| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигжанцангийн Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2021/02889/И |
| Дугаар | 101/ШШ2022/03492 |
| Огноо | 2022-08-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 101/ШШ2022/03492
2022 08 11 101/ШШ2022/03492
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э ф ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Э-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 131,556,166 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У, хариуцагчийн өмгөөлөгч Ж.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.Э Э ф ББСБ ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 35,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлд Б.Бийн өмчлөлийн 0 тоотын 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг барьцаалан барьцааны гэрээ бичгээр байгуулан нотариатчаар гэрчлүүлэн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Б.Э нь 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүсэлт гаргасны дагуу нэмэлтээр 28,000,000 төгрөгийн зээл олгож, зээлийн гэрээний хугацааг 49 сар болгож сунган зээлийн хүүг сарын 2.5 хувь болгон бууруулж зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Гэвч Б.Э гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргээ биелүүлэх талаар 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр А/16/21 тоот албан бичгээр хүргүүлсэн боловч ямар нэгэн арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй. Энэ хугацаанд Б.Э нь зээлийн гэрээний үүрэгт нийт 8,335,000 төгрөгийг төлсөн нь үнэн. Нэмэлтээр 28,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн баримтад Б.Эийн хүсэлтээр нь гарын үсэг зуруулсан, уг мөнгийг яг хүлээлгэн өгөөгүй. Гэхдээ мөнгө хүлээн авсан баримтад өөрөө гарын үсгээ зурсан, өөрийнх нь хүсэлтээр нэмэлт гэрээг байгуулсан тул тэрээр үүргээ биелүүлэх ёстой.
2018 оны 02 сарын 02-ны өдрийн 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардаагүй. Уг зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг төлсөн. Уг 15,000,000 төгрөгийн төлбөр нь одоо нэхэмжилж байгаа зээлийн гэрээний үүрэгт хамааралгүй.
Иймд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, Б.Э-оос өнөөдрийн байдлаар буюу 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээл 63,000,000 төгрөг, зээлийн хүү 61,385,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,171,166 төгрөг, нийт 131,556,166 төгрөг гаргуулан, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд түүний өмгөөлөгчөөс гаргасан тайлбартаа:
Миний бие Япон улсаас тээврийн хэрэгсэл импортоор оруулж ирж зардаг. 2007 оноос хойш нэхэмжлэгч компаниас байнгын зээл авч тухай бүрт нь төлж байсан. 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 35,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай зээлсэн бөгөөд тухайн үед бизнес уналтанд орсноор авсан зээлээ хугацаанд нь төлж чадахгүй эрсдэлд орсон. Нэхэмжлэгч талаас төлж чадаагүй зээлийн хүү дээрээ нэмэлт гэрээ байгуулах, Монгол банкнаас шалгалт ирэх гээд нэмэлт гэрээ байгуулахгүй бол болохгүй гэсний улмаас 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 36/17а дугаартай зээлийн гэрээг байгуулсан. Бодит байдал дээр 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 36/17а дугаартай зээлийн гэрээгээр 28,000,000 төгрөгийг аваагүй. Зээлийн төлбөрт 2017 оны 11 сарын 21-ний өдөр 1,685,000 төгрөг, 2017 оны 12 сарын 28-ны өдөр 1,650,000 төгрөг, 2018 оны 03 сарын 29-ний өдөр 3,000,000 төгрөг, 2020 оны 05 сарын 12-ны өдөр 500,000 төгрөг, 2020 оны 09 сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2020 оны 10 сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 8,335,000 төгрөг төлсөн.
Миний бие өмгөөлөгчөө шүүх хуралдаанд оролцуулж, өөрийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэх хүсэлттэй байна.
Хариуцагч 2017 оны 02 сарын 02-ны өдөр 20,000,000 төгрөгийн зээл авсан нь 2019 оны 04 сарын 09-ний өдрийн байдлаар төлөх төлбөр нь хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 8,640,000 төгрөг болсон. 2019 оны 04 сарын 09-ний өдөр уг зээлийн төлбөрт 15,000,000 төгрөг төлсөн бөгөөд нэхэмжлэгч уг мөнгийг 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хүү болох 8,640,000 төгрөгийг хасч үлдэгдэл 6,360,000 төгрөгийг үндсэн зээл 20,000,000 төгрөгөөс хасч тооцоод 13,640,000 төгрөг гаргасан. Ингээд 2017 оны 10 сарын 18-ны өдөр байгуулсан 36/17 дугаартай 35,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хүү 2019 оны 04 сарын 09-ний өдрийн байдлаар 14,360,000 төгрөг болсныг өмнөх 20,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 13,640,000 төгрөгийг нэмээд 28,000,000 төгрөг болгон гаргаж, 2019 оны 04 сарын 09-ний өдөр 36/17а дугаартай нэмэлт гэрээ байгуулах замаар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй, хүүгээс хүү тооцож, иргэнийг хохироож байна. Бодитоор 28,000,000 төгрөгийг хүлээлгэн өгөөгүй. Дээрх байдлаар өмнөх 2 зээлийн гэрээний хүүгийн төлбөрийг нэмээд 28,000,000 төгрөг гэж гаргаад үүнийгээ үндсэн зээл олгосон мэтээр дахин гэрээ байгуулсан.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил ба 2017 оны 02 сарын 02-ны өдрийн 06/17 дугаартай гэрээ 2018 оны 02 сарын 02-ны өдрийг хүртэл хугацаатай байгуулагдсан тул уг гэрээний үүргийг шаардах эрх нь дууссан. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай 1995 оны хуульд зааснаар нэмэгдүүлсэн хүүгийн тохиролцоо нь хуульд нийцэхгүй байгаа тул нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй. Мөн Б.Эоос Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхгүй.
Иймд 2017 оны 10 сарын 18-ны өдрийн 36/17 дугаартай зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 26,665,000 төгрөг, гэрээний хугацааны хүү 9,699,400 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,919,880 төгрөг, нийт 38,184,280 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй бөгөөд намайг эзгүйгээр хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
- нэхэмжлэгчээс гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, 2017 оны 10 сарын 18-ны өдрийн 36/17 дугаар зээлийн гэрээ, 2019 оны 04 сарын 09-ний өдрийн 36/17а дугаар гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай зээлийн гэрээ, 2017 оны 10 сарын 18-ны өдрийн 36/17 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, зээлийн карт зээл, хүүгийн тооцоолол, Б.Эийн 2019 оны 04 сарын 09-ний өдөр зээлдүүлэгч Э ф ББСБ ХХК-д гаргасан 28.000.000 төгрөгийн зээл нэмж авах тухай хүсэлт, зээл төлөх тухай 2021 оны 05 сарын 27-ны өдрийн А/16/21 тоот мэдэгдэл, Б.Эийн иргэний үнэмлэхийн хуулбар, Б.Бийн өмчлөлийн 0 тоотын 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Хаан банкны 2017 оны 10 сарын 17-ны өдрийн албан бичиг, Б.Боос С.Тт олгосон дээр дурдсан орон сууцыг барьцаалсан гэрээг бүртгэлд бүртгүүлэх, бүртгэлээс лавлагаа авах, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2017 оны 10 сарын 18-ны өдөр 1 жилийн хугацаатай олгосон итгэмжлэл, кассын зарлагын ордер, Тагнуулын ерөнхий газрын мөрдөн байцаах албанд гаргасан гэх хүсэлт, 2017 оны 02 сарын 02-ны өдрийн 06/17 дугаартай зээлийн гэрээ, 2017 оны 02 сарын 03-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, зээл, зээлийн хүүгийн тооцоололууд,
- хариуцагчаас гаргасан иргэний үнэмлэхийн хуулбар, Хаан банк дахь 0 тоот дансны хуулга, ярианы аудио бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э ф ББСБ ХХК нь хариуцагч Б.Эт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 107,325,194 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 114,294,166 төгрөг гаргуулахаар шаардсан.
Шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 36/17 болон 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 36/17а тоот зээлийн гэрээнүүдийн үүргийг өнөөдрийг хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 131,556,166 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлж, тодруулсан.
Хариуцагч Б.Э нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг бичгээр шүүхэд ирүүлж, түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн тодруулж, нэмэгдүүлсэн шаардлагад хуульд заасан хугацаанд хариу тайлбар гаргах шаардлагагүй, шүүх хуралдааныг үргэжлүүлэх санал гаргасныг нэхэмжлэгч дэмжсэн.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Э ф ББСБ ХХК нь хариуцагч Б.Этой 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 36/17 дугаар бүхий зээлийн гэрээ байгуулан, уг гэрээгээр Э ф ББСБ ХХК нь 35,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, сарын 0.6 хувийн нэмэгдүүлсэн хүүтэй, бизнесийн зориулалтаар зээлдүүлэх, Б.Э нь тохирсон хугацаанд хуваарийн дагуу зээлийн үндсэн төлбөрийг хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 3-4, 100-101, 151-152 дугаар тал/
Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор зээлдэгч Б.Э нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 36/17 өдөр зээлийн барьцааны гэрээ байгуулж, Б.Бийн өмчлөлийн 0 тоотод байрлах, 18 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Э ф ББСБ ХХК-д барьцаалсан байна. /хх-ийн 6-7, 14, 102-104, 153-154, 156 дугаар тал/
Зээлдэгч Б.Э нь дээрх зээлийн гэрээний дагуу 35,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг Э ф ББСБ ХХК-иас хүлээн авсан үйл баримтад маргаагүй, уг үйл баримт нь банкны дансны хуулгаар тогтоогдсон. /хх-87 дугаар тал/
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох гэрээний харилцаа, мөн Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээний харилцаа тус тус үүсчээ.
Талууд гэрээний агуулгыг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд гэрээг байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.
Гэрээний талууд 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 36/17а тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ байгуулж, уг гэрээгээр 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 36/17 тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, зээлдүүлэгч нь зээлдэгчид нэмж 28,000,000 төгрөгийг зээлдүүлж, нийт 63,000,000 /35,000,000+28,000,000/ төгрөгийг олгож, зээлийн хугацааг 49 сар, зээлийн хүүг 2.5 хувь болгон, гэрээний бусад заалт хэвээр үйлчлэхээр тохиролцсон байна. /хх-ийн 5, 106, 155 дугаар тал/
Зохигчид 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 36/17а тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээг байгуулах болсон хүсэл зоригийн илэрхийлэл, уг гэрээ хэрэгжсэн эсэх, гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг зээлдүүлэгчээс зээлдэгчид хүлээлгэн өгсөн эсэх үйл баримтад маргасан.
Хэргийн 43 дугаар талд авагдсан кассын орлогын ордер гэх баримтад 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Б.Эт 28,000,000 төгрөгийн зээл олгов, гэрээ 36/17а гэж, мөн хэргийн 105 дугаар талд ...Э ф ББСБ ХХК-д хүсэлт гаргах нь Б.Э би Япон улсаас машин оруулж ирж байгаа бизнест маань нэмж санхүүжилт шаардлагатай байгаа тул 28,000,000 төгрөгийн зээл нэмж олгоно уу гэж тус тус тусгагдсан байна. /хх-11, 107, 157, 159 дүгээр тал/
Хариуцагчаас уг баримтуудыг бичсэн үйл баримтад маргаагүй, харин бичих болсон үндэслэлээ ...Э ф ББСБ ХХК-д шалгалт орох гэж байгаа тул зээлийн хүүгийн хэмжээг бууруулж гэрээ байгуулах шаардлагатай байна гэж бичүүлсэн, бодитоор 28,000,000 төгрөгийг аваагүй гэж маргасан.
Мөн хариуцагчаас уг 28,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь гаргах болсон үндэслэл, тооцоолол нь өмнө нь зээлдэж авч байсан 20,000,000 төгрөгийн зээлээс 15,000,000 төгрөгийг төлсөн байхад төлөөгүй үлдсэн хүү нь 13,640,000 төгрөг гэж тооцож гаргаад уг мөнгө дээр 35,000,000 төгрөгийн зээлийн төлөх хүү 14,360,000 төгрөг гэж тооцож гаргаад уг төлбөрүүдийг /13,640,000+14,360,000/ нэмээд гаргасан. Хүүгээс дахин хүү тооцож нэхэмжилсэн гэж маргаж, тайлбарласныг нэхэмжлэгч баримтаар үгүйсгэж, няцааж чадаагүй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд ...28,000,000 төгрөгийг бодитоор хүлээлгэн өгөөгүй ч уг баримтуудыг Б.Э өөрөө бичсэн тул гэрээний үүргийг хүлээх үүрэгтэй гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчдоос гаргасан тайлбар нь нотолгооны хэрэгсэлд хамаардаг.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар ...Э ф ББСБ ХХК нь зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлээгүй буюу 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 36/17а тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээний дагуу 28,000,000 төгрөгийг Б.Эт хүлээлгэн өгөөгүй болох нь тогтоогдож байна.
Иймд талуудын хооронд 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 36/17 дугаар бүхий зээлийн гэрээний дагуу 35,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийн хэмжээгээр зээлийн гэрээний харилцаа үүссэн байх тул нэхэмжлэгч нь уг гэрээний үүргийг шаардах эрхтэй байна. Харин нэхэмжлэгч нь 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 36/17а тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ нь бодитоор хэрэгжээгүй, уг гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг олгоогүй тул уг гэрээний үүргийг хариуцагчаас шаардсан нь үндэслэлгүй байна.
Зээлдэгч Б.Э нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 36/17 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 8,335,000 төгрөг төлсөн болох нь Хаан банкны дансны хуулгаар тогтоогдсон, уг үйл баримтад талуудын хэн аль нь маргаагүй. Харин нэхэмжлэгч нь хариуцагчаас төлсөн дээрх мөнгөн хөрөнгийг зээлийн гэрээний үндсэн үүрэг, хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүд тус бүрт нь хэд хэдэн төгрөгийг тооцож авсан болохоо тайлбарлаж чадаагүй. /хх-ийн 87-95 дугаар тал/
Иймд шүүх Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй. Үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлнэ гэж заасантай нийцүүлэн дүгнэх замаар хариуцагчаас гэрээний үүрэгт төлсөн 8,335,000 төгрөгийг зээлийн үндсэн төлбөр 35,000,000 төгрөгөөс хасч тооцож, хариуцагч нь үлдэх 26,665,000 төгрөгийг үндсэн төлбөрт төлөх үүрэгтэй байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан. Хуулийн уг зохицуулалтаар хариуцагч Б.Э нь зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүүг төлөх үүрэгтэй тул зээлийн гэрээний хугацаа дууссан гэж зээлийн үндсэн хүүгийн зарим хэсгийг төлөхгүй гэж маргасан нь үндэслэлгүй.
Мөн хариуцагчаас гаргасан зээлийн гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх татгалзал хууль зүйн үндэслэлгүй.
Харин нэхэмжлэгч нь зээлийн хэтэрсэн хугацааны хүүг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцож, зээлийн үндсэн хүү, хэтэрсэн хугацааны хүүд нийт 61,385,000 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч анх 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба энэ өдрөөр зээлдэгчийн хүү төлөх хугацаа зогсож, зээлдүүлэгчийн хүү шаардах эрх дуусгавар болсон байна.
Иймд зээлийн гэрээ байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл нийт 44 /3жил 8 сар/ сарын хүүгийн төлбөрийг хариуцагч төлөх үүрэгтэй байна. Үндсэн хүүг тооцож үзвэл үндсэн төлбөрийн үлдэгдэл 26,665,000 төгрөгөөс талуудын зээлийн гэрээгээр тохиролцсон 3 хувиар тооцоход 1 сард төлвөл зохих зээлийн хүү 799,950 төгрөг байна. Үүнийг нийт 44 сараар тооцвол 35,197,800 төгрөгийг зээлийн үндсэн хүүгийн төлбөрт зээлдэгч төлөх үүрэгтэй байна.
Иймд хариуцагч Б.Эоос зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 26,665,000 төгрөг, зээлийн хүү 35,197,800 төгрөг, нийт 61,852,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э ф ББСБ ХХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцнэ.
Нэхэмжлэгч Э ф ББСБ ХХК-ийн хариуцагч Б.Эоос гаргуулахаар шаардсан нэмэгдүүлсэн хүү 7,171,166 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. Учир нь, Талуудын байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 36/17 тоот зээлийн гэрээний 1.3.3-д ...нэмэгдүүлсэн хүү сарын 0.6 хувь... гэж заасан байна.
Дээрх гэрээний 1.3.3-д заасан зохицуулалт нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасантай нийцээгүй, сарын 0.6 хувь гэдэг нь үндсэн зээл эсхүл үндсэн хүүгийн алинаас нь тооцох эсэх нь тодорхойгүй байна.
Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт Гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг стандарт нөхцөл гэнэ гэж заасан.
Тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд нөгөө тал болох иргэнд санал болгож байгаа талуудын байгуулсан гэрээний 1.3.3-д заасан заалт нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй, нэмэгдүүлсэн хүүгийн нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй байх тул Иргэний хуулийн 201 дугаар зүйлийн 201.1, 202 дугаар зүйлийн 202.2 дахь тус тус зааснаар уг гэрээний заалт нь хүчин төгөлдөр бус байх тул уг заалтыг санал хүлээн авагч тал болох Б.Эт ашигтайгаар тайлбарлана. Иймд нэхэмжлэгч Э ф ББСБ ХХК нь нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас шаардах эрхгүй байна.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж, мөн 165 дугаар зүйлийн 165.1-д Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ гэж тус тус заажээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчдын хооронд байгуулсан барьцааны зүйл болох 0 тоотод байрлах, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц нь зээлийн гэрээгээр үүрэг хүлээгээгүй буюу бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Бийн өмчлөлийн эд хөрөнгө бөгөөд энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д Барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгэгч, эсхүл гуравдагч этгээд байж болно гэж заасантай нийцэж байна.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б нь өөрийн өмчлөлийн 0 тоотод байрлах, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд тавих эрхийг олгосон үйл баримт болон уг хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад маргаагүй. Зохигчид мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй, хариуцагч уг шаардлагыг хүлээн зөвшөөрсөн.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус зааснаар үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй бөгөөд үл биелүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр барьцааны зүйлийг албадан худалдахаар тус тус зохицуулсан.
Нэгэнт үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгч Б.Э нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй, зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгчийн зүгээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардсан тул барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.
Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч Б.Эроос 61,852,800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э ф ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 69,703,366 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох 0тоотод байрлах, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээгээр хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөх үүрэгтэй тул хариуцагч Б.Эоос /467,214+70,200/ 537,414 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э ф ББСБ ХХК-д олгов.
Нэхэмжлэгч нь нийт 131,556,166 төгрөг гаргуулах тухай шаардлагад 815,731 төгрөг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагад 70,200 төгрөг, нийт 885,931 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлөх үүрэгтэй байна. Үүнээс нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид нийт 1,379,215 /694,576+70,200+70,200+126,454+173,525+244,260/ төгрөг төлсөн байх тул илүү төлсөн 493,284 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.
Нэхэмжлэгч нь 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 20,000,000 төгрөгийн хэмжээгээр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг шаардаагүй. Хариуцагчаас төлсөн 15,000,000 төгрөг нь уг зээлийн гэрээний үүрэгт төлөгдсөн төлбөр бөгөөд энэ нь маргааны зүйл болох 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 36/17 тоот зээлийн гэрээний үүрэгт хамааралгүй болохыг талуудын хэн аль нь тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй. /хх-ийн 112-115, 161-165 дугаар тал/
Мөн хэргийн 120-131 дүгээр талд авагдсан үзлэгийн тэмдэглэлээр талуудын маргааны зүйлд хамааралтай, ач холбогдолтой үйл баримт тогтоогдоогүй тул уг үзлэгийн тэмдэглэлийг нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Эоос 61,852,800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э ф ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 69,703,366 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Э нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Б.Бийн өмчлөлийн эрх улсын бүртгэлийн Ү-0 дугаартай, 0 тоотод байрлах, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,379,215 төгрөгөөс 885,931 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 493,284 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Эрдэнэзоригоос улсын тэмдэгтийн хураамжид 537,414 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Энич финанс ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ