Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2022/02201

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2022/02201

Улаанбаатар хот

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Р.Алтантуяа, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Нийслэлийн Прокурорын газар

 

Хариуцагч: П.Б

 

Хариуцагч: Л.А

 

Хариуцагч: Д.Б

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Ч.Б

 

Нэхэмжлэлийн шаардлага: гэм хорын хохиролд тус бүр 10 000 000 төгрөг, нийт 30 000 000 төгрөг гаргуулж, улсын орлого болгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.И, хариуцагч Л.А, П.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагч Д.Б, иргэдийн төлөөлөгч Б.Н.

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Хонгорзул.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Н шүүх хуралдаанд оролцохгүй талаар шүүхэд тайлбар гаргасан тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Нийслэлийн Прокурорын газар нь хариуцагч Л.А, Д.Б, П.Б нарт холбогдуулан гэм хорын хохиролд тус бүр 10 000 000 төгрөг, нийт 30 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1 Д.Б “Улаанбаатар ” ТӨХК-ний техник хяналтын албаны хэрэглэгчийн техник хяналт, холболтын инженерээр ажиллаж байхдаа Дулаан үйлчилгээний 2 дугаар салбар хариуцсан албаны дарга Л.А, Цахилгааны эргэх механизмын дарга П.Б нартай бүлэглэн “Т” ХХК- ний 2013 онд ашиглалтад оруулсан 2 блок 96 айлын орон сууцны дулаан, цэвэр усны сүлжээнд холбох техникийн нөхцөл авах үед тухайн ажлын зураг төсвийг зах зээлийн ханшнаас хэт өндрөөр төсөвлөн хийж өгч, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өндөр үнээр төлөвлөсөн ажпаа “Энерготех” ХХК-иар хийлгүүлэх шаардлагатай гэж, “Т” ХХК-тай 278 051 641 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан. Улмаар хариуцагч нар нь 2013 оны 7 дугаар сарын 04-ний өдөр “сервес” ХХК-ийн захирал Ч.Норовсамбуугаас тус бүр 10 000 000 төгрөгийн хахууль авсан.

 

1.2 Хариуцагч нарын дээрх байдлаар хахууль авсан болох нь тогтоогдсон боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 66А дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Уг тогтоол хүчин төгөлдөр хэвээр байгаа.

 

1.3 Хариуцагч нар нь тус бүр 10 000 000 төгрөг, нийт 30 000 000 төгрөгийн  хахууль авсан гэмт хэргийн улмаас олсон орлого буюу төр, нийтийн ашиг сонирхолд гэм хор учруулсан.

 

1.4 Авлигын эсрэг Нэгдсэн үндэстний байгууллагын конвенцын 1 дүгээр бүлгийн 2 дугаар зүйл “Гэмт хэргээс олсон орлого” гэж гэмт хэрэг үйлдэх замаар шууд буюу шууд бусаар олсон эсхүл авсан аливаа эд хөрөнгийг хэлнэ. 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад “энэхүү конвенцын дагуу тогтоосон гэмт хэргээс олсон орлого буюу тийм орлогын үнийн дүнтэй тохирох эд хөрөнгийг хураахаар”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8-д үндэслэлгүйгээр хөрөнгөжихийг нийтийн албан тушаалтанд хориглосон, 34 дүгээр зүйлийн 34.1-д авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох, хууль бус аливаа шийдвэрийг хүчингүй болгох асуудлыг Иргэний хууль болон холбогдох хуульд заасны дагуу шийдвэрлэхээр зохицуулсан.

 

1.5 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын /төрийн, нийтийн/ эд хөрөнгөд хууль бусаар санаатай үйлдлээр гэм хор учруулсан этгээд нь гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд гэмт хэргийн улмаас хууль бусаар олсон орлогыг улсын орлого болгуулахаар прокурор нэхэмжилж байна.

 

1.6 Иймд хариуцагч нараас тус бүр 10 000 000 төгрөг, нийт 30 000 000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нар хариу тайлбартаа: Хариуцагч нарыг 10 000 000 төгрөгийн хахууль авсан гэх гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр байхгүй. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-т “...Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно”, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1.15.1 дэх хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй” гэж хуульчилсан. Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагч нарыг гэмт хэрэг үйлдсэн мэтээр тодорхойлсон нь үндэслэлгүй.

 

2.1 “Т” ХХК нь 2 блок 96-н айлын орон сууцыг барьж, ашиглалтад оруулан, дулаан, цэвэр усны сүлжээнд холбох барилга угсралтын ажлын хүрээнд 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 2013/55 дугаар “Гадна дулаан, цэвэр усны шугам шинээр угсрах ажил гүйцэтгэх гэрээ”-г “Энерго тех сервис” ХХК-тай байгуулсан. Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 189, 343 дугаар зүйлд заасан нөхцөлөөр талууд чөлөөтэй, харилцан тохиролцож, гарын үсэг зурж байгуулсан. Уг гэрээний дагуу гүйцэтгэгч тал “Энерго тех сервис” ХХК гэрээнд үнэ, нөхцөл, мөн захиалагч талаас “Тулга констракшн” ХХК гаргаж өгсөн төсөв, зураг төслийн дагуу 2013 оны 10 дугаар сард хийж гүйцэтгэн, хүлээлгэн өгч, ажил хүлээлцсэн акт үйлдсэн. Гэрээнд заасан ажил үйлчилгээг зарим шалтгааны улмаас хугацаа хожимдуулсан боловч бүрэн хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. Ажил гүйцэтгэх гэрээнээс үүдэлтэй чанар байдал, үнэ, хугацаатай холбоотой маргааныг оролцогч талууд иргэний журмаар шийдвэрлүүлэх боломжтой бөгөөд энэ талаар гэрээнд тусгасан.

 

2.2 Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд Л.А нар нь Төрийн албаны тухай хуульд заасан Төрийн жинхэнэ албан тушаалтан ангилалд хамаарахгүй. Төрийн үйлчилгээний албан тушаалтан бөгөөд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрлөх эрх, үүрэгтэй субъект.

 

2.3 Иймд гэмт хэрэг үйлдэж гэм хор учруулсан гэх хууль зүйн үндэслэл нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Норовсамбуу тайлбартаа: Манай компани тухайн үед “Т” ХХК-ийн гадна цэвэр ус, дулааны шугамыг уг компанийн гаргасан төсвөөр ажил гүйцэтгэх гэрээг хямдруулан хугацаанд нь хийж гүйцэтгэж хүлээлгэн өгсөн. Манайх уг ажлыг гүйцэтгэхэд маш их хүндрэлтэй байсан тул Д.Баярсайхан, Л.Амарбат, П.Болдбаатар нарын мэргэжлийн туслалцаа, заавар, зөвлөгөөг амралтын өдрөөр авч, түүний дагуу ажлаа гүйцэтгэсэн. Энэ 3-т тус бүрд нь ажлын хөлс 10 000 000 төгрөг өгсөн. Энэхүү хэрэг нь олон жил шалгагдаж, эцэст нь хэрэгсэхгүй болгосон байсныг дахин сөхөгдөж байгаад гайхаж байна. Манай компанид ямар ч хохирол байхгүй. Манай нэрийн өмнөөс Нийслэлийн Прокурорын газар нэхэмжлэл гаргаж байгаа юм бол манай хувьд ямар нэгэн санал байхгүй. Гуравдагч этгээдийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4. Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: Д.Б, Л.А, П.Б нарт эрүүгийн хэрэг үүсгээд хэрэгсэхгүй болгосон байна. Ямар нэгэн хохирогч гомдол байхгүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Гэм буруугүй гэж үзэж байна гэжээ.

 

5. Нэхэмжлэгчээс Нийслэлийн прокурорын газрын 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 66А дугаар, 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 46 дугаар тогтоол, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирлын 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/99 дүгээр тушаал, Д.Б, Л.А, П.Б нарын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Л.А, П.Б, Д.Б нарын ажлын байрны тодорхойлолт, Л.А, П.Б нарын хөдөлмөрийн гэрээ, 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 274 дүгээр, 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 430 дугаар шийтгэвэр, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 123 дугаар, 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 125 дугаар магадлал, Д.Б батламж, Л.А-ыг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ял өөрчлөн сонсгож яллагдагчаар байцаасан тэмдэглэл, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Л.А-ыг яллагдагчаар дахин байцаасан тэмдэглэл, Ч.Н-г 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гэрчээр асуусан тэмдэглэл, 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр, 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр сэжигтнээр дахин байцаасан тэмдэглэл, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн яллагдагчаар татах тогтоол, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл, Г.Доржмягмарыг 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр гэрчээр байцаасан тэмдэглэл, Б.Д, М.Х нарыг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гэрчээр байцаасан тэмдэглэл,  Ш.Бат 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэрчээр байцаасан тэмдэглэл, Ю.Б-ыг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гэрчээр байцаасан тэмдэглэл, 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Т.Алтангэрэлийг гэрчээр байцаасан тэмдэглэл, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр П.Б-ыг яллагдагчаар дахин байцаасан тэмдэглэл, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн сонсгосон ялыг өөрчлөх буюу нэмэлт оруулах тогтоол, мөн өдрийн ял өөрчлөн сонсгож яллагдагчаар байцаасан тэмдэглэл, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Д.Баярсайханд ял өөрчлөн сонсгож яллагдагчаар байцаасан тэмдэглэл баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

6. Хариуцагчаас Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 5/20 дугаар хариу мэдэгдэх хуудас, прокурорын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 327 дугаар, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 66 дугаар  тогтоол баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

7. Шүүх хариуцагчийн хүсэлтээр Ч.Н-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулсан, хариуцагчийн хүсэлтээр Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 5/20 дугаар хариу мэдэгдэх хуудас, Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 66 дугаар, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 327 дугаар тогтоолыг баримтыг бүрдүүлсэн, Л.А, П.Б, Д.Б нарт холбогдох эрүүгийн 201601000190 дугаар хэрэгт үзлэг хийж, эрүүгийн хэргээс гадна дулаан, цэвэр усны шугам шинээр угсрах ажил гүйцэтгэх 2013/55 дугаар гэрээ, 23 дугаар дулааны дэд станцын гидравлик горимын тооцоо, дүгнэлт, шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлт, Ш.Г-гийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэрчээр асуусан тэмдэглэл, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирлын 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/99 дүгээр тушаал, О.Энхбаярыг 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр гэрчээр байцаасан тэмдэглэл, Ш.Мөнхжаргалыг 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр гэрчээр байцаасан тэмдэглэл, “Тулга констракшн” ХХК-ийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 17/64 дугаартай албан бичиг, шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн дүгнэлт, 258 дугаартай нэхэмжлэх, шинжээчийн зардлын тооцоо, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, “Т” ХХК-ийн 96 айлын орон сууцны барилгын гадна дулаан, цэвэр усны шугамын барилга угсралтын ажлын гүйцэтгэлийн төсөв, “Тулга ” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 16/197 дугаар, 16/207 дугаар албан бичиг, Д.Баярсайханы ажлын байрны тодорхойлолт, Улсын ерөнхий прокурорын газрын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 13/1071 дугаар албан бичгийг нотлох баримтаар баримтжуулсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: хариуцагч Л.А, Д.Б, П.Б нар нь “Улаанбаатар” ТӨХК-д ажиллаж байхдаа албан тушаалын байдлын урвуулан ашиглаж, Ч.Н-с тус бүр 10 000 000 төгрөгийн хахууль гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон. Уг гэмт хэргийн улмаас хариуцагч нарын дээрх олсон орлого нь төр, нийтийн ашиг сонирхолд гэм хор учруулсан тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар гэмт хэргийн улмаас хууль бусаар хариуцаг нарын олсон орлого болох тус бүр нь 10 000 000 төгрөг, нийт 30 000 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж улсын орлогод оруулах.

 

3. Хариуцагч нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн: Үүнд: Хариуцагч нарыг гэмт хэрэг үйлдсэнийг шүүхээр тогтоогоогүй. Хариуцагч нар нь тус бүр 10 000 000 төгрөг буюу нийт 30 000 000 төгрөг бусдад ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд авсан.

 

4. Нэгдүгээр хавтаст хэргийн 6-7 дугаар, 37-48, 54-133 дугаар, хоёрдугаар хавтаст хэргийн 43-48 дугаар талд авагдсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагад нийцээгүй тул шүүх тухайн баримтуудыг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн “Улаанбаатар дулааны ” ТӨХК-ийн захирлын 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/99 дүгээр тушаал, Д.Б, Л.А, П.Б нарын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, ажлын байрны тодорхойлолт, Л.А, П.Б нарын хөдөлмөрийн болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, Нийслэлийн прокурорын газрын 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 46 дугаар, 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 66А дугаар тогтоол, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 274 дүгээр, 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 430 дугаар шийтгэвэр, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 123 дугаар, 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 125 дугаар магадлал, Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 5/20 дугаар хариу мэдэгдэх хуудас, Нийслэлийн прокурорын газрын 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 66 дугаар, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 327 дугаар тогтоол, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ял өөрчлөн сонсгож яллагдагчаар байцаасан тэмдэглэл, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Л.Амарбатыг яллагдагчаар дахин байцаасан тэмдэглэл, Ч.Н-г 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гэрчээр асуусан тэмдэглэл, 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр, 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр сэжигтнээр дахин байцаасан тэмдэглэл, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн яллагдагчаар татах тогтоол, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл, Г.Доржмягмарыг 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр гэрчээр байцаасан тэмдэглэл, Б.Дарьдулам, М.Хулан нарыг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гэрчээр байцаасан тэмдэглэл, Ш.Бат-Эрдэнийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэрчээр байцаасан тэмдэглэл, Ю.Баатаржавыг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гэрчээр байцаасан тэмдэглэл, 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Т.Алтангэрэлийг гэрчээр байцаасан тэмдэглэл, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр П.Б-ыг яллагдагчаар дахин байцаасан тэмдэглэл, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн сонсгосон ялыг өөрчлөх буюу нэмэлт оруулах тогтоол, мөн өдрийн ял өөрчлөн сонсгож яллагдагчаар байцаасан тэмдэглэл, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Д.Б-д ял өөрчлөн сонсгож яллагдагчаар байцаасан тэмдэглэл, Д.Б, Л.А, П.Б нарт холбогдох эрүүгийн 201601000190 дугаар хэрэгт үзлэг хийж, эрүүгийн хэргээс гадна дулаан, цэвэр усны шугам шинээр угсрах ажил гүйцэтгэх 2013/55 дугаар гэрээ, 23 дугаар дулааны дэд станцын гидравлик горимын тооцоо, дүгнэлт, шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлт, Ш.Ганцэцэгийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэрчээр асуусан тэмдэглэл, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирлын 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/99 дүгээр тушаал, О.Энхбаярыг 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр гэрчээр байцаасан тэмдэглэл, Ш.Мөнхжаргалыг 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр гэрчээр байцаасан тэмдэглэл, “Тулга констракшн” ХХК-ийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 17/64 дугаартай албан бичиг, шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн дүгнэлт, 258 дугаартай нэхэмжлэх, шинжээчийн зардлын тооцоо, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, “Тулга констракшн” ХХК-ийн 96 айлын орон сууцны барилгын гадна дулаан, цэвэр усны шугамын барилга угсралтын ажлын гүйцэтгэлийн төсөв, “Тулга констракшн” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 16/197 дугаар, 16/207 дугаар албан бичиг, Улсын ерөнхий прокурорын газрын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 13/1071 дугаар албан бичиг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6. Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 66А дугаар тогтоолоор “Энерготех сервис” ХХК-ийн захирал Ч.Н нь “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн албан тушаалтан Д.Б, Л.А, П.Б тус бүр 10 000 000 төгрөг өгсөн, тэдний үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан хахууль авах гэмт хэргийн шинжтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр  тэдэнд холбогдох хэрэг бүртгэлтийн 201601000190 дугаар хэргийг хааж шийдвэрлэсэн байх бөгөөд прокурорын тогтоол хүчин төгөлдөр болсон, уг тогтоол хүчин төгөлдөр эсэхэд талууд маргаагүй.

 

7. Хариуцагч нарын бусдаас буюу “Энерготех сервис” ХХК-ийн захирал Ч.Н-гаас тус бүр 10 000 000 төгрөг, нийт 30 000 000 төгрөг авч Эрүүгийн хуульд заасан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон эсэх, уг мөнгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй эсэх нь маргааны зүйл болж байна.

 

8. Прокурорын байгууллага нь нийтийн эрх ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзсэн тохиолдолд Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т “төр, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болох аймаг, сум, нийслэл, дүүрэг нь иргэний эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн нэгэн адил оролцоно” гэж заасны дагуу иргэний эрх зүйн харилцаанд оролцогч болох бөгөөд ийнхүү оролцохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т зааснаар бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээдээс гаргасан нэхэмжлэл гаргаж болно. Түүнчлэн, энэ талаар нэхэмжлэл гаргах эрхийг Прокурорын байгууллагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар прокурорт олгогдсон байна.

 

9. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

 

9.1 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд эд хөрөнгөд учруулсан гэм хорыг мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д заасан журмаар, эдийн бус гэм хорыг мөн хуулийн 511 дүгээр зүйлд заасан журмын дагуу арилгах үүрэгтэй.

9.2 Дээрх тохиолдолд хариуцагч нарын гэм буруу тогтоогдсон байхаас гадна уг гэм буруутай үйлдэл, эс үйлдэхийн улмаас бусдад хохирол учирсан, тэдгээр нь хоорондоо шалтгаан холбоотой байхыг шаардана.

 

10. Монгол Улсын Үндсэн Хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/-т зааснаар гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Энэхүү үндсэн эрх, эрх чөлөөний баталгаа нь Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй” гэж тус тус гэм буруугийн болон гэм буруугүйд тооцох зарчмаар тусгагджээ.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй. Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 66А дугаар тогтоолоор хариуцагч нарт холбогдох бусдаас тус бүр 10 000 000 төгрөг буюу нийт 30 000 000 төгрөгийн хахууль авсан гэх гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үүнээс үзвэл шүүхийн шийтгэх тогтоолоор хариуцагч нарыг гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

 

12. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох бөгөөд прокурорын тогтоолоор хариуцагч нарын гэм бурууг тогтоосон гэж үзэх боломжгүй байна. Иймд хариуцагч нарын дээрх үйлдлийн улмаас нийтийн болон үндэсний ашиг сонирхолд хохирол учирсан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хариуцагч нараас тус бүр 10 000 000 төгрөг буюу нийт 30 000 000 төгрөгийг шаардах эрхгүй байна.

 

13. Түүнчлэн, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар нийтийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш, шударгаар хэрэгжүүлнэ гэх олон нийтийн итгэлийг хэлнэ. Хариуцагч нарын дээрх үйлдлийг шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогоогүй нөхцөлд тэднийг нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан гэж үзэх нь учир дутагдалтай.

 

14. Нөгөөтээгүүр, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т зааснаар иргэний эрх зүйн хамгаалалт нь учруулсан хохирлыг арилгуулах зорилготой бөгөөд мөн хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нарыг бусдаас тус бүр 10 000 000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэг үйлдэж, нийтийн ашиг сонирхолд дээрх хэмжээний хохирол учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

15. Иргэдийн төлөөлөгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох агуулга бүхий дүгнэлт нь үндэслэлтэй болжээ.

 

16. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Б, Л.А, П.Б нараас 10 000 000 төгрөг тус тус гаргуулж, улсын орлого болгох тухай нэхэмжлэгч Нийслэлийн Прокурорын газрын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 М.БАЯСГАЛАН

 

                                    ШҮҮГЧИД                                 Р.АЛТАНТУЯА

        

                                                                                      Ч.МӨНХЦЭЦЭГ