Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 184/ШШ2018/03111

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 184/ШШ2018/03111

Улаанбаатар хот

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: У Э/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 22 дугаар байр, 40 тоотод байрлах, “А гэ” ХХК /РД:/-д холбогдох,

 

Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Очир 2 хороолол, 70 дугаар байрны 376 тоот, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Орон сууцны барилгын захиалга, хөрөнгө оруулалтын 14/283 дугаар гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Удвал, түүний өмгөөлөгч Б.Тунгалагтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Булган, түүний өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Сипоко” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбаяр, “Төгс байдал констракшн” ХХК, “Төгс байдал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюунсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Найданжав нар оролцов.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У.Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

...У.Э нь 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 15/283 тоот орон сууцны барилга захиалах, хөрөнгө оруулалтын гэрээг бичгээр байгуулж худалдаж авсан байдаг. Одоог хүртэл тухайн орон сууцанд У.Э нь амьдарч байгаа боловч үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй өдийг хүрсэн. “Ардчиллын гэгээ” ХХК нь төлбөр тооцооны асуудлыг уг гэрээний 2.4 дэх заалтад 100 хувь төлөхөөр тусгасан.  Үүний дагуу У.Э төлбөрийг шилжүүлж, тухайн гэрээг байгуулсан. Уг байрыг худалдах зар дээр 42,000,000 төгрөгөөр зарна гэж бичсэн байсан. Хамгийн дээд давхарын захад байрлаж байсан учраас үнийг нь буулгаж 38,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Тухайн үед “Төгс байдал” ХХК бартераар авч байгаа гэдгээ хэлж байсан. Бид “Төгс байдал” ХХК-ийн дансанд мөнгөө шилжүүлсэн. Байрны гэрчилгээ бөөндөө гарна гэж хэлдэг байсан. 2016  оны өвөл тухайн байрны гэрчилгээг гаргаж өгнө гэж хэлэхэд нь материалаа бүрдүүлж өгсөн. Тэгэхэд “Ардчилалын гэгээ” ХХК нь бартерын байр учраас гэрчилгээ нь гарах болоогүй гэж тайлбарласан. Үүнээс хойш 2 жилийн хугацаа өнгөрч байна. “Төгс байдал” ХХК-иас танай байрны гэрчилгээг одоо гаргаж өгөх гэж байгаа гэж тайлбарладаг. Ингээд өдий хүртэл хугацаанд “Төгс байдал” ХХК нь бараа материал дутуу нийлүүлсэн гэдэг шалтгаанаар уг байрны гэрчилгээг гаргаж өгөөгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ийм учраас Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Очир 2 хорооллын 70 дугаар байрны 376 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай холбогдох материалуудыг “Ардчилалын гэгээ” ХХК-иас гаргуулахыг даалгаж өгнө үү.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй гол үндэслэлээ “Ардчилалын гэгээ” ХХК болон нэхэмжлэгч У.Э нарын хооронд байгуулсан гэрээнд заасан төлбөрийг “Ардчилалын гэгээ” ХХК-д төлөөгүй гэдэг. Нэхэмжлэгчийн зүгээс танай компанид төлбөрийг төлсөн учраас орон сууцыг авъя гэж ярьдаггүй. “Ардчилалын гэгээ” ХХК буюу хариуцагч нь “Сипоко” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хамтран ажиллах гэрээний 2.1 дэх хэсэг, 3.1 дэх хэсэгт маргаан бүхий орон сууцыг бусдад шилжүүлэхийг зөвшөөрсөн. Энэ хамтран ажиллах гэрээнд үндэслэж “Сипоко” ХХК, “Төгс байдал” ХХК-тай 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр бараа материал худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байдаг. Тус гэрээний 3.2 болон 3.3 дахь хэсэгт зааснаар бараа материалыг “Төгс байдал” ХХК-иас худалдаж аваад төлбөрт нь бартераар орон сууц шилжүүлэхээр тохиролцсон. Энэ бартерын байрыг “Төгс байдал” ХХК хэзээ эзэмших эрхтэй болсон бэ гэвэл хамтран ажиллах гэрээний үнийн дүн буюу 433,672,150 төгрөгийн 50 хувьтай тэнцэхүйц бараа материалыг нийлүүлсэн тохиолдолд энэ 5 бартерын байрыг захиран зарцуулах, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг “Ардчилалын гэгээ” ХХК-иас шаардах эрх үүснэ. Энэ эрх үүссэн учраас эрхийнхээ хүрээнд “Төгс байдал” ХХК нь нэхэмжлэгч У.Эт шаардах эрхээ шилжүүлсэн байдаг. Шаардах эрхээ шилжүүлэхдээ харилцан тохиролцож, тухайн байрны төлбөрт 38,000,000 төгрөгийг төлсөн. Шаардах эрхээ шилжүүлэхдээ маргаан бүхий байранд талууд очоод энэ байраа худалдаж болох уу гэхэд болно гэсэн зөвшөөрөл өгсөн. Яагаад ийм үйл явдал болсон бэ гэвэл уг байр нь “Ардчилалын гэгээ” ХХК-ийн эзэмшилд байсан юм. Ингээд Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шаардах эрх шилжиж “Ардчилалын гэгээ” ХХК болон У.Э нарын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр орон сууцны барилга, хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Энэ гэрээг “Ардчилалын гэгээ” ХХК зөвшөөрч, төлбөрийг 100 хувь төлсөн гэж хүлээн зөвшөөрсөн. “Ардчилалын гэгээ” ХХК нь өөрөө хүлээлцэх акт үйлдээд, нэхэмжлэгч өнөөдрийн байдлаар тухайн байрандаа амьдарч байна. Харин өмчлөх эрх буюу захиран зарцуулах эрх нь зөрчигдсөн хэвээр байна гэв.

 

Хариуцагч “Ардчилалын гэгээ” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: 

...”Ардчилалын гэгээ” ХХК нь “Төгс байдал” ХХК-тай бараа бүтээгдэхүүн нийлүүлэх тохиролцооны хүрээнд Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Очир 2 хороолол, 70 байр 376 тоот 2 өрөө орон сууцыг “Төгс байдал” ХХК-д шилжүүлж өгөхөөр болсон. Энэхүү гэрээ “Төгс байдал” ХХК-тай “Ардчиллын гэгээ” ХХК-ийг төлөөлж, тус компанитай хамтран ажилладаг “Сипоко” ХХК байгуулсан. Гэрээнд зааснаар “Төгс байдал” ХХК нь 433,672,100 төгрөгийн бараа материал нийлүүлэх ёстойгоос 165,168,095 төгрөгийн барааг “Ардчилалын гэгээ” ХХК-д нийлүүлээгүй бөгөөд нийлүүлэхээсээ өмнө иргэн У.Эийг Орон сууцны барилгын захиалга, хөрөнгө оруулалтын 14/283 дугаартай гэрээг “Ардчилалын гэгээ” ХХК-тай байгуулуулж маргаж буй орон сууцанд оруулсан. “Төгс байдал” ХХК нь бараа бүтээгдэхүүнээ бүрэн нийлүүлсэн тохиолдолд орон сууцны өмчлөлийг шилжүүлэх ёстой байсан. Орон сууцны үнэ буюу гэрээний төлбөр 58,287,860 төгрөгийг тушаасан гэх боловч У.Эийн нэрээр “Ардчилалын гэгээ” ХХК-ийн дансанд мөнгө шилжин орж ирээгүй байна. Ийм учраас уг орон сууцны өмчлөх эрх үүсээгүй байна гэж үзэж байна.

Мөн бараа материал худалдах, худалдан авах гэрээний 3.2 дахь хэсгийг дурьдаж байна. Нийт үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэхүйц бараа материалыг нийлүүлсэн тохиолдолд байрны үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээг шилжүүлж өгнө гэсэн байна. Энд 5 байрны үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээг шилжүүлэх асуудал биш юм. Тодорхой үнийн дүнд тохирсон бартерын байрыг шилжүүлнэ. 3 байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлж өгсөн. Төлбөрөө төлөөгүй байрыг шилжүүлж өгч болохгүй юм.  

 

Нэхэмжпэгч иргэн У.Э нь Орон сууцны барилгын захиалга, хөрөнгө оруулалтын 14/283 дугаартай гэрээний 2.4-т орон сууцны төлбөр болох 58,287,860 төгрөгийг 100 хувь хийгдсэн гэж бичигдсэн байгаа гэсэн тайлбар гаргадаг боловч тухайн орон сууцны өмчлөгч “Ардчилалын гэгээ” ХХК нь энэхүү төлбөрийг бодитоор нэхэмжлэгч иргэн У.Эаас аваагүй. У.Э нь төлбөрийг өмчлөгч биш “Төгс байдал” ХХК-ийн н.Энхпүрэвт төлсөн. “Төгс байдал” ХХК нь үлдэгдэл 165,168,095 төгрөгийн барааг “Ардчилалын гэгээ” ХХК-д нийлүүлээгүй байхдаа 2015 оны 8 дугаар сард У.Эт байрыг шилжүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу “Орон сууцны барилгын захиалга, хөрөнгө оруулалт”-ын 14/283 дугаар гэрээг У.Этай байгуулж, төлбөр төлөгдсөн гэж бичсэн. У.Э нь төлбөрийг “Ардчиллын гэгээ” ХХК-д төлөөгүй тул дүр үзүүлж, өөр хэлцлийг халхавчилж байгуулсан гэрээ юм. “Ардчилалын гэгээ” ХХК болон иргэн У.Э нарын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, гэрээг Иргэний хуулийн 57 дугаар зүйлд заасны дагуу хүчин төгөлдөр бусад тооцож, Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Очир 2 хороолол, 70 байр 376 тоот 2 өрөө орон сууцыг У.Эийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

...Маргаан бүхий Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо Очир 2 хороолол 378 айлын орон сууцны 70 байрны 376 тоот орон сууцыг “Ардчиллын гэгээ” ХХК-ийн захиалгаар барьсан бөгөөд уг барилгыг 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр улсын комиссын 10 гишүүн үзэж, шалган хүлээн авсан.

Үүнээс өмнө “Төгс байдал” ХХК болон “Ардчилалын гэгээ” ХХК нар нь арилжааны тохиролцоог хоорондоо хийж, “Төгс байдал” ХХК нь тус тохиролцооны дагуу бараа бүтээгдэхүүнээ нийлүүлсэн учраас тус барилга бүрэн бүтэн баригдаж дуусан, улсын комисс барилгыг ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн бөгөөд талуудын хооронд өр төлбөрийн асуудалгүй байсан учраас 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгч У.Этай 14/283 тоот орон сууцны барилгын захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, гэрээний 2.4-т төлбөрийг 100 хувь төлсөн талаар тусгасан. Хэрэв “Төгс байдал” ХХК нь бараагаа нийлүүлээгүй байсан бол улсын комисс хүлээж авахгүй бөгөөд авлаа гэхэд 2015 оны 9 сарын 15-ны өдөр нэхэмжлэгч У.Этай 14/283 тоот орон сууцны гэрээг байгуулж, гэрээний 2.4-т төлбөрийг 100 хувь шилжүүлсэн талаар тусгахгүй байх байсан.

Нэхэмжлэгч У.Э нь “Ардчилалын гэгээ” ХХК-тай байгуулсан 14/283 тоот гэрээний дагуу тус орон сууцанд 2015 оноос өдийг хүртэл амьдарч байгаа  бөгөөд хууль бусаар эзэмшиж байгаа гэсэн сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй. “Төгс байдал” ХХК-ийн “Сипоко” ХХК-тай байгуулсан гэрээнд нийлүүлэх бараа бүтээгдэхүүний 50 хувийг нийлүүлсэн тохиолдолд гэрээнд заасан орон сууцуудыг шилжүүлэн авах, захиран зарцуулах эрх үүсэхээр заасан ба “Төгс байдал” ХХК нь гэрээнд заасан барааны 50 хувиас дээшхи бараа бүтээгдэхүүнийг нийлүүлсэн тул захиран зарцуулах эрхтэй болсон байна. “Төгс байдал” ХХК нь Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо Очир 2 хороолол 378 айлын орон сууцны 70 байрны 376 тоот орон сууцыг У.Эт шилжүүлэх талаар хүсэлтийг “Ардчилалын гэгээ” ХХК-д гаргаж, тус компани нь зөвшөөрснөөр У.Этай төлбөр төлөгдсөн гэж гэрээ байгуулан, байрыг шилжүүлэн өгсөн байдаг. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардага гаргаагүй гуравдагч этгээд “Сипоко” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...”Сипоко” ХХК нь “Төгс байдал” ХХК-тай 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр бараа материал худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байдаг. Үүний дагуу нийт 5-н байр өгнө гэсэн боловч бараа материал бүрэн шилжүүлж өгөөгүй тул 2 орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгөөгүй байгаа. Одоо Очир-3 хорооллын 68 тоот орон сууцны төлбөр 106,880,235 төгрөг, Очир-2 хорооллын 376 тоот орон сууцны төлбөр 58,287,860 төгрөг буюу нийт 165,168,095 төгрөгийн үнэ бүхий бараа нийлүүлэхээс 14,284,434 төгрөгийн бараа нийлүүлсэн байх бөгөөд 150,883,661 төгрөгийн бараа нийлүүлээгүй байгаа болно.  Тиймээс дээрх 2 орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгөөгүй байгаа. “Төгс байдал” ХХК нь гэрээний үүргээ биелүүлэхгүй 2 жил болж байгаа бөгөөд тухайн орон сууцанд өмчлөгч биш иргэд амьдарч манай болон хамтран ажилладаг компанийг хохироож байна гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Төгс байдал” ХХК, “Төгс байдал констракшн” ХХК-ийн итгэмлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Манай компани 2015 оны 08 дугаар сарын 04-ны өдөр “Сипоко” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээний дагуу “Ардчиллын гэгээ” ХХК-ийн барилгын төсөлд 433,620.133 төгрөгийн өртөг бүхий барилгын материалыг “Сипоко” ХХК-д нийлүүлж, “Сипоко” ХХК нь уг барилгын материалын төлбөрийг мөнгөн бус хэлбэрээр буюу барьж буй байрнаасаа нийт 5 ширхэг байрыг бартераар өгөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. Ийнхүү бартерын тохиролцооны дагуу Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Очир 2 хорооллын 70 дугаар байрны 376 тоот 2 өрөө байрыг нэхэмжлэгч У.Эт худалдсан.

Гэрээний 3.3 дахь хэсэгт нийлүүлэгч тал бартерын байрны үнийн дүнгийн 50 хувьтай дүйцэхүйц хэмжээний бараа материалыг захиалагчид шилжүүлсэн тохиолдолд байрны гэрчилгээг шилжүүлж авна гэж заасан. “Сипоко” ХХК-д манай компаниас 389,410,038 төгрөгийн бараа материал нийлүүлсэн байдаг. Үүнээс харахад гэрээний үнийн дүнгийн 87.7 хувьтай тэнцэх хэмжээний бараа материалыг нийлүүлсэн байна. Тийм учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. 

Манай компани өөрийн 58,287,860 төгрөгийн шаардах эрхтэй байраа У.Эт зарж, худалдсан. “Ардчилалын гэгээ” ХХК-тай байгуулсан гэрээний 2.4 дэх хэсэгт төлбөр тушаагдсанаар шилжүүлнэ гэж заасан. Манай компани нь 58,287,860 төгрөгийн шаардах эрхтэй байраа хэдэн төгрөгөөр бусдад худалдах нь манай эрхийн асуудал юм. Тухайн үед манайх эргэлтийн хөрөнгө шаардлагатай байсан учраас бартерын байраа зарсан нь бидний асуудал юм. Ингээд 38,000,000 төгрөгийг манай хувьцаа эзэмшигч З.Энхпүрэв хүлээн авсан. “Ардчилалын гэгээ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн хувьд 376 тоот 2 өрөө байрыг худалдах зорилгоор гэрээ байгуулсан. Энэ нь дүр үзүүлж, халхавчлах зорилгоор байгуулсан гэрээ биш учраас сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэв.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч У.Э нь хариуцагч “Ардчилалын гэгээ” ХХК-д холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Очир 2 хороолол, 70 дугаар байрны 376 тоот, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгуулах тухай үндсэн нэхэмжлэлийг,

Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан орон сууцны барилгын захиалга, хөрөнгө оруулалтын 14/283 дугаар гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч талаас ...орон сууцны үнийг төлөөгүй, харилцан эрх үүрэг үүсээгүй тул маргаж буй орон сууцны өмчлөгч биш гэж, нэхэмжлэгч талаас ...хариуцагч хүлээн зөвшөөрч гэрээ байгуулж улмаар орон сууцанд амьдарч байгаа, тухайн хэлцэл хүчин төгөлдөр, төлбөрийг төлсөн тул өмчлөгч мөн гэж тус тус тайлбар гарган мэтгэлцдэг.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татагдан оролцож байгаа “Төгс байдал” ХХК, “Төгс байдал констракшн” ХХК-иас “...АГ ХХК-ийн баригдаж буй барилгад бараа материал нийлүүлсний төлбөрт бартераар маргаж буй байрыг авсан, үнийн дүнгийн 50%-иас илүү материал нийлүүлсэн учир гэрээнд заасны дагуу 5 орон сууцны захиран зарцуулах эрхийг шилжүүлж өгөх үүрэгтэй” гэж нэхэмжлэгч талын шаардлагыг дэмжсэн тайлбарыг, “Сипоко” ХХК-иас “...Төгс байдал ХХК нь бараа материал нийлүүлэх үүргээ бүрэн биелүүлээгүй учраас төлбөрт бартераар өгөх байсан 5 ширхэг үл хөдлөх эд хөрөнгөөс 3-ыг шилжүүлсэн, 2 орон сууцыг шилжүүлээгүй” гэж хариуцагч талын татгалзлыг дэмжсэн тайлбарыг тус тус гаргасан.

 

Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд нийлүүлэгч “Төгс байдал” ХХК, түүний захирал З.Батням, нийлүүлэгчийг төлөөлж менежер З.Энхпүрэв, захиалагч “Сипоко” ХХК, түүний захирал Б.Галбат, захиалагчийг төлөөлж менежер Мөнгөнхөлөг нар нь 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 1508/04 дугаартай бараа материал худалдах, худалдан авах гэрээг /хх 84-87/ байгуулсан ба уг гэрээгээр ...Төгс байдал ХХК нь Сипоко ХХК-д 433,672,100 төгрөгийн үнэ бүхий өргөлтийн насос, галын насос, цэвэр усны нөөцийн сав, давтамж хувисгуур зэрэг бараа материал нийлүүлэх, Сипоко ХХК нь бараа материалын үнийн дүнд нийт 433,672,100 төгрөгийн үнэ бүхий 5 ширхэг орон сууцыг Төгс байдал ХХК-д шилжүүлэхээр тохиролцсон бөгөөд гэрээний 3.3-т “Нийлүүлэгч тал бартерын байрны үнийн дүнгийн 50%-тай дүйцэх бараа материалыг захиалагч талд нийлүүлсэн тохиолдолд байрны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэн авна” гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс ...тухайн нэг байрны үнийн дүнд тооцогдох бараа материал нийлүүлсэн тохиолдолд өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцсон, гэрээний утгын хувьд байрууд гэж олон тоон дээр биш байр гэж дангаар тодорхойлсон гэдэг.

 

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т “Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана”, 198 дугаар зүйлийн 198.1-д “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж заажээ.

 

Дээрх гэрээний “бартерын байрны үнийн дүнгийн 50% гэдэг”-ийг нийт байрны үнийн дүн гэж ойлгох бөгөөд энэхүү заалт дахь талуудын хүсэл зориг нь гэрээний 3.1 “...бараа материал барилгын талбайд буусан бартерын үнээс суутган тооцно”, 3.2 “...нийт 133,672,100 төгрөгийн байрыг захиалагчаас тооцож авна”, 3.4 “Бартер нь эрхийн зөрчилгүй үл хөдлөх эд хөрөнгө байх ба 433,672,100 төгрөгийн үнэтэй үл хөдлөх эд хөрөнгө, захиалагч нь бартерын үнийн дүн суутгаж дуусах хүртэл бараа материал худалдан авах үүрэгтэй” зэргээр тайлбарлах ба хариуцагчаас бартерын байрыг нэхэмжлэгчид шилжүүлсэн, захиалгын гэрээ байгуулсан, хамтран ажиллах гэрээний дагуу байрыг бараа нийлүүлсний төлбөрт шилжүүлсэн үйл баримт доорх баримтуудаар тогтоогдож байна.

 

“Сипоко” ХХК, “Ардчилалын гэгээ” ХХК нар нь ...АГ ХХК-ийн өмчлөлийн СХД-ийн 6-р хороо, Очир 2 хороолол, 70-р байр, 376 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууц, 40 тоотын орон сууц, 255 тоотын орон сууцуудыг Сипоко ХХК-ийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэх, Сипоко нь өөрийн эзэмшлийн ХУД-ийн 11-р хороо,Энхжин хотхоны 2-р байрны 1 давхрын 100 м2 үйлчилгээний талбайг Ардчилалын гэгээд орон сууцны үнийн дүнд тооцон өгөх, Сипоко ХХК нь АГ ХХК-иас үйлчилгээний талбайн төлбөрийн оронд авч хүлээн авч байгаа орон сууцыг өөрийн хүссэн үедээ бусдад шилжүүлүүлэх, шилжүүлэн авах эрхтэй, АГ ХХК нь 40 тоот, 255 тоот, 376 тоот орон сууцуудыг саадгүй шилжүүлэн өгөх үүрэгтэй гэж харилцан тохиролцсон 2015 оны 6 сарын 18-ны өдрийн 15/07 дугаартай хамтран ажиллах гэрээгээр /хх 163-164/,

...15 давхар, 376 тоот, гэрээний дугаар 14/283, нэр У.Э, 15 нэр төрлийн зүйл, халуун, хүйтэн усны тоолуурын заалт, цахилгааны тоолуурын заалтыг дурдаж талууд гарын үсэг зурсан 2016 оны 3 сарын 11-ний өдрийн байр эзэмшигчийн байр хүлээлцэн орох актаар /хх 41/, 

...оршин суугч орон сууцандаа нүүн орох үед болон нүүж орсны дараах эвдрэл гэмтэл, аюул ослоос урьдчилан сэргийлэх, нийтийн эзэмшлийн талбайн ашиглалт, хамтын ажиллагааны талаар “Ардчилалын гэгээ” ХХК, У.Э нар харилцан тохиролцсон 2015 оны 12 сарын 07-ны өдрийн 15/103 дугаартай баримтаар /хх 42-44/,

...СХД-ийн 6-р хороо, 378 айлын орон сууцны барилгыг байнгын ашиглалтанд оруулахаар шийдвэрлэв, үйлчилгээ, орон сууц, автомашины дулаан зогсоолын зориулалтаар ашиглах боломжтой гэж үзээд захиалагч АГ ХХК-ийн мэдэлд 2015 оны 8 сарын 17-ны өдрөөс ашиглалтад оруулахыг зөвшөөрөв, комиссын бүрэлдэхүүн, гишүүд, захиалагч “Ардчилалын гэгээ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Галбат гээд гарын үсэг зурсан 2015 оны 8 сарын 17-ны өдрийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 468/2015 дугаартай актаар /хх 56-58/ тус тус тогтоогдож байна.

 

Тодруулбал, дээрх бичмэл баримтуудаар маргаж буй орон сууцыг хариуцагч “Ардчилалын гэгээ” ХХК-иас нэхэмжлэгч У.Эт шилжүүлсэн үйл баримт нотлогдож байх тул хариуцагч талын ...Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Очир 2 хороолол, 70 дугаар байрны 376 тоот, 2 өрөө орон сууцны өмчлөгч биш гэх татгалзал нь хуулийн үндэслэлгүй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч У.Эаас 2015 оны 9 сарын 16-ны өдөр 38,000,000 төгрөгийг “байрны 100% төлбөр” гэх агуулгаар Заяабаатарын Энхпүрэвийн дансанд шилжүүлсэн үйл баримт Хаан банкны баримтаар /хх 171/ нотлогддог ба энэ талаар талууд маргадаггүй. Харин тухайн мөнгө АГ ХХК-д шилжиж ирээгүй, Төгс байдал ХХК-ийн дансанд хийгээгүй гэх тайлбарыг хариуцагч тал татгалзлын үндэслэлээ болгодог. 

 

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т “Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно” гэж заасанчлан У.Э нь “Төгс байдал” ХХК-ийн бартераар авсан орон сууцыг худалдан авч төлбөрийг түүний санал болгосон этгээдэд төлсөн талаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс мэдүүлдэг.

 

Тэдний тайлбар, үйл баримтаас үзэхэд У.Э, “Төгс байдал” ХХК-ийн хооронд орон сууц худалдах, худалдан авах хэлцэл аман хэлбэрээр байгуулагдсан байх бөгөөд У.Эаас хэлэлцэн тохиролцсон үнийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн, “Төгс байдал” ХХК-иас бараа материал нийлүүлсний төлбөрт бартераар авах ёстой Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Очир 2 хороолол, 70 дугаар байрны 376 тоот, 2 өрөө орон сууцыг У.Эрдэнэхүүд шилжүүлэхийг буюу бараа материал худалдах, худалдан авах гэрээнд заасан бартерын байрны гэрчилгээг шилжүүлэн авахыг хүсэж “Сипоко” ХХК, “Ардчилалын гэгээ” ХХК-д хандсанаар У.Э, “Ардчилалын гэгээ” ХХК-ийн хооронд “Орон сууц барилгын захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулагдсан, улмаар хариуцагч нь маргаж буй орон сууцыг нэхэмжлэгчид актаар хүлээлгэн өгч, байр ашиглалт, хамгаалалт, хамтын ажиллагааны талаар харилцан тохиролцсон баримт үйлдсэн байдаг.

 

Энэ нь хамтран ажиллах гэрээгээр “Сипоко” ХХК-ийн өмнө “Ардчилалын гэгээ” ХХК-ийн хүлээсэн үүрэг, “Төгс байдал” ХХК-ийн өмнө “Сипоко” ХХК-ийн хүлээсэн үүрэг биелэгдэж байгаа үйл баримт бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрлөөр үүргийн гүйцэтгэлийн хүлээн авах эрхгүй этгээд үүргийг гүйцэтгэж буй асуудал болно.

 

Үүрэг гүйцэтгэгч “Ардчилалын гэгээ” ХХК, үүргийн гүйцэтгэлийг хүлээн авч буй У.Э нарын хооронд 2015 оны 9 сарын 15-ны өдөр 14/283 дугаартай “Орон сууц барилгын захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ” гэх хэлцлийг байгуулсан байх бөгөөд хариуцагч талын ...барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй гэх тайлбар үндэслэлтэй хэдий ч хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй.

 

Талуудын хооронд дүр үзүүлсэн, өөр гэрээг халхавчлах зорилгоор хэлцэл хийсэн гэж үзэх, дүгнэх боломжгүй ба тэдний хүсэл, зориг, үйл баримтаас дүгнэхэд бартерын байрыг шилжүүлэх талаар буюу арилжааны гэрээний үүргийг хүлээлгэн өгч баримт, хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Тухайн хэлцлийн агуулга нь үүрэг гүйцэтгэснийг буюу орон сууцны төлбөр төлөгдсөнийг баталж, актаар орон сууцыг хүлээлгэн өгөх, хүлээн авах, өмчлөлд шилжүүлэх, шилжүүлэн авах талаар байх ба талууд хүсэл зоригоо илэрхийлэн харилцан тохиролсон хэлцэл байгуулсан болох нь энэхүү 14/283 дугаартай хэлцэл, орон сууц хүлээлгэн өгсөн акт, харилцан хамтран ажиллах бичиг, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тайлбар, нэхэмжлэгч тухайн байранд амьдарч буй үйл баримтаар тус тус нотлогдож байна.   

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж заасан. Хариуцагч “Ардчилалын гэгээ” ХХК нь тухайн маргаж буй Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Очир 2 хороолол, 70 дугаар байрны 376 тоот 2 өрөө орон сууцыг өмчлөх, захиран зарцуулах эрхтэй байсан талаар талууд маргадаггүй. Харин хариуцагч тал сөрөг шаардлагадаа У.Эийн хууль бус эзэмшлийн асуудлыг тавьдаг хэдий ч тухайн орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа үйл баримт нотлогдоогүй тул хууль ёсны эзэмшлээс эд хөрөнгийг шаардах эрхгүй болно.

 

Харин гуравдагч этгээд, хариуцагч, нэхэмжлэгч нарын тохиролцоо, арилжааны гэрээ, хэлцлийн дагуу орон сууцыг хүлээн авсан, эзэмшиж ашиглаж байгаа нэхэмжлэгчийн өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардах эрх хуулийн үндэслэлтэй байх тул тухайн шаардлагыг хангаж шийдвэрлэв. 

 

Нэхэмжлэгч нь орон сууцны буюу үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг хариуцагчаас гаргуулахыг даалгуулах тухай шаардлага гаргасан. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл нэгээс нөгөөд шилжихэд бүртгэлээр баталгаажих хуулийн зохицуулалттай бөгөөд уг эрхээ хэрэгжүүлэхэд хариуцагч тал саад учруулж байна гэх нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл тогтоогдсон тул дээрх шаардлагыг мөн хангах нь зүйтэй.        

 

Хариуцагч талын “Төгс байдал” ХХК нь бараа материал нийлүүлээгүй... гэх татгалзаж буй тайлбарын хувьд тухайн бараа материал худалдах худалдан авах гэрээний үүргийг шаардахад энэ шийдвэр саад болохгүй.

 

Иймд У.Эийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Очир 2 хороолол, 70 дугаар байрны 376 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг авахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж, хариуцагч талын шүүхэд гаргасан Орон сууцны барилгын захиалга, хөрөнгө оруулалтын 14/283 дугаар гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч У.Эийг Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Очир 2 хороолол, 70 дугаар байрны 376 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, хариуцагч “Ардчилалын гэгээ” ХХК-д орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэх, өмчлөх эрхийн гэрчилгээ авахад шаардлагатай баримт бичгийг нэхэмжлэгч У.Эт гаргаж өгөхийг даалгасугай.

 

2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Ардчилалын гэгээ” ХХК-ийн Орон сууцны барилгын захиалга, хөрөнгө оруулалтын 14/283 дугаар гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, нэхэмжлэгч У.Эийн хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч У.Эийн 140,400 төгрөг, хариуцагч “Ардчилалын гэгээ” ХХК-ийн 523,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ардчилалын гэгээ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 140,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч У.Эт олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                  Э.АМИН-ЭРДЭНЭ