан авч, үнийг төлж улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн тул хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлнэ гэсэн агуулгаар тодорхойлсныг хариуцагч нар эс зөвшөөрч зээлийн гэрээнд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг гуравдагч этгээд Т- ХХК нь бусдад худалдах эрхгүй тул нэхэмжлэгч өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй гэх үндэслэл заан нэхэмжлэлээс татгалзсан байна.

 

3.Талууд үл хөдлөх эд хөрөнгийн хууль бус эзэмшлийн талаар маргасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгч Ү- /Wuningbatu/, гуравдагч этгээд Т- ХХК-ийн хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

 

3.а.Нэхэмжлэгч Ү- /Wuningbatu/, гуравдагч этгээд Т- ХХК-ийн хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Б- ХХК, Багаттэнгэр хүч ХХК-ийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 4497 дугаар шүүгчийн захирамж хэрэгт авагдсан байна. /2хх-ийн 162-р тал/

 

3.в.Дээрх нөхцөл байдалтай холбоотойгоор хариуцагч нарын өмгөөлөгчөөс 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргасан боловч шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ. /2хх-ийн 170-172-р тал/. Мөн гуравдагч этгээд Т- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь давж заалдах шатны шүүх хуралдаанд тус нөхцөл байдлыг гомдлын үндэслэлээ болгон тайлбарласан.

3.г.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх-ээр зохицуулсан.

3.д.Хэрэв үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжих үндэслэл болсон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдалтай холбоотой иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа бол дээрх хуульд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх нөхцөл бүрдсэн эсэх асуудал хөндөгдөх учиртай. Эсхүл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан нөхцөл байдал байгаа эсэх нь ач холбогдолтой юм.

3.е.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлд нэхэмжилж байгаа эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлохоор зохицуулсан. Гэтэл нэхэмжлэгч Ү- /Wuningbatu/ нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нийт 140,400 төгрөг төлсөн нь дээрх хуулийн зохицуулалтад нийцээгүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.

3.ё.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах ажиллагааг хуульд нийцүүлэн хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах ёстой.

Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийн үйл баримтад дүгнэлт өгч эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2022/01655 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид гуравдагч этгээд Т- ХХК-аас төлсөн 140,400 төгрөг, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс төлсөн 140,400 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Г.ДАВААДОРЖ