Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/00066

 

 

     2024            01          05                                    210/МА2024/00066

 

УЗ ХХК -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2023/03558 дугаар шийдвэртэй,

 

УЗ ХХК -ийн нэхэмжлэлтэй

СЖ ХХК , Г.Х нарт холбогдох,

 

Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийг УЗ ХХК -д буцаан шилжүүлэхийг хариуцагч СЖ ХХК -д даалгах, уг газар дээр зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар баригдсан 750 м.кв барилгыг бүхэлд нь албадан буулгуулж, газрыг чөлөөлүүлэх тухай,

Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн нотаритын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б, хариуцагч Г.Х, хариуцагч СЖ ХХК -ийн төлөөлөгч П.У, түүний өмгөөлөгч Н.Б, шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Манай компани нь 2012 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 0294107 дугаартай аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээгээр 10,000 м.кв талбайтай газрыг хууль ёсоор эзэмшиж байсан.  

 УЗ ХХК -ийн менежер Б.Б нь СЖ ХХК -ийн захирал П.Уд итгээд 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” гэрээг хийхдээ зохих этгээд болох компанийн захирал н.Зандагийн зөвшөөрөл аваагүй. Нотариатч тойрог зөрчиж гэрээг гэрчилсэн.

1.2. СЖ ХХК -ийн захирал П.У нь УЗ ХХК -ийн н.З захиралтай тохиролцоод 200,0 гаруй сая төгрөг төлөөд уг 7,000 м.кв газрыг худалдаж авсан гэдэг боловч уг баримт огт байхгүй, мөнгө төлж байгаагүй.    

 1.3. Манай газар СЖ ХХК -д хууль бусаар шилжсэн асуудал дээр Баянгол дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргаж, шалгуулж байсан боловч хөөн хэлэлцэх хуулийн хугацаа дууссан тул хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг прокурорын тогтоолд дурьдсан.

1.4. Мөн манай 10,000 м.кв газар дээр СЖ ХХК нь ямар ч зөвшөөрөлгүйгээр 750 м.кв талбай бүхий барилга барьсан. Уг барилгыг буулга гэх  шаардлага тавихад буулгаагүй. 

Иймд “Газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, уг гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа 7,000 м.кв газар эзэмших эрхийг УЗ ХХК -д буцаан шилжүүлэх болон уг газар дээр зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар баригдсан 750 м.кв барилгыг бүхэлд нь албадан буулгаж, газрыг чөлөөлөхийг СЖ ХХК -д тус тус даалгуулж өгнө үү.

1.2. 2016 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан Нотариатын тухай хуулийг зөрчиж уг гэрээг гэрчилсэн тул Нийслэлийн Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Г.Хгийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээг нотариатын бүртгэлийн 1380 дугаарт гэрчилсэн үйлдлийг хүчингүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагч СЖ ХХК -ийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1576 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” прокурорын тогтоол гарч, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Бодит байдал дээр УЗ ХХК -ийн захирал н.Зтай СЖ ХХК -ийн хувьцаа эзэмшигч болон удирдлагын хүрээнд харилцан тохиролцож, холбогдох төлбөрийг нь төлснөөр газар эзэмших эрх шилжүүлсэн.

2.2. Нэхэмжлэгч болон хариуцагч компаниудын хооронд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан, энэ нь Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.1.6-д зааснаар эрх шилжүүлэх гэрээнд хамаарна.  Эрх шилжүүлэх гэрээг заавал тухайн тойргийн нотариатч гэрчилнэ гэсэн зохицуулалт байхгүй.   

2.3. УЗ ХХК -ийн эзэмшлийн 10,000 м.кв газраас 7,000 м.кв газрыг шилжүүлэн авахдаа УЗ ХХК -ийн нэр дээр үлдэх 3,000 м.кв газрыг байршлын хувьд урд хэсэгт байхаар тохиролцсон.  

Манай компани махны үйлдвэртээ зориулан агуулахын барилга барих ажлыг эхэлж, анх тохиролцсоны дагуу өөрсдийн худалдаж авахыг хүссэн газартаа барилгаа барьсан. Үүнийг нэхэмжлэгч УЗ ХХК болон удирдлага нь мэдэж байсан.

Иймд УЗ ХХК -ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

2.4. Хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч нь Компанийн тухай хуульд заасан эрхийн хүрээнд итгэмжлэл өгсөн. Гэрээ хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж байгаа бол төлөөлөгчийн бүрэн эрх буюу итгэмжлэл хуульд заасан шаардлага хангасан эсэхийг нотариатч нягтлана. Архиваас ирсэн баримтад н.З гэх хүний хувьцаа эзэмшигчийн шийдвэр байна. Тэрээр ийм шийдвэр гаргах эрхтэй ба шийдвэр гарсан байгаа.  

 750 м.кв барилгыг буулгах, газар чөлөөлүүлэх нэхэмжлэл нь урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн гэж үзэж байна. Мөн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй, 10,000 м.кв газарт тухайн 750 м.кв барилгаас өөр олон үл хөдлөх хөрөнгө байгаа.  Аль алийг нь буулгах гээд байгаа нь тодорхойгүй байна.  

Иргэний хуулийн 137 дугаар зүйлд зааснаар газар эзэмшигч зөвшөөрөлгүй барьсан барилгын хөрш хил зөрчсөн үйлдэл гаргасан бол буцаан хэвийн байдалд нь оруулахаар шаардлага гаргах эрхтэй. Гэхдээ энэ талаар мэдсэнээс хойш нэн даруй шаардлага гаргах ёстой. Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсэгт хөрш зэргэлдээ газар эзэмшигч хөршийнхөө хил давсан үйлдлийг зогсоохыг тухайн үед нь нэн даруй шаардаагүй бол зөрчлийг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй.  

 

3. Хариуцагч Г.Хгийн татгалзал, тайлбарын агуулга:

3.1. Тухайн компани нэг гишүүнтэй, тэр гишүүн нь шийдвэрээ гаргаад компанийн гэрчилгээ, дүрэм, бусад холбогдох бичиг баримтуудын хамт Б.Б гэх хүнд компанийн эрхийг шилжүүлэх бичиг баримтууд байсан. Хоёр компанийн хооронд хийгдэж байгаа гэрээ хэлцлийн хувьд хичнээн гишүүнтэй байна, хэн төлөөлөх эрхтэй байна гэх зэргийг шалгах үүрэгтэй. Үүний дагуу шалгахад компанийг төлөөлөх эрх олгосон байсан учраас гэрээг гэрчилсэн. Иймд нотариатын үйлдлийг хууль бус гэж үзэхгүй байна.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 59 дүгээр зүйлийн 59.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан СЖ ХХК -д холбогдуулан 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийг УЗ ХХК -д буцаан шилжүүлэхийг даалгах, уг газар дээр зөвшөөрөлгүйгээр хууль бусаар баригдсан 750 м.кв барилгыг бүхэлд нь албадан буулгуулж газрыг чөлөөлүүлэх, хариуцагч Г.Хд холбогдуулан 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч УЗ ХХК -ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч УЗ ХХК -ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 351,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байгаа болно.

5.1.Нэхэмжлэгч талаас Б.Бт хэзээ ч итгэмжлэл олгож байгаагүй бөгөөд Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гэх УЗ ХХК -ийн захирал н.Згийн гарын үсэгтэй баримт нь 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн огноотой, Монгол Улс, Улаанбаатар хотод үйлдсэн баримт байдаг. Уг хугацаанд н.З Монгол Улсад байгаагүй болох нь Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаагаар нотлогдож байхад шүүгч уг баримтыг үнэлэлгүйгээр шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.5-д буруу дүгнэжээ.

5.2 Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.9-т “Урсгал зам" ХХК-ийн захирал, БНХАУ-ын иргэн н.З нь Монгол Улсын хилээр 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 36 удаа нэвтэрсэн байх бөгөөд 2016 онд 6 удаа, 2017 онд 1 удаа, 2018 онд 5 удаа тус тус хилээр нэвтэрсэн талаар Хил хамгаалах ерөнхий газраас лавлагаа ирүүлсэн” гэж зөв дүгнэсэн боловч Газрын эрхийг шилжүүлэх итгэмжлэл олгосон гэх 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гаргах өдөр Монгол Улсад байгаагүйг харин хянаж үзээгүй гэхээр байна.

5.3. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.11-т дүгнэсэн хэрэг бүртгэлтийн 190503259 дугаартай хэргийг хааж шийдвэрлэх гол үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан явдал юм. Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэж дуусаагүй байхад ийнхүү хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон.

5.4. 2011 оны Нотариатын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг нь 2019 онд өөрчлөлт орсон, гэрээг батлуулах үед 2011 оны Нотариатын тухай хууль үйлчилж байсан. Үүнийг шүүх хуралдаанд тайлбарласан боловч шийдвэрийн үндэслэх хэсгийн 7.1-т 2019 оны өөрчлөлт орсон Нотариатын тухай хуулийг баримталж буруу шийдвэр гаргасан байна.

Тухайн үед үйлчилж байсан 2011 оны Нотариатын тухай хуульд заасан Үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэхтэй холбогдсон аливаа хэлцэл гэх заалтад 2016 оны 04 сард бусдад газрын эрхийг шилжүүлсэн хэлцэл хамаарч байна. Мөн тухайн газар буюу үл хөдлөх эд хөрөнгийн байгаа газар болох Баянгол дүүргийн тойргийн нотариатч гэрчлэх ёстой байтал Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч гэрчилсэн нь Нотариатын тухай хуулийн 7.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна. Үүнийг шүүх анхаарч үзэлгүй буруу хуулийг хэрэглэсэн байна.

5.5. Нийслэлийн архивын газраас ирсэн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн огноотой 2016 оны 04 сарын 29-ны өдөр нотариатч гэрчилсэн баримт бичгүүдэд Эрх шилжүүлэгч тал хэсэгт н.З /Shandan/-ийн пасспорт, оршин суух зөвшөөрлийн үнэмлэхийн хуулбар гэрчлэгдсэн бөгөөд уг пасспорт, оршин суух зөвшөөрлийн үнэмлэхийг нотариатч Г.Х нь өөрийн 72 дугаарын тамгаар гэрчилсэн нь нотлогддог.

Дээрх пасспорт, оршин суух зөвшөөрлийн үнэмлэх нь тухайн нотариатч тамга дарж гэрчилсэн цаг хугацаанд буюу 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүчингүй болсон байсан бөгөөд Монгол Улсад байгаагүй баримтууд юм. Нотариатч Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэгт заасныг зөрчиж бичиг баримтын хуулбарыг эх хувьтай нь тулгахгүй гэрчилж, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-д үйлчлүүлэгчийн баримт бичиг нь хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээнд харшилж байвал баримт бичгийг гэрчлэхийг хориглосон байтал эх хувь нь байхгүй, хүчингүй болсон баримт бичгийг гэрчилсэн нь нотариатын тухайн гэрээг гэрчилсэн үйлдлийг хүчингүйд тооцох үндэслэл болж байна.

Мөн УЗ ХХК -ийн захирал н.З нь газрын эрхээ шилжүүлэхээр СЖ ХХК болон П.Утай огт хэлэлцэж тохироогүй бөгөөд уг газрын эрх шилүүлэх эрхийг Б.Б болон өөр хэн нэгэнд огт олгоогүй тухай н.З болон Б.Б нар гэрчээр өгсөн мэдүүлэгтээ хэлдэг бөгөөд Б.Б нь газрын эрх шилжүүлэх тухай баримт бичгүүдийг СЖ ХХК -ийн захирал П.У бэлдэж ирсэн, уг баримтууд хуурамч тухай мэдүүлэгтээ дурьдсан.

Уг гэрчлэгдсэн баримтууд нь хүчингүй байсан тухайн хугацаанд шинэ бичиг баримтуудтай болсон байсныг нотлох зорилгоор шинэ оршин суух зөвшөөрлийн үнэмлэх, шинэ пасспортын хуулбар, хүчингүй болсон пасспортын эх хувь, н.З захирал Монгол Улсад байхгүй байхад хүчингүй баримт бичгүүдийг нь ашиглаж өмнөөс нь газрын эрхийг нь шилжүүлэх гэрээ хийж газрыг нь шилжүүлж авсныг нотлох зорилгоор Хил хамгаалах ерөнхий газраас н.З нь хилээр орсон гарсан лавлагаануудыг тус тус гаргаж, нотлох баримтаар өгсөн боловч энэ тухай шүүх ямар ч дүгнэлт өгөөгүй байна.

5.6. Хэрэгт авагдсан баримтаар “БСИЖМН” ХХК-д тухайн хугацаанд УЗ ХХК -ийн газрыг бүрэн хариуцуулан түрээслэж байсан учир уг газрыг эргэж тойрч очдоггүй байсан, тухайн газар шилжсэнийг мэдсэн даруйдаа цагдаа, шүүх байгууллагад хандаж гомдол, нэхэмжлэл гаргасан тухай, УЗ ХХК -ийн захирал н.З, менежер Б.Б нар нь мэдүүлэгтээ дурдсан учраас гомдлын шаардлагыг мэдсэн даруйдаа гаргасан гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч СЖ ХХК -ийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

6.1. Хүчин төгөлдөр бус гэж тооцуулах гээд байгаа гэрээ нь хуулийн этгээдүүдийн хооронд хийгдсэн, газрын эрхийг нөгөөд шилжүүлж байгаа хэлцэл. Б.Б нь УЗ ХХК -д бүх зүйлийг хариуцан ажилладаг гэдгээ шүүхэд мэдүүлсэн. Б.Бт итгэмжлэл олгосон байсан тул хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг үндэслээд нотариатч зөвхөн хэлцлийг баталсан. УЗ ХХК -ийн захирал н.Згийн бичиг баримтын үнэн зөв нь эрх шилжүүлэх гэрээнд хамааралгүй.

6.2. Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаагаар н.З 36 удаа хилээр орж гарахдаа, үйлдвэр баригдсаны дараа “3,000 м.кв газраа П.Уд зарна” гэж ярьж байсан боловч өндөр үнийн дүн хэлсэн учраас П.У “худалдаж авч чадахгүй” гэдгээ хэлсэн. 2019 оны 07 дугаар сард цагдаад хуурамч бичиг баримт үйлдсэн гэж гомдол гаргасан. Уг хэрэгт криминалистикийн шинжээч томилж, гэмт хэргийн шинжгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан.

6.3. Эрх шилжүүлэх хэлцлийн зохицуулалт 2011, 2019 оны Нотариатын тухай хуулийн аль, алинд нь байгаа. 2011 онд нотариатын тойрог байсан, 2016 онд нотариатын тойрог харгалздаггүй байсан. Газрын эрх шилжүүлж байгаа хэлцлийг тойргийн нотариат тойрог зөрчиж гэрчилсэн байдал байхгүй. Бичиг баримтын үнэн зөвийг нотариат батлаагүй, зөвхөн хэлцлийг баталсан. Шалгах зүйл нь УЗ ХХК -ийг төлөөлж хэн ирсэн, холбогдох эрх бүхий этгээд шийдвэр гаргасан эсэх юм. Талуудад эрх, үүргийг нь тайлбарласан, холбогдох бүх баримт нь архиваас ирсэн.

Энэ асуудал бол гэмт хэрэг биш, хуурамч бичиг баримт үйлдсэн гэдэг нь тогтоогдоогүй. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч Г.Хгийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн хувьд үндэслэлтэй гарсан. Газар эзэмших эрх шилжүүлэх хэлцлийн талаар 2011, 2019 оны Нотариатын тухай хуульд заасан. Нэхэмжлэгч компанийн хувьцаа эзэмшигч н.З өөрөө шийдвэр гаргаад, уг шийдвэрт менежерээр ажиллаж байсан Б.Бт компанийн гэрчилгээ, дүрэм, тамга тэмдгээ өгсөн байсан. 2 хуулийн этгээдийн асуудлыг шалгаж үзсэний үндсэн дээр 1380 дугаартай, Б.Б, П.У нарын гарын үсэг зурсан гэрээг гэрчилсэн.

Миний бие Нотариатын тухай хуулийг зөрчсөн хэлцлийг гэрчлээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд нь хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч УЗ ХХК нь хариуцагч СЖ ХХК -д холбогдуулан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийг УЗ ХХК -д буцаан шилжүүлэхийг хариуцагч СЖ ХХК -д даалгах, уг газар дээр зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар баригдсан 750 м.кв барилгыг бүхэлд нь албадан буулгуулж, газрыг чөлөөлүүлэх тухай, хариуцагч Г.Хд холбогдуулан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч УЗ ХХК -ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн шийдвэр баримтаар авагдсан байх бөгөөд уг шийдвэрт тус компанийн эзэмшлийн, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ***/5**** нэгж талбарын дугаар бүхий 10,000 м.кв газрын 7,000 м.кв газрыг СЖ ХХК -д эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлж, газар эзэмших эрх шилжүүлэхтэй холбоотой ажлыг хариуцан гүйцэтгэх, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ болон холбогдох бусад баримт бичигт компанийг төлөөлөн гарын үсэг зурах эрхийг Б.Батцэцэгт олгосон байна.

УЗ ХХК -ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч БНХАУ-ын иргэн н.З /Shandan/ нь дээрх хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гарах үед  буюу 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Монгол Улсад байсан байгаагүй гэх байдлыг нотлохоор нэхэмжлэгч нь Хил хамгаалах ерөнхий газраас лавлагаа гаргуулах хүсэлт шүүхэд гаргажээ. 

Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШЗ2023/08041 дугаар захирамжаар Хил хамгаалах ерөнхий газраас БНХАУ-ын иргэн н.З 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр болон 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрүүдэд Монгол Улсад байсан эсэх лавлагааг гаргуулахаар шийдвэрлэсэн байхад тухайн байгууллагаас  2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн лавлагаанд 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд БНХАУ-ын иргэн н.З Е5***** тоот баримт бичгээр Монгол Улсын хилээр нэвтэрсэн болон гарсан талаарх мэдээллийг ирүүлжээ.

БНХАУ-ын иргэн н.Зд 2015 онд олгогдсон Е5******** тоот пасспортаас хуулбарласан, Монгол улсын хилээр орж гарсныг тэмдэглэлд тэрээр 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсаас хилийн “Буянт-Ухаа” боомтоор гарч, 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдөр мөн боомтоор Монгол Улсад орж ирсэн байна. Энэ байдал нь Хил хамгаалах ерөнхий газрын гаргасан лавлагаагаас зөрж байх бөгөөд н.З Е5******** тоот пасспортын хуулгыг шүүхэд дутуу гаргаж өгсөн эсэх, эсхүл Монгол улсын хилээр өөр Е5******** тоот өөр пасспортоор нэвтэрсэн эсэх тодорхойгүй байна.  

БНХАУ-ын иргэн н.З Монгол Улсад УЗ ХХК -ийн гүйцэтгэх захирлаар ажиллахдаа үйлдсэн гэрээ, хэлцлийн хүчин төгөлдөр эсэх, шаардах эрхийн хугацааг тоолоход тухайн иргэн Монгол Улсад байсан хугацааг зөв тодорхойлох нь ач холбогдолтой байна.

 Дээрх үйл баримтыг эргэлзээгүй нотолсон баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

4. Давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулж шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2023/03558 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 351,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Д.ЦОГТСАЙХАН

 

       ШҮҮГЧИД                                         Ц.АЛТАНЦЭЦЭГ                                                                        

                                                      Э.ЗОЛЗАЯА