Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 467

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 135/2016/01404/и

     Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг би даргалж, шүүгч Д.Оюундарь, М.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 18 дугаар байр 23 тоотод оршин суух, Сутай овгийн Моломын Цогзолбоо /РД:ТЗ72040466, утас: 9937 9355/-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дархан Уул аймаг, Дархан сум, 4 дүгээр баг, 22 дугаар хороолол 15 дугаар байр 89 тоотод оршин суух, Харгачин овгийн Ножоогийн Буян-Орших /РД:ТГ75110576, утас: 9905 0670/-д холбогдох

23.077.127 төгрөгийн үнэ бүхий 25 нэр төрлийн тоног төхөөрөмж, эд зүйл гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, 22.539.484 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, эд зүйлсийн өмчлөгч болохыг тогтоолгох, эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 882.680 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Цогзолбоо, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Цагаандарь, хариуцагчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.

                                                                             ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч М.Цогзолбоо шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие М.Цогзолбоо нь 2000 оноос эхлэн идэвхитэй хөдөлгөөн аэробекийн чиглэлээр бүх нийтийг идэвхитэй хөдөлгөөнд хамруулж, нийгэмд эрүүл уур амьсгал бүрдүүлж, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Н.Буян-Оршихтой 2008 онд танил болох үед Н.Буян-Орших нь ямар ч фитнесс клуб ажиллуулдаггүй байсан. 2010 оноос Н.Буян-Орших бид 2 нэг байранд тус тусдаа өөр өөрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Ингээд дотно танилцаж хааяа манайхаар ирж очдог болсон. Танилцсанаас хойш маргалдах хүртэл бидний данс тооцоо тус тусдаа байсан. 2015 онд бид хамтран ажиллахаар тохиролцож хөрөнгө мөнгө гаргаж цоо шинэ цогц клуб байгуулахаар шийдэн фитнесийн тоног төхөөрөмж судалсны үндсэн дээр 2015 оны 09 дүгээр сарын 17-нд Хятад улс руу Н.Буян-Оршихын төрсөн дүү Н.Түвшинбатыг хэлмэрчээр дагуулан гурвуулаа явсан. Ингээд Хятад улсын Шандун хотын Тианжин фитнесийн тоног төхөөрөмжийн компанитай 118.368 юаны 47 нэр төрлийн тоног төхөөрөмж авахаар худалдах худалдан авах гэрээг 9 сарын 23-ны өдөр хийж урьдчилгаа 30 хувь болох 31.060 юань буюу 9.721.780 төгрөгийг М.Цогзолбоо миний бие төлж, мөнгө төлсөн баримтад 2 тал гарын үсгээ зурсан. Гэрээнд зааснаар 20 хоногийн дараа үлдэгдэл 70 хувь болох 87.308 юаныг буюу 27.497.654.60 төгрөгийг Мөнгөн гүүрээр гуйвуулсаны дагуу Тианжин тоног төхөөрөмжийн компаниас бидний захиалсан төхөөрөмжүүдийг 0000045 дугаартай тээврийн гэрээ байгуулан тээврийн хөлсөнд 6800 юань буюу 2.142.000 төгрөг авч ачуулсан. Тоног төхөөрөмж худалдах худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл 70 хувийн төлөлт 27.497.654.60 төгрөг төлөхөөс М.Цогзолбоо миний бие 17.803.493 төгрөгийг төлсөн. Мөн Цогзолбоо миний бие замын зардал, хоол буудалд 4.495.943.5 төгрөг, гааль тээвэрт 7.316.460 төгрөгийг төлсөн. Эрээн хотоос камер, микрофон, диско гэрэл, трансформатор, Монголоос гүйлтийн зам, хөгжим, хаяг, толины хүрээ, цагаан хуулга, супер цоож, өдрийн богино лед гэрэл, лед болон бөөрөнхий гэрэл нийт 4,697,990 төгрөгийн эд зүйлийн төлбөрийг төлж авсан юм. Ингээд бид Сувдан алх компанийн 3 болон 4 давхарыг түрээсэлж түрээсийн урьдчилгаа 1.500.000 төгрөгийг мөн миний бие төлсөн. Үйл ажиллагаа дөнгөж эхэлсэний дараа бидний харилцаа муудан, үл ойлголцол бий болж, миний итгэлийг эвдэн цаашид хамтран ажиллах боломжгүй болсон. Ингээд 3 давхарт фитнессийн тоног төхөөрөмж байрлуулж тохижуулсан ажлын байрнаас Н.Буян-Орших намайг хүчээр хөөж гаргасан. М.Цогзолбоо миний үнийг нь төлж худалдан авсан тоног төхөөрөмжүүдийг ажлын байрнаас Н.Буян-Орших одоог хүртэл 1 жил гарангийн хугацаанд өөрийн юм шиг ашиглаж эзэмшин орлого олж байна. Энэ талаар өөрт нь хэлсэн боловч хэл үгээр доромжлон өгөхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд Н.Буян-Оршихоос суугаа гуяны төхөөрөмж 1 ширхэг, суугаа хөл сунгалтын төхөөрөмж 1 ширхэг, гарын толгойн булчингийн төхөөрөмж 1 ширхэг, суултын төхөөрөмж 1 ширхэг, цээж шахалтын вандан 1 ширхэг, тэмээ төхөөрөмж 5 үйлдэл 1 ширхэг, хэвтээ хөл 2 толгой төхөөрөмж 1 ширхэг, цээж эрвээхэй төхөөрөмж 1 ширхэг, гарын 3 толгойт булчингийн төхөөрөмж 1 ширхэг, гар штанг 5 ширхэг, 6 хавчуургатай 4 өнгийн диск, цээж өргөн шахалтын төхөөрөмж 1 ширхэг, нуруу дээрээс татах төхөөрөмж 1 ширхэг, хяналтын камер, микрофон, диско гэрэл, транформатор, гүйлтийн зам 2 ширхэг, LG брендийн хөгжим, толины хүрээ, цагаан хуулга, супер цоож, лед өдрийн богино гэрэл, лед бөөрөнхий гэрэл, Fitness хаяг, хяналтын камер зэргийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Буян-Орших шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар хариуцагчаар татагдсан Н.Буян-орших миний бие нэхэмжлэгч М.Цогзолбоогийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хувийг гардан авч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, дараах байдлаар няцаалт өгч үгүйсгэж байна. Нэхэмжлэлийн хувийг гардан авсанаар нэхэмжлэлийг уншиж маш худал үндэслэлгүй зүйл бичсэн байна. Тэгээд ч хэдэн төгрөгийн үнэтэй тоног төхөөрөмж нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан нь буруу байна. Нэхэмжлэлд дурдаад байгаа тоног төхөөрөмжийн үнэлгээг албан ёсоор гаргаагүй байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан нь буруу. Намайг тоног төхөөрөмж өгөхгүй байна гэж бичсэн байна. Гэтэл энэ эд хөрөнгө тоног төхөөрөмж миний өмч байхад М.Цогзолбоо өөрийн өмч мэтээр бичсэн байна. Түүний өмч гэдгийг тогтоосон ямар ч баримт, шийдвэр байхгүй байхад ингэж дураараа аашилж хүний өмч, хөрөнгө рүү халдаж болохгүй. Энэ тоног төхөөрөмжийг миний бие худалдан авсан талаарх нотлох баримт байгаа. Миний бие Хятад улсын Шандуйн хотын Тианжин фитнессийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг компанитай очиж уулзан тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ хийсэн бөгөөд тэр үед өөрийн биеэр тоног төхөөрөмжөө сонгож түүнийг фото зургаар бэхжүүлэн гэрээндээ тусгасан юм. Энэ үедээ 31.000 юань буюу 9.672.000 төгрөгийн урьдчилгааг өгсөн. Энэ мөнгийг авч явахын тулд би өөрийн эзэмшлийн 2 өрөө байрыг ХААН банкны салбарт хөрөнгө оруулалтын зээлийн барьцаанд тавьж нийт 27 сая төгрөгийн зээл авсан бөгөөд түүнийгээ Хятад улс руу явах гэж байгаа тул 81.000 юань болгон солиулан бэлнээр авч явсан юм. Гэтэл энэ мөнгийг М.Цогзолбоо өөрөө гаргасан мэтээр шүүхийн байгууллагыг хуурч мэхлэн нэхэмжлэл гаргасан байна. Миний бие тухайн гэрээнд заагдсан тоног төхөөрөмжийг бүрэн үнийг төлж авах гэтэл загвар бүрээс нэг ширхэг зөвхөн үзэсгэлэнгийн зориулалтаар байсан тул урьдчилгаа 30 хувь буюу 9.672.000 төгрөгийг төлөөд үйлдвэрлэгдсэний дараагаар нь бүтээгдэхүүнийг нийлүүлж, хүлээн авсаны дараагаар үлдэгдэл мөнгийг нь шилжүүлэхээр тохиролцсон юм. Тухайн үед танилцаад хамтран амьдарч байсны хувьд М.Цогзолбоог газар үзэнгээ өөрийнхөө лангууны барааг авч ирэх зорилгоор надтай хамт явсан юм. Энэ тоног төхөөрөмжийг худалдан авах гэрээг Макс фитнес нэртэй миний ажиллуулж байсан төрийн бус байгууллагын нэр дээр байгуулсан. Хэрэв түүний өөрийнх нь мөнгө байсан бол юу гэж миний төрийн бус байгууллагын нэр дээр гэрээ байгуулах билээ. Өөрийнхөө нэрээр л гэрээ байгуулна шүү дээ. М.Цогзолбоо нь надтай хамт явж өөрийнхөө мөнгөөр авсан барааг Дархан их дэлгүүрийн 5 давхарт байрлах гутал, цүнхний тасагтаа авч ирж зарсан юм. Энэ хүнтэй танилцахаас өмнө миний бие фитнесс клубыг ажиллуулдаг байсан. Түүнийхээ хуучирсан тоног төхөөрөмжийг шинэчлэх зорилгоор зээлж авсан юм. Би Хятад улс руу явахдаа солиулсан юанаас үлдсэн 38.700.000 төгрөгийг бэлэнээр авч ирсэн. Дараа нь гэрээний нэг тал болох Тианжин компани нь тоног төхөөрөмж бэлэн болсон талаар мэдээ ирүүлсэний дагуу Хятадын Эрээн хот руу явж үлдэгдэл 70 хувь буюу 51.000 юаныг би өөрийн биеэр Мөнгөн гүүр нэртэй гадаад валютын гуйвуулгын газраар тухайн компани руу шилжүүлсэн баримт нь миний гарын үсэгтэй байгаа. Мөн гүйлтийн 2 замыг миний бие Улаанбаатар хотоос өөрийн мөнгөөр бэлнээр Кибер спорт барааны дэлгүүрээс 3.200.000 төгрөгөөр худалдаж авсан. Харин ч М.Цогзолбоо нь миний өмчлөлийн тоног төхөөрөмжийг эвдэж сүйтгэж надад их хэмжээний хохирол учруулсан гэжээ.

Хариуцагч Н.Буян-Орших шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Би өөрийн фитнесс клубт ашиглагдаж байсан хуучин тоног төхөөрөмжөө шинэчлэх зорилгоор анх Голомт банкнаас 40 сая төгрөгийн зээл батлуулж авах гэтэл М.Цогзолбоо нь хамтран зээлдэгчээс татгалзаж, уг зээлээ авч чадаагүй. Дахин ХААН банкинд судлуулж, зээлийн гэрээ байгуулан Бодибилдингийн тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар 37 сая төгрөгийг хөрөнгө оруулалтын зээлээр авахдаа зээлийн барьцаанд Дархан-Уул аймаг дахь ТЗ-ын 15 дугаар байрны 2 өрөө орон сууц, өөрийн эзэмшлийн хүнд даацын авто кран, бодибилдингийн хуучин тоног төхөөрөмж зэрэг эд хөрөнгөө барьцаалан миний аав Н.Ножоо хамтран зээлдэгчээр гэрээ байгуулж зээл авсан. Тэр үед нэгэнт өвөл болсон, нөгөө талаар аавын минь бие гэнэт муудаж 2-3 удаа хагалгаанд орж хүндэтгэн үзэх шалтгаан гарсан, мөн хэлмэрч, газарчин болох дүү Н.Түвшинбат шанхайд суралцаад ирэх боломжгүй байсан учраас Хятад улс руу явж бодибилдингийн шинэ тоног төхөөрөмж захиалах ажил хойшлогдсон. Дараа нь Голомт банкнаас 11.250.000 төгрөгийн зээл авч, нэмж тоног төхөөрөмж авах зориулалтаар хөрөнгө оруулалтын зээл нэмж авсан. Миний бие Найман шарга нэртэй валют арилжааны газарт очиж 24 сая төгрөгөө юань болгон солиулахад 80.000 юань болсон. Хятадад очоод 46 ширхэг нэр төрлийн бодибилдинг дасгалын тоног төхөөрөмж үзэж өөрт хэрэгтэй гэсэн тоног төхөөрөмжийг авахаар захиалж, тоног төхөөрөмжийн урьдчилгаа үнэ болох 30 хувь 31.060 юань бэлэнээр өгсөн, тоног төхөөрөмжөө үйлдвэрлээд бэлэн болсны дараа үлдэгдэл 70 хувийг төлөхөөр тохиролцон миний ажиллуулдаг байсан Макс фитнес клубын нэр дээр гэрээ хийсэн. Миний бие 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Төгсбуян орших аавынхаа өгсөн нэрээр 5 гишүүнтэй төрийн бус байгууллага байгуулан үйл ажиллагаа явуулж байтал надтай урьд нь хамтран ажилладаг байсан М.Цогзолбоо нь данс тооцоо барьдаг байсан. Гэтэл миний ХААН банкны төлөлт хийгээгүйгээс болж хэрүүл, маргаан эхэлсэн. М.Цогзолбоо нь над руу дайрч давшлан, хэл амаар доромжлон намайг орлого бизнесгүй болгох, найз нөхөд, үйлчлүүлэгчгүй болгохын тулд хорлон сүйтгэх ажиллагаа явуулж ажлын нэр хүнд, нэр төрд минь халдаж эхэлсэн. 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр М.Цогзолбоо нь миний үйл ажиллагаагаа явуулж байсан фитнес төвд ирж 3 ширхэг зам, хянах самбар, зөөлөвчтэй 2 ширхэг буйдан сандал зэргийг хутгаар урж эвдэж цаашид ашиглах боломжгүй болгосон. Фитнесийн үйл ажиллагааг хэрхэн явуулдаг туршлагыг надаас суралцаж цаашид бие дааж үйл ажиллагаа явуулах боломжтой гэж М.Цогзолбоо үзсэнээр тусдаа үйл ажиллагаа явуулах болсон юм. Энэ талаар Цагдаагийн газарт өргөдөл гаргасан боловч 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 16 тоот тогтоолоор хамтран амьдарч байсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан юм. М.Цогзолбоо нь миний 24 сая буюу 80.000 юаньд худалдан авсан тоног төхөөрөмжүүдийг өөрийн мөнгөөр авсан гэж худал бичиж надаас миний өмчийг гаргуулах нэхэмжлэл гаргасан байдаг. Харин ч миний хувьд дээрх тоног төхөөрөмжүүдийг өөрийн өмч гэдгийг тогтоолгохоор өмчлөл тогтоолгох нэхэмжлэл гаргаж байна. Үндэслэл нь би 80.000 юань худалдаж авсан. Үүнээс дасгалын тоног төхөөрөмжийн урьдчилгаа 30 хувь буюу 9.721.780 төгрөгийг би төлж үлдэгдэл мөнгөнөөсөө хоол, унаа, замын зардалд зарцуулсан бусад мөнгийг буцааж авч ирж хадгалж байгаад, найз нөхөд, эгчээс мөнгө нэмж үлдэгдэл 70 хувь буюу 50.000 юанийг гэрээний дагуу Хятадын компани руу шилжүүлсэн.

Харин Хятад руу М.Цогзолбоо хамт явъя гэж гуйгаад Бээжингээс гутал, цүнх авч ирэх шаардлагатай байна хэл ам мэддэг хүнтэй явж байгаа юм чинь гэсэн. Миний дүү Н.Түвшинбат хэлмэрчээр явсан. Тухайн үед М.Цогзолбоо үйлдвэр дээр нь очсон үедээ ийм сайхан төхөөрөмж захиалгаар хийдэг үйлдвэр байдаг юм уу би нэгэнт ирсэн дээрээ TZ-7009 маркийн спиннинг дугуй 15 ширхэг нийт 6.887.062 төгрөгийн, TZ-8004 маркийн гантель, туухай 72 кг нийт 191.160 төгрөгийн бүгд 7.078.222 төгрөгийн төхөөрөмж захиалсан. Мөн иогийн хувцас хэрэглэл нийт 3.757.416 төгрөгийн хувцас эд зүйлс барааг худалдахаар худалдан авсан. Үлдэгдэл мөнгөндөө гутал, цүнх худалдан авч Дархан их дэлгүүрийн 5 давхарт байрлах өөрийн лангуундаа тавьж худалдагчаараа заруулж байсан. Энэ болгоныг хамт явсан дүү минь гэрчилнэ. Би гүйлтийн зам 2 ширхэгийг Улаанбаатар хот руу Кiber sport shop дэлгүүрээс нэг бүрийг нь 1.600.000 төгрөгөөр улаан бүрээс 50.000 төгрөгөөр, бүгд 3.250.000 төгрөгөөр худалдаж авсан. М.Цогзолбоо нь өөрийнхөө шилжүүлсэн болон авч явсан мөнгийг зөвхөн өөрийн хэрэгцээнд зориулан эд зүйл худалдан авсан байтлаа миний худалдан авсан дасгалын тоног төхөөрөмжийг өөрийн мөнгөөр авсан мэтээр хүмүүсийг төөрөгдөлд оруулж худал үнэмшилгүй зүйл бичиж байгаад харамсаж байна. М.Цогзолбоо нь миний худалдан авсан тоног төхөөрөмжүүдээс аль үнэ шингэсэн одоо хүний хэрэгцээнд чухалаар хэрэглэгдэж байгаа төхөөрөмжүүдийг авах гэсэн оролдлого хийж байна. Сөрөг нэхэмжлэлд түүний надтай маргаан үүсгэсэн тоног төхөөрөмжүүдийн талаар өмчлөл тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Тиймээс миний бие дараах бодибилдингийн тоног төхөөрөмжүүдийг Н.Буян-оршихын өмч мөн гэдгийг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд: TZ-6001 маркийн суугаа гуяны төхөөрөмж 1 ширхэг 1.193.757 төгрөг, TZ-6002 маркийн суугаа гуяны сунгалтын төхөөрөмж 1 ширхэг 1.193.757, TZ-6013 маркийн гарын 2 толгойн булчингийн төхөөрөмж 1 ширхэг 1.193.757 төгрөг, TZ-6017 маркийн суултын төхөөрөмж 1 ширхэг 1.696.812 төгрөг, TZ-6023 маркийн цээж шахалтын вандан 1 ширхэг 479.100 төгрөг, TZ-6042 маркийн тэмээ төхөөрөмж 5 үйлдэлтэй 1 ширхэг 4.192.125 төгрөг, TZ-6044 маркийн хэвтээ хөл 2 хөлний болон толгойн төхөөрөмж 1 ширхэг 1.193.757 төгрөг, TZ-6047 маркийн цээжний эрвээхэй төхөөрөмж 1 ширхэг 1.253.645 төгрөг, TZ-6050 маркийн 3 толгойн гарын булчингийн төхөөрөмж 1 ширхэг 1.193.757 төгрөг, TZ-6063 маркийн дээрээс нуруу татах төхөөрөмж 1 ширхэг 994.132 төгрөг, TZ-8012 маркийн тэгш гар штанг 20 кг, 25 кг, 30 кг, 35 кг, 40 кг нийт 5 ширхэг 583.903 төгрөг, TZ-6060 маркийн цээж шахах төхөөрөмж 1 ширхэг 994.132 төгрөг, 100569 маркийн өргөлтийн штангийн диск 2,5,10,15,20 кг жинтэй 4 иж бүрдэл төхөөрөмж 1.676.850 төгрөг, гүйлтийн зам 2 ширхэг 3.200.000 төгрөг, хөгжим, микрофон, диско гэрэл нь иж бүрдэл бүгд 1.500.000 төгрөг зэрэг 22.539.484 төгрөгийн нэр бүхий бодибилдингийн дасгалын төхөөрөмж болон зарим эд хөрөнгийг миний өмч гэдгийг тогтоож өгнө үү гэжээ.

Мөн 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр М.Цогзолбоо нь миний ажлын байранд орж ирэн зарим тоног төхөөрөмж, эд зүйлсийг эвдэж сүйтгэн намайг эд хөрөнгөөр минь хохироосон энэ талаар тухайн үед цагдаагийн газарт өргөдөл өгч шалгуулсан боловч бие биенээ таних хамтын амьдралтай гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан юм. М.Цогзолбоогийн гаргаж байсан үйлдэл нь 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 14 тоот Прокурорын байгууллагаас өгсөн мэдэгдэх хуудас, 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр цагдаагийн газарт гаргасан өргөдөл тодорхойлолт зэргээс тогтоогдсон болно. Миний өмч болох 4 ширхэг гүйлтийн замын хянах самбар, буйдангийн бүрээс, фитнессийн 3 ширхэг тоног төхөөрөмжийн сандлын бүрээсийг хайчаар урж тасдсан зэргийн хохирол болох 882.680 төгрөгийн хохирол учирсан мэргэжлийн үнэлгээний газраас гаргасан эд хөрөнгөд учирсан хохирлын төлбөр 882.680 төгрөгийг Цогзолбоогоос гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч М.Цогзолбоо сөрөг нэхэмжлэлд өгсөн хариу тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Н.Буян-Орших ХААН банкнаас 37 сая төгрөг зээлж, 24 сая төгрөгөөр нь 80.000 юань худалдан авч, маргаж байгаа тоног төхөөрөмжүүдийг худалдан авсан гэжээ. Энэ нь ор үндэсгүй худал зүйл бөгөөд дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэнэ. Н.Буян-Орших 37 сая төгрөгний зээл авахаасаа өмнө ХААН банкинд 10 гаруй сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан бөгөөд энэ үлдэгдлээ төлж дахин зээл авахын тулд Б.Бат-Эрдэнээс 4 сая төгрөг, С.Мөнхболдоос 2 сая төгрөг, н.Дулмаа, н.Мягмарсүрэнгээс 5 сая төгрөг, Д.Дарханбаатараас 2 сая төгрөг гэх мэт 13 сая төгрөг зээлэн авч 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр банкны зээлийн үлдэгдэл 10.713.792 төгрөгийг төлж хааснаар 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ХААН банкнаас 37 сая төгрөгийн зээлийг авсан юм. Ингээд зээлж авсан 37 сая төгрөгөөсөө 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр эдгээр хүмүүст буцаан төлсөн. Энэ нь Н.Буян-оршихын дипозит хуулганаас харагдана. Мөн энэ зээлээсээ 2015 оны 09 дүгээр сард урагшаа Хятад улс руу явах хүртэлх хугацаанд буюу 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 9 сарын хугацаанд зээлийн төлөлт 9.122.400 төгрөгийг төлсөн байна. Мөн энэ хугацаанд аавынх нь биеийн байдал муу байсан учир удаа дараа эрчимтэй эмчилгээ хийлгүүлж байсан. Эмчилгээний зардал нь өндөр байдаг байсан. Зөвхөн 1 уураг хийлгэхэд 1 сая төгрөг болдог байсан. Миний бие Дархан хотноо 2000 оноос эхлэн идэвхтэй хөдөлгөөн фитнесс аэробекийн чиглэлээр өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн, олон үйлчлүүлэгч гишүүдтэй учир Улаанбаатар хотод шинээр нээгдэж байгаа клубууд шиг сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй тохилог, хүмүүсийн сонирхоод байгаа төрөл, иог, спиннинг гэх мэтчилэн олон дасгал хөдөлгөөний сонголттой цоо шинэ фитнесс клуб Дархан хотдоо байгуулах тухайгаа байнга ярьж судалж тооцоо гаргаж байсан. М.Цогзолбоо миний бие 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Н.Буян-Орших болон түүний дүү Н.Түвшинбаттай хамт Хятад улс руу тоног төхөөрөмж судлахаар явахад би Худалдаа хөгжлийн банкны 403140853 тоот данснаас 15 сая төгрөгийг 48000 юань харин Н.Буян-Орших дансандаа байсан 12 сая төгрөгийг 38.400 юань болгон солиулж авч явсан. Би бүх зардлыг даасан. 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Тианжин ХХК-тай худалдах, худалдан авах TZWTZYL2015020 тоот гэрээ байгуулж гэрээний урьдчилгаа 30% болох 31,060 юань буюу 9,721,780 төгрөгийг миний бие М.Цогзолбоо төлсөн учир мөнгө төлсөн хүний зүгээс М.Цогзолбоо нь гарын үсэг зурж нөгөө тал тамга тэмдэг дарж, гарын үсэг зурж баталгаажуулсан юм.

Н.Буян-Орших тайлбартаа Макс фитнес нэртэй миний ажиллуулдаг ТББ-ын нэр дээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэж бичжээ. Тианьжин ХХК-тай худалдах худалдан авах гэрээ байгуулсан 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Буян-Орших нь ямар ч ТББ байгуулаагүй албан ёсны тамга тэмдэг үгүй байсан.

Н.Буян-Орших авч явсан мөнгөнөөсөө дүүдээ 600 юань өгч, дүү нь Бээжинд үлдсэн бөгөөд өөрөө үлдэгдэл 37,800 юаньтайгаа буцаж ирсэн. Н.Буян-Орших нь намайг дагуулж явж газар үзүүлж, лангуунд бараа авсан гэж бичжээ. Дархан их дэлгүүрийн лангуу нь АНУ-аас ирсэн гутал цүнх зардаг зориулалттай. АНУ-аас миний төрсөн дүү М.Цогзолмаа, охин Мөнхгэрэл нар бараагаар хангадаг. Тэгээд ч миний орлого олж байгаа үндсэн ажил минь фитнесс аэробик бөгөөд үүнийгээ өргөжүүлэх зорилгоор Хятад улс руу явсан. Энэ том зорилгоосоо ухарч лангуу мэтийн жижиг зүйл рүү мөнгө үрэхгүй нь ойлгомжтой. 2 дахь удаагийн явалт буюу төлөлт хийхэд М.Цогзолбоо би 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Мөнгөн гүүр-ээр 70 хувийн төлөлт болох 87,308 юанийг шилжүүлэхэд Н.Буян-Орших өөрт байсан 37,800 юанийг нэмэрлэсэн. Мөнгөн гүүрээр нэг хүн өдөрт 50,000 юаниас дээш мөнгө гуйвуулга хийх боломжгүй гэхэд 3 хэсгээр буюу 50,000 юань, 21,253 юань, 16,253 юань болгож гуйвуулахдаа М.Цогзолбоо би бүх баримтыг өөрийн гараар үйлдэж 50,000 юань дээр Н.Буян-Оршихын гарын үсгийг зуруулсан юм. М.Цогзолбоо миний бие тоног төхөөрөмж авахад Хятад улсаас 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр урьдчилгаа 30 хувь буюу 31,060 юань- 9,721,780 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 70 хувь төлөхөд 49,508 юань буюу 15,592,544.6 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Трансматор 150 юань, 47,250 төгрөг, камер 350 юань буюу 119,700 төгрөг, диско гэрэл 450 юань буюу 147,750 төгрөг, микрофон 480 юань буюу 151,200 төгрөг, Монгол улсаас 2015 оны 11 дүгээр сары 04-ний өдөр гүйлтийн зам 3,000,000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр LG брэндийн систем хөгжим 999,990 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хаяг хийлгэсэн үнэ 300,000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр толины хүрээ 100,000 төгрөг, цагаан хуулга 48,000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр лед гэрэл 100,000 төгрөг, өдрийн гэрэл 120,000 төгрөг, супер цоож 30,000 төгрөг, Гааль тээврийн зардал 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Тээврийн гэрээ /Дэжоу-Эрээн/ 6,800 юань буюу 2,142,000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тээврийн зардал /Эрээнээс Замын-Үүд/ 3,800 юань буюу 1,193,200 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гаалийн хяналтын бүсийн төлбөр 5000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гаалийн бүрдүүлэлт 94,000 төгрөг, орчуулга 6,000 төгрөг, Гаалийн татвар 989,430 төгрөг, Гаалийн төлбөр 993,030 төгрөг, Түрээсийн байрны барьцаа 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 3 давхарын барьцаа 1,000,000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 4 давхарын барьцаа 500,000 төгрөг, Байрны түрээсийн төлбөр 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 3 давхарын түрээсийн төлбөр 2,000,000 төгрөг, Транскапитал ББСБ-ын зээлийн төлбөрийг тус тус төлсөн болох нь нотлох баримтаар нотлогддог.

Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. М.Цогзолбоо миний бие 2 ширхэг гүйлийн зам худалдан авахад урамшуулалд нь 2 ширхэг гүйлтийн замны хянах самбар өгсөн. Н.Буян-Оршихын клубдээ хэрэглэж байсан 2 гүйлтийн замны хянах самбар эвдэрсэн учир М.Цогзолбоо би урамшуулалд нь авсан хянах самбараа өгч солиулсан. Энэ солиулсан самбараа буцаан авсан. Н.Буян-Оршихын клубдээ хэрэглэж байсан налуу хэвтээ шахалтын бандан сандал, цээж урдаас шахалтын бандан сандал, цээж дээрээс шахалтын бандан сандал, хэвлийн шахалтын бандан сандал, суугаа шахалтын бандан сандлууд нийт 5 ширхэг анх хар өнгийн бүрээстэй байсан. Үүнийг М.Цогзолбоо миний бие улаан өнгийн Солонгос ледрин 5 метрийг 30.000 төгрөгөөр худалдан авч Боос савхи ХХК-ийн оёдолчин С.Отгонбаяраар эсгүүр хийлгэж оёулж шинэчилсэн. Ажлын хөлс 180.000 төгрөгөнд нь 3 сар үнэгүй спиннинг, аэробект явуулсан. Ингэж солихдоо хар өнгийн бүрээсийг хуулж авсан. Н.Буян-Оршихын нэхэмжилж байгаа бандан сандлуудад ямар нэгэн эвдрэл гэмтэл хохирол учраагүй хар өнгийн бүрээстэйгээ үлдсэн одоо хэвийн ашиглагдаж байгаа. Н.Буян-Оршихын клубдээ тавьж байсан буйдангийн бүрээс хуучирч муудсан, сэмэрсэн, цоорсон, хиртсэн, үзэмжгүй байсан тул М.Цогзолбоо би бор өнгийн ледрин, парлон, шруп, хадаас, кноп зэргийг 54.000 төгрөгөөр худалдан авч, Ray салоны оёдолчин С.Туяагаар цоо шинэ буйдан болгон оёулсан. Ажлын хөлсөнд 180.000 төгрөгт 3 сар үнэгүй спиннинг, аэробект явуулсан. Одоо буйданг Н.Буян-Орших хэрэглэж байгаа гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч М.Цогзолбоо нь хариуцагч Н.Буян-Оршиход холбогдуулан 23.077.127 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, эд зүйлс гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Н.Буян-Орших нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, 22.539.484 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, эд зүйлсийн өмчлөгч болохыг тогтоолгох, эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 882.680 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

Нэхэмжлэгч М.Цогзолбоо, хариуцагч Н.Буян-Орших нар нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг 13 дугаар хороо 41 дүгээр байрны оффис үйлчилгээний төвийн 3 дугаар давхарын талбайг түрээслэн, БНХАУ-аас фитнессийн тоног төхөөрөмж, эд зүйлс худалдан авч, фитнесс клуб хамтран ажиллуулах талаар харилцан тохиролцож, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2-т зааснаар хамтран ажиллах гэрээг амаар байгуулсан болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан худалдааны гэрээ /хх 12/, Н.Буян-Орших, М.Цогзолбоо нарын Ч.Батжаргалтай 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан байр талбайн түрээсийн гэрээ /хх 198-202/ зэрэг баримтаар тогтоогдож байна.

Зохигчид 2015 оны 09 дүгээр сард хамтын үйл ажиллагаагаа эхэлж, 2015 оны 12 дугаар сард амаар байгуулсан хамтран ажиллах гэрээг цуцалж, хамтын ажиллагааг дуусгавар болгосон нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

Талууд хамтран ажиллах зорилгоор БНХАУ-ын Шандун хотын Тианжин фитнессийн тоног төхөөрөмж ХХК-аас суугаа гуяны төхөөрөмж 1 ширхэг, суугаа хөл сунгалтын төхөөрөмж 1 ширхэг, гарын толгойн булчингийн төхөөрөмж 1 ширхэг, суултын төхөөрөмж 1 ширхэг, цээж шахалтын вандан 1 ширхэг, тэмээ төхөөрөмж 5 үйлдэл 1 ширхэг, хэвтээ хөл 2 толгой төхөөрөмж 1 ширхэг, цээж эрвээхэй төхөөрөмж 1 ширхэг, гарын 3 толгойт булчингийн төхөөрөмж 1 ширхэг, гар штанг 5 ширхэг, 6 хавчуургатай 4 өнгийн диск, цээж өргөн шахалтын төхөөрөмж 1 ширхэг, нуруу дээрээс татах төхөөрөмж 1 ширхэг, TZ-6024 босоо налуу вандан 2 ширхэг, TZ-6025 гарын 2 толгойт булчин, TZ-6026 нуруу гэдийлт төхөөрөмж 1 ширхэг, TZ-6027 хэвлийн вандан 2 ширхэг, TZ-6030 цээж тэгш налуу вандан 1 ширхэг, TZ-6031 тэгш вандан 1 ширхэг, TZ-6051 суултын төхөөрөмж 1 ширхэг, TZ-6062 цээж шахах төхөөрөмж 1 ширхэг, TZ-6064 нуруу урдаас татах төхөөрөмж 1 ширхэг, TZ-6066 хөл гуяны жийлт төхөөрөмж 1 ширхэг, TZ-8011 гар штанг 5 ширхэг, .... штангын гол 2 ширхэг, 1*28 таталтын олс 2 ширхэг, 1*6 таталтын бариул 2 ширхэг, .... бөөрөнхий дэгээтэй бариул 2 ширхэг, ... ком гантелийн суурь 1 ширхэг зэргийг, БНХАУ-ын Эрээн хотоос хяналтын камер, микрофон, диско гэрэл, транформатор, Улаанбаатар хотоос гүйлтийн зам 2 ширхэг, LG брендийн хөгжим, толины хүрээ, цагаан хуулга, супер цоож, лед өдрийн богино гэрэл, лед бөөрөнхий гэрэл, Fitness хаяг зэрэг, нийт 42.272.384 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, эд зүйлс худалдан авсан байна. Талууд энэ үйл баримтын талаар маргаагүй.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч М.Цогзолбоо нь 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Худалдаа хөгжлийн банк дахь өөрийн эзэмшлийн 403140853 тоот данснаас 15.000.000 төгрөгийн зарлага хийсэн /хх 16, 193-194/, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Транскапитал ББСБ-аас 7.000.000 төгрөг зээлсэн /хх 22-42/, ХААН банк дахь өөрийн эзэмшлийн 5026489336 тоот данснаас 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 6.000.000 төгрөгийн зарлага хийсэн /хх 43/, эх Х.Нанжидсүрэнгээс 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 10.000.000 төгрөг зээлсэн /хх 44, 121-122/ үйл баримтууд нь цаг хугацааны хувьд БНХАУ-аас тоног төхөөрөмж худалдан авч, төлбөрийг төлсөн хугацаатай таарч байгаа төдийгүй БНХАУ-ын Шандун хотын Тианжин фитнессийн тоног төхөөрөмж ХХК-д төлбөрийн 30 хувь болох 31.060 юанийг төлсөн нь мөнгө хүлээлгэн өгсөн баримт /хх 20-21/, Тианжин фитнессийн тоног төхөөрөмж ХХК-д 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 37.308 юанийг шилжүүлсэн болох нь Мөнгөн гүүр ББСБ-ын мөнгөн гуйвуулгын баримт /хх 45-47/ зэргээр тус тус нотлогдож байна. Мөн нэхэмжлэгч М.Цогзолбоо нь гүйлтийн зам 2 ширхэгийг 3.000.000 төгрөгөөр, LG брендийн хөгжим 999.990 төгрөгөөр, толины хүрээ 100.000 төгрөгөөр, цагаан хуулга 48.000 төгрөгөөр, супер цоож 30.000 төгрөгөөр, лед өдрийн богино гэрэл 120.000 төгрөгөөр, лед бөөрөнхий гэрэл 100.000 төгрөгөөр, Fitness хаягийг 300.000 төгрөгөөр, хяналтын камер 350 юань буюу 119.700 төгрөгөөр, микрофон 480 юань буюу 141.750 төгрөгөөр, трансформатор 150 юань буюу 47.250 төгрөгөөр тус тус худалдан авсан болох хэрэгт авагдсан зарлагын баримтууд /хх 61-76/-аар нотлогдож байх тул нэхэмжлэгч М.Цогзолбоог нийт 26.524.884 төгрөгийн тоног төхөөрөмж, эд зүйлсээр хамтран ажиллах гэрээнд хөрөнгө оруулалт оруулсан гэж үзэхээр байна.

Дээр дурдсан нэхэмжлэгч М.Цогзолбоогийн Транскапитал ББСБ-аас зээлсэн гэх 7.000.000 төгрөгийн хамтран зээлдэгч нь Н.Буян-Орших /хх 24-32, 213-216/ байх боловч зээлийн төлбөрийг М.Цогзолбоо төлсөн болох нь ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдсон /хх 33-42/ бөгөөд хэрэгт үүнийг үгүйсгэх баримт авагдаагүй байна.

Харин хариуцагч Н.Буян-Орших нь 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тоног төхөөрөмжийн үнэд 50.000 юань буюу 15.747.500 төгрөг шилжүүлсэн болох нь Мөнгөн гүүр ББСБ-ын мөнгөн гуйвуулгын баримт /хх 45-47/-аар тогтоогдсон бөгөөд гэрч Галт-Эрдэнийн Н.Буян-Оршиход 2015 оны 09 дүгээр сард 10.000.000 төгрөг зээлдүүлсэн, тоног төхөөрөмж авах гэж байгаа гэж хэлээд зээлсэн /хэргийн 2 хавтас 37/ гэх мэдүүлэг, хариуцагч Н.Буян-Оршихын эзэмшлийн ХААН банк дахь 5045399379 тоот дансанд 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 10.000.000 төгрөгийн орлого хийгдсэн /хх 26/ үйл баримт нь цаг хугацааны хувьд таарч байх тул хариуцагч Н.Буян-Оршихыг нийт 50.000 юань буюу 15.747.500 төгрөгийн тоног төхөөрөмж, эд зүйлсээр хамтран ажиллах гэрээнд хөрөнгө оруулалт оруулсан гэж үзэхээр байна.

Хариуцагч Н.Буян-Орших нь ХААН банкнаас 37.000.000 төгрөгийг зээлсэн болох нь түүний депозит дансны хуулгаар тогтоогдож байгаа ч цаг хугацааны хувьд маргаж буй тоног төхөөрөмжийг худалдан авахаас өмнө буюу 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зээл авсан байх бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 12.000.000 төгрөгийн зарлага, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 24.000.000 төгрөгийн зарлага тус тус хийгдсэн үйл баримтуудаас /хх 2 хавтас 19-27/ дүгнэхэд банкны зээлийг хамтын ажиллагаанд зарцуулсан болох нь нотлогдохгүй байна. Мөн түүний ... БНХАУ-ын Шандун хотын Тианжин фитнессийн тоног төхөөрөмж ХХК-тай өөрийн Макс фитнесс ТББ-ын нэр дээр тоног төхөөрөмж худалдах худалдан авах гэрээ байгуулсан... гэх тайлбар нь нотлогдохгүй байна. Учир нь хэрэгт Макс фитнесс ТББ-ын улсын бүртгэлийн гэрчилгээ болон түүнтэй холбоотой баримт авагдаагүй бөгөөд Төгс буян орших ТББ-ын улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 172/-ээс үзэхэд тухайн цаг хугацаанд ТББ байгуулагдаагүй байна. Түүнчлэн зохигчдын хооронд хамтын ажиллагаанд оруулсан хураамжийн талаарх гэрч Н.Түвшинбатын зөрүүтэй мэдүүлэг /хх 16-17, 65-66/ байгаа бөгөөд энэ нь бусад баримтаар давхар нотлогдохгүй байна. Хариуцагч Н.Буян-Оршихын Улаанбаатар хотын спорт барааны дэлгүүрээс гүйлтийн зам худалдаж авсан гэх баримт нь цаг хугацааны хувьд зөрүүтэй 2 баримт /хх 5, 60/ авагдсан төдийгүй тухайн цаг хугацаанд нэхэмжлэгч М.Цогзолбоо, хариуцагч Н.Буян-Орших нар нь БНХАУ-д байсан болох нь хэрэгт авагдсан УБТЗ-ын зорчих эрхийн тасалбараар нотлогдож байна. /хх 102/

Өөрөөр хэлбэл, хариуцагч Н.Буян-Орших ХААН банкнаас зээлсэн 37.000.000 төгрөгийг бүхэлд нь хамтран ажиллах гэрээний хөрөнгө оруулалтад оруулсан болохоо нотлоогүй тул хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч М.Цогзолбоо 68.368 юань буюу 21.472.884 төгрөг, хариуцагч Н.Буян-Орших 50.000 юань буюу 15.747.500 төгрөг тус тус төлж, нийт 118.368 юань буюу 37.220.384 төгрөгөөр Тианжин фитнессийн тоног төхөөрөмж ХХК-аас тоног төхөөрөмж худалдан авсан байна. Мөн нэхэмжлэгч М.Цогзолбоо хяналтын камер, микрофон, диско гэрэл, транформатор, 2 ширхэг гүйлтийн зам, LG брендийн хөгжим, толины хүрээ, цагаан хуулга, супер цоож, лед өдрийн богино гэрэл, лед бөөрөнхий гэрэл, Fitness хаяг, хяналтын камер зэрэг эд хөрөнгөөр Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.2-т заасны дагуу хамтын үйл ажиллагааны хураамж төлөхөд оролцсон байна гэж дүгнэв.

Иймд талууд хамтран ажиллах зорилгоор худалдан авсан нийт тоног төхөөрөмж, эд зүйлсийн үнийг тооцоход 42.272.384 төгрөг байна. Үүнээс нэхэмжлэгч М.Цогзолбоо нь 26.524.884 төгрөг буюу 70 хувь, хариуцагч Н.Буян-Орших нь 15.747.500 төгрөг буюу 30 хувийг тус тус төлсөн байна.

Хамтын ажиллагааны үр дүнд авсан дээрх тоног төхөөрөмж, эд зүйлсээс нэхэмжлэгч М.Цогзолбоо нь өөрийн оруулсан хөрөнгө оруулалтын буюу хураамжийн хэмжээнд суугаа гуяны төхөөрөмж 1 ширхэг, суугаа хөл сунгалтын төхөөрөмж 1 ширхэг, гарын толгойн булчингийн төхөөрөмж 1 ширхэг, суултын төхөөрөмж 1 ширхэг, цээж шахалтын вандан 1 ширхэг, тэмээ төхөөрөмж 5 үйлдэл 1 ширхэг, хэвтээ хөл 2 толгой төхөөрөмж 1 ширхэг, цээж эрвээхэй төхөөрөмж 1 ширхэг, гарын 3 толгойт булчингийн төхөөрөмж 1 ширхэг, гар штанг 5 ширхэг, 6 хавчуургатай 4 өнгийн диск, цээж өргөн шахалтын төхөөрөмж 1 ширхэг, нуруу дээрээс татах төхөөрөмж 1 ширхэг, хяналтын камер, микрофон, диско гэрэл, транформатор, гүйлтийн зам 2 ширхэг, LG брендийн хөгжим, толины хүрээ, цагаан хуулга, супер цоож, лед өдрийн богино гэрэл, лед бөөрөнхий гэрэл, Fitness хаяг, хяналтын камер зэрэг 23.077.127 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, эд зүйлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Н.Буян-Орших нь маргаж буй дээрх 25 нэр төрлийн тоног төхөөрөмж, эд зүйлийн өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Зохигчид бусад тоног төхөөрөмж, эд зүйлийн талаар талууд маргаагүй болно.

Талууд хамтран ажиллахдаа тодорхой үр дүнд хүрээгүй гэрээг цуцалсан байх бөгөөд Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.2.1-д гэрээг цуцалсан бол хамтран ажиллах гэрээ дуусгавар болсонд тооцохоор заасан байна. Мөн хуулийн 480 дугаар зүйлийн 480.3-т хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалт үйлдэж, талуудад хуваарилна гэж заасан боловч талууд хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулаагүй, ашиг орлого, дундын эд хөрөнгийг хуваарилах журмын талаар харилцан тохиролцоогүй байгаа хэдий ч нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 25 нэр төрлийн тоног төхөөрөмж, эд зүйлээс бусад хөрөнгийн хувьд маргаагүй байна.

Хамтран ажиллах гэрээгээр удирдлагын бүтэц, эрх, үүрэг, ашиг алдагдлыг хуваарилах, гэрээг дуусгавар болгох үндэслэл, дундын эд хөрөнгийг хэрхэн хуваарилах талаар талууд тодорхой тохиролцоо хийгээгүй нь гэрээг бүхэлд нь үгүйсгэх үндэслэл болохгүй юм. Учир нь амаар байгуулагдсан гэрээнд дээрх асуудал бүрэн хэмжээгээр тусгагдах боломжгүй бөгөөд талуудын тусгайлан тохиролцоогүй асуудлаар хуулийн зохицуулалт үйлчилнэ гэж үзлээ.

Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1, 477.3-т зааснаар хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө болдог байна. Нэхэмжлэгч хамтран ажиллах үйл ажиллагаанд оруулсан хөрөнгө оруулалт буюу тоног төхөөрөмж нь буцаан төлөгдөх нөхцөлтэй болох нь баримтаар нотлогдоогүй тул уг хураамж талуудын дундын өмч болсон гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.12-т гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын хоорондын хүлээх хариуцлагын хэмжээг гишүүний төлсөн хураамжид хувьд тэнцүүлэн хуваарилна гэж заасны дагуу хөрөнгийг талуудын оруулсан хураамжид хувь тэнцүүлэн хуваарилах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Өөрөөр хэлбэл талуудын дундын өмчлөлийн нийт хөрөнгө бий болоход оруулсан хувиар тооцож, маргаж байгаа хөрөнгийг хуваарилах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5-д гэрээг цуцалсанаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцлах ба ийнхүү цуцлахад энэ хуулийн 205 дугаар зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ гэжээ.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелэснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан боловч талуудын тайлбараар маргаж буй хөрөнгө нь хариуцагч Н.Буян-Оршихын эзэмшилд байгаа болох нь тогтоогдож байгаа бөгөөд уг тоног төхөөрөмжийг нэг бүрчлэн биет байдлаар талуудад хуваарилах боломжгүй байна.

Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.2-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар өгөх боломжгүй байх тул мөнгөөр тооцож хуваарилах нь зүйтэй. Иймд хариуцагчаас 16.153.988 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6.923.138 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үнийг өөрөө тодорхойлсон төдийгүй юаны ханшийн талаар талууд маргаагүй ба Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж заасны дагуу хэрэгт авагдсан Монгол банкны ханшийн мэдээ /хх 49-50/-г үндэслэн тооцлоо.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3-т зааснаар гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байна. Өөрөөр хэлбэл, талууд тус бүрийнхээ төлсөн хураамжийг хэний өмчлөлд байх талаар ямар нэг тохиролцоо хийгээгүй, гэрээнд энэ талаар заагаагүй бол талуудын төлсөн хураамж тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө болох юм. Гэтэл хариуцагч Н.Буян-Орших нь маргаж буй 22.539.484 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, эд зүйлсийн өмчлөх эрхийг өөртөө үлдээх талаар бусад гишүүнтэй тохиролцсон нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хариуцагчийн 22.539.484 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, эд зүйлсийн өмчлөгч болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Хариуцагч Н.Буян-Орших нь нэхэмжлэгч М.Цогзолбоод холбогдуулан өөрийн өмчлөлийн 4 ширхэг гүйлтийн замны хянах самбарыг эвдэж, буйдан болон фитнесийн 3 ширхэг тоног төхөөрөмжийн сандлын бүрээсийг хайчаар урж тастсаны хохирол 882.680 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж марган, үндэслэлээ ... Би өөрийн эд хөрөнгө болох гүйлтийн замны хянах самбар, буйдан болон тоног төхөөрөмжүүдийн сандын бүрээсийг буцаан авсан. Учир нь би урамшуулалд авсан өөрийн гүйлтийн замны хянах самбарыг Буян-Оршихын гүйлтийн замд тавьсан байсан. Мөн Буян-Оршихын фитнесийн тоног төхөөрөмжийн сандал болон буйдангийн бүрээс нь хуучирч муудсан байсныг би материалыг нь худалдан авч, ажлын хөлсөнд нь 3 сар үнэгүй спиннинг, аэробект явуулах эрх өгч оёулсан. Иймээс би түүний эд хөрөнгөнд хохирол учруулаагүй гэж тайлбарладаг.

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талууд хамтран ажиллаж байсан нь тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч М.Цогзолбоогийн дээрх тайлбар нь гэрч Ц.Лхагвасүрэнгийн ... 2 гүйлтийн зам нь ерөнхийдөө хуучин, хянах самбар нь ажиллагаа муутай, гүйхэд төвөгтэй гэнэт ажиллаж байгаад зогсдог гэх мэдүүлэг /хх 124/, гэрч С.Отгонбаярын ... 2 том, 3 жижиг тоног төхөөрөмжийн бүрээсийг М.Цогзолбоо оеулсан. Материалыг нь Цогзолбоо өгсөн, төлбөрт нь М.Цогзолбоогийн спиннингт нь 3 сар үнэгүй явсан гэх мэдүүлэг /хх 125/, гэрч С.Туяагийн ... М.Цогзолбоо дээр үеийн хуучин хаяхаар болсон буйданг засаж оеулсан, материалаа өөрөө авч ирсэн. Ажлын хөлсөнд нь спиннинг болон аэробект 3 сар үнэгүй явахаар болсон гэх мэдүүлэг /хх 127/, буйдан болон тоног төхөөрөмжийн сандлын бүрээсний материалыг худалдан авсан зарлагын баримтууд /хх 92/ зэргээр нотлогдож байна.

Хариуцагч тал уг үйл баримтыг болон нэхэмжлэгчийн шүүхэд цуглуулж өгсөн бичгийн баримтыг няцааж чадаагүйн зэрэгцээ хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 384 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоол, 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 14 дугаартай гомдлын хариу өгөх тухай мэдэгдэх хуудас /хэргийн 1-р хавтас 181, 2-р хавтас 87/ зэргээс үзэхэд М.Цогзолбоод холбогдуулан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна.

Иймд нэхэмжлэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хариуцагчид хохирол учирсан гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүйгээс гэм хорын хохирол нөхөн төлүүлэх боломжгүй гэж үзлээ.

Шүүх хэрэгт авагдсан фото зургийн хуулбар /хх 195-197/, Н.Буян-Оршихын ХААН банк дахь дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 209-212/, зээлийн гэрээ /хх 57/, Тианжин фитнесийн тоног төхөөрөмж ХХК-ийн захирлын нэрийн хуудас, хувийн мэдээлэл /хх 58/, фото зургийн хуулбар /хх 96-106/ зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй, тээвэр, гаалийн бүрдүүлэлт, хоол, буудлын зардлын баримтууд /хх 51-60, 80-103/, гадаад шилжүүлгийн баримтууд /хх 123-130/, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоол, шүүх хуралдааны тэмдэглэл /хх 203-205, 2 хавтас 38-43/, 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 293 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбар /хх 220-222/, М.Цогзолбоогийн сургалтын төлбөрийн баримт, орлогын мэдүүлэг /хх 235-236/, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх 107-109, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоол /хх 110-115/, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 175 дугаартай тогтоол /хх 116/, 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 46 дугаартай гомдлын хариу өгөх тухай албан бичиг /хх 118/ зэргийг нэхэмжлэлийн шаардлагад ач холбогдолгүй гэж үзэж шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2, 77.5-д заасан журмын дагуу хариуцагч Н.Буян-Оршиход шүүх хуралдааны товыг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иймд, дээр дурдсаныг тус тус үндэслэн хариуцагч Н.Буян-Оршихоос 16.153.988 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Цогзолбоод олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 6.923.138 төгрөгт холбогдох хэсгийг, 22.539.484 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, эд зүйлсийн өмчлөгч болохыг тогтоолгох, эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохирол 882.680 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119, 120 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.2.1, 205 дугаар зүйлийн 205.2, 497 дугаар зүйлийн 497.1-т заасныг баримтлан хариуцагч Н.Буян-Оршихоос 16.153.988 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Цогзолбоод олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 6.923.138 төгрөгт холбогдох хэсгийг, 22.539.484 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, эд зүйлсийн өмчлөгч болохыг тогтоолгох, эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 882.680 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаарт 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273.335 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283.090 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Буян-Оршихоос 238.719 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Цогзолбоод олгосугай.

3. Тус шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 5990 дугаартай шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай захирамж нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ч.БАТЧИМЭГ

                                    ШҮҮГЧ                                                Д.ОЮУНДАРЬ

                                                                                                  М.ОЮУНЦЭЦЭГ