Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2020/00034

 

У.Эийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2018/03111 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 429 дүгээр магадлалтай,

У.Эийн нэхэмжлэлтэй

“А Г” ХХК-д холбогдох

Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Очир 2 хороолол, 70 дугаар байрны 376 тоот, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Орон сууцны барилгын захиалга, хөрөнгө оруулалтын 14/283 дугаар гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Булганы гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Удвал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Тунгалагтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Булган, хариуцагчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...У.Э нь 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 15/283 тоот орон сууцны барилга захиалах, хөрөнгө оруулалтын гэрээг бичгээр байгуулж худалдаж авсан байдаг. Одоог хүртэл тухайн орон сууцанд У.Э нь амьдарч байгаа боловч үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй өдийг хүрсэн. Ардчиллын гэгээ ХХК нь төлбөр тооцооны асуудлыг уг гэрээний 2.4 дэх заалтад 100 хувь төлөхөөр тусгасан. Үүний дагуу У.Э төлбөрийг шилжүүлж, тухайн гэрээг байгуулсан. Уг байрыг худалдах зар дээр 42 000 000 төгрөгөөр зарна гэж бичсэн байсан. Хамгийн дээд давхрын захад байрлаж байсан учраас үнийг нь буулгаж 38 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Тухайн үед “Т Б”ХХК бартераар авч байгаа гэдгээ хэлж байсан. Бид “Т Б”ХХК-ийн дансанд мөнгөө шилжүүлсэн. Байрны гэрчилгээ бөөндөө гарна гэж хэлдэг байсан. 2016 оны өвөл тухайн байрны гэрчилгээг гаргаж өгнө гэж хэлэхэд нь материалаа бүрдүүлж өгсөн. Тэгэхэд ”А Г” ХХК нь бартерын байр учраас гэрчилгээ нь гарах болоогүй гэж тайлбарласан. Үүнээс хойш 2 жилийн хугацаа өнгөрч байна. “Т Б”ХХК-иас танай байрны гэрчилгээг одоо гаргаж өгөх гэж байгаа гэж тайлбарладаг. Ингээд өдий хүртэл хугацаанд ”Т Б”ХХК нь бараа материал дутуу нийлүүлсэн гэдэг шалтгаанаар уг байрны гэрчилгээг гаргаж өгөөгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ийм учраас Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Очир 2 хорооллын 70 дугаар байрны 376 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай холбогдох материалуудыг “А Г” ХХК-иас гаргуулахыг даалгаж өгнө үү. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй гол үндэслэлээ ”А Г” ХХК болон нэхэмжлэгч У.Э нарын хооронд байгуулсан гэрээнд заасан төлбөрийг “А Г” ХХК-д төлөөгүй гэдэг. Нэхэмжлэгчийн зүгээс танай компанид төлбөрийг төлсөн учраас орон сууцыг авъя гэж ярьдаггүй. “А Г” ХХК буюу хариуцагч нь “С” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хамтран ажиллах гэрээний 2.1 дэх хэсэг, 3.1 дэх хэсэгт маргаан бүхий орон сууцыг бусдад шилжүүлэхийг зөвшөөрсөн. Энэ хамтран ажиллах гэрээнд үндэслэж “С” ХХК, “Т Б”ХХК-тай 2018 оны 8 дугаар сарын 04-ний өдөр бараа материал худалдах-худалдан авах гэрээ байгуулсан байдаг. Тус гэрээний 3.2 болон 3.3 дахь хэсэгт зааснаар бараа материалыг “Т Б”ХХК-иас худалдаж аваад төлбөрт нь бартераар орон сууц шилжүүлэхээр тохиролцсон. Энэ бартерын байрыг “Т Б”ХХК хэзээ эзэмших эрхтэй болсон бэ гэвэл хамтран ажиллах гэрээний үнийн дүн буюу 433 672 150 төгрөгийн 50 хувьтай тэнцэхүйц бараа материалыг нийлүүлсэн тохиолдолд энэ 5 бартерын байрыг захиран зарцуулах, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг “А Г” ХХК-иас шаардах эрх үүснэ. Энэ эрх үүссэн учраас эрхийнхээ хүрээнд “Т Б”ХХК нь нэхэмжлэгч У.Эт шаардах эрхээ шилжүүлсэн байдаг. Шаардах эрхээ шилжүүлэхдээ харилцан тохиролцож, тухайн байрны төлбөрт 38 000 000 төгрөгийг төлсөн. Шаардах эрхээ шилжүүлэхдээ маргаан бүхий байранд талууд очоод энэ байраа худалдаж болох уу гэхэд болно гэсэн зөвшөөрөл өгсөн. Яагаад ийм үйл явдал болсон бэ гэвэл уг байр нь “А Г” ХХК-ийн эзэмшилд байсан. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шаардах эрх шилжиж “А Г” ХХК болон У.Э нарын хооронд 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр орон сууцны барилга, хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Энэ гэрээг “А Г” ХХК зөвшөөрч, төлбөрийг 100 хувь төлсөн гэж хүлээн зөвшөөрсөн. “А Г” ХХК нь өөрөө хүлээлцэх акт үйлдээд, нэхэмжлэгч өнөөдрийн байдлаар тухайн байрандаа амьдарч байна. Харин өмчлөх эрх буюу захиран зарцуулах эрх нь зөрчигдсөн хэвээр байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ...”А Г” ХХК нь “Т Б”ХХК-тай бараа бүтээгдэхүүн нийлүүлэх тохиролцооны хүрээнд Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Очир 2 хороолол, 70 байр 376 тоот 2 өрөө орон сууцыг “Т Б”ХХК-д шилжүүлж өгөхөөр болсон. Энэхүү гэрээ “Т Б”ХХК-тай Ардчиллын гэгээ ХХК-ийг төлөөлж, тус компанитай хамтран ажилладаг “С” ХХК байгуулсан. Гэрээнд зааснаар “Т Б”ХХК нь 433 672 100 төгрөгийн бараа материал нийлүүлэх ёстойгоос 165 168 095 төгрөгийн барааг “А Г” ХХК-д нийлүүлээгүй бөгөөд нийлүүлэхээсээ өмнө иргэн У.Эийг орон сууцны барилгын захиалга, хөрөнгө оруулалтын 14/283 дугаартай гэрээг “А Г” ХХК-тай байгуулуулж маргаж буй орон сууцанд оруулсан. “Т Б”ХХК нь бараа бүтээгдэхүүнээ бүрэн нийлүүлсэн тохиолдолд орон сууцны өмчлөлийг шилжүүлэх ёстой байсан. Орон сууцны үнэ буюу гэрээний төлбөр 58 287 860 төгрөгийг тушаасан гэх боловч У.Эийн нэрээр “А Г” ХХК-ийн дансанд мөнгө шилжин орж ирээгүй байна. Ийм учраас уг орон сууцны өмчлөх эрх үүсээгүй байна гэж үзэж байна. Мөн бараа материал худалдах-худалдан авах гэрээний 3.2 дахь хэсгийг дурдаж байна. Нийт үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэхүйц бараа материалыг нийлүүлсэн тохиолдолд байрны үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээг шилжүүлж өгнө гэсэн байна. Энд 5 байрны үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээг шилжүүлэх асуудал биш юм. Тодорхой үнийн дүнд тохирсон бартерын байрыг шилжүүлнэ. 3 байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлж өгсөн. Төлбөрөө төлөөгүй байрыг шилжүүлж өгч болохгүй юм. Нэхэмжлэгч иргэн У.Э нь орон сууцны барилгын захиалга, хөрөнгө оруулалтын 14/283 дугаартай гэрээний 2.4-т орон сууцны төлбөр болох 58 287 860 төгрөгийг 100 хувь хийгдсэн гэж бичигдсэн байгаа гэсэн тайлбар гаргадаг боловч тухайн орон сууцны өмчлөгч “А Г” ХХК нь энэхүү төлбөрийг бодитоор нэхэмжлэгч иргэн У.Эаас аваагүй. У.Э нь төлбөрийг өмчлөгч биш “Т Б”ХХК-ийн н.Энхпүрэвт төлсөн. “Т Б”ХХК нь үлдэгдэл 165 168 095 төгрөгийн барааг “А Г” ХХК-д нийлүүлээгүй байхдаа 2015 оны 8 дугаар сард У.Эт байрыг шилжүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу орон сууцны барилгын захиалга, хөрөнгө оруулалт-ын 14/283 дугаар гэрээг У.Этай байгуулж, төлбөр төлөгдсөн гэж бичсэн. У.Э нь төлбөрийг Ардчиллын гэгээ ХХК-д төлөөгүй тул дүр үзүүлж, өөр хэлцлийг халхавчилж байгуулсан гэрээ юм. “А Г” ХХК болон иргэн У.Э нарын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, гэрээг Иргэний хуулийн 57 дугаар зүйлд заасны дагуу хүчин төгөлдөр бусад тооцож, Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Очир 2 хороолол, 70 байр 376 тоот 2 өрөө орон сууцыг У.Эийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ...Маргаан бүхий Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо Очир 2 хороолол 378 айлын орон сууцны 70 байрны 376 тоот орон сууцыг Ардчиллын гэгээ ХХК-ийн захиалгаар барьсан бөгөөд уг барилгыг 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр улсын комиссын 10 гишүүн үзэж, шалган хүлээн авсан. Үүнээс өмнө “Т Б”ХХК болон ”А Г” ХХК нар нь арилжааны тохиролцоог хоорондоо хийж, “Т Б”ХХК нь тус тохиролцооны дагуу бараа бүтээгдэхүүнээ нийлүүлсэн учраас тус барилга бүрэн бүтэн баригдаж дуусан, улсын комисс барилгыг ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн бөгөөд талуудын хооронд өр төлбөрийн асуудалгүй байсан учраас 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгч У.Этай 14/283 тоот орон сууцны барилгын захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, гэрээний 2.4-т төлбөрийг 100 хувь төлсөн талаар тусгасан. Хэрэв “Т Б”ХХК нь бараагаа нийлүүлээгүй байсан бол улсын комисс хүлээж авахгүй бөгөөд авлаа гэхэд 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгч У.Этай 14/283 тоот орон сууцны гэрээг байгуулж, гэрээний 2.4-т төлбөрийг 100 хувь шилжүүлсэн талаар тусгахгүй байх байсан. Нэхэмжлэгч У.Э нь “А Г” ХХК-тай байгуулсан 14/283 тоот гэрээний дагуу тус орон сууцанд 2015 оноос өдийг хүртэл амьдарч байгаа бөгөөд хууль бусаар эзэмшиж байгаа гэсэн сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй. ”Т Б”ХХК-ийн ”С” ХХК-тай байгуулсан гэрээнд нийлүүлэх бараа бүтээгдэхүүний 50 хувийг нийлүүлсэн тохиолдолд гэрээнд заасан орон сууцуудыг шилжүүлэн авах, захиран зарцуулах эрх үүсэхээр заасан ба ”Т Б”ХХК нь гэрээнд заасан барааны 50 хувиас дээшх бараа бүтээгдэхүүнийг нийлүүлсэн тул захиран зарцуулах эрхтэй болсон байна. “Т Б”ХХК нь Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо Очир 2 хороолол 378 айлын орон сууцны 70 байрны 376 тоот орон сууцыг У.Эт шилжүүлэх талаар хүсэлтийг “А Г” ХХК-д гаргаж, тус компани нь зөвшөөрснөөр У.Этай төлбөр төлөгдсөн гэж гэрээ байгуулан, байрыг шилжүүлэн өгсөн байдаг. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардага гаргаагүй гуравдагч этгээд “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...”С” ХХК нь “Т Б”ХХК-тай 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдөр бараа материал худалдах-худалдан авах гэрээг байгуулсан байдаг. Үүний дагуу нийт 5-н байр өгнө гэсэн боловч бараа материал бүрэн шилжүүлж өгөөгүй тул 2 орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгөөгүй байгаа. Одоо Очир-3 хорооллын 68 тоот орон сууцны төлбөр 106 880 235 төгрөг, Очир-2 хорооллын 376 тоот орон сууцны төлбөр 58 287 860 төгрөг буюу нийт 165 168 095 төгрөгийн үнэ бүхий бараа нийлүүлэхээс 14 284 434 төгрөгийн бараа нийлүүлсэн байх бөгөөд 150 883 661 төгрөгийн бараа нийлүүлээгүй байгаа болно. Тиймээс дээрх 2 орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгөөгүй байгаа. “Т Б”ХХК нь гэрээний үүргээ биелүүлэхгүй 2 жил болж байгаа бөгөөд тухайн орон сууцанд өмчлөгч биш иргэд амьдарч манай болон хамтран ажилладаг компанийг хохироож байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Т Б”ХХК, “Т Б”констракшн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай компани 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдөр “С” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээний дагуу Ардчиллын гэгээ ХХК-ийн барилгын төсөлд 433 620 133 төгрөгийн өртөг бүхий барилгын материалыг “С” ХХК-д нийлүүлж, “С” ХХК нь уг барилгын материалын төлбөрийг мөнгөн бус хэлбэрээр буюу барьж буй байрнаасаа нийт 5 ширхэг байрыг бартераар өгөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. Ийнхүү бартерын тохиролцооны дагуу Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Очир 2 хорооллын 70 дугаар байрны 376 тоот 2 өрөө байрыг нэхэмжлэгч У.Эт худалдсан. Гэрээний 3.3 дахь хэсэгт нийлүүлэгч тал бартерын байрны үнийн дүнгийн 50 хувьтай дүйцэхүйц хэмжээний бараа материалыг захиалагчид шилжүүлсэн тохиолдолд байрны гэрчилгээг шилжүүлж авна гэж заасан. “С” ХХК-д манай компаниас 389 410 038 төгрөгийн бараа материал нийлүүлсэн байдаг. Үүнээс харахад гэрээний үнийн дүнгийн 87.7 хувьтай тэнцэх хэмжээний бараа материалыг нийлүүлсэн байна. Тийм учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. Манай компани өөрийн 58 287 860 төгрөгийн шаардах эрхтэй байраа У.Эт зарж, худалдсан. “А Г” ХХК-тай байгуулсан гэрээний 2.4 дэх хэсэгт төлбөр тушаагдсанаар шилжүүлнэ гэж заасан. Манай компани нь 58 287 860 төгрөгийн шаардах эрхтэй байраа хэдэн төгрөгөөр бусдад худалдах нь манай эрхийн асуудал юм. Тухайн үед манайх эргэлтийн хөрөнгө шаардлагатай байсан учраас бартерын байраа зарсан нь бидний асуудал юм. Ингээд 38 000 000 төгрөгийг манай хувьцаа эзэмшигч З.Энхпүрэв хүлээн авсан. “А Г” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн хувьд 376 тоот 2 өрөө байрыг худалдах зорилгоор гэрээ байгуулсан. Энэ нь дүр үзүүлж, халхавчлах зорилгоор байгуулсан гэрээ биш учраас сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2018/03111 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч У.Эийг Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Очир 2 хороолол, 70 дугаар байрны 376 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, хариуцагч “А Г” ХХК-д орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэх, өмчлөх эрхийн гэрчилгээ авахад шаардлагатай баримт бичгийг нэхэмжлэгч У.Эт гаргаж өгөхийг даалгаж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “А Г” ХХК-ийн орон сууцны барилгын захиалга, хөрөнгө оруулалтын 14/283 дугаар гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, нэхэмжлэгч У.Эийн хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч У.Эийн 140 400 төгрөг, хариуцагч “А Г” ХХК-ийн 523 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “А Г” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 140 400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч У.Эт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 429 дүгээр магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2018/03111 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “А Г” ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 663 600 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Булган хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг хариуцагч ““А Г”” ХХК эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Очир-2 хороолол. 70 д\ 1 аар байр, 376 тоот орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгчийг тогтоосон нь үндэслэлгүй гэж үзэж байгаа бөгөөд шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлага болон 116.3-т заасан “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэсэн шаардлагуудыг тус тус хангахгүй байна. Учир нь нэхэмжлэгч У.Э нь тус орон сууцны төлбөрт 38 сая төгрөгийг иргэн З.Энхпүрэвийн Хаан банкны 5041308374 тоот дансанд тушаасан нь тухайн маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрхтэй хэмээн үзэж байгаа “Т Б”ХХК-д төлөгдөөгүй. Мөн түүнчлэн тухайн маргаан бүхий орон сууцыг хууль ёсны өмчлөгч ““А Г”” ХХК-д орон сууцны үнэ өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй байгаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т ...заасныг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч 58 287 860 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг 38 сая төгрөг төлж авсан гэх боловч төлбөрийг бодитоор ““А Г”” ХХК-д шууд болон шууд бусаар / бусад хамтран ажиллах гэрээний хүрээнд өөр этгээдээр дамжин төлөөгүй байтал өмчлөгчөөр тогтоож байгаа нь үндэслэлгүй юм. Маргаан бүхий орон сууцны төлбөр бодитойгоор төлөгдөөгүйн улмаас ““А Г”” ХХК болон ““С”” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Хамтран ажиллах гэрээний дагуу ““А Г” ХХК-ийн авсан 100м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь хариуцагч талын нэр шилжих боломжгүй болсон. Түүнчлэн шүүх У.Э болон ““А Г”” ХХК-ийн байгуулсан “Орон сууцны барилга захиалга, хөрөнгө оруулалтын 14/283 дугаар гэрээ”-г хүчин төгөлдөр хэдцэл гэж дүгнэсэн. Уг гэрээ хүчин төгөлдөр бол У.Э уг гэрээний 2.1-д заасны дагуу орон сууцны төлбөр 58 287 860 төгрөгийг ““А Г”” ХХК-д тушаах ёстой. Гэтэл У.Э нь ““А Г”” ХХК-д ямар ч төлбөр төлөөгүй бөгөөд “Хүчин төгөлдөр” гэж шүүх дүгнэсэн гэрээний үүргээ биелүүлээгүй. Мөн тухайн орон сууцны байрыг нэхэмжлэгч захиалан бариулсан зүйл байхгүй, тухайн орон сууцны захиалгын гэрээ байгуулах үед орон сууцны барилга байгууламжийг Улсын комисст аль эрх хүлээлгэн өгсөн байгаа зэрэг байдлыг анхан шатны шүүх хянаж үзэлгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нөгөө талаас үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлага байдаг. Гэтэл У.Э, “Т Б”ХХК-ийн хооронд орон сууц худалдах, худалдан авах хэлцэл аман хэлбэрээр байгуулагдсан гэж анхан шатны шүүх шийдвэрлэсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл хэрэв нэхэмжлэгч нь “Т Б”ХХК-д орон сууцны төлбөр төлсөн нь үнэн бол шаардах эрх нь тэдгээрийн хооронд бичгээр байгуулагдсан гэрээний дагуу үүсэх ёстой бөгөөд У.Э нь ““А Г”” ХХК-иас өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахтай холбоотой бичиг баримтыг шаардах эрх үүсээгүй. Иймд шийдвэр болон магадлалыг хүчингүй болгож сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч У.Э нь хариуцагч “А Г” ХХК-д холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Очир 2 хороолол, 70 дугаар байрны 376 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч “А Г” ХХК нь орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож,  нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэхийг хүссэн сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...Нэхэмжлэгч У.Э орон сууцны үнийг З.Энхпүрэвт төлсөн болохоос “Т Б”ХХК-д төлөөгүй, гэрээний нэг тал болох “А Г” ХХК-д ч төлөөгүй байхад өмчлөгчөөр тогтоосон нь хууль зөрчсөн,...гэрээг хүчин төгөлдөр гэж шүүх үзэж байгаа бол нэхэмжлэгч нь орон сууцны үнийг манайд төлөх ёстой бөгөөд үүргээ биелүүлээгүй болохыг шүүх анхаараагүй..., У.Э, “Т Б”ХХК-ийн хооронд амаар гэрээ байгуулагдсан гэж шүүх дүгнэхдээ хуульд заасан хэлбэрээр гэрээ байгуулагдаагүй болохыг

дүгнээгүй,... тэдгээрийн хооронд шаардах эрх шилжүүлсэн гэрээ ч байхгүй,... нэхэмжлэгч нь өмчлөх эрх шилжүүлэх материалыг шаардах эрхгүй,... сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү...” гэжээ. Хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Хоёр шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулсан, зохигчийн мэтгэлцэх эрхийг бүрэн хангасан байна.

Харин үндсэн нэхэмжлэлийг хангахдаа хэрэглэвэл зохих хэм хэмжээг хэрэглээгүй алдааг залруулах шаардлагатай болохоос гадна зарим эрх зүйн дүгнэлтийг зөвтгөж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Нэхэмжлэгч нь 2015 оны 09 сарын 15-ны өдөр “А Г” ХХК-тай байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээг нэхэмжлэлийн үндэслэлээ болгожээ.

Уг гэрээний дагуу “А Г” ХХК гэрээний зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Очир 2 хороолол, 70 дугаар байрны 376 тоот, 2 өрөө орон сууцыг 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр У.Эт хүлээлгэн өгсөн, энэ үеэс нэхэмжлэгч орон сууцыг эзэмшиж байгаа юм байна.

Зохигч талууд гэрээг бичгээр байгуулж, гарын үсгээ зурсан ба гэрээний 2.4-д орон сууцны үнэ төлөгдсөн болохыг тусгажээ.

1.Хоёр шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан гэрээ, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хэрэглэвэл зохих хэм хэмжээг хэрэглээгүй байна.

Хэрэгт байгаа баримтын хүрээнд “А Г” ХХК 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хамтран ажиллах гэрээний дагуу “С” ХХК-д 5 ширхэг орон сууцыг шилжүүлсэн, харин “С” ХХК  нь 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн гэрээний дагуу худалдан авсан барааны үнэд тооцон 5 ширхэг орон сууцыг “Т Б”ХХК-д шилжүүлсэн, үүнд У.Эийн худалдаж авсан орон сууц багтсан үйл баримт тогтоогджээ. У.Э нь “Т Б”ХХК-ийн төлбөртөө тооцож авсан байрыг худалдаж авсан, үүнийг “А Г” ХХК зөвшөөрч, У.Этай гэрээ байгуулж, улмаар орон сууцны төлбөр төлөгдсөн болохыг гэрээний 2.4-т баталгаажуулсан байна.

У.Э, “А Г” ХХК-ийн байгуулсан гэрээ хууль зөрчөөгүй, хэн аль хүсэл зоригоо илэрхийлж, гарын үсгээ зурсан нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д нийцжээ.

Уг гэрээ нь улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангаагүй байгаа боловч хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг хангуулах талаар гэрээний нэг тал буюу У.Э шаардлага гаргасан, орон сууцны үнийг төлсөн тул шаардах эрх үүссэн, улмаар гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй байжээ.

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана.”гэж, мөн хуулийн 110 дугаар зүйлтийн 110.1- “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.” гэж тус тус заасан.

“...орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгуулах” У.Эийн нэхэмжлэл нь өмчлөх эрх шилжүүлэх гэрээний үүргийн биелэлтийг шаардсан агуулгатай байхад Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхийг тодорхойлох үндэслэлтэй байжээ. Хоёр шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсгээр тодорхойлсон нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзнэ.

2. У.Э нь орон сууцны үнийг “Т Б”ХХК-д төлсөн, энэ талаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Т Б”ХХК маргаагүй бөгөөд  нэхэмжлэгчийг дэмжиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “С” ХХК  маргаж буй орон сууцыг “Т Б”ХХК-д барааны төлбөрт тооцож шилжүүлсэн болохыг маргаагүй боловч  бараагаа бүрэн нийлүүлээгүй тул орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхгүй гэж мэтгэлцсэн байна.

Харин “А Г” ХХК болон У.Э нарын байгуулсан гэрээний 2.4-т “ орон сууцны үнэ төлөгдсөн.” гэж заасан.

Хэрэгт байгаа баримтын хүрээнд “А Г” ХХК нь “С” ХХК-д орон сууцыг шилжүүлсэн, “С” ХХК нь захиран зарцуулах бүрэн эрхийн дагуу “Т Б”ХХК-д барааны үнийг төлөхдөө уг сууцыг төлбөрт нь шилжүүлснээр “Т Б”ХХК орон сууцыг У.Эт худалдсан үйл баримт тогтоогдсон. 

“А Г” ХХК нь орон сууцны үнэ төлөгдсөн болохыг мэдэж байгаа учраас зөвшөөрч, У.Этай гэрээ байгуулсан нь хэрэгт байгаа баримтаар нотлогджээ.

Иймд “... орон сууцны үнийг төлөөгүй, хямд үнээр худалдсан...,  гэх “А Г” ХХК-ийн гомдол үндэслэл муутай байна.

Гэрээний талууд өөрсдөө маргаагүй байхад “Т Б”ХХК болон У.Э нарын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдаагүй гэх хариуцагчийн татгалзал мөн үндэслэлгүй юм.

3.”Т Б”ХХК нь гэрээний дагуу “С” ХХК-д 433 672 100 төгрөгийн бараа нийлүүлэхээс 389 410 338 төгрөгийн бараа материал нийлүүлсэн гэх талаар гэрээний талууд маргаантай эсэхийг шүүх дүгнэх шаардлагагүй байжээ. Эдгээр этгээдүүд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон бөгөөд тэдгээрийн хоорондох маргааныг шүүх шийдвэрлээгүй тул гэрээний үүргийн талаар дүгнэхгүй  юм.

“Т Б”ХХК, “С” ХХК-ний байгуулсан гэрээний 3.2, 3.3-т “...”Т Б”ХХК нь “С” ХХК-д 50 хувиас дээш үнийн дүн бүхий бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн тохиолдолд бартерын байрыг захиран зарцуулах, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шаардах эрхтэй...” гэж заасан боловч У.Э, “А Г” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээнд “Т Б”ХХК бараа нийлүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн эсэхээс хамаарч төлбөрт шилжүүлсэн орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх эсэхийг шийдэх талаар заагаагүй байна. 

Харин зохигчийн байгуулсан гэрээний 2.4-т “орон сууцны үнийг төлөгдсөн” гэж  заасан тул энэ үндэслэлээр нэхэмжлэл хангагдана.  

Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ.” гэж заасан үндэслэл бий болсон байна.

4. Зохигч, гуравдагч этгээдийн тайлбараар У.Э болон “А Г” ХХК нарын хооронд гэрээ байгуулагдсан учир шалтгаан тогтоогдсон, гэрээний талуудын орон сууц худалдах, худалдан авах хүсэл зоригийн илэрхийлэл гэрээнд тусгагдсан ба гэрээг дүр үзүүлэн байгуулсан, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй талаар хоёр шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3 дах хэсгийг зөв тайлбарлан хэрэглэж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болжээ.

Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 429 дүгээр магадлалын 1 дэх заалт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШШ2018/03111 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...106 дугаар зүйлийн 106.2... гэснийг 243 дугаар зүйлийн 243.1, 110 дугаар зүйлийн 110.1...” гэж өөрчлөн, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 663 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        П.ЗОЛЗАЯА