Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2022/03513

 

 

 

 

 

 

 

 

 2022         12        02                                             182/ШШ2022/03513

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, шүүгч И.Амартөгс, Ж.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Л.Л нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ВК ББСБ ХХК-нд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Санал болгох комиссын хурлын шийдвэрийн дагуу төлбөрт тооцон шилжүүлсэн хөрөнгийн зөрүү болох 13,796,201 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид:                                                                                        

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Я, Г.Ч,

Хариуцагчийн төлөөлөгч Б.А,

Иргэдийн төлөөлөгч Б.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,

Зохигчдын гаргасан хүсэлтийн дагуу бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Ц эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Бид анх Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрхан гудамж, 9*** тоотод байрлах хувийн сууц, газар, 95*** тоотод байрлах хувийн сууц, газрын талаар маргаж байсан. Харин бид нэхэмжлэлийн шаардлагаа 95*** тоотод байрлах хувийн сууц, газартай холбогдуулан өөрчилсөн учир 9*** тоотод байрлах хувийн сууц, газрын асуудлыг дахин хөндөх шаардлагагүй болсон байгаа.

Нэгдүгээрт, нэхэмжлэгч Л.Л нь 2015.01.19-ний өдөр хариуцагч ВК ББСБ ХХК /Эй Ар Си Моргаж копорэйшн ББСБ ХХК/-тай зээлийн харилцаанд орж, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрхан гудамж 95*** тоот, 35 м.кв талбайтай хувийн сууцыг 700 м.кв газрын хамт барьцаалж зээл авсан. Улмаар 2015.11.04-ний өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 7433 тоот шүүгчийн захирамжаар Л.Л нь ВК ББСБ ХХК-д 10,481,866 төгрөгийг төлөхөөр болсон.

Хоёрдугаарт, Маргааны зүйл болсон Баянзүрх дүүрэг 23 дугаар хороо Баатархайрханы 95*** тоотод байрлах 34 м.кв хувийн сууц болон гэр бүлийн хэрэгцээний газартай холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан байгаа. Энэхүү ажиллагааны явцад талууд тохиролцож 95*** тоотод байрлах хувийн сууц, газрыг нийтэд нь 35,000,000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Ингээд шийдвэр гүйцэтгэлийн байгууллага анхны албадан дуудлага худалдааны үнийг 24.500.000 төгрөгөөр тогтоож,  дуудлага худалдааг 2016.10.28-ны өдөр зохион байгуулсан боловч хөрөнгө худалдан борлогдоогүй. 2016.11.29-ний өдөр хоёр дах албадан дуудлага худалдаа 17.500.000 төгрөгөөр явагдаж хөрөнгө мөн л худалдан борлогдоогүй.

Гуравдугаарт, Тиймээс шийдвэр гүйцэтгэгч нь 2017.02.01-ний өдөр төлбөр санал болгох комиссын хуралдаанаар Л.Лг “2017.02.08-ны өдрийн дотор өр төлбөрөө барагдуул, үгүй бол барьцаа хөрөнгүүдийг төлбөрт тооцон шилжүүлнэ” гэсэн байдаг. Тухайн үед хариуцагч байгууллагаас 2 төлөөлөгч оролцож маргааны зүйл болсон эд хөрөнгийг төлбөрт тооцож авах саналаа илэрхийлсэн байхаас гадна нэхэмжлэгч Л.Лд “бид таны хувийн сууц болон газрыг зарж борлуулаад зөрүү мөнгийг өгнө” гэсэн боловч өгөөгүй байдаг. Тухайн газар болон хувийн сууцыг ВК ББСБ ХХК нь тэр даруй өөр дээрээ шилжүүлж авч чадаагүй бөгөөд энэ нь банк бус санхүүгийн байгууллага өөрийн нэр дээр шилжүүлж авч чадахгүй, гацаанд орсон байсантай холбоотой. Гэхдээ хариуцагч байгууллага нь хувийн сууцыг өөрийн нэр дээр, газрыг ажилтан н.Дл гэх хүний нэр дээр шилжүүлэн авч, цааш нь гуравдагч этгээд Ж.Цд 2 тусдаа гэрээ байгуулж, нийт 15,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан. Шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтээр маргааны зүйл болсон 95*** тоотод байрлах хувийн сууц, газрыг нийтэд нь 16.1 сая төгрөгөөр үнэлсэн байна.

Дөрөвдүгээрт, төлбөр санал болгох комиссын хуралдааны тэмдэглэлээс үзвэл  2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-т заасныг баримталсан нь харагдана. Улсын дээд шүүхийн 2007 оны 43 дугаартай тогтоолоор хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-т заасныг тодорхой тайлбарласан. Тодруулбал, анхны албадан дуудлага худалдааны үнэ 24,500,000 төгрөг, хоёр дах албадан дуудлага худалдааны үнэ болох 17,500,000 төгрөгийг аль алинаар нь төлбөр тооцож болохоор тайлбарласан байдаг ба үр дагаврыг нь одоогийн хариуцагч байгууллага хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй. Энэ талаар Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.5.4-т “барьцааны зүйлийг дуудлага худалдаагаар худалдсанаас олсон орлогоос үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлага, дуудлага худалдаа явуулахтай холбогдсон болон бусад зайлшгүй зардлыг хасаад үлдсэн хэсгийг өөртөө шилжүүлэхийг шаардах” эрхтэй гэж заасныг төсөөтэй хэрэглэж болох юм. Эндээс хариуцагч байгууллага үндэслэлгүйгээр хөрөнгөжөөд байгаа байдал харагдаж байгаа учир зөрүү төлбөрийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэх үүрэгтэй. Энэ утгаараа Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэл бүрдэж байна гэж харж байна.

Иймд нэхэмжлэгчийн зүгээс ВК ББСБ ХХК-аас анхны албадан дуудлага худалдааны зөрүү болох 14,018,134 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байгаа. Гэхдээ бид 2022.11.23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал болох гэрээ байгуулах үед гарсан зардал 80,000 төгрөг, анхны албадан дуудлага худалдаа болон хоёр дахь албадан дуудлага худалдааны зар тус бүр 20,000 төгрөг, мөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101,933 төгрөг, нийт 221,933 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж шаардлагаа 13,796,201 төгрөг болгон багасгасан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчаас 13,796,201 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Лд олгож өгнө үү гэв.

 

2.Хариуцагч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хэд хэдэн үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэгдүгээрт, нэхэмжлэлийн шаардлага нотлогдоогүй гэж үзэж байна. 2022.09.06-ны өдөр болон 2022.09.07-ны өдрүүдэд нэхэмжлэгч тал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хэд хэдэн хүсэлт гаргасан. Тодруулбал, яг аль дуудлага худалдааны үнээр төлбөр авагчид тухайн үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн нь тодорхой биш байгаа учир үүнийг тодорхой болгон шийдвэр гаргаж өгч хариу өгөхийг хүссэн байсан. Одоо бол нэхэмжлэгч анхны дуудлага худалдааны зөрүүг шаардаж, биднийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна. Гэхдээ анхны албадан дуудлага худалдааны зөрүүг шаардах уу эсхүл хоёр дах албадан дуудлага худалдааны зөрүүг шаардах уу гэдгээ нэхэмжлэгч өөрсдөө ч мэдэхгүй байгаа гэдэг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлт болон нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөхдөө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг хамтран хариуцагчаар татах шийдвэр гаргаж байсан зэргээс нь харагддаг.

Хоёрдугаарт, талуудын тохиролцсон үнэлгээгээр маргааны зүйл болсон хөрөнгө 35,000,000 төгрөг байх эсэх нь маргаантай. Учир нь нэхэмжлэгч Л.Лн хувьд тухайн үнэлгээг гарснаас хойш шүүхэд хандсан, шүүх нэхэмжлэлийг буцаасан байдал шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримтаас харагдана. Тэгэхлээр тухайн хөрөнгийн үнэлгээ нь 35,000,000 төгрөг байсан, түүний зөрүү 14 сая төгрөгөөр манай байгууллага үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдэг нь няцаагдана. Мөн нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийн дагуу шүүх шинжээч томилсон, эд хөрөнгийн үнэлгээ 16,000,000 төгрөг гарч гарсан. Харин манай байгууллага хөрөнгийг 10,481,866 төгрөгийн өр төлбөрт тооцож шилжүүлж авсан. Үүн дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал болон урамшууллыг нэмж төлсөн. Гэтэл дахиад үүн дээр нэмээд нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа 14 сая төгрөгийг төлөх юм бол хариуцагчийн хувьд хохирох асуудал харагдаж байна.

Гуравдугаарт, 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3-т шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргах хугацааг зохицуулсан байдаг. Шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарсныг мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор гомдол гаргаж, тухайн гомдлын дагуу гарсан шийдвэрийг хүлээн зөвшөөхгүй бол ахлах шийдвэр гүйцэтгэгчид 14 хоногийн дотор гомдол гаргаж, тухайн шийдвэрийг нь хүлээн зөвшөөрөхгүй бол 7 хоногийн дотор шүүхэд хандах зохицуулалттай. Гэтэл 2017 оны 05, 2017 оны 06 сард шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож байгаа, албадан дуудлага худалдааг дуусгавар болгож байгаа энэ шийдвэрүүдэд нэхэмжлэгч ямар нэгэн байдлаар гомдол гаргаж байгаагүй. Тийм учир энэ асуудлаар хариуцагчид холбогдуулж нэхэмжлэл гаргах биш, үнэхээр тухайн үед шийдвэр гүйцэтгэх ажиллагаа буруу явагдсан гэж үзэж байгаа бол шийдвэр гүйцэтгэх газарт гомдол гаргах ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгч гомдол гаргах хугацаагаа өнгөрөөгөөд, гомдол гаргах боломжоо алдсан.

Дөрөвдүгээрт, манай байгууллага маргааны зүйл болсон 95*** тоотод байрлах хувийн сууц, газрыг худалдан борлуулаад нэхэмжлэгчид зөрүү өгөх асуудал огт яригдаагүй, энэ нь баримтаар нотлогдохгүй байна. Түүнчлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон үндэслэл нь 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т заасан “төлбөр төлөгч төлбөрөө бүрэн төлсөн” гэсэн байна. Тиймээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа журмын дагуу явагдаад дуусгавар болсон гэж үзэхээр байна. Тухайн үед манай байгууллага зөрүү төлбөр төлөх ёстой байсан бол төлбөр авагчаас төлбөр төлөгчид зөрүү төлбөрийг шилжүүлээгүй байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэзээ ч дуусгавар болохгүй байсан. Нэхэмжлэгч нь энэхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон асуудалд огт гомдоогүй, хүлээн зөвшөөрсөн. Бид өмнө нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байсан н.Болормааг гэрчээр оролцуулж, мэдүүлэг авахуулсан, тэрээр “шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан” гэдгийг мэдүүлдэг. Тэгэхлээр зохигчдын хооронд ямар нэгэн зөрүү төлбөрийн асуудал тухайн үед байгаагүй, зөрүү төлбөр байсан гэдэг нь баримтаар нотлогдохгүй байна. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчээс маргааны зүйл болсон 95*** тоотод байрлах хувийн сууц, газрыг шүүхийн шийдвэрийн дагуу авах ёстой зээлийн өр төлбөртөө тооцон шилжүүлсэн авсан. Иймд манай байгууллага үндэслэлгүй хөрөнгөжсөн байх боломжгүй, нэхэмжлэгчийн яриад байгаа зүйл бүгд тухайн үеийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой, тухайн үедээ шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар гомдлоо гаргаагүй, хугацаа алдсан байдлаа далимдуулж өнөөдөр үндэслэлгүй нэхэмжлэл гаргасныг зөвшөөрөхгүй байна. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Ц шүүхэд ямар нэгэн бичгийн тайлбар, баримт өгөөгүй байна.

 

4.Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Энэ нь зээл өгсөн, авсан талаарх маргаан байх ба 2 талтай харагдаж байна. Хэрэв нэхэмжлэгч тухайн үедээ зөрүү мөнгөө авах талаар гомдол гаргаад явсан бол нэхэмжлэгчийн зөв байх байжээ. Тийм учраас нэхэмжлэгчийн шаардлагыг дэмжиж байна гэв.

 

5.Нэхэмжлэгч талаас,

1 дүгээр хавтаст хэрэгт: оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт, 2015.01.19-ний өдрийн Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, газрын кадастрын зураг, 2015.11.04-ний өдрийн эвлэрлийн гэрээ, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.11.05-ны өдрийн 7448 дугаар “зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж, 2014.09.08-ны өдрийн зээлийн гэрээ, 2015.11.03-ны өдрийн эвлэрлийн гэрээ, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.11.04-ний өдрийн 7433 дугаар “зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.12.01-ний өдрийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж,

2 дугаар хавтаст хэрэгт: охин Мөнхсоёлын төрсний гэрчилгээ,

4 дүгээр хавтаст хэрэгт: газар, хувийн сууцны гэрэл зураг, 2021 оны 09 сарын зарлагын баримтууд, нэхэмжлэхүүд, бараа, материалын төсөв гэсэн баримтуудыг,

 

6.Хариуцагч талаас,

1 дүгээр хавтаст хэрэгт: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.11.05-ны өдрийн 7448 дугаар “зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.11.04-ний өдрийн 7433 дугаар “зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж, 2016.03.10-ны өдрийн Н.Даваажаргал, Ж.Ц нарын хооронд байгуулагдсан зээлээр газар худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн хуваарь, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, 2016.03.10-ны өдрийн ЭАИСМК ББСБ ХХК, Ж.Ц нарын хооронд байгуулагдсан зээлээр хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн хуваарь, НШШГ албаны 2016.11.21-ний өдрийн мэдэгдэл, Л.Лн зээлийн дансны хуулга, 2017.02.01-ний өдрийн төлбөр санал болгох хурлын протокол, хувийн сууц, газрын талаарх гэрэл зураг, НШШГ албаны 2016.09.29-ний өдрийн эд хөрөнгө хураасан тогтоол, 2017.06.13-ны өдрийн 95*** тоот хувийн сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ, 2017.06.16-ны өдрийн 95*** тоот газрын өмчлөх эрхийн гэрчилгээ, нэхэмжлэгч Л.Лн 2016.05.04-ний өдрийн 95*** тоот хувийн сууц, газрыг ЭАИСМК ББСБ-ын нэр дээр шилжүүлэн өгөх тухай хүсэлт, 2016.05.23-ны өдрийн төлбөрт тооцож хөрөнгө шилжүүлэх тухай гэрээ,

2 дугаар хавтаст хэрэгт: 2014.01.19-ний өдрийн барьцааны гэрээ, 2014.09.08-ны өдрийн барьцааны гэрээ,

3 дугаар хавтаст хэрэгт: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын лавлагаа,

4 дүгээр хавтаст хэрэгт: 2014.01.29-ний өдрийн Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралт, 2021.09.29-ний өдрийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цахим лавлагаанууд,

5 дугаар хавтаст хэрэгт: 2017.06.12-ны өдрийн ХААН банк ХХК-ийн шилжүүлгийн мэдүүлэг гэсэн баримтуудыг шүүхэд тус тус гарган өгчээ.

 

7.Зохигчдын гаргасан хүсэлтээр,

1 дүгээр хавтаст хэрэгт: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017.12.07-ны өдрийн 7/10161 дугаар албан бичиг,

3 дугаар хавтаст хэрэгт: Баянзүрх дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсийн 2020.10.13-ны өдрийн 8/2060 дугаар албан бичиг, 9***, 95*** тоот хувийн сууц, газрын хувийн хэргийн баримтууд /199 хуу/,

4 дүгээр хавтаст хэрэгт: 2021.03.04-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, хавсралтууд, Шүүхийн төрөлжсөн архивын 2020.01.06-ны өдрийн 102 дугаартай албан бичиг, 2021.08.18, 2021.08.30-ны өдрүүдийн гэрч Ц.Бгийн мэдүүлгүүд, 2021.09.29-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл, хавсралт зургууд, Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2021.09.28-ны өдрийн 8/1351 дүгээр албан бичиг, 9***, 95*** тоот хувийн сууц, газар Ж.Цд шилжсэн талаарх  11 хуудас баримт,

5 дугаар хавтаст хэрэгт: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.06.10-ны өдрийн албан бичиг, түүний хавсралт болох Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.11.04-ний өдрийн 7433 дугаар шүүгчийн захирамжийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийн баримтууд /75 хуу/-ыг шүүхийн журмаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          1.Нэхэмжлэгч Л.Л нь хариуцагч ВК ББСБ ХХК-нд холбогдуулан Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 2А хэсэг, Баатархайрханы гудамж, 9*** тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2204040695 дугаартай хувийн сууц, мөн хаягт байрлах, улсын бүртгэлийн Г-2204003894 дугаартай газар /цаашид 9*** тоотод байрлах хувийн сууц, газар гэж товчилно/,

          Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 2А хэсэг, Баатархайрханы гудамж, 95*** тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2204020595 дугаартай хувийн сууц, мөн хаягт байрлах, улсын бүртгэлийн Г-2204003255 дугаартай газар /цаашид 95*** тоотод байрлах хувийн сууц, газар гэж товчилно/-ыг тус тус өмчлөлдөө шилжүүлэхийг даалгах, гэм хорын хохиролд 45,036,100 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан байна.  

          Нэхэмжлэгч Л.Л нь дээр дурдсан 9*** тоотод байрлах хувийн сууц, газар нь маргааны зүйлд хамааралгүй болсон гэж тайлбарлан, 2022.03.29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 95*** тоотод байрлах хувийн сууц, газрын талаар явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны санал болгох комиссын хурлын шийдвэрийн дагуу төлбөрт тооцон шилжүүлсэн хөрөнгийн зөрүү болох 14,018,134 төгрөг гаргуулах гэж өөрчилсөн, тэрээр энэхүү шаардлагаа 2022.11.23-ны өдөр 13,796,201 төгрөг болгон багасгасан болно.

 

          Шүүх бүрэлдэхүүн  9*** тоотод байрлах хувийн сууц, газрын талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн бөгөөд энэ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болоогүй байгааг дурдаж, харин хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан зохигчдын гарган өгсөн, шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд, маргааны зүйл болсон 95*** тоотод байрлах хувийн сууц, газрын талаар явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг маргааны зүйл болсон 95*** тоотод байрлах хувийн сууц, газартай холбоотой явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талууд эд хөрөнгийн үнийг харилцан тохиролцож 35,000,000 төгрөгөөр тогтоосон, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаагаар тухайн эд хөрөнгө худалдан борлогдоогүй, шийдвэр гүйцэтгэгч нь 2017.02.01-ний өдөр төлбөрт санал болгох комиссын хуралдааныг зохион байгуулсан, улмаар нэхэмжлэгч Л.Л нь маргааны зүйл болсон хувийн сууц, газрыг хариуцагч ВК ББСБ ХХК-нд шилжүүлэн өгсөн, харин ВК ББСБ ХХК нь тухайн эд хөрөнгийг худалдан борлуулаад зөрүү мөнгийг нэхэмжлэгч Л.Лд өгнө гэж тохирсон боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-т заасныг үндэслэн дуусгавар болсон, Улсын дээд шүүхийн 2007 оны 43 дугаар тогтоолын 16 дугаар зүйлийн 16.2-т зааснаар анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны аль ч үнийн дүнг сонгох боломжтой байгаа тул бид анхны албадан дуудлага худалдааны үнэ 24,500,000 төгрөгийг сонгон авч, үүнээс шүүхийн шийдвэрийн дагуу төлөх дүнг хасаж зөрүү төлбөрийг шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байх бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад манай байгууллага өр төлбөртөө тооцон нэхэмжлэгч Л.Лаас түүний өмчлөлийн, 95*** тоотод байрлах хувийн сууц, газрыг шилжүүлэн авч, цааш нь гуравдагч этгээд Ж.Цд худалдсан байгаа, тухайн үед нэхэмжлэгч Л.Лд зөрүү төлбөр өгөх асуудал огт яригдаагүй, баримтаар нотлогдохгүй байна, зөрүү төлбөр өгөх асуудал байсан бол шийдвэр гүйцэтгэгч ажиллагааг дуусгахгүй байсан, хэрэв дуусгавар болгосон ажиллагаанд нь нэхэмжлэгч Л.Л гомдолтой байсан бол тухайн үедээ энэ асуудлаа шийдвэрлүүлэх байсан, ингэж шийдвэрлүүлээгүй, хугацаа алдсан байдлаа далимдуулж манай байгууллагыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх хууль зүйн боломжгүй гэж мэтгэлцсэн.

 

3.Л.Л нь 2014.09.08‑ны өдрийн зээлийн гэрээний дагуу ЭАИСМК ББСБ ХХК-иас 5000 ам долларыг, сарын 3,3%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан байх ба, мөн өдрийн барьцааны гэрээгээр өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Баатархайрханы гудамж 95*** тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2204020595 дугаарт бүртгэлтэй, 35 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах, улсын бүртгэлийн Г-2204003255 дугаарт бүртгэлтэй, 700 м.кв газрыг барьцаалсан байна.

 

Өөрөөр хэлбэл, Л.Л нь 2006.05.31‑ний өдрийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр 700 м.кв газрыг, 2007.03.26‑ны өдрийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр 35 м.кв хувийн сууцыг тус тус дангаар өмчилж байсан, уг үл хөдлөх эд хөрөнгүүдийн байршил болох 10 дугаар хороо нь сүүлд 23 дугаар хороо болж өөрчлөгдсөн талаар гэрч, шийдвэр гүйцэтгэгч Ц.Б мэдүүлжээ.

4.Энэхүү зээл, барьцааны гэрээний дагуу ЭАИСМК ББСБ ХХК нь үндсэн зээлийн үлдэгдэл 4.249,88 ам доллар буюу 8,463,934 төгрөг, үндсэн хүү 875,11 ам доллар буюу 1,742,849 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 132,93 ам доллар буюу 264,737 төгрөг, нийт 5.263,12 ам доллар буюу 10,481,866 төгрөгийг Л.Лаас гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилсэн.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.11.04‑ний өдрийн 7433 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Л.Л 5.263,12 ам доллар буюу 10,481,866 төгрөгийг 2015.11.29‑ний дотор нэхэмжлэгч ЭАИСМК ББСБ ХХК-д төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

хариуцагч гэрээний үүргийн биелэлтийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Баатархайрханы гудамж 95*** тоотод байрлах, 35 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204020595 дугаартай хувийн сууц, мөн хаягт байрлах, 700 м.кв, улсын бүртгэлийн Г-2204003255 дугаартай газраар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг НШШГ албанд даалгаж,

 

хариуцагч Л.Лаас улсын тэмдэгтийн хураамжид 101,933 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЭАИСМК ББСБ ХХК‑д олгож шийдвэрлэсэн байх ба, энэхүү хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтуудын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4‑т зааснаар шүүх дахин нотлох шаардлагагүй юм.

 

5.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015.12.18‑ны өдрийн 41756 дугаар “шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж, мөн өдрийн 5120 дугаар гүйцэтгэх хуудасны дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн алба нь 2015.12.21‑ний өдөр ЭАИСМК ББСБ ХХК‑тай шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах гэрээ, шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээг тус тус байгуулж, ЭАИСМК ББСБ ХХК нь 2015.12.21‑ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд 80,000 төгрөг төлжээ.

 

5.1.Ийнхүү шийдвэр гүйцэтгэгч нь 2015.12.22‑ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 12 дугаар зүйлд зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн, 34 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх тухай мэдэгдлүүдийг төлбөр төлөгч Л.Лх-д удаа дараа хүргүүлж, эрх бүхий байгууллагаас эд хөрөнгийн лавлагаа авч, холбогдох ажиллагааг хийсний үндсэн дээр 2016.01.26‑ны өдрийн 7433/01 дүгээр тогтоолоор маргааны зүйл болсон Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Баатархайрханы гудамж 95*** тоотод байрлах, 35 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204020595 дугаартай хувийн сууц, мөн хаягт байрлах, 700 м.кв, улсын бүртгэлийн Г-2204003255 дугаартай газрыг тус тус битүүмжилсэн.

 

5.2.Улмаар ЭАИСМК ББСБ ХХК нь 2016.06.16‑ны өдрийн хүсэлтээр НШШГАнд хандаж шаардах эрхээ бусдад шилжүүлэх хүсэлтэй байгаа шалтгаанаар зардал, урамшууллын гэрээг хүчингүй болгож, барьцаа хөрөнгийг суллах, гүйцэтгэх баримт бичгийг хаалгахыг хүссэн байх боловч тэрээр 2016.08.10‑ны өдөр дахин хүсэлт гаргаж гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болоогүй шалтгаанаар гүйцэтэх ажиллагааг сэргээлгэхийг хүсчээ.

 

5.3.НШШГА нь ажиллагааг цааш үргэлжлүүлэн 2016.09.29‑ний өдрийн 7433/02 дугаар тогтоолоор маргааны зүйл болсон Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Баатархайрханы гудамж 95*** тоотод байрлах, 35 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204020595 дугаартай хувийн сууц, мөн хаягт байрлах, 700 м.кв, улсын бүртгэлийн Г-2204003255 дугаартай газрыг тус тус хураан авсан байна.

 

5.4.Талуудын хооронд эд хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцох ажиллагаа явагдаж, төлбөр төлөгч Л.Л 95*** тоотод байрлах хувийн сууц, газрыг хамтад нь 35,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч ЭАИСМК ББСБ ХХК нь 2016.10.10‑ны өдөр хүлээн зөвшөөрсөн хариу өгснөөр шийдвэр гүйцэтгэгч нь 2016.10.06‑ны өдөр албаны дуудлага худалдааны комисст санал оруулах тухай шийдвэр гаргаж, төлбөр авагч ЭАИСМК ББСБ ХХК нь 2016.10.10‑ны өдөр зарын үнэд 20,000 төгрөг төлжээ.

 

5.5.Ийнхүү шийдвэр гүйцэтгэгч нь 2016.10.14‑ний өдрийн 10/423 дугаар үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг гаргаж маргааны зүйл болсон, 95*** тоотод байрлах хувийн сууц, газрыг талуудын тохиролцсон үнэ болох 35,000,000 төгрөгийн 70%-иар тооцон 24,500,000 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож, энэ талаар төлбөр авагч, төлбөр төлөгч нарт мэдэгдэхээс гадна өдөр тутмын сонинд зарлуулсан байна.

 

Харин маргааны зүйл болсон, 95*** тоотод байрлах хувийн сууц, газар анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүйн улмаас шийдвэр гүйцэтгэгч нь 2016.11.11‑ний өдрийн 11/388 дугаар үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг гаргаж, талуудын харилцан тохиролцсон үнэ болох 35,000,000 төгрөгийн 50% буюу 17,500,000 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож, энэ талаар төлбөр авагч, төлбөр төлөгч нарт мэдэгдэхээс гадна өдөр тутмын сонинд зарлуулжээ.

 

5.6.Төлбөр төлөгч Л.Л нь 2016.11.21‑ний өдөр “...миний бие хөрөнгөө мэргэжлийн байгууллагаар үнэлүүлээгүй учир зах зээлийн бодит үнэлгээг мэдэхгүй байна, иймд эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар тогтоолгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий хүсэлтийг шийдвэр гүйцэтгэгчид гаргасан байх ба, НШШГ албаны 2017.01.24‑ний өдрийн 3/76 дугаар хариу мэдэгдэх хуудсаар түүнд “...Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1‑д зааснаар үнийн санал авахад 2016.09.29‑ний өдөр 35,000,000 төгрөгөөр үнэлж, саналаа өгснийг төлбөр авагч Эй Ар И Си Моргаж ББСБ ХХК хүлээн зөвшөөрсөн байна...иймд хүсэлтийг хүлээн авах боломжгүй...” гэсэн агуулга бүхий хариуг өгч шийдвэрлэжээ.

 

Дээрх шийдвэрийг төлбөр төлөгч Л.Л зөвшөөрөөгүй байх тул 2017.01.23‑ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, НШШГАнд холбогдуулан 2016.10.28‑ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн объектыг чөлөөлүүлэн, үнэлгээ хийлгэж, дахин дуудлага худалдаанд оруулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байх ба, шүүх иргэний хэрэг үүсгэн холбогдох ажиллагааг явуулж, 2017.04.07‑ны өдрийн 5269 дүгээр нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн захирамжаар “...нэхэмжлэгч Л.Л шүүх хуралдааны тов мэдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан байна.

 

5.7.Шүүхийн ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зогсоогүй байх ба, шийдвэр гүйцэтгэгч нь 2017.02.01‑ний өдөр төлбөрт санал болгох комиссын хурлыг зохион байгуулж, уг хуралд төлбөр авагчийг төлөөлж Ч.Ууганзул, А.Батгэрэл, төлбөр төлөгч Л.Л нар оролцсон байх ба, төлбөр төлөгч Л.Л “...миний хувьд шүүхэд хандсан байгаа, шүүхийн шийдвэр гартал 1 сарын хугацаа авах хүсэлтэй, бас нэг санал нь миний бусдад төлөх төлбөрийг төлбөр авагч тал төлбөл барьцаа хөрөнгийг шилжүүлж өгөхөд татгалзах зүйлгүй” гэж, төлбөр авагч ЭАИСМК ББСБ ХХК нь манайх бусдад төлөх төлбөрийг төлөх үүрэггүй, барьцаа хөрөнгийг шилжүүлэн авах саналтай байна” гэх мэт байдлаар харилцан тохиролцох ажиллагаа явагджээ.

 

Үүний үр дүнд НШШГ алба нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002/-ийн 48 дугаар зүйлийн 48.7, 54 дүгээр зүйлийн 54.2, Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1‑д заасныг үндэслэн төлбөр төлөгч Л.Лд төлбөрийг сайн дураар төлөх боломжит хугацааг тогтоож, 2017.02.08‑ны өдрийн дотор төлбөрийг төлбөр авагч ЭАИСМК ББСБ ХХК‑нд төлөх, төлөөгүй тохиолдолд төлбөр авагч ЭАИСМК ББСБ ХХК‑нд шилжүүлэн өгөхөөр шийдвэрлэсэн байна.

 

5.8.Улмаар НШШГА нь 2017.05.24‑ний өдрийн БЗД/78 дугаар албадан дуудлага худалдааны тогтоолыг хүчингүй болгох тухай тогтоолоор “...төлбөр төлөгч Л.Лн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 95*** тоотод байрлах, 35 м.кв талбайтай хувийн сууц, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг төлбөрт тооцож шилжүүлсэн...” гэсэн үндэслэлээр албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2016.10.14‑ний өдрийн 10/423, 2016.11.11‑ний өдрийн 11/388 дугаар тогтоолыг хүчингүй болгож,

2017.05.24‑ний өдрийн БЗД/79 дүгээр битүүмжилсэн, хураасан үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг чөлөөлөх тухай тогтоолоор 2016.01.26‑ны өдрийн 7433/01 дүгээр битүүмжлэх тогтоол, 2016.09.29‑ний өдрийн 7433/02 дугаар хураах тогтоолоор хураан авсан үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлж,

2017.06.12‑ны өдрийн 1/16915 дугаар “...төлбөр төлөгч Л.Лн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Баатархайрханы гудамж 95*** тоот 35 м.кв хувийн сууц, 700 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7‑д заасны дагуу төлбөрт тооцон шилжүүлж шийдвэрлэсэн тул 2016 оны 3/17311 дүгээр албан бичгээр түдгэлзүүлсэн захиран зарцуулах эрхийг сэргээж өмчлөх эрхийн гэрчилгээг ЭАИСМК ББСБ ХХК-ийн нэр дээр гаргаж өгнө үү...” гэсэн утга бүхий албан бичгийг Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн байна.

 

5.9.Төлбөр авагч ЭАИСМК ББСБ ХХК нь 2017.06.22‑ны өдрийн албан бичгээр “...үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн байгууллагын нэр дээр шилжүүлэн авсан, түүнчлэн зардал, урамшууллын гэрээний дагуу 740,886 төгрөгийг төлсөн тул гүйцэтгэх ажиллагааг эцэслэн дуусгавар болгож өгнө үү...” гэж хүссэн, тэрээр 2017.06.12-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч Ц.Бгийн урамшуулалд 740,886 төгрөгийг төлсөн, шийдвэр гүйцэтгэгч нь 2017.06.12‑ны өдрийн 758 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2‑т “төлбөр төлөгч төлбөрөө бүрэн төлсөн” гэсэн үндэслэлээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.11.04‑ний өдрийн 7433 дугаар шийдвэр, 5120 дугаар гүйцэтгэх баримт бичигтэй, төлбөр авагч ЭАИСМК ББСБ ХХК, төлбөр төлөгч Л.Лд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссанд тооцжээ.  

 

6.Ийнхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд, төлбөр авагч ЭАИСМК ББСБ ХХК нь 2017.05.23-ны өдөр Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст хүсэлт гаргаж, төлбөр төлөгч Л.Л нь нийт 10,481,866 төгрөгийн өр төлбөртөө маргааны зүйл болсон, өөрийн өмчлөлийн 95*** тоотод байрлах, 35 м.кв хувийн сууцыг шилжүүлэн өгч, 2017.06.13‑ны өдөр ЭАИСМК ББСБ ХХК-ийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан,

мөн 2017.05.23-ны өдөр төлбөр авагч ЭАИСМК ББСБ ХХК нь Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст хүсэлт гаргаж, 95*** тоотод байрлах, 700 м.кв газрыг тухайн байгууллагын ажилтан Нямдоржийн Даваажаргалын нэр дээр шилжүүлж, 2017.06.16‑ны өдөр Н.Дн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ бүртгэгдсэн байна.

 

Эдгээр ажиллагааны дунд, цаг хугацааны хувьд 2016.05.04‑ний өдөр төлбөр төлөгч Л.Л нь Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст хандан “... 7433 дугаар шүүгчийн захирамжийн дагуу өөрийн өмчлөлийн 95*** тоотод байрлах хувийн сууцыг ЭАИСМК ББСБ-д шилжүүлж өгөхийг, мөн ЭАИСМК ХХК‑ийн хүсэлтээр газрыг Н.Дн нэр дээр шилжүүлж өгнө үү...” гэсэн утгатай хүсэлт гаргаж байсан,  

 

2016.05.23‑ны өдөр төлбөр авагч ЭАИСМК ББСБ ХХК, төлбөр төлөгч Л.Л нар төлбөрт тооцож хөрөнгө шилжүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр төлбөр төлөгч Л.Л нь сайн дураар 10,481,866 төгрөгийн төлбөрт тооцуулан өөрийн өмчлөлийн, маргааны зүйл болсон 95*** тоотод байрлах 35 м.кв хувийн сууцыг төлбөр авагч ЭАИСМК ББСБ-д шилжүүлэн өгөхөөр хүсэлт гаргасныг төлбөр авагч ЭАИСМК ББСБ ХХК зөвшөөрч, шилжүүлэн авахаар харилцан тохиролцсон байх боловч уг гэрээ хэрэгжээгүй, энэ талаар зохигчид маргаагүй болно.  

 

7.Өөрөөр хэлбэл, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны санал болгох хурлын үеэр талуудын хооронд зөрүү төлбөр өгөх, авах талаар огт яригдаагүй, харин төлбөр төлөгч Л.Л бусдад төлөх төлбөрөө төлбөр авагч Эй Ар И Си Моргаж ББСБ ХХК-иар төлүүлэх санал гаргаж байсан нь тэмдэглэлд тусгагдсан, эцэст нь нэхэмжлэгч Л.Л нь өөрийн хүсэлтийн дагуу төлбөрт тооцон эд хөрөнгөө шилжүүлсэн, энэ талаарх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаж дууссан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон явдалд нэхэмжлэгч Л.Л тухайн үедээ хуульд заасан үндэслэл журмын дагуу ямар нэгэн гомдол гаргаагүй байна.

 

Иймд нэхэмжлэгч талын гаргасан “...хариуцагч ВК ББСБ ХХК нь тухайн үед зөрүү төлбөр өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй...” гэх тайлбар үгүйсгэгдэнэ.

 

8.Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019.03.14-ний өдрийн улсын бүртгэлийн нэгдсэн архивын лавлагаа, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, 2020.12.21-ний өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2019.01.09-ний өдрийн 14 тоот тушаал, ЭАИСМК ББСБ ХХК-ийн 2019.01.11-ний өдрийн хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэр зэрэг баримтуудаар ЭАИСМК ББСБ ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрлөөр оноосон нэрээ өөрчилж ВК ББСБ ХХК болгосныг 2019.01.22-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, тус байгууллага нь 2019.01.22-ны өдөр ВК ББСБ ХХК гэсэн нэрээр байгууллагын дүрмээ шинэчилсэн, Англи улсын 100%-ийн хөрөнгө оруулалтай компани байх бөгөөд ВК ББСБ ХХК гэсэн нэрээр улсын бүртгэлийн гэрчилгээг дахин авсан байна.

 

Өөрөөр хэлбэл, ЭАИСМК ББСБ ХХК нь 2013.10.25-ны өдрөөс 2019.01.22-ны өдрийг хүртэл  уг нэрээр эрх зүйн харилцаанд орж, эрх эдэлж, үүрэг хүлээсэн байх бөгөөд 2019.01.22-ны өдрөөс ВК ББСБ ХХК гэж оноосон нэрээ өөрчилсөн болох нь тогтоогдсон.

 

9.Улмаар ЭАИСМК ББСБ ХХК нь оноосон нэрээ ВК ББСБ ХХК болгон өөрчилсөнтэй холбогдуулан маргааны зүйл болсон, 95*** тоотод байрлах, 35 м.кв хувийн сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг 2019.10.04-ний өдөр ВК ББСБ ХХК-ийн нэрээр дахин гаргуулан авчээ.

 

НШШГА нь 2017.10.30-ны өдрийн 4/26845 тоот албан бичгээр Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст маргааны зүйл болсон, 95*** тоотод байрлах, 35 м.кв хувийн сууц, 700 м.кв газрын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх хүсэлт хүргүлснээр, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2017.11.13-ны өдрийн 8/1716 дугаар албан бичгээр захиран зарцуулах эрх түдгэлзүүлж, НШШГАны  2019.10.04-ний өдрийн 1/21239 дүгээр албан бичгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг сэргээлгэхээр  Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст хүсэлт хүргүүлсэн байна.

 

10.Нэхэмжлэгч Л.Л нь 2021.01.29-ний өдрийн шүүх хуралдаан дээр гэрчээр, шийдвэр гүйцэтгэгч Ц.Бг оролцуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хангасан байх бөгөөд гэрч Ц.Б нь 2021.08.30-ны өдөр “...2015.11.04-ний өдрийн 7433 дугаар шүүгчийн захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан, төлбөр төлөгч нь тухайн үед Эй Ар си Моргаж корпорэйшн ББСБ ХХК байсан, Лх өөрөө манай байгууллагад хүсэлт гаргасан, үүний дагуу үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэх хориг тавьж, түдгэлзүүлэх албан тоот явуулсан, ...газрын хувьд Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст төлбөр авагчийн нэрээр хүсэлтийг явуулсан, Лх манай даргатай уулзаад хүсэлт гаргасан, гуравдагч этгээдэд үүргийг шилжүүлэхгүй байх тухай манай байгууллагаас албан тоот явуулсан, шүүх дээр маргаантай байгаа учраас хорио тавиулах албан бичгийг явуулсан, ...маргааны зүйл болсон хөрөнгийн хаяг нь анх 10 дугаар хороо гэж байгаад 10 дугаар хороо нь салж 23 дугаар хороо болсон байгаа...” гэсэн агуулга бүхий мэдүүлгийг шүүхэд өгчээ.

 

Тодруулбал, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсны дараа  нэхэмжлэгч Л.Лн гаргасан хүсэлтийн дагуу маргааны зүйл болсон, 95*** тоотод байрлах хувийн сууц, газрын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх, сэргээх тухай дээр дурдсан албан бичиг НШШГ албанаас Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст дахин очсон байна.

 

Улмаар хариуцагч ВК ББСБ ХХК‑ийн ажилтан Н.Д нь байгууллагаас олгосон 2019.11.04-ний өдрийн итгэмжлэлийг үндэслэн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Цтай 2019.11.05-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Ц нь маргааны зүйл болсон, 95*** тоотод байрлах 700 м.кв газрыг Н.Даваажаргалаас 5,000,000 төгрөгөөр худалдан авсан, 2019.11.25-ны өдөр Ж.Цын нэр дээр газрын өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан,

Мөн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Цын гаргасан 2019.11.21-ний өдрийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийг үндэслэн, 10,000,000 төгрөгийн үнэтэй, 35 м.кв хувийн сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ 2019.11.25-ны өдөр ВК ББСБ ХХК-иас Ж.Цын нэр дээр гарч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Ц нь эцсийн байдлаар маргааны зүйл болсон, 95*** тоотод байрлах хувийн сууц, газрын өмчлөгч болсон үйл баримт тогтоогдсон.

 

11.Нэхэмжлэгч Л.Л нь 2021.01.29-ний өдрийн шүүх хуралдаан дээр 9*** тоотод байрлах хувийн сууц, газар, 95*** тоотод байрлах хувийн сууц, газрын зах зээлийн үнэ ханшийг тогтоолгох хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шинжээчээр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг томилсон байна.

 

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2021.03.04-ний өдрийн 95 дугаар шинжээчийн дүгнэлтээр 9*** тоотод байрлах хувийн сууц, газрын зах зээлийн үнэ ханшийг 13,430,000 төгрөг, 95*** тоотод байрлах хувийн сууц, газрын зах зээлийн үнэ ханшийг 16,170,000 төгрөг, нийтэд нь 29,600,000 төгрөг болохыг тогтоосон байх бөгөөд маргааны зүйл болсон 95*** тоот хувийн сууц нь харагдах байдлын хувьд гадна талдаа өнгө, үзэмж муутай, дан, дотор байдал мөн адил өнгө, үзэмж муутай, халцарсан модон шал /паркет/-тай болох нь шинжээчийн дүгнэлтийн хавсралт болох гэрэл зургаар тогтоогдож байна. Харин нэхэмжлэгч талаас гарган өгсөн 2021.08.16-ны өдрийн гэрэл зургаар 95*** тоотод байрлах хувийн сууц байхгүй байх ба, нураасан гэх тайлбарыг бичжээ.

 

Түүнчлэн нэхэмжлэгч Л.Лн хүсэлтийн дагуу маргааны зүйл болсон, 95*** тоотод байрлах хувийн сууц, газрын байдалд тус шүүхээс үзлэг хийж,  2021.09.29-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл, хавсаргасан гэрэл зургуудаар, 954 тоотод хашаанд 1 гэр, 1 шавар байшин, 1 цагаан өнгийн приус маркийн автомашин, 1 нурсан байшингийн суурь, 2 ширхэг жорлон байх ба, ...954 тоот нь а, б гэж тусгаарлагдсан хашаагүй бөгөөд нэхэмжлэгч Л.Лн тайлбарласнаар ...95*** талд 1 нураасан байшингийн суурь, урд талд нь 1 жорлон байрлаж байгаа нь тогтоогдсон байна.

 

12.Дээрх үйл баримтуудаас дүгнэн үзвэл, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.11.04‑ний өдрийн 7433 дугаар шүүгчийн захирамжийн дагуу явагдсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 34 дүгээр зүйл, 48 дугаар 48.7, 48.8-д заасан журмын дагуу явагдаж, хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т зааснаар төлбөр төлөгч Л.Л нь төлбөр авагч ВК ББСБ ХХК-нд төлбөрөө бүрэн төлсөн үндэслэл /10,481,866 төг + УТХ 101,933 төг = 10,583,799 төг/-ээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь 2017.06.12-ны өдөр нэгэнт дуусгавар болсон байх ба, нэхэмжлэгч Л.Л нь тус хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т зааснаар уг ажиллагааг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан өдрөөс, уг ажиллагаа хэзээ, хаана явагдсаныг мэдээгүй бол өөрт мэдэгдсэн өдрөөс хойш гомдлоо долоо хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг эс зөвшөөрвөл долоо хоногийн дотор шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй, тэрээр энэхүү эрхээ хэрэгжүүлээгүй, уг ажиллагаанд гомдол гаргаагүй, хуульд заасан гомдол гаргах хугацаа дууссан байна.

 

Иймд шүүх хариуцагч талын гаргасан “....тухайн үед нэхэмжлэгч Л.Лд зөрүү төлбөр өгөх асуудал огт яригдаагүй, энэ баримтаар нотлогдохгүй байгаа, зөрүү төлбөр өгөх асуудал байсан бол шийдвэр гүйцэтгэгч ажиллагааг дуусгахгүй байсан, хэрэв дуусгавар болгосон ажиллагаанд нь нэхэмжлэгч Л.Л гомдолтой байсан бол тухайн үедээ энэ асуудлаа шийдвэрлүүлэх байсан, шийдвэрлүүлээгүй хугацаа алдсан байна...” гэх тайлбарыг бодит байдалд нийцсэн гэж үзлээ.

 

13.Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага болох 13,796,201 төгрөгөө анхны албадан дуудлага худалдааны үнэ болох 24,500,000 төгрөгөөс гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөр болох 10,481,866 төгрөг болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 80,000 төгрөг, анхны болон хоёр дахь дуудлага худалдааны зарын үнэ 40,000 төгрөг, тэмдэгтийн хураамж 101,933 төгрөгийг тус тус хассан гэж задлан тайлбарлаж, уг 13,796,201 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 48 дугаар зүйлийн 48.7, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч ВК ББСБ ХХК-иас шаарджээ.

 

Зохигчдын маргааны зүйл болсон, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.11.04‑ний өдрийн 7433 дугаар шүүгчийн захирамжийн дагуу явагдсан, 95*** тоотод байрлах хувийн сууц, газартай холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан цаг хугацаанд хамааралтай байх тул тус хуулийн зохицуулалтуудыг үндэслэн зохигчид маргаж, шүүх уг хуулийн зохицуулалтыг үндэслэн маргааны үйл баримтад дүгнэлт хийж байгаа болно.

 

14.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 48 дугаар зүйлийн албадан дуудлага худалдаа зохион байгуулах гэсэн хэсгийн 48.7‑д “Албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгоно. Төлбөр авагч татгалзвал үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгчид, гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид тус тус буцаана”, 48.8-д “Төлбөр авагч нь Монгол Улсын иргэн бол албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газрыг энэ хуулийн 48.7-д заасны дагуу төлбөр авагчид санал болгож болно”,

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй”, 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж тус тус заасан.

 

Улсын дээд шүүхийн 2007 оны 43 дугаар тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарласан байх бөгөөд тус тогтоолын 16 дугаар зүйлийн 16.2‑т “ Мөн зүйлийн 48.7-д заасан “албадан дуудлага худалдаа” гэдэгт  анхны болон хоёр дахь дуудлага худалдааны аль аль нь хамаарна. Албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй эд хөрөнгийг төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгохдоо дуудлага худалдаанд оруулсан үнийн дүнгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад гарсан зардлыг хасаж тооцно” гэжээ.

 

15.Энэхүү тайлбараар талуудад анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны үнийг сонгох боломжийг олгоогүй, үнийн талаар тусгайлан тайлбарлаагүй, харин албадан дуудлага худалдаанд анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны аль аль нь хамаарахаас гадна, энэхүү дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгохдоо дуудлага худалдаанд оруулсан үнийн дүнгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад гарсан зардлыг хасаж тооцох аргачлал /журам/-ыг тодорхойлж өгсөн гэж үзэхээр байх ба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасан зохицуулалтаар нэхэмжлэгч Л.Л нь 2017.02.01-ний өдрийн санал болгох комиссын хурлын шийдвэрийн дагуу зөрүү төлбөр шаардах хууль зүйн боломжгүй, уг зохицуулалтын үр дагавар нь “...төлбөр авагч татгалзвал үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгчид, гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид тус тус буцаах...” агуулгатай байна.

 

Тиймээс нэхэмжлэгч талын гаргасан “...2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д зааснаар зөрүү төлбөр өгөх, авах асуудал шууд зохицуулагдаагүй боловч Улсын дээд шүүхийн 2007 оны 43 дугаар тогтоолыг үндэслэн практикт зөрүү төлбөрийг өгч, авалцдаг байсан, уг тогтоолоор анхны болон хоёр дахь дуудлага худалдааны аль ч үнийн дүнг сонгож зөрүүг тооцох боломжтой...” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй, уг тайлбар үндэслэлгүй юм.  

 

Түүнчлэн нэхэмжлэгч талын тайлбарласнаар тус маргаанд Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.5.4-т “барьцааны зүйлийг дуудлага худалдаагаар худалдсанаас олсон орлогоос үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлага, дуудлага худалдаа явуулахтай холбогдсон болон бусад зайлшгүй зардлыг хасаад үлдсэн хэсгийг өөртөө шилжүүлэхийг шаардах” эрхтэй гэж заасныг төсөөтэй хэрэглэх хууль зүйн боломжгүй, энэхүү маргааны зүйл нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй эд хөрөнгө болох 95*** тоотод байрлах хувийн сууц, газартай холбоотой, харин Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.5.4 дэх заалт нь барьцааны зүйлийг дуудлага худалдаагаар худалдсантай холбоотой шаардах эрхийн зохицуулалт байх ба, уг маргаанд хамааралгүй болохыг дурдав.

 

16.Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүсэх эрх зүйн харилцаа нь нэг талаас гэрээний бус харилцаанд хамаардаг атлаа гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаа болдоггүй, нөгөө талаас гэрээний бус харилцаа боловч гэрээний харилцаанаас үүдэлтэй байх боломжтой байдаг онцлогтой.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Л.Л, хариуцагч ВК ББСБ ХХК-ийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон үйл баримт тогтоогдохгүй, харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-д заасан тусгайлсан журмын дагуу явагддаг шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаатай холбоотой маргаан буюу зөрүү төлбөрийн асуудлыг хариуцагч ВК ББСБ ХХК хариуцах хууль зүйн үндэслэлгүй, түүнийг санал болгох комиссын хурлын шийдвэрийн дагуу зөрүү төлбөр 13,796,201 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх хууль зүйн боломжгүй юм.

 

17.Нөгөө талаар, гэм хорыг арилгах үндэслэл, шаардах эрх нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, хохирогчид учирсан хохиролтой шууд шалтгаант холбоотой байхаас гадна гэм буруу нь тогтоогдсон байхыг шаарддаг онцлогтой.

 

Нэхэмжлэгч Л.Л нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад өөрийн төлөх ёстой өр төлбөрт тооцон, өөрийн өмчлөлийн маргааны зүйл болсон, 95*** тоотод байрлах хувийн сууц, газрыг хариуцагч ВК ББСБ ХХК-нд шилжүүлэн өгч, өр төлбөрөө бүрэн төлсөн явдалд хариуцагч ВК ББСБ ХХК-ийн гэм буруутай, хууль бус үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдохгүй байх бөгөөд үүний улмаас нэхэмжлэгч Л.Л нь санал болгох комиссын хурлын шийдвэрийн дагуу зөрүү төлбөр 13,796,201 төгрөгөөр хохирсон байх хууль зүйн үндэслэлгүй, хариуцагч ВК ББСБ ХХК-ийн гэм буруутай үйлдэл, нэхэмжлэгч Л.Лд учирсан хохирлын хооронд ямар нэгэн шалтгаант холбоо тогтоогдсонгүй.

 

18.Иргэдийн төлөөлөгч Б.Цэцэгмаа нь “...зохигчдын хооронд зээл өгсөн, авсан талаарх маргаан үүссэн, нэхэмжлэгч тухайн үедээ зөрүү мөнгөө авах талаар гомдол гаргаад явсан бол нэхэмжлэгчийн зөв байх байсан, ийм учраас нэхэмжлэгчийн шаардлагыг дэмжиж байна...” гэсэн агуулга бүхий дүгнэлт гаргасныг шүүх дээр дурдсан хууль зүйн үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ.

 

Иймд нэхэмжлэгч Л.Л нь санал болгох комиссын хурлын шийдвэрийн дагуу зөрүү төлбөр 13,796,201 төгрөгөөр хохирсон гэж үзэх үндэслэлгүй, нөгөө талаар хариуцагч ВК ББСБ ХХК нь 13,796,201 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн байх боломжгүй, нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй байх тул ВК ББСБ ХХК-нд холбогдох санал болгох комиссын хурлын шийдвэрийн дагуу зөрүү төлбөр 13,796,201 гаргуулах тухай Л.Лн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.  

 

19.Нэхэмжлэгч Л.Л нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.  

 

Нэхэмжлэгч Л.Лн 2016.11.24-ний өдөр тэмдэгтийн хураамжид төлсөн 261,200 /191,000 төг + 70,200 төг/ төгрөг, 2021.09.07-ны өдөр тэмдэгтийн хураамжид төлсөн 383,131 төгрөг, нийт 644,331 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.3.-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д зааснаар ВК ББСБ ХХК-нд холбогдох санал болгох комиссын хурлын шийдвэрийн дагуу төлбөрт тооцон шилжүүлсэн хөрөнгийн зөрүү болох 13,796,201 төгрөг гаргуулах тухай Л.Лн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Л.Л нь хариуцагч Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Лн тэмдэгтийн хураамжид төлсөн 644,331 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

                  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ЭНХТУЯА

 

   ШҮҮГЧИД                                                        И.АМАРТӨГС

                                                                           

          Ж.БАЙГАЛМАА