Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 54

 

М.Ц-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/01404/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунцэцэг даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  04 дүгээр сарын 05-ны өдрийн 309 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч М.Ц-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.Б-од холбогдох

"74.043.452 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, “22.539.484 төгрөгийн нэр бүхий бодибилдингийн дасгалын төхөөрөмжийн өмчлөгчөөр тогтоолгох, эд хөрөнгөд учруулсан хохирол 882.680 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Нэхэмжлэгч М.Ц-, хариуцагчийн өмгөөлөгч П.Батжаргал нарын давж заалдсан гомдлыг үндэслэн

          Шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Ц-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Батмөнх, хариуцагч Н.Б-, хариуцагчийн өмгөөлөгч П.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч М.Ц-гоос:

....2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хариуцагч Н.Б-, түүний төрсөн дүү Н.Т- нарын хамт миний бие Хятад улс руу фитнессийн тоног төхөөрөмж сонирхох, худалдаж авах зорилгоор явсан.

Хятад улсын Шандун мужийн Дэжу хотын Тианжин Фитнессийн тоног төхөөрөмж ХХК-аас 118.368 юаний 33 нэр төрлийн тоног төхөөрөмж худалдаж авахаар Худалдааны гэрээ байгуулсан. Гэрээний дагуу худалдан авсан тоног төхөөрөмжөөс гадна Монгол улсад ирсний дараа худалдаж авсан тоног төхөөрөмжийн эд материалын үнэ 5.157.890 төгрөг болсон. Гэрээний дагуу худалдаж авсан тоног төхөөрөмжийг Монгол улс руу оруулж ирэхэд гаргасан гааль, тээвэр, замын зардал, Дарханд авч ирсний дараа гаргасан түрээсийн ажлын байрнуудын барьцааны төлбөр, түрээсийн төлбөр, Транскапитал ББСБ-с авсан зээлийн хүү нийт 59.335.928 төгрөг болсон. Хариуцагч нь эд материалыг минь булаан авч өөрийн эд хөрөнгө мэт ашиглаж үйл ажиллагаа явуулж ашиг орлого олж өнөөдрийг хүртэл 3 жилийн хугацаа өнгөрөөд байна.

Иймд иргэн Н.Б-оос Хятад улсаас Худалдааны гэрээний дагуу бүх төлбөрийг нь төлж Монгол Улсад оруулж ирсэн 33 нэр төрлийн фитнесс тоног төхөөрөмжөөс шүүхээс томилогдсон хөрөнгө үнэлгээний Капитал зууч ХХК-ний захирал үнэлгээчин Я.Б-ын үнэлж тогтоосон 29 нэр төрлийн тоног төхөөрөмжийн үнэ болох 63.685.562 төгрөг, гэрээнээс гадна худалдан авсан тоног төхөөрөмж эд материалын үнэ 5.157.890 төгрөг, түрээсийн ажлын байрны барьцааны төлбөр 1.000.000 төгрөг, ажлын байрны түрээсийн 2.000.000 төгрөг, Транскапитал ББСБ-с авсан зээлийн хүү 2.000.000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн төлбөр 200.000 төгрөг нийт 74.043.452 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч Н.Б- нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

...би худалдааны гэрээний дагуу тоног төхөөрөмжийн урьдчилгаа 31.060 юаныг, мөн 50.000 юаныг тус тус төлсөн. ...гааль болон бусад зардлыг би төлсөн... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 Хариуцагч Н.Б- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

...Би өөрийн фитнесс клубт ашиглагдаж байсан хуучин тоног төхөөрөмжөө шинэчлэх зорилгоор анх Голомт банкнаас 40 сая төгрөгийн зээл батлуулж авах гэтэл М.Ц- нь хамтран зээлдэгчээс татгалзаж, уг зээлээ авч чадаагүй. Дахин ХААН банкинд судлуулж, зээлийн гэрээ байгуулан Бодибилдингийн тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар 37 сая төгрөгийг хөрөнгө оруулалтын зээлээр авахдаа эд хөрөнгөө барьцаалан миний аав Н.Н- хамтран зээлдэгчээр гэрээ байгуулж зээл авсан. Дараа нь Голомт банкнаас 11.250.000 төгрөгийн зээл авч, нэмж тоног төхөөрөмж авах зориулалтаар хөрөнгө оруулалтын зээл нэмж авсан. Миний бие Найман шарга нэртэй валют арилжааны газарт очиж 24 сая төгрөгөө юань болгон солиулахад 80.000 юань болсон. Хятадад очоод 46 ширхэг нэр төрлийн бодибилдинг дасгалын тоног төхөөрөмж үзэж өөрт хэрэгтэй гэсэн тоног төхөөрөмжийг авахаар захиалж, тоног төхөөрөмжийн урьдчилгаа үнэ болох 30 хувь 31.060 юань бэлнээр өгсөн, тоног төхөөрөмжөө үйлдвэрлээд бэлэн болсны дараа үлдэгдэл 70 хувийг төлөхөөр тохиролцон миний ажиллуулдаг байсан Макс фитнес клубын нэр дээр гэрээ хийсэн.

Миний бие дараах бодибилдингийн тоног төхөөрөмжүүдийг Н.Б-ын өмч мөн гэдгийг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд: TZ-6001 маркийн суугаа гуяны төхөөрөмж 1 ширхэг 1.193.757 төгрөг, TZ-6002 маркийн суугаа гуяны сунгалтын төхөөрөмж 1 ширхэг 1.193.757, TZ-6013 маркийн гарын 2 толгойн булчингийн төхөөрөмж 1 ширхэг 1.193.757 төгрөг, TZ-6017маркийн суултын төхөөрөмж 1 ширхэг 1.696.812 төгрөг, TZ-6023 маркийн цээж шахалтын вандан 1 ширхэг 479.100 төгрөг, TZ-6042 маркийн тэмээ төхөөрөмж 5 үйлдэлтэй 1 ширхэг 4.192.125 төгрөг, TZ-6044 маркийн хэвтээ хөл 2 хөлний болон толгойн төхөөрөмж 1 ширхэг 1.193.757 төгрөг, TZ-6047 маркийн цээжний эрвээхэй төхөөрөмж 1 ширхэг 1.253.645 төгрөг, TZ-6050 маркийн 3 толгойн гарын булчингийн төхөөрөмж 1 ширхэг 1.193.757 төгрөг, TZ-6063 маркийн дээрээс нуруу татах төхөөрөмж 1 ширхэг 994.132 төгрөг, TZ-8012 маркийн тэгш гар штанг 20 кг, 25 кг, 30 кг, 35 кг, 40 кг нийт 5 ширхэг 583.903 төгрөг, TZ-6060 маркийн цээж шахах төхөөрөмж 1 ширхэг 994.132 төгрөг, 100569 маркийн өргөлтийн штангийн диск 2,5,10,15,20 кг жинтэй 4 иж бүрдэл төхөөрөмж 1.676.850 төгрөг, гүйлтийн зам 2 ширхэг 3.200.000 төгрөг, хөгжим, микрофон, диско гэрэл нь иж бүрдэл бүгд 1.500.000 төгрөг зэрэг 22.539.484 төгрөгийн нэр бүхий бодибилдингийн дасгалын төхөөрөмж болон зарим эд хөрөнгийг миний өмч гэдгийг тогтоож өгнө үү гэжээ.

Миний өмч болох 4 ширхэг гүйлтийн замын хянах самбар, буйдангийн бүрээс, фитнессийн 3 ширхэг тоног төхөөрөмжийн сандлын бүрээсийг хайчаар урж тастсан зэргийн хохирол болох 882.680 төгрөгийн хохирол учирсан мэргэжлийн үнэлгээний газраас гаргасан эд хөрөнгөд учирсан хохирлын төлбөр 882.680 төгрөгийг Ц-гоос гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

 Нэхэмжлэгч М.Ц- сөрөг нэхэмжлэлд өгсөн хариу тайлбартаа:

...Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Н.Б- 37 сая төгрөгийн зээл авахаасаа өмнө ХААН банкинд 10 гаруй сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан бөгөөд энэ үлдэгдлээ төлж дахин зээл авахын тулд Б.Б-эс 4 сая төгрөг, С.М-оос 2 сая төгрөг, н.Д-, н.М-гээс 5 сая төгрөг, Д.Д-аас 2 сая төгрөг гэх мэт 13 сая төгрөг зээлэн авч 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр банкны зээлийн үлдэгдэл 10.713.792 төгрөгийг төлж хааснаар 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ХААН банкнаас 37 сая төгрөгийн зээлийг авсан юм. Ингээд зээлж авсан 37 сая төгрөгөөсөө 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр эдгээр хүмүүст буцаан төлсөн. Энэ нь Н.Б-ын дипозит хуулганаас харагдана. 

М.Ц- миний бие 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Н.Б- болон түүний дүү Н.Т-тай хамт Хятад улс руу тоног төхөөрөмж судлахаар явахад би Худалдаа хөгжлийн банкны 403140853 тоот данснаас 15 сая төгрөгийг 48000 юань харин Н.Б- дансандаа байсан 12 сая төгрөгийг 38.400 юань болгон солиулж авч явсан. Би бүх зардлыг даасан. 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Тианжин ХХК-тай худалдах, худалдан авах TZWTZYL2015020 тоот гэрээ байгуулж гэрээний урьдчилгаа 30% болох 31,060 юань буюу 9.721.780 төгрөгийг миний бие М.Ц- төлсөн учир мөнгө төлсөн хүний зүгээс М.Ц- нь гарын үсэг зурж нөгөө тал тамга тэмдэг дарж, гарын үсэг зурж баталгаажуулсан юм.

Н.Б- тайлбартаа Макс фитнес нэртэй миний ажиллуулдаг ТББ-ын нэр дээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж бичжээ. Тианьжин ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Н.Б- нь ямар ч ТББ байгуулаагүй албан ёсны тамга тэмдэг үгүй байсан.

Н.Б- авч явсан мөнгөнөөсөө дүүдээ 600 юань өгч, дүү нь Бээжинд үлдсэн бөгөөд өөрөө үлдэгдэл 37,800 юаньтайгаа буцаж ирсэн. Н.Б- нь намайг дагуулж явж газар үзүүлж, лангуунд бараа авсан гэж бичжээ. Дархан их дэлгүүрийн лангуу нь АНУ-аас ирсэн гутал цүнх зардаг зориулалттай. АНУ-аас миний төрсөн дүү М.Ц-, охин М- нар бараагаар хангадаг.

2 дахь удаагийн явалт буюу төлөлт хийхэд М.Ц- би 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Мөнгөн гүүр-ээр 70 хувийн төлөлт болох 87,308 юанийг шилжүүлэхэд Н.Б- өөрт байсан 37,800 юанийг нэмэрлэсэн. Мөнгөн гүүрээр нэг хүн өдөрт 50,000 юаниас дээш мөнгө гуйвуулга хийх боломжгүй гэхэд 3 хэсгээр буюу 50,000 юань, 21,253 юань, 16,253 юань болгож гуйвуулахдаа М.Ц- би бүх баримтыг өөрийн гараар үйлдэж 50,000 юань дээр Н.Б-ын гарын үсгийг зуруулсан юм. М.Ц- миний бие тоног төхөөрөмж авахад Хятад улсаас 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр урьдчилгаа 30 хувь буюу 31,060 юань- 9.721.780 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 70 хувь төлөхөд 49,508 юань буюу 15.592.544.6 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Трансматор 150 юань, 47.250 төгрөг, камер 350 юань буюу 119.700 төгрөг, диско гэрэл 450 юань буюу 147.750 төгрөг, микрофон 480 юань буюу 151.200 төгрөг, Монгол улсаас 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гүйлтийн зам 3.000.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр LG брэндийн систем хөгжим 999.990 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хаяг хийлгэсэн үнэ 300.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр толины хүрээ 100.000 төгрөг, цагаан хуулга 48.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр лед гэрэл 100.000 төгрөг, өдрийн гэрэл 120.000 төгрөг, супер цоож 30.000 төгрөг, Гааль тээврийн зардал 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Тээврийн гэрээ /Дэжоу-Эрээн/ 6,800 юань буюу 2.142.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тээврийн зардал /Эрээнээс Замын-Үүд/ 3,800 юань буюу 1.193.200 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гаалийн хяналтын бүсийн төлбөр 5000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гаалийн бүрдүүлэлт 94.000 төгрөг, орчуулга 6.000 төгрөг, Гаалийн татвар 989.430 төгрөг, Гаалийн төлбөр 993.030 төгрөг, Түрээсийн байрны барьцаа 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 3 давхрын барьцаа 1.000.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 4 давхрын барьцаа 500.000 төгрөг, Байрны түрээсийн төлбөр 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 3 давхарын түрээсийн төлбөр 2.000.000 төгрөг, Транскапитал ББСБ-ын зээлийн төлбөрийг тус тус төлсөн болох нь нотлох баримтаар нотлогддог.

Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. М.Ц- миний бие улаан өнгийн Солонгос ледрин 5 метрийг 30.000 төгрөгөөр худалдан авч Боос савхи ХХК-ийн оёдолчин С.О-аар эсгүүр хийлгэж оёулж шинэчилсэн. Ажлын хөлс 180.000 төгрөгөнд нь 3 сар үнэгүй спиннинг, аэробект явуулсан. Ингэж солихдоо хар өнгийн бүрээсийг хуулж авсан. Н.Б-ын нэхэмжилж байгаа бандан сандлуудад ямар нэгэн эвдрэл гэмтэл хохирол учраагүй хар өнгийн бүрээстэйгээ үлдсэн одоо хэвийн ашиглагдаж байгаа. Н.Б-ын клубдээ тавьж байсан буйдангийн бүрээс хуучирч муудсан, сэмэрсэн, цоорсон, хиртсэн, үзэмжгүй байсан тул М.Ц- би бор өнгийн ледрин, парлон, шруп, хадаас, кноп зэргийг 54.000 төгрөгөөр худалдан авч, Ray салоны оёдолчин С.Туяагаар цоо шинэ буйдан болгон оёулсан. Ажлын хөлсөнд 180.000 төгрөгт 3 сар үнэгүй спиннинг, аэробект явуулсан. Одоо буйданг Н.Б- хэрэглэж байгаа гэжээ.

             Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 309 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8, 101 дүгээр зүйлийн 101.1, 497 дугаар зүйлийн 497.1-т заасныг баримтлан хариуцагч 22.530.195,7 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Ц-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 51.513.256,3 төгрөгт холбогдох хэсгийг, 22.539.484 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, эд зүйлсийн өмчлөгч болохыг тогтоолгох, эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохирол 882.680 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 603.780 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253.274 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Б-оос 270.601 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Ц-д олгож,

Тус шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 5990 дугаартай шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай захирамж нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч М.Ц- давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн авч танилцаад эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Нэг. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг бүрэн тодруулсны үндсэн дээр Иргэний хуулийн 106, 108 болон 489 дүгээр зүйлийн аль нь болохыг зөв хэрэглэх ёстой байсан.

Хоёр. Анхан шатны шүүх хариуцагч Н.Б-ийн төлсөн төлбөрийг 50,000 юань гэж үзэхдээ Мөнгөн гүүр ББСБ-ын мөнгөн гуйвуулгын баримт, гэрч Г-ий мэдүүлэгийг тус тус үнэлсэн. Харин хэргийн материалд байгаа Мөнгөн гүүр ББСБ-ын нийтэд мэдэгдсэн анхааруулга /2-р хх-94/, 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 56 тоот шинжээчийн дүгнэлт /2-р хх-44/ зэрэг нотлох баримтыг харьцуулан дүгнэж, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Мөн гэрч Г-ийн мэдүүлэгт дурдсан 10.000.000 төгрөг нь хэрхэвч 50,000 юань хүрэхгүй бөгөөд нэхэмжлэгч М.Ц-гийн тайлбарт дурдсан 37,800 юань байж болохоор байна. Өөрөөр хэлбэл хариуцагч Н.Б- 50,000 юанийг төлсөн гэх төлбөрийн эх үүсвэрийг бүрэн нотолж чадаагүй.

Харин тоног төхөөрөмжүүдийг 3 жил гаран хариуцагч Н.Б- ашиглаж ашиг олсон. Фитнесийн тоног төхөөрөмж нь хадгалах, ашиглах хугацаа удаан тул үнэлгээ өндөр байдаг. Тиймээс нэхэмжлэгч үнэлгээ хийлгүүлэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шинжээч томилсон. Улмаар 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр Н.Б-ийн эзэмшил, ашиглалтад байгаа тоног төхөөрөмжийн үнэ 63.685.562 төгрөг болсон. Энэ бол одоо байгаа зах зээлийн үнэ бөгөөд нэхэмжлэгч М.Ц- нь энэхүү үнэлгээгээр өөрт ногдох хэсгийн үнийг гаргуулахаар шаардаж болно.

Гурав. Нэхэмжлэгч нь 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр түрээсийн барьцаа төлбөр төлсөн баримт, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр, 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр түрээсийн төлбөр төлсөн баримт, 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр, 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Транскапитал ББСБ-д зээл төлсөн баримт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч шүүх хэргийн материалд оруулалгүй тусгаарласан. Дээрх баримтыг шүүхэд гаргаж өгсөн нь 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1374 дүгээр шүүх хуралдааны тэмдэглэл /3-р хх- 68/-д бүрэн тусгагдсан байдаг. Өөрөөр хэлбэл талуудын гаргаж өгсөн баримтуудыг хавтаст хэрэгт бүрэн оруулах бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т зааснаар үндэслэх хэсэгт дээрх нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заах ёстой. Гэтэл шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж дээрх баримтуудыг үнэлээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү  гэв.

            Хариуцагчийн өмгөөлөгч П.Батжаргал давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн авч танилцаад эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2015.09.23-ны өдрийн урьдчилгаа 31,060 юань гэсэн мөнгө тушаагч гэсэн утгатай англи бичиглэл байхгүй, 2015.11.03-ны өдрийн 6800 юань төлсөн гэх хятад хэл дээрх баримт дээр мөнгө тушаагч гэсэн утгатай хятад бичиглэл байхгүй байхад нэхэмжлэгч М.Ц- нь уг баримтуудын доод хэсэгт гарын үсгээ зурсан байдлаас харахад гарын үсгээ сүүлд нөхөж зурсан гэх үндэслэлтэй байгаа тул гарын үсэг, бичигт кримналистикийн шинжээч томилуулах тухай хүсэлтийг удаа дараа гаргасан боловч шүүх хүсэлтүүдийг удаа дараа хэрэгсэхгүй болгож байсан. Гэтэл анх шатны шүүх шийдвэр гаргахдаа М.Ц-гийн гарын үсэг бүхий 31,060 юань, 6800 юань төлсөн баримтуудыг нотлох баримтын хэмжээнд үнэлж дүгнэлт гаргахдаа гэрч Н.Т-ын 3 удаагийн Ц- өөрийнхөө мөнгөнд Бээжингээс брэндийн цүнх, хувцас авсан. Замын зардал, хоол, буудалд Ц- мөнгө гаргаагүй, Б- ах мөнгө гаргаж байсан” гэх мэдүүлгийг үнэлэлгүйгээр дүгнэлт гаргасанд гомдолтой байна. Түүнчлэн нэхэмжлэгч Т.Ц- нь хариуцагчтай хамт явж байхдаа хариуцагчийн баримтууд өөр дээр нь байсныг ашиглан шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө гарын үсэг зурсан нь тодорхой байхад тээвэр, гааль болон бусад зардалд 10.881.736 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй шийдвэр болсон. Учир нь уг зардлыг зарцуулж, нэхэмжпэгч, хариуцагчийн хэн аль нь тоног төхөөрөмж авчирсан тул 50, 50 хувиар хариуцах ёстой. Иймд хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн 10.881.736 төгрөгийн 50 хувь буюу 5.440.860          төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Түрээсийн ажлын байрны барьцаа 1.000.000 төгрөгийг хариуцагч авч хэрэглээгүй, уг барьцааг буцааж авах боломжтой ба уг байранд нэхэмжлэгч М.Ц- адилхан үйл ажиллагаа явуулж байсан тул барьцааны мөнгийг хариуцагчаас гаргуулсан нь үндэслэлгүй юм. Иймд хариуцагчаас гэрээний дагуу худалдан авсан тоног төхөөрөмжийн үнэ 33,810 юань буюу 10.648.459 төгрөгөөс 9.752.840 төгрөгийг, Эрээн Монголоос худалдан авсан эд зүйл болон бусад зардалд нийт 10.881.736 төгрөгийн 50 хувь буюу 5.440.860 төгрөгийг, түрээсийн ажлын байрны барьцаа 1.000.000 төгрөг буюу нийт 16.193.700 төгрөгийг хариуцагчаа гаргуулахаар анхан шатны шүүх үндэслэлгүй шийдвэрлэсэн тул давж заалдах гомдол гаргаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 16.193.700 төгрөгийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү  гэв.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч М.Ц- хариуцагч Н.Б-од  холбогдуулан 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа 23.077.127,75 төгрөгийн үнэ бүхий  25 нэр төрлийн тоног төхөөрөмж  гаргуулахаар  \1 дүгээр хавтас 1 дүгээр тал\ , 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тоног төхөөрөмжийг Н.Б-од үлдээж түүний үнэ, гааль, тээвэр, хоол, унаа, ажлын байрны барьцаа, түрээс банкны хүү нийт  34.499.089 төгрөг гаргуулахаар \ 2 дугаар хавтас, 218 дугаар тал\, 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн  шаардлагаа 29 нэр төрлийн фитнесийн тоног төхөөрөмжийн үнэ 63.685.562 төгрөг, гэрээнээс гадна худалдаж авсан тоног төхөөрөмжийн үнэ 5.157.890 төгрөг, ажлын байрны барьцааны төлбөр 1.000.000, ажлын байрны түрээсийн төлбөр 2.000.000 төгрөг,  Транскапитал ББСБ-аас авсан зээлийн хүү 2.000.000 төгрөг үнэлгээ хийлгэсэн зардал  200.000 төгрөг  нийт 74.043.452 төгрөг  гаргуулах гэж тодруулсан байна.

            Хариуцагч Н.Б- нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрснөөс гадна  М.Ц-д холбогдуулан 22.539.484 төгрөгийн үнэ бүхий 15 нэр төрлийн тоног төхөөрөмжийн өмчлөгч  болохыг тогтоолгох,  эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд  882.680 төгрөг  гаргуулахаар  сөрөг нэхэмжлэл гаргасан  байна.

            Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг өмчлөх эрх, дундын өмчлөлийн харилцаанаас үүссэн маргаан гэж дүгнээд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 108 дугаар зүйлийн 108.8-д заасныг баримтлан нэхэмжлэлийн зарим  хэсгийг хангаж, хохирол нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон  нэхэмжлэлийн зарим хэсгийг  хэрэгсэхгүй болгож,  шийдвэрлэжээ.

            Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч М.Ц-, хариуцагчийн өмгөөлөгч П.Батжаргал  нар давж заалдах журмаар  гомдол  гаргасан  байна.

            М.Ц-, Н.Б- нар 2015 оны  9 дүгээр сарын 17-нд  Хятад улс руу  фитнесийн тоног төхөөрөмж  худалдан авахаар  явсан, 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Шандун хотын Тианжин Фитнесийн тоног төхөөрөмжийн ХХК-тай худалдааны гэрээ байгуулж, 47 нэр төрлийн тоног төхөөрөмжийг 118.368 юаниар \37.219.434,60 төгрөг\ авах  ингэхдээ  31060  юанийг \ 9.721.780 төгрөг \урьдчилан төлж  үлдэх   87308  юанийн \27.497.654 төгрөг\ төлбөрийг тээвэрлэлт хийгдэхийн өмнө төлөхөөр  тохиролцсон үйл баримт  тогтоогдсон  энэ талаар  маргаангүй  байна.

            Зохигчид нь хамтран ажиллах зорилготой байсан эсэх талаар болон тоног төхөөрөмжийн  үнийг  төлсөн  талаар маргажээ.

            Нэхэмжлэгч М.Ц- нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “хамтран  ажиллахаар тохиролцсон, хөрөнгө мөнгө гаргаж цогц клуб байгуулахаар  шийдсэн”  гэж  хариуцагч Н.Б- “газар үзэнгээ  өөрийнхөө лангууны барааг авчрах зорилгоор надтай хамт явсан”  гэж  тус тус  тайлбарласан байна.

            Иргэний хуулийн  476 дугаар зүйлийн  476.1-т  Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд  хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад  тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд  хамтран ажиллах үүрэг хүлээнэ, Хамтран ажиллах гэрээг амаар буюу бичгээр байгуулж болохоор  зохицуулсан. Хамтран ажиллах гэрээний талууд нь гэрээгээр хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төрөл болон зорилгоо тодорхойлох үүрэгтэй. Талууд  хамтын  ажиллагаанд  хэрхэн оролцох талаар  харилцан тохиролцоонд хүрч чадаагүй бол гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ гэж   Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.3-т заасан тул гишүүний оролцооны хэлбэрийг   тодорхойлох асуудал нь энэхүү гэрээний гол нөхцөл  болдог учиртай.

            Нэхэмжлэгч М.Ц-  тайлбартаа “...маргалдах  хүртэл бидний данс тооцоо  тус тусдаа байсан...”  гэж дурдсанаас үзвэл хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх хуулийн үндэслэлгүй байна.

            Зохигчдын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх  үндэслэлгүй боловч Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар түүний зөрчигдсөн эрхийг хамгаалах нь  хуульд заасан шударга ёсны зарчимд  нийцнэ.

            Энэ талаар  Иргэний хуулийн  492 дугаар зүйлийн  492.1.1-т “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд  үүрэг үүсээгүй  эсхүл үүрэг нь  хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” тохиолдолд  буцаан шаардах  эрхтэй гэж заасан байх тул нэхэмжлэгч хариуцагч нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн   үндэслэлээр нэхэмжлэлийн  шаардлага гаргах эрхтэй.

            Маргааны зүйл болох фитнесийн 29 нэр төрлийн тоног төхөөрөмжийг  хариуцагч Н.Б- эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж байгааг зохигч нар үгүйсгээгүй  болно.

            Тоног төхөөрөмжийн нийт үнэ 118.368  юань буюу 37.219.434 төгрөгийн  68.368  юань буюу 21.467.552 төгрөгийг М.Ц-,  50.000 юань буюу  15.700.000 төгрөгийг  Н.Б-  төлсөн болох нь Мөнгөн гүүр ББСБ-ын мөнгөн гуйвуулгын баримт  болон  худалдагч талын мөнгө хүлээн авсан баримтаар, Монголоос худалдан авсан   тоног төхөөрөмж эд зүйлсийн  үнэ 5.157.890 төгрөгийг  М.Ц-  төлсөн  болох нь М.Ц-гийн гарын үсэг бүхий баримтаар тус тус тогтоогдсон тул   М.Ц-гоос гарсан мөнгөний хэмжээгээр Н.Б-ыг үндэслэлгүйгээр  хөрөнгөжсөн гэж  үзнэ.

            Байрны түрээсийн төлбөр болон түрээсийн барьцааны төлбөрт төлсөн  1.000.000 төгрөг + 2.000.000 төгрөг нэхэмжилснийг  хангах  боломжгүй. Зохигчид нь  2015 оны  11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан “байр талбайн  түрээсийн  гэрээ”-ний түрээслэгч  ба уг гэрээ хүчин төгөлдөр гэрээ байх тул гэрээний дагуу төлөгдсөн төлбөрийг  Н.Б- хариуцахгүй, “Транскапитал” ББСБ-аас авсан зээлийг М.Ц- захиран зарцуулж, ашигласан  учир мөн  хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч хариуцагч нар нь  өөр өөрсдийн гаргасан  мөнгөний эх үүсвэртэй холбоотой  баримтыг  ирүүлсэн хэдий ч  энэ нь  дээрх  баримтыг  үгүйсгэхгүй юм.

            Шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны  өдрийн 56 дугаар дүгнэлтэд “Мөнгөн гүүр ББСБ-аар Хятад улс руу шилжүүлсэн 50000 юанын мөнгөн гуйвуулгын баримтыг бөглөсөн бичгийн хэвийг  М.Ц- бичсэн байна гэжээ. Энэ нь бичгийн хэв хэнийх вэ? гэдгийг тогтоосон болохоос биш М.Ц-гоос 50000 юань  шилжүүлсэн  гэснийг  тогтоосон дүгнэлт биш болохыг дурдах нь зүйтэй.

            Нэхэмжлэгч нь тоног төхөөрөмжийн үнэд 63.685.562 төгрөгийн шаардлагын үндэслэлээр “Капитал зууч” ХХК-ийн хийсэн хөрөнгийн үнэлгээг заасан мөн тоног төхөөрөмжийг 3 жилийн турш  үйл ажиллагаа явуулж,  ашиг олсон  гэж  тодорхойлжээ.

            Маргааны зүйл болох тоног төхөөрөмжийг худалдан авахад талууд харилцан  мөнгө  төлсөн нь  тогтоогдсон  байхад   “Капитал зууч”  ХХК-ийн   хөрөнгийн  үнэлгээний хэмжээгээр болон 3 жилийн хугацаанд ашиг олсон гэх үндэслэлээр нэхэмжлэлийн  шаардлагыг  бүхэлд нь хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

            Өөрөөр хэлбэл зохигчдын хооронд үүргийн харилцаа  үүсээгүй  нөхцөлд  хохирол болон  олсон,  олох байсан  ашиг  тооцох  боломжгүй  болно.

            Иймд  анхан шатны шүүхийн шийдвэрт  дээрх үндэслэлтэй холбоотойгоор  хууль хэрэглээний  буюу  Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн  492.1.1-т зааснаар ,төлбөрийн хэмжээг болсон үйл баримт, нотлох баримтад тулгуурлан М.Ц- нь нийт  118.368 юань буюу 37.167.552 төгрөгөөс 21.719.434 төгрөг, монголоос авсан тоног төхөөрөмжийн үнэ 5.157 .890 төгрөг, үнэлгээ хийлгэсэн зардал 200.000 төгрөг нийт  26.877.324 төгрөг төлсөн, үүнийг Н.Б-оос гаргуулахаар өөрчлөлт оруулж   байна.

            Нэхэмжлэгч М.Ц-гоос шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй, харин хэрэгт авагдсан нотлох баримтаар  шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хэргийг шийдвэрлэх  боломжтой  гэж  үзэж дээрх өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэв.

            Хариуцагч Н.Б-  нь  нэхэмжлэгчид холбогдуулан 15 нэр төрлийн тоног төхөөрөмжийн  өмчлөгчөөр тогтоолгох, эд хөрөнгөд учирсан хохирол гаргуулах  тухай сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүх  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон  ба  шүүхийн уг шийдвэрт  хариуцагч гомдол гаргаагүй, түүний  өмгөөлөгчийн  давж заалдсан гомдолд энэ талаар дурдаагүй учир  шүүхийн  шийдвэрийн энэ хэсгийг зөвшөөрсөн гэж үзнэ, мөн өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр16.193.700 төгрөгийн төлбөрөөс хасах  хуулийн  үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн  дүгнэлээ 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ний өдрийн 309 дүгээр шийдвэрийн  тогтоох хэсгийн  1 дүгээр  заалтыг,

“Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн  492.1.1-т зааснаар хариуцагч Н.Б-оос 26.877.324  төгрөг гаргаж, нэхэмжлэгч М.Ц-д олгож, нэхэмжлэлээс  47.166.128  төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй  болгож,  Иргэний хуулийн  106 дугаар зүйлийн  106.1, 497  дугаар зүйлийн  497.1-т зааснаар хариуцагч Н.Б-ын   М.Ц-д холбогдуулан 22.539.484 төгрөгийн үнэ бүхий 15 нэр төрлийн тоног төхөөрөмжийн өмчлөгчөөр тогтоолгох, эд хөрөнгөд учирсан хохирол 882.680 төгрөг  гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй  болгосугай” гэсэн өөрчлөлт,  тогтоох хэсгийн 2 дугаар заалтын “270.601” гэснийг “292.336” гэж өөрчилж“, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээж,  хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй  орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 415.520 төгрөгийг  шүүгчийн захирамжаар гаргаж буцаан олгож, хариуцагчаас төлсөн 238.919 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

                  

                                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.ОЮУНЦЭЦЭГ

                                                          ШҮҮГЧИД                                    Л.АМАРСАНАА

                                                                                                               С.ЭНХЖАРГАЛ