Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 533

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“УЗ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 сарын 29-ний өдрийн 102/ШШ2019/02864 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “УЗ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “СЖ” ХХК-д холбогдох

 

Газар чөлөөлүүлэх үндсэн болон сөрөг нэхэмжлэлтэй хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.         

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь 2012 оны 8 сарын 24-ний өдрийн иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, 2012 оны 9 сарын 07-ны өдрийн 0294107 дугаартай аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээтэйгээр 10 000 м.кв талбайтай Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ТЭЦ-4 станцын урд, 2018 оны 9 сарын 25-ны өдрийн 01107-2018/00402 дугаартай иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, 2018 оны 9 сарын 25-ны өдрийн 000324307 дугаартай аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээтэйгээр ШШГ 461 дүгээр ангийн зүүн талд байрлах 3 000 м.кв талбайтай газрыг эзэмшдэг. Гэтэл “УЗ” ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Зандан намайг Монгол Улсад байхгүй, гадаад улсад байх хугацаанд манай уг газар дээр “СЖ” ХХК ямар ч зөвшөөрөл авахгүйгээр барилга барьж, уг барилгаа буулгаж ав гэж шаардлага тавихад барилгаа одоо хүртэл буулгахгүй, эзэмшигч болох манай компанийг эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байна. Иймд манай компанийн эзэмшлийн газар дээр зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар баригдсан барилгыг албадан буулгаж, газрыг чөлөөлж, эзэмших эрхээ хуулийн дагуу хэрэгжүүлэх боломжийг олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь махны үйлдвэр барих зориулалтаар газар хайж байсан бөгөөд 2014 онд нэхэмжлэгч “УЗ” ХХК-ийн захирал н.Зандантай харилцан тохиролцож, тэдний компанийн нэр дээр газрыг авахаар болж, талуудын хооронд 2014 онд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулахаар тохиролцсон. Нэхэмжлэлд дурьдсанчлан “УЗ” ХХК-д эзэмших эрх нь бүртгэлтэй Баянгол дүүргийн 20 хороо, ТЭЦ-4-ийн урд хэсэгт байрлах 10 000 м.кв талбайтай газраас 7 000 м.кв талбай бүхий газрыг авахаар 2016 оны 4 сарын 27-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг албан ёсоор байгуулсан. Ингээд 2018 онд “СЖ” ХХК-ийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан. “УЗ” ХХК 10 000 м.кв талбайтай газраас 7 000 м.кв талбайтай газрыг шилжүүлэхдээ байршлын хувьд 3 000 м.кв талбай бүхий газар урд хэсэгт байхаар тохиролцсоныг “Геобатоник” ХХК-иар хийлгэсэн кадастрын зургаар нотолж байна. 2014 оноос хойш тус газрыг эзэмшиж байсны хувьд махны үйлдвэртээ зориулан агуулахын барилгаа барьсан. Улмаар манай компани махны үйлдвэртээ зориулан агуулахын барилга барих ажлыг эхэлсэн бөгөөд анх тохиролцсоны дагуу өөрсдийн худалдаж авахыг хүссэн газартаа барилгаа барьсан. Үүнийг нэхэмжлэгч “УЗ” ХХК мэдэж байсан бөгөөд тухайн үед ямар нэгэн байдлаар эсэргүүцэж байгаагүй. Гэвч 2018 оны 9 сард газрын эрх шилжиж, бүртгэгдэхдээ талуудын орц гарцыг шийдэх гэх үндэслэлээр зүүн тал руу 3 000 м.кв талбай шилжиж газрын давхцал үүссэн. Ингэснээр “СЖ” ХХК бусдын газар дээр зөвшөөрөлгүй барилга барьсан гэх асуудал гарч ирсэн. Гэхдээ энэ газраа гэрээ байгуулж өгснөө нэхэмжлэгч сайн мэдэж байгаа. “СЖ” ХХК гэнэт тухайн газарт барилга барьж, үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд 2014 оноос хойш тоног төхөөрөмжөө байрлуулсан. Үүнийг “УЗ” ХХК бас мэдэж байсан. Урд хэсэгт байрлах газрыг бусдад түрээслүүлж ашиг олсноор батлагдана. Хэрвээ нэхэмжлэгч газраа өгснөө мэдсээр байж ингэж хэлж байгаа бол энэ нь хөршийн хил зөрчсөн үйл ажиллагааг анхнаасаа хүлээн зөвшөөрч байсан гэж үзэхээр байна. Үүсээд буй зөрчил нь газрын алба газрыг шилжүүлэхдээ талуудын тохиролцсоноос өөрөөр шийдсэнээс үүссэн үл ойлголцол. Түүнээс газраа гэрээгээр тохирч шилжүүлсэн асуудал. Нэхэмжлэгч амаараа манай газар руу орсон гээд байгаа болохоос нотолсон зүйл байдаггүй. Хэрвээ тийм байсан бол барилга барьж байсныг мэдсэн. Тухайн үед ярих хэлэх боломж байсан. Мөн хүлээн зөвшөөрсөн учраас сөрөг нэхэмжлэлээр гаргасан газрыг өндөр үнээр бусдад түрээсэлж ашиг орлого олсон. Үнэхээр манай газар руу орсон гэж үзэж байгаа бол яагаад түрээсэлж ашиг олоод байгаа юм. Хавтаст хэрэгт “Геоботаник” ХХК-иар хийлгэсэн анх газар эзэмших эрх шилжүүлэх үеийн кадастрын зураг авагдсан. Гэтэл 2018 онд хоёр талд гэрчилгээ, кадастрын зураг гарахдаа анх тохиролцсон байдлаас өөрөөр гарсан учраас маргаан үүссэн. Маргаан бүхий газарт Иргэний хуулийн 134 дүгээр зүйлд заасан хөрш залгаа эд хөрөнгийн маргаан явагдаж байна. Тухайн барилгыг 2016 оноос барьж эхэлсэн байхад яагаад өнөөдөр албадан буулгахаар нэхэмжлэл гаргаж байгаа юм бэ, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгчийн шаардах эрх нь эзэмших эрхтэй нэгэн адил хэрэгждэг бөгөөд тухайн үед яагаад бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхээ хэрэгжүүлээгүй юм, энэ боломж байсан. Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсэгт газар эзэмшигч нь хөршийн зөвшөөрөлгүйгээр хил зөрчин барилга байгууламж барьсан бөгөөд хөрш нь ийнхүү хил зөрчихөөс өмнө буюу хил зөрчсөн үйлдэл эхэлсэн даруй тухайн эзэмшигчид уг үйлдлээ зогсоох шаардлага гаргаагүй бол зөрчлийг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй гэж заасан. Мөн энэ заалтыг Улсын Дээд шүүхийн 2010 оны 6 сарын 22-ны өдрийн 16 дугаар тогтоолоор тайлбарласан байдаг. “Геоботаник” ХХК-ийн кадастрын зураг, анх тохиролцож хийсэн гэрээ, хэрэгт авагдсан түрээсийн гэрээ зэргээс харахад энэ нөхцөл байдлыг хоёр тал хүлээн зөвшөөрсөн байдаг тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай компани 2014 онд “УЗ” ХХК-тай харилцан тохиролцож тус компанийн эзэмших эрх бүхий Баянгол дүүргийн 20-р хороо ТЭЦ-4 станцын урд байрлах 10 000 м.кв талбай бүхий газраас 7 000 м.кв газрыг гэрээ байгуулан шилжүүлэн авсан. Улмаар Баянгол дүүргийн Засаг даргын 2017 оны 9 сарын 15-ны өдрийн А/432 тоот шийдвэр гарч 7 000 м.кв талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй болж 000321747 дугаартай аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ манай компанийн нэр дээр гарсан байдаг. “УЗ” ХХК-тай анх тохиролцохдоо тэдний нэр дээр үлдэх 3 000 м.кв газрыг байршлын хувьд газрын урд хэсэгт байхаар тооцож "Геоботаник" ХХК-иар кадастрын зураг хийлгүүлсэн байдаг. Энэ тохиролцооны хүрээнд манай компани одоо байгаа агуулахын барилгаа барих ажлыг 2017 оны сүүлээр эхэлж, 2018 оны эхээр дуусгасан байдаг. “УЗ” ХХК нь манай агуулахын барилгын ажил явагдаж байхад ямар нэгэн байдлаар эсэргүүцэж, шаардлага тавьж байгаагүй болно. Харин ч “УЗ” ХХК нь анх тохиролцож, кадастр хийлгэж байсан газрын урд хэсэгт байрлах манай компанийн эзэмших эрх бүхий 3 000 м.кв газар /өнөөдөр бичиг баримтын хувьд манай эзэмших эрх бүхий газар/-т өнөөдрийг хүртэл бусдад түрээслүүлэн ашиглаж, их хэмжээний тоног төхөөрөмж, барилгын материал буулгасан байдалтай байна. Энэхүү нөхцөл байдал нь манай компанийг эзэмшил газраа зориулалтын дагуу эзэмшихэд саад учруулж байна. Иймд “УЗ” ХХК-д холбогдуулан манай компанийн эзэмшил газар дээр зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар буулгасан барилгын материал, тоног төхөөрөмжийг албадан шилжүүлж, газар чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2012 оноос уг 10 000 м.кв газрыг хууль ёсоор эзэмшиж, ашиглаж “BSGMI” ХХК-д газраа ашиглуулж байсан ба 2015-2018 оны хооронд “УЗ” ХХК-ийн захирлыг гадаад улсад байх хугацаанд уг газраас 7 000 м.кв газар нь “СЖ” ХХК-д хууль бусаар шилжсэн байсан. Үүнээс болж, “BSGMI” ХХК нь газар ашигласны төлбөрийг манай компанид төлөхөө больсон учир манай компаниас “BSGMI” ХХК-д гэрээ цуцлах тухай мэдэгдлийг явуулж, бидний хоорондын харилцаа дуусгавар болсон. Уг 7 000 м.кв газар нь “СЖ” ХХК-д хууль бусаар шилжсэн асуудлыг Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс шалгаж байгаа. Харин одоо “СЖ” ХХК-ийн эзэмшил болчихсон байгаа 7 000 м.кв газарт их хэмжээний тоног төхөөрөмж, барилгын материалыг манай компани буулгаагүй, “BSGMI” ХХК-ийн өмчийн зүйл тул хариуцагч нь манай компани биш юм. Мөн уг шаардлага нь манай компанийн 3 000 м.кв газарт газраа чөлөөлүүлж авах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай огт холбоогүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

 

Шүүх: Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт заасныг баримтлан “УЗ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “СЖ” ХХК-д холбогдох зөвшөөрөлгүй барьсан барилгыг албадан буулгуулж, газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, “СЖ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “УЗ” ХХК-д холбогдох хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “УЗ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “СЖ” ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Бидний хувьд 7 000 м.кв газрын эрхийг хууль бусаар авсан үйлдэл нь уг 3 000 м.кв газрыг чөлөөлүүлэх асуудалтай холбоогүй гэж үзэж, эрүүгийн хэрэгтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд өгөөгүй. Тиймээс 2018 оны 9 сарын 25-ны өдрөөс хойш “УЗ” ХХК нь 000324307 дугаартай аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээгээр уг газраасаа 3 000 м.кв газрыг нь эзэмшиж байгаа. Гэвч “УЗ” ХХК-ийн захирал Занданг Монгол Улсад байхгүй үед буюу хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд дурдсанаар 2017 оны сүүлээс 2018 оны эхэн үе хүртэл “СЖ” ХХК нь тус компанийн эзэмшлийн 3 000 м.кв газар дээр зөвшөөрөлгүй барилга барьсан. “УЗ” ХХК-ийн 3.000 м.кв газар гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан газрын гэрчилгээ, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Баянгол дүүргийн газрын албанаас гаргасан кадастрын зураг зэрэг нотлох баримтуудаар нотлогдоно. Мөн нэхэмжлэгч болон хариуцагч талуудаас аль алинаас нь гаргаж өгсөн фото зургаар манай газар дээр барилга барьсан нь харагдах бөгөөд хариуцагчийн хариу тайлбарт газар эзэмших эрх манай компани руу шилжихдээ 3 000 м.кв газар нь байршлын хувьд урд хэсэгт байхаар анх тохиролцсоноос өөрчлөгдөж, нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтад заасан байрлалтайгаар шилжсэн байсан. Анх тохиролцсоны дагуу өөрсдийн худалдан авахыг хүссэн газартаа барилгаа барьсан гэж өөрөөр хэлбэл манай кадастрын зургаар тэдний барьсан байшин манай “УЗ” ХХК-ийн 3 000 мкв газар дээр байгааг хэлсэн байдаг. Гэтэл хариуцагч шүүх хурал дээр худал хэлсэн байна. “УЗ” ХХК нь өөрийн 3 000 м.кв газар дээр зөвшөөрөлгүй баригдсан барилгыг нураахыг шүүхийн шийдвэрт тусгуулахыг хүссэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч газрын албаны кадастрын зураг урд хэсэгт байхаар тооцож хэлсэн. Тиймээс Баянгол дүүргийн газрын албаны кадастрын зураг бол албан ёсны баталгаатай, хувийн компаниар хийлгэсэн кадастрын зураг нь нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлдээ барилга барих ажлыг 2017 оны сүүлээр эхэлж 2018 оны эхээр дуусгасан гэж бичсэн байдаг. Гэтэл “УЗ” ХХК-ийн захирал Зандан нь 2017 оны 3 сарын 06-нд Монгол Улсад ирээд 2017 оны 3 сарын 09-ний өдөр буцаж яваад, 2018 оны 5 сарын 20-ны өдөр Монгол Улсад ирээд, 2018 оны 6 сарын 20-ны өдөр буцаад явсан. Тухайн барилга барьсан үед Зандан захирал Монгол Улсад байхгүй байсан буюу газар дээр барилга барьсан гэдгийг мэдээгүйг нотолсон гадаад паспортын хуулбарыг бид шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл шүүгч нэхэмжлэгч талын гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлээгүй нь хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан ба хариуцагч барилгаа 2017 оны сүүлээс 2018 оны эхэн үе хүртэл барьсан гэж тайлбарласан байхад шүүх шийдвэртээ 2016 оноос 2018 онд уг барилга баригдаж байсан байна гэж үндэслэлгүй гуйвуулсан дүгнэлт хийсэн. Хариуцагчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, мэдүүлгийг шүүгч хавтаст хэрэгт хавсаргагдсан маргаантай газар рыуу байшин оруулж барьсныг нотолсон талуудын аль алинаас нь гаргаж өгсөн сансрын зургийг үнэлээгүй боловч шүүхийн шийдвэрт талуудаас гаргаж өгсөн фото зургаар “СЖ” ХХК-ийн шилжүүлэн авсан газарт 1 давхар агуулахын барилга байдаг болох нь нотлогдож байна гэж дүгнэсэн нь илт нэг талыг барьж дүгнэсэн байна. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “хариуцагчид барилгаа барихыг зогсоох шаардлага хүргүүлээгүй мэдэгдээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул” гэж хариуцагчийн хэлсэн үгийг мөн л сольж бичсэн ноцтой алдаа гаргасан нь шийдвэрийнхээ эсрэг манай хэлээгүй үгийг хэлсэн болгож бичсэн. Сөрөг нэхэмжлэлийн тухайд үндсэн нэхэмжлэлтэй огт хамааралгүй бөгөөд цаг хугацаа хожих гэсэн арга байсан. Учир нь хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулж байсан. “СЖ” ХХК-ийн 7 000 м.кв газар дээр манай компанийн тоног төхөөрөмж, барилгын материал болон бусад эд зүйл байхгүй бөгөөд тэнд байгаа тоног төхөөрөмж, барилгын материал нь манайх тавиулсан эд зүйл биш юм. Сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлтэй огт хамаагүй шүүх хүлээж авах ёсгүй байсан гэж үзэж байна. Мөн үүнийг гэрчлүүлэхээр 7 000 мкв газар дээр тоног төхөөрөмж, барилгын материал тавьсан компанийн ажилтныг гэрчээр асуулгахаар хүсэлт гаргаж, уг хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэсэн. Гэвч шүүх хуралдаан болдог өдөр өмгөөлөгч маань итгэмжлэгдсэн төлөөлөгч надтай зөвшилцөлгүйгээр, миний зөвшөөрлийг авалгүйгээр шүүх хуралдааныг хойшлуулахгүйгээр хэргийг хурдан шийдвэрлүүлнэ гэдэг шалтгаанаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, гэрчийг асуулгаагүй байна. Тиймээс одоо хариуцагч “СЖ” ХХК-ийн эзэмшилд байгаа 7 000 м.кв газарт “БСЖМН” ХХК гэх компанийн тавьсан тоног төхөөрөмж, барилгын материалыг “УЗ” ХХК хариуцаж чөлөөлж өгөх нь утгагүй бөгөөд ойлгомжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ. 

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “УЗ” ХХК нь хариуцагч “СЖ” ХХК-д холбогдуулан зөвшөөрөлгүй барьсан барилгыг албадан буулгуулж, газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч “СЖ” ХХК эс зөвшөөрч, хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Нэхэмжлэгч “УЗ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагадаа Баянгол дүүрэг, 20 дугаар хороо ТЭЦ-4 станцын урд байрлах 10 000 м.кв газрыг, ШШГ 461 дүгээр ангийн зүүн талд байрлах 3 000 м.кв газрыг тус тус эзэмшдэг гэх боловч хариуцагч “СЖ” ХХК-ийн аль газарт барьсан барилгыг албадан буулгуулж, газар чөлөөлүүлэх тухай шаардлага гаргасан нь тодорхой бус байна.

 

Нөгөө талаар, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах хууль зүйн үндэслэлийг тодорхойлохдоо хэргийн нотлох баримт, талуудын тайлбарт үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл, хөрш залгаа эд хөрөнгийн хилийн зааг зөрчиж, барилга барьсантай холбоотой үүссэн сөрөг үр дагаврыг арилгахтай холбоотой нэхэмжлэл гаргасан гэж үзэж байгаа бол холбогдох хуульд заасан ямар нөхцөл байдлыг аль тал нотлох үүрэгтэй болохыг зөв тодорхойлох нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.

 

Түүнчлэн, анхан шатны шүүх нэхэмжлэгч “УЗ” ХХК нь дээрх 7 000 м.кв газрыг хариуцагч “СЖ” ХХК-д шилжүүлэн өгсөн болох нь зохигчдын тайлбар, талуудын байгуулсан гэрээ, “Геоботаник” ХХК-ийн кадастрын зураг зэргээр тогтоогдож байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. Учир нь шүүхийн үндэслэлээ болгосон “Геоботаник” ХХК-ийн кадастрын зураг нь газрын албаны мэдээллийн санд орсон кадастрын зураг биш байна.

 

Мөн хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг үнэлэх боломжгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийг шийдвэрлэх журамд үл нийцнэ. Шүүхэд үнэлэхгүй нотлох баримт байж болохгүй бөгөөд нэхэмжлэлийг татгалзах үндэслэлд хамаарахгүй, эсхүл хуулиар тогтоосон шаардлагыг хангаагүй баримт байвал түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар хасах, хассан талаар хэргийн оролцогчид мэдэгдэх учиртай. Энэ нь хэргийн оролцогч нарт өөрсдөө дахин болон шүүхийн журмаар бүрдүүлэх, нотлох баримт хассантай холбоотой гомдол гаргах зэрэг эрхээ хэрэгжүүлэх боломж олгоно. 

 

Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбарыг сольж бичсэн, үндэслэх болон тогтоох хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилан шийдвэрлэхдээ “ ... хариуцагч “УЗ” ХХК ...”, “ .... нэхэмжлэгч “СЖ” ХХК ...” гэх зэргээр нэхэмжлэгч, хариуцагчийн нэрийг сольж бичсэн зэрэг найруулгын болон техникийн шинжтэй алдаа гаргасан байгааг дурьдах  нь зүйтэй байна.  

 

Хариуцагч “СЖ” ХХК нь сөрөг нэхэмжлэлдээ нэхэмжлэгч “УЗ” ХХК-тай харилцан тохиролцож, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, ТЭЦ-4 станцын урд байрлах 10 000 м.кв талбай бүхий газраас 7 000 м.кв газрыг гэрээ байгуулан шилжүүлэн авч, Баянгол дүүргийн Засаг даргын 2017 оны 9 сарын 15-ны өдрийн А/432 тоот шийдвэр гарсан гэх боловч энэ талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй болно. Энэхүү нөхцөл байдлаас дүгнэвэл нэхэмжлэгч, хариуцагч нар хаана байрлах, ямар газрыг, ямар эрх бүхий байгууллагын шийдвэрээр эзэмшдэг эсэх, дээрх газрууд нь газрын албаны мэдээллийн санд хэрхэн бүртгэгдсэн эсэх нь тодорхойгүй байна.

 

Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 29-ний өдрийн 102/ШШ2019/02864 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                                                                     

 

 

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                               ШҮҮГЧИД                                  С.ЭНХТӨР

 

Г.ДАВААДОРЖ