Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 845

 

 

Л.Л-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2019/00473 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Л.Л-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “В ББСБ” ХХК , СЗХ-нд тус тус холбогдох

 

Гэм хорын хохиролд 11 000 000 төгрөг гаргуулах, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 2А хэсэг, Баатархайрханы 954б тоотод байрлах үл хөдлөх хөрөнгө чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э,

Хариуцагч “В ББСБ” ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Л миний бие Э ББСБ-аас өөрийн Баянзүрх дүүрэг 23 дугаар хороо 2А хэсэг Баатархайрханы 954-А, 954-Б тоотод байрлах хоёр үл хөдлөх хөрөнгөө барьцаалж хоёр зээл авсан. Энэ хоёр зээлийг төлүүлэхээр Э ББСБ нь шүүхэд нэхэмжлэл гаргахад шүүх дээр эвлэрч хоёр эвлэрлийн захирамж гарсан. Э ББСБ нь миний Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 2А хэсэг Баатархайрханы 954А тоотод байрлах хашаа байшинг 22 000 000 төгрөгөөр зараад зөрүү төлбөр 11 000 000 төгрөгийг өгөөгүй хохироосон. Мөн Санхүүгийн зохицуулах хороо нь гадны хөрөнгө оруулалттай ЭАИСМК ББСБ-ыг бусдын өмчлөх эрхтэй газрыг өөрийн өмчлөлд шилжүүлж, худалдан борлуулж ашиг олж байгаа үйл ажиллагаанд хяналт тавиагүйн улмаас иргэн Л.Л хохирсон гэж үзэж Санхүүгийн зохицуулах хорооноос 1 000 000 төгрөг, ББСБ-аас 10 000 000 төгрөг бүгд 11 000 000 төгрөгийг гэм хорын хохиролд гаргуулж, мөн Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг 23 дугаар хороо 2А хэсэг Баатархайрханы 954-Б тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “В ББСБ” ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэх шаардлагын тухайд тухайн объект нь газар ба хариуцагч байгууллагын биш ондоо нэгний өмчлөх эрхийн бүртгэлтэй газар. Орон сууц бол Э ББСБ ХХК-ийн бүртгэлтэй байгаа. Хэдийгээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой бичээгүй байгаа ч гэсэн бусдын хууль бус эзэмшлээс эдгээр хөрөнгүүдийг чөлөөлүүлэх гэж ойлгогдож байна. Бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нь нэхэмжлэгч хууль ёсны өмчлөгч байх ёстой. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 954Б тоотын өмчлөгч нь нэхэмжлэгч биш буюу бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх эрхгүй этгээд байна.

ББСБ-ын эзэмшилд энэ үл хөдлөх хөрөнгө байгаа нөхцөлд яригдах асуудал байхад ББСБ-ын эзэмшилд байхгүй, харин нэхэмжлэгчийн өөрийнх нь эзэмшилд байгаа юм. Нэхэмжлэгч өөрөө тухайн газраа амьдарч байгаа гэдгийг юугаар нотлох вэ гэхээр анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийг харахад нэхэмжлэгч өөрийн оршин суугаа хаягаа Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 2А хэсэг, Баатархайрханы 954Б буюу чөлөөлүүлэхийг хүсч байгаа хаяг бичигдсэнээс тодорхой харагдана. Яагаад гэвэл гуравдагч этгээд 954А тоотод оршин суух тул 954Б тоотод хэн амьдардаг нь тогтоогдоно. Гэм хорын хохирол 11 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд хариуцагч байгууллага хууль бус үйлдэл гаргасан байх байтал ямар үндэслэлээр хууль бус үйлдэл гаргасан гэдгийг тодорхой тайлбарлаагүй. Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд хууль бус үйлдэл хийсэн нь харагддаггүй. Энийгээ сүүлд тусгасан нэхэмжлэлийн шаардлагад ямар байдлаар тусгасан бэ гэхээр гадаадын иргэн барьцаалж болохгүй байсан, цаашаа бусдад худалдсан зэргээр тусгасан байна. Үүнээс нь хууль зөрчсөн гэж үзэх нэг зүйл нь 954А тоот газрын байранд талууд өмнө нь 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн шүүгчийн захирамжаар 954А тоот газрыг 11 000 000 төгрөгийн төлбөрт тооцон эвлэрсэн байдаг. Энэ захирамж хууль зөрчсөн гэсэн байдлаар нэхэмжлэгчийн төлөөлөгч хандахад Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн захирамжаар өөрчлөлт оруулсан байдаг. Уг захирамжийн 1 дэх хэсэгт өөрчлөөд төлбөрт тухайн үл хөдлөх хөрөнгийг тооцож гаргуулах хэсгийг хассан байгаа. Гэхдээ энэ асуудалд ББСБ нь хууль зөрчсөн нь харагддаггүй. Учир нь эвлэрсэн захирамжийн дараа өмчлөх эрхийг шилжүүлэх хүсэл зоригийг нэхэмжлэгч өөрөө дэмжиж өмчлөх эрхийг шилжүүлэхийг шийдсэн. Тухайн байрны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага байхгүй учраас өмчлөл хууль бус байсан уу, үгүй юу гэсэн асуудал яригдахгүй. Яагаад 10 сая төгрөгийн нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч өөрөө тайлбарлахдаа ББСБ нь цааш өндөр үнээр зарсан учраас зөрүү мөнгө гэж тайлбарладаг. Хэрэгт ББСБ-аас шилжүүлж авсан иргэн н.Даваажаргал нь цаашаа зарсан баримт байдаг. Энд хөрөнгийн үнийг тогтоох, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн ашиг олсон гэх үндэслэл байхгүй тул 10 000 000 төгрөг гэдэг нь тогтоогдохгүй. Хэрэв нэхэмжлэгч нь өөрийн байрыг 28 000 000 төгрөгөөр үнэлсэн бол үүнтэй холбоотой баримт хэрэгт байх ёстой. Гэтэл баримт байхгүй тул зөрүү байсан гэж тогтоох боломжгүй юм. Сүүлд нь иргэн н.Даваажаргал нь хэдэн төгрөгөөр худалдсан гэдэг нь нэхэмжлэгчид учирсан хохирол болохгүй. Яагаад гэвэл ББСБ-д шилжүүлсэн асуудал нь 2015, 2016 оны асуудал бол зарсан нь 2017, 2018 оны асуудал. Тиймээс ББСБ-аас шилжүүлж авсан иргэн цаашаа хэдэн төгрөгөөр худалдсанаас хамаарч ББСБ энэ асуудлыг хариуцах үндэслэлгүй юм. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Санхүүгийн зохицуулах хорооноос гэм хорын шаардлага 1 000 000 төгрөг гаргуулахаар нэхэж байгаа. Уг мөнгийг гаргуулахын тулд Санхүүгийн зохицуулах хорооны гэм буруутайг тогтоосон байх шаардлагатай. Хэрэгт авагдсан баримтад гэм буруутайг тогтоосон баримт байхгүй. Санхүүгийн зохицуулах хороо, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангахтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангадаг төрийн захиргааны байгууллага, ББСБ-ыг хянах, зохицуулахтай холбоотойгоор гэм хор учирсан гэж үзэж байгаа бол тогтоох шаардлагатай. Үүнийг тогтоох шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1-д зааснаар Үндсэн хуулийн цэц болон бусад шүүхэд харьяалуулсанаас бусад нийтийн эрх зүйн маргааныг захиргааны шүүх шийднэ гэсэн байдаг. Тэгэхээр гэм бурууг тогтоохоос өмнө урьдчилсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Санхүүгийн зохицуулах хороо гэм хорын хохирол 1 000 000 төгрөг төлөх нь тодорхой байх ёстой байтал байхгүй, баримт материал тодорхой бус байна. Үүнтэй холбоотойгоор барьцааны гэрээ ч гэх юм уу, ББСБ-уудыг хянаж чаддаггүй гэж ярьдаг. Гэхдээ Санхүүгийн зохицуулах хороо бол Банк бус санхүүгийн байгууллагын тухай хууль болон Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хяналт шалгалтыг явуулдаг. Энэ зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргаан бол Санхүүгийн зохицуулах хорооны эрх хэмжээнд хамааралгүй асуудал. Иймд хохирол 1 000 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 онд Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг 23 дугаар хороо 2А хэсэг Баатархайрханы 954-А тоотод байрлах газар байшинг худалдан авсан. Байшинг Эй Ар И Си Моргаж ББСБ ХХК-аас 13 400 000 төгрөгөөр, газрыг нь Н.Даваажаргалаас 3 600 000 төгрөгөөр бүгд 17 000 000 төгрөгөөр худалдан авсан. Би уг байрыг тус ББСБ-аас худалдан авахдаа эхлээд 3 000 000 төгрөг төлж, сар болгон 1 000 000 төгрөг төлөх нөхцөлтэйгээр авч байсан. Дараа нь хүүхдүүдээ гадаадад сургуульд явуулах болоод хашаа байшингаа Хас банкны зээлэнд тавихаар үнэлүүлэхэд 4 000 000-5 000 000 төгрөгийн хооронд үнэлсэн. Нэхэмжлэгч талын хүмүүс намайг Э ББСБ-аас 24 000 000 төгрөгөөр уг газар, байшинг авсан уу гэж асууж байсан. Бэлэн мөнгө байхгүй болохоор сар болгон төлөх нөхцлийг нь харгалзаад уг хашаа байшингаа 18 000 000 төгрөгөөр авч байсан гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Л-ын гэм хорын хохиролд В ББСБ ХХК-аас 10 000 000 төгрөг, Санхүүгийн зохицуулах хорооноос 1 000 000 төгрөг тус тус гаргуулах, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Баатархайрханы гудамж 954б тоотод байршилтай үл хөдлөх хөрөнгө чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Л-с улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 261 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх үнэлэхдээ иргэн Л "Э" ББСБ-ын ажилтан Даваажаргалд хүсэл зоригийн дагуу бэлэглээд Д нь Ц-д шилжүүлсэн нь хуульд нийцсэн. Үл хөдлөх хөрөнгийн зөрүү мөнгийг төлөх хэлцэл Даваажаргалтай байгуулаагүй учир нэхэмжлэх эрхгүй гэж үзсэн. "Э" ББСБ гэсэн мөнгө хүүлэгч байгууллага нь 100 хувийн Хонконгийн ганц хүний хөрөнгө оруулалттай учир Монгол Улсын иргэний өмчлөгдсөн газрыг барьцаалах, өмчлөх, эзэмших эрхгүй ба зөвхөн өмчлөгчийн зөвшөөрлөөр ашиглах эрхтэйгээр Үндсэн Хууль, Газрын тухай хуулиар зохицуулжээ. Тэгэхээр барьцааны гэрээ, зээлийн төлбөрийг барьцаагаар хангах хэлцэл, төлбөрийн барьцаагаар хангах хэлцлийг баталгаажуулсан шийдвэр нь Үндсэн Хууль, Газрын тухай хууль зөрчсөн хэлцэл юм. Л.Л нь Даваажаргал гэдэг хүнийг танихгүй, Даваажаргалаас нэг ч төгрөг аваагүй, "Э" ББСБ болон Даваажаргал нарын хоорондын гэрээ хэлцлийг дагуу Даваажаргалын нэр дээр газрыг шилжүүлсэн асуудал шүүхэд яригдаж Даваажаргал нь ББСБ нарын хоорондын гэрээ хэлцэлтэй холбоотой баримтыг гаргуулахыг хүссэн. Даваажаргал нь шүүхэд ББСБ-тай үл хөдлөх хөрөнгө худалдах гэрээ хэлцэл байгаа гэж тайлбарлаад байхад шүүх гэрээ хэлцлийг гаргуулж болохгүй, байгууллагын нууц, өөрөө гаргаж өгөх боломжтой байсан гэж үздэг. Тэгэхээр Даваажаргал гэгч этгээд нь хэн болох ямар эрх эдэлж 954А тоотыг бэлгэнд авч бусдад худалдсан болж таарах вэ? Шүүх зөвхөн нэг талд үйлчилсэн. "Э" ББСБ нь зөрүү мөнгө өгнө гэж хэлэн захирамж гаргуулсан. Гэтэл 11 сая төгрөгөөр авсан гэдэг нь баримтаар тогтоогдсон. Гэтэл шүүх зөрүү мөнгө авах эрхгүй гэсэн. Энэ нь гадаадын иргэн "Эй Ар И Си Моргаж Корпорэйшн'" ББСБ нь аж ахуйн ажил эрхэлсэнд тооцогдохоос нь гадна зөрүү мөнгөнд татвар төлөх ёстой. Шүүхээс Даваажаргалаас шилжүүлж өгсөн учир нэхэмжлэл гаргах эрхгүй гэсэн. Шүүхийн захирамжид өөрчлөлт орж төлбөрт үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх заалт хүчингүй болсон. 954Б тоот үл хөдлөх хөрөнгийн асуудал Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт дуудлага худалдаагаар худалдагдах гэж байгаа ба дуудлага худалдаа нь 954Б тоот үл хөдлөх хөрөнгийг чөлөөлөх нэхэмжлэлээс хамааран түдгэлзсэн байдалтай байгаа. Өөрөөр хэлбэл ББСБ нь Оюун гэдэг хүнд худалдаад Оюун нь тухайн газарт хөрөнгө оруулалт хийсэн байхад Оюуны хөрөнгийг асуудлыг шийдэхгүй дуудлага худалдаанд оруулах боломжгүй юм. 954Б газарт ББСБ нь төлбөр авагч Л төлбөр төлөгчөөр байгаа ба энэ асуудал нь эцэслэн шийдэгдээгүй газар чөлөөлөхийг хүлээж байгаа. Гэтэл шүүх гадаадын иргэнд 2017 оны 6 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд шилжсэн тул нэхэмжлэл гаргах эрхгүй гээд байгааг ойлгохгүй байна. Төлбөр дуусаагүй төлбөрт хөрөнгө шилжээгүй учир Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас дуудлагаар орох гэж байгааг шүүх яаж ойлгоод байгааг ойлгохгүй байна. Иймд дээрх 2 үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож дахин хянуулахаар буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Л.Л хариуцагч “В ББСБ” ХХК , Санхүүгийн зохицуулах хороонд тус тус холбогдуулан гэм хорын хохиролд 11 000 000 төгрөг гаргуулах, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 2А хэсэг, Баатархайрханы 954б тоотод байрлах үл хөдлөх хөрөнгө чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

            Маргааны үйл баримттай холбоотойгоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Батаархайрханы 954А, 954Б тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой дэлгэрэнгүй лавлагааг эрх бүхий байгууллагаас гаргуулах тухай хүсэлт гаргасныг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн боловч дээрх шүүгчийн захирамж бүрэн биелэгдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.                                                                          /1 дүгээр хавтасны 223-226 дах тал/

 

            Нэхэмжлэгч Л.Л нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 7448 тоот захирамжаар 11 050 841 төгрөгийн төлбөрт өөрийн өмчлөлийн барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Баатархайрханы гудамж, 954а тоотод байрлах 40 м.кв талбайтай Ү-2204020595, 000240087 дугаар гэрчилгээтэй хувийн сууц, мөн хаягт байрлалтай 700 м.кв талбайтай Г-2204003894, 000109322 дугаартай газрыг тус тус хариуцагч Вилэнд Капитал /ЭАИСМК/ ББСБ ХХК-д төлбөртөө тооцож шилжүүлэн өгөхөөр эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Уг захирамжийг үндэслэж нэхэмжлэгч нь дээрх 954А тоот хувийн сууц, газрыг тус тус “В ББСБ” ХХК  /ЭАИСМК/-д шилжүүлсэн ба ББСБ нь уг 954А тоотод байрлах хувийн орон сууцыг гуравдагч этгээд Ж.Ц-д худалдсан, уг газрыг нь иргэн Н.Даваажаргалаас гуравдагч этгээд Ж.Ц-д худалдсан үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигчид маргахгүй байна гэж анхан шатны шүүх дүгнэжээ.

 

Гэтэл 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн албан бичгээс дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд нь ямар эрх зүйн харилцааны үндсэн дээр хэрхэн, яаж гуравдагч этгээдэд шилжсэн болох нь тодорхойгүй байх ба анхан шатны шүүхийн хийсэн дээрх дүгнэлттэй нийцэхгүй байна.

 

Маргаан бүхий газар, хувийн сууц нь анхнаасаа нэхэмжлэгчийн өмчлөлд байсан талаар талууд маргаагүй боловч ямар эрх зүйн харилцаа, ямар хэлцлийг үндэслэж эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүд гуравдагч этгээд Ж.Ц-д шилжсэн, өмнөх шүүхийн шийдвэрт гарсан төлбөртэй ямар хамааралтай зэрэг үйл баримтууд тодорхойгүй байна. Талуудын маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагааг эрх бүхий байгууллагаас гаргуулснаар дээрх тодорхой бус байгаа маргааны үйл баримтад дүгнэлт хийх боломжтой.   

 

Иймд хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийх боломжгүй тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг ханган, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2019/00473 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Л-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.ЭНХТӨР

 

                ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

 

                                                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ