| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 184/2018/03189/И |
| Дугаар | 1074 |
| Огноо | 2019-06-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, Бэлэглэл, Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 1074
Б.Огийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Э.Золзаяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 184/ШШ2019/00931 дүгээр шийдвэртэй, Б.Огийн нэхэмжлэлтэй, Ө.С, Ө.Б, Б.Б, Ө.Б нарт холбогдох
Хууль бус эзэмшлээс Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 26 дугаар гудамжны 6 тоот хаягт байршилтай 200 м.кв газар, 6б тоот хаягт байрлах 123 м.кв газар, 70 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууцыг чөлөөлүүлэх, 123 м.кв газар болон дутуу баригдсан байшинг зээлийн гэрээний үүрэгт авсан шилжүүлэн авсан болохыг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Ө.Б нь Б.О, Б.Б нарт холбогдуулан 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 26 дугаар гудамж 6 тоот хаягт байрлах байшингийн өмчлөгчөөр Ө.Б, Б.Дэлгэрсайхан, Б.Номуундарь нарыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анхбаяр, өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ, хариуцагч Б.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.
Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 26 дугаар гудамжны 6б тоотод байрлах 323 м.кв хашаа, 147 м.кв талбайтай хувийн сууц зэрэг өөрийн өмчлөлийн хөрөнгийг 2018 оны 7 дугаар сараас хойш эзэмшиж, ашиглаж чадахгүй байна. Ө.Бын дүү болох Ө.С, Ө.Б нар хашаа байшин эзгүйд өөрсдийн дураар байшинд хууль бусаар эзэмшиж, миний эд хогшлыг гадаа гаргаж, өнөөдрийг хүртэл хашаа байшинг чөлөөлж өгөхгүй байна.
Би 2014 оноос хойш Япон Улсад ажиллаж амьдарч байсан бөгөөд 2015 онд миний ах Б.Б эхнэр Ө.Бын хамт Австрали Улс руу явахад мөнгө хэрэгтэй, 28 000 000 төгрөг зээлдүүлээч гэсний дагуу өөрийн эгч Б.Болормаагаар дамжуулан, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Б.Б, Ө.Б нартай зээлийн гэрээ байгуулж 28 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, 2 000 000 төгрөгийн хүүтэйгээр зээлдүүлсэн.
Улмаар би Монголд ирж зээлдүүлсэн мөнгөө хүүгийн хамт шаардахад мөнгө байхгүй, мөнгөний оронд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, зээлийн 26 дугаар гудамжны 6 тоотод байрлах өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар, дутуу баригдсан жижиг байшинг авч болно гэсний дагуу 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр бэлэглэлийн гэрээ байгуулан уг байшин, газрыг өөртөө шилжүүлэн авснаар зээлийн гэрээ дуусгавар болсон.
Би уг байшинг шилжүүлэн авснаас хойш нэмж 200 м.кв газар авч, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулсан байдаг.
Одоо хариуцагч Б.Б, Ө.Б нар нь зээлийн гэрээний үүрэгт тооцуулан эд хөрөнгөө шилжүүлчихээд тухайн эд хөрөнгийг эзэмшиж, ашиглах боломж олгохгүй байгаа тул маргаан бүхий газар болон дутуу баригдсан байшинг шилжүүлэн авсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ө.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Б.Бтай 2014 онд танилцаж, 2015 онд гэрлэлтээ батлуулсан бөгөөд Б.Бтай танилцахаас өмнө 2 хүүхэдтэй байсан. Зээлийн гэрээ үүссэн шалтгаан нь би Австрали Улсад суралцахаар шалгалт өгч тэнцсэн тул Б.Бын дүү болох Б.Огаас 28 000 000 төгрөгийг зээлсэн. Улмаар суралцах боломжгүй болсон учраас Б.Бт 20 000 000 төгрөгийг буцаан шилжүүлж өгсөн байдаг. Энэ талаар нотлох баримтууд хэрэгт авагдсан байгаа. Би байшин авахад 11 500 000 төгрөг, Б.Б 3 500 000 төгрөг гаргаж нийт, 15 000 000 төгрөгөөр маргаан бүхий хашаа байшинг худалдан авсан. Мөн өөрөөсөө дахин 8 000 000 төгрөг гарган дутуу баригдсан байшинг н.Наранхүү гэдэг хүнээр бариулсан байдаг.
Би Б.Ог хамтран өмчлөгчөөр оруулаад дуусаагүй байгаа байшинг бариулж дуусгаад тухайн хашаа байшинг зарж түүний өрийг төлөх зорилготой байсан.
Талууд бэлэглэлийн гэрээнээс өөрөөр энэ асуудлыг шийдвэрлэх боломж байсан бөгөөд бэлэглэлийн гэрээгээр өөр гэрээний үүргийг халхавчлах зорилготой хийсэн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагч Ө.Б, Ө.С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бямбадорж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Зээл авснаас хойш бидний өвлөгдөж ирсэн хашаа байшингийн талаар асуудал үүсч, Б.Б болон түүний гэрийнхэн сүрдүүлж эхэлсэн. Энэ байдлаас болж 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр нэхэмжлэгч Б.О, түүний эгч Б.Болормаа, ах Б.Б 3 ирж маргаан бүхий хашаа байшингийнхаа гэрчилгээн дээр зөвхөн хамтран өмчлөгч нэмэх зорилгоор хэлцэл хийе гэсний дагуу гэрээ хийсэн. Гэтэл тухайн өдөр хамтран өмчлөгч нэмүүлэх тухай гэрээ нь бэлэглэлийн гэрээ болсныг бид мэдээгүй.
2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Б.О болон Б.Б нар ирж газрын гэрчилгээний зургаа харуулан “миний газар одоохон чөлөөлж өг” гэж Ө.С намайг дарамтлан гэрээс хөөж гарган, гэрийн тог цахилгаан тасалсан. Энэ үед том ах Ө.Б ирж болиулах гэтэл Б.Б нь танхайран зодож, биед нь гэмтэл учруулсан. Одоо цагдаагийн байгууллага энэ асуудлыг шалгаж байгаа болно.
Б.О тухайн хашааг түр хугацаанд орхин явсан хойгуур хариуцагч нар нь очиж амьдарсан гэдэг нь худал. Энэ нь гэрчийн мэдүүлэг болон тухайн хорооны Засаг даргын тодорхойлолтоор нотлогдож байна.
Маргааны эх сурвалж нь Ө.Б, Б.Б нар Австрали Улс руу явахаар болж тухайн 28 000 000 төгрөгийг 50, 50 хувиар хариуцахаар болоход ах дүү нарын зүгээс хашаа байшингаа зарж дэмжлэг үзүүлж хөрөнгө оруулсан байдаг.
Б.О тухайн хашаа байшинд амьдарч байгаагүй бөгөөд бусдын эд хөрөнгийг хууль бусаар эзэмшсэн зүйлгүй. Иймд хариуцагч нарт холбогдуулан хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.
Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Огийн шаардаж буй нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Зээл төлж чадахгүй учраас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт хашаа байшин шилжүүлэн авсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хашаа байшин шилжүүлсэн өдрөө 2015 оны 12 дугаар сарын 25-ний Б.Болормаатай хийсэн зээлийн гэрээ дуусгавар болсон тухай бичилт хийн гарын үсгээ зурсан.
Ө.Бын ээж тахилтын газраа зарж, уг мөнгөөр архи үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг худалдан авсан байдаг. Улмаар мөнгө дуусч, миний дансанд орсон 30 000 000 төгрөгөөр бугын цусан эвэр авах, архи үйлдвэрлэхэд шаардагдах бүхий л зүйлийг авсан боловч мөнгө дууссан.
Б.Ог ирэх болоход мөнгөгүй байсан учир автомашинаа зарж, 15 000 000 төгрөгөөр хашаа байшин худалдан авч, үлдэгдэл мөнгөөр байшингаа засварласан боловч мөнгө дуусч барилгын ажил зогссон байдаг. Архи үйлдвэрлэсэн мөнгөөр Б.Огийн өрийг дарах зорилготой байсан бөгөөд Б.Ог ирэхэд мөнгө өгч чадахгүй нөхцөл байдал үүссэн.
Тухайн үед Ө.Бын ээж, дүү нар нь нэг өрөө байр хөлсөлж амьдардаг байсан учраас хашаа байшиндаа амьдруулсан. Харилцан тохиролцох гэрээ нь хүчин төгөлдөр эсэх нь эргэлзээтэй. Ө.Б нь зээлийн барьцаанд захиалсан 2 өрөө орон сууцыг тавьсан боловч явц дундаа гаргаад авчихсан. Уг зээлийг Ө.Б авч, миний дансанд байршуулсан байдаг. Ө.Б нь “дараа мөнгө олдоно” гэж хэлээд ээжийнхээ архины үйлдвэрт 13 000 000 төгрөгийг оруулсан. Ө.Б Б.Огийн мөнгийг буцааж өгсөн зүйл байхгүй. Б.Ог ирэхэд өрийг нь төлж чадахгүй байсан учраас Б.Огийн өмчлөлд эд хөрөнгийг шилжүүлсэн. Үндсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагч Ө.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Австрали Улсруу явах зардалд Б.Огаар дамжуулан 28 000 000 төгрөгийн зээлсэн нь үнэн. Виз гараагүй тул 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс миний “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн дансанд орсон мөнгийг солиулан 20 000 000 төгрөгийг Б.Бын хаан банкны 5027639734 тоот дансанд хийсэн. Мөн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр бэлнээр 1 330 000 төгрөгийг Б.Бын өмнөөс нийгмийн даатгалын шимтгэлд төлж байсан баримт байгаа. Энэ мөнгийг Б.Б үрэгдүүлсэн.
Би ямар ч бэлэглэлийн гэрээ хийгээгүй, намайг Б.Бтай нотариатын газар маргалдаж байх үед гэрээ хийгдсэн гэж хэлээд 2 гэрээнд гарын үсэг зуруулсан бөгөөд үүнийг 7 дугаар сард мэдсэн. Гарын үсэг зурснаараа би буруутан болж байна.
Уг газарт би их хэмжээний хувь нэмэр оруулсан бөгөөд 8 000 000 төгрөгт автомашинаа барьцаалан авсан байшинг хүнд зүгээр бэлэглэхгүй. Үүгээр зогсохгүй 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр миний газрыг хуурч авснаас гадна миний ээжийг сүрдүүлж патент ашигласны төлбөр гэж шилжүүлсэн мөнгөөр далимдуулан дарамталж, архины патентийг компанитийн хамт өөрийн нэр дээр болгосон.
Талуудын бэлэглэлийн гэрээг судлаад үзэхэд зөвхөн газар шилжүүлэх гэрээ хийгдсэн байдаг. Б.Б нь Ө.Бын хүүхдүүдийг үрчилж авсан тул хүүхдүүд тухайн эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах эрхтэй. Бэлэглэлийн гэрээ нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ.
Хамтран амьдрах хугацаанд Б.Б ажил хийдэггүй, орлоггүй, амьдралд хөрөнгө оруулаагүй. Иймд Ү-2201055122 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 26-06 тоот байшингийн өмчлөгчөөр Э.Баяржаргал, Б.Дэлгэрсайхан, Б.Номуундарь нарыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.О сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Талууд зээлийн гэрээний үүрэгт хашаа байшингаа шилжүүлж өгсөн эсэх дээр маргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийг хохироож байна. Тухайн эд хөрөнгө дээр 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр эзэмших эрхийн гэрчилгээ нь гарсан. Бэлэглээгүй гэх үндэслэл нь хамтран өмчлөгчөөр тогтоолгох, Б.О нь энд байх ёсгүй гэж тайлбарлаж байна. Хэрэв хамтран өмчлөгчөөр тогтоолгох байсан бол Б.О тухайн цаг үед байж таарна. Мөн гэр бүлийн гишүүдийг хамтран өмчлөгчөөр тогтоолгох асуудал нь хэлцэл хийгдсэний дараа эсхүл өмнө яригдах эсэх нь чухал юм. Ийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.
Шүүх: Иргэний хуулийн 106 дугааар зүйлийн 106.1, 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Огийн хариуцагч Б.Б, Ө.Б, Ө.Б, Ө.С нарт холбогдох Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо, Зээлийн 26 дугаар гудамжны 6 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 18634317781057 дугаартай, газар эзэмших эрхийн 000679273 дугаар гэрчилгээтэй 200 м.кв газар, Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо, Зээлийн 26 дугаар гудамжны 6б тоот хаягт байршилтай 186343177900056 нэгж талбарын дугаартай, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2201022700 дугаарт бүртгэлтэй 123 м.кв талбайтай газар, Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо, Зээлийн 26 дугаар гудамжны 6, 6б тоот хаягт байршилтай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2201055122 дугаарт бүртгэлтэй 147 м.кв талбайтай, 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, Б.Б, Ө.Б нараас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Зээлийн гэрээний 30 000 000 төгрөгийн үүрэгт Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо, Зээлийн 26 дугаар гудамжны 6 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Г-2201022700 дугаарт бүртгэлтэй 123 м.кв газар болон дутуу баригдсан байшинг шилжүүлэн авсан болохыг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч Ө.Баас нэхэмжлэгч Б.Од холбогдох улсын бүртгэлийн Ү-2201055122 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 26 дугаар гудамжны 6, 6б тоот хаягт байршилтай байшингийн өмчлөгчөөр Б.Дэлгэрсайхан, Б.Номуундарь нарыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгон, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т зааснаар хариуцагч Ө.Баас Б.О, Б.Б нарт холбогдуулан 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307 950 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 328 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээн, нэхэмжлэгч Б.Огаас 70 200 төгрөг гаргуулан хариуцагч Ө.Бд олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анхбаяр давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Талууд зээл авсан талаар маргадаггүй бөгөөд энэ нь хариуцагч нарын тайлбар, гэрч Б.Болормаагийн мэдүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэл зэргээр нотлогддог.
Нэхэмжлэгч нь зээлийн үүргээ шаардахад “өгөх мөнгө байхгүй, зээлж авсан мөнгөөрөө хашаа байшин авсан, энэ хашаа байшингаа өгч болно” гэж хэлэн газар болон дутуу баригдсан байшингаа зээлийн гэрээний үүрэгт бэлэглэлийн гэрээ хийн эд хөрөнгөө шилжүүлсэн. Энэ нь “2017.01.31-нд зээл дуусгавар болов” гэсэн бичилт хийн гарын үсэг зурсан баримтаар нотлогддог.
Гэтэл шүүх хариуцагч Ө.Быг хашаа байшинг бүхэлд нь шилжүүлэх хүсэл зориг байсан эсэх нь эргэлзээтэй байна хэмээн үзэж талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хэрэгт авагдсан баримтуудыг үнэлж, үндэслэлгүй дүгнэлт хийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн.
2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн бэлэглэлийн гэрээний зорилго нь Ө.Б, Б.Б нар зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх буюу эд хөрөнгөө нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх байсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэл тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Ө.Б, Ө.С, Ө.Б, Б.Б нарт холбогдуулан хууль бус эзэмшлээс Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 26 дугаар гудамжны 6 тоот хаягт байршилтай 200 м.кв газар, 6б тоот хаягт байрлах 123 м.кв газар, мөн 6б тоот хаягт байрлах 70 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууцыг чөлөөлүүлэх, 123 м.кв газар болон дутуу баригдсан байшинг зээлийн гэрээний үүрэгт авсан шилжүүлэн авсан болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Б зөвшөөрч, хариуцагч Ө.Б, Ө.С нарын хувьд “... зээлийн барьцаанд газар, байшингаа тавьсан ..., ... газрыг худалдаж авсан үеэс дутуу баригдсан байшинг хамтраад босгосон, бусдын хөрөнгийг хууль бусаар эзэмшээгүй ...” гэх үндэслэл заан татгалзсан байна. Хариуцагч Ө.Б нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж, нэхэмжлэгч Б.О, хариуцагч Б.Б нарт холбогдуулан 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, маргаж буй байшингийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэл гарган, үндэслэлээ “... хамтран өмчлөгчөөр нэмэх бэлэглэх гэрээ байгуулж байшингаа дуусган улмаар худалдаж авсан газар, байшинг зарж зээлээ төлөх зорилготой байснаас бүхэлд нь бэлэглэх хүсэл зориг байгаагүй, ... өөр хэлцлийг халхавчлах зорилготой хийсэн ...” гэж тайлбарлажээ.
Хэрэгт 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөр огноолсон “Бэлэглэлийн гэрээ”, “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгэс бусдад бэлэглэх гэрээ” нэртэй 2 гэрээ авагдсан байна. /хх 32, 48 дахь тал/
“Бэлэглэлийн гэрээ”-гээр Б.Б, Ө.Б нар Б.Од Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 26 дугаар гудамжны 6 тоот хаягт байрлах 35 000 000 төгрөгийн үнэ бүхий 123 м.кв газраа бэлэглэж, гэрээг нотариатаар гэрчлүүлжээ. Нөгөө “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгэс бусдад бэлэглэх гэрээ” нэртэй гэрээгээр мөн Б.Б, Ө.Б нар өөрсдийн өмчлөлд бүртгэлтэй дээрх хаяг бүхий газар, хувийн сууцныг 1 623 600 төгрөгөөр, 1 хүний ногдох хэсгийг 811 800 төгрөгөөр үнэлэн, өмчлөгч нар өөрт ногдох хэсгийг Б.Од хариу төлбөргүйгээр шилжүүлж, бэлэглэгч болон бэлэг хүлээн авагч нар гарын үсгээ зурж нотариатаар гэрчлүүлсэн үйл баримт тогтоогдсон.
Нэхэмжлэгч Б.О нь бэлэглэлийн гэрээг үндэслэн 123 м.кв газрыг, мөн 147 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээг 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр авсан байх ба улмаар хувийн сууц нь түүний өмчлөлийн газар болон гадна байрласан гэх үндэслэлээр зэргэлдээ 200 м.кв газрыг эзэмших эрхтэй болсон болох нь хэргийн 177-198 дугаар талд авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байна.
Нэхэмжлэгч нь 123 м.кв газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нар уг газар дээр байрлаж байгаа хувийн сууцыг дундын хөрөнгөөр барьсан гэж маргаж байгаагаас үзвэл 70 хувийн гүйцэтгэлтэй байшин баригдаж дууссан эсэх нь маргаж буй газар дээр байгаа хөрөнгийг тодорхойлон шийдвэрлэхэд ач холбогдолтой байх ба энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байна. Түүнчлэн, нэхэмжлэгч Б.Огийн “123 м.кв газар болон дутуу баригдсан байшинг зээлийн гэрээний үүрэгт авсан шилжүүлэн авсан болохыг тогтоолгох” шаардлага нь ойлгомжгүй байна.
Хариуцагч Ө.Б нь 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Гэрээ хүчин төгөлдөр бус байх нь нэхэмжлэлийн шаардлага бус үндэслэл гэж үздэг тул хариуцагч ямар үр дагаврыг шаардаж буй нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулалгүйгээр нэхэмжлэгч Б.Огийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагч Ө.Бын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөр огноолсон “Бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.
Давж заалдах шатны шүүх дээрх зөрчлийг залруулан, хэрэгт авагдсан нотлох баримтыг хүрээнд маргааны үйл баримтыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 184/ШШ2019/00931 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 378 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Ч.ЦЭНД