Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2019/00923

 

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2019/00923

Улаанбаатар хот

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 хороолол, 67 байр,*******од оршин суух, Шарнууд овогт*******гийн ******* /РД:ЧИ71111801/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Богджавзандамбын гудамж, 12-32 тоотод оршин байрлах,******* ХХК / РД:5855292/-д холбогдох

 

Газар эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг даалгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч******* /ШТЭҮД-0409/,******* /ШТЭҮД-2326/, хариуцагчийн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч /ШТЭҮД-0283/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Галбадрах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгч нарын хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн Д.******* Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороонд орших Аерофлотын зүүн талд байрлах үйлчилгээний зориулалттай 413 м.кв талбайтай, дугаартай гэрчилгээ бүхий газрыг хууль ёсны дагуу эзэмшдэг байсан. Түүний эзэмшдэг газартай хил залган “Майнголиа” ХХК 231 м.кв газрыг эзэмшиж байсан бөгөөд тус газар нь хотын төвд А зэрэглэлийн бүсэд байрадаг тул бид зэргэлдээ байршилтай газар дээрээ хөрөнгө оруулалт татаж, оффис үйлчилгээний зориулалттай барилга барихаар шийдэж, барилга барих хөрөнгө оруулагчийг хайж байгаад БНХАУ-ийн иргэн Ван гэдэг хүнтэй уулзсан ба тэрээр “...би БНХАУ-ын Шанхай хотын Жансу мужид Сожүн нэртэй барилгын том компанитай, Монгол улсад Хийморь хотхон зэрэг томоохон төслүүдийг өөрсдийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн. Танай энэ газар дээр барилга баръя. Манай компани Хятадын топ 500 аж ахуйн нэгжийн нэг, хөрөнгө оруулъя” гэж ярилцсан. 2016 онд Вантай уулзсаны дагуу Д.*******гийн ах н.Энхбат гэдэг хүн Шанхай хотод орших Сожүн компанийн оффис дээр очиж үзэхэд Хятад улсдаа нэлээн томоохон компанид тооцогддог нь харагдсан тул итгэж гэрээ байгуулж, хөрөнгө оруулалт татан үйлчилгээний зориулалттай барилга барихаар талууд харилцан тохиролцсон. 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр оффис болон үйлчилгээний зориулалттай 15 давхар барилга барин ашиглалтанд оруулж, түлхүүр гардуулан өгөх нөхцөлтэй, бусдын газар дээр барилга барьж, хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээг нэг талаас “Сод тэнгэр түшээ” ХХК, нөгөө талаас Д.*******, гуравдагч талаас “Майнголиа” ХХК тус тус гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний гол нөхцөл нь Д.*******гийн зүгээс эзэмшил бүхий газраараа хөрөнгө оруулалт хийх, бусад бүх хөрөнгө оруулалтыг “Сод тэнгэр түшээ” ХХК өөрийн санхүүжилтээр барьж, ашиглалтанд оруулан хүлээлгэж өгөх байсан. Баригдсан барилгаас 980 м.кв талбай бүхий 2 болон 6 давхарыг Д.*******д газраар хөрөнгө оруулсных нь төлөө шилжүүлэн өгөхөөр гэрээ хийсэн. Гэрээгээр Д.******* “Сод тэнгэр түшээ” ХХК-ийн нэр дээр өөрийн эзэмшил бүхий газрыг шилжүүлэх, үүний хариу баталгаа болгож “Сод Тэнгэр Түшээ” ХХК-ийн 17%-ийн хувьцааг Д.*******д шилжүүлэхээр, хэрэв үйл ажиллагаа цааш үргэлжлэх бол талууд тохиролцоно гэж заасан. Иргэн Д.******* өөрийн газраа 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нэр шилжүүлэх гэрээгээр “Сод тэнгэр түшээ” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. Харин “Сод тэнгэр түшээ” ХХК компанийхаа 17 хувийн хувьцааг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй. Талууд гэрээ байгуулж, үйл ажиллагаа эхлэхээр болсон тул 17 хувийн хувьцаа шилжсэн эсэхээс үл хамааран гэрээний харилцааг цааш үргэлжлүүлсэн. Газар шилжүүлэн авч барилгын үйл явц явагдах үед барилгыг 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд барьж ашиглалтанд оруулахаар тохиролцсон. Гэрээ байгуулагдсанаас хойш “Сод тэнгэр түшээ” ХХК нь дараах зөрчлийг гаргасан. 1-рт: Талуудын байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 30-ны хороонд барилга барьж ашиглалтанд оруулахаар тохиролцсон хугацааг зөрчсөн. Барилгын гүйцэтгэл 2017 оны 10 сараас хойш барилгын материал нийлүүлэгдэхгүй, барилгын үйл ажиллагаа зогсонги байдалтай болсон. Энэ тухай Д.*******гийн зүгээс удаа дараа мэдэгдсэн боловч хариу ирүүлдэггүй байсан ба барилга одоо хэзээ баригдаж дуусах нь тодорхойгүй байгаа бөгөөд миний бие үүний улмаас бусдын өмнө хүлээсэн үүргийн зөрчилд орж, өөрт ногдох хэсгийг худалдсаны төлөө бусдад анз, хохирол төлөхөд хүрээд байна. 2-рт Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан “Барилгыг чанарын шаардлага хангасан материалаар чанарын өндөр түвшинд барихаар үүрэг хүлээсэн заалтыг зөрчиж, барилгын дүүргэлтийг тоосго, блок зэрэг шаардлага хангахгүй материалаар барьсан зөрчил гаргасан. Үүний дагуу 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Мэргэжлийн хяналтын газрын зөрчил арилгуулах тухай албан бичигт барилгын норм дүрэм зөрчсөн, ажлын зураг зөрчсөн зэрэг зөрчил илрүүлсэн шаардлагыг хүргүүлсэн. 3-рт Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт барилгыг 100% өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтанд оруулна гэж заасан боловч “Сод тэнгэр түшээ” ХХК-ийн зүгээс барилгын материалыг бусдаас зээлээр авч, хэд хэдэн барилгын материал нийлүүлсэн компаниудын цагдаагийн газар шалгуулж, өр төлбөртэй эсэх нь шалгагдаж байсан. Эдгээр зөрчлийг гаргасантай холбогдуулан Д.*******гийн зүгээс хариуцагчид “...барилгын ажил юу болсон, хөрөнгө оруулалт зогссон эсэх, шүүх цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа тухай мэдээлэл бидэнд ирсэн тул цаашид барилгыг үргэлжлүүлэн барих хөрөнгийн эх үүсвэртэй холбоотой нотлох баримтыг ирүүлэхийг хүссэн” мэдэгдлийг 2018 оны 02 дугаар сарын 02-нд хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй. Дээрх зөрчлүүдтэй холбогдуулан Д.*******гийн зүгээс 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр өөрийн өмч хөрөнгөө хамгаалахын тулд хамтран ажиллах гэрээнээс татгалзсан мэдэгдлийг хүргүүлсэн. Нэгэнт гэрээнээс татгалзсан тул гэрээний үр дагаварыг шийдүүлэхээр 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хамтран ажиллах гэрээнд талуудын хооронд үүссэн маргааныг Арбитрын шүүхээр шийдүүлнэ гэж заасны дагуу Арбитрын шүүхэд хандсан. Арбитрын шүүхээс хамтран ажиллах гэрээ нь Арбитрын харъяалалтай ч гэсэн хамтран ажиллах гэрээнээс татгалзсан үр дагаварыг шийдүүлж буй “газар шилжүүлэх гэрээ” болон “Майнголиа” ХХК-ийн хувьцаа шилжүүлсэн нь шүүхийн харъяалалтай байх тул энэ гэрээтэй холбоотой маргааныг шүүхийн журмаар шийдүүлнэ үү гэсэн шийдвэрийг гаргасан. Иймд бид хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, татгалзсантай холбоотой газар шилжүүлсэн асуудлыг шийдүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний гол үүргээ ноцтойгоор зөрчиж, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу тус гэрээнээс татгалзсан болно. Ийнхүү гэрээнээс татгалзсантай холбогдуулан Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлсэн Д.*******гийн эзэмшлийн 413 м.кв газрыг эзэмших эрхийг буцаан шилжүүлэн авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хамтран ажиллах гэрээнээс татгалзах тухай Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн агуулгыг харвал 479 дүгээр зүйлд хамтран ажиллах гэрээнээс гарах, 480 дүгээр зүйлд хамтран ажиллах гэрээг дуусгавар болгох гэж заасан. Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн агуулга нь зөвхөн хоёр тал байгуулдаг гэрээ биш, гэрээний оролцогч нь гурав болон түүнээс дээш тохиолдолд гэрээнээс гарахад хэрэглэдэг зохицуулалт. Тухайлбал гэрээнд оролцогч гурван талын нэг тал нь гэрээнээс гарахад үлдсэн хоёр тал гэрээг мөн адил дуусгавар болговол гэрээ дуусгавар болно. Хэрэв үлдсэн хоёр тал цааш үргэлжлүүлэх тохиолдолд Иргэний хуулийн 479 дүгээр зүйлд заасан заалт хэрэглэгддэг. Мөн тус заалтын гарах, татгалзах гэдэг үгэнд ач холбогдол өгч байгаа ч гарах гэдэг нь хууль зүйн үр дагаварын хувьд гэрээ цуцлагдах, гэрээнээс татгалзах нь гэрээний харилцаа гэрээнээс гарч буй талд дуусгавар болж байгаа тул адилхан хэрэглэгдэх учраас заавал гарах гэдэг үгийг хэрэглэнэ гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй. Гэрээтэй холбоотой талуудын хооронд үүссэн харилцаа нь хууль зүйн хувьд ямар шинжтэй вэ гэдгээс хамаарч Иргэний хуулийн 479 дүгээр зүйл заалтыг хэрэглэх асуудал яригдана. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5 дахь хэсэгт заасан холимог буюу ажил гүйцэтгэх гэрээ, хамтран ажиллах гэрээний аль аль шинжийг өөртөө агуулсан гэрээ. Хэрвээ тухайн харилцаа аль ойр байгаа гэрээнд харилцаагаар тодорхойлдог учраас бид тус харилцааг ажил гүйцэтгэх гэрээний харилцаа гэж тодорхойлж байна” гэв.

 

Хариуцагч******* ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон төлөөлөгч, өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч санхүүгийн эх үүсвэртэй компанитай гэрээ байгуулсан гэдэгт бид маргахгүй. Харин хариуцагч гэрээгээ зөрчсөн учраас гэрээнээс татгалзсан гэж байгаа ч хамтран ажиллах гэрээний онцлог нь гэрээнээс татгалзах тухай ойлголт байдаггүй. Гэрээнээс татгалзсан тухай тайлбарлахдаа гэрээний зүйл заалт, хугацаа зөрчсөн гэж байна. Хугацаа хэтрүүлсэн, зөрчсөн нь тодорхой үндэслэл, шалтгаантай. Энэ нь гэрээнээс татгалзах ноцтой зөрчилд тооцогдохгүй. Учир нь хамтран ажиллах гэрээг 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан. “Сод тэнгэр түшээ” ХХК гүйцэтгэх, иргэн Д.******* нь захиалагчаар оролцож байгаа. Хамтран ажиллах гэрээ нь гурван субъектын хооронд байгуулагдсан, нэг тал нь Д.*******, “Майнголиа” ХХК, гүйцэтгэгчээр “Сод тэнгэр түшээ” ХХК оролцохоор гэрээ байгуулсан. Гэрээ нь 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдаж, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэн Д.*******тай “Сод тэнгэр түшээ” ХХК зээлийн гэрээ байгуулсан. Энэ гэрээ нь шүүхийн шийдвэрээр батлагдсан. Нэхэмжлэгч талын санхүүгийн эх үүсвэр тодорхойгүй тул энэ тухай ирүүлнэ үү гэх 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр болон мөн оны 4 дүгээр сарын 17-ны өдөр тус тус хоёр удаа мэдэгдэл ирсэн. Энэ мэдэгдлийг хуульд заасны дагуу урьдчилан мэдэгдэж татгалзсан гэж тайлбарлаж байгаа ч энэ нь хуулд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна. Гэрээнээс татгалзах тухай ойлголт байхгүй, гэрээнээс гарах тухай ойлголт яригдана. Энэ тухай Иргэний хуулийн 479 дүгээр зүйлд тодорхой заасан. Бусдын газар дээр барилга барих хамтран ажиллах гэрээ нь урт хугацаатай гэрээ.  Хэдийгээр гэрээнд хугацаа заасан боловч урт хугацаатай гэрээ. Гэрээний хугацаандаа биелэгдээгүй шалтгаан нь хөрөнгө оруулалтаас хамтран ажиллах гэрээний нэг тал болох Д.*******, н.Энхбатад олгосон зээлтэй холбоотой. Үүнээс болж зээлийн хөрөнгө оруулалт тасалдсан гэж үзэж байна. Хамтран ажиллах гэрээнээс татгалзах, гарах тухай ойлголтыг хуулиар зохицуулсан. Иргэний хуулийн 225 дугаар зүйлд гэрээнээс татгалзаж болохгүй нөхцлүүд бий. Уг заалтын 225 дугаар зүйлийн 225.4.1 дэх хэсэгт үүргийг ялимгүй зөрчсөн бол гэсэн заалт бий. Нэхэмжлэгч тал санхүүгийн эх үүсвэр тодорхойгүй, гэрээнд заасан хугацаа хэтэрсэн гэх үндэслэлээр татгалзаж байгаа. Чанарын шаардлага хангахгүй материал ашигласан гэж Мэргэжлийн хяналтын байгууллага тогтоосон гэж байна. Энэ чанарын шаардлага хангасан асуудал хамтран ажиллах гэрээнээс татгалзах үндэслэл болохгүй. Энэ бол тухайн гэрээний гүйцэтгэл хэрэгжиж, барилга баригдан улсын комисс хүлээн авсаны дараа яригдах асуудал. Барилгын гүйцэтгэлийн үйл ажиллагаанд зураг төсөл болон зургийн автор хийсэн компани байнгын хяналт тавьж байдаг. Мэргэжлийн хяналтын гаргасан албан шаардлагад шүүхийн маргаантай асуудал, мөн лифтны хонгил зэрэг жижиг жижиг зүйлсийг заасан. Энэ зүйл заалтыг барилга гүйцэтгэгч компани засаад явах бүрэн боломжтой. Үүнийг гэрээнээс татгалзах үндэслэл болгож байгаа нь учир дутагдалтай. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4-т заасан татгалзаж болохгүй нөхцлүүд хамтран ажиллах гэрээнд бүрэн тусгагдсан. 100% өөрийн хөрөнгөөр бус, бусдаас зээл авч, зээлтэй холбоотой цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэж тайлбарлаж байна. Үүнтэй холбоотой цагдаагийн байгууллагад нэг ч гомдол байхгүй. Хавтаст хэрэгт өгсөн баримтанд цагдаагийн байгууллага эзэд нь та нар учраас та нарт шаардлага гаргаж байна гэсэн. Гэвч энэ нь өөрөө хууль бус. Энэ компани өөрөө цагдаад гомдол гаргасан, түүнийг нь цагдаа шалгаад тогтоосон. Хариуцагч компани санхүүгийн үүсвэргүй, өөрийн хөрөнгөөр барьж чадахгүй гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа нь зохимжгүй. Үүнээс болж барилгын үйл ажиллагаа зогссон бол биш. Барилга хэзээ баригдаж дуусах нь тодорхойгүй учраас зөрчил болж байна гэх хэдий ч хэрэгт авагдсан нэг ч материал байхгүй. Хамтран ажиллах гэрээний гол зүйл болох нэхэмжлэгч Д.******* 413 м.кв талбай газраар хөрөнгө оруулах, “Сод тэнгэр түшээ” ХХК нь 17%-ийн хувьцаа шилжүүлэх заалтанд бид маргадаггүй, шилжүүлэх бүрэн боломжтой. Түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлтэй гэрээ байгуулсан гэдгийг мөн адил хүлээн зөвшөөрдөг. Барилгын үйл ажиллагаа явагдаж, гэрээгээр тохирсон 980 м.кв талбай өгөх бүрэн боломж байгаа. Гэрээнд тохирсон хугацаанд төслийн үйл ажиллагаа хэрэгжээгүй шалтгааныг гэрээнээс татгалзах үндэслэл гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж байгаа нь гэрээнээс татгалзах ноцтой зөрчил бол биш. Гэрээний хугацаа дуусахаас өмнө 2018 оны 02 дугаар сарын 02-нд мэдэгдэл өгсөнөөс хойш үл ойлголцол бий болж, түүнээс хойш барилгын үйл ажиллагаа түр зогссон. Гэрээнээс татгалзсан гэж тайлбарлаж байгаа асуудал нь хөрөнгө оруулалтаас Д.*******д олгосон зээлтэй холбоотой маргаан байсан учраас маргааныг шийдвэрлэх хүртэл төслийн үйл ажиллагаа зогссон. Цаашид төслийн үйл ажиллагаа явагдах, гэрээнд тохирсон нөхцөл боломжоо хувиарлах, ашиг алдагдлаа хувиарлах бүрэн боломжтой. Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасны дагуу хамтран ажиллах гэрээг байгуулсан. Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1-т гэрээнээс гарах тухай ойлголт бий. Нэхэмжлэгч тал бид гэрээнээс татгалзсан гэж тайлбарладаг ч хамтран ажиллах гэрээнээс татгалзах тухай ойлголт байхгүй, зөвхөн гарах гэсэн ойлголт бий. Хэрэв газрын эрхийг буцаан шилжүүлэх болвол түүний дээр барьсан хөрөнгийг яаж шийдэх вэ гэдэг асуудал гарна. Арбитрын шүүхэд гаргасан нотлох баримтаа шүүхэд гаргаж өгч буй шалтгаан нь тухайн хөрөнгө оруулалтын шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайлан байгаа. Газар болон түүнээс салгаж болохгүй хөрөнгийн асуудлыг шийдэж, гэрээнээс татгалзсантай холбоотой газар эзэмших эрхийг шилжүүлэхэд хамтран ажиллах гэрээний гол зүйл заалт. Гэрээний талуудад хохирол учруулахгүйгээр гэрээнээс гарч болно гэж заасан. Олгосон зээл болон хамтран ажиллах гэрээтэй холбоотой асуудлыг нэмэлт гэрээ тохирч, хугацаа шинэчилж, харилцан үүргээ тохирч цааш үргэлжлүүлэх бүрэн боломжтой. Нэхэмжлэгч хуульд заасны дагуу гэрээнээс гарна гэвэл гүйцэтгэгч оруулсан хөрөнгө оруулалттай дүйцэхүйц эсхүл гэрээнд тохирсон 980 м.кв талбайг шилжүүлж өгөх бүрэн боломжтой” гэв.     

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч******* ХХК-д холбогдуулан газар эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.   

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Д.******* нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах, нэгж талбарын 148004/0030 дугаар бүхий 413 м2 талбай газрын эзэмшигч мөн байх бөгөөд Д.*******, ХХК нар нь******* ХХК-тай харилцан тохиролцож, “Бусдын газар дээр барилга барьж, хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээ”-г 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан байна.

 

Дээрх гэрээгээр нэхэмжлэгч Д.******* өөрийн эзэмшлийн 413 м2 талбай бүхий газрын эзэмших эрхийг******* ХХК-ийн нэр дээр шилжүүлэх,******* ХХК өөрийн хөрөнгөөр барилгын ажил гүйцэтгэж, тус барилга нь гүйцэтгэгч талын бүрэн өмчлөлд өмчлөгдөх ба******* ХХК-ийн 17 хувийн хувьцааг Д.*******д баталгаа болгон шилжүүлж, барилга бүрэн ашиглалтад ормогц 2 болон 6 давхрын нийт 980 м2 үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Д.*******гийн нэр дээр шилжүүлснээр хувьцааг буцаан авахаар талууд тус тус харилцан тохиролцжээ.

 

Улмаар нэхэмжлэгч Д.******* нь 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-гээр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах, 413 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/352 тоот шийдвэрээр олгогдсон газар эзэмших эрхийг******* ХХК-д шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, харин хариуцагч нь компанийн 17 хувийн хувьцааг нэхэмжлэгч Д.*******д шилжүүлэх, гэрээгээр тохирсон хугацаанд барилгыг барьж дуусган, бүрэн ашиглалтад ормогц 980 м2 үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Д.*******гийн нэр дээр шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна.  

 

Хариуцагч шүүхийн хэлэлцүүлэгт “...талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан. Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1-д зааснаар хамтран ажиллах гэрээнээс татгалзах тухай ойлголт байхгүй, зөвхөн гарах гэсэн ойлголт бий. Гарах тохиолдолд оруулсан хөрөнгө оруулалтандаа ногдох төлбөрийг авах боломжтой. Нэхэмжлэгч хуульд заасны дагуу гэрээнээс гарна гэвэл гүйцэтгэгч оруулсан хөрөнгө оруулалттай дүйцэхүйц эсхүл гэрээнд тохирсон 980 м.кв талбайг шилжүүлж өгөх бүрэн боломжтой” гэж маргасан.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.2-т “...энэхүү гэрээ Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, Аэрофлотын зүүн талд байрлалтай оффис болон үйлчилгээний зориулалттай 15 давхар барилгад хөрөнгө оруулалт хийх, тус барилгын газартай дүйцэх хэмжээний үнэлгээтэй оффис болон үйлчилгээний талбайг харилцан тохирч солилцох үндэслэл болно” гэжээ.

 

Худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой бичиг баримтыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ гэж тодорхойлсон бол мөн хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээхээр байгуулсан гэрээг хамтран ажиллах гэрээ гэнэ.

 

Хамтран ажиллах гэрээ нь оролцогчдын хураамж, хамтын үйл ажиллагаанаас бүрдэх бөгөөд хураамж нь талуудаас хамтын ажиллагаанд зориулж байгаа хөрөнгө байдаг. Дээрх гэрээнд Д.******* нь газар эзэмших эрхээ шилжүүлэх,******* ХХК нь уг газарт өөрийн хөрөнгөөр барилгын ажил гүйцэтгэнэ гэж заасныг хамтран ажиллах нөхцөл гэж үзэх үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, барилгын газартай дүйцэх хэмжээний үнэлгээтэй оффис болон үйлчилгээний талбайг харилцан тохирч солилцохоор талууд тохиролцсоны дагуу нэхэмжлэгч Д.******* газар эзэмших эрхийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх тул талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй”, 226 дугаар зүйлийн 226.1.1-д ямар нэгэн үр дүн гарахгүй нь илт болсон бол үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулахгүйгээр гэрээнээс татгалзаж болох талаар тус тус хуульчилсан байх бөгөөд хариуцагч******* ХХК нь дээрх худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, өөрөөр хэлбэл 15 давхар барилгын ажлыг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр барьж дуусгах боломжгүй болсон нь илт болсон, 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар 11 дүгээр давхар хүртэл баригдсан гэж зохигчид шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан тул нэхэмжлэгч талаас 2018 оны 02 дугаар сарын 02, 14-ний өдрүүдэд гэрээ цуцлах тухай мэдэгдэл хүргүүлснийг буруутгах боломжгүй, мөн уг мэдэгдлийг хариуцагч тал хүлээн авсан талаар маргаагүй тул Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар нэхэмжлэгч Д.******* гэрээнээс татгалзаж, улмаар талуудын хооронд байгуулагдсан гэрээ дуусгавар болжээ.

 

Дээрхээс дүгнэхэд хариуцагчийн өмгөөлөгчийн татгалзал үндэслэлгүй байх бөгөөд мөн хариуцагчийн өмгөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт “...үүргийн ялимгүй зөрчсөн тул нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д зааснаар гэрээнээс татгалзаж болохгүй” гэж тайлбарласан боловч нэхэмжлэгчийн “...барилгын чанарын доголдлыг засах, барилгыг заасан хугацаанд гүйцэтгэн, ашиглалтад оруулах санхүүгийн баталгаатай болохоо нотлох” талаар хүргүүлсэн мэдэгдэлд хариу ирүүлээгүй, үүргийг ялимгүй зөрчсөн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.   

 

Хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэж үзэх бөгөөд гэрээнээс татгалзсан тохиолдолд талууд гэрээгээр өгсөн, авснаа буцаадаг.

 

Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч Д.******* нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах, 413 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/352 тоот шийдвэрээр олгогдсон газар эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг шаардах эрхтэй байна.   

 

Ийнхүү нэхэмжлэгч гэрээнээс татгалзсанаар талуудын хооронд үүссэн гэрээний харилцаа харилцан буцаах харилцаа болж өөрчлөгдсөн боловч хариуцагч өөрийн оруулсан хөрөнгийг хэрхэн шийдвэрлүүлэх талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно. Хариуцагч энэ асуудлаар шүүхэд хандан нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдав.  

 

Түүнчлэн дээрх гэрээ нь гурван талт гэрээ байх боловч нэхэмжлэгч Д.******* тус гэрээгээр өөрийн шаардах эрхийн хүрээнд харилцан хариу үүрэг хүлээсэн******* ХХК-ийг хариуцагчаар тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь гэрээний нэг тал ХХК-ийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхгүй гэж үзсэн тул шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулаагүй бөгөөд ХХК нь******* ХХК-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргахад энэхүү шийдвэр мөн саад болохгүйг,  

хариуцагчийн өмгөөлөгч гэрээ хугацаандаа биелэгдээгүй шалтгаан нь хөрөнгө оруулалтаас хамтран ажиллах гэрээний нэг тал болох Д.*******, н.Энхбат нарт зээл олгосонтой холбоотой гэж тайлбарлан тус шүүхийн шийдвэрийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн боловч энэхүү зээлийн харилцаа нь талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний үүрэгтэй хамааралгүй байх тул шүүх дүгнэлт өгөөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

           

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.4-т “...харилцан тохиролцож чадахгүй тохиолдолд хууль тогтоомжид заасны дагуу Арбитрын шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж талууд харьяаллыг тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч Д.*******, ХХК-ийн хувьцаа эзэмшигч, нар нь******* ХХК-д холбогдуулан ХХК-ийн 80 хувийн хувьцаа болон Д.*******гийн газар эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг Арбитрын шүүхэд гаргасныг тус шүүх 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 294 дүгээр шийдвэрээр “...Арбитрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу арбитрын хэлэлцээр бүхий маргаан биш, ... хувьцаа шилжүүлэх гэрээнээс үүссэн маргаан нь Монгол Улсын хуулийн дагуу шүүхээр шийдвэрлэх маргаан байна” гэж дүгнэн, арбитрын ажиллагааг дуусгавар болсон байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан 13, 14 дүгээр зүйлд заасан шүүхийн харьяалал зөрчигдөөгүй гэж шүүх үзсэн бөгөөд талууд шүүхийн харьяаллын талаар маргаагүй болно.  

  

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг баримтлан Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах, нэгж талбарын 148004/0030 дугаар бүхий 413 413 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/352 тоот шийдвэрээр олгогдсон газар эзэмших эрхийг Д.*******д буцаан шилжүүлэхийг, хариуцагч******* ХХК-д даалгасугай.

 

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

  

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ