Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 429

 

У.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2018/03111 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч У.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “А” ХХК-д холбогдох

 

Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Очир 2 хороолол, 70 дугаар байрны 376 тоот, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй,

Орон сууцны барилгын захиалга, хөрөнгө оруулалтын 14/283 дугаар гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...У.Э нь 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 15/283 тоот орон сууцны барилга захиалах, хөрөнгө оруулалтын гэрээг бичгээр байгуулж худалдаж авсан байдаг. Одоог хүртэл тухайн орон сууцанд У.Э нь амьдарч байгаа боловч үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй өдийг хүрсэн. А ХХК нь төлбөр тооцооны асуудлыг уг гэрээний 2.4 дэх заалтад 100 хувь төлөхөөр тусгасан. Үүний дагуу У.Э төлбөрийг шилжүүлж, тухайн гэрээг байгуулсан. Уг байрыг худалдах зар дээр 42 000 000 төгрөгөөр зарна гэж бичсэн байсан. Хамгийн дээд давхарын захад байрлаж байсан учраас үнийг нь буулгаж 38 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Тухайн үед “Т” ХХК бартераар авч байгаа гэдгээ хэлж байсан. Бид “Т” ХХК-ийн дансанд мөнгөө шилжүүлсэн. Байрны гэрчилгээ бөөндөө гарна гэж хэлдэг байсан. 2016 оны өвөл тухайн байрны гэрчилгээг гаргаж өгнө гэж хэлэхэд нь материалаа бүрдүүлж өгсөн. Тэгэхэд “А” ХХК нь бартерын байр учраас гэрчилгээ нь гарах болоогүй гэж тайлбарласан. Үүнээс хойш 2 жилийн хугацаа өнгөрч байна. “Т” ХХК-иас танай байрны гэрчилгээг одоо гаргаж өгөх гэж байгаа гэж тайлбарладаг. Ингээд өдий хүртэл хугацаанд “Т” ХХК нь бараа материал дутуу нийлүүлсэн гэдэг шалтгаанаар уг байрны гэрчилгээг гаргаж өгөөгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ийм учраас Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Очир 2 хорооллын 70 дугаар байрны 376 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай холбогдох материалуудыг “А ХХК-иас гаргуулахыг даалгаж өгнө үү.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй гол үндэслэлээ “А” ХХК болон нэхэмжлэгч У.Э нарын хооронд байгуулсан гэрээнд заасан төлбөрийг “А” ХХК-д төлөөгүй гэдэг. Нэхэмжлэгчийн зүгээс танай компанид төлбөрийг төлсөн учраас орон сууцыг авъя гэж ярьдаггүй. “А” ХХК буюу хариуцагч нь “С” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хамтран ажиллах гэрээний 2.1 дэх хэсэг, 3.1 дэх хэсэгт маргаан бүхий орон сууцыг бусдад шилжүүлэхийг зөвшөөрсөн. Энэ хамтран ажиллах гэрээнд үндэслэж “С” ХХК, “Т” ХХК-тай 2018 оны 8 дугаар сарын 04-ний өдөр бараа материал худалдах-худалдан авах гэрээ байгуулсан байдаг. Тус гэрээний 3.2 болон 3.3 дахь хэсэгт зааснаар бараа материалыг “Т” ХХК-иас худалдаж аваад төлбөрт нь бартераар орон сууц шилжүүлэхээр тохиролцсон. Энэ бартерын байрыг “Т” ХХК хэзээ эзэмших эрхтэй болсон бэ гэвэл хамтран ажиллах гэрээний үнийн дүн буюу 433 672 150 төгрөгийн 50 хувьтай тэнцэхүйц бараа материалыг нийлүүлсэн тохиолдолд энэ 5 бартерын байрыг захиран зарцуулах, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг “А ХХК-иас шаардах эрх үүснэ. Энэ эрх үүссэн учраас эрхийнхээ хүрээнд “Т” ХХК нь нэхэмжлэгч У.Э-т шаардах эрхээ шилжүүлсэн байдаг. Шаардах эрхээ шилжүүлэхдээ харилцан тохиролцож, тухайн байрны төлбөрт 38 000 000 төгрөгийг төлсөн. Шаардах эрхээ шилжүүлэхдээ маргаан бүхий байранд талууд очоод энэ байраа худалдаж болох уу гэхэд болно гэсэн зөвшөөрөл өгсөн. Яагаад ийм үйл явдал болсон бэ гэвэл уг байр нь “А" ХХК-ийн эзэмшилд байсан. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шаардах эрх шилжиж “А” ХХК болон У.Э нарын хооронд 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр орон сууцны барилга, хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Энэ гэрээг “А” ХХК зөвшөөрч, төлбөрийг 100 хувь төлсөн гэж хүлээн зөвшөөрсөн. “А” ХХК нь өөрөө хүлээлцэх акт үйлдээд, нэхэмжлэгч өнөөдрийн байдлаар тухайн байрандаа амьдарч байна. Харин өмчлөх эрх буюу захиран зарцуулах эрх нь зөрчигдсөн хэвээр байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...”А” ХХК нь “Т” ХХК-тай бараа бүтээгдэхүүн нийлүүлэх тохиролцооны хүрээнд Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Очир 2 хороолол, 70 байр 376 тоот 2 өрөө орон сууцыг “Т” ХХК-д шилжүүлж өгөхөөр болсон. Энэхүү гэрээ “Т” ХХК-тай “А” ХХК-ийг төлөөлж, тус компанитай хамтран ажилладаг “С” ХХК байгуулсан. Гэрээнд зааснаар “Т” ХХК нь 433 672 100 төгрөгийн бараа материал нийлүүлэх ёстойгоос 165 168 095 төгрөгийн барааг “А” ХХК-д нийлүүлээгүй бөгөөд нийлүүлэхээсээ өмнө иргэн У.Э-г орон сууцны барилгын захиалга, хөрөнгө оруулалтын 14/283 дугаартай гэрээг “А” ХХК-тай байгуулуулж маргаж буй орон сууцанд оруулсан. “Т” ХХК нь бараа бүтээгдэхүүнээ бүрэн нийлүүлсэн тохиолдолд орон сууцны өмчлөлийг шилжүүлэх ёстой байсан. Орон сууцны үнэ буюу гэрээний төлбөр 58 287 860 төгрөгийг тушаасан гэх боловч У.Э-йн нэрээр “А” ХХК-ийн дансанд мөнгө шилжин орж ирээгүй байна. Ийм учраас уг орон сууцны өмчлөх эрх үүсээгүй байна гэж үзэж байна. Мөн бараа материал худалдах-худалдан авах гэрээний 3.2 дахь хэсгийг дурдаж байна. Нийт үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэхүйц бараа материалыг нийлүүлсэн тохиолдолд байрны үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээг шилжүүлж өгнө гэсэн байна. Энд 5 байрны үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээг шилжүүлэх асуудал биш юм. Тодорхой үнийн дүнд тохирсон бартерын байрыг шилжүүлнэ. 3 байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлж өгсөн. Төлбөрөө төлөөгүй байрыг шилжүүлж өгч болохгүй юм.

Нэхэмжпэгч иргэн У.Э нь орон сууцны барилгын захиалга, хөрөнгө оруулалтын 14/283 дугаартай гэрээний 2.4-т орон сууцны төлбөр болох 58 287 860 төгрөгийг 100 хувь хийгдсэн гэж бичигдсэн байгаа гэсэн тайлбар гаргадаг боловч тухайн орон сууцны өмчлөгч “А” ХХК нь энэхүү төлбөрийг бодитоор нэхэмжлэгч иргэн У.Э-с аваагүй. У.Э нь төлбөрийг өмчлөгч биш “Т” ХХК-ийн н.Энхпүрэвт төлсөн. “Т” ХХК нь үлдэгдэл 165 168 095 төгрөгийн барааг “А” ХХК-д нийлүүлээгүй байхдаа 2015 оны 8 дугаар сард У.Э-т байрыг шилжүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу орон сууцны барилгын захиалга, хөрөнгө оруулалт-ын 14/283 дугаар гэрээг У.Э-тай байгуулж, төлбөр төлөгдсөн гэж бичсэн. У.Э нь төлбөрийг “А” ХХК-д төлөөгүй тул дүр үзүүлж, өөр хэлцлийг халхавчилж байгуулсан гэрээ юм. “А” ХХК болон иргэн У.Э нарын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, гэрээг Иргэний хуулийн 57 дугаар зүйлд заасны дагуу хүчин төгөлдөр бусад тооцож, Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Очир 2 хороолол, 70 байр 376 тоот 2 өрөө орон сууцыг У.Э-йн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ...Маргаан бүхий Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо Очир 2 хороолол 378 айлын орон сууцны 70 байрны 376 тоот орон сууцыг “А” ХХК-ийн захиалгаар барьсан бөгөөд уг барилгыг 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр улсын комиссын 10 гишүүн үзэж, шалган хүлээн авсан.

Үүнээс өмнө “Т” ХХК болон “А” ХХК нар нь арилжааны тохиролцоог хоорондоо хийж, “Т” ХХК нь тус тохиролцооны дагуу бараа бүтээгдэхүүнээ нийлүүлсэн учраас тус барилга бүрэн бүтэн баригдаж дуусан, улсын комисс барилгыг ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн бөгөөд талуудын хооронд өр төлбөрийн асуудалгүй байсан учраас 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгч У.Э-тай 14/283 тоот орон сууцны барилгын захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, гэрээний 2.4-т төлбөрийг 100 хувь төлсөн талаар тусгасан. Хэрэв “Т” ХХК нь бараагаа нийлүүлээгүй байсан бол улсын комисс хүлээж авахгүй бөгөөд авлаа гэхэд 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгч У.Э-тай 14/283 тоот орон сууцны гэрээг байгуулж, гэрээний 2.4-т төлбөрийг 100 хувь шилжүүлсэн талаар тусгахгүй байх байсан.

Нэхэмжлэгч У.Э нь “А” ХХК-тай байгуулсан 14/283 тоот гэрээний дагуу тус орон сууцанд 2015 оноос өдийг хүртэл амьдарч байгаа бөгөөд хууль бусаар эзэмшиж байгаа гэсэн сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй. “Т” ХХК-ийн “С” ХХК-тай байгуулсан гэрээнд нийлүүлэх бараа бүтээгдэхүүний 50 хувийг нийлүүлсэн тохиолдолд гэрээнд заасан орон сууцуудыг шилжүүлэн авах, захиран зарцуулах эрх үүсэхээр заасан ба “Т” ХХК нь гэрээнд заасан барааны 50 хувиас дээшх бараа бүтээгдэхүүнийг нийлүүлсэн тул захиран зарцуулах эрхтэй болсон байна. “Т” ХХК нь Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо Очир 2 хороолол 378 айлын орон сууцны 70 байрны 376 тоот орон сууцыг У.Э-т шилжүүлэх талаар хүсэлтийг “А” ХХК-д гаргаж, тус компани нь зөвшөөрснөөр У.Э-тай төлбөр төлөгдсөн гэж гэрээ байгуулан, байрыг шилжүүлэн өгсөн байдаг. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардага гаргаагүй гуравдагч этгээд “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...”С” ХХК нь “Т” ХХК-тай 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдөр бараа материал худалдах-худалдан авах гэрээг байгуулсан байдаг. Үүний дагуу нийт 5-н байр өгнө гэсэн боловч бараа материал бүрэн шилжүүлж өгөөгүй тул 2 орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгөөгүй байгаа. Одоо Очир-3 хорооллын 68 тоот орон сууцны төлбөр 106 880 235 төгрөг, Очир-2 хорооллын 376 тоот орон сууцны төлбөр 58 287 860 төгрөг буюу нийт 165 168 095 төгрөгийн үнэ бүхий бараа нийлүүлэхээс 14 284 434 төгрөгийн бараа нийлүүлсэн байх бөгөөд 150 883 661 төгрөгийн бараа нийлүүлээгүй байгаа болно. Тиймээс дээрх 2 орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгөөгүй байгаа. “Т” ХХК нь гэрээний үүргээ биелүүлэхгүй 2 жил болж байгаа бөгөөд тухайн орон сууцанд өмчлөгч биш иргэд амьдарч манай болон хамтран ажилладаг компанийг хохироож байна гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Т” ХХК, “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Манай компани 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдөр “С” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээний дагуу “А” ХХК-ийн барилгын төсөлд 433 620 133 төгрөгийн өртөг бүхий барилгын материалыг “С” ХХК-д нийлүүлж, “С” ХХК нь уг барилгын материалын төлбөрийг мөнгөн бус хэлбэрээр буюу барьж буй байрнаасаа нийт 5 ширхэг байрыг бартераар өгөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. Ийнхүү бартерын тохиролцооны дагуу Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Очир 2 хорооллын 70 дугаар байрны 376 тоот 2 өрөө байрыг нэхэмжлэгч У.Э-т худалдсан. Гэрээний 3.3 дахь хэсэгт нийлүүлэгч тал бартерын байрны үнийн дүнгийн 50 хувьтай дүйцэхүйц хэмжээний бараа материалыг захиалагчид шилжүүлсэн тохиолдолд байрны гэрчилгээг шилжүүлж авна гэж заасан. “С” ХХК-д манай компаниас 389 410 038 төгрөгийн бараа материал нийлүүлсэн байдаг. Үүнээс харахад гэрээний үнийн дүнгийн 87.7 хувьтай тэнцэх хэмжээний бараа материалыг нийлүүлсэн байна. Тийм учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

Манай компани өөрийн 58 287 860 төгрөгийн шаардах эрхтэй байраа У.Э-т зарж, худалдсан. “А” ХХК-тай байгуулсан гэрээний 2.4 дэх хэсэгт төлбөр тушаагдсанаар шилжүүлнэ гэж заасан. Манай компани нь 58 287 860 төгрөгийн шаардах эрхтэй байраа хэдэн төгрөгөөр бусдад худалдах нь манай эрхийн асуудал юм. Тухайн үед манайх эргэлтийн хөрөнгө шаардлагатай байсан учраас бартерын байраа зарсан нь бидний асуудал юм. Ингээд 38 000 000 төгрөгийг манай хувьцаа эзэмшигч З.Энхпүрэв хүлээн авсан. А ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн хувьд 376 тоот 2 өрөө байрыг худалдах зорилгоор гэрээ байгуулсан. Энэ нь дүр үзүүлж, халхавчлах зорилгоор байгуулсан гэрээ биш учраас сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч У.Э-г Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Очир 2 хороолол, 70 дугаар байрны 376 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, хариуцагч “А” ХХК-д орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэх, өмчлөх эрхийн гэрчилгээ авахад шаардлагатай баримт бичгийг нэхэмжлэгч У.Э-т гаргаж өгөхийг даалгаж,

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “А” ХХК-ийн орон сууцны барилгын захиалга, хөрөнгө оруулалтын 14/283 дугаар гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, нэхэмжлэгч У.Э-ийн хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч У.Э-ийн 140 400 төгрөг, хариуцагч А ХХК-ийн 523 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 140 400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч У.Э-т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Очир-2 хороолол, 70 дугаар байр, 376 тоот орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгчийг тогтоосон нь үндэслэлгүй гэж үзэж байгаа бөгөөд шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3-т шаардлагуудыг тус тус хангахгүй байна. Учир нь нэхэмжлэгч У.Э нь тус орон сууцны төлбөрт 38 сая төгрөгийг иргэн З.Энхүрэвийн Хаан банкны 5041308374 тоот дансанд тушаасан нь тухайн маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрхтэй хэмээн үзэж байгаа "Т" ХХК-д төлөгдөөгүй. Мөн түүнчлэн тухайн маргаан бүхий орон сууцыг хууль ёсны өмчлөгч "А" ХХК-д орон сууцны үнэ өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй байгаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт гэж заасныг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч 58 287 860 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг 38 сая төгрөг төлж авсан гэх боловч төлбөрийг бодитоор "А" ХХК-д шууд болон шууд бусаар /бусад хамтран ажиллах гэрээний хүрээнд өөр этгээдээр дамжин/ төлөөгүй байтал өмчлөгчөөр тогтоож байгаа нь үндэслэлгүй юм. Түүнчлэн шүүх У.Э болон "А" ХХК-ийн байгуулсан орон сууцны барилга захиалга, хөрөнгө оруулалтын 14/283 дугаар гэрээ"-г хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэсэн. Уг гэрээ хүчин төгөлдөр бол У.Э уг гэрээний 2.1-д заасны дагуу орон сууцны төлбөр 58 287 860 төгрөгийг "А" ХХК-д тушаах ёстой. Гэтэл У.Э нь "А" ХХК-д ямар ч төлбөр төлөөгүй бөгөөд "Хүчин төгөлдөр" гэж шүүх дүгнэсэн гэрээний үүргээ биелүүлээгүй. Мөн тухайн орон сууцны байрыг нэхэмжлэгч захиалан бариулаагүй, тухайн орон сууцны захиалгын гэрээ байгуулах үед орон сууцны барилга байгууламжийг улсын комисст хүлээлгэн өгсөн байсан зэрэг байдлыг анхан шатны шүүх хянаж үзэлгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Нөгөө талаас үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлага байдаг. Гэтэл У.Э, "Т" ХХК-ийн хооронд орон сууц худалдах-худалдан авах хэлцэл аман хэлбэрээр байгуулагдсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хуулийн дээрх шаардлагыг хангахгүй байгааг анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл хэрэв нэхэмжлэгч нь "Т" ХХК-д орон сууцны төлбөр төлсөн нь үнэн бол шаардах эрх нь тэдгээрийн хооронд бичгээр байгуулагдсан гэрээний дагуу үүсэх ёстой бөгөөд У.Э нь "А" ХХК-иас өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахтай холбоотой бичиг баримтыг шаардах эрх үүсээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр болон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч У.Э нь хариуцагч “А” ХХК-д холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Очир 2 хороолол, 70 дугаар байрны 376 тоот, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч орон сууцны барилгын захиалга хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

“Т” ХХК, “С” ХХК-тай 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 1508/04 дугаартай бараа материал худалдах-худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр “Т” ХХК нь “С” ХХК-д 433 672 100 төгрөгийн үнэ бүхий Grundfos фирмийн өргөлтийн насос, галын насос, цэвэр усны нөөцийн сав, давтамж хувисгуур зэрэг барааг нийлүүлэх, “С” ХХК нь “Т” ХХК-д 433 672 100 төгрөгт 5 ширхэг орон сууцыг тооцож өгөхөөр талууд тохиролцжээ.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээ байгуулагдсан талаар шүүх зөв дүгнэсэн байна.

 

Дээрх арилжааны гэрээгээр “С” ХХК-иас “Т” ХХК-д тооцож өгөх 5 ширхэг орон сууц дотор маргааны зүйл болох Очир 2 хорооллын 376 тоот 38 м.кв орон сууцыг 58 287 860 төгрөгөөр бодож бараа бүтээгдэхүүний үнэд тооцохоор талууд тохиролцсон байна.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Т” ХХК болон “Т” ХХК-иудын тайлбараас үзвэл эдгээр компанийн эрх ашиг сонирхол нэг, хамаарал бүхий хуулийн этгээдүүд юм.

 

Хэргийн 12 дугаар тал дах “Батлан даалт” гэх баримт болон талуудын тайлбараар “С” ХХК-ийн “Т” ХХК-д бартерийн гэрээгээр шилжүүлэн өгөхөөр тохиролцсон Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Очир 2 хороолол, 70 дугаар байрны 376 тоот, 2 өрөө орон сууцыг “Т” ХХК 38 000 000 төгрөгөөр У.Э-т худалдсан үйл баримтын талаар талууд маргахгүй байна.

 

“Т” ХХК нь “Т” ХХК-д “С” ХХК-иас бартераар солилцсон 2 өрөө орон сууцны өмчлөлийг “А” ХХК-иас бичиг баримтыг авч шилжүүлэхээр тохирсоноос үзвэл Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасан болзол тавьж хийсэн хэлцэл гэж үзнэ.

 

Талуудын хооронд амаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар шүүх зөв дүгнэжээ.

 

“Т” ХХК нь “С” ХХК-д 389 408 056 төгрөгийн бараа материал нийлүүлсэн талаар талууд маргахгүй байна.

 

Харин бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “С” ХХК нь “Т” ХХК-ийг 150 883 661 төгрөгийн бараа материал дутуу нийлүүлсэн тул гэрээгээр тохиролцсон 5 орон сууцнаас Очир 3 хорооллын 68 тоот орон сууц, Очир 2 хорооллын 376 тоот орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлээгүй гэж тайлбарлаж байна.

 

“Т” ХХК-д У.Э гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 38 000 000 төгрөг төлснөөр уг мөнгөөр “С” ХХК-д бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн гэж тайлбарласнаас үзвэл Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч У.Э нь “Т” ХХК-иас шаардах эрхийг худалдан авсан гэж үзнэ.

 

“С” ХХК нь 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр “А” ХХК-тай хамтран ажиллах гэрээ нэртэй бичгийн гэрээ байгуулсан, уг гэрээгээр “С” ХХК нь “А” ХХК-д өөрийн эзэмшлийн 100 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, “А” ХХК нь “С” ХХК-д 3 ширхэг 2 өрөө орон сууцыг шилжүүлэн өгөхөөр тохиролцжээ.

 

“А” ХХК-ийн барьсан Очир төв 2 хорооллын орон сууцыг 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр улсын комисс хүлээн авсан үйл баримт тогтоогдсон байна.

 

“С” ХХК шаардах эрхийг У.Э-т амаар Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх заасан шилжүүлсэн тул түүнд маргааны зүйл болох 2 өрөө орон сууцны эзэмшил хууль ёсоор үүссэн учраас “А ХХК-иас 2 өрөө орон сууцыг шаардах эрхтэй.

 

У.Э нь “А” ХХК-тай 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр маргааны зүйл болох 2 өрөө орон сууцыг худалдах-худалдан авах гэрээ байгуулсан боловч энэ гэрээ бодитойгоор хэрэгжээгүй боловч “С” ХХК-иас шаардах эрхийг худалдан авсныхаа хувьд шударга өмчлөгч гэж үзнэ.

 

Маргаж буй орон сууцыг нэхэмжлэгч У.Э хууль бусаар эзэмшиж байгаа болох нь нотлогдоогүй тул хариуцагч нь орон сууцыг хууль ёсны эзэмшлээс эд хөрөнгийг шаардах эрхгүй гэж анхан шатны шүүх дүгнэж орон сууцны барилгын захиалга, хөрөнгө оруулалтын 14/283 дугаар гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2018/03111 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “А” ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 663 600 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.НАРАНЦЭЦЭГ

 

                ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ