Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2021/00304

 

Б.Оюумаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2019/02030 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1792 дугаар магадлалтай, 

Б.Оюумаагийн нэхэмжлэлтэй,

Ө.Сүхбатад холбогдох

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 26 дугаар гудамж, 6 тоот хаягт байрлах, нэгж талбарын 18634317790056 дугаарт бүртгэгдсэн 200 м.кв талбай бүхий газар, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 26 дугаар гудамж, 6б тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2201022700 дугаарт бүртгэгдсэн 123 м.кв талбай бүхий газар, эдгээр хаягуудад байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201055122 дугаарт бүртгэгдсэн 147 м.кв талбайтай хувийн сууцыг хариуцагч Ө.Сүхбатын эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бямбадорж, хариуцагчийн өмгөөлөгч Г.Тамир, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.Оюумаа нь Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 26 дугаар гудамжны 6 тоот хаягт байрлах, нэгж талбарын 18634317790056 дугаарт бүртгэгдсэн 200 м.кв талбай бүхий газар, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 26 дугаар гудамж, 6б тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2201022700 дугаарт бүртгэгдсэн 123 м.кв талбай бүхий газар, эдгээр хаягуудад байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201055122 дугаарт бүртгэгдсэн 147 м.кв талбайтай хувийн сууцыг 2018 оны 7 дугаар сараас хойш эзэмшиж, ашиглаж чадахгүй байдалд хүрч байна. Б.Оюумаа нь уг газар болон байшинг 2015 онд Ө.Баяржаргал, Б.Батбаяр нарт зээлдүүлсэн 28,000,000 төгрөгийн оронд, хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрхийг шилжүүлж авсан юм. Гэтэл манай ах Б.Батбаяр, түүний эхнэр Ө.Баяржаргал нарын дүү болох Ө.Сүхбат нь хашаа байшинд хүнгүй хойгуур өөрсдийн дураар орж суугаад гарахгүй, өнөөдрийг хүртэл хашаа байшинг чөлөөлж өгөхгүй байна. Хариуцагч Ө.Сүхбатыг Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд түр суугчийн хувьд амьдардаг хэмээн бүртгэсэн байх тул дээр дурдсан хөрөнгийг хариуцагч Ө.Сүхбатын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анхбаяр 2019 оны 07 сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, хариуцагч Ө.Сүхбатын эзэмшилд байгаа Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 26 дугаар гудамж, 6 тоот хаягт байрлах, нэгж талбарын 18634317790056 дугаарт бүртгэгдсэн 200 м.кв талбай бүхий газар, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 26 дугаар гудамж, 6б тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2201022700 дугаарт бүртгэгдсэн 123 м.кв талбай бүхий газар, эдгээр хаягуудад байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201055122 дугаарт бүртгэгдсэн 147 м.кв талбайтай хувийн сууцыг Ө.Сүхбатын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй, дараах үндэслэлээр татгалзаж байна. Ө.Сүхбат нь төрсөн эгч Ө.Баяржаргал болон түүний нөхөр Б.Батбаяр нарыг Австрали улс руу явахад нь гэр бүлийн хамтран өмчлөлийн хувийн сууц, газар, Тахилтын 4 айлын газрыг зарж мөнгө өгсөн, гэвч тэдний виз гаргаагүй. Гэр оронгүй болсон учир тэднээс мөнгөө нэхэхэд мөнгө байхгүй, Баруун салаанд жижиг байшин, газар худалдаж авсан тэнд амьдар, хамтдаа тэнд 2 давхар байшин барья, барьж дуусгаад та нарт мөнгийг чинь өгье гэхээр нь баруун салаанд ирж амьдарч, эгч Ө.Баяржаргалын 8,000,000 төгрөгөөр барилгын материал авч, хамаатан садангаараа байшинг хамжиж барьсан, одоо ч бүрэн барьж дуусгаагүй байгаа. Гэтэл 2018 оны 07 сарын 25-ны өдөр хүргэн Б.Батбаяр, дүү гэх Б.Оюумаа гэгчтэй ирж биднийг хашаа байшингаас зайл гэж хөөж, ах Ө.Баярсүхийг зодсон. Хэргийг цагдаагийн байгууллагад шалгуулж, Б.Батбаяр хуулийн хариуцлага хүлээсэн. Нэхэмжлэгчийн 2018 оны 09 сарын 10-ны өдөр гаргасан нэхэмжлэлээр Ө.Сүхбат би дээрх газрын болон байшингийн өмчлөгч нь Б.Оюумаа гэгч нь болсныг мэдсэн. Нэхэмжлэлд дурдсан Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 26 дугаар гудамж, 6, 6б тоот хаягт байрлах газрууд болон уг газруудад баригдсан хувийн сууцыг хүргэн Б.Батбаяр дүү нартайгаа нийлж, эгч Ө.Баяржаргалыг хуурч мэхлэн, дарамталж, хууль бусаар хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр эрх шилжүүлэн авч, бидний гэр бүлийн хамтын өмч хөрөнгөөр барьсан байшингийн өмчлөх эрхийг үндэслэлгүйгээр гаргуулж авсан. Үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Б.Оюумаа биш учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2019/02030 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 26 дугаар гудамжны 6 тоот хаягт байрлах, нэгж талбарын 18634317790056 дугаарт бүртгэгдсэн 200 м.кв талбай бүхий газар, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 26 дугаар гудамж, 6б тоот хаягт байрлах, нэгж талбарын 18634317790056 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-2201022700 дугаарт бүртгэгдсэн, 123 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээл 26 дугаар гудамж, 6, 6б тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201055122 дугаарт бүртгэгдсэн 147 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Ө.Сүхбатын эзэмшлээс албадан чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Сүхбатаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Оюумаад олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1792 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2019/02030 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Би Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.10.11-ний өдрийн 1792 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүхэд би гомдлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр дараах гомдлыг гаргасан байхад Давж заалдах шатны шүүх нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4 дэх хэсэгт заасанд нийцсэн, хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзсэн нь "Хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн эсэх талаар хянаж үзэлгүй шийдвэрлэсэн байна.

Иймд Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

1. Нэхэмжлэгч нь 147 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч би эхнээсээ хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд татгалзлаа нотлох үүрэгтэйн хувьд миний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бямбадорж нь маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 26 дугаар гудамж, 6,6Б тоотод байрлах 147 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн Сансраас авсан зургийг Нийслэлийн газрын албанаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг гаргуулах хүсэлтийг тавьсан ч шүүх хүсэлтийг хангаагүй. Энэхүү хүсэлтийг хангаагүйтэй холбоотойгоор маргааны зүйл болох 70 хувийн гүйцэтгэлтэй /гэрчилгээнд дурдсан/ гэх боловч бодит байдал дээр байшин бодитоор байгаа эсэх, хөрөнгийг тодорхойлон тогтоогоогүй, хэрэгт нотлох баримтаар нотлогдоогүй байхад анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны үндэслэлтэй шийдвэр гэж үзсэн 1792 дугаар магадлалыг би зөвшөөрөхгүй байна.

2. Маргаан бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2201055122 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, зээлийн 26 дугаар гудамж, 6,6б тоотод байрлах 147 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн 123 м.кв талбай бүхий газрыг хүчин төгөлдөр бус бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан, өмчлөх эрхийг нэхэмжлэгч Б.Оюумаа шударгаар олж авсан гэж үзэхгүй байх үндэслэл байгаа учраас миний төрсөн эгч Ө.Баяржаргал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасны дагуу Биеэ даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд-ээр хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хүсэлтийг 2019.08.14-ний өдөр шүүхэд гаргахад шүүх ойлгохгүйгээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд гэж ойлгон, яг Ө.Баяржаргалын ямар эрх ашиг нь хөндөгдөөд байгаа нь энэ хэргийг шийдвэрлэхэд хамааралгүй гэж үзэж Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.08.14-ний өдрийн 184/ШШ2019/08998 дугаар захирамжаар Бие даасан шаардлагыг батлахаас татгалзаж захирамжилсан. Гэтэл давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн эсэх талаар хяналгүй нэхэмжлэгч Б.Оюумааг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэж хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйд гомдолтой байна.

3. Уг хэрэгт миний бие биеэр оролцох боломжгүй байсан тул Ш.Бямбадоржийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулж байсан. Анхан шатны шүүхэд миний төлөөлөгч хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо миний хууль ёсны эрх ашиг хохирол учрахаар нөхцөл байдлын улмаас өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах хүсэлтийг 2019.08.14-ний өдөр гаргахад шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж захирамжилсан. Би Ш.Бямбадоржийг өмгөөлөгч гэдгийг мэдээгүй, өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шүүхэд хамгаалуулахаар өмгөөллийн гэрээ байгуулаагүй, түүнд зөвхөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т заасан төлөөлөгчийн эрх хэмжээ олгосон бөгөөд мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т зааснаар Ш.Бямбадоржийг өмгөөлөгчөөр оролцох ямар ч хүсэлт гаргаагүй. Би Ш.Бямбадорж эгчийг өмгөөлөгч гэдгийг ч мэдээгүй, хууль эрх зүйн туслалцаа авч байгаагүй. Хэрэв Ш.Бямбадорж эгчийг өмгөөлөгч гэдгийг мэдсэн бол би өмгөөлөгчөөрөө оролцуулах эсэхээ шийдэх байсан. Гэтэл шүүх миний хүсэл зоригоос гадна намайг өмгөөлөгч авах хүсэл зориг байна гэж шүүх хэтэрхий нэг талыг баримталж, миний өмгөөлөгчөө өөрөө сонгож авах эрхийг минь хязгаарлаж эдлүүлэхгүй дүгнэлт хийж, анхан шатны шүүх миний Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-т зааснаар хууль зүйн туслалцаа авах эрхийг минь зөрчсөн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэнд маш их гомдолтой байгаа бөгөөд давж заалдах шатны шүүх эрх зөрчсөн талаар хянаж дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.10.11-ний өдрийн 1792 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Оюумаа нь хариуцагч Ө.Сүхбатад холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн XXIV хороо, Зээлийн 26 дугаар гудамжны 6 тоот хаягт байрлах, нэгж талбарын 18634317790056 дугаарт бүртгэгдсэн 200 м.кв талбай бүхий газар, Сонгинохайрхан дүүргийн XXIV хороо, Зээлийн 26 дугаар гудамж, 6б тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2201022700 дугаарт бүртгэгдсэн 123 м.кв талбай бүхий газар, эдгээр хаягуудад байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201055122 дугаарт бүртгэгдсэн 147 м.кв талбайтай хувийн сууцыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргажээ.

Хариуцагч Ө.Сүхбат дээрх шаардлагыг эс зөвшөөрч, ...төрсөн эгч Ө.Баяржаргал, түүний нөхөр Б.Батбаяр нарт өгсөн мөнгөнийхөө хариуд уг хөрөнгийг өмчлөх эрхтэй болсон, ... байшин Ө.Баяржаргалын 8,000,000 төгрөгөөр баригдсан, Б.Оюумаа нь Ө.Баяржаргалыг хуурч мэхлэн дарамталж, хууль бусаар хийсэн хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр эрх шилжүүлэн авсан гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

1. Зохигч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

а) Нэхэмжлэгч Б.Оюумаа нь иргэн Ө.Баяржаргал, Б.Батбаяр нартай байгуулсан 2017.01.31-ний өдрийн Бэлэглэлийн гэрээний дагуу 123 м.кв газрын өмчлөх эрхийг шилжүүлэн авч, бүртгэлээр баталгаажуулсан, улсын бүртгэгчийн шийдвэрээр уг газар дээр баригдсан хувийн сууцны анхны өмчлөгчөөр бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017.03.30-ны өдрийн А/141 дүгээр захирамжаар 200 м.кв газрыг эзэмших эрхтэй болсон үйл баримтын талаар шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлжээ.

Хэрэгт Сонгинохайрхан дүүргийн XXIV хороо, Зээлийн 26 дугаар гудамжны 6 тоот хаяг бүхий нэгж талбарын 18634317790056 дугаартай 200 м.кв газрыг эзэмших эрхийн 000679273 тоот 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн гэрчилгээ, мөн залгаа 6б хаягт байрлах, улсын бүртгэлийн Г-2201022700 дугаарт бүртгэгдсэн 123 м.кв газрын 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 000538514 тоот гэрчилгээ болон эдгээр хаягт байрлах 147 м.кв талбай бүхий хувийн сууцны өмчлөх эрхийн Ү-2201055122 дугаарт бүртгэлтэй 000661455 тоот гэрчилгээ гэсэн баримт авагдсанаас үзэхэд нэхэмжлэгч Б.Оюумааг хариуцагчийн хууль бус эзэмшлээс нэхэмжлэлд заасан газар болон хувийн сууцыг шаардах эрхтэй гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д нийцжээ.

б) Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч Ө.Сүхбат нь маргаж буй хөрөнгө байрлаж буй хаягт түр оршин сууж, хувийн сууцыг эзэмшиж байгаагаа үгүйсгээгүй боловч тэрээр төрсөн эгч Ө.Баяржаргал болон түүний нөхөр Б.Батбаяр нарт өгсөн мөнгөнийхөө хариуд уг газар, хувийн сууцыг авч, өмчлөх эрхтэй болсон, хувийн сууцыг Ө.Баяржаргалын 8,000,000 төгрөгөөр барьсан гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй байна.

Иймээс хариуцагчид Иргэний хуулийн 89 дүгээр зүйлд зааснаар эзэмшил үүссэн нөхцөл байдал тогтоогдохгүй гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул энэ шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэлийг хуульд нийцсэн гэж үзнэ.

2. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан гэж үзэх нөхцөл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн ...хөрөнгийн сансраас авсан зургийг гаргуулах хүсэлтийг хангаагүй, ...Ө.Баяржаргалыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах байсан, ...Ш.Бямбадоржийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулж байсан боловч өмгөөлөгч гэдгийг мэдээгүй, хууль эрх зүйн туслалцаа авах эрхээр хангаагүй, ... дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэсэн гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлд хамаарахгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нийцсэн байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2019/02030 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1792 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

Г.ЦАГААНЦООЖ

Б.УНДРАХ

Д.ЦОЛМОН