| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 181/2017/00155/и |
| Дугаар | 2301 |
| Огноо | 2018-11-16 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 2301
Ж.Х-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Т.Туяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2018/02024 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч Ж.Х-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч Монгол Улсын Засгийн газарт холбогдох
Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 46 000 922 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,
шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Т,
Хариуцагчийн өмгөөлөгч Э.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2-д заасныг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөр тасалбар болгон 14 сарын хугацааны нөхөн олговрыг шүүхээс анх тогтоосон дүнгээр буюу 1 058 923 төгрөгөөр тооцон нийт 14 824 922 төгрөгийн нөхөн олговрыг хариуцагчаас нэмж гаргуулж, нийгмийн даатгалын холбогдох бичилтийг мөн хугацаагаар нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн. Энэ хугацаанд хариуцагч болох Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хэлэлцээд Эрүүл мэндийн яаманд ...шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай асуудлыг хэлэлцээд тогтоол гаргахаар тогтов гээд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2739/с дугаар шийдвэрийг үндэслэн Э.Х-т ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор болон Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт заасны дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж олгох асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд даалгасан байдаг ба тус өдөр 228 дугаар тогтоол гаргасан. Мөн Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн А/273 дугаар ажилгүй байсан хугацааны цалин хөлс нөхөн олгох, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх, нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай тушаал гаргаж, Ж.Х-ыннэхэмжлэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн байдаг боловч өнөөдрийн байдлаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага бүрэн биелэгдэж хангагдаагүй байгаа тул хариуцагчийн гаргаж өгсөн эдгээр нотлох баримтуудыг нь үндэслэн шүүхээр хэргийг эцэслэн шийдвэрлүүлнэ гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. 2014 оны шүүхийн шийдвэрээр 1 058 000 төгрөгийн цалинтай байна гэж заасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар нэгэнт тогтоосон үйл баримтыг бид ярихгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт хоёр өгөгдөл заасан. Хоёр өгөгдөлд түүнд ажилгүй байсан хугацааны цалин, ажил хийсэн бол зөрүү мөнгийг олгоно гэж заасан. Гэтэл Ж.Х аль ч шаардлагыг хангахгүй байгаа юм. Нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх нь түүнд нээлттэй. 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс хойшх өнөөдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин яригдана. Гэтэл 2014 оны 12 дугаар сараас Монголын Санхүүгийн корпорациас өнөөдрийг хүртэл Ж.Х-ын нэр дээр шимтгэл төлсөн баримт нь хэрэгт авагдсан баримтаар харагдаж байгаа. Ж.Х 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ажил эрхэлж байсан нь нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээс харагдаж байна. Зөрүү мөнгөний хувьд шүүхээр тогтоогдсон шийдсэн үйл баримт нь сарын дундаж хөлс 1 058 000 төгрөг, гэтэл 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 5 000 000, 2 000 000 төгрөгөөр нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан байдаг. Түүнчлэн, хариуцагч Монгол Улсын Засгийн газар нь Ж.Х-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зохих хуулийн дагуу түүнтэй зөвшилцөж шийдвэрлэсэн талаар холбогдох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байгаа тул нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх сэргээгдсэн гэж үзэж байгаа тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан хариуцагч Монгол Улсын засгийн газраас 46 000 922 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Х олгож, цалин олговорт тооцсон дээрх олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн суутгаж зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт цалингийн зөрүүд ногдох шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Монгол Улсын Засгийн газарт даалгаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /314 000+232 100/ 546 100 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Ж.Х олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 387 955 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн /хуучин нэрээр/ 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2739/с дугаар шийдвэр гарсан өдрөөс хойшх буюу нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагаар тогтоосон хугацаа болох 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт нийтдээ 46 000 922 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг хэрхэн тооцож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2739/с дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч Ж.Х-ын сарын цалин хөлсийг 1 058 923 төгрөг ба өдрийн цалин хөлсийг 49 252 төгрөгөөр тогтоосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн сарын цалин хөлсийг дахин тогтоож нотлох шаардлагагүй. Иймд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2739/с шийдвэр гарсан өдрөөс хойш нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар тогтоосон 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөр тасалбар болгон тооцоход нийтдээ 38 сар байх бөгөөд түүнийг цалин хөлсөнд нь шилжүүлбэл /38 х 1.058.923/ нийтдээ 40 239 074 төгрөг болж, 5 761 848 төгрөгийг илүү хангаж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нөхөх олговор гаргуулах гэж тодорхойлсон.
Тус хуулийн заалтад зааснаар нөхөх олговор гаргуулах нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүргээ биелүүлээгүй ажил олгогчийн эс үйлдэхүйгээс гарах эрх зүйн үр дагавар юм. Тодруулбал ажил олгогчоос шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй бол ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарснаас хойшхи хугацааны цалинтай тэнцэх олговрыг ажилтан ажил олгогчоос шаардах эрхтэй. Харин ажил олгогчийн зүгээс өөр ажил санал болгосон боловч ажилтантай тохиролцож чадаагүй бол нөхөх олговор төлөх ажил олгогчийн үүрэг дуусгавар болохоор байна. Үүний дагуу нэхэмжлэгч, хариуцагч харилцан тохиролцож хариуцагч болох Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр "Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай" 228 дугаар тогтоол гарч нэхэмжлэгч Ж.Х ыг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул төрийн албанаас чөлөөлж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор болох нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохоор болж зохих журмын дагуу шийдвэрлэхийг Эрүүл мэндийн сайдад даалгасан. Харин нэхэмжлэгч Ж.Х аас Эрүүл мэндийн яаманд хандан 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор, нэг удаагийн буцалтгүй тусламжаа авахаар хүсэлт гаргасан. Тус хүсэлтийг нь хүлээн авч Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн А/275 дугаар тушаалаар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2739/с шийдвэр гарсан өдрөөс Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн "Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай" 228 дугаар тогтоол гарах хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нийт 43 сар 14 хоногоор тооцож 46 223 227 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Х т нөхөн олгохоор болсон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн биелүүлж, нэхэмжлэлийн шаардлагаас илүү хэмжээгээр эрх зүйн байдлыг нь дээрдүүлж, зөрчигдсөн эрхийг нь сэргээсэн бөгөөд ажил олгогчийн зүгээс ажилтантай тохиролцож зохих шийдвэрийг гаргасан тул нөхөх олговор төлөх ажил олгогчийн үүрэг дуусгавар болсон. Гэтэл анхан шатны шүүх хариуцагч Монгол Улсын Засгийн газрыг хуулиар хүлээсэн ямар үүргээ биелүүлээгүй гэж үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлсэн нь тодорхой бус, шүүхийн шийдвэрийг биелүүлэх болоод нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх арга хэмжээг хариуцагчаас авсаар байтал нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт нийцсэнгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Ж.Х нь хариуцагч Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 31 176 000 төгрөг гаргуулахаар шаардсанаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 46 000 922 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2739/с дугаар шийдвэрээр Ж.Х ыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 18 691 219 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгуулах, Ж.Х-ын нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн ба уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна. /хх-5-12 дахь тал/
Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хариуцагч Монгол Улсын Засгийн газар биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
Хариуцагч Монгол Улсын Засгийн газар нь 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 228 дугаар тогтоолоор Төрийн албанаас чөлөөлөх тухай Засгийн газрын 2013 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 233 дугаар тогтоолыг хүчингүй болгож, тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул өөртэй нь тохиролцсоны дагуу Ж.Х ыг төрийн албанаас чөлөөлсөн үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.
Дээрх Засгийн газрын 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 228 дугаар тогтоолыг үндэслэн Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн А/275 дугаар тушаал гарсан байх ба уг тушаалаар Ж.Х т 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрүүдэд ажилгүй байсан хугацааны цалин хөлс 43 сар 14 хоногийн 46 223 227 төгрөгийг нөхөн олгох, 2013 оны 2 дугаар сараас 2018 оны 7 дугаар сар хүртэл нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийх, төрийн жинхэнэ албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламж буюу 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламжийг олгохыг зөвшөөрчээ.
Нэхэмжлэгч нь 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Эрүүл мэндийн яаманд “...Засгийн газрын тогтоолын дагуу ажилгүй байсан хугацааны нөхөн олговор болон ...нэг удаагийн буцалтгүй тусламж олгох асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэж Хаан банк дахь миний нэр дээрх 5131210821 дансанд шилжүүлж өгнө үү” гэх хүсэлт гаргасан боловч өнөөг хүртэл уг мөнгө нэхэмжлэгчийн дансанд ороогүй байна.
Ийнхүү Засгийн газрын 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 228 дугаар тогтоол, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн А/275 дугаар тушаалын дагуу нэхэмжлэгч Ж.Х т ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 46 223 227 төгрөгийг олгоогүй, бодитой биелэгдээгүй учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн гэж үзэх боломжгүй бөгөөд шүүх хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.
Ажил олгогчийн буруугаас ажилтан цалин хөлсөөр хохирсон тул ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг ажил олгогчоос биелүүлэх хүртэлх хугацаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан бүх хугацаанд хамаардаг байна.
Хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд түүний эрхийн зөрчил үргэлжилсэн хэвээр байснаас гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцжээ.
Нэхэмжлэгч Ж.Х нь Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгохоор Монгол Улсын Засгийн газарт хандаж байсан, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын орон тоонд сонгон шалгаруулалт зарласныг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүнд захиргааны хэрэг үүсгэн хянаж байгаа болох нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 6864 дүгээр захирамжаар тогтоогдож байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг буруу тодорхойлж ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 46 000 922 төгрөгийг хариуцагч Монгол Улсын Засгийн газраас гаргуулж нэхэмжлэгч Ж.Х т олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2739/с дугаар шийдвэр гарсан өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 38 сар буюу 40 239 074 /38х1 058 923/ төгрөгийг хариуцагч Монгол Улсын Засгийн газраас гаргуулж нэхэмжлэгч Ж.Х т олгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2739/с дугаар шийдвэр гарсан өдрөөс хойш 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацааны нэхэмжлэгч Ж.Х-ыннийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Монгол Улсын Засгийн газарт даалгаж шүүх шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2018/02024 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Монгол Улсын Засгийн газраас 40 239 074 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Х т олгож, нэхэмжлэгч Ж.Х-ыннийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт цалингийн зөрүүд ногдох шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Монгол Улсын Засгийн газарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 761 848 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтын “387 955” гэснийг “359 146” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Т.ТУЯА
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ