Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2020/00254

 

Л.Л-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2019/00473 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 845 дугаар магадлалтай,

Л.Л-ын нэхэмжлэлтэй,

В К ББСБ ХХК, СЗХ-нд тус тус холбогдох

Гэм хорын хохиролд 11 000 000 төгрөг гаргуулах, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 2А хэсэг, Баатархайрханы 954б тоотод байрлах үл хөдлөх хөрөнгө чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч В К ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н-ын гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, хариуцагч В К ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, СЗХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Л-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие Э *** М К ББСБ-аас өөрийн Баянзүрх дүүрэг 23 дугаар хороо 2А хэсэг Баатархайрханы 954-А, 954-Б тоотод байрлах хоёр үл хөдлөх хөрөнгөө барьцаалж хоёр зээл авсан. Энэ хоёр зээлийг төлүүлэхээр Э *** М К ББСБ нь шүүхэд нэхэмжлэл гаргахад шүүх дээр эвлэрч хоёр эвлэрлийн захирамж гарсан. Э *** М К ББСБ нь миний Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 2А хэсэг Баатархайрханы 954А тоотод байрлах хашаа байшинг 22.000.000 төгрөгөөр зараад зөрүү төлбөр 11.000.000 төгрөгийг өгөөгүй хохироосон. Мөн СЗХ- нь гадны хөрөнгө оруулалттай Э *** М К ББСБ-ыг бусдын өмчлөх эрхтэй газрыг өөрийн өмчлөлд шилжүүлж, худалдан борлуулж ашиг олж байгаа үйл ажиллагаанд хяналт тавиагүйн улмаас иргэн Л.Л- хохирсон гэж үзэж СЗХ-ноос 1.000.000 төгрөг, ББСБ-аас 10.000.000 төгрөг бүгд 11.000.000 төгрөгийг гэм хорын хохиролд гаргуулж, мөн Баянзүрх дүүрэг 23-р хороо 2А хэсэг Баатархайрханы 954-Б тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч В К ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбарт: ...Үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэх шаардлагын тухайд тухайн объект нь газар ба хариуцагч байгууллагын биш ондоо нэгний өмчлөх эрхийн бүртгэлтэй газар. Орон сууц бол Э *** М К ББСБ ХХК-ийн бүртгэлтэй байгаа. Хэдийгээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой бичээгүй байгаа ч гэсэн бусдын хууль бус эзэмшлээс эдгээр хөрөнгүүдийг чөлөөлүүлэх гэж ойлгогдож байна. Бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нь нэхэмжлэгч хууль ёсны өмчлөгч байх ёстой. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 954Б тоотын өмчлөгч нь нэхэмжлэгч биш буюу бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх эрхгүй этгээд байна. ББСБ-ын эзэмшилд энэ үл хөдлөх хөрөнгө байгаа нөхцөлд яригдах асуудал байхад ББСБ-ын эзэмшилд байхгүй, харин нэхэмжлэгчийн өөрийнх нь эзэмшилд байгаа юм. Нэхэмжлэгч өөрөө тухайн газраа амьдарч байгаа гэдгийг юугаар нотлох вэ гэхээр анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийг харахад нэхэмжлэгч өөрийн оршин суугаа хаягаа Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 2А хэсэг, Баатархайрханы 954Б буюу чөлөөлүүлэхийг хүсч байгаа хаяг бичигдсэнээс тодорхой харагдана. Яагаад гэвэл гуравдагч этгээд 954А тоотод оршин суух тул 954Б тоотод хэн амьдардаг нь тогтоогдоно. Гэм хорын хохирол 11.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд хариуцагч байгууллага хууль бус үйлдэл гаргасан байх байтал ямар үндэслэлээр хууль бус үйлдэл гаргасан гэдгийг тодорхой тайлбарлаагүй. Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд хууль бус үйлдэл хийсэн нь харагддаггүй. Энийгээ сүүлд тусгасан нэхэмжлэлийн шаардлагад ямар байдлаар тусгасан бэ гэхээр гадаадын иргэн барьцаалж болохгүй байсан, цаашаа бусдад худалдсан зэргээр тусгасан байна. Үүнээс нь хууль зөрчсөн гэж үзэх нэг зүйл нь 954А тоот газрын байранд талууд өмнө нь 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн шүүгчийн захирамжаар 954А тоот газрыг 11.000.000 төгрөгийн төлбөрт тооцон эвлэрсэн байдаг. Энэ захирамж хууль зөрчсөн гэсэн байдлаар нэхэмжлэгчийн төлөөлөгч хандахад Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн захирамжаар өөрчлөлт оруулсан байдаг. Уг захирамжийн 1 дэх хэсэгт өөрчлөөд төлбөрт тухайн үл хөдлөх хөрөнгийг тооцож гаргуулах хэсгийг хассан байгаа. Гэхдээ энэ асуудалд ББСБ нь хууль зөрчсөн нь харагддаггүй. Учир нь эвлэрсэн захирамжийн дараа өмчлөх эрхийг шилжүүлэх хүсэл зоригийг нэхэмжлэгч өөрөө дэмжиж өмчлөх эрхийг шилжүүлэхийг шийдсэн. Тухайн байрны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага байхгүй учраас өмчлөл хууль бус байсан уу, үгүй юу гэсэн асуудал яригдахгүй. Яагаад 10 сая төгрөгийн нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч өөрөө тайлбарлахдаа ББСБ нь цааш өндөр үнээр зарсан учраас зөрүү мөнгө гэж тайлбарладаг. Хэрэгт ББСБ-аас шилжүүлж авсан иргэн н.Даваажаргал нь цаашаа зарсан баримт байдаг. Энд хөрөнгийн үнийг тогтоох, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн ашиг олсон гэх үндэслэл байхгүй тул 10.000.000 төгрөг гэдэг нь тогтоогдохгүй. Хэрэв нэхэмжлэгч нь өөрийн байрыг 28.000.000 төгрөгөөр үнэлсэн бол үүнтэй холбоотой баримт хэрэгт байх ёстой. Гэтэл баримт байхгүй тул зөрүү байсан гэж тогтоох боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч СЗХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: СЗХ-ноос гэм хорын шаардлага 1.000.000 төгрөг гаргуулахаар нэхэж байгаа. Уг мөнгийг гаргуулахын тулд СЗХ-ны гэм буруутайг тогтоосон байх шаардлагатай. Хэрэгт авагдсан баримтад гэм буруутайг тогтоосон баримт байхгүй. СЗХ-, СЗХ-ны эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангахтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангадаг төрийн захиргааны байгууллага, ББСБ-ыг хянах, зохицуулахтай холбоотойгоор гэм хор учирсан гэж үзэж байгаа бол тогтоох шаардлагатай. Үүнийг тогтоох шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1-д зааснаар Үндсэн хуулийн цэц болон бусад шүүхэд харьяалуулсанаас бусад нийтийн эрх зүйн маргааныг захиргааны шүүх шийднэ гэсэн байдаг. Тэгэхээр гэм бурууг тогтоохоос өмнө урьдчилсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. СЗХ- гэм хорын хохирол 1 000 000 төгрөг төлөх нь тодорхой байх ёстой байтал байхгүй, баримт материал тодорхой бус байна. Үүнтэй холбоотойгоор барьцааны гэрээ ч гэх юм уу, ББСБ-уудыг хянаж чаддаггүй гэж ярьдаг. Гэхдээ СЗХ- бол Банк бус санхүүгийн байгууллагын тухай хууль болон СЗХ-ны эрх зүйн байдлын тухай хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хяналт шалгалтыг явуулдаг. Энэ зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргаан бол СЗХ-ны эрх хэмжээнд хамааралгүй. Иймд хохирол 1.000.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Ц-ын шүүхэд гаргасан тайлбарт: ...Би 2017 онд  Баянзүрх дүүрэг 23-р хороо 2А хэсэг Баатархайрханы 954-А тоотод байрлах газар байшинг худалдан авсан. Байшинг Эй Ар И Си Моргаж ББСБ ХХК-аас 13.400.000 төгрөгөөр, газрыг нь Н.Даваажаргалаас 3.600.000 төгрөгөөр бүгд 17.000.000 төгрөгөөр худалдан авсан. Би уг байрыг тус ББСБ-аас худалдан авахдаа эхлээд 3.000.000 төгрөг төлж, сар болгон 1.000.000 төгрөг төлөх нөхцөлтэйгээр авч байсан. Дараа нь хүүхдүүдээ гадаадад сургуульд явуулах болоод хашаа байшингаа Хас банкны зээлэнд тавихаар үнэлүүлэхэд 4.000.000-5.000.000 төгрөгийн хооронд үнэлсэн. Нэхэмжлэгч талын хүмүүс намайг Э *** М К ББСБ-аас 24.000.000 төгрөгөөр уг газар, байшинг авсан уу гэж асууж байсан. Бэлэн мөнгө байхгүй болохоор сар болгон төлөх нөхцлийг нь харгалзаад уг хашаа байшингаа 18.000.000 төгрөгөөр авч байсан гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2019/00473 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Л-ын гэм хорын хохиролд Вилэнд Капитал ББСБ ХХК-аас 10 000 000 төгрөг, СЗХ-ноос 1 000 000 төгрөг тус тус гаргуулах, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Баатархайрханы гудамж 954б тоотод байршилтай үл хөдлөх хөрөнгө чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Л-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 261 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 845 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2019/00473 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Л-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч В К ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүх “...үл хөдлөх эд хөрөнгүүд гуравдагч этгээд Ж.Ц-д шилжсэн. өмнөх шүүхийн шийдвэрт гарсан төлбөртэй ямар хамааралтай зэрэг үйл баримтууд тодорхойгүй, ...талуудын маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагааг эрх бүхий байгууллагаас гаргуулснаар дээрх үйл баримтад дугнэлт хийх боломжтой...” гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 954А тоот хаягт байршилтай газар болон орон сууц нь Л.Л-ын өмчлөлийн зүйл байсан, тэрээр эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдээ “В К ББСБ” ХХК-тай баигуулсан зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон барьцаалж барьцааны гэрээ байгуулсан. Гэвч зээлдэгч Л.Л- нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргаснаар талууд эвлэрч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дуүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 7448 дугаар захирамжаар зохигчдын эвлэрлийг баталсан. Уг шүүгчийн захирамжийг биелүүлж зээлдэгч Л.Л-ын хүсэлтээр 954А тоот хаягт байршилтай газрыг иргэн Н.Даваажаргалд, хувийн сууцыг ВК ББСБ ХХК-д шилжүүлэн авсан, үүний дараа ББСБ болон Н.Даваажаргал нь хувийн сууц, газрыг иргэн Ж.Ц-д худалдсан. Эдгээр үйл баримтын талаар талууд нэгэн адил тайлбарыг гаргадгаас гадна маргадаггүй. Гэтэл давж заалдах шатны шүүхээс талуудын маргаагүй асуудалтай холбогдуулан “дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд нь ямар эрх зүйн харилцааны үндсэн дээр хэрхэн, яаж гуравдагч этгээдэд шилжсэн нь тодорхойгүй” гэсэн дүгнэлт хийж хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дахин давтан тэмдэглэхэд энэ талаар талууд маргаагүй, тэглээ ч нэхэмжлэгч Л.Л- нь 954А тоот хаягт байршилтай хувийн сууцны тухайд гэм хорын хохирол гэх зүйлийг л нэхэмжилдэг. Нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэлийг шийдвэрлэхэд давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан зүйлс нь ач холбогдолгүй, хамааралгүй байна. Мөн энэхүү хэрэг нь шүүхэд иргэний хэрэг үүссэнээс хойш 2 жил гаруй хугацаа өнгөрч байгаа бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс хэрэг маргааныг шийдвэрлүүлэх хүсэлгүй, харин зөвхөн шүүхийн асуудлыг сунжруулах хүсэлтэй байдаг, энэ нь хэргийн материалаас харагдана. Иймд давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч Л.Л- хариуцагч В К ББСБ ХХК-с гэм хорын хохиролд 10.000.000 төгрөг гаргуулж, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 2А хэсэг, Баатархайрханы 954б тоотод байрлах үл хөдлөх хөрөнгө чөлөөлүүлэх, хариуцагч СЗХ-ноос гэм хорын хохиролд 1.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл тус тус гаргасныг хариуцагч нар зөвшөөрөөгүй байна./хх-183-189-р тал/

            Анхан шатны шүүх Л.Л-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаажээ.

            Анхан шатны шүүх нотлох баримт дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан тухай магадлалд заасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7, 167 дугаар зүйлийн 167.1.5-д нийцжээ.

            Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 2А хэсэг, Баатархайрханы 954а болон  954б тоотод байрлах хувийн сууц, газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлтэй холбоотой дэлгэрэнгүй лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулах нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг шүүх хангаж захирамж гаргасан боловч уг  ажиллагаа бүрэн хийгдээгүй байна. Хүсэлтэд заасан үл хөдлөх эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагааг гаргуулах нь зохигчийн хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхэд тухайлбал ...954а тоотод байрлах газар, хувийн сууц нэхэмжлэгч Л.Л-ын өмчлөлөөс ямар журмаар хэзээ, хэний өмчлөлд шилжснийг тодорхой болгох ач холбогдолтой байна.

          Дээрхээс гадна нэхэмжлэгч Л.Л-ын хариуцагч В К ББСБ ХХК-с 10.000.000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлийг тодруулах нь зөв байна.

            Учир нь уг шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч “...Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 2А хэсэг, Баатархайрханы 954а тоотод байрлах  хашаа байшинг худалдаад зөрүү мөнгийг өгнө гэж нэр дээрээ шилжүүлэн авч 22.000.000 төгрөгөөр бусдад зараад зөрүү 11.000.000 төгрөгийг өгөхгүй, шалтгаанаа хохиролдоо авсан гэдэг...” гэж / 1-хх-1-р тал/, 2017.08.16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө “...Монгол улсын Үндсэн хууль, бусад хууль зөрчиж, өмчлөгдсөн газрыг барьцаалах, өмчлөгдсөн газрыг дамлан худалдах зэрэг үйл ажиллагаа явуулсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгийг бусдад хууль бусаар шилжүүлсэн...” гэж, /1-хх-183,189-р тал/ өөр өөрөөр тайлбарласан байна.

            Хэрэгт хариуцагч В К ББСБ ХХК-ийн эрх зүйн байдлыг тогтоосон баримт бүрэн авагдаагүй байгааг дурьдав.

         Дээрх үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч В К ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 845 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч В К ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Хариуцагч В К ББСБ ХХК нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ