Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2022/02068

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

 Нэхэмжлэгч:Баянзүрх дүүргийн ... тоотод байрлах, регистр ..., У...ХХК,

 

 Хариуцагч:Баянгол дүүргийн ... тоотод байрлах, регистр ..., С...ХХК,

 

Нэхэмжлэлийн шаардлага:Зөвшөөрөлгүй барьсан барилгыг буулгуулж, газар чөлөөлүүлэх, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хууль бус болохыг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б..., өмгөөлөгч М.Т..., хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У..., өмгөөлөгч Н.Б..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У...ХХК нь С...ХХК-д холбогдуулан манай байгууллагын эзэмшил газар дээр зөвшөөрөлгүй баригдсан барилгыг буулгаж, газар чөлөөлүүлэх, 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

 

Манайх 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, 2012 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн ... дугаартай аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээтэйгээр 10.000 метр квадрат талбайтай Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ТЭЦ-4 станцын урд, 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн ... дугаартай Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн ... дугаартай Аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээтэйгээр ШШГ 461 дүгээр ангийн зүүн талд байрлах 3000 метр квадрат талбайтай газрыг эзэмшдэг.Гэтэл У...ХХК-ийн гүйцэтгэх захирал З...г Монгол улсад байхгүй, гадаад улсад байх хугацаанд манай уг газар дээр С...ХХК-ийн захирал П.У... ямар ч зөвшөөрөл авахгүйгээр барилга барьж, уг барилгаа буулгаж ав гэж шаардлага тавихад барилгаа одоо хүртэл буулгахгүй эзэмшигч болох манай компанийг эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байна.Иймд манай компанийн эзэмшлийн газар дээр зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар баригдсан барилгыг албадан буулгаж, газрыг чөлөөлж, эзэмших эрхээ хуулийн дагуу хэрэгжүүлэх боломжийг олгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар тайлбартаа:Баянгол дүүрэгт байрладаг газрын эзэмших эрх шилжүүлэх гэрээг Баянзүрх дүүргийн нотариатчаар гэрчлүүлсэн нь нотариатын тухай хуулийг зөрчсөн, манайх 7000 м.кв газрыг С...ХХК-д шилжүүлэх тохироо хийгээгүй, У...ХХК нь 1 гишүүнтэй, хувьцаа эзэмшигчдийн хурал гэж байхгүй, уг хэлцэлд П.У...гын гарын үсэг гаргацтай байхад З...гийн гарын үсэг гаргацгүй байна.З... нь 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр шинэ паспорт авсан байхад хэлцэл дээр түүний хуучин паспортын дугаарыг бичсэн, хүчингүй болсон оршин суух зөвшөөрлийг бичсэн байна, бүх баримт нь З... захиралд байсан, Б...т тамга байгааг У... мэдэж байсан.У... нь торгуул тавигдах гээд байна гэж Б...гийг шахамдуулсан байдаг.С...ХХК нь 2014 онд үүсэн байгуулагдаагүй байсан, итгэмжлэл байхгүй.З... захирал Монголд ирээд газрын эрх шилжсэнийг мэдсэн, гарын үсэг мөн бишийг шийдэж чадаагүй, гэмт хэрэг мөн эсэхийг тогтоож чадаагүй байгаа, газрын эрх мөнгөөр шилжихгүй, З... 2016 оны 4 дүгээр сард Монголд байгаагүй, 2015 онд хүчингүй болсон баримтыг гэрээнд бичсэн байна, энэ тохиролцоог хийгээгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 57 дугаар зүйлийн 57.1, 57.2-т зааснаар  2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулна, 3000 м.кв талбай дээр баригдсан барилгыг буулгаж, газар чөлөөлүүлнэ гэж тайлбарласан.

 

Хариуцагч хариу тайлбартаа:Манай компани махны үйлдвэр барих зориулалтаар газар хайж байсан бөгөөд 2014 онд У...ХХК-ийн захирал З...тай харилцан тохиролцож тэдний компаний нэр дээрх газрыг авахаар болж, 2014 онд Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулан Баянгол дүүргийн ...ийн урд байрлах 10.000 метр квадрат талбайтай газраас 7.000 метр квадрат талбай бүхий газрыг шилжүүлэн авсан.У...ХХК-ийн 10.000 метр квадрат талбайтай газраас 7000 метр квадрат талбайтай газрыг шилжүүлэн авахдаа У...ХХК-ийн нэр дээр үлдэх 3000 м.кв талбай бүхий газрыг урд хэсэгт байхаар тохиролцож, Г... ХХК-иар кадастрын зураг хийлгэсэн.Улмаар манай компани махны үйлдвэртээ зориулан агуулахын барилга барих ажлыг эхэлсэн бөгөөд анх тохиролцсны дагуу авахыг хүссэн газартаа барилгаа барьсан.Үүнийг У...ХХК мэдэж байсан бөгөөд тухайн үед ямар нэгэн байдлаар эсэргүүцэж байгаагүй.Гэтэл газар эзэмших эрх манай компани руу шилжихдээ анх тохиролцсон кадастрын зураг өөрчлөгдөж нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтад заасан байрлалтайгаар шилжсэн байна.Нэхэмжлэгч тал ч анх тохиролцсны дагуу урд хэсэгт байрлах буюу өнөөдөр манай эзэмших эрх бүхий 3000 м.кв газрыг өнөөдрийг хүртэл бусдад түрээслэн ашигласаар байна.Иймд нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүй барьсан барилгыг албадан буулгуулж, газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч, өмгөөлөгч нар тайлбартаа:Нэхэмжлэгч байгууллагын захиралтай 2012 онд танилцаад уг газрыг худалдан авахаар тохирч газрыг шилжүүлж авсан, З... надад Б...гийн утасыг өгөөд, би Б...гтэй холбогдож, хэлцэл хийж, газрын гэрчилгээ 3000, 7000 гэж хуваагдаж гарч ирсэн, би хуурамчаар зураагүй, нэхэмжлэгч цагдаад өгч шалгуулсан, эднийх 3000 м.кв газраа тусгаарлахгүй  явж байгаад Б... ХХК-д түрээслүүлсэн байсан.Манайх хойд талыг нь авсан байтал Баянгол дүүргийн газрын албанаас орц гарцгүй байна гээд баруун талыг нь олгож гэрчилгээ гаргасан, манайх байшинг жил гаруй хугацаанд барьсан, 3000 м.кв газрыг 400 сая төгрөгөөр аваагүй. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй байна, газар чөлөөлөхийг зөвшөөрөхгүй, 2019 онд мэдсэн бол үр дагавараа шаардаагүй, хууль зөрчсөн гэдгийг тогтоогоогүй байна, нөхөн төлбөрөө шаардах боломжтой, эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хаасан, 10 000 м.кв газар нь 2016 онд хуваагдсан, 2018 онд барилга барьсан байхад З... мэдээгүй байх боломжгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэгчээс:Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын албанаас У...ХХК-д хүргүүлсэн 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн баримт, БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай У...ХХК-ийн шинэчилсэн дүрэм, Баянгол дүүргийн газрын албаны У...ХХК-тай 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, У...ХХК-ийн газар эзэмших эрхийн 2012 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр олгогдсон ... дугаар гэрчилгээ, Баянгол дүүргийн газрын албаны У...ХХК-тай 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, У...ХХК-ийн 3000 м.кв талбайтай, нэгж талбарын 1601900095 дугаартай газрын кадастрын зураг, У...ХХК-ийн газар эзэмших эрхийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр олгогдсон 000324307 дугаар гэрчилгээ, нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, У...ХХК-иас Баянгол дүүргийн засаг даргад 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр гаргасан хүсэлт, У...ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, У...ХХК, Б... ХХК-ийн хооронд 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан Талбай түрээслэх гэрээ, У...ХХК-иас Б... ХХК-д 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр явуулсан хүсэлт, Б... ХХК-иас 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан тодорхойлолт, У...ХХК-ийн гүйцэтгэх захирал S...-гийн паспортын хуулбар, S...-гийн улсын хилээр нэвтэрсэн тухай лавлагааг хэрэгт өгсөн./1хх 5-18, 73-86, 87, 88, 97-99, 2хх 51/

 

Хариуцагчаас:У...ХХК болон С...ХХК-ийн хооронд 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хийгдсэн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, С...ХХК-ийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг, С...ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Баянгол дүүргийн прокурорын газрын прокурорын 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” ... дугаар тогтоолыг шүүхэд өгсөн./1хх 48, 52, 53, 2хх 52-54/

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр томилсон, шинжээч Газар зохион байгуулалт, Геодези, зураг зүйн газрын дүгнэлт, Баянгол дүүргийн прокурорын газраас ирүүлсэн баримтууд, гэрч Б.Б...ийг асуусан тэмдэглэл, Нийслэлийн архивын газраас ирүүлсэн баримтуудыг шүүх бүрдүүлсэн./1хх 213-215, 250-2хх 25, 65-68, 122-151/

 

                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:Манайх С...ХХК-тай 7000 м.кв газрын эрх шилжүүлэх хэлцэл хийгээгүй, манай эзэмшлийн газар дээр зөвшөөрөлгүй барилга барьсан тул манай эзэмшлийн 3000 м.кв талбай бүхий газар дээр барьсан барилгыг буулгаж, 491 м.кв газрыг чөлөөлүүлнэ, 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулна гэж тайлбарласан.

 

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд:Нэхэмжлэгч талтай тохиролцон гэрээ байгуулж, газар эзэмших эрхийг шилжүүлж авсан, 2018 онд барьсан барилгыг нэхэмжлэгч мэдэж байсан боловч эсэргүүцээгүй, үр дагавар шаардаагүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын албанаас У...ХХК-д хүргүүлсэн 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн баримт, БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай У...ХХК-ийн шинэчилсэн дүрэм, Баянгол дүүргийн газрын албаны У...ХХК-тай 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, У...ХХК-ийн газар эзэмших эрхийн 2012 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр олгогдсон ... дугаар гэрчилгээ, Баянгол дүүргийн газрын албаны У...ХХК-тай 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, У...ХХК-ийн 3000 м.кв талбайтай, нэгж талбарын ... дугаартай газрын кадастрын зураг, У...ХХК-ийн газар эзэмших эрхийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр олгогдсон ... дугаар гэрчилгээ, нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, У...ХХК-иас Баянгол дүүргийн засаг даргад 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр гаргасан хүсэлт, У...ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, У...ХХК, Б... ХХК-ийн хооронд 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан Талбай түрээслэх гэрээ, У...ХХК-иас Б... ХХК-д 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр явуулсан хүсэлт, Б... ХХК-иас 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан тодорхойлолт, У...ХХК-ийн гүйцэтгэх захирал S...-гийн паспортын хуулбар, S...-гийн улсын хилээр нэвтэрсэн тухай лавлагаа, У...ХХК болон С...ХХК-ийн хооронд 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хийгдсэн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, С...ХХК-ийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг, С...ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Баянгол дүүргийн прокурорын газрын прокурорын 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” ... дугаар тогтоол, Баянгол дүүргийн прокурорын газраас ирүүлсэн баримтууд, гэрч Б.Б...ийг асуусан тэмдэглэл, Нийслэлийн архивын газраас ирүүлсэн баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

1.Талуудын хооронд хийгдсэн 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлагын тухайд:

 

Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн ... тоот шийдвэрийг үндэслэн У...ХХК-д Баянгол дүүргийн 20 дугаар хороо ТЭЦ-4 станцын урд байршилтай, аж ахуйн зориулалттай, 10 000 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрхийн гэрчилгээ 2012 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр олгогдож, газар эзэмшүүлэх гэрээ хийгдэж, улмаар кадастрын зураг хийгдсэн байна./1хх 7-9, 2хх 127, 141/

 

У...ХХК нь өөрийн эзэмшилд байгаа Баянгол дүүргийн .. урд байрлах, 10 000 м.кв талбай бүхий газрын 7000 м.кв газрыг С...ХХК-д шилжүүлсэн гэрээ 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хийгдсэн байна./2хх 124/

 

У...ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн шийдвэрт-“У...ХХК өөрийн эзэмшлийн Баянгол дүүргийн ...урд байрлах ... нэгж талбарын дугаар бүхий аж ахуйн зориулалттай 10 000 м.кв газрын 7000 м.кв газрыг С...ХХК-д эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлсүгэй” гэжээ./2хх 147/

 

Билэг Төгс Дэлгэрэх ХХК-иар У...ХХК нь 2015 оны 6 дугаар сарын 4-ниы өдөр 3000 м.кв газрын, С...ХХК нь 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 7000 м.кв газрын кадастрын зургийг тус тус хийлгэсэн байна./2хх 140, 141/

 

Баянгол дүүргийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, нэр өөрчлөх тухай” ... дугаар захирамжаар дээрх 2012 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн А/301 тоот захирамжийн У...ХХК-д холбогдох хэсгийг, урд олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээний нэр шилжүүлэх хавсралтын 8-д С...ХХК 7000, эзэмшүүлэх, 9-д У...ХХК 3000, эзэмшүүлэх гэжээ./2хх 38-40/   

 

Баянгол дүүргийн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” ... дугаар захирамжийн хавсралт Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн гэрчилгээний хугацаа сунгаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалтын 18-д С...ХХК аж ахуй, 7000, 15, эзэмшүүлэх гэж бичигдсэн байна./1хх 181-184/

 

Баянгол дүүргийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн ... тоот шийдвэрийг үндэслэн У...ХХК-д Баянгол дүүргийн 20 дугаар хороо ШШГ 461 дүгээр ангийн зүүн талд байршилтай, аж ахуйн зориулалттай, 3000 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрхийн гэрчилгээ 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр олгогдож, кадастрын зураг хийгдсэн байна./1хх 11-15/

 

Баянгол дүүргийн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн ... тоот шийдвэрийг үндэслэн С...ХХК-д Баянгол дүүргийн .-н машин, механизмын хашаа, гара..ашийн зориулалттай, 6995  м.кв талбай бүхий газрыг эзэмших эрхийн гэрчилгээ 2020 оны 5 дугаар сарын 4-ны өдөр олгогдож, газар эзэмшүүлэх гэрээ хийж, улмаар кадастрын зураг хийсэн байна./1хх 185-190/

 

Баянгол дүүргийн прокурорын газрын прокурорын 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” 1576 дугаар тогтоолд С...ХХК-ийн захирал П.У... У...ХХК-ийн эзэмшлийн 10 000 м.кв газраас 7000 м.кв газар эзэмших эрхийг Б.Б...т итгүүлэн уг газрыг шилжүүлж авч залилсан гэх үйл баримтад хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулсан, хэрэгт цугларсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах У...ХХК-ийн эзэмшлийн 10 000 м.кв газраас 7000 м.кв газар эзэмших эрхийг С...ХХК-ийн захирал П.У...д газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн баримт нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Кримналистикийн шинжилгээний газрын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн 1617 дугаар дүгнэлтэд “S... гэх гарын үсгийн загварууд  харьцуулан шинжлэх боломжгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт, S... нь Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаагаар 2019 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Монгол улсын хилээр гарсан зэрэг нотлох баримтуудыг дүгнэхэд 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах, У...ХХК-ийн эзэмшлийн 10 000 м.кв газраас 7000 м.кв газар эзэмших эрхийг С...ХХК-ийн захирал П.У...д газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах, өмчлөх эрхийг өөртөө шилжүүлж авсан үйл баримт тогтоогдохгүй байх тул гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаах, мөн залилах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй болохыг дурдаж, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хаасан байна./2хх 52-54/

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна гэж заасан байх бөгөөд хууль зөрчсөн гэдэгт хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй байх нөхцөл хамаардаг байна.

 

Зохигчдын хооронд 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хийгдсэн газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ нь хуулийн хориглосон заалтыг зөрчсөн, хуулийн шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд дээрх  хэлцэл нь Иргэний хуулийн 39 дугаар зүйлийн 39.2, 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар нэг тал нь хүсэл зоригоо илэрхийлж, нөгөө тал түүнийг хүлээн авснаар тохиролцож, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасан хэлбэрийн шаардлагыг хангасан байна.

 

Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байх бөгөөд улмаар дээрх хэлцлийн дагуу хуульд зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэрээр Баянгол дүүргийн ... урд байрлах, 10 000 м.кв талбай бүхий газрын 7000 м.кв газрыг С...ХХК-д, 3000 м.кв газрыг У...ХХК-д эзэмшүүлсэн болох нь дээрх баримтуудаар нотлогдож байх тул 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

2.Манай эзэмшлийн 3000 м.кв талбай бүхий газар дээр барьсан барилгыг буулгаж, 491 м.кв газрыг чөлөөлүүлэх шаардлагын тухайд:

 

Хариуцагч С...ХХК-ийн барьсан барилгын 491 м.кв нь нэхэмжлэгч У...ХХК-ийн эзэмшлийн 3000 м.кв талбай бүхий газартай давхацсан байгаа болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна./1хх 213-221/

 

Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т “Хөрш залгаа газрыг эзэмшигч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож болох барилга байгууламжийг газар дээр буюу доор барих, ашиглахыг хориглон нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчээс эрх зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардах эрхтэй”, 135.4-т “Энэ хуулийн 135.3-т заасан барилга, байгууламж нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хөрш залгаа газрын тогтоосон хил хязгаараас гадагш баригдсан боловч нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд харшилж байвал түүнийг буулгах буюу зайлуулахыг шаардах эрхтэй” гэж заасан байна.

 

С...ХХК-ийн барилгын 491 м.кв нь У...ХХК-ийн эзэмшлийн 3000 м.кв талбай бүхий газартай давхацсан нь нэхэмжлэгч байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож, улмаар түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд харшилж байгаа нөхцөл байдал нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр У...ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч У...ХХК нь газар эзэмших эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлээсээ, хариуцагч С...ХХК нь хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлээсээ тус тус татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан бөгөөд шинжээчийн ажлын хөлс 986 292 төгрөгийг шинжилгээний байгууллагад Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгийн газраас төлсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2-т зааснаар энэхүү ажлын хөлсийг нэхэмжлэгч байгууллагаас гаргуулан Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгийн газарт олгож шийдвэрлэв./1хх-222/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 140 400 төгрөг, хариуцагчийн төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 56.1.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.4-т заасныг баримтлан зохигч талуудын хоооронд 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хийгдсэн газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, манай эзэмшлийн 3000 м.кв талбай бүхий газар дээр барьсан барилгыг буулгаж, 491 м.кв газрыг чөлөөлүүлэх тухай У...ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг баримтлан нэхэмжлэгч У...ХХК нь газар эзэмших эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлээсээ, хариуцагч С...ХХК нь хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлээсээ тус тус татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар  улсын тэмдэгтийн хураамижд нэхэмжлэгчийн төлсөн 140 400 төгрөг, хариуцагчийн төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2-т зааснаар нэхэмжлэгч У...ХХК-иас 986 292 төгрөгийг гаргуулан Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгийн газарт олгосугай. /төрийн сан1009000004505 БГ,ХУДИХАШШТГ/

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                З.ДОРЖНАМЖИН