Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 182/ШШ2021/02149

 

2021 10 01 182/ШШ2021/02149

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Ж.Байгалмаа, Т.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Л.Л-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “В К” ХХК-нд холбогдох,

 

Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 2 А хэсэг, Баатархайрханы 954а хаягт байрлах газар ба хувийн сууц,954б тоот хаягт байрлах газар ба хувийн сууцыг өмчлөлдөө шилжүүлэхийг даалгах, гэм хорын хохиролд 45,036,100 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, иргэдийн төлөөлөгч М.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Нэхэмжлэгч Л.Лминий бие “В К” ХХК-аас өөрийн Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг 23 дугаар хороо 2А хэсэг Баатархайрханы 954А, 954Б тоотод байрлах хоёр үл хөдлөх хөрөнгөө газрын хамтаар барьцаалж хоёр удаагийн зээл авсан. Энэ хоёр зээлийг төлүүлэхээр “В К” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргахад шүүх дээр эвлэрч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 4-ны өдрийн №7433, 7448 хоёр эвлэрлийн захирамж гарсан. Уг хоёр захирамжинд 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн захирамжаар өөрчлөлт оруулж 1 дэх хэсэгт төлбөрт тухайн үл хөдлөх хөрөнгийг тооцож гаргуулах хэсгийг хассан байгаа. Тийм учраас Л.Лнадад учруулсан гэм хор болно.

Энэ хоёр газар дээр миний барьсан хоёр байшин байсан бөгөөд бидний гэр бүл амьдралынхаа тодорхой хэсгийг өнгөрүүлсэн орон гэр минь байлаа. Хүний орон гэр гэдэг бол Үндсэн хуульд заагдсанаар халдашгүй байх ёстой гэтэл зөвхөн мөнгө төлөх ёстой асуудал дээр иргэн намайг дарамт шахалтанд оруулж төөрөгдүүлэн эвлэрч эд хөрөнгийг минь үрэн таран хийсэнд гомдолтой байна. Тэгээд ч гаднын 100% хөрөнгө оруулттай болох “В К” ХХК буюу ББСБ-д газрыг шилжүүлэн өгсөн нь хууль бус үйлдэл юм. Иймд би нэхэмжлэлийн шаардлагаа шударга шүүхээр үнэ зөв шийдвэрлүүлэхийг хүсэж байна. Иймд Баянзүрх дүүрэг 23-р хороо 2 А хэсэг Баатархайрханы 954А болон 954Б тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгүүдийг хууль бус өмчлөлөөс чөлөөлүүлэх, гэм хорын хохиролд хуучин байшингийн үнэ 14,800,000 /арван дөрвөн сая найман зуун мянга/ төгрөг, 30,236,100 /гучин мянга хоёр зуун гучин зургаан мянга нэг зуун/ төгрөг нь шинэ байшин бариулах барилгын материалын зардал, нийтдээ 45,036,100 /дөчин таван сая гучин зургаан мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч “В К” ХХКнь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Л.Лнь 2015 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр ЗГ2014/01/02 тоот зээлийн гэрээ байгуулан 5000 ам.долларын зээл авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар БГ2014/01/02 тоот барьцааны гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн 10-р хороо, Баатархайрхан гудамж 954 тоот хувийн сууцыг 700 м.кв газрын хамт барьцаалуулсан. Зээлээ төлөхгүй байсан тул ББСБ нь Л.Лаас нийт 11,050,841 /арван нэгэн сая тавин мянга найман зуун дөчин нэгэн төгрөг/ гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд талууд эвлэрэн хэлэлцэж төлбөрийн дүндээ барьцааны зүйл болох хувийн сууцыг газрын хамт нэхэмжлэгчид шилжүүлэн өгөхөөр тохиролцсоныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 сарын 05-ны өдрийн 7448 тоот захирамжаар баталсан. Энэхүү захирамжийн дагуу дээрх хөрөнгө ББСБ-д шилжиж ирсэн. Ийнхүү эвлэрэн хэлэлцэх үед бид тухайн хөрөнгийг үнэлэх болон зөрүү төлбөр төлөхөөр хэлцэл хийгээгүй болно. ББСБ нь хуулийн дагуу өмчлөлдөө шилжин ирсэн үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн хохирлыг тооцон 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдсан. Энэхүү хэлцэл нь Л.Лд огт хамааралгүй хэлцэл юм. Тиймээс ББСБ Л.Лхагвадуламд аливаа төлбөр төлөх үндэслэлгүй.

Л.Лнь 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ЗГ2014/09/03 тоот зээлийн гэрээ байгуулан 5000 ам.доллар зээлэхдээ БГ2014/09/03 тоот барьцааны гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн 10-р хороо, Баатархайрхан гудамж 954 тоот 35 м.кв талбайтай хувийн сууцыг 700 м.кв газрын хамт барьцаалуулсан. Зээлээ төлөхгүй байсан тул ББСБ нь Л.Лхагвадуламаас 10,481,866 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд талууд шүүхийн шатанд эвлэрэн хэлэлцэж Л.Лнь дээрх төлбөрийг 2015 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн дотор төлж барагдуулах, сайн дураараа төлөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхээр тохиролцсоныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 сарын 04-ны өдрийн 7433 тоот захирамжаар баталсан. Төлбөрөө сайн дураараа төлөөгүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албатай зардал, урамшууллын гэрээ байгуулан ажиллагаа хийлгэсэн боловч төлбөр төлөгч олдохгүй байна гэсэн шалтгаанаар ажиллагаа зогсонги байсан. Энэ хооронд Л.Лнь ББСБ-ийн зээлийн мэргэжилтэнтэй холбоо барьж, сонинд зар тавьж тус сууцыг худалдахаар тохирсон боловч тус хэлцэл амжилтгүй болсон. Энэхүү хөрөнгийг худалдан борлуулахаар 2 удаагийн албадан дуудлага худалдаанд оруулсан боловч зарагдаагүй тул санал болгох хурлаар хэлэлцэн ББСБ төлбөртөө тооцон авахаар санал өгсөн байгаа. Тус хөрөнгийн түлхүүрийг Л.Лөөрөө одоо эзэмшиж байгаа хүмүүст өгсөн гэдэг бөгөөд тэрхүү хүмүүс нь ББСБ-ийн ажилтнууд бус хөндлөнгийн хүмүүс юм. Тиймээс үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэх хүсэлт нь мөн үндэслэлгүй юм.

Үл хөдлөх эд хөрөнгүүдийг өмчлөлдөө шилжүүлэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Учир нь эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүд өнөөдөр тус ББСБ-ын өмчлөлд байхгүй. Бүгд гуравдагч этгээд Цээлхамын өмчлөлд бий. Иймд энэ шаардлагыг ББСБ хангах үндэслэлгүй. 954Б хаягт байгаа хувийн сууцыг нураасан үйлдлийг ББСБ хийгээгүй. Иймд энэ сууцыг барих зардал, хохирол гэх төлбөрийг “В К” ХХКхариуцах үндэслэлгүй гэв.

 

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгчийн байшинг нураасан байх тул нэхэмжлэгч Л.Лд газрыг нь өгөх нь зүйтэй. Учир нь Л.Лөнөөдөр орох оронгүй явж байна гэв.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Лнь хариуцагч “В К” ХХК болон Санхүүгийн зохицуулах хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ихэсгэх, багасгах, өөрчлөх зэргээр эрхээ удаа дараа эдэлж байсан байх ба хариуцагч Санхүүгийн зохицуулах хороонд холбогдуулсан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, тус байгууллагыг энэхүү хэрэг маргаанд хариуцагчаар оролцуулахаас татгалзсан болно.

 

Харин нэхэмжлэгч Л.Лнь харицуагч “В К” ХХК-нд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа, эцсийн байдлаар тодруулан дараах үл хөдлөх эд хөрөнгүүдийг өмчлөлдөө шилжүүлэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.Үүнд:

1.    Баянзүрх дүүрэг 23-р хороо 2 А хэсэг Баатархайрханы 954а хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204040695 дугаартай хувийн сууц,

2.    Баянзүрх дүүрэг 23-р хороо 2 А хэсэг Баатархайрханы 954а хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2204003894 дугаартай газар өмчлөх эрх,

3.    Баянзүрх дүүрэг 23-р хороо 2 А хэсэг Баатархайрханы 954б хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү- 2204020595 дугаартай хувийн сууц,

4.    Баянзүрх дүүрэг 23-р хороо 2 А хэсэг Баатархайрханы 954б хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2204003255 дугаартай газар өмчлөх эрх

 

Тэрээр дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг өмчлөлдөө шилжүүлэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Монгол Улсын иргэн бус этгээд иргэний хувийн өмчийн газрыг барьцаалах, өөрийн болон өөрийн ажилтны нэр дээр шилжүүлэн авах эрхгүй. Энэ нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хуулийг зөрчсөн хууль бус үйлдэл болсон, үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлсэн үйл явц бүхэлдээ хууль зөрчсөн гэх байдлаар ерөнхийлөн тайлбарлаж, мэтгэлцэж байна. Хариуцагч тус нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн үл хөдлөх эд хөрөнгүүдийг хууль бус өмчлөлөөс чөлөөлүүлэх шаардлагыг өмчлөгч биш этгээд болох “В К” ХХК-д холбогдуулж байгааг сайн ойлгохгүй байгаа хэдий ч өмчлөлдөө шилжүүлэхийг даалгуулах шаардлага гаргасан гэж үзэн хариу тайлбараа гаргаж байна. Гэвч эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүд өнөөдрийн байдлаар “В К” ХХК -ийн өмчлөлд байхгүй. Хамгийн сүүлд 954 б хаягт байх хоёр үл хөдлөх эд хөрөнгө нь 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр буюу 2 жилийн өмнө гуравдагч этгээд Ж.Цээлхамын өмчлөлд шилжсэн байх тул бид энэ нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах үндэслэлгүй гэж маргаж байна.

 

Мөн нэхэмжлэгч Л.Лнь хариуцагч “В К” ХХК-нд холбогдуулан гэм хорын хохиролд 45,036,100 төгрөг шаардаж байх ба тус шаардлагын үндэслэлийг 954б хаягт байрлах хувийн сууцыг хариуцагч нураасан бөгөөд тус сууцны үнэлгээг шинжээч 14,800,000 төгрөгөөр тогтоосон тул энэ үнэ, түүнчлэн шинээр сууц барих материалын зардал 30,236,100 төгрөгийг гаргуулах үндэстэй гэж тайлбарлаж байна. Хариуцагч дээрх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн уг сууцыг хариуцагч нураагаагүй, түүнийг “В К” ХХКнураасан болохыг нотлох баримт хэрэгт авагдаагүй гэж хариу маргаж байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад тогтоогдсон дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

1.  Нэхэмжлэгч нь хариуцагч “В К” ХХК нь өнөөдрийн байдлаар дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч биш болох үйл баримтын тухайд маргаагүй. Энэ талаар хэрэгт авагдсан нотлох баримттай танилцсан. Тэрээр 954б хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү- 2204020595 дугаартай хувийн сууцыг нураасан буюу хууль бусаар буулгасан гэх агуулгаар хохирол гаргуулах шаардлагыг “В К” ХХК -д холбогдуулан гаргаснаас өөрөөр бусад үл хөдлөх эд хөрөнгүүдтэй холбоотой хохирлын шаардлага гаргаагүй, энэ талаар тодруулсан шүүхийн асуултад хоёр эдэлбэр газрын өмчлөх эрх /Г-2204003894, Г-2204003255/ болон 954а хаягт байх хувийн сууц /Ү-2204040695/-ыг өмчлөлдөө шилжүүлэхийг даалгуулах шаардлагатай болохоо хоёрдмол утгагүй илэрхийлэн оролцож байна.

Дөрөвдүгээр хавтаст хэргийн 144 дүгээр талд маргаан бүхий дөрвөн үл хөдлөх эд хөрөнгийн өнөөгийн өмчлөлийн талаарх эрхийн улсын бүртгэлийн лавлагаа авагдсан байх ба иргэн Ж.Ц нь Баянзүрх дүүрэг 23-р хороо 2 А хэсэг Баатархайрханы 954а хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204040695 дугаартай хувийн сууцыг 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2204003894 дугаартай газар өмчлөх эрхийг 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр, 954б хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204020595 дугаартай хувийн сууцыг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2204003255 дугаартай газар өмчлөх эрхийг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тус тус худалдан авч өмчлөлдөө шилжүүлжээ.

Нэхэмжлэгч нь хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэн эд хөрөнгийг буцаан өмчлөлдөө шилжүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байх атлаа хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргаан бүхий дөрвөн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох Ж.Цыг хариуцагчаар тодорхойлоогүй, энэ шаардлагаа холбогдуулах этгээд нь “В К” ХХКгэж үзэж байна. Улмаар “В К” ХХК-ийг Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж Монгол Улсын газрыг гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага зээлийн барьцаанд авсан, улмаар өөрийн ажилтнаараа дамжуулан өмчлөлдөө байлгасан, бусад этгээдэд дамжуулан худалдсан хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд гэж тодорхойлж буй атлаа хохирол нэхэмжлээгүй, хариуцагчийн өмчлөлд байхгүй тухайлсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэхэмжилж байна.

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй этгээдээр оролцож буй гуравдагч этгээд болох Ж.Цыг оролцуулахаар хуульд заасан арга хэмжээг авсан боловч тэрээр шүүх хуралдаанд оролцохгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай тул өөрийн эзгүйд хурлыг хийлгүүлэх саналыг удаа дараа гаргаж байсан болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэгэнт хариуцагч “В К” ХХК -ын өмчлөлд байхгүй үл хөдлөх эд хөрөнгийг түүний өмчлөлөөс гаргуулан нэхэмжлэгчид олгох хууль зүйн боломжгүй тул маргаан бүхий дөрвөн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн боломжгүй юм.

 

2.  Нэхэмжлэгч Л.Лхариуцагчид холбогдуулан Баянзүрх дүүргийн 23-р хорооны Баатархайрханы 954б хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204020595 дугаартай хувийн сууцыг нураасан, буулгасны хохиролд 45,036,100 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо тооцон 45,036,100 төгрөгөөр тодорхойлсон арга нь өөр хоорондоо зөрчилтэй буюу хувийн сууцыг хөрөнгийн үнэлгээчин 14,800,000 төгрөгөөр тогтоосон гэж тайлбарлаж буй атал шинэ сууц барих материалын зардал болох 30,236,100 төгрөгийг нэмж гаргуулахаар шаардан, эдгээрийн нийлбэр дүнгээр хохирлоо тодорхойлсон нь ойлгомжгүй болжээ. Зүй нь устгагдсан сүйтгэгдсэн гэх эд зүйлийн үнийг нэхэмжилж байгаа бол тухайн зүйлийг шинээр дахин бий болгоход холбогдох зардлыг нэмж шаардах нь хохирлын дүнг давхардуулан тодорхойлсон болох юм. Энэ талаар нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг гаргасан шүүх хуралдаан болон хэлэлцүүлгийн шүүх хуралдааны явцад тодруулсан боловч өөрийн шаардлагыг ойлгомжтой гэж үзэж байгаагаа нэхэмжлэгч тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч энэ шаардлагын үндэслэлээ хариуцагч “В К” ХХКхувийн сууцыг нураасан гэм буруутай гэж үзэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийг үндэслэн тодорхойлж байна. Хэрэв нэхэмжлэгч гэм хорын эрх зүйн үүднээс шаардлага гаргасан бол хариуцагч гэм буруугүй болохоо нотлох үүрэгтэй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн үзлэгээр 954б хаягт хувийн сууц бодитоор байхгүй буюу сууцны суурь үлдсэн нөхцөл байдал тогтоогдсон. Гэсэн хэдий ч уг үл хөдлөх эд хөрөнгийг иргэн Ж.Ц худалдан авах харилцаа 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хийгдсэн байгаагаас үзвэл уг хувийн сууц тухайн цаг мөчид байсан гэх үндэстэй байна. Нэгэнт бусдын өмчлөлд шилжүүлэх үед байсан хувийн сууцыг ийнхүү бусад этгээд өмчлөлдөө шилжүүлэн авсны дараа “В К” ХХКнурааж, буулгасан гэж дүгнэх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг энэ үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

3.  Хэдийгээр нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 954б тоот хаягт байрлах Ү-2204020595 дугаартай хувийн сууцыг устгасан нураасан үндэслэлээр 45,036,100 төгрөгийн хохирол гаргуулах шаардлагад гэм хорын эрх зүйгээс өөр үндэслэл тодорхойлж маргаагүй боловч ийнхүү хохирлын шаардлага гаргах хууль зүйн бусад үндэслэл бий эсэх, тодруулбал Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д заасан хохирол учруулсан эсэх талаар шүүх дүгнэлт өгөх нь зүйтэй. Учир нь нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагын хүрээнд “В К” ХХК-ийг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг зөрчиж үл хөдлөх эд хөрөнгүүдийг дамжуулан шилжүүлсэн гэж хариуцагчийг буруутгаж байгаа. Энэ үндэслэлээр 954б тоот хаягт байсан хувийн сууцтай холбогдуулан гаргасан хохирлын шаардлагыг гаргах боломжтой эсэхийг нотлох баримтын хүрээнд шүүхээс шалгах нь зүйтэй байна.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 7433 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамжаар хариуцагч Л.Лнь 5,236.12 ам.доллар буюу 10,481,866 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дотор Эй Ар И Си Моргэж корпорэшн ББСБ /тухайн үеийн нэрээр “В К” ХХК-нд төлөх, хэрэв гэрээний үүргээ сайн дураар биелүүлэхгүй бол Баянзүрх дүүргийн 10-р хороо /тухайн үеийн хороо хуваарилалтаар/-ны Баатархайрханын 954б тоот хаягт байрлах Ү-2204020595 дугаартай хувийн сууц, Г-2204003255 дугаартай өмчлөх эрх бүхий газрын барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон эвлэрлийг баталгаажуулжээ. /нэгдүгээр хх-ийн 38 дугаар тал/

 

Улмаар тус захирамжийг албадан гүйцэтгэх хуудсыг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр бичиж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 3/9600 дугаартай албан бичгээр Ү-2204020595 дугаартай хувийн сууцыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхийг Баянзүрх дүүргийн эрхийн улсын бүртгэл, статистикийн хэлтсээс хүсэж, 7433 дугаартай шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгааг дурджээ. /3-р хх-ийн 46, 47-р тал/. Энэ албан бичгийн мөрөөр үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн талаар Баянзүрх дүүргийн улсын бүртгэл, статистикийн хэлтсээс шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад буцаан мэдэгдсэн байна. /3-р хх-ийн 52 дугаар тал/.

 

Ингэснээр Л.Лхагвадуламын өмчлөлийн 954б хаягт байрлах хоёр үл хөдлөх эд хөрөнгө, түүний дотор Ү-2204020595 дугаартай хувийн сууцыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн шийдвэр гүйцэтгэлийн гурван ажиллагаа явагдах болсон байна. Тодруулбал,

1Баянзүрх, Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 5745 дугаартай Л.Лхагвадуламаас 1,100,000 төгрөг гаргуулах тухай шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа,

2) Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 7433 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамжийг биелүүлэх ажиллагаа,

3) Баянгол, Хан-Уул Сонгино хайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 00593 дугаартай Л.Лхагвадуламаас 1,827,600 төгрөг гаргуулах тухай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болно.

 

Шийдвэр гүйцэтгэлийн эдгээр ажиллагаа тус бүрт 954б хаягт байрлах хоёр үл хөдлөх эд хөрөнгийг, эсхүл нэг хөрөнгийг нь захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхийг хүссэн дараах албан тоотуудыг Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас хүргүүлж байжээ. Үүнд:

1)  Баянзүрх, Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 5745 дугаартай Л.Лхагвадуламаас 1,100,000 төгрөг гаргуулах тухай шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаанын хүрээнд 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 3/17311 дугаартай албан бичиг /3-р хх-ийн 53, 52 дугаар тал/

2)  Баянгол, Хан-Уул Сонгино хайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 00593 дугаартай Л.Лхагвадуламаас 1,827,600 төгрөг гаргуулах тухай шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 3/2301 дугаартай албан бичиг /3-р хх-ийн 42, 43 дугаар тал/ (энэ ажиллагааны дагуу гагцхүү газрын өмчлөх эрхийг битүүмжилсэн)

3)  Хянан шийдвэрлэж байгаа энэхүү хэрэгт холбогдох 7433 дугаартай шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 3/9600 дугаартай албан бичиг /3-р хх-ийн 45, 46 дугаар тал/.

 

Энэхүү хэрэг маргаантай холбоотой шийдвэр болох 7433 дугаартай шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагаа эхлүүлснээс хойш хэдэн сарын дараа буюу 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас Баянзүрх дүүргийн эрхийн улсын бүртгэлийн хэлтэст 1/21633 дугаартай албан бичгийг хүргүүлж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 7433 дугаартай захирамжийн дагуух шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсныг мэдэгдэн битүүмжилсэн үл хөдлөх эд хөрөнгө болох Ү-2204020595 дугаартай хувийн сууцыг захиран зарцуулах эрхийг сэргээж болохыг дурджээ /3-р хх-ийн 56 дугаар тал/. Хэдийгээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон талаар ийнхүү дурдсан байх боловч 7433 дугаар захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүнээс хойш ч явагдсаар байсан нь 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр уг үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол /3-р хх-ийн 57 дугаар тал/, уг тогтоолыг хүчингүй болгосон 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн тогтоол /3-р хх-ийн 64 дүгээр тал/-уудаар тус тус тогтоогдож байна.

 

Түүнчлэн, 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст 1/17571 дугаартай албан бичгийг хүргүүлж, 7433 дугаартай захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгааг дурдан ...Төлбөр төлөгч Л.Лын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 10-р хороо Баатархайрханы гудамж 954б тоот 35 мкв талбайтай хувийн сууц /тус албан бичгийн жич хэсэгт эрхийн улсын бүртгэлийн Ү-2204020595 дугаарыг тэмдэглэсэн байна/ ...-ыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасны дагуу төлбөрт тооцон шилжүүлж шийдвэрлэсэн тул 2016 оны 3/17311, 3/2301 дүгээр албан бичгүүдээр түдгэлзүүлсэн захиран зарцуулах эрхийг сэргээж өмчлөх эрхийн гэрчилгээг Эй Ар И Си моргэж ББСБ-ын нэр дээр гаргаж өгнө үү гэжээ /3-р хх-ийн 58 дугаар тал/.

 

Дээрх байдлаас дүгнэж үзвэл шүүхийн шийдвэрүүдийг албадан гүйцэтгэхтэй холбоотой дээрх гурван ажиллагаанд холбогдох шийдвэр гүйцэтгэгч, түүнд хяналт тавих эрх бүхий этгээд хайхрамжгүй хандсан буюу албадан гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болоогүй байхад 7433 дугаартай ажиллагааг дуусгавар болгосон тухай бичиг Баянзүрх дүүргийн эрхийн улсын бүртгэл, статистикийн хэлтэст хүргүүлж холбогдох битүүмжлэлийг зогсоолгосон; 7433 дугаартай захирамжийн албадан гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д зааснаар дуусгавар болсныг дурдахдаа уг үл хөдлөх эд хөрөнгүүдтэй холбоотой хэрэгжиж байсан өөр ажиллагааны битүүмжлэлийг зогсоохыг хүссэн; түүнчлэн 48.7-д хамаарахгүй газар өмчлөх эрхийг гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн нэр дээр шилжүүлэх нь хуульд нийцэх мэт тэмдэглэсэн[1] зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна.

 

Улмаар шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь заалтад хамаарахгүй хэсэг болох газрын өмчлөх эрхийн битүүмжлэлийг зогсоохыг хүсэж 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 1/26129 дугаартай албан бичгийг Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн байх ба ийнхүү битүүмжлэлийг зогсоох, сэргээх хооронд маргаан бүхий хувийн сууц иргэн Ж.Цын нэр дээр шилжих хэлцлүүд нэгэнт хийгдсэн байжээ. /3-р хх-ийн 73, 76 дугаар тал/ Иргэн Ж.Ц болон “В К” ХХКнар нь 954б хаягт байрлах маргаан бүхий хувийн сууцыг шилжүүлэх хэлцлийг хууль бусаар байгуулсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Эдгээр нөхцөл байдлууд нь эрх зүйн үр дагаврын хувьд Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Баатархайрханы 954б хаягт байрлах Ү-2204020595 дугаартай хувийн сууцны хувьд өмчлөх эрхийг “В К” ХХК-д хууль бусаар шилжүүлсэн гэх дүгнэлтэд шууд хүргэхгүй байна. Учир нь тухайн үед төлбөр төлөгч Л.Лболон төлбөр авагч “В К” ХХКнь хувийн сууцыг төлбөртөө тооцон авах тохиролцоо хийх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасныг зөрчөөгүй байна. Тодруулбал, хувийн сууц нь газар өмчлөх эрх бус тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д тодорхойлсон хязгаарласан үл хөдлөх эд хөрөнгөд хамаарахгүй байна. Шийдвэр гүйцэтгэгч битүүмжлэл зогсоохтой холбоотойгоор Баянзүрх дүүргийн эрхийн улсын бүртгэлийн хэлтэст илгээсэн хүсэлтдээ албан бичгүүдийн дугаарыг хольж, алдаа гаргасан хэдий ч 7433 захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хувийн сууцыг төлбөр авагч өмчлөлдөө шилжүүлэн авах үед аль аль битүүмжлэл нэгэнт зогссон байжээ. Иймд нэхэмжлэгч Л.Лхагвадуламд хариуцагч “В К” ХХК/тухайн үеийн нэрээр Эй Ар И Си Моргэж Корпорэшн/-аас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсгийг баримтлан Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Баатархайханы 954б хаягт байрлах Ү-2204020595 дугаартай хувийн сууцыг хүчин төгөлдөр бус хэлцлээр бусдад шилжүүлснээс учирсан хохиролд 45,036,100 төгрөгийг гаргуулах хууль зүйн боломжгүй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох гэм хорын хохиролд 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасантай нийцнэ.

 

Иргэдийн төлөөлөгч М.О нь нэхэмжлэгчийн байшинг нураасан байх тул нэхэмжлэгч Л.Лхагвадуламд газрыг нь өгөх нь зүйтэй. Учир нь Л.Лөнөөдөр орох оронгүй явж байна гэх агуулга бүхий дүгнэлт гаргасан байх ба тус шүүхийн шийдвэрийн өмнө хэсэгт дурдсан хууль зүйн үндэслэлээр иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг дэмжих боломжгүйг дурдаж байна.

 

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нийт 2 удаа өөрчилж, 2 удаа нэмэгдүүлэх хүсэлт гаргасан байх ба шүүхээс нэмэгдүүлсэн шаардлагуудыг тухай бүр хүлээн авахаас татгалзаж, улсын тэмдэгтийн хураамжийг буцаан гаргуулахаар шийдвэрлэж байжээ. Шүүх хүлээн авч, ажиллагаа хийсэн нэхэмжлэлийн шаардлагуудын хувьд улсын тэмдэгтийн хураамжид нийт 453,331 төгрөг төлсөн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн төлсөн 453,331 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.    Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасны дагуу хариуцагч “В К” ХХКнд холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг 23-р хороо 2а хэсэг Баатархайрханы 954а болон 954б тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгүүдийг өмчлөлдөө шилжүүлэхийг даалгуулах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204020595 дугаартай хувийн сууцыг нураасан гэм хорын хохиролд 45,036,100 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу нэхэмжлэгч Л.Лнь хариуцагч Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 453,331 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

5.    Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

6.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА

 

 

Ж.БАЙГАЛМАА

 

 

Т.ЭНХТУЯА