Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/01568

 

 

  

   2022              08              22                                                 210/МА2022/01568

 

 

 

У З ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2022/02068 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч У З ХХК-ийн хариуцагч С Ж ХХК-д холбогдуулан зөвшөөрөлгүй барьсан барилгыг буулгуулж, газар чөлөөлүүлэх, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамгарав, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Төмөрцэцэг, Л.Батжав, хариуцагчийн өмгөөлөгч Н.Баярхүү /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Манайх 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, 2012 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 0294107 дугаартай аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээтэйгээр 10.000 метр квадрат талбайтай Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ТЭЦ-4 станцын урд, 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 01107-2018/00402 дугаартай Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 000324307 дугаартай Аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээтэйгээр ШШГ 461 дүгээр ангийн зүүн талд байрлах 3000 метр квадрат талбайтай газрыг эзэмшдэг. Гэтэл У З ХХК-ийн гүйцэтгэх захирал Шандан /Shan Dan/-г Монгол улсад байхгүй, гадаад улсад байх хугацаанд манай уг газар дээр С Ж ХХК-ийн захирал П.Уянга ямар ч зөвшөөрөл авахгүйгээр барилга барьж, уг барилгаа буулгаж ав гэж шаардлага тавихад барилгаа одоо хүртэл буулгахгүй эзэмшигч болох манай компанийг эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байна. Иймд манай компанийн эзэмшлийн газар дээр зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар баригдсан барилгыг албадан буулгаж, газрыг чөлөөлж, эзэмших эрхээ хуулийн дагуу хэрэгжүүлэх боломжийг олгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Манай компани махны үйлдвэр барих зориулалтаар газар хайж байсан бөгөөд 2014 онд У З ХХК-ийн захирал Шандан /Shan Dan/ харилцан тохиролцож тэдний компаний нэр дээрх газрыг авахаар болж, 2014 онд Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулан Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ТЭЦ-4-ийн урд байрлах 10.000 метр квадрат талбайтай газраас 7000 метр квадрат талбай бүхий газрыг шилжүүлэн авсан. У З ХХК-ийн 10000 метр квадрат талбайтай газраас 7000 метр квадрат талбайтай газрыг шилжүүлэн авахдаа У З ХХК-ийн нэр дээр үлдэх 3000 метр квадрат талбай бүхий газрыг урд хэсэгт байхаар тохиролцож, “Геобатоник” ХХК-иар кадастрын зураг хийлгэсэн. Улмаар манай компани махны үйлдвэртээ зориулан агуулахын барилга барих ажлыг эхэлсэн бөгөөд анх тохиролцсны дагуу авахыг хүссэн газартаа барилгаа барьсан.Үүнийг У З ХХК мэдэж байсан бөгөөд тухайн үед ямар нэгэн байдлаар эсэргүүцэж байгаагүй.Гэтэл газар эзэмших эрх манай компани руу шилжихдээ анх тохиролцсон кадастрын зураг өөрчлөгдөж нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтад заасан байрлалтайгаар шилжсэн байна.Нэхэмжлэгч тал ч анх тохиролцсны дагуу урд хэсэгт байрлах буюу өнөөдөр манай эзэмших эрх бүхий 3000 метр квадрат газрыг өнөөдрийг хүртэл бусдад түрээслэн ашигласаар байна. Иймд нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүй барьсан барилгыг албадан буулгуулж, газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56.1.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.4-т заасныг баримтлан зохигч талуудын хооронд 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хийгдсэн газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, манай эзэмшлийн 3000 м.кв талбай бүхий газар дээр барьсан барилгыг буулгаж, 491 метр квадрат газрыг чөлөөлүүлэх тухай У З ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг баримтлан нэхэмжлэгч У З ХХК нь газар эзэмших эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлээсээ, хариуцагч С Ж ХХК нь хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлээсээ тус тус татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар улсын тэмдэгтийн хураамижд нэхэмжлэгчийн төлсөн 140,400 төгрөг, хариуцагчийн төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэсэн.

          4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: У З ХХК-ийн захирал Шандан /Shan Dan/гадаад улсад байх хооронд 2016 оны 04 сард С Ж компаний захирал н.Уянга тус компаний менежирт “манайх энэ газар дээр зөвшөөрөлгүй барилга барьсан, хүн нас барсан зэргээс газрын асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй байна, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас их хэмжээний торгууль танайд тавих гээд танай захиралтай чинь ярьж тохирчихсон үлдсэн ажлыг чамтай зохицуул гэсэн 7000 мкв газрыг манайх шилжүүлж авахаар болсон тул би бичиг баримтыг танай компаний өмнөөс бэлдчихсэн чи зөвхөн тамгаа авчирхад болно” гэж итгүүлж 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Шандан /Shan Dan/ захирал Монгол Улсад байсан мэтээр уг өдрийн огноотой, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ болон бусад бичиг баримтууд 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн газрын албанд бичсэн мэтээр албан бичгүүдийг гаргаж улмаар У З ХХК ны эзэмшилийн 7000 мкв газрыг хууль бусаар шилжүүлж авсан байдаг. Иргэний шүүхэд өгсөн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ гэх баримт нь 2016 оны 04 дүгээр сарын 27-ны огноотой, Эрүүгийн хэрэгт өгсөн Газар эзэмших эрх шилжүүлэн гэрээ нь 2016оны 04 дүгээр сарын 01-ний огноотой байгаа нь уг гэрээг хоёр удаа үйлдэж гаргасан нь нотлогдож байна. Тухайн үед ”Урсгал зам” ХХК-ийн менежир н.Бэрцэцэг захиралтайгаа холбогдох гэсэн боловч холбогдож чадаагүй. н.Уянга сүүлдээ торгууль тавигдах гээд байна гэж дарамт шахалтанд оруулж Баянгол дүүргийн хэд хэдэн нотариатаар орсон боловч хөөгдөж гарч хэд хоногийн дараа Баянзүрх дүүргийн нотариатчаар газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг шилжүүлж авсан нь Нотариатийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь заалтыг зөрчиж хууль бусаар 7000 м.кв газрыг шилжүүлж авсан. "Урсгал зам” ХХК нь 1 гишүүнтэй хувьцаа эзэмшигчийн хурал хийх хууль зүйн үндэслэлгүй. Тус компаний менежир н.Бэрцэцэг гэрчээр мэдүүлэхдээ тухайн үед Шандан /Shan Dan/ захирал Монголд байгаагүй бөгөөд захиралтай тус компанийн итгэмжпэгдсэн төлөөлөгч холбогдоход н.Бэрцэцэгт огт итгэмжлэл өгөөгүй, 7000 м.кв газрыг шилжүүлж өг гэж хэлээгүй, мөнгө аваагүй С Ж ХХК-ийн үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигч Хятад Улсын иргэн махны цех ажиллуулдаг Жан Мин Жун хоёртой ярьж тохиролцсон зүйлгүй гэж хэлсэн. Шандан /Shan Dan/ нь 2015 оны 07 дугаар сарын 22 ны өдөр шинэ паспорт авсан байхад түүний хүчингүй бөгөөд хүчинтэй мэт хуурамч бичиг баримтаар 7000 м.кв газрыг шилжүүлж авсан нь хууль бус үйлдэл. 2014 оны мөнгө өгсөн гэх цаас нь нотлох баримтын шаардлага хангахгүй баримт өгсөн байдаг. С Ж ХХК нь 2014 онд үүсгэн байгуулагдаагүй. н.Уянга нь бүх бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, 7000 мкв газрыг хууль бусаар шилжүүлж авсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог боловч шүүх хавтаст хэрэгт авагдсан бүх нотлох баримтуудыг үнэлээгүй, хэргийн бодит байдлыг тогтоолгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэргийг хэрэгсэхгүй болгож хэт нэг талын барьсан шийдвэр гаргасанд нь гомдол гаргаж байна.

          5. Давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: У З ХХК-ийн 10.000 метр квадрат талбайтай газраас 7000 метр квадрат талбайтай газрыг шилжүүлэн авахдаа У З ХХК-ийн нэр дээр үлдэх 3000 м.кв талбай бүхий газрыг урд хэсэгт байхаар тохиролцож, “Геобатоник” ХХК-аар кадастрын зурагт давхцал үүссэн болохыг аль аль тал нь мэдэж байсан. Хөрш залгаа газрын нөгөө өмчлөгч нь танай өмчлөлийн газарт ороод ирсэн барилгыг зайлшгүй холдуулах эрх ашиг нь хөндөгдсөн. Тухайн нөхцөл байдал нь анхнаасаа хөрш залгаа газар байсан бөгөөд уг газрыг 2 хуваасан. Мөн тухайн байшиг барихыг мэдсээр байж бариулсан, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсаны дараа буруутгасан шаардлага нь хуульд нийцэхгүй байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 , 56.1.8-т заасны аль нэгийг шүүх сонгож шийдвэр гаргана гэх байдлаар хандсан. Гэтэл тухайн 2 зүйл заалтын үр дагавар нь өөр өөр нөхцөл байдал шаарддаг. Өөрөөр хэлбэл, 2 хуулийн этгээдийн хооронд газрын эрх шилжүүлэх хэлцэл хийгдсэн бөгөөд нотариатаар баталгаажуулж, нотлох баримтуудыг гаргуулсан. Иргэн н.Зандан хувьцаа эзэмшигч нь Монгол Улсад байхгүй ч гэсэн У З ХХК нь гэрээ хэлцэл хийж болохгүй гэх ойлголт биш. Хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан газрыг шилжүүлэх асуудал шийдэгдсэн. Үүний дагуу хуулиар заасан хэм хэмжээг зөрчихгүй, хуулийн хүрээнд гэрээ хэлцэл хийгдэж, холбогдох Засаг даргынх нь захирамж гарч, өмчлөх эрхийг зөвшөөрч газрын гэрчилгээг гардаж авсан. 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн “Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын тогтоолд уг асуудлыг дүгнэж, гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийг хаасан. Мөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар дурдах эрхтэй гэх байдлаар тогтоол гарсан. Уг маргааныг анхан шатны шүүхээс оновчтой зөв дүгнэсэн. н.Зандан нь өөрсдийнх нь эрүүгийн хэрэгт өгсөн мэдүүлэг болон нотлох баримтаар гаргаж гэрчийн мэдүүлэгт хоёр өөр гарын үсэг зурсан. Мөн холбогдох хуулийн этгээдийн эрх барих хувьцаа эзэмшигчийн шийдвэр гарч, гэрээ хэлцэл хийгдсэн гэж шилжүүлэн С Ж ХХК-д газрын төлбөр төлсөн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдсон хууль бус баримтаар хэргийг хянан шийдвэрлэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй. Зохих этгээдийн зөвшөөрөлгүй Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасны дагуу хэлцэл хийсэн гэж маргасан. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч У З ХХК нь хариуцагч С Ж ХХК-д холбогдуулан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, 3000 м.кв талбайд баригдсан барилгыг буулгаж, газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2/

3. Нэхэмжлэгч У З ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... У З ХХК-ийн гүйцэтгэх захирал Шандан /Shan Dan/-г Монгол Улсад байхгүй, гадаад улсад байх хугацаанд уг газар дээр С Ж ХХК-ийн захирал П.Уянга ямар ч зөвшөөрөл авахгүйгээр барилга барьсан” гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ “... 2018 онд барьсан барилгыг нэхэмжлэгч Шандан /Shan Dan/ мэдээгүй байх боломжгүй...” гэж тус тус тайлбарласан.

3.а. У З ХХК нь 1 гишүүнтэй хуулийн этгээд, хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн шийдвэрээр 7000 м.кв газрын эзэмших эрхийг С Ж ХХК-д гэрээний дагуу шилжүүлэхээр шийдвэрлэжээ. /2хх 29/

3.б. Улмаар 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр У З ХХК нь С Ж ХХК-тай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, газар эзэмших эрхийг С Ж ХХК-д шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна. /хх 48/ Энэ гэрээний хүчин төгөлдөр байдалд талууд маргаж, хариуцагч компанийн захирал Шандан /Shan Dan/ нь “гэрээнд гарын үсэг зураагүй, уг гарын үсэг минийх биш, тухайн цаг хугацаанд би Монгол Улсад байгаагүй” гэх тайлбар гаргасан байна. Энэ үйл баримтыг тогтооход тусгай мэдлэг шаардлагатай.

Хил хамгаалах ерөнхий газрын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2-5а/786 тоот лавлагаанд У З ХХК-ийн захирал Шандан /Shan Dan/-гийн 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд Монгол Улсын хилээр нэвтэрсэн талаарх мэдээлэл тусгагдсан. Уг гэрээ байгуулсан цаг хугацаанд У З ХХК-ийн захирал Шандан /Shan Dan/ нь Монгол Улсад байсан эсэхийг нь тогтоох боломжгүй байна.

Анхан шатны шүүх энэ талаар талуудаас тодруулж, холбогдох ажиллагааг явуулах боломжтой байжээ.

4. Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2022/02068 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.ЦЭНД      

                          ШҮҮГЧИД                                   С.ЭНХБАЯР          

                                                                              Д.БЯМБАСҮРЭН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

.