Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2024/00063

 

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Н.Баярмаа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2023/03525 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 210/МА2024/00088 дугаар магадлалтай,

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

П, Б нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 161,340,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

“К” ХХК болон П нарын хооронд 2017.12.01-ний өдөр байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Эын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э, хариуцагчийн өмгөөлөгч Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “К” ХХК-аас хариуцагч П, Б нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 161,340,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, “К” ХХК болон П нарын хооронд 2017.12.01-ний өдөр байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2023/03525 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-д заасныг баримтлан хариуцагч Поос зээлийн гэрээний үүрэгт 161,340,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “К” ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх хариуцагч П, Б нарт холбогдох .... үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах “К” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10, 56.5-д заасныг баримтлан “К” ХХК болон Пийн хооронд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан ЗГ2017/155 дугаартай зээлийн гэрээ, “К” ХХК болон П, Б нарын хооронд байгуулагдсан БГ2017/155 дугаартай барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, .... үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг нэхэмжлэгч “К” ХХК-нд даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,120,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Поос улсын тэмдэгтийн хураамжид 964,650 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “К” ХХК-нд олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,120,249 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “К” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,120,249 төгрөг гаргуулж хариуцагч Пид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 210/МА2024/00088 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 04-ний өдрийн 102/ШШ2023/03525 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасныг баримтлан ... үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлсүгэй” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “К” ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,190,449 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.4 дэх хэсгүүдэд заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Шүүхээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Анхан шатны шүүхээс талуудын хооронд байгуулагдсан 2017.12.01-ний өдрийн ЗГ2017/155 дугаартай зээлийн болон барьцааны гэрээг гэрээний дагуу мөнгө шилжүүлээгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10 дахь хэсэгт заасныг үндэслэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 161,340,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэхдээ 2017.12.01-ний өдрийн ЗГ2017/155 дугаартай зээлийн гэрээнд заасан үнийн дүнг үндэслэсэн атал хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэж байгаа нь шүүхийн шийдвэрийн үндэслэл нь шийдэлтэйгээ зөрчилдсөн гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй гэж үзэж байна. Учир нь шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх заалтыг үндэслэл болгон өөрчилсөн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа ба хуулийн дээрх заалтыг баримталж байгаа тохиолдолд барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ёстой атал хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хальж барьцааны зүйлийг шууд чөлөөлсөн өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Эын гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2024.03.14-ний өдрийн 001/ШХТ2024/00310 дугаар тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

6. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

7. Нэхэмжлэгч “К” ХХК нь хариуцагч Пид холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 161,340,000 төгрөг гаргуулах, хариуцагч П, Б нарт холбогдуулан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ: “...Л.Гансүх, П нар 2015.12.02-ны өдөр ЗГ2015/150 дугаартай гэрээг байгуулж 80,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4%-ийн хүүтэй зээлж авч, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ... орон сууцыг барьцаалсан. Зээлдүүлэгч талаас зээлийн гэрээний дагуу 80,000,000 төгрөгийг Пийн Хаан банкны дансанд шилжүүлсэн.

Л.Гансүх, П нар зээл авсан өдрөөс эхлэн 2017.12.01-ний өдөр хүртэлх хугацаанд зээлийн төлбөрөөс нэг төгрөг ч төлөөгүй, мөн зээлдэгч Л.Гансүх нь гэрээнээс гарах болсон учир 2015.12.02-ны өдөр ЗГ2015/150 дугаартай зээлийн гэрээг шинэчлэн байгуулж, 2017.12.01-ний өдрийг хүртэл хугацаанд бодогдсон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээл нийт 161,340,000 төгрөгийг П нь хариуцан төлөхөө зөвшөөрч 2017.12.01-ний өдрийн ЗГ/20177/155 дугаартай зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан. Энэ үед зээлийн төлбөр 161,340,000 төгрөг байсан, өнөөдрийн байдлаар нэг ч төгрөг төлөөгүй тул хариуцагчаас 161,340,000 төгрөг гаргуулж, төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү...” гэж тайлбарласан,

Хариуцагч: “...2015.12.02-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 80,000,000 төгрөгийг авсан, харин 2017 оны зээлийн гэрээгээр мөнгө аваагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. ба талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, 80,000,000 төгрөгийн зээл, зээлийн хүүтэй холбоотой тооцоо үнэн. ...Энэ гэрээний хугацаа 12 сараар байгуулагдсан ба гэрээнд зээлийн хүү 26,021,479 төгрөг байхаар заасан байхад 24 сарын хүү 76,800,000 төгрөгөөр тооцох боломжгүй. ...2015 оны Зээлийн гэрээний үүрэг 2017 оны 9 дүгээр сард дуусгавар болж, барьцааны гэрээ дуусгавар болсныг улсын бүртгэлд бүртгүүлснээр үүрэг дуусгавар болсон тул гэрээний үүргийг зөвшөөрөхгүй, ...иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргаж,

Хариуцагч П нь нэхэмжлэгч “К” ХХК-д холбогдуулан талуудын хооронд 2017.12.01-ний өдөр байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ: “...П болон “К” ХХК-ууд нь 2017.12.01-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, хөрөнгө оруулалтын зориулалтаар 161,340,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцсон. Энэ гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр П, Б нарын өмчлөлийн ... орон сууцыг барьцаалж, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд барьцаалбарыг бүртгүүлсэн.

“К” ХХК нь уг зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн дансанд 161,340,000 төгрөгийн зээлийг шилжүүлээгүй, зээлийг бодитоор олгоогүй тул зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй.

Зээлийн гэрээ байгуулагдаагүй тул зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгнө үү...” гэж тайлбарласан,

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: “...Зээлдэгч нар 2017.12.01-ний өдөр хүртэл зээлийн төлбөрөөс нэг ч төгрөг төлөөгүй ба зээлдэгч Л.Гансүх нь зээлийн гэрээнээс гарах болсон учир зээлийн гэрээг шинэчлэн байгуулж 2017.12.01-ний өдрийг хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож нийт 161,340,000 төгрөгийг П нь хариуцан төлөхөө зөвшөөрч зээл болон барьцааны гэрээг байгуулсан.

Тус зээлийн гэрээний дагуу зээл олгоогүй ч зээлийн төлбөрийн үнийн дүн дээр харилцан тохиролцсон, мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2015.12.02-ны өдрийн зээл, барьцааны гэрээг үндэслэж байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргажээ.

8. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, хариуцагч Поос зээлийн гэрээний үүрэгт 161,340,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “К” ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, ...2017.12.01-ний өдрийн 2017/155 дугаартай зээлийн болон барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг нэхэмжлэгчид даалгаж шийдвэрлэхдээ: “...зохигчийн хооронд 2015 онд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл, нэхэмжлэгч дээрх гэрээний үүрэгт 161,340,000 төгрөгийг шаардах эрхтэй, нэхэмжлэгчийн хүсэлтээр 2015 оны барьцааны эрхийг дуусгавар болгосон байх тул 2015 оны зээлийн гэрээний үүргийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхгүй, ...2017 оны зээлийн гэрээ Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн /1995 оны/ заалтад нийцээгүй, өмнө байгуулсан зээлийн үлдэгдэл дүн болох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон дүнгээр шинэ гэрээ байгуулан, дахин хүү тооцсон нь тус гэрээг хуульд заасан үндэслэл журмын дагуу байгуулагдсан гэж үзэх боломжгүй, улмаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн Барьцааны гэрээ мөн хүчин төгөлдөр бус байна. ...иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангана...” гэсэн дүгнэлт хийсэн бол,

Давж заалдах шатны шүүх: “...анхан шатны шүүх 2015 оны зээлийн болон барьцааны гэрээний талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн, харин 2017 онд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй тул барьцааны үүрэг үүсэхгүй, иймд гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож шийдвэрлэсэн нь буруу, ...харин үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй...” гэсэн дүгнэлт хийж, шийдвэрийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж шийдвэрлэсэн байна.

9. Дээр дурдснаар хоёр шатны шүүх зөрүүтэй дүгнэлт хийж өөр өөр шийдвэр гаргасан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

10. Хоёр шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүд хоорондоо хэрхэн хамааралтай, хүчин төгөлдөр эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, улмаар барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын эрх зүйн дүгнэлт, хэргийн нөхцөл байдлыг хуульд нийцүүлэн дүгнээгүйгээс шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй гэж үзэв.

Зохигчийн хооронд байгуулагдсан 2017.12.01-ний өдрийн 2017/155 дугаартай Зээлийн болон Барьцааны гэрээ хүчин төгөлдөр эсэх нь маргааны зүйл болсон байна.

11. Хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн 2015.12.02-ны өдрийн №ЗГ2015/150 дугаартай Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч “К” ХХК нь зээлдэгч Л.Гансүх, П нарт 80,000,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар сарын 4%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг буцаан төлөхөөр, хугацаандаа төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцож, үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож П, Б нарын өмчлөлийн ... орон сууцыг барьцаалж, №БГ2015/150 дугаартай Барьцааны гэрээ байгуулсан, зээлдэгч Л.Гансүх гэрээнээс гарах, зээлдэгч П гэрээний үүргийг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр талууд 2017.12.01-ний өдөр тооцоо нийлж, 2017/155 дугаар Зээлийн болон Барьцааны гэрээг тус тус байгуулжээ.

12. Зохигчийн хооронд 2015 онд Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, барьцааны гэрээ байгуулагдсан, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь заалтад нийцсэн байна.

Харин 2017 оны 2017/155 дугаар Зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлээр хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт болон гэрээний үүрэгт мөнгөн хөрөнгө шилжүүлээгүй тул гэрээ хэрэгжээгүй гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт буруу, улмаар дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

13. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж, 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж тус тус зохицуулсан.

Зээлдүүлэгч 2015 оны гэрээний үүргээ биелүүлж 80,000,000 төгрөгийг зээлдэгч Пийн Хаан банкны дансанд шилжүүлсэн бол зээлдэгч нар зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй байна.

Дээрх гэрээний үүргийг 2017.12.01-ний өдрийн байдлаар тооцвол үндсэн зээл 80,000,000 төгрөг, гэрээний хугацааны зээлийн хүүд 38,400,000 төгрөг /12 сар/, хэтэрсэн хугацааны хүүд 38,400,000 төгрөг /12 сар/, нэмэгдүүлсэн хүүд /гэрээний хугацаа дууссанаас хойших 1 жилээр тооцоход/ 7,680,000 төгрөг, нийт 164,680,000 төгрөгийг төлөхөөр байжээ.

Иймд үлдэгдэл төлбөрийг 161,340,000 төгрөг гэж тооцож, 2017.12.01-ний өдөр талууд гэрээг шинэчлэн байгуулсан нь өмнөх Зээлийн болон Барьцааны гэрээтэй харилцан уялдаа холбоотой, гэрээ талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй.

14. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар бичгээр хийх хэлцлийг талууд хүсэл зоригоо илэрхийлэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.

Зохигчийн 2017/155 дугаартай Зээлийн гэрээ нь 2015 оны Зээлийн гэрээний үлдэгдэл тооцоог дүгнэж, хугацаа сунгасан агуулгатай байх ба гэрээг хэн аль нь хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан байх тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

15. Харин 2017/155 дугаартай Зээлийн гэрээний 1.1-д өмнөх гэрээний үлдэгдэл төлбөрийг  зээлийн хөрөнгө гэж тодорхойлон, тус үнийн дүнд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү багтаж тооцогдсон байхад энэ үнийн дүнгээс зээлдүүлэгч дахин сард 3.5%-ийн хүү тооцож авахаар тохиролцсон гэрээний 1.3 дахь зохицуулалт Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6-д заасан “хүүгээс анз тооцохгүй” гэсэн хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус тохиролцоо гэж үзнэ.

Түүнчлэн талууд нийлмэл хүү төлөхөөр харилцан тохиролцоогүй тул гэрээний дээрх заалт хуульд нийцээгүй байна.

Хэдийгээр гэрээний 1.3 дахь заалт хүчин төгөлдөр бус байх тохиролцоо боловч гэрээний үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байх тул Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 2017/155 тоот гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

16. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага буюу хариуцагчаас гаргуулах төлбөрийн хэмжээг гэрээг шинэчлэн байгуулсан 2017.12.01-ний өдрийн байдлаар тооцсон байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийж, хариуцагчаас 161,340,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

17. Зохигчийн хооронд байгуулсан 2017.12.01-ний өдрийн 2017/155 тоот зээлийн гэрээ хүчин төгөлдөр тул тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч баьрцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй тул нэхэмжлэгч нь хариуцагчийг зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй байна.

18. Иймд талуудын хороонд байгуулагдсан 2017/155 дугаартай Зээлийн болон Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, улмаар барьцааны гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэхийг хүссэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно.

19. Дээр дурдснаар үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 210/МА2024/00088 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2023/03525 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Поос 161,340,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “К” ХХК-д олгож, “К” ХХК болон Пийн нарын хооронд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан ЗГ2017/155 дугаартай зээлийн гэрээ, “К” ХХК болон П, Б нарын хооронд байгуулагдсан БГ2017/155 дугаартай барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтыг “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч П нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох ... орон сууцыг албадан худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэж, 

3 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “К” ХХК-аас төлсөн 1,120,250 төгрөгийг, хариуцагч Поос төлсөн 1,120,249 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Поос 1,120,250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “К” ХХК-д олгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Эын гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч “К” ХХК-аас 2024.02.16-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                       Н.БАТЗОРИГ

                                                                                                    Н.БАТЧИМЭГ

                                                                                                     Н.БАЯРМАА

                                                                                                     Х.ЭРДЭНЭСУВД